СУРСАН ИТГЭСЭНДЭЭ БАЙ
2 Тимот 3:1-17
Гол эшлэл 3:14а
“Харин чи юу сурсан, юунд итгэсэндээ бай.”
Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Өнгөрсөн 7 хоног бид бүхэн залбирал бол Есүсийн дагалдагч нарын хувьд итгэлээр өсөхөд, сүнсний үр жимс ургуулахад , Бурханы ажилд хэрэглэгдэх гол түлхүүр бөгөөд залбирлыг сурч, амьдралын нэг хэсэг, дадал, зуршил болгох ёстой гэдгийг сурсан.
Харин өнөөдрийн номлолоор Паул эцсийн өдрүүдэд байх, хүмүүсийн шашны болон ёс суртахууны доройтол ба итгэлийн урвалтын талаар сануулан хэлж байна. Христ Есүс дотор итгэлээр амьдрахыг хүсэгч нь зайлшгүй хавчигдана гэдгийг сануулж, ийм хэцүү цаг үед, итгэлийн ялалт байгуулахын төлөө, Бурханы үгэнд буюу библид анхаарч СУРСАН, ИТГЭСЭНДЭЭ байх хэрэгтэй талаар зааж байна.
Төгсгөлийн цаг улам ойртсон энэ үед, Бурханы үгнээс зууран амьдрах нь итгэлийн ялалт байгуулах хамгийн чухал зэвсэг гэдгийг өнөөдрийн зарлигаар дамжуулан гүнзгий ухаарч, хүлээн авахын хүсэн гуйж байна.
1. Эцсийн өдрүүдийн итгэл сүсэггүйдэл (1-9)
Паул Тимотод хандан эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирэх болон хүмүүсийн зан ааш ямар болох талаар хэлж байна.
1-г эшлэлийг үзээрэй “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав”
Энд хэлж буй эцсийн өдрүүд гэдэг нь тэртээ 2000 гаруй жилийн өмнө Есүс бидний гэмийн төлөө загалмайд цовдлогдож үхээд, үхлээс амилж дээш одосноос хойш, энэ дэлхийд дахин ирэх хүртэлх бүх цаг хугацааг зааж байна. Харин эцсийн энэхүү өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэж сануулж буй нь энэ дэлхийн төгсгөл хүртэл, итгэгчид тасралтгүй зовлон хавчлага амсах болно. Бидний амьдарч буй цаг үе нь эцсийн өдрүүдийн эцсийн цаг хугацаа гэж хэлж болох юм. Бүх дэлхийг хамарсан ковид болон өөр олон төрлийн халдварт өвчнүүд хаа сайгүй бий болсоор байна, мөн өмнө нь энх тайван харилцаатай байсан улс орнууд хоорондоо байлдаж, цөмийн бөмбөг хэрэглэж ч магадгүй, цаашлаад дэлхийг хамарсан дайн болох гээд байгаа мэт түгшүүртэй байдал дунд бид амьдарч байна.
Зүгээр л ажиглан харахад энэ дэлхий олон зүйлээс болж сүйрэх гэж буй мэт бидэнд харагдаж байгаа бол эцсийн өдрүүдэд хүмүүсийн зан чанар ч хэрхэн яаж өөрчлөгдөж Бурханлаг бус болно гэдэг талаар 2-4 эшлэлүүд дээр тодорхой хэлсэн байна.
Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, бардам, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, сэтгэлгүй, эвлэрдэггүй, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно.
Эдгээр 18 төрлийн муу зан чанараас хамгийн түрүүнд “аминч”, “мөнгөнд дурлагч” буюу өөрийгөө болон мөнгийг хайрлах талаар дурдсан нь энэ хоёр муу зан чанар нь бусад 16 муу зан чанараа бий болгодог учраас юм.
Уул шугамандаа Бурханыг бүх зүйлээрээ хайрлах болон хөршөө өөрийн адил хайрлах нь хамгийн чухал тушаал гэдгийг Бурхан хэлсэн.
Матай 22:37-40д Тэр түүнд—“Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.”* Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн* байдаг юм. Энэ хоёр тушаал дээр бүх Хууль ба Эш үзүүлэгчид тулгуурладаг гэлээ.
Энэ тушаалыг дуулгавартай дагаж Бурхан Эзэнээ бид бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлаж байвал дээрх муу зуршлууд бидний амьдралд байх угаасаа боломжгүй юм. Харин эсрэгээрээ бид Бурхан Эзэнээ хайрлахгүй өөр зүйлсийг Бурханаас илүү хайрлах үед эдгээр муу зан чанарууд бидний амьдралд автоматаар бий болдог. Аминч, мөнгөнд дурлагч, бардам, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, сэтгэлгүй, эвлэрдэггүй, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болдог.
Хамгийн түрүүнд “аминч”, “мөнгөнд дурлагч” ийг дурдсан нь энэ хоёр чанар нь бусад бүх гэмийн үндэс болдог учраас юм. Бурханаас өөр зүйлийг илүү хайрлах нь Бурханы өмнө гэм юм. Гэтэл эцсийн цаг үед, итгэгчид нь Бурханыг хайрлахаас илүү өөрийгөө болон мөнгийг хайрлах нь илүү хүчтэй болно гэж байна. Тухайлбал бусдыг хайрлалгүй, эд мөнгөний шунал ба хувийн зугаа цэнгэлд л ташуурах болно гэж байна.
Бидний төрөлх гэмт чанар болсон аминч занг өөрчилж Бурханыг бүх зүрхээрээ, бусдыг өөр шигээ хайрлан үйлчилдэг хүмүүс болгон Өөрийн алдрын төлөө хэрэглэхийг хүсэн гуйж байна.
5-7 эшлэлийг үзээрэй. “Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай. Айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж зүсэн бүрийн тачаалдаа хөтлөгдсөн гэнэн эмэгтэйчүүдийг олзлогчид ч тэдний дунд бий. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй.”
Эцсийн өдрүүдэд итгэл сүсэгт дүртэй, тухайлбал гаднаа цуглаанд явдаг, үгийг сондог, Бурханд итгэдэг, Есүст итгэдэг гэсэн итгэгч дүртэй. Итгэлийг үгүйсгэхгүй мэт харагдавч бодитоор нь хувийн ашиг сонирхол ба зугаа цэнгэлийг хайрладаг, жинхэнэ авралын үр жимсгүй, хэлбэр төдий итгэгчид олширно гэж байна. Тэд итгэл сүсэгийн хүчийг үгүйсгэн Бурханы хүслийн дагуу амьдран, авралаа гүйцээн, амьдардаггүй хүмүүс юм.
Паул тийм хүмүүсээс хол бай гэснээр, итгэлийн цэвэр байдлаа хадгалахыг ятгаж байна. Бид ч ийм хуурамч итгэгч нарын нөлөөнд, авталгүй тэднийг дууриахгүй байх хэрэгтэй.
Долоо хоног бүр Библийн хичээл хийдэг ч хэрэгжүүлэх байтугай хэрэгжүүлэх гэж хичээдэг ч үгүй байдлаас болоод заримдаа зүгээр л сурах ёстой номлол, хийх ёстой Библийн хичээл, байдаг л нэг цуглаан өргөх гэсэн сэтгэл зүйтэй болох гээд байдаг. Байнга Библийн хичээл хийж, номлолоор дамжуулан сурсаар байвч үгийг хэрэгжүүлэх гэж хичээлгүй зүгээр л сонсож нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргасаар байвал үнэний мэдлэгт хүрч чадахгүй болох магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Энд сууж байгаа бид бүхэн Бурханы ивээлээр бидэнд өгөгддөг суралцах цагуудыг үнэ цэнтэйд тооцон хүлээн авч, хэрэгжүүлснээр үнэний мэдлэгээр бялхсан хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.
8-9 р эшлэлүүдийг үзээрэй “Ианн, Иамбре хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэд ч үнэнийг эсэргүүцдэг, ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм.* Гэвч тэд цааш амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.”.
Энэ хоёр хүн нь Мосегийн Фараоны өмнө үзүүлж байсан агуу зүйлсийг дуурайн үзүүлсэн бүгдийг чаддаг мундаг мэт харагдахыг хичээдэг илбэчид билээ. Гэвч тэд зарим илбийг л дуурайж илбэддэг бөгөөд бүгдийг илбэдэж чаддаггүй гэдэг нь илэрхий болдог. Хуурамч итгэлтэй буюу итгэгчдийг уруу татдаг хуурамч багш нарын уруу татаж байгаа нь ч гэсэн эдгээр илбэчид шиг илэрхий болж мунхаг харагдана гэдгийг хэлж байна.
2. Паулаас Тимотод өгсөн үүрэг (10-17)
Ийм эцсийн өдрүүдэд Тимот болон бусад итгэгчдийг хэрхэн амьдрах хэрэгтэйг зааж ойлгуулахын тулд Паул, хуурамч багш нартай өөрийгөө харьцуулан хэрхэн амьдарснаа гэрчилж, бас Тимотыг тийнхүү өөрийг нь дууриан амьдрахыг захиж байна.
10,11-р эшлэлийг үзэээрэй “Харин чи миний сургаал, төлөв байдал, зорилго, итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээр, хавчлага, зовлонг дагасан. Антиох, Икониум, Лустрт надад тохиолдсон ямар хавчлагуудыг би тэссэн билээ. Эзэн намайг тэр бүгдээс аварсан юм.*”
Эдгээр газруудад сайн мэдээг тунхаглаж байхдаа хавчигдан гадуурхагдсан ч тэр бүгдийг Тимотод сануулан хэлж байна. Антиохт иудейчүүдийн хавчлагаас болж хөөгдсөнийг, Икониумд мөн л иудейчүүд харь хүмүүсийг өдөөн турхирч Паул болоод түүнтэй хамт явагсдыг чуулуудан алах гэснийг, Лустрт чулуудуулан үхсэн гэж тооцогдон хотын гадаа хаягдсан ч энэ бүх хавчлага, зовлонгуудыг сургаал, төлөв байдал, зорилго, итгэл уужим сэтгэл, хайр, тэвчээрээр хэрхэн даван гарсан мөн энэ бүх зовлон бэрхшээлээс Эзэн намайг аварсан гэдгийг ч гэрчлэн хэлж байна.
12-р эшлэлийг үзээрэй. “Үнэндээ, Христ Есүс дотор итгэл сүсгээр амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.”
Итгэл сүсэгтэй, тухайлбал Бурханы үг хүслийн дагуу амьдрахыг зорьдог хүмүүст зовлон ба хавчлага зайлшгүй тохиолдоно гэдгийг энд хэлж байна. Олон зовлон бэрхшээл амсаж үзээгүй залуу итгэгч Тимотод хандан хавчлага зовлон ирэх нь зайлшгүй, тэр үед өөрийнхөө хэрхэн тэвчээртэйгээр даван гарсан тухайгаа хэлж байгаа нь эцсийн өдрүүдэд тохиолдох хавчлага бэрхшээлийг итгэлийн тэмцэл хийж ялах хэрэгтэйг сануулан хэлж байна.
Есүс ч энэ дэлхийд байх хугацаанд байнга хавчигдсан шиг Есүсийн дагалдагч байхыг хүсэгчдэд янз бүрийн зовлон ба хавчлага ирэх нь зайлшгүй юм.
Итгэлийн амьдрал эхлүүлээд удаагүй байх үед олон хавчлагатай тулах хэрэгтэй болдог. Эцсийн цаг ойртох тусам бидэнд хавчлага зовлон ирэх нь гарцаагүй тул тэр бүгдийг сургаал төлөв байдал, зорилго итгэл, уужим сэтгэл, хайр, тэвчээрээр даван туулахыг хүсэн ерөөж байна.
13-р эшлэлийг үзээрэй “Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна.” Эцсийн өдрүүдэд сайн мэдээний үнэнийг дагалгүй итгэлэээс хазайсан хүмүүс улам муудаж, хүмүүсийг хуурж, өөрсдөө ч хууртагдана гэж байна.
Тэгвэл улам муудаж хэцүү болох цаг үед яах хэрэгтэй гэж байна вэ?
14-р эшлэлийг үзээрэй “Харин чи юу сурсан, юунд итгэсэндээ бай.” Паул Тимотыг өөрийн сурсан итгэсэндээ бай хэмээн захиж байна.
Сурсан итгэсэн зүйл гэдэг нь Тимотын хувьд ээж эмээ хоёроороо багаасаа заалгуулан сурсан хуучин гэрээ болон Паулаас суралцсан сайн мэдээний сургаалууд буюу Есүсийн тухай сургаалиудыг зааж байна. Энд гарч буй бай гэсэн үг нь үргэлжлүүлэн байх буюу анх хүлээж авсан сайн мэдээний үнэнээс хазайлгүй үргэлжлүүлэн байх хэрэгтэй гэдгийг хэлж байна.
Бид сайн мэдээний үнэнээс хазайлгүй үргэлжлүүлэн байхын тулд яах хэрэгтэй вэ?
15-р эшлэлийг үзээрэй “Христ Есүст итгэх итгэлээр авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай ариун судруудыг чи хүүхэд байхаасаа мэдсэн.”
Тимот нь янз бүрийн хуурамч багш нараас болгоомжлон Ариун судар бичгүүд буюу хуучин гэрээ болон сайн мэдээний номуудыг судлан үүн дотор үргэлжлүүлэн байх хэрэгтэй. Учир нь Библид юунаас ч илүүгээр Христ Есүс доторх итгэлээр авралд хүргэх мэргэн ухаан агуулагдсан юм. Энэ дэлхийд тоолшгүй олон ном бичвэрүүд байдаг. Эдгээр номнууд нь хүмүүст ач тус өгөхийн хувьд өгдөг ч, авралд хүргэх мэргэн болгох чадал байдаггүй. Яагаад гэвэл Библээс өөр авралд хүргэх замыг заан, аврах чадалтай ном энэ ертөнцөд байхгүй. Библид хүн яаж гэмийн асуудлыг шийдэн, Бурхантай эвлэрэн аврагдах арга замыг заадаг. Мөн авралын дараа хэрхэн зөв амьдралаар амьдрахыг ч зааварладаг.
16-р эшлэлийг үзээрэй. “Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэхэд тустай.”
Библийн бичвэр бүр Бурханы үг амьсгалаар бичигдсэн. Библи 1600 гаруй жилийн хугацаанд 40 орчим хүнээр бичигдсэн. Тиймд бид библийг уншиж, тунгаан бодох үед, Бурханыг танин мэдэж, Түүний агуу хайр өршөөлд сэтгэл хөдөлж чадна. Мөн урьд нь ухаараагүй байсан зүйлсийг гэм гэдгээ ухааран, гэмшиж, буруу замаасаа эргэснэээр Бурханаас эмээн хүндэлж бүтээгч Бурханыг юунаас илүү хайрлах болдог. Уучилж чадашгүй байсан нэгэнийг уучилж, худал ярин хуурмаг гэмэээ гэмшин бусдад сайныг үйлдэн хайрлах хүчтэй болдог. Тиймд Еврей 4:12-д “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идвэхтэй хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгээл хийгээд сүнсийг үе мөч хийгээдэ нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч, шүүх чадвартай юм” гэв. Тиймээс библи хүнийг аврах төдийгүй, аврагдсан хүнээ сурган зааж, зэмлэж залруулан зөвд чиглүүлэн сонссоноо хэрэгжүүлэх хүчийг өгдөг. Залуу насны хүсэл тачаалд амархан уруу татагддаг залуучууд биеэ захиран ариунаар амьдарч чадах хүчийг Бурханы үгнээс авж чадна(дуулал 119:9).
Мөн үүнээс гадна библийн ач тус нь юу вэ? 17-г үзээрэй “Үүгээр Бурханы хүн чадамгай болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэг” гэв. Библээс үргэлж суран, амьдрал дээрээ хэрэгжүүлэхэд Бурханы хүнэээр чадамгай болно. Чадамгай гэдэг нь сүнсээрээ улам төлөвшинө гэсэн утгатай. Сул итгэл нь бат ганхашгүй болж, төлөвшөөгүй чанар нь төлөвшин өснө. Мөн Бурханы үгээр ийнхүү сургагдан дасгалжуулагдсан хүн нь аливаа сайныг үйлдэх хүч чадалтай буюу Бурханы ажилд хэрэглэгдэхэд бэлтгэгдсэн хүн болно. Бидний зүрхэн дотор Бурханы үг байхгүй үед сэтгэл сүнс нь хүчгүй дорой болдог. Сайныг мэддэг, хүсдэг боловч, үйлдэх хүчгүй болдог. Харин дотор нь Бурханы үгээр дүүрэхэд аливаа сайн буюу Бурханы хүслийг даган биелүүлэх хүчтэй болдог. Тиймээс өдөр бүр библи уншиж, сүнсээр сэргэг амьдарцгаая.
“Харин чи юу сурсан, юунд итгэсэндээ бай” Эцсийн өдрүүдэд бидний чанга зуурч, атгах зүйл нь юунаас ч илүү Бурханы амьсгалаар бичигдсэн библи юм. Учир нь библи дотор л авралын зам байдаг ба заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэх, чадамгай сайн үйлд бэлтгэгдэх бүхий л сүнслэг хүч байдаг. Эцсийн энэ цаг үед сатан чөтгөрүүд улам хүчтэй ажиллаж, Бурханы хүүхдүүдийг сурсан, итгэсэн зүйлээс холдуулахыг оролдож байна. Янз бүрийн ертөнцийн уур амьсгал буруу урсгал, гэмийн уруу татлагууд болон зовлон ба хавчлагаар дамуулан Бурханаас холдуулахыг хичээдэг. Харин энэ цаг үед бид итгэсэн загалмайн сайн мэдээний үнэн ба библээс улам зууран атгаж, амьдрах хэрэгтэй. Тэгсэнээр өөрийгөө төдийгүй бусдыг ч аврах сайн ажилд бэлтгэгдэх хэрэгтэй.
Библийг уншиж судлан, амьдрал дээрээ хэрэгжүүлэх үед бид сүнс хийгээд бие махбодиор эрүүл хүчтэй болж эхэлдэг. Харин эсрэгээрээ бидний дотор Бурханы үг байхгүй болсон үед бид аймхай, хүчгүй, баяр хөөргүй, идэвхгүй нэгэнээр амьдарч хэнд ч хэрэггүй нэгэн болж амьдрах болдог.
Эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа санаж бидний амьдралд тохиолдох бүх хавчлага зовлон бэрхшээлүүдийг Бурханы амьд үгэн дээр баттай зогсож Бурханыг болон хөршөө хайрлаж тэдэнд энэ гайхамшигт үгийг дамжуулж амьдарцгаая.