2017 оны Үйлс 30-р номлол (05.28) Абрахам Нямсүрэн

БИ БУРХАНД ИТГЭЖ БАЙНА

Үйлс 27:1-44
Гол эшлэл: Үйлс 27:25

“Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүдээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.”

Өнөөдрийн үг нь Паул хоригдол болж Ром уруу явж буй аяллын тухай юм. Одоо л нэг Паул Ромд очих завшаан олдож байна. Гэтэл түүний аян зам дардан шулуун байсангүй. Хүчтэй далайн шуургаас болж аялалд саад учирсан. Гэвч Бурхан нэг хүн Паулд хандсан дуудлага ба түүний итгэлээр дамжуулан усан онгоцонд явж буй 276 хүнийг аварч, тэнд буй хүмүүс Бурханы ажлыг харсан. Өнөөдрийн үгээр дамжуулан итгэлийн амьдралын аялалд тохиолдох шуурга мэт асуудлыг хэрхэн даван туулж, хаанчлалын ажилд хэрхэн зоригтойгоор амьдрах аргыг суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
Паул баривчлагдан байцаагдаж байхдаа Ромын хаан Цезарьт давж заалдсанаар Ром уруу хүргэгдэхээр болсон. Ингэхдээ зуутын дарга Иули гэгч хүн хариуцан цэрэг, харгалзагч нарын хамт, олон хоригдлыг авч явж байна. Тэд Кайсариас загас агнуурын усан онгоцонд сууж, Сидон хотоор дайран Газрын дундад тэнгист үүссэн хүчтэй салхинаас болоод Килик, Памфулын эргээр явсаар Лукын өмнөд эрэгт орших Мура хотод ирсэн. Учир нь энэ усан онгоц Ром уруу явахгүй байв. Тиймээс эндээс усан онгоцоо сольж Итали уруу явж байсан Египетийн Александрын буудай ачсан усан онгоцонд сууж хөдлөв. Энэ аялал үргэлжлэх үеэр мацаг барилтын хугацаа дууссаныг харвал энэ цаг үе нь 10-р сарын эхэн үе байжээ. Тиймээс далайн хар салхи хөдөлж, далайд аялахад аюултай болдог цаг үе байв. Тэдний суусан онгоц титаник шиг аварга том хөдөлгүүртэй байгаагүй, харин далбаат усан онгоц байсан. Тиймээс салхины хүч маш чухал нөлөөлтэй байлаа. Яг энэ үеэр хүчтэй салхи өөдөөс нь салхилж байсан учир олон хоног арайхийн хөвсөөр Крет арлын өмнөд хэсэгт орших Үзэсгэлэнт боомт хэмээх газар ирсэн. Хүчтэй шуурганаас болж тэд их хугацаа алдаж төлөвлөсөн хугацаанаас хоцорч, тэдний аялал улам эрсдэлтэй, аюултай болж байлаа. Паулын хувьд олон жил далайд аялаж байсан туршлага байсан учир цааш явах нь аюултай гэдгийг мэдэж байлаа. Тиймээс тэдэнд сэрэмжлүүлэн “–Эрчүүд ээ! Энэ аялал ер нь ачаа болоод онгоцонд төдийгүй бидний аминд ч сүйрэл, их хохиролтой гэж би үзэж байна.”(10) гэж өөрийн бодлыг хэлж зөвлөв. Тэр туршлагадаа үндэслэж ийнхүү хэлсэн үү, эсвэл Бурхан түүнд Ариун Сүнсээр сануулсан уу. Ямар ч байсан өөртөө итгэлтэй, зоригтойгоор ам нээсэн.
Бидэнд ч гэсэн ийм мэдрэмжтэй зөвлөгчид амьдралын бүх л талбарт хэрэгтэй байдаг. Сайн зөвлөгч нь урьдчилан эрсдлийг таамаглаж, мэдлэг туршлагаараа бидэнд сайнаар, мэргэн ухаанаар зөвлөж чаддаг. Ялангуяа үйлчлэл ба ажлын туршлагатай хүмүүс нь миний туулаагүй зүйлийг туулаад үзсэн учраас, ахмад үе ба тэдний туршлага мэдлэгээс суралцах нь маш чухал юм. Сүнслэг амьдралын зөвлөгч зайлшгүй хэрэгтэй байдгийн адил, ажил мэргэжил, гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх зэрэгт бас л сайн зөвлөгч хэрэгтэй байдаг. Мэдээж бид сүнслэг амьдралын чиглүүлгийг Бурхан ба хоньчдоосоо авснаар зөв шийдвэрийг гаргаж, үр жимстэй амьдарч чаддаг. Гэтэл итгэгч болон үл итгэгч хүмүүс тайван цаг үед сайн зөвлөгчийг ялангуяа сүнслэг удирдагчийн үгийг үл тоомсорлож, өөрийн аргаар, мэдлэг чадвараар асуудлыг шийдэх гэдэг.
Зуутын дарга яг ийм хандлага гаргасан. Хоригдол Паулын үг, зөвөлгөөг сонсохоос илүү усан онгоцны ахмад ба залуурчны үгэнд итгэж байв. Мөн Үзэсгэлэнт боомт нь жижиг учир өвөлжихөд тохиромжгүй байсан бөгөөд ядаж байхад яг тэр үеэр намуухан салхи салхилж хүмүүсийн сэтгэлийг тайвшруулсан байлаа. Тиймээс тэд 65 км зайтай Фойник боомт уруу явахаар шийдэж, болвол тэндээ өвөлжих санаатай байв. Ийнхүү тэд явсаар Фойник боомтын эрэг ч харагдаж, төд удалгүй хоёрхон цагийн дараа л эрэгдэх гэж байтал зүүн хойд зүгээс Еуракулон гэдэг хүчтэй салхи гарч, яах ийхийн зуургүй л усан онгоцыг эх газраас тууж, эргээс улам бүр холдууллаа. Нөгөө цэлмэг тэнгэр маань өтгөн хар үүлээр бүрхэгдэж, намуухан байсан далайн хөвөө хэдэн арван метр өндөр давалгаалж, онгоцыг цаас мэт урсган, ийш тийш шидэж байв. Салхи асар хүчтэй байсан тул хүчтэй туугдаж, хөмрөхгүйн тулд зангуугаа ч буулгав. Гэсэн ч усан онгоц шуурганд хүчтэй шидэгдэж байсан тул дараа өдөр нь усан онгоцыг живэхээс хамгаалж ачаагаа буулгаж, цаашлаад усан онгоцны тоног төхөөрөмжүүдийг ч буулган хаяж байлаа. Уг нь эдгээр хаяж буй зүйлс нь тэдний аялалд хамгийн чухал гэж үзэж байсан зүйлс байсан. Гэвч аюул тулгарахад ямар ч үнэ цэнэгүй, аврагдахад ямар ч хэрэггүй хог болон хувирсан. Усан онгоцны залуурчин жолоодлогоо алдаж, юу ч хийж чадахаа больсон. Цаашид тэдний мэдлэг, туршлага ямар ч хэрэггүй болов. Энэ үед усан онгоцонд байсан хүмүүст амьд үлдэх ямар ч найдвар харагдахгүй байлаа. Тэнгэрт үүл бүрхсэнээс нар, од ч харагдахгүй учир газрын баримжаа авах юу ч тэдэнд байсангүй. Хаашаа яваа нь ч тодорхойгүй, хэзээ шуурга намдаж, тэнгэр цэлмэх нь мэдэгдэхгүй учир дотоод сэтгэл нь ч, ирээдүй нь ч тэнгэр шиг бүрхэг болов. Би бол салхигүй өдөр завин дээр сууж явахаас айдаг. Паркын завин дээр суухад л хөдөлж дайвалзаад завь уруу ус орж ирээд живэх гээд ч байх шиг, жаахан л эвгүй хөдөлвөл хөмөрчих гээд байх шиг санагддаг. Гэтэл далайн давалгаанд шидэгдэж, усан онгоц уруу хүчтэй усны давалгаа пил хийн урсан орж ирээд, унтах байтугай тайван ч суух боломжгүй нөхцөл байдалд олон хоног явна гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой. Ийм үед тэд ямар ч зүйл хийж чадахгүй, байгалийн хуулинд захирагдан урсахаас аргагүй болж шуурга зогсох эсвэл ямар нэг газарт газардахыг л хүлээхээс өөр аргагүй байлаа. Ийнхүү хөвсөөр аль хэдийн хагас сар болжээ.
Тэнд байсан хүмүүсийн бүх горьдлого, найдвар бүрэн тасарсан.(20) Бодит байдлыг харж дүгнэн үзвэл амьд үлдэх ямар ч боломжгүй. Эцсийн залбирлаа үйлдэж, сүүлийн үгээ “Эхнэр хүүхдүүддээ хайртай шүү. Иулигээс. Кайсариас Ром хүрэх замд.” гэж модон дээр сийлж үлдээхээс өөр аргагүй боллоо гэж бодсон байхаа. Таны амьдралд ямар ч найдвар, горьдлогогүй болж байсан үе байна уу? Энэ бол өдөр тутмын асуудал гэхээсээ үхэлтэй илүү холбоотой юм. Үнэндээ бол бидэнд тохиолддог ажлын байр, санхүү, ханиад, сургалтын төлбөр, диплом хамгаалалт, төгсөлтийн шалгалт, хэзээ, хэнтэй гэрлэх, харилцааны асуудал гэх мэт асуудлууд нь үхлийн асуудлын хажууд бол өчүүхэн зүйлс байдаг. Гэтэл би түүнийгээ хараад л тэнгэр, газар хөмрөх гэж байгаа юм шиг л бодож хямардаг. Биднээс илүү хүнд хэцүү нөхцөлд амьдарч, ажиллаж, үйлчилсээр байгаа, хүнд өвчнөөр шаналж буй, идэх хоол, өмсөх хувцасгүй олон сая хүн байсаар байна. Тиймээс бид нүдэнд харагдах нөхцөл байдал, боломжинд найдаж, эсвэл өнөөдрийн хүнд хэцүүг хараад сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь бидний амьдрал Бурханы эрх мэдлийн дор байдаг юм. Тиймээс Бурханд л бүх найдвараа тавих хэрэгтэй. Бидэнд бэлдсэн Бурханы хүсэл таалал юу болохыг алхам тутам, сонголт бүрт асууж, Түүнийг даган амьдрах хэрэгтэй. Ийм хүнд нөхцөлд сэтгэлээр унаж, хямралд өртсөн хүмүүсийг хараад сүнсний удирдагчийн хувьд Паул зүгээр хараад суухыг хүсээгүй. Тэр өөрийн хийх ёстой үүргийг цаг алдалгүй биелүүлж байна.
Одоо 21-р эшлэлийг үзээрэй. “Тэр босож зогсоод – Эрчүүд ээ, Та нар үгийг минь дагаж, Кретээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан.” гэж хэлээд хохь чинь одоо яая гэхэв, хамтдаа үхэцгээе гээгүй. Харин үргэлжлүүлэн тэдний алдаа дутагдал, дуулгаваргүй байдлыг буруушаан зэмлэлгүйгээр өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээгээд “Одоо харин эр зоригтой байхыг та нараас хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй, харин усан онгоц л сүйрнэ.”(22) гэж тайвшралын үгийг хэлэв. Энэ үг нь хоосон тайвшруулах гэсэн худлаа үг байгаагүй. Энэ үг нь Паулд Бурханаас өгөгдсөн үг байлаа. Тиймээс тэр зоригтой, эрх мэдэлтэйгээр тунхаглан хэлсэн. Ямар ч найдваргүй, шантрал цөхрөлийн дунд Паул хүмүүсийг тайвшруулж, хүсэл найдварыг өгч байна. “Та нар үхэхгүй” гэсэн энэ үг тэдэнд ямар их урам зориг, хүчийг өгсөн болоо. Энэ үгийг сонсох нь хоол идсэнтэй адил сэтгэл сүнсэнд нь хүчийг өгсөн байхаа. Паулын энэ үйлдэл нь өөрөө мундагт бус, харин Бурханы хэлсэн үгэнд итгэсэн учраас юм.
Тэгвэл Паул Бурханы ямар үгэнд итгэж байсан бэ? 24-р эшлэлийг үзээрэй. “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон гэв.”
Энд тэнгэрэлч Паулд “Чи Цезарийн өмнө зогсох ёстой” гэж хэлснээр түүний амь нас нь Бурханы дуудлага ба үүрэгтэй нь холбоотойг харуулж байна. Энэ нь Бурхан Паулыг Цезарийн өмнө Есүсийг гэрчлэх үүргийн төлөө амийг нь хамгаална гэсэн утгатай юм. Бурхан Өөрийн сонгосон сайнмэдээний ажилчны амийг үүргээ биелүүлэх хүртэл хамгаалаад зогсохгүй, эргэн тойронд байгсдыг нь хүртэл хамгаална гэж байна. Өнөөдөр Бурхан таныг дуудсан дуудлагынхаа дагуу ашиглахын тулд цаг ямагт сахин хамгаалах болно. Магадгүй танд өөрийгөө голох, сул дорой байдлаа харан шантрах, эсвэл ямар ч хүсэл найдвар харагдахгүй байж болох юм. Гэвч Бурхан танд “Бүү ай. Таныг дуудсан зорилгоо заавал биелүүлнэ” хэмээн хэлж байна.
Усан онгоцонд байсан хүмүүс саяхан л Паулыг хоригдол хэмээн үл тоомсорлож байсан. Гэтэл Паул одоо сүнсний удирдагчийн үүргийг хариуцлагатайгаар биелүүлэн зогсож байна. Энэ нь Паулд хэлсэн Бурханы амлалтын үгэнд итгэж буй итгэлээс гарсан үйлс юм.
Үнэндээ Бурханлаг хүмүүсийн урмын үг, Бурханы Ариун Сүнсээр дамжуулж буй нэг үг ч бидний сүнсэнд тамир тэнхээг өгч, урамшуулан зоригжуулж байдаг. Мөн эсрэгээрээ өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгнийг тэнхрүүлж, босгон байгуулдаг. Зарим хүнийг сонсох, заримд нь хэрэгтэй зөвөлгөөг өгөх, хамт залбирах гэх мэт хүн бүрийн онцлогт таарсан хэлбэрүүд байдаг. Бид өчүүхэн зүйлд баярлаж, урамшиж, тэнхэрч байдаг. Утсаар ярьж, чатаар харилцах нь хүртэл сэтгэл, сүнсээрээ хамт байгаа гэдгийг ухааруулж, урам зоригийг өгдөг. Хэдийгээр Бурханы үг биднийг урамшуулан, зоригжуулж байгаа боловч хамтран зүтгэгчийн ганцхан үг ч чухал байдаг. Тиймээс та бүхэн ч гэсэн хэн нэгнийг чин сэтгэлээрээ урамшуулж, талархалаа илэрхийлж, анхааран сонсож, санаа тавьж буйгаа өчүүхэн зүйлээр ч болтугай илэрхийлж байгаарай. Өнөөдөр бол пастортаа талархах өдөр. Энэ цагт Баярмагнай хоньчинд талархалаа илэрхийлье. Мөн пастор мэт халуун сэтгэлээр үйлчилж буй бүх хоньчиддоо ч талархаж байна. Бурхан хүнийг сэтгэл зүрхтэй бүтээсэн учир бидний хооронд бодит харилцаа заавал хэрэгтэй байдаг. Хүн л учраас ядарч сульдана, цөхрөнө, найдвар тасарна, хүчин мөхөсдөнө, урам хугарах үе байдаг ч Бурханы үг ба сүнслэг хүмүүсийн тайвшралын үгээр зоригжин, тэнхэрч байдаг. Мэдээж Бурхан бүхний эх булаг учраас Түүнд найдах хэрэгтэй. Ямар ч үед Бурханаас зуурч, Бурханд бүх найдвараа тавьсанаар бүх асуудал ба шуургыг даван туулж чадна. Заримдаа өөрсдийн туршлага, чадвар, бусад хүмүүст, хоньчиндоо найдаж үзээд бүтэлгүйтэж, ялагдаж, унах үедээ л Бурханд найдах ёстойг ухаардаг. Гэтэл заримдаа энэ бол Бурханы хүсэл учраас Бурханд л итгэж үүнийг хийж байна гээд өөрийн санаагаар үйлдэх тохиолдол ч байдаг. Тиймээс сүнсний удирдагч, хоньчидынхоо зөвөлгөө, үгийг даруу хандлагаар сонсож сурах нь чухал юм.
Одоо хамтдаа 25-р эшлэлийг уншицгаая. “Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүдээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.” Паул хэлсэн үгээ тайлбарлан үндэслэл, нотолгоог хэлсний дараа – Иймээс зоригтой бай. Хэлсний минь дагуу болно гэж би Бурханд итгэж байна гэсэн. Энэ бол Паулын итгэлийн өчил бөгөөд энэ аялалаар Бурханы ажлыг харж, гэрчлэхийг хүссэн.
Бидэнд Паул шиг Бурханы үг ба амлалтанд итгэж буй итгэлийн тунхаг хэрэгтэй байдаг. Ямар ч нөхцөлд, тэнгэр газар хөмрөх мэт санагдсан ч, дэлхий одоо сүйрэх байлаа ч, үхэлтэй нүүр тулсан үед ч Түүнд итгэсээр байх хүчин зүйл нь Бурханы надад өгсөн амлалтанд итгэх итгэл юм. Бурхан биднээс ийм итгэлийг хүсч байдаг. Амьдралд ширүүн шуурга мэт асуудал тулгарсан ч Төгс Хүчит Бурхан ба үгэнд нь итгэл найдварыг тавих итгэлтэй болох хэрэгтэй. Бурхан надад энэ итгэлийг одоо ч заасаар байгаад талархаж байна.
Грек улсад Христэд итгэгчдийг террористууд, мусальман шашинтнууд хавчин, амийг нь хөнөөж буй аймшигтай мэдээг бид сонсож байгаа. Хэдий тийм боловч тэнд олон мянган залуус Есүс Христэд итгэн аврагдаж байна. Тэднээс итгэлийн амьдралд юу хэцүү байна? гэж асуухад тэд итгэлийн амьдрал асуудалгүй, харин итгэлийн шийдвэр гаргах нь хамгийн хэцүү гэж хариулж байжээ. Тэд үхлээс ч айхгүй байгаа нь гэмийн шийтгэлээс аврагдаж, мөнх амийг авсан гэдэг итгэлийн улмаас юм. Харин бидний итгэлд юу саад болж байна вэ? Бурханы амлалтанд итгэхэд яагаад хэцүү байдаг вэ? Бурхан биднийг хэзээ ч гангахгүй бат итгэлтэй болгохын тулд бидний амьдралд хүчит шуургыг зөвшөөрдөг. Шуурган дунд л миний амьдралд ажиллаж буй, амлалтаа итгэмжтэйгээр биелүүлж буй Бурханы хүч чадал ба Ариун Сүнсний ажлыг илүү тодорхой харж чаддаг. Мөн өөрийн сул доройг хүлээн зөвшөөрч, Бурханд найдаж сурдаг. Хэрэв таны амьдралд шуурга байгаа бол шуургаас болж таны нүд юу ч харж чадахгүй, ямар ч найдваргүй мэт санагдаж байгаа бол үүгээр дамжуулан итгэлийг минь өсгөж, илүү өндөр түвшинд гаргахыг хүсч буй Бурханы ажлын төлөө талархаарай. Бурхан хайртай хүүхдүүдээ хэзээ ч орхихгүй гэж би Бурханд итгэж байна. Бидний Бурханд найдаж буй цэвэр итгэл нь хүчтэй шуурган дундаас өөрсдийг минь болон бусдыг ч аврах хүч чадал болно.
28-р эшлэлийг харвал “тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.” Урам зориг авсан хүмүүсийн найдвар нь сэргэж эхэлсэн. Тиймээс ямар нэг зүйлийг хийх болов. Тэд газрыг хэмжиж, эх газар ойртож байгаа эсэхийг шинжив. Харин тэдний урмыг сэргээж эх газар ойртож буй хоёр удаагийн хэмжилтээр мэдэгдэж тодорхой болсон. Хонгилын үзүүрт найдварын гэрэл асч, хүмүүсийн нүд ч сэргэж, сэтгэл санаагаар ч өөдрөг болов. Гэвч баярлах арай л эрт байлаа. Харин ч жинхэнэ аюул тэдний өмнө байсан бөгөөд хад мөргөвөл усан онгоцтойгоо сүйрэх байлаа. Тиймээс хүн бүрийн зүрх түг түг цохилж, сэтгэл түгшин хурдхан өглөө болохыг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл зарим нэг амиа бодсон нөхдүүд амиа аврахын тулд аврах завийг буулгаж, зугтах гэж оролдов. Хэрэв тэд зугтвал усан онгоцыг газарт ойртуулах хүнгүй болох байлаа. Тиймээс үүнийг ажигласан Паул зуутын дарга ба цэргүүдэд мэдэгдэн “Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй” гэж хэлэв. Тэгэхэд цэргүүд завины олсыг тасдаж, завинуудыг унагав. Зуутын дарга ба цэргүүд өмнө нь Паулын үгийг үл тоомсорлож байсан бол одоо тэд Паулын хэлсэн зөвлөгөө зөв гэдгийг ухаарсан. Тиймээс Паулын үгийг дагасан. Ийнхүү Паул цаашид заавар чиглүүлгийг өгснөөр усан онгоц сүйрсэн ч Паулын өмнө хэлсний дагуу усан онгоцон дээр байсан бүх хүн аврагдав.
Би өөрийн амьдралд буй өчүүхэн шуургыг хараад цөхөрч, шантарч буй энэ цагт үгээ өгч буй Бурханд талархаж байна. Бусдын амьдралд буй санхүүгийн, харилцааны, эрүүл мэндийн зэрэг шуурга манай гэр бүлийг ч гэсэн тойрч биш, дайрч байгаа. Гэвч өнөөдрийн үгээр зоригжуулан, тайвшруулж байгаа Бурханд талархаж байна. Манай гэр бүлийг Ховд аймаг уруу илгээсэн Бурханы зорилго бүрэн гүйцэд биелэх хүртэл биднийг хамгаалж, туслан удирдах болно гэсэн итгэлийг суулгаж өглөө. Мөн манай гэр бүлийн үйлчлэл ба амьдралаар дамжуулан олон хүн Есүсийг таньж мэдэн, хаанчлалын ажил хийгдэж буй учраас Бурхан үргэлж хамт ажилласаар байгааг харж байна. Хямралд өртөхөөр юу ч хиймээргүй санагдах юм гэж нэг хоньчин маань ярьж байсан. Шуурга биднийг ямар ч хүчгүй, хүсэл найдваргүй, гал цоггүй болгодог. Хэдий тийм боловч бид сөрөн зогсож, итгэлээр даван туулснаар итгэл ба сүнсээр өсдөг. Энэ цагт миний сулхан итгэлийг өсгөн өгөхийг гуйж байна.
Бид өөрсдийн амьдралд буй ямар ч шуургыг өөрийн туршлага, мэдлэг, чадвараараа даван туулж чадахгүй. Тиймээс нүдэнд харагдах бодит байдал, боломжинд найдахын оронд Бурханд бүх найдвараа тавьж, төлөв даруу итгэлээр амьдарч чадахыг гуйж байна. Паул шиг итгэлтэй нэг хүнээр дамжуулан олон хүн аврагдсан шиг, материаллаг зүйлд илүү найдаж, эрдэм боловсрол, эд баялагийг эрхэмлэдэг энэ цаг үед зөвхөн Бурханд л итгэл найдвараа тавьж, Түүний үг ба амлалтанд бат итгэж буй танаар дамжуулан Бурхан гайхалтай авралын ажлыг хийж, олон мянган оюутан залуусыг тайвшруулан зоригжуулж, сүнсээр аварч өгөхийг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Паул Бурханы үгэнд итгэсэн. Тэгээд хүмүүст итгэл найдвар ба тайвшралыг өгч чадсан. Ингэснээр усан онгоцонд байсан хүмүүс, цэргүүд, зуутын дарга хүртэл түүний үгийг сонсож дагасан. Энэ бүхний эцэст тэнд байсан бүх хүн аврагдаж, Бурханы гайхалтай ажил харагдах болсон юм. Эндээс бид Бурханд болон Түүний амлалтанд итгэж буй нэг хүн ба түүний үгийг дуулгавартай дагаж буй хүмүүс хамтдаа Бурханы авралын ажилд оролцож, Бурханд нандинаар ашиглагдаж болдгийг сурлаа. Бид Бурханы хаанчлалын төлөө амьдрах гэвэл заавал шуургатай нүүр тулах бөгөөд зугтаж чадахгүй. Тиймээс бид ч гэсэн Бурханы үгэнд бат итгэж, сүнслэг удирдагчийнхаа үгийг дуулгавартай дагаснаар амьдралын хүчтэй шуургыг даван туулж чадахыг хүсэн ерөөж байна. Амен!

өмнөх нийтлэл2017 оны Үйлс 31-р хичээл (06.04)
Дараагийн нийтлэл2017 оны Үйлс сүүлчийн 31-р номлол (06.04) Б.Баярмагнай