ХҮЧТЭЙ ШУУРГЫГ НАМДААСАН ЕСҮС
Лук 8:19-25
Гол эшлэл 8:25
“Тэрээр шавь нартаа – Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ – Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа”
Өнгөрсөн 7 хоногийн номлолоор бид хөрсний талаар суралцаж, сүнсний хувьд ямар байгаагаа, ямар хөрстэй вэ? гэдгээ эргэн харж, Бурхан биднийг үргэлж сайн хөрс байлгахыг хүсдэгийг сурсан.
Өнөөдрийн зарлиг бол хүчтэй шуургыг намдаасан Есүсийн тухай юм. Есүс үгийн хүч чадлаар хүчтэй шуургыг намдаан, орчлон ертөнцийн бүх юмсын захирагч Эзэн гэдгийг харуулсан. Мөн хүчтэй шуургаар дамжуулан, шавь нартаа бодит итгэлийг сургаж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан ямар ч амьдралын шуургыг ч даван туулах бодит, амьтай итгэлийг сурч чадахыг хүсэн ерөөж байна.
1. Есүсийн жинхэнэ гэр бүл
Гэр бүл гэвэл хэнийг хэлэх вэ? Мэдээж хүн бүр өөрт хамаатай ойр дотнын хайртай хүмүүсээ хэлнэ. Гэр бүл бол нийгмийн анхдагч субьект. Гэр бүлийн гишүүд бие биенээ хайрлах, халамжлах, сайн сайхан зүйлийг нь магтан сайшаах, урам зориг өгөх зорилготой.
Есүсийн талаар сонссон ээж, дүү нар нь Есүстэй уулзахаар ирээд Түүнийг дуудуулсан. Хүүгийн минь байдал ямар байгаа бол гэж санаа зовсон Мариа, халуун сав дүүрэн хоол авчирсан байх. Бас дулаан хувцастай ч ирсэн байж магадгүй. Мэдээж хүний ээж л болсон хойно хүүдээ маш их санаа зовсон байх.
Харин ээж дүү нарыгаа гадаа хүлээж байгааг сонссон Есүс юу гэсэн бэ?
21-р эшлэлийг үзээрэй. “Харин Есүс тэдэнд – Бурханы үгийг сонсоод түүнийг биелүүлэгсэд нь Миний эх, дүүс мөн гэжээ”
“Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?” Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд гэдэг шиг, хатуу үгийг хэлсэн. Магадгүй зарим хүмүүс нь би буруу сонсчхоогүй байгаа гэж эргэлзсэн байх.
Энэ нь Есүс махбодын гэр бүлийг үгүйсгэж байгаа утгаар бус харин Есүсийн доторх гэр бүлийн талаар сүнслэг үзэл бодлыг шавь нартаа заахын тулд хэлсэн үг юм. Хүмүүс цусаар холбогдсон махбодын гэр бүлийг юу юунаас ч илүү чухалд тооцдог. Гэсэн ч мах цусаар холбогдсон гэр бүлийн харилцаа нь мөнхөд биш юм.
“Бурханы үгийг сонсоод түүнийг биелүүлэгсэд нь Миний эх, дүүс мөн” гэснээр Есүс Бурханы үг ба хүслийг биелүүлэн амьдардаг нэгнийг миний гэр бүл хэмээн нандинд тооцож байгааг харуулж байна. Харин энэ нь махбодын гэр бүлийг үл тоомсорлоорой гэсэн үг биш юм.
Харин бидэнд махан биеийн гэр бүл маш чухал байдаг шиг Христийн дотор итгэлээр дамжин Есүсийн цусаар холбогдсон итгэлийн ахан дүүс нь ч мөн чухал болохыг, мах цусны ахан дүүст хэрхэн ханддаг шиг адил сэтгэлээр хандах ёстойг хэлж байна.
Есүсийн цусаар холбогдсон бид яс үндэс, нийгмийн гарал үүсэл, нас хүйс, боловсрол, мэдлэгийг үл харгалзан Түүний гэр бүлийн гишүүн болсон. Түүний алдрын төлөө Бурханы хүслийн төлөө бүгдийг хийж үйлддэг хүмүүс нь Бурханы гэр бүлийн гишүүн байх болно.
Яаж Есүсийн гэр бүлийн гишүүн болох вэ? Өөрийн гэм нүглээ улайж Эзэн Есүсийн өмнө очин, Түүнийг өөрийн Аврагчаар хүлээн авсан хүн бүр Есүсийн гэр бүлийн гишүүн болох боломжтой. Есүсийг хүлээж авсан л бол Бурханы хүүхэд юм. Тиймээс Бурханы хүүхэд болсон хүн бүр л итгэлийн гэр бүлийн гишүүд билээ.
Тэгвэл Бурханы хүслийг биелүүлдэг хүн, Бурханы гэр бүлийн хүн юу хийх хэрэгтэй вэ?
Бидэнд хэлж байгаа Бурханы хүсэл бол хайр ба золиослолын сэтгэлээр дуудагдсан дуудлага бөгөөд оюутан залууст, хоньчдод Бурханы үгийг заан үйлчлэх юм. Энэ бол Бурханы бидэнд тавьсан алсын хараа, биднээр дамжуулан хийх Бурханы ажил юм. Биднийг Монголын болоод дэлхийн оюутан залуусын төлөө дуудан хэрэглэж байгаа, Бурхан Аавдаа талархаж байна.
Хүмүүс өөрт нь өгөгдсөн Бурханы хүслийг олж мэдэхийн тулд Бурханаас хаана ажиллах, хаана амьдрах, хэнтэй гэрлэх гэх мэт зүйлсээ асууж мэдэхийг хүсдэг.
Ром 12:2-д “Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинэчилж, өөрчлөгдөгтүн! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно.”
Бурхан өөрсдөд нь хамааралтай зүйлсэд биднийг сонголт хийхийг зөвшөөрдөг. Бурхан биднээс хүсдэггүй цорын ганц зүйл бол бид Түүний хүслийг эсэргүүцэж, гэм нүгэл хийх шийдвэр юм.
Хэрвээ та Бурхантай ойрхон алхаж, таны амьдралд тавьсан Бурханы хүслийг үнэхээр мэдэхийг хүсэж байгаа бол Бурхан таны зүрх сэтгэлд Өөрийн хүслийг мэдүүлэх болно.
Дуулал 37:4 эшлэлд “ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.”
Христийн гэр бүл болсон бид нэг нэгнээ Есүсийн хайраар хайрлаж амьдарч чадаж байна уу? Цаашид бие биеэ итгэлийн дотор хүлээн зөвшөөрч, Есүсийн хайраар хайрлан амьдрахыг гуйж байна.
2. Итгэл чинь хаана байна (22-25)
22-р эшлэлийг үзээрэй. “Тэр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд — Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая гэжээ.”
Тэд сэлүүрдэн нуурын эргээс холдон явж байхад, харин Есүс аль хэдийн унтсан байлаа.
Хүн ямар үед амар тайван, сайн унтаж чадах вэ? Ямар ч айдасгүй үед, санаа зовуургүй үед сайн унтаж чадна. Есүс ямар ч санаа зовсон зүйлгүй сайн унтсан. Учир нь Есүс энэ орчлон дэлхийг бүгдийг захирдаг учраас тайван унтаж байна.
Харин энэ үед шавь нар айдаст автаж эхэлсэн. Нуурын нэг талаас нөгөө талд гарах замыг амьдралын аян замтай зүйрлэж үзвэл жирийн үед зөөлөн салхитай үе ч байна. Энэ үед салхинд туугдан хөвөх сайхан байх. Харин зарим үед хатуу ширүүн хүйтэн салхитай, шуурга ч бас байна. Хүн бүрд амьдралын шуурга ирэх болно. Шуурганы хэлбэр хэмжээ өөр өөр. Бид харахдаа өөр өөрөөр харах боловч, Бурханы хувьд нэг л зүйл юм. Миний хувьд унтаж чадахааргүй хүчтэй шуурганд Есүс унтаж байсан. Миний амьдралд жижигхэн салхи босоод, шуурга дэгдэхэд би айж сандарч эхэлдэг. Ийм үед бидний итгэл шалгагдах болно.
Амьдралд тохиолдох шуургануудаас дурдахад:
Харилцаа таарч тохирохгүй байх шуурга
Аав ээж, үр хүүхдүүдийн дунд үүсэх шуурга
Хамтран зүтгэгч, найз нөхдийн харилцаанд бий болж үүсэх шуурга
Эрүүл мэндийн шуурга
Үхэл хагацал, өвчин зовлон, хорт хавдар гэх мэт шуурганууд.
Ажилд орж чадахгүй байх шуурга
Сургуулиа төгсөж чадахгүй байх шуурга
Гэрлэлтийн шуурга,
Ирээдүйн амьдралын баталгааны шуурга,
Бусдаас дутахгүй амьдрах гэж өөрөө өөрийнхөө амьдралд шуургыг бий болгодог.
Шавь нарын амьдралыг харвал энэ нутагт өссөн, амьдралын туршлагаар бол шуурган дунд яах ёстой, ямар арга хэрэглэх ёстой, яаж даван гарахыг сайн мэдэж байх ёстой хүмүүс. Гэвч давлагаалах бүрд, завинд ус орж ирэх үед айдас санаа зовуур тэднийг зовоосон. Ингээд сүйрч үхэх юм байна гэсэн бодол тэдний дотор бий болсон байх. Бид үхлээс болж, шаналан айдаст автаж амьдардаг. Айдсаасаа болоод, муу сүнс биднийг итгэлгүй амьдарч эхлэхэд хүргэдэг. Хүчтэй салхи шуурганаас болж, Есүстэй хамт нэг завин дээр байгаа гэдгээ марталгүй амьдарцгаая. Бурхан айдсын бус амар тайвны сүнсийг өгөгч гэдгийг санаж амьдарцгаая.
Одоо 24, 25 эшлэлийг үзээрэй.
24 Тэд Түүн рүү очиж сэрээгээд —Эзэнтэн минь, Эзэнтэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давлагааг зандрав. Салхи намдаж, нам гүм боллоо.
25 Тэрээр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.
Есүс шавь нартаа – Итгэл чинь хаана байна? хэмээн зэмлэсэн. Есүс хүчтэй салхийг даван туулах гэж бүх хүчээ гарган чармайсан тэднийг урамшуулалгүй харин үл итгэлийг нь зэмлэсэн.
Бид эндээс Есүсийн хүсдэг итгэл нь ямар итгэл болохыг мэдэж болно. Тэр нь толгойд хадгалдаг үхмэл итгэл бус ямар ч хүчтэй салхинд ч Есүст бүрэн түшиглэн найддаг бодит амьтай итгэл юм. Бидний хандлагааас шалтгаалан итгэлийн ялалт байгуулах, ялагдан бүдрэх нь шийдэгдэнэ. Сатан хүчтэй шуурга үүсгэн бидэнд айдас түгшүүрийг төрүүлдэг. Бурханы хүч чадалд эргэлзүүлэн, үл итгэл төрүүлдэг.
Шавь нар Есүсийн үйлдэж байсан гайхамшиг, тэмдгүүдийг олон удаа харж, хамт байсан. Есүсийг Бурханы Хүү гэдгийг ч зарим нь сонссон. Есүс боломжгүйг боломжтой болгох хүч чадалтайг ч харсан хэр нь тэд айдаст автсан.
Үйлс 27-р бүлгээс үзвэл элч Паул гинжлээстэй Ром уруу явах усан онгоцонд сууж байхад хүчтэй салхитай тааралдсан үйл явдал гарч байна. Тэд олон хоног нар, од ч харж чадалгүй, том шуурганд туугдан төөрч байхад авралын найдвар ч бүрэн тасарч, онгоцонд байсан бүх хүн гүн цөхрөлд автан, хоол ч идэх хүсэлгүй болсон. Харин энэ үед зөвхөн Паул Бурханд найдсан итгэлээр босож, хүмүүсийг тайвшруулан хүсэл найдварыг суулгасан (Үйлс 27:24, 25). Эцэст нь нэг хүн Паулын итгэлээр бүх хүмүүс амь аврагдсан.
Итгэлтэй байна уу?, итгэлгүй байна уу? Энэ нь энгийн үед ялгаа нь харагдахгүй. Харин хүчтэй шуурга тохиолдсон үед бидний итгэл нь жинхэнэ бодит байна уу? гэдэг нь мэдэгдэнэ. Итгэлтэй нэгэн нь айдас, санаа зовуурь ба эргэлзээг даван дийлж, бат итгэл дотор амар тайвныг эдэлж, асуудлуудыг даван туулна. Харин итгэлгүй нэгэн нь айдас, үл итгэл, гомдлоор дүүрч, итгэлийн замаас холдоно.
Бидний итгэл ямар ч үед бодит амьтай болж тулгарч буй жижиг, том асуудлуудыг итгэлээр даван туулж, амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Мөн бид Иосефоор дамжуулан жинхэнэ итгэлтэй хүний амьдралыг сурч болно. Иосефыг 17 настай байхад нь өөрт нь атаархсан ах нараас болж нэг өдөр египетэд зарц болон зарагдах амьдралын хүчтэй шуургатай тааралдсан. Харин Иосеф энэ үед ч Бурханд гомдлолгүй харин Бурханд найдсан итгэлээр амьдарсан. Бурхан ийм түүний зүрхэнд буй итгэлийг харж цаг ямагт түүнтэй хамт байн, ажил үйлс бүрийг нь ерөөсөн гэсэн үг олон удаа давтан гардаг.
Иосеф Потифарын гэрт зарцлагдаж, түүний эхнэрийн гүтгэлгээс болж шоронд ч хоригдох хүртэл хүчтэй шуургатай учирсан. Гэсэн ч тэрээр Бурханд найдсаар байлаа. Тэр Бурханд бүх найдвар тавин түшиглэсээр байсан. Тэгэхэд эцэст нь Египетийн ерөнхий сайд болон өргөмжлөгдөж, Иаковын гэр бүлийг аврах багаж болон Бурханы ажилд нандинаар хэрэглэгдсэн. Иосефын амьдрал бодит итгэлтэй хүний амьдрал ямар байхыг харуулсан жишээ юм.
Бид ч хүчтэй шуурга давлагаан дотор орсон ч Есүст тууштай итгэн найдвал, бүхнийг даван дийлж чадна. Шуурган дунд ч амар тайван сүнсний амралтыг эдэлж чадна.
Номлолоор дамжуулан хичнээн хүчтэй салхи шуурсан ч миний бодит итгэл үнэхээр чухал гэдгийг сурч авлаа. Амьдралын шуурганд ч итгэлээр ганхахгүй Эзэнд тууштай найдвал Эзэн бүх шуургыг намдааж өгөх болно. Мөн итгэлийн ялалтыг байгуулахад Эзэн туслах болно. Ялангуяа ийнхүү том жижиг шуургануудыг зөвхөн итгэлээр даван туулах хэрэгтэйг сурч авлаа. Бидэнд тулгарч байгаа шуурга, давалгаа бүрийг Эзэнд найдсан итгэл дотор шийдвэрлэж, даван туулах нь хамгаас чухал бөгөөд энэ нь итгэлийн дасгалжуулалт гэдгийг ойлгож авлаа.
Тэгвэл бид цаашдаа юу ч тохиолдсон ч айж сандралгүй, бодит итгэлийн хандлага гаргаж чадах хүнээр өсөх болно. Юуны өмнө энэ амьдралын аялалд Эзэн Есүс бидэнтэй үргэлж хамт байгаа гэдгийг санах нь чухал юм. Тэгэхэд Түүн уруу хараагаа чиглүүлэн, Түүнд түшиглэж амьдарцгаая.
25б-г үзээрэй “—Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.”
Шавь нар энэ үйл явдлаар дамжуулан сүнсний нүд нь нээгдэж, Есүсийг орчлон ертөнцийн Эзэн гэдгийг ухаарч эхэлсэн. Бурхан хайртай хүүхдүүддээ хүчтэй салхи шуургыг зөвшөөрснөөр итгэлийг нь бодит болгон өсгөхийг нь хүсдэг. Тэгээд ямар ч амьдралын шуурганд зөвхөн Бурханд найдаж чадах итгэлийн баатар болгохыг хүсдэг. Мөн үүгээр зогсохгүй тэр хүчтэй шуургаар дамжуулан Өөрийгөө хэн болохыг танин мэдүүлэхийг хүсдэг.
Бид итгэлээр амьдарч байгаа боловч итгэл нь толгойд байдаг мэдлэг төдий итгэл байна уу? эсвэл үнэхээр бодитоор хэрэгжих итгэл байна уу? гэдгээ шалган үзээрэй. Ямар ч асуудал тулгарсан бодит амьтай итгэлээр итгэлийн хүч чадлыг амсдаг хүмүүсээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт:
Өнөөдөр таны амьдралд салхи шуурга мэт асуудлууд байна уу? Та ямар хандлагаар түүнийг даван гарах гэж байна вэ? Ирж байгаа салхинаас айгаад, муу сүнсний хүчинд автан амьдарч байна уу? Эсвэл итгэлгүй шаналан амьдарч байна уу?
Ямар ч нөхцөлд байсан Та хамгийн Түрүүнд Есүс уруу хандаарай. Хүчтэй салхи шуурганаас болж, Есүстэй хамт нэг завин дээр байгаа гэдгээ марталгүй амьдраарай. Бурхан айдсын бус амар тайвны сүнсийг өгөгч гэдгийг санаарай. Өнөөдрийн шуургыг Есүстэй хамт даван гараад дараа ирэх шуургануудыг итгэлээр даван туулаарай гэж уриалмаар байна.
Олон шуурга ирэх үед нэг завинд хамт байгаа Есүсийг санаарай. Есүсийг сэрээж Түүнээс тусламж авцгаая.
Шуурга бүрээр дамжуулан итгэлийг сурч амьдарцгаая. Еврей 11:6а “Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм” Тиймээс итгэлээр шуургыг даван гарцгаая! Амен.