2025 оны Амилалын номлол (04.20) Эбэ Матай хн

Эзэн амилсан

Лук 24:1-53
Гол эшлэл 24:6

“Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа”

Тэртээ 2000 гаруй жилийн өмнө нэгэн гайхалтай зүйл болжээ. Бид нар ямар зүйлийг гайхалтай гэж хэлдэг вэ? Уржигдар Бишрэлт Метал баг Эпес багийг хожсон энэ бол гайхалтай зүйл гэхдээ тийм ч гайхалтай зүйл биш юм. Яагаад гэвэл тамирчдыг дүгнээд боломжтой тооцоолол хийгээд хожих хувилбараар тооцоход хожиж болох байсан тул гайхалтай зүйл биш юм. Тэгвэл гайхалтай зүйл гэдэг нь юу юм бэ? Хүний санаанаас давсан, хүний хийж чадахгүй гагцхүү Бурханаас бүх эрх мэдэл удирдлагын дагуу хийгддэг зүйлийг гайхалтай гэж хэлж болох юм. Би Есүст итгээд өөрчлөгдсөн нь гайхалтай зүйл юм. Хэн нэгэн намайг Есүст итгэ гэж хэлснээc болж би итгээгүй. Миний зүрх сэтгэлд ариун сүнс ажилласнаар, тэр гайхалтай хайрыг итгэж хүлээж авснаар миний дотор хэний ч мэдрээгүй, хэнээс ч аваагүй тэр хайр намайг өөрчилж гайхалтай замаар удирдаж байна. Тиймээ тэгвэл энэ гайхалтай гээд байгаа зүйл маань Есүс Христ энэ дэлхийд ирээд гэм нүглийг үүрэн загалмайд цовдлогдон нас барж 3 хоногт амилснаараа төгс болж батлагдсан юм.
Хүмүүс энэ дэлхийд маш олон баярыг тэмдэглэж өнгөрүүлдэг. Баяр тэмдэглэж байгаа шалтгаан нь юу вэ? Хамтдаа хооллож, нөхөрлөж, инээж, урамшиж, хүч чадал, урам зориг авах гэж баяруудыг тэмдэглэдэг. Хэн ч уурлаж, бухимдаж, гутрах гэж баяр тэмдэглэдэггүй. Баяр ёслолоор бие биендээ баярт мэдээг дамжуулж баярлан хөөрцгөөдөг. Сайн байна уу? За баярын мэнд. Сайн байна уу? Сайхан баярлаарай. Манайхаар ороод гараарай. Өө бид хэд сайн сайн. Ямар гоё харагдаж байна аа. За ерөөлөөр болог. Энэ мэт бие биесээ урамшуулж зоригжуулж тайвшруулдагт баярын гол утга учир оршиж байна. Тэгвэл та ч бас өнөөдөр нэгэн баярт ирчихээд сууж байна. Та хамгийн хайртай нандин хүмүүстэйгээ хамт баяраа тэмдэглэн сууж байна. Хажуу тийшээ хардаа тэр үнэхээр ухаалаг, мундаг, авьяслаг, сэтгэлтэй бас үзэсгэлэнтэй харагдаж байгаа байх.
Есүсийн амилсан тухай мэдээ нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн баяртай бөгөөд цочирдом гайхалтай мэдээ билээ. Энэ гайхалтай мэдээг тэмдэглэх гэж, дурсах гэж та өнөөдөр энд дахин амилалтыг дурсах баярт хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ бие биендээ амилалтын баярын мэнд хүргэцгээе. Есүс Христийн амилалт нь хүн төрөлхтөнийг зовоож байдаг гэм ба үхлийн хүчийг бут цохин, шинэ амийн шинэ түүхийг эхлүүлсэн гайхалтай үйл явдал юм. Есүс Христ загалмайд цовдлогдсон нь бодит түүхэн явдал байсан шиг Есүс Христийн амилалт ч мөн түүхийн хувирашгүй үнэн түүхэн үйл явдал мөн юм. Есүсийн амилалт нь бидэнд ямар ач холбогдолтой бөгөөд бидэнд өгч байгаа тэр агуу их хүсэл найдвар ба хүч чадлыг ухаарч амилалтын итгэлээр дүүрэн хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан Есүсийн амилалд итгэхэд дагалдагч болон эмэгтэйчүүдийн амьдрал нь орвонгоороо эргэж баяр хөөр, хүсэл найдвар ба амийн хүчээр дүүрэн болсон. Тэгээд тэд Эзэн Есүс амилсныг гэрчилдэг гэрч нар болсон. Өнөөдрийн үгээр дамжуулан бид ч түүхэн үйл явдал ба Библид үндэслэн Есүсийн амилалд дахин итгэснээрээ өдөр бүр бидний амьдрал түүний гэрчилдэг гэрчийн амьдрал болохыг хүсэн ерөөж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан гайхалтай энэ түүхийг олон хүнд дамжуулдаг золиос зориулалт хайраар дүүрэн амьдардаг хүмүүсээр та биднийг өөрчилж өгөхийг хүсч байна.

1. Есүсийн амилалтанд хүсэл найдвар ба урам зориг дүүрэн байдаг.
1-р эшлэлийг үзээрэй. “Харин долоо хоногийн эхний өдөр, эрт үүрээр тэд булшин дээр ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.” Тэд гэдэг нь Магдалын Мариа, Ионна, Иаковын эх Мариа нар болон бусад эмэгтэйчүүд Есүсийн цогцост түрхэх анхилуун үнэртнийг авч булшин дээр ирэв. Тэд Есүсээс гэмийн өршөөлийн хайр ивээлийг дүүрэн авч өөрсдийн эд хөрөнгө, ерөөл залбирал ба хайраар Есүсийн сайнмэдээний ажилд өөрсдийгөө зориулан үйлчилж байсан эмэгтэйчүүд юм. Лук 8:3-ийг үзвэл Есүст хэрхэн үйлчилж байсныг мэдэж болно. Иудейчүүд баасан гаригийн нар хэвийх цагаас амралтын өдрийн бэлтгэл өдөр эхлэдэг тул юу ч хийдэггүй байжээ. Тиймээс тэд Есүсийн цогцост үнэртнийг түрхэж амжаагүй бөгөөд шууд маалинган даавуунд ороогоод булшинд тавьжээ. Ёс заншлийн дагуу тос түрхэхийн тулд амралтын дараах эхний өдөр эрт үүрээр босон Есүсийн булшин дээр ирэв. Гэхдээ ирж явахдаа булшийг тагласан бул чулууг хэрхэн өнхрүүлж онгойлгох талаар санаа зовж байлаа. Марк 16:3 хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ хэмээн хоорондоо ярьж байлаа гэж бичигджээ. Гэтэл гайхалтай зүйл болсон байлаа. Тэднийг булшний үүдэнд ирэхэд булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсан байлаа. Гайхсан тэд шууд дотогш ороход Эзэн Есүсийн цогцос бас байсангүй. Тэд Есүсийн цогцсыг хулгайлагдсан гэж бодон яахаа мэдэхгүй санаа зовж байлаа. Тэдний хувьд Есүс Өөрийн амиллалын талаар хэлсэнд огт итгээгүй бөгөөд санах ч үгүй байсных юм. Есүсийн амилалд итгэлгүй үхлийг л бодож байсан тэдний сэтгэл гуниг харуусал, харамсал, харанхуйгаар дүүрэн байлаа.
Одоо бүгдээрээ 4-6-р эшлэлийг хамтдаа уншицгаая. “ Ийнхүү тэднийг хэрхэхэээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийсөнд тэд – Та нар юунд үхэгсдийн дунд Амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа” Тэр энд байхгүй. Тэр амилсан. Тэр энд байхгүй хэмээн хоосон булшийг чухал гэрч, баримт болгосон. Мөн Галилд байхдаа өөрсдөд нь юу гэж хэлж байсныг санаарай гэв. Есүс амьд байхдаа хэдэн удаа Лук 9:22, 18:32,33 үзвэл өөрийн амсах зовлон ба үхэл ба амилалтын тухай урьдчилан ярьж байсан. Бичигдсэний дагуу Есүс Бурханы хүч чадлаар амилснаар Бурханы хүү Христ гэдгийг батлан харуулсан.

Нэгдүгээрт. Есүс урьдаас хэлсний дагуу амлалтаа биелүүлж амилсан юм. Тэрээр библи дээр хэлсний дагуу бичигдсэний дагуу амилсан. Энэ бол гайхалтай үнэн юм. Та библийг нэг сөхөөд хараарай гэж хүмүүст хэлээрэй. Библи дээр төлөвлөсний дагуу, амласны дагуу бүх зүйл биелэлээ олсон байдаг. Библийн үг бүр гайхалтай үнэн бөгөөд туйлын үнэн байдаг. Олон жишээ байгаа. Абрахамын жишээнээс эхлээд. Тиймээ бичвэрийн дагуу Есүс амилсан.

Хоёрдугаарт. Хоосон булш нь бидэнд Христ амилсныг гэрчилж байна. Түүнийг амилсан гэсэн бодит баримтын нэг юм. Хэн ч нээж чадахгүй чулууг зайлуулсан бөгөөд булш байхгүй байгаа нь тод гэрчлэл болсон баримт юм. Энэ дэлхий дээр Буддагийн шарил байдаг. Аллахын шарил байдаг. Сократын шарил байдаг. Күнзийн бунхан байдаг. Харин Есүс Христийн бунхан гэж байдаггүй. Яагаад гэвэл тэр амилсан. Хожим шавь нартаа олон зүйлийг заасны дараа тэр тэнгэр лүү одсон байдаг. Тэрээр амьд Бурхан бөгөөд бидэнд жинхэнэ энэ дэлхий дээр бахдан бахархан амьдрах хүч ба найдвар болдог. Олон хүмүүс зөвхөн энэ хоосон булшинд итгэж өөрсдийн амьдралаа золиослон амьдарсан байдаг. Олон арван гэрч нар өнөөдрийн энэ үгийн дагуу гэрч болон тэр амилсан хэмээн тунхаглаж бусдыг босгон байгуулж амьд Бурханыг гэрчилэн амьдардаг. Тиймээ юу тэднийг ийм болгосон бэ? Амилсан Христийг хүлээн авсан бөгөөд хоосон булшийг харсан тул тэд гэрч болсон юм. Тэгвэл Есүс амилсан нь өнөөдөр бидэнд ямар ач холбогдолтой вэ? Дараах 3 зүйлийг бид сайн мэдэж бас шинээр сурч итгэн найдаж амьдрах хэрэгтэй.

1-рт, Түүнд итгэгч нь мөнх амьтай болж амиллын биетэй болно гэсэн хүсэл найдварыг өгч байна. Тиймээс энэ дэлхийд амьдрахдаа хүсэл мөрөөдөлтэйгээр найдвараар дүүрэн амьдрахыг бидэнд заан өгч байна. Хүн төрөлхтөн хичнээн зөв хооллож, эрүүл мэнддээ анхаарч, хэчнээн сайхан үйлийг хийсэн ч үхлээс зайлсхийж чадахгүй болсон. Үхлийн асуудал нь бүх хүний амьдралыг хоосон утгагүй болгож, айдсаар дүүргэдэг. Үнэндээ энэ дэлхийд үхлийг ялан дийлж, одоо ч амьд байгаа нэг ч хүн байхгүй. Харин өнөөдрийн үгнээс харвал Есүс Христ Бурханы хүч чадлаар үхлийн хүчийг ялан дийлж, мөнхийн амийн биеийг өмсөн амилсан байна. Ингэснээрээ Түүнд итгэгч бүхэн, түүний үгийн дагуу амьдардаг нэгэн нь мөнх амьдарч, амиллын шинэ биеийг өмсөнө гэсэн жинхэнэ хүсэл найдварыг бидэнд өгч байна. Энэ амиллын хүсэл найдвар нь энэ дэлхийд бид амьдрахад хүч минь болж, түшиг болж, хоргодох газар минь болж бас амьдрах утга учир минь болж байна. Бид нар хавчлага ба зовлон дунд ч урам зориг ба булаагдашгүй баяр хөөрөөр дүүрэн байх нь энэ амилалтын найдвар байгаа учирт юм. Би үхэхгүй хожим амлалтын дагуу амилж мөнхийн улсад мөнхийн баяр хөөртэй амьдрах болно.

2-рт, Есүсийн энэ амилалт нь хүн төрөлхтний гэм нүглийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн юм. Ром 5:12, 6:23 эшлэл дээр учир нь бүх гэмийн шийтгэл бол үхэл гэж хэлсэн. Харин Есүс загалмайд цусаа асгаруулан миний болон бидний амийн төлөөсийг төлснөөр гэмийн бүх хараал, шийтгэлийг Өөр дээрээ буулган үүрсэн. Тэрээр гэм нүглийг минь өөр дээрээ аваад зогсохгүй Есүс үхлээс амилснаараа хүн төрөлхтний гэмийн асуудал бүрэн шийдэгдсэнийг батлан харуулсан. Есүсийн загалмайн үхэл ба амилалд итгэхэд бидний бүхий л гэм ба алдаа ч уучлагдан, түүний амилалтанд итгэснээр Есүсийн адил амилж мөнх амьтай болно гэдгийг бидэнд харуулж байна. Тиймээ бид нар гэм нүглээсээ болж шаналах хэрэгггүй. Есүс энэ асуудлыг 100 хувь бүрэн ямар ч үлдэгдэлгүйгээр шийдсэн юм. Ямар нэгэн зээл биш, дараа төлөх биш бөгөөд түүнд итгэсэн тэр мөчид таныг 100 хувь гэмээс чөлөөлж, үхлээс чөлөөлж, таньд жинхэнэ амилалыг тэр өгсөн юм.

3-рт, Есүсийн энэ амилалт нь энэ дэлхийг ялах хүчийг өгдөг. Олон хүмүүс амилалтын баяр хөөр хүч чадлаар энэ дэлхийг сөрж амьдардаг. Муу ёрын сүнс сатан удирдаж буй энэ газрыг Эзний ариун сүнс амилалтын хүчээр амьдарч байгаа тэр амилсан баатрууд Бурханы хаанчлалын сайн мэдээг тунхаглан амьдарч байна. Та нар ч гэсэн сайн мэдээний төлөөх, амилалтын хүч чадлаар дүүрэн итгэгчид билээ. Итгэгчдийн сайнмэдээний ажлаар дамжуулан Бурханы хаанчлал улам тэлж, Эзэн дахин ирэх тэр өдөрт бүрэн бэлтгэгдэх болно. Есүст итгэгчид нь энэ дэлхийд аянчнаар амьдрах хугацаанд Есүсийн амилсан сайхан мэдээг тунхаглан Бурханы хаанчлалын төлөө идэвхтэй амьдрах хэрэгтэй.
Анх эмэгтэйчүүд хоосон булшийг харсан ч Есүсийн амилсныг ухаарч чадахгүй байсан. Харин тэнгэрэлч тэдэнд үгийг дамжуулсны дараа Есүсийн хэлсэн үгийг дахин санаж, хоосон булшны утга учрыг ойлгосон. Ямарваа нэгэн зүйл түүхэн үнэн байсан ч Бурханы үг байхгүй бол бат итгэлд хүрч чадахгүй гэдгийг эндээс харуулж байна. Тиймээс жинхэнэ итгэл нь нүдэнд харагдах бодит байдлаас илүү Бурханы үгэнд тулгуурлан, түүний амлалтанд тулгуурлан, бидэнд байгаа энэ библийн үгэнд итгэхээс эхэлдэг юм. Бурханы үг хүний дотор орсноороо тэр хүнийг гайхалтай өөрчилдөг. Ариун сүнсээр дахин төрж үгийн дотор үгээр дамжуулан итгэж аврагдсан хүн нь гайхалтай түүхийн эзэд болдог. Бурханы үг хүний дотор үнэхээр бүх зүйлийг нь хөдөлгөж, амьдруулж, амилуулж бас ажиллуулдаг. Энэ цагт энд сууж байгаа хүмүүс тэр амилсан тэр энд байхгүй гэсэн үгийг хүлээн авч ялалтын амьдралаар амьдраасай хэмээн хүсэн ерөөж бас залбирч байна.
Амилалтын итгэл хүмүүсийг өөрчилдөг. Амилалтын итгэлээр бүх зүйлээ золиослон бүх дэлхийд миссионероор явсан гайхалтай түүхийг бүтээсэн олон хүн байдаг. Нэг оюутны өмнө хэлж ярьж чадахгүй байсан таны хэл амь орж, та үгийг тунхаглах болно. Шавь нарч Есүс амилсан гэдэгт итгээгүй үед юм юмнаас айж байсан. Тэд үхлээс айж, Есүсийг орхиод зугтаж байсан. Есүсийн үхлийн дараа ямар ч хүчгүй, хүсэл найдваргүй амьдрах болсон. Цаашдаа яаж амьдрах талаар бодох үедээ харанхуйн дунд төөрсөн мэт байсан. Харин итгэлийг амилалтын итгэлийг олсноороо тэдний амьдрал 180 градус өөрчлөгдөн юунаас ч айлгүй амилалтын гэрч нараар зоригтой амьдрах болсон. Тиймээ амилалтын итгэл нь хүчийг өгөгч бөгөөд энэ дэлхийг ялах зориг зүрхийг бидэнд дүүргэн өгнө.

2. Үргэлж хамт байдаг Есүс
Одоо 9-р эшлэлийг үзээрэй. Есүсийн үгийг санаж амилалд бат итгэсэн тэд булшнаас шууд буцан ирээд арван нэгэн элч болон хамт байсан хүмүүст болсон бүхнийг дамжуулав. Эмэгтэйчүүд нь хамгийн анхны гэрч нар болсон юм. Үргэлжлүүлэн 11-р эшлэлийг үзээрэй. Тэд гэрчлэлийг сонссон ч хоосон хов жив гэж тооцсон. Учир нь үхсэн хүн амилах нь хүний оюун ухаанаар ойлгоход хамгийн хэцүү зүйл юм. Харин амнаас гарсан үг бүрээрээ оргүй хоосноос ертөнцийн бүх юмсыг бүтээсэн төгс бүрэн Бурханд итгэх үед энэ Бурханы хүч чадлаар Есүс амилсан гэдгийг хүлээн зөвшөөрч чадна.
13-г үзээрэй. “Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Йерусалимаас жаран стадиазайтай байдаг Еммау хэмээх тосгон руу явж байжээ.” Есүийн дагалдагч нар маш гунигтайгаар амьдралаа үргэлжлүүлж байсан. Тэд ямар ч хүчгүй загалмайд цовдлогдон нас барсан Есүсийг хараад гүн цохилт авч, Түүнд тавьсан хүсэл найдвар нь хоосон болж цөхөрсөн. Есүс үхсэнээр тэдний дагалдагчдын амьдрал ч дууссан байсан. Тэд урам хугаран, гунигтайгаар, ялагдсан сэтгэлээр нутаг руугаа буцан явж байлаа. Тэд болсон бүхний талаар хоорондоо ярилцаж явав.
Харин юу болсон бэ? Тэднийг ийнхүү ярилцан явж байтал амилсан Есүс тэдний дэргэд цугтаа алхав. Есүс тэдний ярианд чих тавин, хамтдаа сонсож бас ярилцсан. Тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. Гэсэн ч Есүс тэдний хайн ирж тэдэнтэй цуг алхсан. Эндээс шавь нараа хайн ирж буй, тэдэнтэй цуг алхаж буй Есүс нь хэн бэ? Энэ Есүс бол үхлийг ялан дийлж амилсан аврагч Эзэн Есүс юм. Тэрээр үргэлж мөнхөд амьд байж шавь нараа хайж ирж хамт байсан шиг бидний амьдралд хамт байдаг Эзэн юм. Есүс намайг шантрах үед, ганцаардан гуниглах үед, шийдэгдэшгүй олон асуудал тулгарсан үед миний хажууд надтай хамт байж, амьдралын бүх цаг мөч, алхам бүрд хамтдаа цуг алхдаг Эзэн юм. 13-р эшлэлээс харвал Амилсан Есүс миний ярьж байгаа зүйл, миний залбирал, миний өнөөдрийн асуудал, маргаашийн санаа зоволтийг сонсож, бүүр чих тавин сонсдог Эзэн юм. 17-р эшлэл дээр гарсан шиг бид Есүсийг таньдаггүй түүнд зай тавьж өгөлгүй өөрсдөө ярьж өөрсдөө шийддэг. Харин амилсан Есүс хаана ч, хэзээ ч, миний үнэнч найз болж үргэлж надтай хамт байдаг.
Есүсийн шавь нар энэ мэт Есүсийн тухай болсон бүгдийг мэдэж, эмэгтэйчүүдийн гэрчлэлийг хүртэл сонссон ч үл итгэлээс болж гунигтай хэвээрээ байсан. Ийм тэдэнд Есүс тусалсан. 25,26-р эшлэлийг үзээрэй. “Есүс, Мунхаг хүмүүсээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ! Христ энэ зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв” Есүс үгийг тунгаан бодож ухааралгүй, итгэхдээ удаан тэдний сүнсний мэдлэггүй ба үл итгэлийг зэмлэсэн. Тэгээд Тэр Мосегийн таван номоос эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд нэг бүрчлэн тайлбарласан. Есүс зовлон амсан нас барсан нь гайхах зүйл биш бөгөөд түүний дараа амилах нь зайлшгүй зүйл, заавал болох ёстой зүйл байсан гэдгийг тайлбарлан өгсөн.
33-35-р эшлэлийг үзээрэй. Тэр хоёр арван нэгэн элч ба хамт байгсад дээр очиход тэд ч Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагдсан тухай ярьж байв. Тэр хоёр ч өөрсөдтэй нь уулзсан Есүсийг гэрчлэн тунхагласан. Есүсийн үхлээс болж гуниг цөхрөл дунд байсан тэд Есүсийн амилалд бат итгэсэн бөгөөд үгийн хүчээр, Есүстэй хамт ярилцан библийн хичээл хийснээр тэд амиллын хүсэл найдвар ба баяр хөөрөөр дүүрэн болж даруй Есүсийн амиллын гэрч нар болцгоосон. Бид ч бас амилсан Есүсийг бодитоор хараагүй ч Бурханы үгэнд үндэслэн Түүний амилалд бат итгэхэд тэдэн шиг амиллын гэрчээр амьдарч чадна.36-р эшлэлийг үзвэл “Тэд ийнхүү ярьж байтал Есүс Өөрөө дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд – Амар амгалан та нарт байх болтугай гэв.” Есүс айдсын дунд буй тэдэнд амар тайвныг бэлэглэсэн. Үргэлжлүүлэн тэдэнд агуу захирамжийг өгсөн. Одоо 48-р эшлэлийг үзээрэй. Есүс Бичвэрийн дагуу үхэгсдээс амилсан гэдгийг сануулж, бүх үндэстэнд нүгэл уучлагдах гэмшлийн сайнмэдээг тунхаглах үүргийг тэдэнд өгөв. Матай номын 28:18-ийг үзвэл Есүс тэдэнд ийнхүү хэлсэн айдаг. “18 Есүс дөхөж ирээд, тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19 Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, 20 та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Есүсийн амилалтанд итгэдэг хүмүүс нь үргэлж үгийг тунхаглаж, сайн мэдээг дамжуулах ёстой гэдгийг заан хэлж байна.
Дүгнэлт : Бид өдөр бүр амиллалтын бат итгэлтэй байснаара үлэмж баяр хөөртэйгөөр амьдарч чадахыг хүсэн залбирч байна. Ялагдал, айдас, гуниг цөхрөлөөр дүүрэн байсан тэд Есүсийн амилалд бат итгэхэд амьдрал нь шинэчлэгдсэн. Үүнтэй адил бид нар ч гэсэн өдөр бүр энэ амилалтын итгэлээр амьдарч тэнгэрийн хаанчлалын хүсэл найдвар дотор Есүсийн амиллын гэрчээр идэвхтэй амьдарч чаддаг хүмүүс болохыг хүсэн залбирч байна. Өдөр бүр дайснаа ялсан баатар шиг гэмийг ялж ялсан сэтгэлээр, Бурханы улсын хүсэл найдвартайгаар амьд хүн шиг амьдарч, Есүс Христийн гэрчлэгч нар болж чадахыг хүсэн залбирч байна. Тиймээ Есүс амилсан. Тэр өнөөдөр амьд байгаа бөгөөд тантай хамт байна. Та түүнийг өөрийн зүрх сэтгэлдээ оруулаад түүнтэй ярилцаарай. Таны зүрх сэтгэл амилалын баяр хөөрөөр дүүрэн байхыг хүсч байна. Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол/2025.04.22/