2025 оны Лук 14-р номлол (04.06) Калеб хн

БАПТИСЧ ИОХАН БА ЕСҮСИЙН АГУУ ЧАНАР

Лук 7:18-35
Гол эшлэл 7:22

“Тэр тэдэнд- Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Хараагүй нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, сонсголгүй нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна”

Өнөөдрийн номлол дээр Есүс Баптисч Иоханыг сайшаасан тухай гарч байна. Өмнөх бүлгүүдийг харвал Есүс уяман өвчтэй хүнийг цэвэршүүлж, хатингар гартай хүнийг эдгээн, бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг амилуулан Мессиагийн ажлыг идэвхтэй хийж буй тухай үзсэн. Яг энэ үед Баптисч Иохан шоронд байсан бөгөөд Түүн рүү хүн илгээн “Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” хэмээн асуулгадаг. Энэ үед Есүс Түүнд “Та нар явж, Иоханд юу харж сонссоноо хэл” хэмээн ХГ-нд бичигдсэн Аврагч Мессиагийн талаарх эш үзүүллэгийн үгийн дагуу амьдарч байгааг харуулсанаар, өөрт нь бүрэн дүүрэн бат итгэхэд тусалдаг. Өнөөдрийн үгээр дамжуулан бид ч гэсэн Бурханы үг ба зарлигт үндэслэн Есүсийн талаарх зөв үзэл бодол, зөв хандлагатай болсноор, янз бүрийн эргэлзээ ба үл итгэлийг даван дийлж, Есүсийг эцэс хүртэл тууштай даган амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Бичвэрийн дагуу Мессиагийн ажлыг биелүүлж буй Есүс (18-23)
18-р эшлэлийг үзээрэй “Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ” гэж байна. Энд гарч буй “энэ бүхний тухай” гэдэг нь сайн мэдээ тунхаглан, зуутын даргын зарцыг эдгээж, бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг амилуулсан гэх мэт Есүсийн хийж буй зүйлсүүдийн тухай Иоханы шавь нар Баптисч Иоханд мэдүүлсэн гэсэн утгатай(7:1-17). Баписч Иохан Есүсийн хийж буй энэ бүх зүйлсийн тухай сонсоод, шавь нараасаа хоёрыг нь дуудаж- “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” хэмээн асуулгасан(19). Өмнө нь Иохан Есүсийг “Ертөнцийн нүглийг үүрэгч, Бурханы Хургыг харагтун” хэмээн хүчтэй гэрчилж, замыг нь бэлтгэж байсан. Гэтэл одоо яагаад ийм асуулт асуулгаж байна вэ?
Матай 3:10,12-р эшлэлээс харвал Иохан Есүсийг “Тэр гартаа шигшигч сэрээтэй, … буудайгаа саравчинд овоолж, хальсыг нь унтаршгүй галаар шатаана” хэмээн гэрчилж байсан. Энэ нь Аврагч Мессиа ирвэл шударга, зөвийг тогтоож, хүмүүсийг шүүж, зөвт бусыг таслан зогсоох болно гэсэн утгатай. Тиймээс Баптисч Иоханы хувьд Есүс Израиль ард түмнийг Ромын колоничлолоос чөлөөлж, зөв шударга байдлыг тогтоон, Мессиагийн хаант улсыг байгуулна гэсэн хүлээлт байсан юм шиг байна. Гэтэл Есүс Иоханы энэ л хүлээлт ба найдварын дагуу шударга байдлын төлөө тэмцэхгүй, шударга бусаар баригдсан өөрийг нь шоронгоос чөлөөлөхгүй, нийгмийн шударга бус байдлын төлөө тэмцэхгүй, үүнд анхаарахгүй байсан. Харин Есүс өвчтэй хүмүүсийг эдгээж, татвар хураагч ба нүгэлтнүүдтэй хамт хамт хооллож, ихэнх цагийг эгэл жирийн хүмүүстэй өнгөрүүлж буй Есүсийг тухай сонсоод гайхсан.
Тэгвэл Иоханы шавь нар Есүс рүү ирэхэд юу болж байна вэ? 22-р эшлэлийг үзээрэй. “Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илаарьшуулж, хараагүй олон хүнд хараа хайрлав.” гэж байна. Есүс өдөр бүр сайн мэдээ тараан, өвчин эмгэгтэй, муу ёрын сүнстэй олон хүнийг эдгээж, хараагүй олон хүмүүст хараа оруулж байсан. Саажилт, уямантай хүмүүс бүрэн эдгэж, эдгэн өөрчлөгдсөн олон хүмүүс хамтдаа Бурханд алдар магтаалын дуу дуулж, бүжиглэж байсан. энэ үед Есүс Иоханы шавь нарт юу гэж хэлсэн бэ?
22-р эшлэлийг хамтдаа уншъя! “Тэр тэдэнд- Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Хараагүй нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, сонсголгүй нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна” гэв. Есүс Иоханы шавь нарт “Тиймээ, би тэр” “Би Мессиа мөн шүү дээ” “Би бол Бурханы Хүү” гэж ер хэлсэнгүй. Харин Есүс “Иоханд юу харж, сонссоноо хэл” хэл хэмээн хэлсэн. Ингэснээр Есүс Аврагч Мессиа гэдгээ Өөрийн хийж буй үйлдлээрээ Иоханд харуулсан. ХГ-ний Исаиа 35:5,6 “Тэгэхэд хараагүй хүний нүд нээгдэж, Сонсолгүй хүний чих онгойно. Тэр үед доголон хүн буга мэт дүүлж, Хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсна.” Мөн Исаиа 61:1-д “Над дээр Эзэн Бурханы Сүнс байна Зовогсдод сайн мэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон” хэмээн бичигдсэн байдаг. Есүс Хуучин гэрээнд зөгнөгдсөн Аврагч Мессиа ирвэл юу болох талаарх зөгнөлийг биелүүлж байгааг баптист Иоханд харуулсан. Энд зөгнөсөн бүх үйл явдал зөвхөн Аврагч Мессиа л хийж чадах ажил учир, Есүс бол Бурханы илгээсэн Нэгэн мөн гэдгийг батлах хамгийн том нотолгоо юм. Есүс Бурханы үг буюу ХГ-д зөгнөгдсөн үгэнд үндэслэн Иоханыг Өөрт нь итгээсэй хэмээн хүссэн. Эндээс харвал Бурханы илгээх Мессиа Христийн гол ажил бол нь бодит асуудалт болох улс төр, нийгмийн шударга бус байдалтай тэмцэх бус харин хүмүүсийг гэм ба муу ёрын сүнсээс чөлөөж, үхсэн сүнснүүдийг амилуулан, тэдэнд жинхэнэ баяр хөөр ба амар тайвныг өгөх сүнслэг чанартай гэдгийг харуулж байна. Бурхан ийнхүү өнө эртнээс зөгнөсөн зөгнөлийн дагуу Мессиагийн ажлыг Есүсээр дамжуулан идэвхтэй биелүүлж байсан.
Заримдаа бид ч бас Иохан шиг Есүст бага зэрэг эргэлзээ төрөх үе байдаг. Нийгмийн шударга бус байдал, улс орнуудын хоорондын дайн дажин, байгалийн гашиг газар хөдлөлт, ойн хээрийн түймэр зэрэг үйл явдлуудын талаар сонсоод Бурханы төгс бүрэн хүч чадал, эрх мэдэл, түүний удирдлага ба чиглүүлэг, хайранд нь эргэлзэх үе байдаг. Итгэгчдийн хувьд итгэлийн замаар өөрийгөө зориулан амьдарсан ч гэр бүлийн асуудалтай харилцаа, санхүүгийн тогтворгүй байдал, сайн мэдээний өсөлтгүй байдал, хичээлийн дүнгийн ахицгүй байдал, өөрийн зан чанар хэвээр байгаа байдал зэргийг хараад сэтгэлээр унаж, итгэл алдрах үе байдаг. Тэгээд би итгэлээр, хоньчны амьдралаар амьдарч чадахгүй юм байна гээд Есүст эргэлзэж, өөрийгөө хэнд ч хэрэгцээгүй, найдваргүй мэт тооцон бодох үе байдаг. Гэвч энэ бүгд нь эндүүрэл юм. Миний амьдралд янз бүрийн асуудал, бэрхшээл байгаа нь Бурхан Төгс бүрэн хүч чадалгүй, Бурханы байхгүй, Бурханы эрх мэдэлгүй, Бурхан надад хайргүй, Бурхан миний гуйлтыг сонсдоггүй гэсэн үг биш. Харин Бурхан хүний амьдралын янз бүрийн асуудлуудын дунд ч Бурхан өөрийн авралын ажлаа, Бурхан өөрийн зорилгоо биелүүлсээр байдаг(Ром 8:28). Бид ямар ч үед Бурханы төгс бүрэн хүч чадал итгэн, миний амьдрал Түүний төгс эрх мэдэл дор хамгийн сайн замаар дагуулан удирдан чиглүүлж байна гэдэгт бүрэн эргэлзэлгүй итгэсээр байх хэрэгтэй.
Тиймээс бид Есүсийн талаар Бурханы үг ба зарлигт, библийн үгэнд үндэслэсэн зөв үзэлтэй, зөв бодолтой амьдрах хэрэгтэй. Иохан 3:16-17а-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц Хүүгээ өгсөн. Тиймээс Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно. Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Хүүгээрээ дамжуулан аврахын тулд” хэмээн хэлсэн. Есүс бидний гэмийн төлөө загалмайд цовдлогдон нас барж, үхлээс дахин амилсан нь Бурханы бидэнд өгсөн юутай ч харьцуулшгүй онцгой ивээл юм. Бурхан бидний гэмийг уучилж, мөнх амийг өгсөн нь жинхэнэ ерөөл юм. Бид энэ л Есүсийг харж, энэ л итгэлийг амьдралын суурь гол багана болгон амьдарвал бид ямар ч үед, ямар ч амьдралын зовлон бэрхшээл ба асуудлын дунд бүдрэхгүй, жинхэнэ ерөөлтэй хүнээр амьдарч чадна. Тиймээс Есүс 23-р эшлэлд “Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй” хэмээн хэлсэн. бид нэг талыг барьсан итгэл ба бодолтой байвал бид бүдрэх аюултай. Харин Бурханы үг ба зарлигийг сэтгэл зүрхэндээ сийлснээр, үгэнд үндэслэсэн Аврагч Есүсийн талаар зөв үзэл бодолтой амьдарвал жинхэнэ ерөөлтэй хүнээр амьдарч чадна.
2. Баптисч Иоханыг сайшаасан Есүс (24-35)
24-27-р эшлэлийг үзээрэй! Есүс Иоханы шавь нарыг явсны дараа, хурсан олонд хандан Баптист Иоханыг сайшаасан. Баптист Иохан тухайн үеийн захирагч байсан Херод хааныг, дүүгийнхээ эхнэр Херодиаг авсан үйл явдлыг хууль бус хэмээн шүүмжилснээс болж, шоронд хоригдсон. Энэхүү үйл явдал нь Израильчуудын хувьд ойлгомжгүй, өрөвдөлтэй үйл явдал байв. Нэгэн цагт Аврагч Мессиа хэмээн тооцогдож байсан Иохан одоо хэн ч биш, сул дорой, шоронд хоригдон өрөвдмөөр байдалд орсон. Энэ л үйл явдлыг харсан Израиль ард түмний хувьд муу нь сайныг, шударга бус нь шударга байдлыг дийлж байгаа мэт харагдсан. Гэвч энэ нь тийм биш байсан бөгөөд Есүс Иоханыг Бурханы нүдээр харж, Бурхан хэрхэн ажиллаж, байгааг хурсан олонд ойлгуулахыг хүссэн.
24б-26-г үзээрэй “Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тиймээ, би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм” гэв. Эдгээр эшлэлд Есүс хурсан олон яагаад Иоханыг дагах болсныг сануулж байна. Хэрэв Иохан салхинд найгах зэгс мэт, эсвэл цаг үеийн нөхцөл байдлыг даган хувирдаг хүн шиг байсан бол хэн ч түүнийг сонсохгүй, дагахгүй байсан. Мөн тэрээр хээнцэр хувцасласан энэ дэлхийн гоёмсог хувцастай, баян таснаг амьдралтай, эрх мэдэлтэй хаад шиг байгаагүй. Харин Тэрээр Бурханы үгийг тунхаглаж, Бурханаас илгээгдсэн зарц, Бурханы эш үзүүлэгч хэмээн үзсэн учраас олон түмэн түүн рүү очсон. Хүмүүс Иоханаар дамжуулан Бурханы оршихуйг мэдэрсэн учраас Түүнийг дагаж байсан.
Ийнхүү амьдарсан Иоханыг Есүс эш үзүүлэгчээс илүү нэгэн хэмээн үнэлсэн. Есүс хурсан олонд аливаа юмсын гадна байдлыг бус, харин Бурхан юу хийж байгааг харж, Бурханы нүдээр Иоханыг хараасай хэмээн хүссэн. Эндээс харвал Иоханыг харах Есүсийн үзэл бодол хараа, хурсан олны Иоханыг харах хараа тэс өөр байсан. Хүмүүс баптисч Иоханыг өө хөөрхий, хэмээн өрөвдөж, гуниглаж байсан бол Есүс Түүнийг эмэгтэйчүүдээс төрсөн хүмүүс дундаас хамгийн агуу нь гэж хэлсэн.
Тэгвэл юу Иоханы амьдралыг агуу болгон, Есүсээс сайшаал авахад хүргэж байна бэ? 27,28-г үзээрэй “Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр өмнөх замыг чинь бэлтгэнэ. Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоханаас илүү хүн үгүй. Харин Бурханы хаанчлалд хамгийн бага нь ч түүнээс агуу билээ гэж айлдав” энд гарч буй эшлэл бол Бурхан ХГ-д Аврагч Мессиа ирэхийн өмнө түүний замыг бэлтгэх зарлга элчээ илгээнэ хэмээн зөгнөсөн зөгнөл юм(Мал 3:1). Бурхан Аврагчийн замыг бэлтгэх үүргийг Баптисч Иоханд өгсөн.
Тиймээс Иохан амьдралынхаа турш Бурханы өгсөн, Аврагч Мессиагийн өмнөх замыг бэлтгэдэг үүргийн төлөө цөл газарт амьдарч, царцаа зөгийн бал идэн, тэмээний ноосон хувцас өмсөж амьдарсан. Тэр Бурханы өөрт нь өгсөн үүрэгийн төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулан амьдарсан. Тэрээр өөрийн тав тухай амьдралаас татгалзаж, энэ л үүргийн төлөө бүх зүрх сэтгэл цаг заваа зориулан амьдарсан. Энэ л үүргийн төлөө өөрийгөө зориулан амьдарсан амьдрал нь бусдад сайн нөлөө үзүүлэн, түүнийг агуу, ерөөлтэй амьдруулж Есүсээр сайшаал магтаалыг авахад хүргэсэн. Түүний амьдрал богино байсан ч, Есүсийн буюу Аврагчийн замыг бэлтгэх үүрэгт оролцсон учраас хамгийн үнэ цэнэтэй, нандин амьдрал болсон юм.
Өнөөдөр бид ч гэсэн ялгаагүй. Бурхан биднийг энэ цаг үеийн оюутан залуусын библийн багш хоньчны үүрэгт амьдралд дуудсан. Хоньчины амьдрал бол оюутан залуусыг Есүс рүү дагуулдаг, Есүсийн өмнөх замыг бэлтгэдэг үүрэгт амьдрал юм. Энэ л үүрэгт амьдрал биднээс заримдаа өөрөө өөрийгөө үгүйсгэхийг, итгэлийн шийдвэр гаргахыг, золиос зориулалттай байхыг, цөл газар амьдрахыг, өөрийн тав тухыг үгүйсгэхийг, заримдаа царцаа зөгийн балаар хооллохыг шаарддаг. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс ийнхүү үүргийн төлөө өөрийгөө зориулан амьдарч буй биднийг хараад өвдөлтэй харцаар харж, бидний сонголт, үйлдэл, шийдвэрийг хэзээ ч ойлгодоггүй. Гэвч Есүсийн нүдээр Бурханы өгсөн үүргийн төлөө амьдралаа зориулан амьдарч буй хүнийг Баптисч Иохан шиг үнэлэн, сайшаадаг юм. Даниел 12:3-д “Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын туяа шиг гязлалзаж, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнхөд туяарна” хэмээн хэлсэн. Бурханы өөрт өгсөн үүргийн төлөө амьдралаа зориулан амьдарч буй хүн нь, од мэт үүрд мөнхөд туяарах агуу, ерөөлтэй амьдарч буй хүн юм.
Тэгвэл Есүс тухайн үеийн хүмүүсийг хэнтэй зүйрлэсэн бэ?
32-р эшлэлийг үзээрэй “Тэд гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Би та нарт зориулж лимбэдэхэд Та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад Та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм” гэж байна. тухайн үеийн хүүхдүүд зах гудамжинд суугаад хуримын болон оршуулгын ёслолыг дуурайн тоглодог байсан. Нэг нь хуримын ёслол дээрх шиг лимбэ үлээхэд бусад хүүхдүүд нь бүжиглэдэг байв. Мөн Оршуулгын ёслол дээр байгаа мэт нэг нь гашуудлын дуу дуулахад бусад нь цээжээ дэлсэн уйлан тоголдог байв. Гэвч заримдаа хүүхдүүд янз бүрийн өчүүхэн, жижиг шалтаг шалтгаанаас болоод нэг нь хэчнээн лимбэдсэн ч бүжиглэхгүй, хэчнээн гашуудлын дуу дуулсан ч уйлахгүй уурлан цаашаа хараад тоглодоггүй байсан. Есүс тухайн үеийн хүмүүсийг яг ийм хүүхэд шиг өчүүхэн шалтгаанаас болон зөрүүдлэн, уурлан буй балчир хүүхдүүд мэт байна хэмээн хэлсэн.
Учир нь гэвэл Баптисч Иохан ирээд цөл газар амьдарч идэх ч үгүй, уух ч үгүй гэмшлийн сайн мэдээг тунхаглахад тэд даруу сэтгэлээр өөрсдийн гэм нүглийг ухааран гэмших хэрэгтэй байсан. Гэвч тэд Иоханыг чөтгөр шүглэсэн нэгэн гэж хараад, Түүний хэлсэн үгийг хүлээн аваагүй. Дараа нь Есүс ирээд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглан, татвар хургаач болоод гэмтнүүдэд үйлчлэн тэдэнтэй нөхөрлөн хооллосон. Тэгэхэд тухайн үеийн хүмүүс хамтдаа баярлан, талархах ёстой байтал Есүсийг ховдог архичин бас тавар хураагч ба нүгэлтнүүдийн анд хэмээн шүүмжилж хүлээн аваагүй. Ингэж Тухайн үеийн хүмүүс өчүүхэн шалтаг, шалтгаанаар өөрсдийн санаа бодол, бардам, хатуу сэтгэлээс болж баптисч Иохан ба Есүсээр дамжуулан хийгдэж буй Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөгүй.
Одоо ч гэсэн зарим хүмүүс өчүүхэн жижиг шалтаг шалтгаан, өөрийнхөө санаа бодлоос болж Бурханы хүмүүсээр дамжуулан хийгдэж буй авралын ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүж, буруутган, үгүйсгэж, голж, муулж, хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс олон байдаг. Хэрэв бид ийм сэтгэл ба хандлагатай байвал би итгэлийн хувьд хүүхэд шиг, өсөж төлөвшөөгүй байна гэсэн үг. Бид ямар ч үед Бурханы хүмүүсээр дамжуулан надад хэлж, анхааруулж буй гэмшил ба сануулга, сэрэмжлүүлгийн үгийг даруу сэтгэлээр хүлээн авч, гэмших бол гэмшиж, талархах бол талархаж хүлээн авах хэрэгтэй. Харин өчүүхэн жижиг шалтгаг шалтгаанаас болж хүлээн зөвшөөрөхгүй байвал энэ цаг үед хийгдэж буй Бурханы ажилд оролцож, Бурханы надад үзүүлэх гэж буй ерөөлийг авж чадахгүй. Энэ цаг үед хийгдэж буй Бурханы ажилыг хүлээн зөвшөөрч, харж, дуулгавартай дагаснаар энэ үеийн авралын ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
35б-г үзээрэй “Гэсэн ч мэргэн ухаан нь бүх хүүхдээрээ зөвтгөгддөг” гэв. Энд хэлж буй мэргэн хаан гэдэг нь Бурханы үнэн ба зөвийг зааж байна. Өөрөөр хэлбэл Бурханы үнэн ба зөв нь Бурханд итгэсэн хүмүүсийн үйлсээр дамжуулан харагдана гэсэн утгатай. Тухайлбал Баптисч Иоханы үгийг сонсоод гэмшсэн хүмүүс ба Есүсийг хүлээн авч өөрчлөгдсөн хүмүүсээр дамжуулан Иохан ба Есүсийн ажил нь Бурханаас байсан, Бурхан үнэн, зөв болохыг гэрчилнэ гэсэн утгатай юм. Тиймээс Бурханы ажлыг хийж буй бид янз бүрийн үгүйсгэл, үл хүндлэл, доромжлол зэргийг хүмүүс амссан ч шатарч, гомдоллон, эргэлзэх бус, харин Бурханы өгсөн үүргийг итгэмжтэй биелүүлэхэд Бурхан өөрийн үнэн ба зөвийг биднээр дамжуулан илчлэн харуулна гэсэн утгатай.
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоос бид Есүсийн тухай Бурханы үг ба зарлигт библийн үгэнд үндэслэсэн зөв үзэл бодол, зөв хандлагатай, зөв хүлээлтэй байх ёстой гэдгийг сурлаа. Бурхан бидний амьдралын бодит асуудлыг шийдэж, бодит ивээл, ерөөлөө үзүүлэхгүй байсан ч шантарч, цөхрөн, эргэлзэлгүй Есүсийн загалмай ба авралын ивээлд талархан амьдрах ёстой гэдгийг зааж байна. Мөн Бурханы надад өгсөн үүргийн төлөө өөрийгөө зориулан, өргөдөг амьдрал нь биднийг жинхэнэ агуу, ерөөлтэй хүнээр амьдруулдаг гэдгийг сурч байна. Бурхан минь бидний хүн нэг бүрийн сүнсний хараа ба нүдийг нээж өгснөөр, энэ цагт хийгдэж буй Бурханы авралын ажлыг олж хардаг, сүнслэг мэдрэмжтэй байснаар, энэ үеийн Бурханы авралын ажлын нэг хэсэг болон хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. АМЕН.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.08/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.09/