Хаанд мөргөхөөр ирсэн мэргэд
Матай 2:1-12
Гол эшлэл 2:11
“Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон өргөв”
Өнөөдрийн номлолоор бид жаалхүү Есүс энэ дэлхийд мэндлэх талаар судалж мэдээд, түүнийг харахаар алс холоос зорин ирж байгаа мэргэдийн талаар суралцана. Мөн аврагч хааны талаар сонссон Херод хаан, хуулийн багш нарын бодит байдал нь ямар байгаа талаар ч суралцах болно. Аврагч мэндлэхэд Мэргэд болон хоньчид үлэмж их баярласан. Харин Херод хаан болон хуулийн багш нар айдас, сандрал, уур хилэнд автаж байсан юм. Тэгвэл бид өнөөдөр энэ Сайн мэдээ-г сонсоод хэрхэн хүлээн авах вэ? Мэдээж хүн бүр өөр өөр боловч биднийг аврахаар Аврагчийг илгээсэн Бурханы талаар сайтар суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Мөн өөрийн байр суурийг орхин жаал хүүд хүндэтгэн мөргөсөн агуу боловч даруу мэргэдийн талаар үнэн түүхийг суралцацгаая.
I. Мэргэдийн айлчлал.
1-р зүйлийг харцгаая -“Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд”
Дээрх эшлэлээс харвал Есүс энэ дэлхийн аврагчаар мэндэлсний дараа дорно зүгээс мэргэд Түүнд мөргөхөөр ирж байна. Библийн англи орчуулгаас харвал мэргэдийг ‘’Mэйги’’ гэсэн үгээр орчуулан бичсэн. Mэйги- буюу мэргэдийг төлөөлж хэлж байгаа энэхүү үг нь агуу нэгэн байх, уужим сэтгэлтэй байх, алсыг хардаг, чөлөөтэй сэтгэдэг, өгөөмөр гэсэн утгуудыг илэрхийлэх Грек үг аж. Тэгвэл мэргэд хэмээх алдартай цолыг авах хүмүүсийг Перс болон Вавилоны соёл иргэншилд дараах ангилалд багтаадаг байв. Үүнд:
1. Үе дамжин ирсэн тахилчийн үүрэг хүлээсэн хүмүүс
2. Ямар нэгэн ид шид үйлдэх мэргэн арга ухаанд суралцсан, түүхийн нарийн мэдлэгтэй, филсофи буюу гүн ухааны багш, эш үзүүлэгч, Зорастар буюу зөвхөн үнэнийг дагадаг бүлэглэлийн гишүүн
3. Одон орны судлал, дэлхий ертөнцийн үүсэл гарлын тухай мэдлэгийг Вавилоны шашин болон түүхээс нэмж судалсан хүмүүсийг тус тус оруулдаг байжээ.
Харин библид бичигдсэн эдгээр мэргэд гэж хэн бэ? Библийн түүхийг нэг бүрчлэн судалдаг судлаач нар эдгээр мэргэдийн үүсэл гарал, ямар мэргэжилтэй байсан талаар янз бүрийн таамаг дэвшүүлдэг хэдийч Тэдний дотроос хамгийн үнэнд ойрхан таамаг нь Тухайн үед төрийн албанд орох хүмүүс нь Вавилоны хаанчлалын үеэс эхэлсэн журамын дагуу заавал шинжлэх ухаан, гүн ухаан, одон орон болон түүхийн талаарх шалгалтыг давдаг байжээ. Иймд тэдгээр мэргэд бол цаг үеийнхээ шилдэг боловсон хүчин, олон түмний хүндэтгэлийг авсан хүмүүс байсан. Гэвч ийм өндөр боловсрол эзэмшсэн, шинжлэх ухааны оргилд хүрсэн, яс үндэс, угсаа гарал шал өөр ийм хүмүүсийг ямар зүйл нэгтгэн Иерусалим руу удирдсан бэ? Мөн тэдний зорилго юу байсан бэ? 2–р зүйлийг хараарай -“Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн хаан хаана байна вэ? Бид зүүнтээд түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Тэдгээр мэргэд хааны ордонд ирсэнийг харвал Иудейчүүдийн хаан нь ордонд мэндэлсэн гэж бодсоных юм. Гэхдээ тэд бүгдээс илүү алдар нэр хүндтэй, өндөр хэргэм зэрэгтэй, мэдлэг боловсролтой хаанд мөргөхөөр ирлээ гэж хэлээгүй. Харин саяхан мэндэлсэн бяцхан хүүд мөргөхөөр ирсэнээ тодорхой тайлбарлан хэлсэн. Дээр дурьдсанчлан мэргэд бол тухайн цаг үедээ маш өндөр байр суурь, эрдэм мэдлэгтэй байсан ч жаахан хүүд мөргөхөөр ирж байна гэвэл хэний ч санаанд төсөөлөгдөхгүй. Харин ч бүр эрдэмтэн мэргэд гэж хүлээн авахаас илүү нэг талыг баримталсан хэт туйлшрагч, гаж хүмүүс гэж харагдаж байна. Хүмүүсийн нүдээр ийм харагдаж болох ч Харин эдгээр мэргэд Хүүд мөргөх онцгой зорилго, хүсэл тэмүүлэл байсан юм. Мэргэд маш өргөн хүрээнд мэдлэгтэй байсан ч тэдэнд нэг л зүйл буруу мэт үргэлж бодогддог байсан. Тэгээд судлаад судлаад байсан үр дүнд нь хүмүүс гэм нүглээс болж жинхэнэ баяр хөөрийг олдоггүй, тэд үхээд мөнхийн тамд очно, тэдний сэтгэл зүрх хэзээ ч дүүрэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл гэм нүглийг хэн шийдвэрлэж өгөх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Мэргэд олон эх сурвалж түүхийг судлаж байх үед гэм нүглийн төлөө Аврагч төрнө гэдэг зөгнөлийг олсон. Мөн тэр Израйлчууд буюу Еврейчүүд нь Бурханы сонгосон ард түмэн гэдгийг мэдсэн. Израил үндэстний түүх бол бүхэлдээ Бурханы удирдлагыг амьдрал дээр буулган ирсэн толь мэт л байсан. Израйлчууд өөрийн Бурхан Эзэнд дуулгавартай байвал тэд гайхамшигтай ялалтын ивээлийг хүртэж байсан, эсэргээрээ Бурханд дуулгаваргүй байсанаар харийн түрэмгийлэлд орж эзлэгдэн, бодитоор Бурханы уур хилэнг амссан тухай судлан мэдсэн. Харин эдгээр түүхийг судлах явцдаа мэргэд ч бас үнэн Бурханы талаар тодорхой сайн сурсан. Ингээд хүний гэм нүглийн төлөөсийг төлөхөөр мэндэлж байгаа жаал хүү Есүсийн талаарх судрын дагуух эш үзүүллэгт суурилан бас огторгуйд нэгэн шинэ од гарсан нь Есүс рүү удирдахыг Иудей зөвлөгч нараасаа мэдэн замдаа гарчээ. Тэрхүү одыг огторгуйд байрлуулан, гаргаж ирсэн нь Бурханы нэгэн гайхамшиг байв. Иймд тэд тэмдэг болох одыг харсан цагаас өөрсдийн амьдралыг дэнчинд тавин Тэр одыг даган Түүнд хүндэтгэн мөргөхөөр алс хол замыг зөвхөн од харагдах шөнөөр дагаж бүх бартаа саадыг даван туулж ирсэн. Учир нь мэргэд энэ дэлхийн гайхамшигтай хайр ивээлтэй үйл явдалын дунд байхыг хүссэн. Тэдгээр мэргэд амьдралд нь юу тохиолдохыг мэдэхгүй ч тэдний амьдрал бол одыг даган амьдардаг амьдрал байсан билээ. Өөрөөр хэлбэл: тэдний одоогийн амьдралын байр суурь карерь нь яах нь тэдэнд огт сонин биш зөвхөн жаал хүүг хайн Түүнд хүндэтгэн мөргөх нь амьдралынх нь бүх зүйл болсон. Нэг үгээр хэлвэл жаалхүүд хүндэтгэн мөргөх нь Тэдний туйлын хүсэл юм. Харин бид ямар хандлагаар жаалхүү дээр ирж байна вэ? Бүгдээрээ сайтар бодож үзэн өөрийн зорилгоо юу болохыг санаж чадахыг хүсэн гуйж байна. Надад байгаа бүхэн миний хувьд хэр үнэ цэнтэй вэ? Дэлхийд эдлэж болох бүх зүйлтэй байсан ч одыг даган алс замд гарч байгаа 3 мэргэнээс бид юу сурах вэ? Мэргэд бидэнтэй адилхан хүмүүс байсан. Миний хувьд шинжлэх ухааны талаар дутуу дулимаг мэдээлэлтэй, арван жилдээ сурч байсан Исаак Ньютоны онолоо ч одоо санахгүй болсон, од гарагсыг дурангаар нэг ч харж байгаагүй, Грек хэл байтугай, англи хэл тэр дундаа Монгол хэлээ ч зөв ашиглаж мэдэхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй тийм нэгэн залуу. Харин мэргэд хийгээд надад нэгэн нийтлэг тал байгаа нь бид нар гэм нүглээ уучлуулахын тулд жаалхүү Есүсийг хайж очсонд байна. Миний гэм нүглийн асуудлыг шийдэн надад мөнх амьдралыг бэлэглэсэн жаалхүү Есүс-д алдар нь үеийн үед байх болтугай. Мэргэдийг Есүс рүү удирдсан тэр од өнөөдрийн бидний амьдралд юу байж болох вэ?
1рт Ариун Сүнс:- Үйлс 1:8-д “Харин АС та нар дээр ирэхэд та нар хүчийг хүлээн аваад, Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаарт хүртэл Миний гэрч болно. гэв Христ рүү өдөр бүр замчилж, явах нарийн замыг харуулан, сануулдаг нь Ариун Сүнс юм. Хүн өөрийн санаагаар, хичээл зүтгэлээр Бурханы ажлыг хийж чадахгүй. Харин өдөр бүр АС ийг хүсэмжлэн, АС-нд дуулгавартай байвал Тэр биднийг Христ уруу хөтлөн удирдах болно.
2рт Залбирал болон библи уншилт: – 2Тимот 3:16-17 “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” гэж хэлсэн. Биднийг Христ рүү хөтөлдөг дараагийн од бол залбирал болон библи уншилт юм. Бид өдөр бүр цаг үргэлж библи-р дамжуулан Бурханы хүслийг сонсон биелүүлэх, үйлдэх боломжтой. Муу сүнс биднийг библи уншихыг хэзээ ч хүсдэггүй. Уншсан хэдий ч өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд эхлэх вий гэдгээс айдаг. Гэхдээ бид аль хэдийн муу нэгнийг жаалхүү Есүсээр дамжуулан ялсан гэдэгтээ бат итгэн, түүнийг эсэргүүцэх хэрэгтэй. Миний хувьд Библи унших чин хүсэлтэй. Залбиралд өөрийгөө бүрэн дүүрэн зориулахыг хүсдэг ч надад зав байдгүй. Энэ бол мэдээж хэрэг шалтаг. Харин бодитоор бид энэ дэлхийн олон асуудал бүрийг шийдвэрлэх гэсээр байгаад завгүй байдлын боол нь болсон байна. Муу сүнс хүнийг Бурхан уруу ирэхэд саад болохоор олон ажлыг таньд өгсөн. Ажилдаа явах, хичээлдээ явах, даалгавараа хийх, түгжрэлд явах гээд олон ажил байгаа ч бид хамгийн чухал ажилаа дандаа хойш нь тавьсан байдаг. Тэгээд яг маргааш Бурханыг нэгдүгээрт тавин бүгдийг хийнээ л гэж боддог. Тэгээд маргааш нь дахиад нөгөө завгүй байдал угтан авдаг. Тиймээ яг одоо зогс Бурханыг 1рт тавин бүгдийг хийхийг сураарай 1Коринт 10:31
3рт Христэд итгэгчдийн нөхөрлөл: Номлогчийн үгс 4:9-10-д “Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй тул хөөрхийлөлтэй” хэмээн бичжээ. Хүн бол нийгмийн амьтан гэдэг тодорхойлолтыг таныг сонссон гэж бодож байна. Мөн одоогийн сошал орчинд нөлөөлөгчидийн хэлдэг үгийг энд дурдвал “Хурдан явъя гэвэл ганцаараа яв, Хол явъя гэвэл хамтдаа яв. Тиймээс хамтран зүтгэгчийг нандигнан өөрийн хүрээлэлийг Бурханд хайртай хүмүүсээр дүүргэх хэрэгтэй. Тийнхүү бид Христийг харан одыг даган тууштай байж чадах юм. Биднийг Христ уруу удирдах од бүрийг нандигнан, Бурханы дотор өсдөг нэгэн болцгооё.
Одоо бүгдээрээ 10-р зүйлийг хараарай: “Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав.” Нүүр нүдгүй шуурах элсэн шуурга, салхи бороо, Гималайн нуруунаас өндөр нурууг давж, зэрлэг дээрэмчдийн аюул, ослыг ч үл анзааран хүрэх газартаа хүрч, Христ рүү хөтлөх од тэдний өмнө зогсон хүүхдийн байгаа газрыг харуулахад тэд жинхэнэ баяр хөөрөөр дүүрчээ. Энэ баяр хөөрийг үлэмж их байсан гэж тодотгожээ. Учир нь мэргэдийн аялал хэдэн сарын турш үргэлжилсэн мэт харагдаж байгаа ч үнэндээ тэд бүхий л амьдралынхаа турш хайсан үнэн болох жинхэнэ аврагч Есүсийг олсондоо баярлан хөөрсөн юм. Мэргэд баян тансаг амьдрал, эрдэм мэдлэг, нийгмийн гарлаасаа жинхэнэ баяр хөөрийг олоогүй бол одыг даган явсан энэ зам тэдэнд хязгааргүй их баяр хөөрийг дүүрэн өгсөн юм. Би ч мөн энэ мэргэд шиг өдөр хоногийг өнгрүүлэн ямар ч завгүй гэр бүл, ажил, чуулган гээд явах боловч зарим үед яг юуны тулд ингэж завгүй амьдраад байгаагаа ойлгохгүй өөрөөсөө асуудаг. Би яг юу хийх ёстой вэ? гэж. Үнэндээ би жинхэнэ одыг даган явахын оронд өөрийн хүслийг 1рт тавин амьдарсанаа харлаа. Амьдралд хүн өөрийн төлөө хийж эхэлвэл магадгүй сайн эгч ах, эсвэл сайн аав ээж ч болж болох юм. Гэхдээ Одыг дагадаг амьдрал нь Сайн байхаас илүү зориулалт золиос хичээл зүтгэлийг биднээс хүсдэгийг дахин сурлаа. Энэ дэлхийн зүйлсийг хүн олвол эцэстээ хоосон мэдрэмж, айдас, санаа зовиураар дүүрэх бол эсэргээрээ жаалхүү Есүсийг олсон хүний амьдрал нь хязгааргүй их баяр хөөр, амар тайвнаар дүүрэн байх болно. ӨХ: бид Христийн төлөө завгүй амьдарсан ч Бурхан бидэнд бүгдийг нэмэж өгөх болно. Бурхан Ааваа бид одыг даган өөрийн сэтгэлдээ жаалхүү Есүсийг хүлээн авч баяр хөөрийг дүүрэн эдлэж чадхад удирдан өгөөч.
Ингээд мэргэд юу хийсэн талаар үргэлжлүүлэн хараарай. “Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив”. Гурван мэргэн эцсийн зорилго биелэлээ олж, энэ дэлхийн аврагчийн амьд дүрийг харахдаа баярлан хөөрч мөргөсөн. Мөргөл бол хайр, хүндлэлээ харуулах хамгийн дээд илэрхийлэл юм. Мэргэд жаалхүүд мөргөсний дараа бэлтгэж ирсэн бэлгээ өргөн барьсан.
Бэлэг авах дургүй хүн байхгүй байх. Мэдээж хэрэг бид хүнд бэлэг өгөх бол авах хүндээ тааруулан түүнд зориулан бэлэг сонгодог. Тэгвэл Есүст өргөх бэлэг нь бидний хувьд юу байх вэ? бид Есүст юуг зориулан бэлэглэж чадах вэ? Мэргэдийг харвал тэд алт, гүгэл, мирийг бэлгэлсэн. Тэгвэл биднээс ч мөн ийм үнтэй бэлэг өгөхийг Есүс хүссэн гэж үү? мэдээж хэрэг үгүй юм. Тэр биднээс зүрх сэтгэл минь чин үнэнээр түүнийг хайрлан, түүнд хаана ч байсан мөргөл талархлыг өргөөсэй гэж хүсдэг. Тэр бидний бүхий л цаг үе, амьдралын минь Эзэн байхыг хүсдэг. Дахин хэлхэд Мөргөл бол хайр, хүндлэлээ харуулах хамгийн дээд илэрхийлэл юм.
Тэгвэл Библи бидэнд 2 төрлийн мөргөлийн талаар заан өгч байна. 1 дэх нь Албан ёсны буюу ням гарагийн мөргөлийн цаг энэ талаар Гэтлэл 20:8 “Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй”. Үнэндээ бид уруу татагдах нь амархан тул 7 хоног бүр цуглаандаа явж Бурханы үгийг сонссоноор жаахан ч гэсэн сэргэлт аван тэр долоо хоногийг давах хүчийг олдог. Гэвч бид зөвхөн 7 хоногийн бүтэн сайнд ирэх нь хангалтгүй юм. Иймд Бурхан бидэнд үргэлжлүүлэн 2 дахь мөргөлийг ч бидэнд заан өгч байна. Энэ нь албан бус буюу автобусанд, ажил дээрээ, сургууль хичээл дээрээ, кинотеатрт, угаалгын өрөөнд ер нь хаана ч байсан гэсэн Бурханы биднийг гэмээс аварсан авралын ажил, бусад гайхамшгуудыг магтан талархах мөргөл юм. 1Коринт 10:31 “Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдарын төлөө бүхнийг хий.” мөн Ром 12:1 “Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуйя. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Ингэх та нарын сүнслэг мөргөл мөн” Бурхан бүх цаг үеийн турш биднийг үнэнээр мөргөл өргөхийг хүсдэг. Тиймээс өөрийн цэвэр сэтгэлээр Эзэний өмнө ирж үнэнээр мөргөл өргөж чадахыг хүсэн гуйж байна.
Үргэлжлүүлээд Мэргэдийн жаалхүүд өргөсөн бэлгийн талаар түүний утга учир юуг бэлэгдэж байгааг суралцъя
1-рт Алт: Алт бол хамгийн үнэтэй метал бөгөөд хуучин гэрээг харвал алт нь Хааны эрх мэдэлийг илэрхийлж байсан ба гэрээний авдрыг алтаар бүрж хийж байв. Харин жаалхүү Есүст бэлэглэсэн алт нь түүний Үүрд мөнхийн Хааны эрх мэдлийг илэрхийлсэн аж.
2-рт Гүгэл: Гүгэл нь цагаан өнгөтэй модны давирхай юм. Хуучин гэрээний үед тахилын ширээний өмнө шатаан анхилуун үнэрийг нь гаргадаг байсан аж. Нөгөө талаараа гүгэл нь Хуучин гэрээнд Бурханд мөргөх, Бурханы Ариун чанартай холбоотойгоор бичигддэг байв. Харин жаалхүүд өгч байгаа энэхүү гүгэл нь Есүсийн Бурханлаг чанарыг илэрхийлсэн байна.
3-рт Мир: Мирийг гүгэлийн адилаар модноос гаргаж авах ба хүний биеийг занданшуулахад ашигладаг. Энэ нь Есүсийн зовлон ба загалмайн үхлийг бэлгэдсэн аж.
Тухайн үед Мэргэд өргөсөн бэлэгний утга учрыг гүнзгий мэдээгүй ч тэдний өгсөн бэлэг өнөөдөр бидний дотор гүнзгий утга учиртай байсан. Тэгвэл миний өргөх бэлэг ямар байхыг би мэдэхгүй байж болох ч бидний зүрх сэтгэлээс өргөсөн бүхнийг Бурхан үнэ цэнтэй утга учиртай болгон Өөрийн ажилдаа хэрэглэх болно. Мэргэд зүгээр л нэг хүмүүс байсан түүхийн нугачаад бүдгэрэн алга болох тэр нэгэн байсан. Гэвч тэд одыг даган жаалхүүд хүндэтгэн мөргөснөөр Авралын түүхийн чухал хүмүүс болон бидэнд одоог хүртэл өөрсдийгөө таниулсаар байна. Тэд бол бидний хувьд одоо ч Бурханы алдарын төлөөх нандин хамтран зүтгэгчид юм. Бурхан Ааваа өөрийн одоо ямар байгааг биш ирээдүйд хэн болохыг Бурханы дотор олж хоньдын төлөө өөрийн зориулж чадах бүгдийг зориулж чадахад удирдан өгөөч. Тийнхүү аварлын түүхэнд үлдэх мэргэд болгон удирдан ерөөгөөч.
II. Херод хаан, хуулийн багш нар болон ард олон
Саяхан мэндэлсэн иудейчүүдийн хааныг хайж ирсэн мэргэдийн яриаг сонсоод Херод хаан, болон ард түмэн ямар хариу үйлдлийг үзүүлсэн бэ? Одоо бүгдээрээ 3-р зүйлийг харцгаая. “Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ” гэсэн байна. Хүний санаа бодлоор харвал хаан төрт улсад өөрийн удмыг нь үгүйсгэхээр шинэ хаан төрж байна гэвэл хэн ч дуртай хүлээн авахгүй нь мэдээж. Ард олон ч хуваагдалд хүрэх магадлалтай байв. Тэгвэл яагаад Херод хаан түгшсэн бэ? Түүний түгших гол шалтгаан нь юу байсан юм бэ? Херод хааны талаар түүнийг маш хэрцгий нэгэн байсан ба эрх мэдэлд дуртай. Тиймээс өөрийн эрх мэдлийг алдахаас эмээж хадам аав, арван эхнэрийнхээ заримыг нь 2 хүүгээ алсан гэж тэмдэглэн үлдээсэн аж. Хаан хүн сайнаар алдарших ёстой авч Херод хаан харгис хэрцгийгээр алдартай хаан байжээ. Бурханы хуульд тааруулж амьдрахаас илүүтэйгэээр Ромын хуулийг даган ард олныг асар их татварын дарамтанд оруулж байв. Түүний харгис хэрцгий удирдлагад ард олон зовж байсан учраас дахин шинэ хаан гарснаар дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний хөлд ард олон улам илүү зовох учраас энэ нь тэдний хувьд хар дарсан зүүдний эхлэл мэт санагдаж байлаа. Иймээс ард олон ч гарч ирэх үр дагаврыг тооцон түгшсэн байх. Гэвч Иудейн хаанаар мэндэлж байгаа жаалхүү Есүс нь энэ дэлхийн эрх мэдлийг булаан авахаар төрж байгаа биш. Харин ч Бурхан хүн хоорондын дунд гэмээс болон үүссэн тэр л орон зайд эвлэрүүлэл болохоор ирсэн. Иохан 3:17 “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ”. Жаалхүү Есүс энэ дэлхийд ирсэн зорилго нь хэн нэгэн хаантай эрх мэдлийг нь буцаалдах гэж биш ээ, өөрт нь итгэсэн бүхэнд мөнх амьдралыг өгөхөөр ирсэн. Энэ зүйлийг Херод болон хуулийн багш нар огт ухаараагүй.
Цаашлаад 4-р эшлэлийг хараарай “Бүх ахлах тахилч болон ард олон дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаан төрөх ёстойг тэр лавлажээ”. Эндээс харвал хуулийн багш нар болон ахлах тахилч нар Христ буюу аврагч Мессиа хаана төрөх болон ямар зорилгын төлөө энэ дэлхийд мэндэлж байгаа талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй байсан. Тиймээс ч энэхүү бүлгийн 6 эшлэлтэй ижил Мика номны 5:2-д бичигдсэн “Иудей нутгийн Бетлехэм ээ, Иудагийн дээдсийн дунд чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израйлийн Удирдагч чамаас гарах болно” тайлбарыг Херод хаанд өгсөн. Гэвч хуулийн багш нар жаалхүү Есүсэд итгээгүйгээр үл барам сүүлд нь өөрсдийн эрх мэдэл, атаархлаас болж Есүсийг загалмайд цовдлон алахад голлох үүрэгтэй оролцсон байдгийг библиэс харж болно. Бид өдөр бүр библи уншин, залбирахгүй бол энэ дэлхийн зугаа цэнгэл, завгүй байдал, фэйсбүүк, инстаграм, эд хөрөнгө, мөнгө бидний сүнсний нүдийг сохолно. Ингэснээр бид библийг мэдлэгээр оюутнуудад заадаг хуулийн багш нар болох юм. Бид жинхэнэ хайр болон ирсэн жаалхүү-Есүсийг сэтгэлдээ шинээр мэндлүүлэн баяр хөөртэйгээр хоньдод үйлчилж чадахыг гуйж байна.
Дүгнэлт: Бүх зүйлээр хангалуун байсан ч мэргэд энэ дэлхийд ирсэн жинхэнэ зорилгоо ухаарч олохын тулд жаалхүү Есүсд хүрч очсон. Тэдний боловсрол, амьдралын туршлага бүхэн тэдэнд жинхэнэ баяр хөөрийг өгөөгүй. Харин Бурханаас илгээсэн одоор удирдуулан явж жаалхүү Есүсийг харж, түүнтэй уулзахдаа үлэмж баярлан хөөрсөн. Үүний адилаар бидэнд бас үлэмж баярлуулах сайн мэдээ болох Есүс байна. Тиймээс баярлан хөөрч энэ л сайн мэдээг бусдад дамжуулцгаая. Харин эрх мэдэл, айдас, мөнгөнөөс болж Херод хаан, хуулийн багш нар шиг хүмүүс болчихгүйн тулд сэрэмжилцгээе. Алдар магтаал нь үеийн үед Бурханд байх болтугай. Амен