БИ ТА НАРЫГ АМРААЯ
Матай 11:25-30
Гол эшлэл 11:28
“Зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүс ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.“
Өнөө үед өмнөх цаг үеүүдээс илүүгээр хиймэл оюун ухаан, жолоочгүй цахилгаан автомашин, 5G, 6G технологи гэх мэт материаллаг зүйлсээр элбэг дэлбэг, техник технологийн ач тусаар амьдрах, ажил хийхэд илүү хялбар болсон.
Ингэж өсөж хөгжихийн хэрээр хүмүүс хичнээн сайн технологи хэрэглэж, сайхан хоол идсэн ч сэтгэл ханамжгүй, нойргүйдэл, стресс, эдийн засгийн өсөлт, санхүүгийн хямрал, дайн, байгалийн гамшиг, өрсөлдөөнөөс болж үргэлж айдас түгшүүртэй, санаа зовуурьтай, амархан бухимдаж ядрах болсон. Сүүлийн үед их хотын түгжрэл, стрессээс болж хүмүүс аль болох амарч, стрессээ тайлахыг илүүд үздэг болсон. Хүмүүс долоо хоногийн ажлын өдрүүд дуусах үед амралтын хоёр өдрөө за сайхан амраадахъя гэдэг.
Хүмүүс ийнхүү махбодын амралтыг хичнээн эдэлж байгаа ч сэтгэл сүнсний амралтыг эдлэхгүй орхигдуулдаг. Хүн махбод болон бие сэтгэлээрээ амар тайван байж, амралтыг эдэлж чаддаг.
Сэтгэл сүнсний амралт нь маш чухал юм. Юу юунаас илүү гэмийн асуудлаас болж хүмүүс амарч чадахгүй болдог. Сатаны боол болж гэм нүглээсээ салж чадахгүй, нойргүйдэл, гутрангуй үзэл, өөрийгөө сул дорой гэж үзэх олон санаа зовиур эргэлдэж эхэлдэг.
Итгэгч бид ч ялгаагүй энэ нийгэмд амьдарч байгаа тул ядарч байгаа.
Ирээдүйгээ харж шантрах, хийсэн гэмээсээ болоод шаналах, хэн нэгнийг гомдоож хуурах, хийхийг хүсээгүй ч хийсэн гэмийнхээ төлөө сэтгэл санаа тайван бус болдог.
Санаа зовууриар дүүрэн энэ дэлхийд яавал жинхэнэ амралтыг эдлэх талаар зааж өгч байна.
“Би та нарыг амраая” гэж байгаа Есүсийн дуу хоолойг сонсон Есүс дээр очин амардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Есүстэй уулзаж, бүх амьдралынхаа турш Есүст очин жинхэнэ сүнсний амралтыг эдэлж чадахыг хүсэн ерөөж байна.
I. Жинхэнэ амралтыг өгдөг Есүс /25-28/
Одоо 25, 26-р эшлэлийг үзээрэй.
“Тэгээд Есүс цааш нь хэлэхдээ —Тэнгэр газрын Эзэн, Эцэг Тандаа талархъя. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүдэд Та илчилжээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны таалал билээ.”
Цэцэд хийгээд ухаантан нь өөрсдийгөө мэддэг, ухаантай гэж боддог бардам хүмүүсийг зааж байна. Бурхан ийм хүмүүст сүнслэг нууцыг харуулахгүй гэж байна.
Харин балчир хүүхдүүд нь өөрийн сул дорой ба дутагдлыг хүлээн зөвшөөрөн сүнслэг хүслээр дүүрэн Есүсээс суралцахыг эрмэлздэг даруу хүмүүс юм.
Тухайн үед ихэнх хүмүүс Есүсийг үл тоомсорлосон боловч цөөн хэдэн шавь нар нь балчир хүүхэд мэт даруу сэтгэлээр Есүсийг даган сурч байсан. Есүс цөөн хүмүүсийн дотор хийгдэж байгаа авралын ажлыг хараад Бурханд талархсан.
Сайн мэдээний үнэнийг үл тоомсорлон татгалздаг хүмүүсийг харахад шантармаар боловч цөөхөн боловч сүнсний хүсэлтэйгээр ирдэг цэвэр даруу сэтгэлийг олж харан Бурханд талархал өргөж чадахыг гуйж байна.
Одоо Есүс бүх хүнийг урьж байна. 28-30-р эшлэлийг үзээрэй.
“Зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүс ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Би зүрх сэтгэлдээ дөлгөөн бөгөөд даруу тул буулгыг минь өөрсөд дээрээ авч Надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.”
Энэ цагт биднийг дуудаж, Би та нарыг амраая хэмээн амлаж байна. Тэгвэл энэ амралтыг яаж олж авах вэ?
1-рт: Есүст очих хэрэгтэй.
Анхны хүн Адамын гэмээс болж газар хараал авч, бүх хүн төрөлхтөн насаараа хичээн зүтгэж байж хоолоо олж идэх болсон. Мөн гэмээс болж Бурхантай харилцаа тасарсан Каин шиг хаа явсан ч жинхэнэ амралтыг эдэлж чадахгүй болсон.
Бүх хүмүүс хүнд ачаа үүрдэг. Хүүхэд хүртэл өөрийн гэсэн дарамт, санаа зовиуртай байдаг. Сурагчид нь хичээл, гэрийн даалгавар, оюутнууд нь бие даалт, шалгалт, цаашлаад сай дүн аваад ямар ажилд орох вэ гэсэн дарамт, ажилчид нь үр бүтээлтэй ажиллах нь хүнд ачаа болдог.
Харин энэ бүх ачаанаас хамгийн хүнд ачаа нь гэмийн ачаа юм. Хүн гэм үйлдвэл тухайн үедээ сайхан болох боловч сэтгэл сүнс нь амар тайван байдлаа алдаж, гэмийн боолоор амьдардаг. Гэмийн өгдөг зовлон шанлал нь үгээр хэлшгүй хэцүү. Гэм үйлдвэл сэтгэл түгшүүртэй юу ч хийгээгүй байж ядардаг. Сэтгэл сүнсийг дарамталдаг, ядраадаг хамгийн хүнд ачаа нь ажил хичээл бус, гэмийн ачаа байдаг. Талархдаггүй, ханадаггүй сэтгэл, хүсэл шунал, уур гомдол, айдас хорсол, санаа зовиур ба харьцуулдаг сэтгэл гэх мэт асуудлууд биднийг хамгийн ихээр ядраадаг. Бид энэхүү гэмийн асуудлыг өөрийн хүчээр шийдэж, чадахгүй юм.
Харин Есүс ийм байгаа хүмүүст хэлж байна. “Зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүс ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”
Жинхэнэ амралтыг олох гэвэл бид Есүс дээр л очих хэрэгтэй.
Есүст очиход л Бурханыг танин мэдэж, Бурханыг танин мэдсэнээрээ жинхэнэ амарч чадна. Итгэлээрээ, байгаагаараа Есүс дээр очиход Есүс гэмийн өршөөлийг өгч, жинхэнэ амралтыг өгнө. Хүн гэмийн ачаанаас чөлөөлөгдөх үед ямар их сайхан байдаг билээ. Энд сууж байгаа олон хүмүүс Есүстэй уулзаж гэмшсэнээрээ шинэ хүн болж одоо жинхэнэ амралтыг олох аргаа мэдэн амьдарч байгаа хүмүүс.
Та нар бодоод үзээрэй. Хаа сайгүй архидалт, садар самуун, авлигал хээл хахууль. Хаа сайгүй өрсөлдөөн, уур бухимдал, зодоон нүдээн, хүчирхийлэл. Залуучууд гаднаа дутах зүйлгүй мэт боловч нүдэнд нь гуниг зовлон, өөртөө итгэхгүй байдал, гэмийн хүлээсээр дүүрэн амьдрал л байна.
Бид нар жинхэнэ амралтыг мэдсэн тул монголын оюутан залуучуудад Бурханы үгийг дамжуулж тэднийг Есүс руу урьдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Хүн Бурхантай зөвт харилцаатай болсноор л сэтгэл сүнсэндээ жинхэнэ амралтыг амсаж чадах тул гэмээсээ болж шаналж буй залуучуудад Эзэний үгийг дамжуулснаараа тэднийг босгон байгуулж, жинхэнэ сүнсний амралтыг бэлэглэж чадахыг хүсэн гуйж байна.
2. Буулга минь аятай (29,30)
2-рт: Есүсийн буулганаас авч үүрэх хэрэгтэй.
Энд гарч байгаа буулга бол тэрэг юм уу анжсыг чирэхэд үхэр ба морины хүзүүнд тавьдаг тахийлгасан модыг хэлж байгаа юм.
Иудейчууд буулга үүрнэ гэдэг үгийг Раббигийн зааврын дагуу амьдарч, шавь болно гэсэн утгаар хэрэглэдэг байжээ. Үүнчлэн Есүсийн буулгыг өөр дээрээ авна гэдэг нь Есүсийг дагадаг итгэгч болно гэсэн утгатай.
Тухайн цаг үед нэг буулгаар хоёр үхрийг зэрэг хөллөдөг байжээ. Хүчтэй туршлагатай үхэр нь хүчгүй, туршлагагүй үхрээ чирэн, тус дэм болж хамтдаа газар хагалдаг байжээ.
Үүнтэй адил Есүстэй хамт нэг буулганд орон Есүсийн хүчээр түүнийг дагах үед хүнд хэцүү амьдралын ачаа болон гэмийн ачааг зайлуулж чадна гэдгийг заан өгч байна. Бид чин сэтгэлээсээ буулгыг авч үүрэхэд бүх гэм ба амьдралын ачаа нь тайлагдан хаягдана.
Библийн үг бидэнд хүч чадал ба амийг бүрэн дүүрэн өгдөг. Библийн үг ядарсан сүнсийг минь сэргээн шинэчилж, урам зориг өгдөг. Магтаалын цаг нь тайвшрал өгч, сэтгэлд минь амар тайвныг өгдөг. Есүсийн загалмайн хайраар өөрчлөгддөг тул Христтэй хамт загалмайг үүрдэг. Загалмай нь бидний гэмтэй чанаруудыг хянан захирахад тус болж арвин үр жимстэй амьдруулдаг.
Гэвч заримдаа Есүсийн буулгыг үүрэх үед хүнд ядаргаатай юм шиг санагддаг. Тэгээд Есүсийн буулгыг тайлбал илүү эрх чөлөөтэй, хөнгөн амьдрах юм шиг боддог. Гэвч энэ нь биднийг эсрэгээрээ хүнд байдалд оруулж улам их зовоож эхэлдэг. Яагаад гэвэл Есүсийн үгнээс холдвол бид өөрсдийгөө хянан захирах хүчгүй болж дахиад л гэмийн хүслүүдийг даган гэмийн ачаа, гэмийн буулгаа үүрэхээс өөр аргагүй байдалд ордог учраас юм.
Хүний амьдралын буулга нь зөвхөн идэж, ууж амьдрахын төлөө байдаг учир эцэст нь утгагүй хоосон болдог.
Тиймээс бид Есүсийн буулгыг авч үүрэх нь амар, хөнгөн учраас жинхэнэ сэтгэл сүнсний амралтыг бидэнд өгч чадна. Есүсийн буулга нь амьдралыг хүчтэй, амьтай, үр жимстэй, агуу болгодог. Есүс хамт үүрээд чиглүүлээд явах тул бид нар дагаад хамт үүрэхэд л болно.
Нэгэн итгэгч хүн явсан газраа эргэж хараад Есүст ингэж гомдоллосон гэдэг. Та намайг хамгийн хэцүү үед орхисон байна. Таны мөр алга ганцхан мөр байна гэж хэлжээ. Харин Есүс энэ үед чи гэмээс болоод, ядраад үхэх гэж байхад би чамайг үүрээд явсан. Энэ мөр бол чинийх биш, харин чамайг үүрээд явсан миний мөр байна гэж хариулжээ.
Хэцүү үед Есүс таныг хамгаалах тул та түүний буулганаас заавал үүрээсэй хэмээн уриалж байна. Амьдралд олон зүйл байгаа. Ажиллах, амьдрах, сайнмэдээг тараах гээд олон зүйл байгаа. Бурхан хэлж байна, дэлхийн төгсгөл хүртэл Би чамтай хамт байна хэмээн амлаж байна. Хүч чадал, амар тайван, баяр хөөр, тайвшрал болсон Есүстэй түүний амлалтад итгэн буулгыг хамт үүрэн жинхэнэ амралтыг аван амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Сургууль дээр, ажил дээр, цуглаан дээр, гэртээ, нийгэмд, ер нь хаана ч байсан Есүстэй хамт буулгаа үүрэн амьдарч, итгэлийн амьдралаар тууштай алхдаг хүмүүс болоосой хэмээн ерөөж байна.
3-рт: Есүсээс сурах хэрэгтэй.
Есүсийн буулгыг авч загалмайг үүрдэг ч хүнд ачаа мэт санагдах үе байсан уу? Тэр үед маш хэцүү байдаг. Энэ нь бид Есүсээс сурахгүй байгаа учраас юм. Есүс бидний өмнө буулгыг үүрэн явснаар бидний явах замыг бидэнд харуулсан.
29-р эшлэл дээр надаас суралц хэмээн хэлж байна. Бид Есүсийн дөлгөөн даруу байдлаас суралцах хэрэгтэй. Өөрийгөө төлөв даруу болгож дуулгавартай байсан Есүсээс сурахад ямар ч асуудал тулгарсан ч бид сэтгэл сүнсээр амар тайван байж, жинхэнэ амралтыг эдэлж чадах юм. Есүсээс үргэлж сурдаг хүн сүнсээр улам төлөвшин, хэцүү ширүүн энэ дэлхийд амралтыг эдэлдэг хүнээр амьдарч чадна. Библийн хичээл хийх, өдөр бүрийн хоол, өглөөний залбирал, сайнмэдээ тараах, үйлчлэх, дасгалжуулагдах, номлол заах нь бүгдээрээ Христийг сурч байгаа хэлбэр юм.
Би 1981.10.06-нд Улаанбаатар хотод айлын ууган хүү болон мэндэлсэн. Доороо 3 дүүтэй, хичээлээ хийхийн хажуугаар дүү нараа харж, цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг байсан. Манайх гэдэг айл намайг 5-р ангид байх үеэс эхлэн ногоо тарьж эхэлсэн ба тэр л үеэс эхлэн ногооны ажлыг хийж эхэлсэн.
Зуны амралт бүрээр ногооны талбайд ажиллаж, зэрлэг зулгааж, ногоо хурааж өссөн.
1998 онд ШУТИС-д оюутан болсон. Арван жил, оюутны 1-р курсын амьдрал урсгалаар л явж байсан.
Тэгээд 2-р курсын оюутны амьдрал эхэлж, тэр үед сургууль дээрээ хичээлийн засварлагаанаар та оюутан уу? завтай юу? гэсэн асуултаар анх сентад дуудагдаж ирсэн.
Сентад ирээд библийн хичээл хийж, бага багаар Бурханы тухай, итгэлийн амьдралын тухай суралцаж, 2000 онд Марк багийн хоньчиноор боссон.
2 Тимот 2:3,4 “Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй.” гэсэн эшлэлээр дамжуулан итгэлийн дотор сайн цэргийн амьдралаар амьдрахаар шийдвэр гаргасан.
Тэр цагаас эхлэн Есүсийн буулгыг өөр дээрээ авч үүрэхэд миний бүх гэм ба амьдралын ачаа тайлагдаж, ядарсан сүнсийг минь сэргээн шинэчилж өгсөн. Мөн хоньчны загалмайг үүрч, итгэлийн амьдралаар амьдарсанаар сэтгэл сүнсний жинхэнэ амралтыг олж авч чадсан. Үүгээр ч зогсохгүй Есүсийн буулга амьдралыг минь хүчтэй, амьтай, үр жимстэй болгосон.
Итгэлийн гэр бүл, тохиромжтой ажил, байр гээд миний амьдралд бялхам дүүрэн ивээл ерөөлөөр удирдаж байгаа Бурхан Аавдаа талархаж байна.
Заримдаа Есүсийн буулгыг авч загалмайг үүрдэгч, хүнд ачаа мэт санагдах үе байсан. Тэр нь Есүсээс сурахгүй байгаа учраас гэдгийг дахиж зааж өгсөнд талархаж байна.
Үйлчлэхэд хэцүү үед ч, Есүсийн дөлгөөн даруу чанарыг сурах хэрэгтэй гэдгийг дахин зааж өгч байгаад талархаж байна.
Өөрийгөө төлөв даруу болгож дуулгавартай байсан Есүсээс сурахад ямар ч асуудал тулгарсан ч бид сэтгэл сүнсээр амар тайван жинхэнэ амралтыг авах болно. Ингэж Есүсээс үргэлж сурдаг хүн сүнсээр улам төлөвшин хэцүү ширүүн энэ дэлхийд жинхэнэ амралтыг эдэлдэг хүнээр амьдарч чадах болно.
Дүгнэлт: Хүмүүсийн хамгийн том асуудал бол гэмээс болж сэтгэлийн амралтыг эдэлж чадахгүй байгаа асуудал юм. Хүмүүс үнэндээ жинхэнэ амралтыг эрэн хайдаг ч энэ дэлхийн хаанаас ч олж чадахгүй юм.
Зөвхөн Есүс дээр очин гэм ба амьдралын хүнд ачааг тайлан хаяснаараа Есүсийн буулга, загалмайг үүрэн, Есүсээс сурч амьдрах үед л жинхэнэ амралтыг эдэлж амсаж чадна.
Есүс бидэнд дахин хэлж байна. “Зүтгэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн бүхий л хүмүүс ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Би зүрх сэтгэлдээ дөлгөөн бөгөөд даруу тул буулгыг минь өөрсөд дээрээ авч Надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.”
Энэ Есүсийн дуу хоолойг өдөр бүр сонсож, өдөр бүр Есүсийн загалмай дээр очин, Есүсийн буулганаас үүрэн, Есүсээс суралцаж, жинхэнэ амар тайван ба амралтыг эдлэн амьдардаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна