2024 оны Эхлэл 29-р номлол (10.27) Х. Бүүвэйбаатар хн

Агуу үндэстэн болгож өгнө

Эхлэл 46-48-р бүлэг
Гол эшлэл 46:3

“Би Бурхан байна, Чиний эцгийн Бурхан байна, Чи Египет рүү явахаасаа бүү ай, Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.”

Өнөөдрийн зарилгаар бид Египет рүү нүүж буй Иаковт тавьсан Бурханы тааллын тухай сурах болно. Бурхан түүнд “Би тэнд агуу үндэстэн болгоно” гэж хэлж буй нь ямар утгатай вэ? Мөн өнөө үеийн бидэнд хэлж буй БУРХАНЫ ҮГИЙН утга учрыг тунгаан бодож үзэхийг хүсэж байна.
1. Египет рүү явсан Иаков (46-р бүлэг)
1-3 зүйлийг үзээрэй. “Тэгээд Изриал хамаг хөрөнгө хогшлоо авч хөдлөөд, Беершебад ирж эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв. Шөнө нь Бурхан Израилд үзэгдэж – Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков – Би энд байна гэж хариулав. Бурхан – Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет рүү явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.”
Иаков хэдийгээр Египет уруу явахаар гарч буй боловч явахаасаа тээнгэлзэж байсан. Яагаад гэвэл өвөө Абрахам нь ган гачигаас болж Египет рүү яваад хүнд асуудалтай учирч байсан. Мөн эцэг Исаакыг ч ган зуд болоход Бурхан Египет уруу бүү яваарай гэсэн (Эх 26:2). Иаков Египет нутагт очвол Бурханы амласан газарт буцаад ирж чадахгүй байх гэсэн санаа зоволттой байв. Тиймээс Иаков өөрийн итгэлийн өвөг дээдсийн Бурханы өмнө очоод Түүнд тахил өргөн Бурханы тааллыг асуужээ. Египет рүү очих нь Бурханы хүсэл таалал мөн үү? Египетэд амьдарвал цаашдаа өөрөө болон гэрийхэн нь яах бол гэсэн санаа зовиноо, мөн Бурханы амалсан Канаан газарт орж чадахгүй байх гэсэн айдсаа Бурханд залбирлаар авчирсан. Энэ үйл явдалыг харвал Иаков
– Итгэлээр өсөж төлөвшсөн байгааг харж болно.
Израил өмнө нь асуудал гарах үед өөрийн санаа бодлоор шийдэж байсан бол энэ удаа өвөг эцэг болон эцгийнхээ Бурханы өмнө нь очиж тахил өргөн Бурханаас асууж байна. Бид Иаковын адил асуудал гарах үед өөрсдийн арга барил тооцооллоор хийх биш, харин Бурхан дээр очиж Түүний тусламж удирдамжийг хүсэх хэрэгтэйг харж болно. Энэ цаг үед бид нарт Бурханы үг болох библи байгаа учир библиэ уншиж Бурханы үгтэй байснаар элдэв санаа зоволт, саад бэрхшээлүүдийг Бурханы үгээр даван туулах болно.
Иаковт Бурхан хариулахдаа “Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет рүү явахаас бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно”. Ингэж хэлсэнээрээ Бурхан дараах 3 зүйлийг ойлгуулсан.
1-рт, Бурхан өмнө нь Абрахамд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд юм.
Эхлэл 15:12-21-д Бурхан Абрахамын үр удмынхан харь газарт 400 жилийн турш зарцлагдаж дарлагдсаны дараа Бурханы амласан Канаан газар уруу эргэж ирнэ гэж зөгнөсөн. Энэ зөгнөлийн биелэлийн эхлэл болгож Иаковын гэр бүлийг Египит нутаг руу явуулж байна. Энэ нь ямар итгэмжтэй, хүч чадалтай, төсөл Нэгэн болохыг харж болно.
2-рт, Бурхан Египетэд Израилийн гэрийнхэнийг агуу үндэстэн болгохын тулд яваарай гэсэн.
Иаковын гэрийнхэн Египет очиж байж агуу том үндэстэн байгуулах боломжтой болно гэсэн үг. Хэрэв тэд Канаан газарт үргэлжлүүлэн амьдарвал Иаковын хөвгүүд, тэдний дараагийн үеийн үр удам нь Канаанчуудтай гэрлэн холилдох аюултай юм. Эхлэл 38-р бүлгээс үзвэл Иуда нь аль хэдийн Канаан эмэгтэйг эхнэр болгож үр хүүхдүүдтэй болсон. Эцэст нь тэд Канаанчуудын хиймэл шүтээнүүдийг дагаж, цорын ганц Бурханыг дагаж байсан Абрахамын үр удам замхран алга болно. Мөн хиймэл шүтээнээс болж тэд ч Канаанчуудтай хамт шийтгэгдэн сөнөөгдөх аюултай юм. Абрахамыг сонгож Эзэний замаар дагуулан зөв ба шударга ёсыг үйлдэх агуу их хүчирхэг үндэстэн болгох гэсэн Бурханы төлөвлөгөө нь биелэгдэхгүй болно (Эх 18:18,19). Иймд Иосефийг удирдаж Египетэд авчирсан Бурхан одоо Иаковын гэрийнхнийг Египет рүү явуулах гэж байна. Цаашлаад Египетэд тэднийг Гошен гэдэг газар суулгахаар бэлтгэсэн. Зарлигийн 47:1-6 зүйлийг үзээрэй.
Иосеф ах нараасаа 5 хүнийг сонгож Фараонд бараалхуулснаар Гошен газарт суух зөвшөөрлийг хүссэн тухай 4-р зүйлд гарч байна. Үүний дараа Иосеф эцэг Иаковаа дагуулж Фараонд бараалхуулжээ. Иаков Фараонд бараалхаад юу хийсэн гэж байна вэ? Тэр Фараоныг ерөөсөн. Эндээс харвал Иаков Фараоны өмнө айж садарсан зүйлгүй харин ч итгэлээр дүүрэн байж түүнийг ерөөсөн. Иаков өөрийгөө Бурханы эш үзүүлэгчийн байр сууриар Бурханы ерөөлөөр Фараоныг ерөөсөн. Гаднах байдлаар нь Иаковыг Фараонтой харьцуулвал ган гачигаас болж тусламж гуйхаар ирсэн ядарсан хөгшин, хэн ч биш юм шиг харагдана. Тиймээс тэр Фараоноор ерөөлгөх хэрэгтэй юм шиг харагдаж байна. Гэвч Иаков өөрийнхөө өмнө зогсож байгаа хүн нь хүчирхэг улсын хаан байсан ч итгэлтэйгээр түүнийг ерөөсөн.
Бидний итгэлийн амьдралд энэ мэт санаа зовиур зөндөө байдаг. Өөрөөсөө ахмад, эрх мэдэлтэй хүнээс айж эмээлгүй эдгээр хүмүүсийг Бурханы үг ба ерөөлөөр ерөөж сурах хэрэгтэйг сануулан хэлж байна. Иаковтай адил ерөөвөл гаднах байдалд биш, харин Бурханаас ирдэг тэнгэрлэг ерөөл гэдгийг ойлгож болно. Тиймээс Иаков Бурханаас авсан сүнслэг эрх мэдлээр Египетийн хаан Фараоныг ерөөж чадсан.

3-рт, Бурхан тэднийг агуу үндэстэн болгох гэж байгаа нь тэднийг ариун ард түмэн, тахилч улс болгоод зогсохгүй, тэд нараар дамжуулан бүх ард түмнийг ерөөн аврахын тулд юм

Бурхан Абрахамд амласанчлан тэднийг агуу их хүчирхэг үндэстэн болгосноор бүх ард түмнийг аврах ажилд хэрэглэхийг хүссэн. Бурхан Абрахамд өгсөн амлалт “Чамайг ерөөн, алдар нэрийг агуу болгож, агуу үндэстэн болгоно” гэсэн амлалт юм. Энэ амлалт нь зөвхөн Израил төдийгүй бүх үндсэнийг буюу бүх дэлхийг аврах ажлыг эхлүүлсэн байна. Абрахам итгэлээр бидний өвөг дээдэс болох юм. Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг цөөхөн тоотой бус агуу их хүчирхэг үндэстэн болгохыг хүсдэг. Энэ нь бүх цаг үед хэрэгжих Бурханы хувирашгүй хүсэл таалал юм. Бид олон биш ч гэсэн итгэлээр агуу байвал үндэстнүүдийг байлдан дагуулах болно. Өөрийн ард түмэн нь үржин олширч хүчирхэг болсноор Бурханыг танихгүй улс, үндэстнүүдийг Есүсийн сайн мэдээгээр байлдан дагуулахыг Бурхан биднээс хүсдэг.
Монгол болоод дэлхийн оюутнуудыг авралын сайн мэдээгээр байлдан дагуулаарай гэсэн үүргийг бидэнд хариуцуулан өгсөн. Үүнийг биелүүлэх гэвэл Эзэн Есүст итгэдэг бид агуу их хүчирхэг үндэстэн болох хэрэгтэй. Ганц өөрийн авралд санаа тайвшран назгайрч, энэ дэлхийд сайхан амьдрахыг хичээх бус, харин сайн мэдээ сонсоогүй хүмүүс ба оюутан залуучууд уруу анхааран олон хүмүүсийг Есүсийн дагалдагчаар босгох хэрэгтэй. Бурхан Иаков гэсэн нэг хүнд Агуу үндэстэн болгоно гэсэн амлалтаа өгсөн шиг бидэнд ч амлалт ба хүсэл найдварыг тавьж байна. Мөн манай чуулганд ч ийм хүсэл найдварыг тавьж байна. Манай цуглаан бүх ард түмнийг аврах ажилд хэрэглэгдэх гэвэл тоогоор ч их болж, сүнсээр хүчирхэг залуучууд олон болох хэрэгтэй. Хамгийн сүүлд намарын библийн сургуулиар хүсэл тэмүүлэл итгэлээр дүүрэн сэргэлт багийн 2 хоёр хоньчинг хамтран зүтгэгч болгон өгсөн Бурханд талархаж байна. Энэ цаг үед Бурхан биднийг итгэлийн минь дагуу Бурханы хайраар дүүрэн, Бурханы амар тайвныг өөрөөсөө гэрэлтүүлдэг амьдралаар биднийг удирдах болно. Бурхан биднийг сэргээх болно. Биднийг улам өнөр өтгөн болгох болтугай. Амен
2. Гэрээслэл үлдээсэн Иаков (47:13-48:22)

47:13-26-д ган зуднаас болж сүйрэхээс аргагүй байдалд орсон бүх ард түмнийг Иосеф хэрхэн аварч байгаа тухай бичжээ. 47:13,14-г үзээрэй Египет болон Канааны бүх газар ган зудад нэрвэгдсэнээс болж ямар ч идэх юмгүй болж туйлджээ. Энэ үед хоол хүнс худалдан авахаар бүх газар нутгаас хүмүүс мөнгө авч ирэв. Иосеф үр тариа худалдан тэдний бүх мөнгийг хурааж Фараоны ордонд цуглуулав. Тэгээд Фараон хааны эдийн засаг улам бат бэх болжээ. Ган зуд үргэлжлээд хүмүүс мөнгөө дууссан учир малаа авчран үр тариа авах болов. Ган зуд дуусаагүй тул дараа нь хүмүүс Иосефт ирэн өөрсдийн бие ба газарыг нь хоол хүнсээр худалдаж авахыг гуйв (47:18). Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг худалдан авч Фараонд өгчээ. Ингээд Египет улсын мөнгө санхүү улам бат бэх болж Фараон хааны эрх мэдэл улам хүчирхэг болжээ. Иосефын нэр алдар ба эрх мэдэл ч улам хүчтэй болсон.

Харин энэ үед Иосеф эрх мэдлийг буруугаар ашиглаагүй. Тэрээр ард түмнийг аврахын төлөө хичээнгүй ажилсан. 21-р зүйлээс үзвэл Египетийн бүх хүмүүсийг хот руу нүүлгэн хоол хүнсээр хурдан хангагдах боломжийг өгөн, үүгээр зогсохгүй 24- зүйлийг үзвэл ургацынхаа 20 хувийг л татвар болгон төлүүлж 80%-г өөрсдөдөө авах аргыг санаачилсан. Энэ нь тухайн үед маш энэрэнгүй зарчим байлаа. Үүнээс болж ард түмэн Иосефт маш их талархсан. 25-р зүйлийг үзвэл тэд амийг нь аварсан Иосефт талархан сайн дураараа Фараоны зарц больё гэсэн.
Иосеф ард түмний төлөө маш ухаалаг ажилсанаар бүх ард түмнийг аврах ажилд нандинаар хэрэглэгдсэн. Мөн Иосефийн энэ ачаар Иаковын гэр бүл ч аврагдаж улам өнөр өтгөн болж ерөөгдсөн. 27-г хамт уншицгаая “Изральчууд Египет нутагт Гошен газар нутаглан сууж, тэндээ суурьшин өсөж, үржээд үлэмж олон болжээ”. Иосефоор дамжуулан Бурхан Өөрийнхөө ард түмэнд тавьсан хүсэл төлөвлгөөг биелүүлж чадсан билээ. Египет нутагт Иаков 17 жил амьдран сууж, тэндээ нас барсан. Мөн 29-р зүйлийг харвал Иосеф намайг Египет нутагт битгий оршуулаарай гэж Израил захисан тухай гарч байна. Одоо түүний үр хүүхэд Гошен нутагт тогтвортой, элбэг дүүрэн сайхан амьдарч байхад яагаад заавал өөрийгөө Канааны Махпелад оршуулаарай гэж байгаа юм бол? Яагаад гэвэл тэрээр ингэж захисанаар Канаан газар бол Бурханы амласан газар бөгөөд Израел болон үр удамд нь өв болгон амласан гэдгийг мартуулахгүйн тулд байв. Бурхан түүнд үр удмыг нь Египетээс гарган амлалтын Канаан газарт буцаана гэж амласан. Иаков Египетэд өөрийн үр удам өнөр өтгөн болж байгааг ажиглаад Бурханы энэ амлалт нь заавал биелэгдэнэ гэдэгт бат итгэсэн. Эцэст нь Канаан руу буцаана гэдэгт итгэсэн учраас ийнхүү захисан юм. Түүний үр удам Египетэд удаан сайхан амьдарвал аажмаар Канаан газрын тухай Бурханы амлалтыг мартахад хүрнэ. Гошен нутаг хичнээн гоё элбэг дүүрэн газар байсан ч Бурханы амласан газар биш байв. Тиймээс Иаков өөрийгөө Канаан нутагт оршуулснаар хойчийн үр удамд энэ газрыг сануулахыг хүсчээ. Иаков Бурханы амлалтын дагуу холыг харж, энэ амлалт заавал биелэгдэнэ гэдэгт итгэн ийм гэрээслэл үлдээсэн.
Бид ч гэсэн ийм алсын хараатай болох хэрэгтэй. Бурханы амлалт заавал биелэгдэнэ гэдэгт итгэн өнөө маргаашийн зүйлээс илүү ирээдүйг харж өнөөдрийхөө сонголтыг хийх хэрэгтэй. Мөн Иаков Египет дахь амьдрал хичнээн сайхан байсан ч энэ амьдралд автагдаагүй. Харин түүний хамгийн сүүлчийн хүсэл нь өвөг дээдсийг нь оршуулсан газарт хамт оршуулагдсанаар Бурханы амлалтыг үр удамдаа залгамжлах байсан. Бурхан бидэнд өгсөн амлалт бол тэнгэрийн хаанчлал юм. Энэ амлалт заавал биелэгдэнэ гэдэгт итгэн өнөөдөр итгэлийн үйлс гарган амьдарч, үр хүүхдэд ч энэ амлалтыг өвлүүлж чадахыг хүсэн гуйж байна.

48-р бүлэгт Иаков Иосефын хүү Манассе, Ефраим хоёрыг өөрийн өв залгамжлалын хүүхэд болгон өргөн авч, тэднийг ерөөсөн. Тэднийг ерөөхөд Иаков Бурханы тааллын дагуу дүү Ефраимыг ууган хүүгийн ерөөлөөр ерөөжээ. Үргэлжлүүлэн 48:21, 22-р зүйлийг үзвэл Иаков үр удмыг Египетээс гаргаж өвөг дээдсийн Канаан нутаг руу буцаана гэсэн Бурханы амлалтыг дахин Иосефт суулгаж байна. Ингэснээр Абрахам, Исаак ба Иаковт үер залгамжлан ирсэн Бурханы амлалт ба ерөөлийг Иосефт уламжлан өвлүүлж байна. Бид ч Бурханы өгсөн амлалт ба ерөөлийг үе залгамжлан өгч чадах амлалтын итгэлтэй хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.

Дүгнэлт : Бурхан Эзэн бол амлалтаа заавал биелүүлдэг итгэмжит Бурхан билээ. Бурхан Абрахам, Исаакт өгсөн амлалтыг биелүүлэхийн тулд Иаковын итгэлийг дасгалжуулж эцэст нь агуу үндэстэн болгосон. Үүний тулд Иосефыг Египет рүү явуулж, ерөнхий сайд болгож түүгээр дамжуулан Иаковын үр удмыг Египетэд өнөр өтгөн болгосон. Абрахам Исаак Иаковоор дамжуулан Өөрийн ард түмнийг удирдан дагуулж энэ дэлхийг аврах ажилдаа хэрэглэсэн түүх нь үнэхээрийн гайхалтай. Өнөөдөр Есүс Христээр дамжуулан биднийг гэм ба шийтгэлээс аварч Өөрийн авралын ажилд дуудсан Бурхан бол агуу хүчит Нэгэн байна. Бурханы бидэнд тавьсан алсын хараа, дуудлага нь агуу билээ. Бид бүхэн Бурханы бидэнд тавьсан агуу хүсэл найдварт бүрэн итгэж, энэ жил нэг оюутан хоньтой Библийн хичээл хийснээр Түүний авралын ажилд нандинаар хэрэглэгдэхийг хүсэн гуйж байна. АМЕН

өмнөх нийтлэл2024 оны НБК 3-р номлол (10.20) Н. Ариунболд хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2024.11.04/