2024 оны НБК 2-р номлол (10.19) Абрахам Нямсүрэн

ААВЫН АГУУ ХАЙР

Лук 15:11-32
Гол эшлэл: 15:20

“Тэгээд тэр босож, эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.”

Энэ цагт бидний суралцах номлол нь Бурханы хайрын тухай юм. Есүс сургаалт үлгэрээр эцгээ орхин дураараа амьдарсан ч эргэн ирж буй хүү болон ирсэн хүүгээ баяртайгаар хүлээн авч буй аавын зүрх сэтгэлийг зааж байна. Энэ номлолыг сурснаар хүн бүр өөрийн алдаа зөрчил, гэм нүглийг олж хараад, чин сэтгэлээр гэмшин Бурхан Аав дээрээ ирж, хайр ба баяр баясгаланг амсаж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 11-р эшлэлийг хараарай. “Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ.”
Хоёр сайхан хүүтэй нэгэн хүн байжээ. Тэрээр мал сүрэг арвин, хоёр хүүгээ юугаар ч дутаалгүй эрүүл саруул сайхан өсгөсөн байна. Түүний хоёр хүү нь хаанаас ч харсан бие бялдар, ааш зан сайтай, нутаг олондоо ч нэр хүндтэй, дуулвал ч дуулчихдаг, барилдвал ч барилдчихдаг, ажилд бол хэнийг ч дагуулахгүй гүндүүгүй сайхан залуус байлаа. Гэвч бага хүүгийн хувьд өглөө босоод малдаа явна, маргааш дахиад л малдаа явна… энэ мэт малчин хүний хийдэг ажлуудаа давтан хийх нь уйтгартай, сонирхолгүй санагдах болов. Үеийн залуусын адил их хотын амьдралаар амьдарч, ажиллаж, өөрийн дураар бүхнийг хийж үзэхийг хүсэв. Хэрэв ийнхүү аавын хажууд мал маллаж насыг барвал хичнээн залхмаар бөгөөд хэдий хүртэл хөдөөний орк гэж дуудуулах юм гэсэн санаа зоволт ч толгойд нь эргэлдэх болов. Тэгээд бодсоны эцэст нэгэн шийдвэрийг зориглон гаргажээ.
Одоо 12-р эшлэлийг үзээрэй. “Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч…” гэж хэлэв. Тухайн үед Израильчуудын соёлоор аав нь нас барсны дараа бага хүү нь хөрөнгөнийхөө гуравны нэгийг авдаг байжээ. Харин амьд ахуй цагт нь ийнхүү хөрөнгөө авч байгаа нь аавыгаа үл хүндэтгэж, доромжилсон байж боломгүй хүсэлт байсан. Харин аав нь энэ хүсэлтийг хэрхэн хүлээн авсан бэ? Хүүдээ үнэхээр хайртай байсан учраас ямар ч эсэргүүцэл дургүйцэлгүйгээр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв.
Хүүгийн хувьд аав эсэргүүцэж зэмлэвэл яах билээ гэсэн айдас эмээлттэй байсан ч аавынхаа зөвшөөрлийг сонсоод “Ураа, урагшаа” хэмээн хашхирч зориг шулуудан алс холын оронг зорин аяны жолоо өргөв. Гэрээсээ хол явж, бие даан амьдарна гэдэг бага хүүгийн хувьд эрх чөлөө болон аз жаргалаа олсон мэт санагдаж байлаа. Ер нь 18, 19-тэй залуус ганцаараа, өөрийн дураар амьдарч, юу хүссэнээ хийж үзмээр санагдан эцэг эхтэйгээ тэрсэлдэх үе байдаг. Өөрөөр хэлбэл галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, хөлчүү барын аманд хөлөө жийхээс буцахгүй нас гэдэг шиг эрч хүч нь дотроос нь ундраад, юуг ч хийж бүтээнэ, чадна гэсэн дэврүүн хүсэл тэмүүллээр дүүрэн нас юм.
Бага хүү хичнээн олон сайхан зүйлийг төлөвлөж, хүсэн мөрөөдөж байсан болоо. Хувийн компани байгуулж бизнес эрхлэх, хамгийн шилдэг сургуульд мэргэжил эзэмших, Богд уулын аманд хаустай болох, хамгийн сүүлийн үеийн феррари хөлөглөн хотын төвөөр салхи татуулан давхина гэх мэтээр бүх зүйлийг маш сайхнаар төсөөлж байсан байхаа.
Гэвч түүний амьдралд юу тохиолдсон бэ? 13б-р эшлэлээс харвал “Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.”
Тэрээр хэтэрхий дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө үрэн таран хийжээ. Тэрээр хотын охидод сэтгэл татагдан завхайрч, дээд зэрэглэлийн буудалд буудаллан архидаж, зугаа цэнгэл хөөн наргиж цэнгэн, мөрийтэй тоглож хамаг юмаа алдан, койн хувьцаа худалдан авч, нэг л мэдэхэд хамаг мөнгөө үрж дууссан байв. Ийнхүү сохор зоос ч үгүй болсон тэрээр гудамжаар лааз өшиглөн явахаас аргагүй болов. Гай газар доороос гэгчээр тэр үед нь аймшигтай цар тахал дэлхий дахинаа нүүрлэж, хил хааснаас болж эдийн засгийн хямрал нүүрлэн юм юмаар гачигдах болов. Санамсаргүй нутгийн ахтайгаа тааралдан гахайн фермд нь ажиллах болов. Өлсөхийн эрхэнд гахайн хоолноос идэхийг хүссэн ч гахайн хоол ч түүнд олдсонгүй. Энэ үед “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг үг яасан үнэн үг вэ гэж бодогдсон байхаа. Ийнхүү тэрээр ганцаардал, гадуурхалт, өлсгөлөн, зүдрэл, өвдөх, гачигдахын зовлонг биеэр амсах болов. Энэ үед гэрээ санан “Сар шиг хол нутаг” дууг дуулж өөрийгөө тайтгаруулсан байхаа.
Ийнхүү дуулах үедээ амьдралын утга учир, үнэ цэнэ, аз жаргалын талаар эргэцүүлэн бодох болов. Өөрийн ийм байдалд хүрсэн шалтгааныг ч олохыг хичээв. Хүний амьдралын зовлон жаргалын шалтгааныг ч мэдэхийг хүсэв. Хүн өөрийн оюун бодол, ухаанаар үнэн худал, зөв бурууг ялгаж чаддаггүй. Тиймээс хүн сүйрлийн замаар алхаж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хүн өөрийн төлөвлөгөө, хүслийн дагуу амьдарвал хурдан амжилтанд хүрч, их мөнгө олж, ирээдүй баталгаатай сайхан болох юм шиг санадаг. Гэвч зөв мэт санагдсан зам нь эцэстээ сүйрэл рүү хөтлөхийг мэддэггүй.
Бага хүүгийн хувьд амьдралынхаа уналтын хамгийн доод цэг дээр ирэх мөчид амьдралын үнэнийг ухаарч эхэлсэн. Тэр өмнө нь эцгийн хайр халамжийг ямар их хүртэж, эцэг нь зарц нартаа ч хичнээн сайхан сэтгэлээр хандаж, эцгийнхээ хайр халамж, хамгаалалт дор хязгааргүй аз жаргалтай байсныг ухаарав. Түүний аав нь уужим хайраар дүүрэн, мэргэн ухаан ба тэвчээртэй, сайн зөвлөгч ба сурган хүмүүжүүлэгч, уул шиг нөмөртэй байсныг сая л ухаарав. Үүнээс гадна өөрийгөө хичнээн талархах сэтгэлгүй, тэрслүү, дуулгаваргүй, өөдгүй нэгэн бөгөөд аавдаа үнэхээр хүндэтгэлгүй муухай зан гаргаснаа ч ухаарав. Ийнхүү тэр аавынхаа өмнө үйлдсэн бүхий л муу муухай бүхэндээ гэмшив. Мөн эсрэгээр аавынхаа сул тал, алдаа дутагдал, өөрийг нь шархлуулсан бүх зүйлсийг уучлан, бүхний эцэст аавын хайр халамжинд байсандаа маш их талархсан. Бага хүү ийнхүү зовлон шаналал дунд өрөвдмөөр байдалтай болсон нь эцгээсээ холдон явж, дур зоргоороо амьдарсны үр дүн гэдгийг ойлгов.
Сургаалт үлгэрийн энэ хэсгээс бид юу сурч болох вэ? Энд гарч байгаа эцэг нь Бурхан бол хүү нь Бурханаас холдсон хүн төрөлхтөнг буюу өнөөгийн оюутан залуусыг зааж байна.
Их сургуулийн босгыг алхан орж, амьдралынхаа нэгэн шинэ алхмыг эхлүүлж буй залуус “дуртай мэргэжлээ эзэмшиж, сайхан амьдарч, төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ ачийг хариулна даа” гэж боддог. Нөгөө талаар залуу насны амтыг мэдэрч, эрх чөлөөг эдлэн юу дуртайгаа хийж үзэн, өөрийнхөөрөө бүхнийг шийдэж амьдрахыг хүсдэг. Гэвч тэдний амьдрал ямар байдаг вэ?
Их сургуулийн шинэ найз нөхөдтэй болж, төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг ч алгасалгүй тэмдэглэн, цагийн ажил хийж, хагас нойртой хичээлдээ суусан болж явсаар нэг мэдэхэд сурах зорилгоо ч умартсан байдаг. Цаг хугацаа өнгөрсөөр гэнэт ухаан ортол аль хэдийн шалгалт шүүлгийн цаг болсон байна. Тэгээд ухаарлын долоо хоногт хоол нойргүй л шахам хичээлээ хийж, гэмшлийн долоо хоногтойгоо золгох нь тэр. Хэд хэдэн хичээлд өндөглөж, шалгалтаа ч хангалтгүй өгсөн тул дахин судлах авна. Нөгөө нойр хоолоо хасаж олоод хадгалсан багахан мөнгөө дахин судлах, дахин шалгалт, төлбөртөө өгнө. Харин аав ээждээ хичээлдээ унасан гэж хэлэхээр ичгэвтэр бөгөөд тэднийхээ урмыг хугалсан хэрэг болох тул худал хэлж мөнгө нэхнэ. Ийнхүү худал үг, хуурмаг амьдрал, бөөн санаа зовиур, өөрийгөө буруутган амьдардаг. Яг л энэ түүх дээр гарч буй бага хөвгүүн шиг сэтгэл сүнсний эрх чөлөө хайн, сэтгэл хангалуун байдлыг авахыг хүссэн ч олохгүй учир баар цэнгээний газар орж, зугаа цэнгэлийг хайж, үзэл бодлын янз бүрийн намагт шигдэн явдаг. Тэгээд эцэст нь өөрийн хийсэн алхамдаа харамсахаас өөр зүйлгүй үлддэг.
Мэдээж бүх залуус ийм биш л дээ. Хичээл сурлагадаа сайн, аав ээждээ дуулгавартай, ачлалтай, архи тамхи, зугаа цэнгэлд цаг мөнгөө ч үрэн таран хийдэггүй, хаанаас нь ч харсан өөгүй мэт атаархмаар залуус байдаг. Гэвч тэдний дотоод сэтгэлийг өнгийн харвал өнчрөл, гадуурхал доромжлол, ядуурал, бүтэлгүй дурлал, хүнд өвчин гэх мэтийн сэтгэлийг нь зовоосон асуудлаар дүүрэн байдаг. Тэрхүү асуудлууд нь бүрэн шийдэгдээгүй учир дэмий дотроо шаналж, гансарч явах нь их. Магадгүй тэрхүү хүнд хэцүү асуудлыг даван туулахын тулд хичээлдээ шамдан суралцаж, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог. Ийм залуусын түгээмэл зүйл нь үргэлж сэтгэл хангалуун, амар тайван бус байдаг.
Түүнчлэн гаднаас нь харахад баяр баясгалантай, бусадтай үргэлж дотно нөхөрлөж хүмүүсээр хүрээлүүлж явах залуус ч байдаг. Гэвч тэдэнд бусдыг хайрлах, хайрлуулах хэрэгцээ их байдаг бөгөөд хайрын цангаасалтай байдаг бөгөөд эцэг эхийн хайраар дутагдаж, үл тоох, гадуурхалт зэрэг сэтгэлийн хоосрол, шархтай байх тохиолдол байдаг. Энэ мэт хүн бүрийн амьдралд ямар нэг хэмжээгээр амьдралдаа авсан сэтгэлийн шарх ба зовлон байдаг.
Тэгвэл яагаад хүмүүсийн амьдрал ийм зовлонтой байдаг юм болоо? Зовлон, асуудалгүй амьдарч болохгүй гэж үү?
Үнэндээ энэ нь хүн төрөлхтний гэмийн улмаас юм. Ром 5:12-д “Нэг хүнээр ертөнцөд нүгэл, нүглээр үхэл орж ирсэн бөгөөд бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүнд үхэл иржээ.”
Хүн Бурханыг мэдэхгүй, хол хөндий амьдарч буй учир бузар сүнсээр удирдуулан амьдрахаас аргагүй байдаг. Ийм хүмүүс нь Бурханыг эсэргүүцэж, үл тоомсорлон, Бурханд итгэж үйлчлэхийг ч хүсдэггүй. Энэ нь тэр чигээрээ гэм юм. Гэмээс болж үргэлж санаа зовиур, зовлон шаналал, сэтгэл ханамж ба тайвшралыг олж авч чадахаа больсон бөгөөд энэ дэлхийн зүйлсээс тайвшрал, амар тайван, баяр баясгалан, аз жаргалыг хайсаар байдаг. Гэхдээ Бурхан бидэнд хандсан хайраа илэрхийлэн Өөрийн цорын ганц хайртай Хүү Есүсийг бидний гэмийн төлөөс болгон илгээсэн юм. Есүсээр дамжуулан бүх л зовлон ба ядуурал, гэм ба хараал, үхлийн асуудлыг ч шийдвэрлэж өгсөн. Мөн бидэнд мөнхийн амийг ч өгсөн бөгөөд Бурханы улсын иргэн байх үүдийг нээж өгсөн. Амен
Харамсалтай нь олон залуус Бурханыг таньж мэдэхгүй бөгөөд Бурхан Аав л жинхэнэ сэтгэл ханамж ба амар амгалан, баяр баясгалан, хайр өршөөлийг өгдөгийг мэдэхгүйгээс төөрөлдөн зовлон гуниг, сэтгэлийн шаналалаар дүүрэн амьдарч байна. Яг л сургаалт үлгэрт гарч буй бага хүүтэй адил юм. Тиймээс энэ цагт хүн бүр одоо хаашаа явж байгаа болон юунд хүрэх гэж, юуны төлөө амьдарч буйгаа бодож үзээсэй гэж хүсч байна. Үнэхээр зөв, амар амгалан, аз жаргал баяр баясгалангаар дүүрэн амьдрал байна уу, утга учир зорилготой амьдрал мөн үү? Тэгвэл одоо яах вэ?
Одоо бүгдээрэй 18, 19-р эшлэлийг хамт уншицгаая. “Би босоод эцэг уруу очьё. Тэгээд түүнд –Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч” гэж хэлье гэв.
Бага хүүгийн хувьд аавтайгаа уулзах нь хичнээн ичгүүртэй хэцүү байсан ч өөрийнх нь хийсэн бүх үйлдэл гарцаагүй буруу гэдгийг ухаарсан учир үнэнээ хэлээд аав дээрээ очихоор шийдсэн. Үнэндээ түүнд өөр сонголт байгаагүй бизээ. Чин сэтгэлээсээ өөрийн гэм бурууг ухаарч гэмшсэн учир амаараа хэлээд зогсохгүй бодит алхам хийж, өөрчлөгдөхийг хүсчээ.
Миний хувьд хичээлдээ сайн, архи ууж, зугаа цэнгэл хөөж хэрэг төвөг тарьдаггүй учир өөрийгөө гэмтэй гэж боддоггүй байлаа. Гэхдээ оюутан болоод өмнө нь эдлээгүй эрх чөлөөгөө эдэлж, хийж үзээгүй зүйлсээ хийж үзмээр, олон найз нөхөдтэй болмоор байсан учир энэ бүхнийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд их сургуулийнхаа болон 10-н жилийн ангийн залуустай нийлж шоудах, баар цэнгээний газар зугаацах, завхайрах зэргээр өмнө байсан Нямаа өөрчлөгдөж, найз нөхдийн хүрээлэл болон хийж буй зүйлс нь ч эсрэг тэсрэг болж эхэлсэн. Өмнөх даруухан хүн маань гадаад төрх болон зан байдал, үйлдэл ч буруу зам руу эргэх болов. Энэ л мөчид оюутны цуглаанд дуудагдсан бөгөөд хичнээн гэмтэй бөгөөд өчүүхэн нэгэн байснаа ухаарсан. Есүс Христийн загалмайгаар дамжуулан бүх гэм нүглийг минь уучлан өгсөн Бурханы хайранд итгэж, гэмээ улайн гэмшсэн. Ийнхүү энэ дэлхийгээс хайж байсан хайр, баяр баягалан, амар амгаланг Бурхан миний амьдралд бялхам дүүрэн өгсөн юм.
Хүн өөрийн алдаа бурууг ухаарч, өөрчлөгдөх шийдвэр гаргах нь маш чухал алхам юм. Ихэнх нь буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээнэ гэдгээ мэддэггүй. Өөрийн явж буй замыг, амьдарч буй амьдралыг зөв л гэж боддог. Гэхдээ Бурхан Өөрийн үг болох Библиэр дамжуулан зөв амьдрал, зөв замыг тодорхой зааж өгсөн. Иохан 14:6-д “Есүс – Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” гэж хэлсэн. Хамгийн үнэн, зөв зам бол Бурхан Аав уруугаа очих зам бую Есүс юм. Энд сууж буй та бүхэн бага хүү шиг бардам сэтгэлээ орхин, өөрийн сул дорой гэмт амьдралыг гэмшиж, Бурхан Аав уруу ирээсэй хэмээн хүсч байна. Хэрэв гэмшин эргэхгүй бол хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй бөгөөд Бурхан Аавын агуу хайрыг амсаж мэдэрч чадахгүй.
Одоо 20-р эшлэлийг хамт уншицгаая. “Тэгээд тэр босож, эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.”
Хүү нутгийн зүг, эцэг уруугаа явжээ. Мэдээж түүнд ямар ч мөнгө байхгүй учир ачааны машинд үнэгүй дайгдах болов. Ийнхүү холын замд өлсөж, даарч, ядарч явахдаа “Аав маань хэрхэн хүлээж авах бол, нутгийнхан намайг юу гэж хэлэх бол, цаашид юу хийж, яаж амьдрах билээ” гэх мэт ирээдүйн талаар, ирэх өдрүүдийн тухай бодож явсан байхаа. Нутгийн бараа харагдан уул, ус, ургамал ногооны үнэр нь түүний сэтгэлийг үнэхээр хөдөлгөв. Би чинь ямар сайхан газар амьдарч байсан юм бэ? Өсөж төрсөн нутаг минь хамгийн үзэсгэлэнтэй, амар амгалан, энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай газар юм байна гэх бодол төрөв. Энэ зуур гэрийнх нь бараа ч харагдав.
Харин гэртээ эргэн ирж буй хүүгээ эцэг нь хэрхэн хүлээн авсан бэ?
Гахайн баас шивтэр үнэртсэн, урагдаж хиртсэн хувцастай, шарх сорви болж танигдахын аргагүй болсон хүүгээ эцэг нь холоос харж, ихэд баярлан, гүйж ирээд чанга тэврэн үнсэв. Ийнхүү аавын халуун энгэрт тэврүүлэн, түүний хайр өршөөлд нь уярсан хүү нулимс дусаан енгэнэтэл гэмшин уйлав. Тэгээд “–Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Энэ бол чин сэтгэлээр гэмээ ухааран гэмшсэн хүүгийн чин сэтгэлийн өчил байсан юм. Харин хүүгээ өдөр бүр буцан ирэхийг хүлээж байсан аавын зүрх сэтгэл ямар байсан болоо. Хүү нь эцгийнхээ гэрийг орхин явсан ч хүүдээ хандсан хайр нь хэзээ ч хувираагүй юм. Хүүдээ эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг өгч явуулсан нь буруу байсан юм болов уу, хориглож зэмлээд гэрт нь үлдээдэг л байж гэж харуусан шаналж байсан байхаа. Би л сайн хүмүүжүүлж чадаагүй учраас дуулгаваргүй зөрүүд занг гаргажээ гэж өөрт хамаг бурууг тохон гэмшин, харуусаж байсан ч байх. Тиймээс хүүгээ хайж, зарлуулж, TV-ийн Тавилан нэтрүүлэгт хүртэл оролцох гэх мэтээр бүх л сувгаар хайгуул хийсэн байхаа. Гэхдээ нэг л өдөр хүү нь буцаж ирнэ гэсэн найдлага, хүлээлт байсаар байсан. Харин гэнэт нэгэн өглөө усанд хаясан чулуу шиг алга болсон хүү нь гэртээ эргэн ирсэнд туйлаас их баярлаж байв. Тиймээс ч хүүгийнхээ өнгөрсөн амьдралыг сөхөн хариуцлага тооцож, шийтгэх бус яг одоо ирсэн байгаад нь маш их баярласан. Энэ үйл явдлаар Бурхан аавын бидэнд хандсан хайрыг бүрэн илэрхийлж байгаа юм.
Тэгвэл тэрхүү Бурханы хайр нь ямар байдаг вэ? Гэмээс болж төөрч яваа олон мянган залуусыг Бурхан өдөр бүр Өөр уруу нь ирээсэй хэмээн хүсэн хүлээж байдаг. Бурхан руу ирснээр гэмийн өршөөл ба ивээл ерөөлийг дүүрэн эдэлж амьдраасай гэж хүсдэг. Мөн хайртай хүүгээ тэвэрч, хамт байхыг, хүүгээ хайрлаж, зааж зөвлөн зөв зам руу хөтлөхийг хүсч байдаг. Бурханы Аавын хайр нь хэзээ ч гэм нүгэл үйлдсэн гээд шийтгэж, тооцоо бодохыг урьтал болгодоггүй. Мөн хатуу болзол тавьж нөхцөл шаарддаггүй. Бурханы хайр нь тэвчээртэй, энэрэнгүй юм. Бурханы хайр нь бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. (1Коринт 13:4,7) Бурхан Аав бидэнтэй ойртож дотносохыг, ярилцаж, ойлголцохыг үргэлж хүсдэг. Бидний хэрэгцээг хамгийн сайн мэдэх учир бүх талаар туслахыг хүсдэг. Бурхан Аавын хайраас л тайтгарал, сэтгэл ханамж, баяр баясгалан, урам зориг, итгэл найдварыг олж авдаг учраас бидний амьдрал өөрчлөгддөг.
Намайг өсвөр насанд байхад хайрт аав минь өвчний улмаас залуугаараа хорвоог орхин явсан. Тийнхүү ээж, дөрвөн дүүгийн хамт амьдрах болсон бөгөөд том хүүгийн хувьд хариуцлагатай байх гэсэн сэтгэлээр бүх зүйлд ханддаг байсан. Хүнд хэцүү асуудал тулгарах болгонд аавыгаа бодож, үгүйлдэг байв. Ялангуяа орны ард өлгөөтэй байдаг аавынхаа зургийг харан аавын минь сүнс намайг харж байгаа гэдэгт итгэн ярилцдаг байсан. Мөн долоон бурхан одыг харан хэрэв бурхан байдаг бол надад болон манай гэр бүлд туслаач гэж нулимс дуслуулан гуйдаг байлаа. Ийнхүү аавынхаа хайрыг үгүйлж байхдаа сэтгэл сүнс минь Бурханыг эрэн хайж байсан юм. Аавтай хүүхдэд атаархан, эцгийн хайр ба халамжийг үгүйлэн өссөн учир хайраар үргэлж цангаасаж байсан. Авга ах нар маань аавын минь оронд аав болж, тусалж дэмжин заан зөвлөдөг байсан ч аавын минь орон зайг нөхөж чадахгүй байсан. Цуглаанд ирээд Библийн хичээл хийх явцад Бурханы хайрыг сурч, Бурханаас ирэх агуу хайрыг мэдрэх болсон. Энэ дэлхийгээс хайж байсан тэр л хайрыг олж авсан. Анх Бурхан Аав гэж дуудах үед төрсөн аав минь бодогдож, аавыгаа үгүйлдэг байсан учир хэцүү санагддаг байлаа. Гэхдээ бүгдийг чадагч, бүхнээс хүчтэй, хайр уучлалаар дүүрэн Бурхан Аавтай уулзах үед туйлын их баяр баясгалан, амар тайвныг амсах болсон.
Одоо бүгдээрэй 25-32-р эшлэлийг хараарай. Ууган хүү эргэн ирсэн дүүдээ хэрхэн хандсан талаар гарч байна. Ууган хүү тайлбай дээрээсээ гэртээ иртэл дуу хуур болж буйг сонсоод гайхан зарц нараасаа юу болоод байгааг лавлан асуусан. Харин “дүү чинь эргэж ирсэн тул аав нь тарган тугал нядлан найрлаж байна” гэдгийг сонсоод уурлав. Ууган хүүгийн хувьд ийнхүү уурласан нь дүүгээ эргэн ирсэнд огтхон ч баярлахгүй байгааг илтгэж байна. Тэрээр эцгийнхээ сэтгэлийг ойлгохгүй байгаа бөгөөд дүүгээ болон аавыгаа ч хайрладаггүй байжээ. Ялангуяа өөрийн хийж буй зүйлсээрээ хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээнгүй зүтгэж ирсэн байна. Мөн маш бардам хатуу зүрх сэтгэлтэй болсон бөгөөд аавын хайраас хэтэрхий хөндийрч холдсон байжээ. Харин зөвхөн ажилдаа болон эд хөрөнгөнд санаа зовон амьдарсан юм шиг байна. Ялангуяа аавтайгаа хайрын харилцаанд байхаас илүү дүрэм журам, тушаалыг л чухалчилж иржээ. Хэдийгээр ууган хүү ийм байгаа ч, аав нь хүүгээ бага хүүгийн адил хайрлаж, бүх л эрхийг эдлүүлж байсан.
Үнэндээ олон жил цуглаанд явсан хүмүүс ууган хүү шиг болоход амархан байдаг. Хэт их дүрэм журам, хууль тушаал, үйлчлэл гэж явсаар Бурхан Аавтайгаа хайрын харилцаа хөндийрсөн байдаг учир Бурханы зүрх сэтгэлийг ойлгохгүй гомдоллож, хүүгийн ёсоор хайр ивээлийг бүрэн эдэлж чаддаггүй. Бурхан Аавын зүрх сэтгэл нь бүх хүн аврагдаасай, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг учраас үүнийг гүнзгий зүрх сэтгэлдээ ухаарах нь чухал юм. Энэ цагт манай хоньчид Бурхан Аавын зүрх сэтгэлийг тунгаан бодож, гүн гүнзгий хайрын харилцааг сэргээж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бурхан бол хайр ба өршөөл уучлалаар дүүрэн Аав юм. Энэ дэлхийн гэмт амьдрал дунд төөрөлдөн хүн нэг бүрийг Өөр дээр нь ирээсэй хэмээн өдөр бүр хүсэн хүлээж байдаг юм. Ийнхүү Өөрийн хайр уучлалыг өгөхийг хүсч байна. Бурханы хайрыг амьдрал дээрээ амсаж мэдрээсэй, тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгоосой (Еф 3:18) хэмээн хүсч байна. Энэ цагт Бурхан Аав хүн бүрийг бардам сэтгэл ба гэм нүглээ гэмшин даруу болгож, Бурхан Аавынхаа хайрын тэвэрт ирээсэй хэмээн урьж байна. Амен!

өмнөх нийтлэл2024 оны НБК 1-р номлол (10.19) Ж. Мөнхтулга хн
Дараагийн нийтлэл2024 оны НБК 3-р номлол (10.20) Н. Ариунболд хн