ЗАЛУУ МИНЬ, БОС
Лук 7:11-17
Гол эшлэл 7:14
“Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд”
Өнөөдөр бид НБС ирээд бүгд сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн энд ирсэн зорилго болох Бурханы үгэнд хүн бүр анхаарлаа хандуулаасай хэмээн хүсэж байна. Хүмүүс бид хүссэнээрээ сайн хүн байж сайхан амьдрахыг хүсдэг атал бидний амьдрал дандаа бидний хүссэнээр байдаггүй. Гэхдээ хичээл зүтгэл, хөлс бүр өөрийн гэсэн үнэ цэнтэй билээ. Тэгвэл хүн хэдий хичээсээр байсан ч амьдралд цөхрөх үе олон байдаг. Хэрэв хүн ийм байдалд орвол гуниг, цөхрөлөөр дүүрэн болох нь лавтай. Тэгвэл яг ийм хэцүү амьдралыг туулж яваа нэгэн эмэгтэйн талаар бид өнөөдрийн номлолоос үзэх болно. Энэ эмэгтэйн түүх библийн хамгийн өрөвдөлтэй түүх байж болох байсан. Гэсэн ч Тэр эмэгтэй Есүстэй уулзсанаар амьдрал нь баяр хөөрөөр дүүрэн болсон юм. Эмэгтэй нь цорын ганц хүү нь нас барснаас гунигтай, аз жаргалгүй болсон. Эмэгтэйн хүү нас барсан нь ганц ээжид нь ч биш бүх хүмүүсийн хувьд гунигтай харамсалтай байлаа. Хүүгийн үхэл нь эргэн тойрны бүх хүнийг үхлийн мухардалд оруулж, мөхөсдөл, цөхрөл ба уй гашууны авсанд хорьсон юм. Яг энэ үед тэр оршуулгын цувааг харсан. ЕСҮС хот руу орж ирж байсан учир энэ цувааны гол хүн болох үхсэн хүү дээр очин “Залуу минь бос” хэмээн хэлсэн. Гэтэл өнөөх үхсэн байсан хүү амилсан юм. Энэ үйл явдлыг харвал Есүс бол амийн Эзэн Бурхан буюу үхсэн нэгэнд ч амийг өгдөг, амьдруулагч юм. Есүс орчлон ертөнцийг бүтээсэн тэр үгийн эрх мэдлээрээ үхсэн залууг амилуулсан. Тэгвэл өнөө үеийн залуус яагаад энэ үхсэн хүн адил байна вэ? Учир нь тэд Есүсийг мэдээгүй учраас юм. Христ болох Есүс нь энэ дэлхийн бүх хүнд илэрхийлэгдэх ёстой тэр ариун нэр билээ. Хэрэв бүгд Есүсийн мэдээд зогсохгүй Түүний амийн үгийг сонссоноор амьтай, амьд оршин байгч болох юм. Энэ цаг үед Есүс үгийг нь сонсогчдод аврал ба амийг өгч байна. Энэ цагт бид ч Есүсийн амийн үгийг сонсож, үхсэн мэт сэтгэл, сүнсэндээ шинэ амийг олж, амийн хүчтэй амьдралаар амьдардаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.
Өнөөдөрийн үгийг харвал 11 Үүний дараа удалгүй Есүс, Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. 12 Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. Найн хот бол Есүсийн өссөн Назараас холгүй байсан ба “баяр хөөр” гэсэн үг юм. Гэвч Наин хотод Есүсийн тааралдсан цуваа нь баяр хөөрийн цуваа бус харин уй гашуу бүхий оршуулгын цуваа байлаа. Ялангуяа энэ оршуулгын цуваа нь хамгийн өрөвдөлтэй, гашуудлын цуваа байсан. Учир нь энэ бол бэлэвсэн эмэгтэйн ганц хүүгийн үхлийн цуваа байсан юм. Бэлэвсэн гэвэл тэр эмэгтэйн нөхөр үхсэн гэдгийг мэдэж болно. Өнөөх эмэгтэй хайртай нөхрийнхөө үхлээс болж маш хүнд амьдралыг даван туулсан. Учир нь хайртай нөхөр эсвэл эхнэр нас барна гэдэг бол насан туршид нь хар толбо болон үлддэг сэтгэлийн шарх учраас юм. Эмэгтэй нөхрийнхээ үхлээс хойш маш хэцүү тарчиг амьдрал дунд цор ганц үлдсэн хүүгийнхээ аз жаргалтай байдлын төлөө өөрийгөө золиослон амьдарсан. Эмэгтэйн хувьд нөхөр нас барсан явдалд өөрийнх нь буруу байхгүй байсан ч үргэлж буруутгагдан түүнийг гадуурхан доромжлох хүмүүсийн дунд зовлонтой амьдарч байсан байхаа. Тэгсэн ч тэрээр өөрийн “би” гэсэн үзэл бодлоо хаяад хүүдээ бүх найдвараа тээн амьдарсан юм. Гэтэл цорын ганц амьдрах хүч болж байсан хүү нь гэнэт нас барсан. Өдийг хүртэл өөрийгөө гаргуунд нь гарган хүмүүс юу гэж хэлэхийг нь үл тоон бүхий л муу муухай бүхнийг тэвчиж, амьдарч ирсэн атал, одоо түүний амьдралд юу ч үлдсэнгүй. Энэ үед эмэгтэйн сэтгэл ямар байсан болоо. Хов хоосон болсон, хэдийгээр амьдарч байгаа болов ч хэдийн үхсэн хүнтэй адил болжээ. Эмэгтэйн эргэн тойронд байх бүх хүн маш их харамсаж байлаа. Гэхдээ тэд ч юуч хийж чадахгүй тул хий дэмий л халаглаж байсан. Залуу хүүгийн үхэл нь түүний ээж төдийгүй, эргэн тойрныхныг, хотынхныг ч уй гашуу ба цөхрөлд унагасан. Бүх үхэл хүмүүсийг гунигтай болгодог. Яагаад гэвэл үхлийн айдас нь Сатаны хамгийн том зэвсэг билээ.
13-г үзээрэй. 13 Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.
Есүс бэлэвсэн эмэгтэйг хараад ихэд өрөвдөв. Энэ “өрөвдсөн” гэдэг грекээр “спланкнижумай” тухайлбал шулуун гэдэс нь мушгих мэт өвдөх гэсэн утгатай үг юм байна. Бид Монголоор ойлгоно гэвэл эмэгтэйг харж өрөвдсөн Есүс нь тэдний өвдөлтийг өөрийн өвдөлт мэт хүлээн аван өвдсөн гэсэн үг юм. Есүс Өөрийн зовлон мэт түүний уй гашуунд гүнзгий оролцон сэтгэл өвдсөн. Есүсийн өрөвдсөн сэтгэл нь түүний үхсэн хүүг амилуулах шалтгаан нь болсон. Есүс заримдаа хүмүүсийн итгэлийг нь хараад ивээлийг үзүүлдэг. Харин заримдаа итгэл байх эсхээс үл хамааран зовлонд унасан хүнийг ихэд өрөвдөх сэтгэлээс болж ивээлийг үзүүлэх тохиолдол ч байдаг. Гэсэн ч Есүсийн бүх ивээл, нигүүлслийн ажил нь өрөвдсөн сэтгэлээс ирдэг. Өнөөдөр миний энд та нарын өмнө ирсэн маань Есүс намайг ихэд өрөвдсөнийх билээ.
Есүс эмэгтэйд “бүү уйл” гэж хэлэн тайвшруулсан. Үнэндээ энэ л үг тэр эмэгтэйд хамгийн хэрэгтэй байсан. Гэвч хэн ч түүний асуудлыг шийдэж өгч чадахгүй учир ингэж хэлж чадахгүй байсан. Үүнийг зөвхөн Есүс хэлж чадна. Учир нь түүний уй гашууны шалтгааныг үндсээр нь шийдэх хүч чадал ба хайр нь Есүст байсан. Зөвхөн Есүс л үхсэн залуугийн амийг эргүүлэн өгч чадах амийн Эзэн буюу амиллын Эзэн юм. Бид өдөр бүр өөрийн хэлсэн үгнийхээ хариуцагч болж байдаг. Хэлсэн үг, хийх үйлдэл нь адил байвал хүмүүс тэр хүнийг хүндэтгэх нь тодорхой. Гэвч бодит амьдрал дээр бид өөрийн хэлсэн үгэндээ эзэн болох тийм амар биш байдаг. Тэгээд эцэст худалч эсвэл хоосон ам шалдан гуя болдог. Харин Есүс бол биднээс огт өөр юм. Тэр бидний бүх уй гашуу гуниг зовлонг бүгдийг мэддэг. Та ядарч байвал, үнэхээр чадахгүй бол, эсвэл бүр зүрх сэтгэл хоосон гунигаар дүүрэн юу ч хийж чадахгүй мэт санагдсан ч Түүн уруу хараарай Түүнээс гуйгаарай. Есүсийг эрэн хайгаарай. Учир нь Есүс л таны бүх асуудлыг шийдэж өгч чадна. Бүү уйл хэмээн хэлэх чадалтай билээ. Хүмүүс надад асуудал байхгүй тэр хүнийг бодвол би арай гайгүй гэж бодож болох ч Есүс таны гуниг зовлон сэтгэлд байх асуудал бүрийг чинь харж байгаа, тэгээд туслахаар тань дээр ирж байна. Гадна тал бол хуурамч харин дотор талдаа та ямар амьдрал туулан ямар гэмийн боолоор амьдарч байгааг Есүс таныг хэлээгүй байсан ч мэдэж байгаа. Тиймээс бүхий л замаараа Есүс дээр ирэхийг хүсэн гуйж байна. Есүс л хүн бүрийн амсдаг бүх гуниг зовлонг гүн ойлгож чадна. Үүгээр ч зогсохгүй Есүс уй гашууны асуудлыг ч үндсээр нь шийдэж өгч чадах жинхэнэ тайтгаруулагч юм. Тиймээс бид жинхэнэ тайвшруулагч Есүс дээр өдөр бүр очин амьдрахыг хүсэн гуйж байна.
14-г үзээрэй. Хамт уншицгаая “14 Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! Гэхэд”
Есүс бэлэвсэн эмэгтэйг тайвшруулсны дараа ойртон очоод авсанд нь гараа хүргэв. Мосе Израильчуудад хууль болгон өгснөөр бол Есүсийн авсанд хүрэх нь бузар гэж үзэгдэх буруу үйлдэл байсан. Гэхдээ Есүс хуулийг давсан их хүч ба хайраар авсанд хүрсэн юм. Хууль нь хүмүүсийг сайн сайхан байлгахын төлөө учир хуулийг биелүүлэх нь зохистой байсан. Гэвч Есүс эмэгтэй болон залуу хүүг өөрийн бие адил үзсэн учраас хуулийг даван, хуулийг зөрчин байж авсанд гараа хүргэснээр бэлэвсэн эмэгтэйн уй гашууг гүнзгий ойлгож буй хайрыг харуулсан билээ. Тухайн үед хүмүүс үхлийн талаар бодохдоо энэ хүн гэмтэй байсан тул үхсэн гэж итгэж байсан. Өөрөөр хэлбэл үхэл бол гэмийн үр дагавар юм. Иудейн заншлаар цогцсыг маалинган даавуугаар ороогоод таггүй авсанд тавьдаг байв. Есүс ийм үхсэн залуугийн цогцсонд хүрэн “Би чамд хэлж байна. Залуу минь бос” гэж тушаав. Есүс амь ба үхлийг захирагч төгс хүчит Бурханы хувьд өөрийн эрх мэдлээр үхсэн залууд ийнхүү тушаасан. Тэгтэл үхсэн хүн босоод ярьж эхлэв.
“Залуу минь бос” гэсэн нэг үгээр авсанд хэвтсэн залууг амилуулсан Есүс бол амийн Эзэн бөгөөд бүтээгч Бурханы хүү мөн юм. Энэ Есүс үхлийн хүчийг даван дийлсэн амиллын Эзэн ч мөн юм. Иохан 11:25-26-д “Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй.” гэж Есүс Өөрийгөө илчилсэн. Энэ Есүст итгэгч нь үхсэн ч амилж мөнх амьдарна. Мөн Энэ амьдралын туршид ч амийн хүч чадалтай амьдарч чадна. Есүс үхсэн залууг амилуулснаар Өөрийгөө хэн болохыг ийнхүү гэрчилжээ. Тиймээс Түүний дотор буй хэн ч амийн хүч чадалтай, залуу хүн шиг амьдрах хэрэгтэй.
Харин Есүсийн амийн үгийг аваагүй хүн нь үхсэн залуу мэт, амьд ч, үхмэл юм. Энэ дэлхийд авсанд хэвтсэн залуу мэт үхмэл амьдарч буй залуус олон байдаг. Тэднийг гаднаас нь харахад бүгд цэл залуу сайхан харагдана. Гадна тал сайхан чадвартай хүчтэй гээд бүгд амьд биш юм. 1Тим5:6-д “Харин зугаацан амьдрагч нь амьд боловч үхсэн байна.” гэжээ. Хүн амьдралын утга учрыг олоогүй бол хэдэн настай байсан ч хамаагүй архинд донтох, интернет орчинд хэт их цаг өнгрөөх мөн хязгааргүй их тоглох, завхайрал ба наргиан цэнгээнээр л амьдарч нандин цаг хугацааг дэмий хоосон үрэх болно. Ингэж амьдардаг хүмүүс нь амьд боловч үхмэл юм. Мөн авсанд хоригдсон мэт муу хувь заяа, цөхрөл, өөрийгөө голсон, ганцаардал, айдас ба хоосон сэтгэлд автан, харанхуйн дунд ямар ч хүчгүй идэвхгүй амьдарч байгаа хүн ч үхсэн залуутай адил юм. Илчлэл 3:1б “Би чиний үйлсийг, чи амьд гэдэг нэртэй ч үхдэл гэдгийг мэднэ.” гэж зэмлэсэн.
Хүн үхнэ гэдэг бол ямар ч бодит үйл хөдлөл байхгүй, идэвхгүй болж амьдарч чадахгүй болно. Амьдрахын утга учир юу вэ гэдгийг, жинхэнэ Бурхан хэн гэдгийг мэдэхгүй бол хүн махан биеэр биш байсан ч сүнсээр үхэж буй хүнтэй адил юм. Өөрөөр хэлбэр бид амьдарсан ч үхсэн нэгэнтэй адил хэмээн үзэгдэх болно. Хэдийгээр Есүсийг мэдэх болсон ч Түүний амийг хүлээн авсан ч сүнсээр сэргэг бус ёс төдий шашинлаг амьдралаар амьдардаг итгэгч нар ч гэсэн үхсэн мэт тооцогдоно. Есүсийн мөнх амийг авсан итгэгч нар нь бүгд залуу хүн шиг үргэлж амьтай идэвхтэй, сэргэг амьдрах хэрэгтэй. Манай чуулганы залуу хоньчидыг та нар харвал залуу хүний эрч хүчийг мэдэрч болно. Ямар халуун зүрх сэтгэлээр фишин хийж хоньдод сайнмэдээг идэвхтэйгээр тарааж байгааг хараарай. Бурхан биднийг ч мөн идэвхтэйгээр Бурханд үйлчилж, амийн үр жимс ба сүнслэг үр жимсүүдийг гарган өсөж, Бурханы өгсөн дуудлага ба алсын харааг биелүүлэхийн төлөө хичээнгүй амьдрах хэрэгтэй гэж хэлж байна. Харин залуу боловч хөгшин хүн мэт хойш сууж сүнсний, амийн хүчгүй ёс төдий амьдрагч нь үхмэл гэж хэлж болно.
Тэгвэл авсанд хэвтэж буй үхсэн залуу мэт хүмүүс хэрхэн амилж чадах вэ? Есүсийн дууг сонсох хэрэгтэй. “Би чамд хэлж байна. Залуу минь бос” гэж буй Есүсийн үгийг зүрхээрээ сонсон хүлээн авах хэрэгтэй. Амилал ба амийн Эзэн Есүс үхсэн залуу мэт өөрийг нь мөн хоньдыг нь амилуулна гэдэгт итгэх хэрэгтэй. Иохан 5:24, 25-д Есүс ийнхүү тунхагласан “24 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. 25 Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно.” Есүсийн амийг аваагүй хүмүүс нь Бурханы хүүгийн дууг сонсоод Түүнийг Аврагчаар хүлээн авах хэрэгтэй. Тэгэхэд тэр нь амьтай болно. Мөн амьтай, мөнх амьтай болсон нь ч одоо Түүний дууг дахин сонсоод амийн хүчийг эдлэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Есүсийн дууг сонсоод амилсан хүн нь үргэлж ялалт байгуулдаг, урам зориг итгэлээр дүүрэн амьдралаар амьдарна. Амийн үр жимсийг гарган өсөж өөрчлөгдөн амьдарна. Ядарч цуцалгүй бүргэд мэт элин халин ниснэ. Хүн төрөлхтөний түүх нь ийнхүү үхэгсдийг амьдруулдаг Есүстэй уулзсанаар өөрт нь тавьсан Бурханы тааллыг биелүүлэн амьдарсан залуусын түүх гэж хэлж болно.
Манай Монгол чуулган бол анх 1990 онд цэл залуу итгэгч дахин төрсөн Есүстэй уулзсан мишионер хоньчдын золиос зориулалтаар дамжуулан өнөөдрийн энэ олон итгэгч ахан дүүсийг эгнээндээ элсүүлсэн том чуулган болжээ. Библийн олон түүх бүгд Бурханы мөнх амийг амссан олон хүмүүсийн үйлсээр түгэн тэлсээр байна. Библийн олон олон итгэлийн баатаруудыг харвал бүгд л залуу хүн адил Бурханд хэрэглэгдэж чадсан юм. Есүсийн шавь нар ч залуу насандаа дуудлагыг даган агуу элчийн амьдралаар амьдарсан. Мөн элч Паул ч залуу үед дуудагдаж, 60 нас хүрсэн ч залуу хүн мэт хаанчлалын төлөөх үүргийг биелүүлэн амьдарсан.
Тэгвэл одоо энэ цагт Бурхан биднийг ч хамгийн чухал амьдралын суурийг тавих нандин залуу насанд сонгон дуудаж байна. Есүс Христ дотор буй мөнх амь ба амиллын хүч чадлыг өгөхийг хүсэж байна. Мөн хувхайрсан модны мөчир мэт ямар ч амийн үр жимс гаргалгүй, гэмийн үр жимсийг төрүүлэн үхмэл байсан бидэнд шинэ амийг өгч байна. Хоосон утгагүй амьдрал, шантрал муу хувь заяа сул дорой ба гэмийн амьдралын авснаас босгон Есүсийн амь ба сүнсний хүч чадлаар оюутан залуусыг хайрлан үйлчилдэг үр жимстэй шинэ амьдралыг зөвшөөрөн өгч байна. Үхсэн байсан биднийг амилуулж, шинэ амь ба амьдралыг өгсөн Эзэн Есүсийг магтацгаая.
Өнөөдөр биднийг сонгон дуудсэн Эзэнд талархаж байна. Хүн бүр энд цаг заваа зориулан ирснээр Бурханыг таньж мэдэн Түүний хайр ивээлийг ойлгож чадахыг хүсэн гуйж байна. Миний хувьд энэ үхсэн залуу адил амьдарч байснаа дахин ухаарлаа. Өдөр тутмын амьдралд хэт автан өөрийн Бурханд зориулах амьдралыг мартан энэ дэлхийн нэр алдар эд хөрөнгийг илүүд үзэн амьдарч байгаагаа харлаа. Хүүхдүүд том болохын хэрээр амьдралд олон асуудал урган гардаг юм байна. Идэж уух өмсөж зүүхийг дутаахгүй гэсэндээ ажилд хэт автан завгүй амьдарч байна. Өөрсдөө оюутан байхаас Есүсийг аврагчаар хүлээн аван амьдарч байгаа тул хүүхдүүддээ өөрсдийн аргаар Бурханыг таньж мэдэхийг заахыг хүсэвч нэг л болж өгөхгүй л байна. Энэ намайг хэцүү болгож итгэлээр амьдрах гэж хичээвч хэт өөрсдийн аргаар хандаж байгаа тул хүчгүй болж ядарч шантрах болдог. Уг нь амьдралын асуудал бүрийг итгэлээр даван туулна гэх боловч хэт завгүй хүчгүй байдлаасаа болоод Бурханыг мэдэхгүй хүн шиг өөрсдийн хүч чадал авъяас чадварт найдаж байгааг харж байна. Бурхан Ааваа Таныг гэх сэтгэлийг миний зүрх сэтгэлд бат болгон бүхий л зүйлийг Таны алдрын төлөө хийж буулгаа Таньд даатган алхах хүчийг өгөөч. Үхсэн залуугаас ямар ч ялгарах зүйлгүй махан биеийн хүслийн дагуу амьдарсандаа гэмшиж байна. Хүүхдүүд болон ойр тойронд байх бүхий л хүмүүсийг Есүсийн төөрсөн хонин сүрэг хэмээн харж тэдний төлөө зуучлан залбирч итгэлээр дахин амилсан залуу хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Итгэлийн түүхэнд одоо ч гэсэн залуу хүн адил эрч хүчээр дүүрэн амьдарч байгаа итгэлийн баатрууд адил залуу насаа Эзэнд зориулж чадахыг хүсэн гуйж байна.
16-г үзээрэй. Үхсэн залуу амилсныг харсан бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулав. Тэгээд тэд “бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, Бурхан ард түмэн дээрээ ирлээ” гэцгээв. Тэд хүнд өгч чадах хамгийн дээд цолыг Есүст өгч Түүнийг агуу эш үзүүлэгч гэв. Тэд энэ үйл явдлыг хараад хуучин гэрээнд үхсэнийг амилуулсан Елиа болон Елишаг санасан юм шиг байна(1Хаад 17:21, 2Хаад 4:35). Мөн тэд Малахи зөнчөөс хойш 400 жилийн турш эш үзүүлэгчдийг илгээхээ больсноос хойш Бурхан өөрсдийг нь орхисон гэж бодож байхад Есүсээр дамжуулан Бурхан буцаад Өөрийн ард түмэндээ анхаарал тавьж эхэлсэн гэж бодон баярласан. Үүнчлэн Израиль ард түмэн Есүсийг агуу эш үзүүлэгч эсвэл Ромын дарангуйллаас чөлөөлөх улс төрийн Мессиагаар ойлгосон. Тэд энэ гайхамшгаар Есүсийг амийн Эзэн, Бүтээгч Бурханы Хүү буюу Аврагч гэж ухаараагүй. Бидний амьдралд олон олон гайхамшиг бодитоор болсон ч хүний зүрх сэтгэл хэт бохир тул дандаа л өөрт ашигтай байх эсэхэд илүү анхаарч байдаг. Тиймээс л Есүс үхсэн байсан залууг амилуулсан үйл явдалд хүмүүс бодитоор үнэлэлт өгч чадалгүй харин улс төрийн хувьд гадна харагдах байдалд илүү төвлөрч байна. Бид ч гэсэн одоо энэ цагт Есүсийн талаар зөвөөр бодож ойлгохыг хүсэн гуйж байна. Учир нь Есүст итгэх, сүмд явах нь гадна талаасаа ашигтай зүйл таньд байхгүй байж болох юм. Гэхдээ таньд хандсан Есүсийн хайр нь хувиршгүй хайр билээ.
Есүс “Залуу минь бос” хэмээн үгийн эрх мэдлээр үхсэн залууг амилуулж, амийн болон амиллын Эзэн гэдгийг гэрчилсэн. Энэ нь Есүс хожим загалмайд үхсэн ч үхлийн хүчийг ялан дийлж, амилна гэдгийг урьдчилан харуулсан. Мөн үүгээр ч зогсолгүй эцсийн өдөр Есүсийг амийн Эзэн Аврагчаар хүлээн авсан итгэгчид ч амилна гэдгийг урьдчилан харуулж байна. Есүс бол одоо ч амь ба амиллын Эзэн юм. Есүс Өөрийн амь ба амиллын хүч чадлаар одоо ч амьд боловч үхмэл нэгэнд жинхэнэ амийг өгдөг. Энэ цагт залуу минь бос гэсэн дууг сонсон хүлээн авснаар үхмэл залуус босож, жинхэнэ амьтай болохыг хүсэн ерөөж байна. Мөн бид ч Есүсийн амийн хүч чадлаар дүүрэн залуу хүн шиг халуун хайр ба хүч чадлаар идэвхтэйгээр Эзэнд үйлчлэн амьдардаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.