Иосефт зүүдийг өгсөн Бурхан
Эхлэл 37, 38-р бүлэг
Гол эшлэл 37:9
“Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.”
Эхлэл номын хайр ивээлтэй номлол, амийн үгээ хайрласаар байгаа Эзэн Бурхандаа талархаж байна. Бид өнгөрөн хугацаанд Эхлэл 1-36 бүлэгт Абрахам, Исаак, Иаков нарыг Бурхан хэрхэн итгэлийн өвөг дээдсээр сонгон удирдаж байгааг суралцсан билээ. Бурхан Өөрийн гайхамшигт амлалт, ивээл ерөөлөөр хэрхэн удирдаж ирснийг суралцаж ивээл их аван, зарим маань зүрх сэтгэлдээ нандигнаж, итгэлийн шийдвэр ч гаргасан байх гэж найдаж байна.
Харин Өнөөдрийн номлолоор бид 37-р бүлгээс эхлээд Иаков /Израил/-ийн хүү Иосефийн тухай суралцах болно. Иосеф бол хожим Израил ард түмнийг аврах чухал ажилд нандинаар хэрэглэгдэхээр сонгогдсон нэгэн юм. Энэ нь Христ хүн төрлөхтнийг аврахаар дэлхий руу илгээгдсэнтэй адил төстэй юм. Өнөөдрийн номлолоор дамжуулан Иосефт зүүд буюу алсын харааг өгсөн Бурханыг сурч чадахыг хүсэн гуйж байна. Энэхүү үйл явдалаар дамжуулан Бурхан энд сууж буй танд ч гэсэн алсын харааг өгч буйг ухааран, Бурханы СМ болон авралн ажилд бэлтгэгддэг амьдралаар тууштай, баяр хөөртэй амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Зүүдэлсэн нь (1-11)
1,2-р эшлэлийг үзээрэй. Иаков эцгийнхээ сууж байсан Канаан нутагт буцаж ирэн амьдарчээ. Иосеф одоо 17 настай, тэрээр бусад ах нарынхаа хамт хонь хариулдаг байжээ. Иосефын ах нар нь тэрслүү хөвгүүд байсан учраас тэр болгонтой Иосеф эвлэрдэггүй ирж эцэгтээ хэлдэг байсан. Тэд магадгүй хонь ямаанаасаа зараад буруу зүйлсэд нууцаар заруулаад аавдаа болохоор чоно идчихсэн гэдэг байсан юм шиг байна. Харин Иосефын хувьд тэр бол гэнэн цайлган, итгэмтгий, шудрага, дуулгавартай нэгэн байсан. Ах нар нь Иосефын шудрага, үнэнч, дуулгавартай зан чанруудаас болж түүнд их дургуй нь хүрдэг байсан. Мөн 3-р эшлэлээс үзвэл Иаков Иосефыг онцгойлон илүү хайрладаг байгаад зогсохгүй, зөвхөн түүнд зориулан ханцуйтай урт тансаг дээл хийж өгсөн байна. Үүний цаад утга нь тухайн үеийнхээр бол гэрийн тэргүүн, өв залгамжлагч гэж үзэж буйг илтгэдэг байв. Энэ бүгдээс болж ах нар нь Иосефт атаархан хорсож, үзэн ядах нь улам бүр ихссээр байв. Гэсэн ч Иосеф ах нартаа муу санадаггүй байсаар. 6-р эшлэлийг үзвэл “Иосеф тэдэнд ярихдаа Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд ярьж өгсөн. Хичнээн их атаа хорсол бий болохыг мэдэж байсан ч юу ч бодолгүй ярьж өгсөн. Бурхан Иосефд нэг ижил утгатай зүүдийг дахин зүүдлүүлсэн, тэр мөн дахин очиж ах нартаа ярьж өгсөн. 9-р эшлэлийг хамт үзье “Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа—Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив” Бурхан яагаад Иосефт ийм зүүд өгсөн бэ? Энэхүү зүүдээр дамжуулан Бурхан юуг илэрхийлж байна бэ?
Зүүд буюу – хүсэл мөрөөдөл, алсын харааг өгсөн гэсэн утгатай. Энэ бол Иосефт энгийн нэг мөрөөдөл биш, Бурханы өгсөн илчлэлт байсан. Бурханы өгсөн алсын хараа гэж ойлгож болно. Бурхан түүнийг хожим Өөрийн сонгосон хүмүүсийг аврах ажилд хэрэглэхийн тулд энэ зүүд ба алсын харааг өгсөн. Хуучин гэрээний үед Библи ч гэж байхгүй, Бурхан Өөрийн авралын ажил ба төлөвлөгөөг харуулахын тулд зүүд ба үзэгдлийг хэрэглэдэг байжээ. Харин өнөө цагт бол Ариун Библи бүрэн бүтнээрээ түүн дотор Бурханы таалал, төлөвлөгөө, амлалт, алсын хараа бүгдийг илчилж өгсөн байгаа. Тиймээс өнөө цаг үеийн итгэгчид Иосефт өгсөн шиг зүүд, илчилэлтийг залбирч хүлээх хэрэггүй. Бурханы Ариун Сүнсээр дамжуулан Библид бичигдсэн үгсийг ухааран бидэнд тавьсан Бурханы таалал ба алсын харааг хүлээн авдаг.
Алсын хараа, зорилго хүний амьдралд хэр чухал бэ? Энд сууж буй хүн бүр сайн бодож үзэхийг хүсч байна. Гэр бүл ч бай, ганц бие ч бай таны амьдралын алсын хараа, хэтийн зорилго юу бэ? Тэр дундаа Бурханы өгдөг алсын хараа, зорилго гэж юу юм бол? Энэ дэлхийн өгдөг хараа зорилго гэж бас байна, тэр нь мөн юу бэ?
Энэ дэлхийн хараа, зорилго нь: Нэр алдар, эрх мэдэл, алдар хүнд, эд баялаг, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, эрхээ тултал ашиглан хөнгөн амар хялбар амьдрах. Энэ бүгд нь хэт хувийн, амин хувиа бодсон шинж чанартай байдаг. Би л болж байвал бусад нь яахав дээ гэсэн өчүүхэн дотортой хүн болон хувирдаг. /Тавлиан л юм даа/ Мөн энэ дэлхийн шудрага бус явдал, шоу цэнгээн бүхэлдээ алсуураа юуг хэлээд байна бэ? Та энэ бүхний нэг хэсэг шүү, хэрвээ та энэ бүгдээс татгалзах юм бол таны хувийн кариар, ирээдүй гэж үгүй шүү гэж шивнэж байдаг. Хүн бүх хичээл зүтгэлээрээ дээрх бүгдийг олж авлаа ч гэсэн энэ хорвоог орхин явах үедээ энэ бүхэн нь юу ч биш, ямар ч ашиггүй болохыг ухаардаг. Тиймээс энэ дэлхийн өгдөг хараа зорилготой амьдарч байгаа хүн нь эцсийн дүндээ ямар ч үнэ цэнэ үгүй, хамгийн өрөвдөлтэй нэгэн болдог юм.
Харин Бурханы өгсөн Алсын хараатай, зорилготой хүн нь ямар байдаг бэ? Тийм хүн нь Бурханд өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг. Бурханд анхилам үнэрт тахил өргөх мэт амь амьдралаа Бурханд өргөж, зориулан амьдардаг хүнийг хэлдэг. Ингэж амьдарсан итгэлийн олон баатарууд байдаг. Англи Улсын нэгэн алдартай шашины зүтгэлтэн, теологич, номлогч John Wesley-г зарим нь мэдэх байх. Тэрээр 1703-1791 оны хооронд амьдарч байсан. Английн сүм дэх сэргэн мандалтын хөдөлгөөний удирдагч байсан. /Методизм хөдөлгөөний ноён нуруу/ Түүний үүсгэн байгуулсан нийгэмлэгүүд нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа.
Тэрээр олон хүүхэдтэй айлын 15 дахь хүүхэд нь байсан. /нийт 19 хүүхдийн 9 нь төрөх үед болон багадаа эндсэн учраас 10 лаа өссөн байна./ Түүний эцэг эх хүүхдүүддээ багын боловсролыг бие даан зааж, тэдэнд латин, грек хэлийг заадаг байж, мөн хүүхдүүддээ Шинэ Гэрээний зарим номнуудыг цээжилдэг байв. Түүний ээж Сюзанна оройн хоолны өмнө болон дараа хүүхэд бүрийн төлөө залбирч, Долоо хоногт нэг удаа хүүхэд бүртэй биечлэн ярилцаж, тэдэнд сүнслэг зааварчилгаа өгдөг байжээ, Жонтой Пүрэв гараг бүрийг зориулдаг, тэгэх бүрдээ Бурхан чамайг онцгой зорилготой бүтээсэн хэмээн хэлдэг байжээ. Хүүхдүүдийг хатуу чанд хүмүүжүүлсэн. Жишээлбэл, нэг настайдаа хүүхэд бүр уйлахыг хүсч байвал чимээгүйхэн уйлах хэрэгтэй гэж зааж өгсөн. Мөн гэр бүлийн хоолны цаг болоогүй бол хоол идэхийг хориглодог байж. Хожим нь Жон Уэсли эргэн тойрны муж, хотууд, зэрлэг омгынхон гээд асар олон газруудад очиж СМ дэлгэрүүлж, номлол хийж, дагалдагч бэлддэг Элч Паул адил амьдарч байжээ. Түүний гол номлол нь тухайн үед хэт шашинжсан, хуульчлагдсан байсан Христ итгэлийг цэвэр, зөвт байхад түлхүү анхаарч үйлчилж байжээ. Асар их хавчлага доромжлол амссан ч Бурханд дуулгвартай, халуун зүрх сэтгэлтэй байхыг үргэлж зааж, үлгэрлэн харуулж амьдарсан учраас хожим нь түүнийг “Английн хамгийн нэр хүндтэй хүн” хэмээн нэрийдэх болсон байна. Бурханы өгсөн алсын харааны дагуу амьдарсан нэг хүн Жон-р дамжуулан Англи улс гайхалтайгаар ерөөгдсөн байна.
Үүний адил Бурхан Библиэр дамжуулан өнөө цаг үеийн бүх итгэгчидэд Алсын хараа зорилго өгсөн. Мат28:19-20 “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуул. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсөгл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Энэхүү үгийн дагуу манай ЮБФ цуглаан 1:1-н Библийн хичээлээр дэлхийн өнцөг бүлэн бүрт хүрч, оюутан залууст үйлчилж, дагалдагч, итгэлийн өвөг дээдэс нарыг босгох ажилд хэрэглэгдсээр л байна. Энд сууж байгаа таныг ч бас Бурхан тодорхой зорилгын дагуу дуудсан. Ямар ч хавчлага зовлон, саад бэрхшээл, сорилт дунд хүний нүдээр харвал ямар ч гарах гарцгүй, ямар ч найдах боломжгүй болсон ч Бурханд итгэж, Түүнд найдахыг суралцах нь бидний итгэл бөгөөд бидний гол хийж сурах ажил юм. Энэ бүгдийн цаана Бурхан ажлаа хийж, таныг онцгой зүйлийн төлөө бэлдэж байдаг юм. Таныг хайрлсан, дуудсан Бурханд итгэж найддаг, Түүний өгсөн алсын хараа, зорилгын дагуу амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Худалдагдсан нь (12-36 бүлэг)
13-14р эшлэлээс цааш үзвэл эцэг Израил нь Иосефыг Хеброн хөндийгөөс Шехемд хонь хариулж буй ах нар руу нь сайн байгаа эсэхийг үзээд ир хэмээн явуулж байна. Иосефын хувьд хэдийгээр ах нар нь атаархаж, ад үзэгддэг ч гэсэн эцгийнхээ үгийг дуулгавартай дагаад 150 орчим км замыг туулан хайж очисон. Тэгсэн ах нар нь тэнд байхгүй байсан ч олох хүртлээ итгэмжтэй хайсан. Ингэж хичээл зүтгэл гарган байж олоод очисон чинь ах нар нь түүнийг алсаас хараад л алахыг санаархсан /18-20/. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэлцэж байв. 21-28д Бурхан Иосефыг ах нарынх нь гарт үхүүлэлгүй хамгаалсан ч Египет руу боол болгон худалдаалхыг зөвшөөрсөн байна. Бурханы өгсөн зүүдийг хүмүүс устгаж чадахгүй юм.
Бурхан Иосефт зүүд өгөөд зогсохгүй үүнийг биелүүлэхийн тулд түүнийг дасгалжуулахыг хүссэн. Тиймээс Бурхан түүнийг Есүс адил илгээж байна. Есүс дэлхий руу та бидний гэмийг үүрэхээр, авархаар илгээгдсэн шиг Иосеф мөн хожим Израилчуудыг аврахаар илгээгдсэн юм. Үүний тулд тав тухтай эцгийн гэрээс нь гарган алс хол газар руу боол болгон явуулж байна. 36-р эшлэлийг үзвэл Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны ордны түшмэл, хамгаалагчдын захирагч Потифарт худалджээ. Энэ бол маш цочирдмоор, өрөвдөлтэй үйл явдал. Боол болно гэдэг бол хүн биш, цаашдын ирээдгүй гэж байхгүй болсон. Гэвч энэ бүгдийн цаана нүдэнд үл харагдах Бурханы гайхалтай таалал, удирдлага байсан.
Иосефын хувьд энэ бүхэн яагаад миний амьдрал ийм болж байгаа юм бол? Би юуг буруу хийсэн гэж? Яагаад? Хэмээн юу ч ойлгохгүй байсан. Бурхан Абрахам, Исаак, Иаковт өгсөн амлалтаа бийлүүлэхийн тулд түүний амьдралыг ийнхүү чиглүүлж байна. Бурханы өгдөг алсын хараа, зорилго бол маш үнэ цэнтэй юм. Харин энэ нандин, агуу ажилд хэрэглэгдэнэ гэвэл заавал бэлтгэгдэх, дасгалжуулагдах хэрэгтэй юм. Бурханы дасгалжуулалтыг сайн авах хэрэгтэй. Амьдралын баяр бахдал, амин хувиа хичээсэн үзэл бүрийг үхүүлэх хэрэгтэй болно. Нүхэнд шидэгдэх, боол болж зарагдах, хэлмэгдэх, гүтгэгдэх, муу муухайгаар хэлүүлэх зэрэг амьдралын олон дасгалжуулалтыг авснаараа Иосефыг удирдсан Бурханыг ойлгох болно. Хоньчноор амьдархад ирдэг зовлон, итгэлийн зөвт нэгнээр амьдархад ирдэг зовлон, золиос бүрийг зөвөөр дуулгавартай сэтгэлээр хүлээн авч, тэгснээрээ Бурханы хүссэн итгэлийн хүнээр өсөж чадахыг хүсэн гуйж байна. Таны амьдралд Есүс эцэс хүртэл хамт байж удирдах болно. Манай чуулганы хувьд ялангуяа 1:1-ийн Библийн хичээлээр нэг сүнсэнд хичээнгүйлэн итгэмжтэй үйлчлэн амьдрах нь авралын ажилд хэрэглэгдэх, бэлтгэгдэх хамгийн сайн чухал дасгалжуулалт юм. Нэг сүнсэнд үйлчлэх ажил нь Бурханы авралын ажлын гол цөм нь гэдгийг мартаж болохгүй.
Миний хувьд номлол бэлдэж байх үед Бурханы өгдөг алсын харааг умартан амин хувиа хичээж, итгэлээр үлгэн салган амьдарч байгаагаа олж харсан. Энэ цаг үе нь сүнсээр хүчгүй, уналттай, сорилттой байгаа ч зарилгаар дамжуулан Бурханд гэмшиж, Бурханы хүссэн хүнээр дуулгавартай амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Миний амьдралын бүх зүйлс Эзэн Бурхан Таны ивээл ерөөл учраас талархал магтаалыг өргөж байна. Гэмт намайг эцэс хүртэл удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.
3. Иудагын завхрал (38-р бүлэг)
38-р бүлэг бол Библи дэх хар бараан хэсгүүдийн нэг. Бурхан яагаад ийм зүйлсийг зөвшөөрч Библид үлдээсэн юм бол? Бурхан үүгээр дамжуулан өнөөгийн та бидэнд сургамж болгохын тулд юм. Иаковын 4-р хүү Иуда Канаан эмэгтэйтэй гэрлээд түүний хүүхдүүд нь Эзэний мэлмийд бузар байсан учраас Бурхан тэдийг үхүүлсэн. Энэ мэтчилэн Израилчууд харь үндэстэнүүдтэй гэрлэж, хиймэл шүтээнд автан гэмийг үйлдэн Бурханыг умартан амьдарвал бүгд сөнөөгдөх болно.
Мөн энэ бүлэгт Иуда өөрийн бэр Тамараас Перез ба Зера нарыг төрүүлэх болсон нь хожим Есүс Христын угын бичигт /Мат1:5/ бичигдэж аврагчын өвөг эцэг болдог. Энэ нь хүмүүс хичнээн сул дорой, гэм нүгэлтэй байсан ч Бурхан бол тэр дунд зогсолтгүй ажлаа хийсээр л байдаг гэдгийг заан өгч байна. Бурхан авралын төлөвлөгөөг бийлүүлэх шаардлагад хүнийг хүрсэнгүй хэмээн орхиж, өөрчилдөг бус заавал амлалтаа бийлүүлдэг гэдгийг харуулж байна. Мөн Бурханы нигүүсэл гэдэг нь ямар агуу болохыг ухааруулан өгч байна. Өнөөдөр та бид Түүний өмнө ирээд зогсож байгаа нь, хожим Түүний өмнө зогсох нь тэр чигтээ 100% Бурханы игүүслээр байх юм. Амен
Дүгнэлт: Буран бидний хүн нэг бүрийг өөр өөр арга замаар удирддаг боловч, Түүний бидэнд хандсан хүсэл таалал нь яг адилхан Агуу Захирамж билээ. Бид бүх үндэстийг Эзэн Бурхан Сүнсээр байлдан дагуулах учиртай. Амид Бурханы үг болон 1:1-ийн хичээл гэдэг зэвсэгээр зэвсэглэж, Залбирал болон Итгэл найдвараа Бурханд өргөснөөр бидэнд боломжгүй зүйл гэж үгүй билээ. Та Өөрийн алсын хараа, зорилгыг бидний хүн нэг бүрийн зүрх сэтгэлд дүүргэн өгөхийг хүсэн гуйж байна. Амен.