БОСООД БЕТЕЛ УРУУ ЯВЦГААЯ
Эхлэл: 34, 35-р бүлэг
Гол эшлэл 35:3
“Бүгдээрээ босож, Бетел рүү явцгаая. Миний шаналант өдөр надад хариу өгч, хаана ч явсан надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв”
I. Шехемд суурьшсан Иаков
Паддан-Арамд хорин жил амьдарсан Иаковыг Бурхан төрсөн нутаг уруугаа буцан явахыг тушаасан. Харин түүний очиж суурьших нутаг бол Бетел байв. Иаков шатны үзэгдлийн дараа Эхлэл 28:20-22-р эшлэлд “Иаков андгайлан – Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд, намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж, багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ” Ийнхүү залбирсан Иаковын амьдралыг Бурхан хэрхэн ерөөсөн бэ? Лабан түүний авах хөлсийг 10 удаа өөрчилсөн ч Бурхан ч түүнийг баян болгож эд баялаг, мал сүргээр элбэг хангалуун болгосон. Үүр шөнөөр ч үдшийн бүрийд ч мал хариулан суугаа түүнийг аймшигт чоно, араатан амьтдаас ч хамгаалж байв. Хэдийгээр Иаков 4 эхнэр, зальтай ах Лабан болон түүний хөвгүүдийн дарамт шахалтанд амьдарч байсан ч Бурхан түүнийг тэнгэрээс харж ажиглан, хайрлан хамгаалсаар байсан юм. Эцэст нь Бурхан Иаковыг Бетел руу буцаж явахыг хүссэн.
Харин Иаков Бетел уруу явах замдаа Шехем хотод талбай худалдан авч суурьшихаар майхнаа барив. Шехем хот нь тухайн үед бэлчээр сайтай, хотын соёл иргэншил хөгжсөн, амьдрахад таатай элбэг хангалуун газар байлаа. 20 жил элсэн шуурга, халуун наранд амьдарсан Иаковын хувьд Шехем хот бүх талаараа таалагдаж байлаа. Түүнд одоо эд хөрөнгө, сайхан байшин, унаа тэрэг, зарц боол, эхнэр хүүхдүүд гээд бүгд байгаа. Түүнийг дарамтлах Лабан ч байхгүй. Айлган сүрдүүлж байсан ахаасаа хол байсан тул энэ хот үнэхээр таалагдсан. Түүнд бүх зүйл байгаа учраас одоо тэр өөрийн хүслээрээ сайхан амьдарч эхэлсэн. 20 жилийн өмнө Бурханд өгсөн амлалтаа санахаасаа илүүтэйгээр дараа Бурханд амлалтаа биелүүлэх цаг олдоно гээд бодоод хойшлуулсан бололтой. Иаков Бурханы хүмүүстэй хамт байхаас илүүтэйгээр үл итгэгч хүмүүстэй ойр байхыг сонгосон. Ийнхүү Шехемд махан биеийн хүслийн дагуу назгайран амьдарч буй Иаковын гэр бүлд юу тохиолдсон бэ?
34:1,2-р эшлэлийг хамт уншицгаая “Иаковт Леагийн төрүүлж өгсөн Дина охин тэр нутгийн бүсгүйчүүдийг харахаар гадагш гарчээ. Хиви хүн Хаморын хүү, тэр нутгийн жонон Шехем түүнийг хараад, авчирч хүчирхийлэн бузарлав” 34 бүлэг дээрх эшлэлээр эхэлж байгаа боловч тэд Шехемд суурьшаад аль хэдийн 10 орчим жил болжээ. Дина тэр нутгийн эмэгтэйчүүдтэй нөхөрлөхөөр гарснаар энэ аймшигт зовлонтой үйл явдал тохиолдсон. Иаковын хайртай ганц охин Динаг хүчирхийлсэн төдийгүй түүнийг өөрийн эхнэрээ болгож авахаар Шехемийн жонон хүчлэн гуйж байгааг 3,4 эшлэлүүдээс харж болно. Жонон Шехем хайртай охиныг хүчирхийлсэн үйлдэлдээ үл гэмшиж, уучлал хүсэлгүй, тухайн улсын хуулийн дагуу шийтгэл хүлээхийн оронд ч гэрт орж ирээд, ичгүүр сонжуургүй үйлдэл гаргаж байгааг харахдаа Иаков уураа барьж ядан, уур хилэнгээ тэвчсэн. 5-р эшлэлийг харвал “Дина охиныг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч хүүхдүүд нь хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байлаа.” Иаковын амьдрал тохиолдож байгаа асуудал энэ үйл явдал хэн бүхэн тохиолдож болох өр ширэнд орох эсвэл өвчин тусах зэрэг зовлонгийн асуудал биш юм. Энэ бол асар их доромжлол, гутамшиг бас уйтгар гуниг авчирсан сэтгэл өвтгөсөн асуудал байлаа. Бүүр цаашлаад гэмт үйлдлийг хийсэн жонон ичих нүүргүйгээр өдөр бүр ирж Динаг эхнэрээ болгож өгөхийг түүнээс гуйж байлаа. Иаков энэ бүхэн өдөр бүр давтагдаж байгааг харахдаа маш их сэтгэлээр унаж гутарч байсан нь тодорхой. Хүн ам их болоод эргэн тойрны хаадтай холбоо сүлбээтэй Шехем хотын захирагчийн эсрэг тэр юу ч хийж чадахгүй байсан тул арга буюу өөрийн хөвгүүдээ бэлчээрээс эргэн ирэхийг хүлээж байв. Энэ хэцүү асуудлын дунд Бурханаас хариултыг асууж хэрхэн шийдвэрлэх болон яагаад энэ асуудал тохиолдсоныг Бурханаас ч тэр юу ч асуусангүй. Түүний өмнө залбирахаар ч очсонгүй. Харин үүний оронд тэр хүний аргаар хэрхэн шийдвэрлэхээ бодож байсан бөгөөд эхний арга бол хөвгүүдтэйгээ ярилцаж шийдвэрлэх байв. Иймээс тэр хөвгүүдээ бэлчээрээс эргэн ирэхийг хүлээж байв.
8-13-р эшлэлүүдийг харвал Шехемийн эцэг Хамор нь Динаг Шехемд эхнэр болгон өгөхийг гуйж охиныхоо инжээр нь хэчнээн ихийг хэлсэн ч өгнө гэж амлав. Тэгэхэд Иаковын хөвгүүд Шехем ба Хаморт хуурамч хариу өгч Шехемийн бүх эрчүүд хозлол хийлгэвэл зөвшөөрнө гэв. Тиймээс Шехемийн ятгалгаар тэнд байсан бүхий л эрчүүд хозлол хийлгэсний дараа Динагийн төрсөн ах Симеон, Леви хоёр Иаковын бусад хөвгүүдийн хамтаар Шехемийн бүх эрчүүдийг хүйс тэмтрэв. Тэд Динаг авч Хамор болон түүний хүү Шехемийг ч алав. Мөн үүгээр зогсохгүй Шехемд байсан хамаг юмс тэдний эд хөрөнгө, үр хүүхэд ба эхнэрүүдийг булаан авч хотыг түйвээжээ. Энэ бүхний харж сонссон Иаков маш их хэцүү байдалд оров. Шехемийн овгийн ахлагч ба түүний хүүг алж, тэдний бүх юмыг дээрэмдэн түйвээсэн учир тэр нутгийн канаанчууд хэзээ Иаковоос өс хонзон авахаар ирэх бол гэхээс айж байлаа. Хэцүү байдалд орсон Иаков бухимдан Симон, Леви хоёрыг зэмлэсэн. Одоо 30-р эшлэлийг хараарай “Иаков, Симеон Леви хоёрт
—Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, алж, би гэр оронтойгоо устгагдах болно” гэв. Иаков охин Динаг хүчирхийлсэн хэрэгт биеэ барьж хүлээцтэй хандаж байсан ч энэ удаад биеэ барьж дийлэхгүйгээр уурлан уцаарлаж байна. Энэ бүхний эцэст түүний санаа бодолд хэрхэн амьд гарах болоод эргэн тойрны холбоотон үндэстэнүүд Шехем хотын захирагч, түүний хүү болон ард иргэдийн үхлийн өшөөг заавал авахаар ирнэ гэж бодож улам бүр айсан. Үнэхээр тэдний хувьд цөөхүүлээ бас харь үндэстний нутагт байгаа тул хийсэн муу бүхнийхээ шийтгэлийг хүртэх нь зайлшгүй болох зүйл юм шиг санагдсан аж. Иаковын дээрх болсон 2 үйл явдалд хандаж байгаа сэтгэл болоод итгэлийг харвал түүнд Бурханыг дуудах ч түүний өмнө очиж залбирах өчүүхэн итгэл, санаа бодол үлдээгүй бололтой. Тэр Шехемд амьдрахдаа сүнсний тэмцэлгүй болж, үл итгэгчийн амьдралаар амьдарч эхэлсэн аж. Хэрвээ Иаков сүнслэг байгаад Бурханыг чин сэтгэлээсээ дагаж байсан бол Динагийн асуудал эхлэхэд Бурханы өмнө очиж, гэмшин залбирах ёстой байлаа. Гэвч харамсалтай нь тийм зүйл огт болоогүй тул дараа нь түүний хөвгүүд бүхэл бүтэн хотын эрэгтэй хүйстэй бүх хүмүүсийг алж, тэдний эд агуурсыг шунхайран авч байгааг харж болно.
Эндээс Бурхан яагаад энэ бүх асуудлыг Иаков зөвшөөрсөн бэ? Иаковын амьдрал Бурханыг оруулах хэмжээний зайгүй болтлоо түүний амьдрал энэ дэлхийн тансаглал, баяр наадам, зугаа цэнгэлд нэвт орсон. Түүнд энэ дэлхийд амьдрахад хэрэгтэй бүхэн байсан. Тиймээс тэр Бурхан руу хандан залбирахаа зогсоосон. Тэр Бурханыг дээдлэн хүндэлж өргөл тахил өргөхөө ч байж, харин бүгдийг өөрийн хүчээр олж авсан мэтээр бардамнаж эхэлсэн. Ийм байсан учраас Бурхан Иаковын амьдралд дээрх хэцүү асуудлуудыг тохиолдохыг зөвшөөрсөн. Бурхан энэ бүхнийг түүний амьдрал зөвшөөрсөн нь ямар учир утгатай вэ? Бурхан Иаковыг эгэл жирийн нэгэн Израйл хүн болгож хаа хүссэн газарт нь амьдруулахаар дуудаагүй. Иаковыг хөгжил дорой улсыг голж хөгжингүй Америкад амьдруулахаар дуудсангүй. Хүссэнээрээ шоу цэнгээнд оролцож, өөрийн санаагаа амьдралаа төлөвлөөрэй гэж дууддсангүй. Харин Иаковыг дэлхийн авралын итгэлийн түүхийг бичих агуу үндэстний өвөг эцэг байхаар дуудсан. Түүнээс Израйль үндэстэн үүсэн бүрэлдэж, аврагч Есүс түүний ур удмаас мэндлэх учраас дуудсан. Тиймээс Иаков хаана амьдрах, юу хийж амьдрах нь Бурханы хувьд анхаарал татсан асуудал юм.
Тэгвэл хэцүү аюултай байдалд орсон Иаковд Бурхан хэрхэн тусалж байна вэ? 35:1-р эшлэлийг хамт уншицгаая. “Бурхан, Иаковт – Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв” Бурхан Иаковт хүүхдүүд ба шехемчүүдийн асуудлыг тохирсон шийдэл хэлж өгөөгүй. Харин түүнд тохиолдсон асуудлын эхлэл бол сүнслэг харааг алдсан буюу Бурханы харилцах харилцааг үл тоосноос эхэлсэн гэдгийг хэлж өгсөн.
Үүний адилаар бид ч бас Бурханы хувьд хамгийн нандин чухал хүмүүс. Өдий хүртэл итгэлийн замаар амьдарч байгаа бүхэн Бурханд хамгийн чухал юм. Иаковын амьдралыг Бурхан цаг үргэлж харж байсан шиг биднийг ч бас тэр тэнгэрээс харсаар байгаа юм. Яг одоо хэн нэгний амьдралд асуудал, зовлон, бэрхшээл, өвчин, зовлон, гуниг харуусал байгаа л бол Бурхан руу буцах хэрэгтэйг сануулж энэ асуудал өгөгдсөн гэсэн үг юм. Бурхан төгс хүчит учраас түүний зөвшөөрөлгүйгээр, түүний хараанаас ангид юу ч болж өнгөрөх боломжгүй. Тэгэхээр бидний амьдралд тохиолдсон бүхэн Бурхан руу буцаж очихыг сануулж байгаа хэрэг. Тиймээс Бурхантай уулзсан Бетел руу хурдхан буцах хэрэгтэй. Анх Бурхантай уулзсан анхны хайраа санаж, түүнд хийж өгнөө гэж амалсан бүхнээ хийхийн төлөө хичээх цаг ирсэн гэсэн утгатай. Тиймээс өөрт тохиолдсон асуултын хариултыг авахаар залбиралд шамдан библийн үгийг чин сэтгэлээр, Бурханы дуу хоолойг түүгээр дамжуулан сонсоно гэсэн итгэлээр унших хэрэгтэй. Харин ингэж зориулалт гаргаж чадваас Бурхан гарцаагүй ярилцах болно.
Миний хувьд Иаковтай ижил хандлага гаргаж байснаа олж харлаа. Миний болоод гэр бүлийн маань амьдрал дутах зүйлгүй сайхан болж эхэлсэн тэр үед талархал дүүрэн амьдрахын оронд илүүг хүсэж эхэлсэн. Түүнчлэн бүх зүйл сайхан болохын хэрээр сүнсний назгайралд автаж, дэлхийлэг болсон. Ингээд өөрөө дур мэдэн олон шийдвэр гаргаж, Бурханаас цаашдын алхамаа асууж юуны талаар ч залбираагүй. Бүгдийг өөрөө шийдэх гэж хичээсэн. Харин эцэст нь асуудалд орж, санхүүгийн хүнд хэцүү цаг хугацааг туулж байгаа. Өнөөдрийн номлолын бэлдэх явцад Бурханаас бүгдийг асууж байхыг, бүхнээс илүү залбирахыг, түүнчлэн библийн үгийг бүхнээс илүү нандигнан уншихыг сануулж байгаад талархаж байна. Надад Бурханы хариулт хэрэгтэй олон асуулт байгаа харин эдгээрт хариултаа авахын тулд залбирахыг бас библийн үгэнд бүүр илүү шимтэхийг санууллаа. Бурханы дуу хоолойг сонсохын хүсэж байгаа бол библиэ энэ их ажлын хажуугаар энэ их санаа зовиураас илүүтэйгээр уншихыг сануулж байгаад талархаж байна.
II. Бетел рүү буцсан Иаков
Тэгвэл Бурханы үгэнд Иаков ямар хандлага гаргасан бэ? Би 10 жилийн турш Таниас дэндүү хол явсан байна. Одоо хожимдсон гээд шантарч дуулгаваргүй хандсан уу? Үгүй. 35:2, 3-р эшлэлийг хамт уншицгаая. “Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ -Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ цэвэрлэн, хувцсаа сольцгоо! Бүгдээрээ босож, Бетел рүү явцгаая. Миний шаналант өдөр надад хариу өгч, хаана ч явсан надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв” Иаков Бурханы үгийг дуулгавартай дагаж, гэрийн бүх хүмүүстэйгээ Бетел уруу явахаар шийдсэн. Шехемд олон танилтай болж хөгжсөн, тав тухтай амьдрал, өөрийн гэсэн газар талбайтай байхад бүгдийг нь орхин явах нь амаргүй. Харин Иаков эдгээр зүйлсэд хүлэгдэлгүй Бетел уруу явах нь Бурханы хүсэл таалал буюу өөрөө ба гэр бүлийн итгэлийг сэргээх цорын ганц зам гэдгийг ухаарсан. Тиймээс Иаков зоригтойгоор Бурханы чиглэлийг дуулгавартай дагасан. Энэ нь Иаковын гэр бүлийн сүнсний сэргэлт болсон.
Ялангуяа Иаков Бетел уруу явахаас өмнө гэр бүлд аль хэдийн ноёрхолоо тогтоосон гэмт амьдралын хэв маягийг орхихыг тэднээс хүсчээ. Тэднийг өөрсдөд байгаа харийн бурхдыг хаяхыг тушаасан. Үүнээс харвал Иаковын гэр бүлд аль хэдийн харийн бурхдын буюу хиймэл шүтээний нөлөө их байсныг харуулж байна. Өмнө эхнэр Рахел нь Паддан-Арамаас гарахад эцэг Лабаны гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчирсан. Мөн Шехемд амьдрах хугацаанд канаанчуудын хиймэл шүтээний нөлөөнд автсан. Харийн шүтээнүүд нь эд баялаг ба садар самуун, наргиан цэнгээнтэй нягт холбоотой байдаг. Ууган хүү Реубен хамгийн адгийн завхайрлын гэмд унасныг нь харахад хиймэл шүтээнүүдийн нөлөө их байсан нь тодорхой. Иаков ийм харийн шүтээнүүдийг хаяж, өөрсдийгөө ариусгаарай гэв. Энэ нь махбод болоод сэтгэл сүнсээр үйлдсэн гэмээ гэмшин, ариун байдлаа сэргээгээрэй гэсэн утгатай. Мөн хувцсаа хүртэл солиорой гэсэн нь сэтгэл сүнсний ариун байдлыг гаднах байдлаар ч харуулахыг бас сануулсан. Иаков ийм аргаар гэрийнхэндээ сүнсний сэргэлт буюу гэмшлийг зааж өгсөн.
Тэгвэл гэр бүл нь ямар хандлага гаргасан бэ? 4-р эшлэлийг үзээрэй. “Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав” Тэд сэмхэн авчирч шүтэж байсан харийн бурхад ба ээмэгнүүдийг хаясан. Тухайн үед ээмэгнүүд нь чөтгөрийг зайлуулж, сайн юмыг авчирна гэсэн хиймэл шүтээнтэй холбоотой мухар сүсгийн чимэглэл байв. Иаков ба түүний гэрт байсан бүх хүмүүс нь дэлхийн хүсэл шунал, махан биеийн хүсэл тачаалын амьдралыг сэтгэлээсээ арчин гэмшсэн. Царс модны дор бүгдийг булсан нь дахиж тэдгээртэй харилцахгүй гэсэн хатуу шийдвэрийг харуулж байна. Тэд Бетел рүү явж цорын ганц Бурханд л үйлчлэн, хүндэтгэлийн цуглаан өргөж, аравны нэгийг зориулж амьдрахаар шийдвэр гаргасан. Тав тухтай, элбэг хангалуун амьдрал биш байсан ч Бурханыг төвд тавин, Түүний төлөө амьдарна гэсэн шийдвэр гаргасан.
Тэгэхэд ямар гайхамшигтай зүйл болсон бэ? 5-р эшлэлийг үзээрэй. “Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурхан сүрдүүлэг байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй” Иаков Шехемчүүдийн дайралтаас ихэд айж байсан. Гэтэл Бурхан Иаковын итгэлийн шийдвэр ба дуулгавартай байдлыг таалан соёрхож, канаанчуудын зүрхэнд айдсыг суулгасан аж. Үнэхээр гайхамшигтай зүйл болсон. Шууд нүдэнд харагдах бодит асуудлыг шийдэх гэхээс илүү Бурхантай харилцааны буюу сүнсний асуудлыг эхлээд шийдэхэд Бурхан олон бодит асуудлуудыг шийдэж өгдөг. Шехемд үйлдсэн сүнсний назгай амьдралыг гэмшин, цэвэр итгэлийг сэргээхэд Бурхан заавал бидэнтэй хамт байн бодит асуудлыг ч шийдэн ерөөх болно.
7-р эшлэлийг үзээрэй. “Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-Бетел гэж нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ” Үүгээр дамжуулан Иаков хамгийн хэцүү үед хамт байж, хамгийн сайн замаар удирдсан Бурханы хайрыг санан, Бетелийн Бурханыг миний Бурхан гэж илчлэн Ел-Бетел гэж нэрлэжээ. Иаков ингэж Бурханд хандсан “анхны хайр ба цэвэр итгэл”- ийг сэргээсэн билээ. Бурхан ийм Иаковыг дахин ерөөж байна. 10-р эшлэлээс харвал Бурхан дахиад түүний нэрийг Израил хэмээн нэрлэж байна. Бурхан дахиад л түүнийг Израил гэж нэрлэж байгаа нь дахин хуучин Иаковоор амьдралгүй жинхэнэ Израил хүн шиг амьдраарай гэсэн утгатай. Бурханлаг хүнээр, Бурханы хүслийн дагуу, авралын ажлыг биелүүлэн ерөөлийн үндэс буюу амлалтын өв залгамжлагчаар амьдраарай гэсэн үг. Тиймээс Бурхан түүнд итгэлийн өвөг дээдэс болох амлалтыг дахин өгч, түүнийг ерөөж байна. 11,12-р эшлэлийг хамт уншицгаая. “Бурхан түүнд – Би Төгс хүчит Бурхан байна. Чи өнөр өтгөн болж олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч Хаад бас чамаас төрж гарах болно. Би Абрахам Исаак нарт өгсөн газраа чамд бас өгнө. Би бас чамаас хойших чиний үр удамд ч тэр газрыг өгнө гэв” Эндээс Абрахамаас эхэлсэн авралын түүх нь Исаакаар дамжин Иаковт залгамжлагдаж байгааг харуулж байна. Бурхан Иаковыг амлалтаа заавал биелүүлэх төгс хүчит Нэгэн гэдэгт итгэн, олон үндэстэн ба хаадыг төрүүлэх үүрэгт хүнээр амьдраарай гэж ерөөж байна. Мөн Бурхан дахиад түүнийг ерөөж байгаа нь түүнийг авралын түүхийн өв залгамжлагчаар дахин бат тодорхойлж байна гэсэн үг юм.
14-р эшлэлийг үзээрэй. Иаков Бурханы өөртэй нь ярьсан тэр газарт чулуун багана босгоод дээр нь тахилын ундаа болон тос асгажээ. Энэ нь тэрээр Бурханд өөрийн амьдралаа зориулна гэснийг харуулж байна. 16-20-р эшлэлд Иаковын хайртай эхнэр Рахелын үхлийн тухай дурдаж байна. Рахел хүндрэлтэйгээр хүү төрүүлж байгаад нутаг уруу буцах замдаа нас барж байна. 21, 22-р эшлэлд Израилын ууган хүү Реубен нь эцгийнхээ татвар эм Билхатай унтсан тухай гарч байна. Тэгээд Иаков Мамре руу явж эцэг Исаактаа очсон ба Исаак зуун наян настайдаа нас барна. Эндээс харахад төрсөн нутгаас явж, Паддан-Арамд өнгөрүүлж дахин нутаг руу буцан ирэх хүртэл Иаковын амьдрал нь үнэхээр олон зовлон үзсэн аянчны амьдрал байсныг мэдэж болно. Харин Бурхан түүний ийм бартаатай амьдрал дунд ч хамт байж хамгаалж, дасгалжуулж ерөөснөөр түүнийг ерөөлийн үндсээр бат босгосон билээ. Бурхан Иаковын итгэлийг эхлүүлэн бүрэн болгосон юм. Бид өөрсдийн өчүүхэн итгэлийг мөн амархан гэмд унаж, алдаа гаргадаг өөрийгөө харахад шантарч, өөрийгөө голох үе байдаг. Гэвч Бурхан бидний итгэлийн замыг алхам алхмаар удирдан өсгөж, Иаков шиг итгэлийн өвөг дээдэс буюу ерөөлийн үндсээр босгоно гэдэгт итгэж байна. Энэ цагт бид сул дорой боловч Иаков шиг Бурханд өргөж байсан анхны хайр ба итгэлээ сэргээж, дэлхийд ууссан амьдралаа гэмшин, Түүний өвөр рүү буцаж чадахыг хүсэн ерөөж байна. Иаков “Босоод Бетел уруу явъя” гэж шийдсэн шиг манай чуулган гишүүн бүр сүнсээр сэргэн шинэ амьдралаар амьдрахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бид Бетел орох замдаа Шехемд их удаан саатах хэрэггүй гэдгийг сурч авлаа. Хэрвээ Шехемд удаан саатвал асуудал үүсэж бид итгэлээр назгайрч, сүнсний хүсэлгүй болж, итгэлийн зомби болох магадлалтай. Тиймээс Бетел рүү хурдхан очицгооё. Тэр бол бидний дуудлагаа биелүүлэх газар. Хэдий ч хэцүү байсан Монголын болоод дэлхийн оюутан залуус болоод өөрсдийн үр хүүхдээ Бурханы үгээр өсгөх, дагуулах газар нь Бетел юм. Бетелд очоод Бурханы дуу хоолойг дагаж түүний хүслээр үйлдэх нь энэ дэлхий рүү таныг болоод намайг илгээсэн Бурханы хүсэл аж. Тиймээс өөрсдөөсөө харийн бурхадыг зайлуулж хиймэл шүтээн болох мөнгийн хайрлахаас ангид байж, ариун байдалд дунд залбирал болон библи уншихыг бүхнээс илүү чухалчилдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Тэнгэрийн Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандах болтугай. Бетел рүү буцацгаая. Амен