2024 оны Эхлэл 15-р номлол (07.07) Гала Петр хн

Чи олон үндэстний өвөг болно

Эхлэл 16:1-17:27
Гол эшлэл 17:4,5

“Миний хувьд харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно”

Бид өнгөрсөн номлолоор дамжуулан Абрам найдахын аргагүй үед ч Бурханд найдан итгэснээр зөвт гэж тооцогдох болсон тухай сурсан. Харин итгэлээр зөвтгөгдсөн боловч өөрт нь тавьсан Бурханы агуу тааллыг гүнзгий ухаараагүй л байв. Иймээс түүний амьдрал нь Бурханы хүсийн дагуу бус махан биеийн санаа бодолдоо төвд тавьсан амьдрал байв. Бурхан ийм түүнийг олон үндэстний өвөг болгон ерөөснөөр түүнд тавьсан агуу тааллыг илчилж байна. Өнөөдрийн зарлигаар дамжуулан Бурханы Абрам болон танд, надад хандсан агуу хүсэл тааллыг тунгаан бодож, хүлээн авснаар Бурханыг баярлуулдаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна.

1. Хардаг Бурхан (16-р бүлэг)
15-р бүлэг дээр Абрам итгэлээр уналтанд орж байсан бол 16-р бүлэг дээр Сараи итгэлээр уналтанд орж байна. Тэд Бурханд дуудагдаад итгэлээр амьдраад арван гаруй жил өнгөрсөн. Энэ хугацаанд Бурхан тэднийг ерөөн асар их эд баялагтай болгосон. Тэд эд баялагын ивээлийг бүрэн хүлээн авч, дааж итгэлээр алхаж чадсан боловч үр хүүхдийн тал дээр итгэлээр бат зогсож чадалгүй уналтанд орсон. Ямар ч гэр бүлийн хувьд үр хүүхэд гэдэг бол маш чухал асуудал. Уг асуудлаар дамжуулан Бурхан Абрамын гэр бүлийг удаан хугацаанд дасгалжуулж байгааг харж болно. 1,2-р эшлэлийг үзээрэй. Сараи Бурханы хүүхэд өгнө гэсэн амлалт нь биелэгдэх шинжгүй боллоо хэмээн бодох болсон. Тэгээд Сараи удаан бодсоны эцэст тухайн үеийн заншлаар Абрамд татвар эмийг өгөхөөр шийдэв. Тэгээд Сараи Египетээс авчирсан зарц эмэгтэй Хагарыг татвар эм болгон өгснөөр үр хүүхэд, өв залгамжлагчийн асуудлыг шийдвэрлэх гэжээ. (3) Сараигийн энэ санал нь 15:4-т хэлсэнчлэн Абрамын биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гэсэн амлалтын үгийг зөрчихгүй учраас оновчтой санагдсан. Энэ бол Бурханы үгийг өөрт ашигтайгаар гуйвуулан ашиглах гэдэг хүний мөхөс гэмт мөн чанар юм. Гэсэн ч энэ нь Бурханы хүсэл биш байсан. Абрам ч бодит байдлыг хараад Сараигийн үгэнд оров. Абрам “Сараиг сонсон дагажээ.” Уг нь Абрам дөнгөж саяхан л тэнгэрийн ододыг тоолоод л Бурханы үг нэг бүрийг хүлээн аваад л, зүрх сэтгэл нь итгэлээр дүүрч байсан биш үү. Тэр итгэлийг нь хараад Бурхан маш их баярлаж байсан нь лавтай. Тиймээс Абрам одоо итгэлээр Бурханы шийдэж өгөх цагийг хүлээн, эцэс хүртэл тэвчих хэрэгтэй байв. Гэвч бодит байдлыг харан эргэлзээ төрөх үед тэвчиж чадалгүй, өөрсдийн оюун ухаанаар асуудлыг шийдэхийг хүссэн. Итгэлийн амьдралд тэвчээр маш чухал байдаг. Итгэл, тэвчээр хоёр зоосны хоёр тал л гэсэн үг. Бурханы цагийг хүлээж чадалгүй өөрийнхөөрөө шийдэхэд илүү том асуудал үүсдэг. Тиймээс Еврей 10:36-д “Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй” гэв. Итгэлтэйгээр тэвчээртэй байж чадах юм бол Бурханы цагт Бурханаас ирэх ивээл ерөөл, амлалтуудыг хүлээн авах нь тодорхой гэдийг хэлж байна.
Тэд тэвчиж чадалгүй хүний аргаар асуудлыг шийдсэнээр ямар үр дагавар амсах болсон бэ? 4-с үзвэл 1-рт Бурхантай болон бусадтай харилцах харилцаа нурах болсон. 2-рт Гэр бүлийн эмх цэгц алдагдах болсон, 3-рт амар тайван байсан гэр бүл амар тайван бус болсон. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд сэтгэл нь бардам болж, өөрийн эзэгтэйг доромжлох болов. Түүний гэдэс томрох тусам ихэмсэг, бардам байдал ч ихэссэн. Үүнээс болж Сараи Абрам хоёрын хооронд ч асуудал үүсч эхэлсэн. Төсөөлж ч байгаагүй хүнд асуудал, зөрчилдөөн дүүрэн болов. Сараигийн сэтгэл угаасаа үр хүүхэдгүй зовж шаналж байсан дээр улам хэцүү болж, зарцдаа доромжлогдох нь түүнийг тэсэхийн аргагүй болжээ. Сараи энэ бүх асуудлын хариуцлагыг Абрам хүлээх ёстой гэж хэлэв.(5) Энэ үед Абрам хүүхдээ бодоод Хагарын талд орсон бол асуудал улам хүндрэх байсан. Харин Абрам Сараид “Харагтун, зарц бүсгүй чинь чиний л гарт дураараа л бол” гэж хэлснээр эмх цэгцийг буй болгож, эхнэр Сараигаа тайтгаруулах гэж оролдсон ч хүний аргаар шийдсний гор нэгэнт оройтсон байсан. (6) Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар Сараигийн хавчлагыг тэвчилгүй түүнээс оргон зугтаав. Абрамын гэр бүлийн асуудлууд улам бүр хэцүү ээдрээтэй ноцтой болов. Абрам Сараи хоёр итгэлээр Бурханы цагийг хүлээлгүй хүний аргыг хэрэглэсний эцэст хайр ивээл, амар тайвнаар дүүрэн гэр бүлд доромжлол, атаархал, үзэн ядалт, гомдол, хэрүүл маргааны асуудлаар дүүрэх болсон. Үүгээр зогсохгүй энэ шийдвэр нь хожим түүхэн дээр ч Израил ба Арабчуудын хоорондох өс хонзонгийн суурийг тавьсан.
Энэ байдлыг харсан Бурханы сэтгэл ямар байсан бол? Тэгээд Бурхан юу хийсэн бэ? Зэмлэж, шийтгэж болох байсан ч Бурхан ийм Абрамд хэрхэн тусалж байна бэ? 8,9-р эшлэлийг үзээрэй. Бурхан тэдний алдааг зэмлэлгүй харин өршөөн, хүлцэн тэвчин, Өөрөө асуудалыг нь шийдэж өгсөн. Бурхан түүнийг буруушаалгүй, гүнзгий ойлгож, хайраар тусалсан. Сул дорой, гэмтэй чигт нь хайрладаг Бурханы хайр, ивээлийг хүлээн авагч бүр юутай ерөөлтэй бэ? Бурхан зугтсан Хагартай уулзаад зөвхөн Хагарын ч биш Сараи, Абрам тэндий асуудалд тусалж байна. Тэгээд Хагарт өөрийгөө зарц гэдгийг умартан, эмх цэгцийг алдсанд байгаа учир эзэгтэй Сараид буцаж очин түүний гар дор нь байж, захирагдахыг зааварлан өгөв.(9) Ингэсээр Бурхан Абрамын гэр бүлийн ноцтой асуудлыг шийдэж өгчээ. Хөдөө хээр араатан амьтаны ч хоол болох аюултай Хагар болон Абрамын үр удамыг Бурхан хамгаалж байх ёстой байранд нь аваачиж өгч байна.
10-12-г үзвэл Эзэний тэнгэрэлчтэй уулзсан Хагар Эзэний нэрийг “хардаг Бурхан” гэж нэрлэв. Эндээс хардаг Бурхан хэн бэ? 1-рт, Бурханы мэлмий цаг ямагт биднийг харж байдаг. Бид хэцүү хүнд асуудалтай тулгарахад Бурхан намайг өчүүхэн хормийн төдий ч харахгүй орхидоггүй. Бидэнд Бурхан тоохгүй, орхисон мэт санагдах үе байдаг. Харин Бурхан үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй анхааран харж байдаг. (Дуулал 121:4). Мөн Давид Дуулал 139:1-4-д “Аяа Эзэн, Та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог. Та миний зам мөр хийгээд Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Замнал бүрийг минь сайн мэддэг. Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө Харагтун, Эзэн Та бүгдийг мэддэг” 2-рт, Бурхан бидний гуниг зовлон ба асуудлуудыг үл тоомсорлолгүй санаа тавин тусалдаг. Бурхан Израилчууд Египетэд боолчлогдон дарангуйлагдаж, ёолж байхад тэдний зовлонг хардаг байсан. (Гэтлэл 3:16) Хагар нь Сараигаас болж хавчигдаж давхар биетэй цөлд зугтахад дэлхийн бүх хүмүүсээс гадуурхагдан, орхигдсон мэт санагдсан байх. Хагар ганцаардал айдас, шантрал ба муу хувь заяанд автан уйлахаас аргагүй байсан. Гэвч Бурхан түүний зовлонг үл тоомсорлолгүй анхааран харсан. Дорд нэгэн болох түүнийг хайж ирэн тайвшрал ба хүсэл найдварыг өгсөн Энэ Бурхан нь бидний зовлонг мэдэн тусалдаг Бурхан билээ. Хагар Бурханы өгсөн зааврыг дуулгавартай даган, гэртээ буцан ирээд Ишмаелийг төрүүлэв. Тэгэхэд Абрам наян зургаан натай байв. (16)

2. Абрамыг олон үндэстний өвөг болгосон Бурхан (17-р бүлэг)
Ишмаелийг төрснөөс хойш 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Абрам юу хийж амьдарсныг сайн мэдэхгүй боловч 1,17,18-р эшлэлээс үзэхэд Абрамын сүнсний байдлыг ямар байгааг гадарлаж болно. 17,18-д Сараиг хүүтэй болно гэж хэлэхэд Абрам нүүрээрээ газар унан инээж зуун настай хүн хүүтэй болно гэж үү ерэн настай Сараи хүүхэд төрүүлнэ гэж үү? Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж дотроо өгүүлжээ. Үүнээс харахад Абрам өөрөө ерэн есөн настай Сараи нь наян есөн настай учраас Сараигаар дамжуулан хүүхэд төрүүлэх нь боломжгүй гэж бодсон гэдгийг мэдэж болно. Абрам өнгөрсөн хугацаанд өв залгамжлагчийн асуудлаас болж маш их зовж байсан. Тэрээр энэ асуудлаасаа болж зөвхөн Бурханд найдан амьдрахын төлөө үргэлж сүнсний тэмцэлтэй амьдардаг байсан. Гэвч Ишмаелийг төрснөөс хойш түүний амьдрал өөрчлөгдсөн. Амьдралын тав тух гэж юу бэ? Абрамын тав тух нь юу бэ? Ишмаелийг Абрамд хэн зөвшөөрч өгснөөр тэр хүүтэй болсон бэ? 10 жил, 20 гаран жил Бурхан Абрамыг хүлцэн тэвчиж, хайрлан, ивээж ерөөсөөр л байсан. Мөн итгэлийн хүнээр, дуудлагынхаа дагуу амьдрах байх гэж хүлээсээр л байсан. Гэтэл бүр эсэргээрээ Абрам “Хувиа борлуулж, Довоо шарлуулж” амьдарсан. Бурханы өөрт нь тавьсан агуу хүсэл тааллыг мартан жирийн хүний амьдралаар амьдрах болжээ. Энэ нь сүнсний хараагаа нэгэнт алдсан болохыг харуулж байна. Энэ чигээрээ цааш удаан үргэлжилбэл юу болохыг Бурхан мэдсэн байх. Абрам Бурханыг түшиглэн найдаж амьдаръя гэсэн сүнсний тэмцэл ч үгүй, Сүнсний өсөлт ч үгүй, сүнсээр үхмэл нэгэн болох нь маш аюултай юм. Хэзээ ч сатаны хоол болоход бэлэн болж байна гэсэн үг.
Бурхан цаг нь болоход түүнд үзэгдэн түүнийг зэмлэв. 1-р зүйлийг үзээрэй. “Би бол Төгс Хүчит Бурхан, Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун” Бурхан өдий хүртэл нэг ч удаа зэмлэж байгаагүй. Түүнийг алдаа гаргах үед ч түүний сул дорой алдааг тэвчин, тусалдаг байсан. Хамгаалалт хэрэгтэй үед хамгаалж, тайвшрал хэрэгтэй үед тайтгаруулж, хүсэл найдвар хэрэгтэй үед хүсэл найдварыг өгч байсан. Харин Бурхан энэ удаа хатуу зэмлэж байна. Яагаад гэвэл тэрээр Бурханы өмнө бүрэн итгэлээр амьдраагүй учраас юм.
Хүмүүс бодитоор гэм буруутай үйлдэл хийхийг л гэм буруу гэж боддог. Мөн зарим нэг нь ёс суртахууны хувьд буруу зүйлийг гэм гэж тооцдог. Харин Бурханы хувьд үл итгэл нь гэм юм. Яагаад гэвэл энэ нь Бурханы хүч чадлыг үл тоомсорлож, Түүнийг хүчгүй Нэгэн мэт болгон үгүйсгэж байгаа учраас юм. “Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун” Энэ нь өнгөрсөн хугацааны үл итгэл ба өөрийгөө төвд тавьсан гэмт амьдралыг гэмшин, дахиад Бурханы өмнө гэм зэмгүй, итгэлээр амьдраарай гэсэн үг.
Бурхан түүнийг зэмлэхэд яагаад Өөрийгөө Би бол Төгс Хүчит Бурхан гэж хэлсэн бол оо? Яагаад гэвэл одоо Абрамын ингэж амьдрах болсон нь Бурханы төгс хүч чадалд итгээгүй үл итгэлээс болсон учраас юм. Абрам өөрөө болон Сараи ч өтөлсөн болохоор хүүхэдтэй болох нь боломжгүй гэж бодов. Тэрээр хүний биеийн хязгаарлагдмал байдалд автагдан, Бурхан байлаа ч гэсэн энэ асуудлыг яаж ч чадахгүй гэж боджээ. Бурханд хараагаа тавин амьдрах байтал тэд асуудалд анхаарлаа тавин амьдарсан. Ийм түүнд Бурхан “Би бол Төгс Хүчит Бурхан” гэж заасанаараа түүний зүрхний гүнд буй үл итгэлийн чулууг зайлуулахыг хүсэв. Бурхан бол орчлон ертөнцийн бүхнийг бүтээсэн Бүтээгч юм. Энэ Бурханд боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ Бурхан Сараигийн өтөлсөн умайд шинэ амийн үрийг тогтоож чадах бөгөөд Улаан тэнгисийг хуваан замыг гаргаж чадна. Бурхан эдгэшгүй өвчнийг ч эдгээж, үхсэнийг ч амьдруулж, далайн хүчит шуургыг ч зэмлэн зогсоож чадна. Тиймээс Абрам ийм төгс хүчит Бурханд бүрэн итгэн найдах хэрэгтэй. Өнөө үед ч Бурхан биднээс ийм итгэлийг хүсдэг. Харин бидний зүрхэнд хичээсэн ч болохгүй байна гэсэн үл итгэл гүн байдаг. Фишин хийхээр хэд хэдэн удаа гараад л хонь олдохгүй учир шантраад дахиад фишин хийхийг зүрхлэхгүй болдог. Тэгээд би хэчнээн хичээсэн ч хонийг өсгөж чадахгүй байна гэж боддог. Надад боломжгүй учир Бурханд ч боломжгүй гэсэн үг гэж үү? Огт тийм биш. Бурхан хэлж байна “Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун” Бурхан нөхцөл байдлаас үл хамааран ажилладаг Төгс бүрэн хүч чадалтай Бурхан гэдэгт итгэхийг хүсдэг. Хүний зүгээс харахад туйлын цөхрөлийн цаг мөчид ч Бурханы зүгээс туйлын боломжийн цаг мөч гэдэгт итгэхийг биднээс хүсдэг.
2-р зүйлийг үзээрэй. Бурхан үргэлжлүүлэн түүнтэй гэрээ байгуулж, түүнийг маш их өнөр өтгөн болгоно гэж амлав. Тэгэхэд Абрам нүүрээрээ газарт унан Түүний үгийг сонсон, дуулгавартай дагана гэсэн хандлагыг гаргав. 4-6-г үзээрэй. “Миний хувьд харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно” Эндээс Бурхан Абрамыг олон үндэстний эцэг болгож түүнээс үндэстнүүд ба хаадыг бий болгоно гэж амлаж байна. Энэ амлалтыг сайтар харвал Бурхан Абрамд тавьсан хүсэл найдвар нь хэр агуу, уужим байна бэ? гэдгийг мэдэж болно. Гэвч Абрам ганц хүү Ишмаелийн аав эцгээр амьдрахыг хүссэн. Түүний хүсэл нь зөвхөн өөрийгөө ба гэр бүлийг төвд тавин амьдардаг үл итгэгчийн амьдралтай адил байв. Харин Бурханы түүнд тавьсан хүсэл найдвар нь түүнийг ерөөлийн үндэс, олон үндэстний эцэг болсноор дэлхийн бүх ард түмнийг зүрхэндээ тээн, хаадыг төрүүлэхэд байв. Бурхан түүнийг хүн төрөлхтний авралын түүхэнд хэрэглэгдэх агуу хүн болгохыг хүссэн. Абрам энэ Бурханы агуу хүсэл найдварыг хүлээн зөвшөөрч, Түүнийг дагавал давчуу ертөнцөөс гарч, агуу уужим Бурханы ертөнцөд амьдарч чадна. Тэгэхэд өөрийн хэмжээндээ ханан жижигхэн амьдралгүй, үргэлж сүнсээр тэмцэн өсдөг аварга мод болж чадна.
Бурхан одоо ч агуу хүсэл найдварыг тавин хүн бүрийг дууддаг. Орчлон ертөнцийг бүтээсэн агуу Бурханы надад тавьсан хүсэл таалал ч агуу уужим байдаг. Бурхан Абрамд ерөөлийн үндэс, олон үндэстний эцэг болгох хүсэл найдварыг тавьсан шиг бидний хүн бүрд энэ цаг үеийн ерөөлийн үндэс, олон үндэстний эцэг болгон хэрэглэх хүсэл найдварыг тавьж байна. Биднийг гэм ба Сатаны захиргаанаас аварч ариун ард түмэн, хаан мэт тахилчаар хэрэглэх гэж байна. Бурхан надаар дамжуулан гэмээс болж сүйрч буй олон сүнснүүдийг аврахыг хүсдэг. Бурханы надад тавьсан энэхүү агуу тааллыг хүлээн зөвшөөрөхөд бидний зүрх хүсэл эрмэлзлээр дүрэлзэх болно. Тэгээд Бурхан агуу зүйлсийг бүтээнэ гэдэгт итгэн Бурханы алдрын төлөө агуу ажлыг хийх болно.
5-р эшлэлийг дахиад үзээрэй. “Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно” Бурхан Абрамыг олон үндэстний эцэг болгохын төлөө одоо түүний нэрийг сольж өгч байна. Абрам гэдэг нэр нь “хүндэт аав” гэсэн утгатай. Энэ нэрд жирийн гэр бүлийн тэргүүнээр амьдардаг аавын дүр төрх харагдана. Гэвч Абрахам гэдэг нэр нь “олон үндэстний эцэг” гэсэн утгатай. Абрам гэдэг нэртэй түүний зүрх нь горхины хэмжээтэй бол Абрахам гэдэг нэр нь тэнгис далайн хэмжээтэй гэж хэлж болно. Номхон далайд хэчнээн олон төрлийн загас амьтад амьдардаг бол? Үүнчлэн Бурхан Абрахамыг олон үндэстэн ба хаадыг төрүүлэн өсгөдөг агуу үүрэгтэй амьдралаар амьдрахыг хүссэн. Ингэж амьдрах гэвэл багагүй золиослол, хэцүү зовлон амсана. Гэсэн ч энэ амьдрал өнөр өтгөн үр жимсийг гаргадаг үнэ цэнтэй амьдрал болно. “Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно” Үүнээс хойш гэсэн нь урьд ямар байсан тэр бүгдийг уучилсан, эргэн санахгүй, харин одооноос цаашдаа олон үндэстний эцгээр амьдраарай гэсэн утгатай. Яасан агуу хайр ивээл бэ? Амен
Өнөө үеийн залуучууд энэ цаг үеийн нөлөөнөөс болж ер нь жижигхэн хүсэл мөрөөдөлтэй, өнөө маргаашийн зүйлсийг л бодож амьдардаг. Итгэлээр амьдарсан ч өөрийн өчүүхэн хэмжээ хүрээний дотор хувийн амьдралын сайн сайхныг л төлөө амьдрахыг боддог. Харин Бурхан ийм амьдралыг таалдаггүй. Хэцүү зовлон, золиослол амссан ч илүү уужим олон үр жимстэй авралын түүхэнд хэрэглэхийг хүсдэг. Салхи шуургагүй хүлэмж доторх гоё цэцэг бус хүчтэй салхи шуургатай байсан ч олон шувууд үүрлэж чадах аварга том мод шиг өсөхийг хүсдэг. Амен
15-16-р эшлэлээс үзвэл Бурхан Абрахамд тавьсан хүсэл найдварыг түүний эхнэр Сараид ч тавьж байгааг мэдэж болно. “Чиний эхнэр Сараигийн хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй, түүний нэр Сара байх болно. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна” Сараи гэдэг нэр нь “гэрийн эзэгтэй, миний гүнж” гэсэн утгатай. Сараи гүнж шиг нөхрөөр хайрлуулан, үйлчлүүлдэг амьдралаар амьдрахыг хүсэж байсан. Мөн зөвхөн өөрийн гэр бүл ба хүүхдийн төлөө амьдардаг гэрийн эзэгтэйгээр байхыг хүссэн. Харин Бурхан ийм Сараид олон үндэстнүүд ба хаадыг төрүүлэн өсгөх эх болох хүсэл найдварыг тавьсан. Абрахам олон үндэстний эцгээр амьдрахад Сарагийн дэмжлэг маш чухал байдаг. Сара Абрахамтай нэг хүсэл найдвартай болж хэрхэн түүнд туслан хамтрах вэ? гэдгээс шалтгаалан Абрахам олон үндэстний эцгээр амьдарч чадна. Хэрэв Сара Бурханы энэ хүсэл найдварыг хүлээн зөвшөөрөхгүй бол Абрахам хэчнээн хүссэн ч Сарагаас болж жирийн аав, эцэг хүн болж үлдэх болно. Тэгвэл энэ гэр бүлд тавьсан Бурханы агуу төлөвлөгөө хүсэл найдвар нь биелэгдэшгүй болно. Сара өөрчлөгдөх нь маш чухал учраас Сараигийн нэрийг хүртэл өөрчилж өгсөн. Сара үндэстнүүдийн эхээр амьдрахад Абрахамтай нэг сав болж ерөөлийн үндсээр амьдарч чадна. Амен
7,8-р эшлэлийг үзээрэй. “Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв” Энэ үгэнд Бурхан Абрахамтай гэрээ байгуулж байгаа зорилго илэрхийлэгдсэн байна. Тэр нь чухам Бурхан Абрахам ба түүний хойших үр удмуудын Бурхан нь болоход байлаа. “Би тэдний Бурхан болно” Энэ үгэнд Абрахамаар дамжуулан энэ дэлхийд алдагдсан Бүтээгч ба бүтээлийн эмх цэгцийг сэргээхийг хүсэж буй Бурханы хүсэл харагдаж байна. Уг нь бүх бүтээлүүд Бурханыг хүндэтгэн магтаж, Түүнд мөргөн үйлчилснээр бүх алдрыг Түүнд өргөх ёстой байв. Гэвч Адамд гэмд унаснаас хойш хүмүүс Бурханыг мэдсэн атлаа алдаршуулдаггүй, оронд нь хиймэл шүтээнийг шүтдэг болсон. Бурхан ийм дэлхийд Абрахамаар дамжуулан Өөрийг нь хүндэтгэн алдаршуулдаг Бурханы ард түмэн буюу үндэстнүүдийг бий болгохыг хүсэж байлаа. Мөн Бурхан тэдний Бурхан болсноор Абрахам ба түүний итгэлийн үр удмуудыг авран, Өөрийн өмч болгон хайрлан хамгаалж, халамжлахыг хүссэн.
9-14-р эшлэл хүртэл Бурхан Абрахамтай байгуулсан гэрээгээ баталгаажуулахын тулд хозлуулахыг тушааж байна. 11,12-г үзээрэй. “Та нар тээрхийн арьсаа тануулагтун! Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно” Хозлуулах ёслол нь эр хүйстэн хүний хөвчийг тайрч авдаг ёслол юм. Тухайн үед мэдээ алдуулагч тариа байхгүй учир маш өвдөж байсан байхаа. Ингэж өвдөж зовох боловч яагаад Бурхан заавал үүнийг хийхийг тушаасан бол оо? Бурхан энэ өвдөлтөөр дамжуулан Абрамын үл итгэл, амарлингуй назгай амьдрал, хувиа бодсон давчуу амьдралыг тасалж авахыг хүссэн. Хүний давчуу зүрхийг урж уужим болгоход сэтгэлийн өвдөлт заавал амсадаг. Хүний гэмтэй чанар нь ямар нэгэн өвдөлт байхгүй бол аажмаар өөрийгөө төвд тавин аминч амьдрах болдог. Ийм аминч өөрийгөө төвд тавьдаг гэмтэй чанарыг үгүйсгэн Бурханыг төвд тавьдаг, Бурханы уужим зүрх сэтгэлтэй хүн болохын төлөө зөвхөн хувиа бодсон амьдрал ба жижиг сажиг зүйлээс таашаалыг авч амьдрах гэсэн хүслүүдийг тайрч авах өвдөлт хэрэгтэй. Есүс ч гэсэн Лук 29:23, 24-д ийнхүү тодорхой хэлсэн “Хэн Миний араас дагахыг хүснэ тэр хүн өөрийгөө үгүйсгэн, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” Хувийн амьдралыг төвд тавьдаг өөрийгөө үгүйсгэн Бурханы хүсэл тааллыг даган олон үндэстний эцэг эхээр амьдрах нь амархан биш гэдэг нь тодорхой. Сэтгэл өвдөж, золиослол гаргах үе их гарна. Гэвч үүгээр дамжуулан бидний доторх хольц цэвэрлэгдэн Бурханы таалал миний амьдралд биелэгдэх болно. Бид агуу зүйлийн төлөө жижигхэн, хувийн хүслүүдийг тайрч, сүнслэг хозлолыг хийж чадах зоригтой хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
23-г үзээрэй. Абрахам Ишмаел хүүгээ бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөр худалдаж авсан бүх хүн, гэрийнхээ бүх эр хүйстнийг аваад Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хозлуулах ёслол үйлджээ. Абрахам өөрт нь тавьсан Бурхан хүсэл найдварыг хүлээн зөвшөөрөн тэр даруй дуулгавартай даган хозлуулсан. Үүгээр Абрахам өөрийгөө үгүйсгэн олон үндэстний эцгийн амьдралыг эхлэх болсон. Үүнчлэн бид ч гэсэн зүрхээ хозлуулах хэрэгтэй. Хувиа боддог, хатуурсан бардам, давчуу болсон зүрхийг урж, Бурханы хүслийг хүлээн зөвшөөрөн, олон үндэстний эцэг, эхээр амьдаръя гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэгэхэд Бурхан бидний амьдралд авралын ажлаа эхлэн биднийг олон үндэстний эцэг, эхээр өсгөх болно. Энэ цагт бид зүрхээ хозлуулснаар өнөө үеийн олон үндэстний эцэг, эхээр хэрэглэгдэх хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.
Дүгнэлт: Абрам өмнө нь 15-р бүлэгт Бурхантай гэрээ байгуулсан ч тэр үед нойронд автан унтаж байсан. Түүнээс хойш маш удаан сул дорой, итгэлгүй байдал гаргасаар байсан ч Бурханы ямар агуу уужим хайраараа түүнийг хайрлан ерөөг байгааг хамтдаа суралцлаа. Энэ удаад Абрахам өөрөө дуулгавртайгаар гэрээний тэмдэг болох холзлолыг өөрөө төдийгүй бүх ард түрмээрээ Эзэний үгийн дагуу үйлдсэн. Энэ бол зүрх сэтгэл, мах цусаараа мэдэрч сайн дураар итгэлийн шийдвэр гарган Олон үндэсний өвөг эцэгээр амьдарч буйн илрэл юм. Тэрээр цаашид уг гэрээгээ хэзээ ч мартхааргүй болсон. Мөн үүний зэрэгцээ Бурханы өөрт нь хандсан өршөөл, хайр ивээлийг ч мартхааргүй болсон юм. Бурхан яг өнөөдөр та биданд энэ үгээ өгч буй нь яг адилхан, биднийг хүлцэн тэвчиж, хайрлан ерөөж буй хэрэг биш гэж үү. Бурхан бол амлалтаа заавал бийлүүлдэг Бурхан, харин та итгэж байна уу? Бурханы цаг ирэх хүртэл тэвчээртэйгээр итгэлээр амьдарч, ерөөлийн үндэсээр амьдархыг хүсэн ёрөөж байна. Амен.

өмнөх нийтлэл2024 оны Эхлэл 15-р хичээл (07.07)
Дараагийн нийтлэл2024 оны Наадмын тусгай номлол (07.17) Калеб хн