Үгийн цэвэр сүүг хүсэн тэмүүл
1Петр 1:13-2:3
“Үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм.”(2:2)
1. Өөрсдийн бүх л зан байдалдаа ариун байгтун. (1:13-21)
Бурханы хаанчлалд амьд найдвар тавин амьдарч буй хүмүүс нь оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай амьдрах хэрэгтэй.(13) Мөн Есүс Христийг илчлэгдэх үед өгөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавих хэрэгтэй. Ялангуяа Есүсийг мэдээгүй байх үедээ үйлддэг байсан шигээ үйлдэж болохгүй. Итгэгч бид нар нь бүх л зан байдалдаа ариун байх хэрэгтэй. Яагаад гэвэл биднийг дуудаж Өөрийнхөө хүүхдүүд болгосон Бурхан ариун учраас тэр юм. Мөн эцсийн өдөр биднийг үйлсийн минь дагуу шүүх учраас юм. Иймээс бид энэ дэлхийд байх хугацаандаа Бурханаас эмээн биеэ авч явах хэрэгтэй. Биднийг эцэг өвгөдийн минь утгагүй амьдрал ба гэмт зуршлаас аварсан нь Есүсийн гэм зэмгүй ариун цусны гавьяа гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.(19) Түүний эрхэм нандин цус нь биднийг үргэлж ариусгаж байдаг.
2. Авралд хүртлээ өсөгтүн. (1:22-2:3)
Элдвийн зовлонтой асуудалд орооцолдсоноос болж итгэгчдийн хайр нь амархан хөрдөг. Харин бид зовлон дунд байх тусмаа бие биеэ халуунаар хайрлах хэрэгтэй. Яагаад гэвэл бид сайн мэдээний үнэнд итгэсэн үед бузар сэтгэл маань ариусгагдаж, ах дүүсээ чин сэтгэлээсээ хайрлах болсон учраас юм.(22) Бид бусдыг байнга хайрлан амьдрахын төлөө үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүлэх хэрэгтэй. Бид амьд, цэвэр үгээр дахин төрсөн ба Бурханы үг мөнхөд оршдог. Тиймээс үгийг хайрлан амьдрахад зүрх сэтгэлд төрдөг бузар санаа бодлууд болох өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг орхиж чадна.(2:1) Үүгээр ч зогсохгүй Бурханы бидэнд тавьсан хүсэл найдварын дагуу авралд хүртлээ өсөх болно. Мөн Бурханы амьд үг нь биднийг өдөр бүр ариусгаж, бусдыг зүрх сэтгэлээсээ хайрлан амьдардаг хүнээр өсгөх болно.
Гуйлт: Эзэн минь! Би одоо хүртэл хувийн асуудалдаа автагдан бусдыг халуунаар хайрлан амьдраагүйдээ гэмшиж байна. Таны үгийн цэвэр сүүг өдөр бүр хүсэн тэмүүлснээр бусдыг хайрлан амьдрах хүчийг өгөөч.
Нэг үг: “Бурханы үгийг хүсэн тэмүүлье.”