Чи Эзэн Бурханаа хайрла
Матай 22:15-46
Гол эшлэл 22:37
“Тэр түүнд-“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”
Өнөөдөр бид Есүсийг фарисайчууд болон садукайчууд 3 удаа хүнд хэлбэрийн асуултаар сорьсон талаар суралцах гэж байна. Фарисай болон садукай хэмээн нэрлэгдэх эдгээр хүмүүс тухайн үеийн шашины удирдагчид байсан юм. Тэд үргэлж Есүсийг эсэргүүцэн, эрх мэдлийн шуналаас болж түүнийг алахыг санаархаж байв. Энэ ч удаа ч гэсэн тэд Түүнийг үгүйсгэхээр, ард олны дунд эвгүй байдалд оруулахаар ирж байна. Гэвч Есүс Бурханы мэргэн ухаанаар тэдний сорилтыг ялан дийлж, тэдний тавьсан асуултанд “унах” биш харин түүгээрээ дамжуулан үнэнг зааж өгсөн юм. Есүсийн заасан үнэнээс бид ч суралцан, Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрладаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
I. Цезарийн юм, Бурханы юм (15-22)
15,16-р эшлэлүүдийг хараара “Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв.Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа.-Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ. Израйль улсад Есүсийн амьдарч байсан цаг үед 6000 орчим фарисайчууд амьдарч байсан. Тэд Мосегийн таван номноос 613 зүйл бүхий хуулийг боловсруулсан бөгөөд эдгээрийг дагахыг Израйльчуудад зааж байлаа. Тэд үндсэрхэг үзэлтэй тул Ромын колончлолыг эсэргүүцдэг байв. Ийм учраас тэд Херодын талыг баримтлагч хүмүүстэй санал нийлэх байтугай бие биенийгээ нэг нүдээрээ ч үздэггүй байв. Гэвч энэ удаад тэд Есүсийг хэлсэн үгэнд унагаахаар хамтдаа нэгдэж байгаа аж. Есүсийг хийж байгаа гайхамшиг, түүний үйлчлэлийн амьдралд өөлөхөөр ямар ч гэм буруутай зүйл олдоогүй. Тэдний боловсруулсан 613 зүйл хуулийн хүрээнд буруутгах шалтаг ч олдсонгүй. Иймээс тэдний эцсийн арга бол хэлсэн үгэнд унагаах байв. Иймээс тэд хамгийн нэр хүнд бүхий, ухаалаг гэгдэж байсан фарисайчуудыг цуглуулан Есүсийн хэрхэн унагаах талаар ярилцаж эхэлсэн. Тэдний энэ яриа хэр хугацаанд үргэлжилснийг мэдэхгүй ч нэг шийдэл олсон нь албан татвар төлөх тухай байв.
Одоо 17 -г үзэээрэй. “ Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч. Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу?” гэхэд. Энэхүү 17-р эшлэлд гарч байгаа албан татвар төлөх нь яагаад Есүсэд сорилт болох вэ? Үүний хариулт болгож хэрвээ Есүс шууд албан татвар төлөх нь хуульд нийцдэг гэвэл Ромын хаанчлалыг дэмждэг хэмэээн гүтгүүлэх байв. Харин албан татвар төлөх нь хуульд нийцэхгүй хэмээвээс Цезарийг эсэргүүцэгч хэмээн нэр зүүн Херодын дэмжигчдээр бариулж шоронд орох байлаа. Иймээс хүнд байж болох хамгийн мэргэн ухааныг ашиглаж зөв гэж бодсоноо ч хэлсэн ч аль талаараа буруудах байв.
Харин Есүс ямар ч хариулт өгсөн бэ? Одоо 18-р эшлэлийг үзээрэй “ Хоёр нүүртнүүд ээ. Та нар юунд Намайг сорино вэ?” хэмээв. Есүс тэдэнд ая тал зассангүй. Тэдний зүрх хорон муугаар дүүрэн хэрнээ хүн харахад ямар ч асуудалгүй мэт хуурамч итгэгчид байв. Тэд Бурханыг хайрлаж байгаа гэж боддог ч Есүсийг аврахыг хүссэн бүхнийг алж,талж устгахаар ирсэн хонины арьс нөмөрсөн хүн дүрс хомхой чононууд байв. Ийм тэдний хоёр нүүртэнгүүд хэмээн зэмлэсэн. Ийнхүү зэмлэсний дараа Есүс татварт өгдөг зоосыг үзүүлэхийг тэднээс хүссэн. Тэд нэг денар зоосыг түүнд өгсний дараа Есүс тэднээс 20-р эшлэлд “Энэ хэний дүрс, бичээс вэ” хэмээн асуусан. Энэ татварын зоосыг Ром улсад албан татвар төлөхөд хэрэглэдэг байсан. Ром улс өөрийн колончлод байгаа улсуудад энэ зоосыг хэрэглэснээр Ром улсын захиргаан дор байгаа гэдгийг сануулах тэмдэг болгодог байв. Энэ денар зоосонд Цезарын дүрс ба нэр сийлэгдсэн. Мөн ар талд нь бүх үндэстний эзэн бурханлаг Августийн хүү Тиберийн Цезарь гэж сийлээстэй байв. Тиймээс тэд авчирсан зоосоо Цезарийнх гэж хариулжээ.
Тэгэхэд Есүс юу гэсэн бэ? 21-г үзээрэй. “Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг.” Тэд Есүсийг тэдний асуултанд яалт ч үгүй унах байх гэж бодож байлаа. Гэвч Есүс тэдэнд тэдний бодож байгаагаас эсрэг хариултын өгсөн юм. Тэд Ромын улсын хамгаалал ба захиргаанд байгаагаа үл тоож үргэлж эсэргүүцэн, удирдагчдыг шүүмжлэн, татвар өгөхөөс ч татгалзаж байв. Ийм тэдэнд Ромын хамгаалал ба захиргаанд байгаа учраас иргэний үүрэг, хариуцлага биелүүлэх ёстой гэдгийг Есүс заав. Бурхан өөрийн эрх мэдлийн хүрээнд улс орон, засаг захиргаа, дээд эрх мэдэлтнүүд болон гүйцэтгэх засаглалыг тогтоож өгсөн юм. Иймээс Израйльчууд Ромын хуулинд захирагдах ёстой төдийгүй бид ч гэсэн бидний дээр байгаа эрх мэдэлтнүүдэд захирагдах ёстой юм. Түүнчлэн Монгол улсын иргэний үндсэн үүргийг сайтар биелүүлэх ёстой юм. Учир нь Бурхан бүх эрх мэдлийг тогтоосон юм. Тиймээс Монгол улсын иргэний үндсэн үүргийг Монгол улсын үндсэн хуулийн 17-р зүйлд заахдаа Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:
1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;3/хуулиар ногдуулсан албан татвар төлөх;4/эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах. 2.Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн хэмээн заасан байна. Иймээс бид ч гэсэн Бурхан тогтоосон эрх мэдэлд хүндэтгэлтэй хандаж, эрх мэдэлтнүүдэд захирагдан, хуулиар заасан үүргээ биелүүлж байгаа нь Бурханд захирагдаж байгаагийн анхдагч илэрхийлэл юм.
Мөн үүгээр зогсохгүй Есүс “Бурханы юмыг Бурханд өг” гэснээр Бурханд хандсан үүргийг ч биелүүлэх хэрэгтэй гэж байна. Бид хэдийгээр МУ-ын иргэн боловч нөгөөтэйгөөр Бурханы хаанчлалын иргэд юм. Энэ дэлхийн иргний үүргийг сайн биелүүлэх төдийгүй Бурханы хаанчлалын иргэний хувьд Бурханы хаанчлалын иргэний үүргийг ч сайн биелүүлэх ёстой билээ. МУ-ын үндсэн хуульд бичигдсэн үндсэн үүрэг, журамт үүрэг биелүүлэх ёстойгийн адид Бурханы хаанчлалын үндсэн хууль болох Билбийн үгийг сайн дагаж биелүүлэх ёстой ажээ. Бурханы үгийн дагуу амьдрах, залбирах, өргөл өгөх, 1/10 өргөх, хүндэтгэхлийн цуглаанд тогтмол оролцох, Фисийн хийж сайн мэдээ тараах зэрэг.
Фэйсбүүкийн нэгэн найзынхаа хуваалцсан түүхийг энд хуваалцаж байна. Энэ бол бодит түүх юм. Гадаа хүйтэн төдийгүй бороо хувин хувингаар асгарч байхад нэгэн хүү өөрийн аавдаа гадагшаа гарч, гудамжаар явж сайн мэдээний тараах хуудсаа бусдад өгөхийг сануулж яаруулсан аж. Аавынх нь хувьд гадаа хүйтэн байгаа тул гарах шаардлагагүй гэж ихэд ундууцсан байна. Аавыгаа гарахгүй байхыг шийдсэн бат шийдвэрийг ухаарахдаа хүү ганцаараа явахыг түүнд зөвшөөрөхийг ааваасаа гуйсан аж. Аав нь болгоомжтой явахыг түүнд сануулж, зөвшөөрсөн тул хүү тосгоны гудамжуудаар 2 цаг орчим усан бороонд алхаж, сайн мэдээний хуудсаа бүгдийг шахуу тараасан аж. Ингээд сүүлчийн ганц хуудсаа хэн өгөхөөр хайсан ч гудамжинд хэнд ч харагдаагүй аж. Иймээс түүний нүдэнд туссан эхний байшин руу очин, хаалгыг аяархнаар тогшив. Харин хэн ч хаалгын онгойлгоогүй тул гэр рүүгээ явахаар эргэсэн аж. Гэвч ямар нэгэн хүч хүүг зогсоосон ажээ. Ингээд хүү буцаж хаалга руу гүйн очиж улам чангаар тогшин цохиж эхлэв. Тэр тогшсоор байсан тул эцэст н хаалга зөөлнөөр нээгдэж, нэгэн эмэгтэй маш гунигтай харцаар харж хүүгээс ямар нэгэн байдлаар тусалж чадах эсэхийг асуусан байна. Харин хүү гялалзсан нүдээр инээмсэглэн “Эгчээ таныг бухимдуулж уурлуулсан бол уучлаарай, гэхдээ би “Бурхан танд үнэхээр хайрта гэдгийг хэлэхээр ирсэн мөн танд үлдсэн ганцхан сайн мэдээний хуудсаар өгөхөөр ирсэн нэдгээ хэлмээр байна. Энд бичигдсэн зүйлс бол Бурхан ба түүний агуу хайрын тухай юм хэмээн хүү хариулжээ. Энэ үйл явдлын дараа хүүгээс сайн мэдээний хуудсыг авч эмэгтэй хаалга хаав. Маргааш нь бүтэн сайны өдөр байсан ба пастор индэр дээрээс хэн нэгэнд гэрчлэл, хуваалцах зүйл байгааг эсэхийг асуув. Энэ үеэр сүмийн арын эгнээнээс нэгэн эмэгтэй босч гялалзсан нүд, хайр дүүрэн инээмсэглэлээр гэрчлэлээ хуваалцжээ. Тэрбээр ярихдаа өчигдөр хүйтэн бороотой төдийгүй, Христэд итгэгч биш байсан тухайгаа хэлэн яриагаа эхэлсэн аж. Түүний нөхөр нас барснаар тэрбээр ганцаараа үлдэж байгаадаа сэтгэлээр унаж, амиа хорлохоор шийдэн дээврийн хонгилдоо орсон аж. Түүнийг хүзүүндээ уяа углах тэр агшинд гэнэт хаалгыг хэн нэгэн тогшсон аж. Түүний төсөөллөөр хаалга тогшиж байгаа нэгэн удахгүй болиод явах байх гэж бодсон ч улам хүчтэй цохисон тул тэр арга буюу бууж хаалга онгойлгосон аж. Тэрбээр өөрт нь сайн мэдээний хуудас авчирч өгсөн хүүг дүрслэхдээ хаалганы минь өмнө яг л сахиусан тэнгэр шиг гэрэлтсэн царайтай хүү зогсож байсан төдийгүй түүний ёр бусын дуу хоолойгоор дамжуулан “Бурхан танд үнэхээр хайртай гэдгийг хэлмээр байна гэсэн үг амьгүй байсан түүний зүрхийг дахин амьдруулсан хэмээн хуваалцжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ бяцхан сахиусан тэнгэр хүйтэн, бороонд уусан алга болоход би хаалгаа хаагаад тэр цаасан дээрх үг бүрийг уншсан. Дараа нь би олсыг тайлж хаяхаар дээвэрлүүгээ гарсан. Одоо таны харж байгаачлан тэр олс надад огт хэрэггүй болсон! Би Хааны аз жаргалтай охин болсон. Тэр цаасан дээр танай сүмийн хаяг байсан тул миний амьдралыг тамаас аврахаар яг цагтаа ирсэн Бурханы бяцхан сахиусан тэнгэрт баярлалаа гэж хэлэхээр би ирсэн юм хуваалцжээ. Тийм бидний Бурханд өгөх цор ганц зүйл бол түүний сайн мэдээг бусдад хуваалцах юм. Энэ аврагдаж хаанчлалын иргэн болсон хүний хийх хамгийн агуу хэрнээ үнэн зөв зүйл билээ. Харин бусад нь нэмэгдэж өгөгдөх болно. Тиймээс Цезарийн юмыг Цезарьт Бурханы зүйлийг Бурханд өгцгөөе. Амен
II. Амьдын Бурхан (23-33)
Одоо бид Есүсэд ирсэн хоёр дахь сорилтын тухай үзэх гэж байна. 23-г үзээрэй. Есүсийг сорихын тулд садукайчууд түүн дээр ирэв. Садукайчууд бол фарисайчуудын адил шашины удирдагчид бөгөөд тэд нүдэнд үл харагдах хийгээд гарт баригдахгүй сүнсний ертөнцийг үгүйсгэдэг байсан. Тиймээс тэдэнд үхлийн дараах амьдрал огт хамааралгүй, ойлгох хийгээд итгэх ч шаардлагагүй ертөнц байв. Тиймээс тэд энэ дэлхийд амьдрах амьдралдаа баян тансаг хийгээд алдар нэр хүндтэй амьдрахыг заадаг байв. Өөрөөр хэлбэл тэд ямар нэгэн аргаар эрх мэдэлд хүрч сайхан амьдрах, баяжихын тулд улс төрийн эрх мэдэлтэй болохыг чухалчлан заан, бодит амьдралыг чухал тооцон амьдардаг байв. Тэд энэ удаад Есүсийн тэнгэрийн хаанчлал ба амилалын тухай ярьдийг мэдэж байсан тул үгүйсгэхийн тулд нэгэн үлгэр зохион ирсэн.
Одоо 24-р эшлэлийг үзээрэй. “Багш аа, Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой гэж Мосе хэлсэн.” Тэд Дэд хууль 25:5,6-д бичигдсэн энэхүү хуулийг үндэслэн амилалыг үгүйсгэх гэв. Израйльд ах нь эхнэр авснаар үр огт төоүүлэлгүй нас барвал, дүү нь эхнэртэй нь гэрлэж, ууган хүүг төрүүлснээр ахынхаа үр удмыг залгуулах ёстой гэсэн хуультай байв. Тэд энэ хуульд үндэслэн амилалыг үгүйсгэх нэг үлгэрийг зохиов. 25-28-г уншиж үзээрэй. Үнэндээ ийм тохиолдол бодитоор гарах ямар ч боломжгүй юм. Харин тэд хэний ч санаанд оромжгүй ийм үлгэрийг зохиож Есүст асуулт тавьсан нь хэрэв амилал байвал ах дүүсийн хооронд эхнэрийг булаацалдах замбараагүй байдал ба зөрчилдөөн үүснэ гэж ойлгуулахыг хүссэн. Улмаар үүгээр дамжуулан амилал хэзээ ч байх ёсгүй гэдгийг нотлох гэж оролдсон. Ийм тэдний санаа зөв оновчтой юм шиг харагдах боловч тэд амилалыг энэ амьдралын үргэлжлэл гэж бодсон нь дэндүү том эндүүрэл байлаа.
Одоо 29,30 -р эшлэлийг үзээрэй.29 Есүс хариуд нь тэдэнд-Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.30 Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм. Тэд шашины удирдагчид учраас ард олонд ямар нэгэн сургаал, номлол заах бол Мосегийн 5 номноос заадаг байв. Эдгээр номны агуулга сайтар үзвэл тэдгээрт Ариун сүнс, амилал хийгээд тэнгэр элч, мөнхийн улсын талаар гардаг. Иймээс тэд Бурханы хуулийг өнгөц төдий байдлаар харж, ойлгож өөрийн ойлголтоор эдгээрийг зааж байсан учраас улмаар төөрөлдөж, буруу ойлголтой явж байгаа нь энэ байв.
Өнөө үед ч бидний дунд мөнхийн улс, амилал, хожим ирэх Есүс, там, шийтгэл, Ариун сүнсний талаар ийм ойлголттой итгэгчид байгаа эсэхийг үгүйсгэх боломжгүй. Тэд библийн хичээл, Есүсийн сургаал номлолыг сэтгэл засах сайхан үгс мэтээр хүлээн авч, бүрэн дүүрэн итгэж чадахгүй байдаг. Учир нь бидний алдаа юу гэвэл бид өөрсдөө Ариун Сүнсний тусламжтайгаар библийг уншиж ойлгохыг хүсдэггүй. Түүнчлэн Бурхантай залбирлаар дамжуулан хувийн харилцаа тогтоох гэж хичээдэггүй. Өнгөрсөн хийсэнд Бурханы олон гайхамшгийг хормын төдийд мартаж, тэр зүйл амьпралын шаардлагаар болж өнгөрсөн мэт төсөөлж ойлгох юм. Талархал байхгүй болохоор гомдол дүүрч, гонгиносоор байдаг. Садукайчууд Бурханыг хагас дутуу библийн мэдлэгээрэ мэдэж байсан учраас энэ л амьдралын тансаг бүхний төлөө үхэн хатан тэмцэлдсэн аж. Тэд Бурханы хүчийг бүрэн мэдрээгүй учраас энэ дэлхийн мөнгө, эрх мэдэлд өөрсдийн зориулан итгэлийн амьдралын сайн үр жимст анхааралгүй төөрөлдсөн. Ийм тэдэнд Есүс өөрийн амаараа дамжуулан буруу ойлголтыг засах болон юуг чухалчлан ойлгуулахыг хүссэн бэ?
Одоо бүгдээрээ 32,33 эшлэлүүдийг хараарай Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт 32 “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв.” Садукайчууд Бурхан библийг уншиж, зааж байсан ч тэд үхмэл зүйлс болох мөнгө, алдар нэр хүнд, сайхан амьдралын ая тухад бүрэн хүлэгдэж амьдарч байсан. Тэд сүнсээрээ үхмэл нэгэн мэт амьдарч байсан юм. Ийм тэдэнд Есүс амьд Бурханд найдвараа тавихыг заасан. Ингэхдээ Бурхан бол Абрахам, Исаак, Иаковын Бурхан гэж хэмээн сануулсан. Ингэснээр Бурхан амьдын Бурхан буюу одоо ч амьд гэдгийг батлан хэлж, харуулахыг хүсэж байна.
Нэгдүгээрт: Абрахам, Исаак, Иаков нар бүгд үхсэн боловч амилснаар одоо амьд гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бурхан бол үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан билээ. Бид Бурханд итгэж, Есүст итгэж амьдарч байгаа боловч амилалтын итгэлгүйгээр амьдарч байвал үхмэл итгэлтэй хүмүүс юм. Бурхан бол имй үхмэл итгэгчдийн Бурхан бус харин амилалтын итгэлээр дүүрэн амьдын Бурхан юм.
Хоёрдугаарт: Бидний итгэдэг Бурхан одоо ч амьд гэсэн утгатай. Абрахам, Исаак, Иаков нар бүгд амьдралын турш амьд Бурханд итгэн амьдарсан. Тэд үхсэн боловч одоо тэдний сүнс амилж, Бурхантай хамт байгаа. Тэднийг амилуулсан нь Бурхан юм. Энэ Бурхан Абрахамын үед ч амьд байсан. Исаакийн үед, Иаковын цаг үед ч амьд байсан. Тэд садукайчуудын амьдарч байгаа энэ үед ч амьп гэдгийг сануулж хэлсэн юм. Есүсийн эдгээр үгсийг сонсоод тэдгээр садукайчуудын хэд нь итгэж аврагдсан талаар сайн мэдэхгүй. Библи энэ талаар юу ч хэлээгүй учраас тодорхой мэдэхгүй. Гэхдээ Есүсийн үг амьтай учраас тэдгээр садукайчуудаас олон нь аврагдаж одоо ч Абрахам, Исаак, Иаковтой хамт байгаа гэж итгэж байна.
Гэхдээ одоо үед амьдарч байгаа садукайчууд шиг итгэлтэй, амьдралын хэв маягтай итгэгчид хандан Есүс энэ үгийг ч бас дайж байна. Тиймээс бид амьдын Бурханд асуудлаа даатган амьдрах хэрэгтэй. Итгэл маань үхмэл байгаа бол бид түүний амийн үгээр уншсанааар илүүтэйгээр сүнслэг амьдарч чадах юм. Учир нь бидний уншдаг библи ч 2000 жилийн өмнө ч одоо ч огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Хэн нэгэн хүний зохиосон ном цаг үеэ даган бусдад тоогдох, уншигдахын төлөө үргэлж шинэчлэгддэг. Гэвч библи хэзээ ч өөрчлөгдөөгүй, хэвээрээ. Библи цаг үе, орон зайнаас үл хамааран тоолшгүй олон хүнийг гэмшүүлэн Бурханы хүн болгон өөрчилж байна. Энэ нь Библийг хүн бичсэн бус амьд Бурханы амьсгалаар бичсэн Бурханы үг учраас юм. Бурхан одоо ч Библиэр дамжуулан бидэнд үгээ хэлдэг. Библид “Бурхан айлдахад” гэсэн үг маш их гардаг. Энэ нь Бурхан одоо ч бидэнд Библиэр дамжуулан үгээ айлдсаар байна гэсэн үг. Энэ үг нь Библи үхмэл бичиг бус одоо ч амьд хөдөлгөөнтэй, Түүний үг нь хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл ба сүнсийг, үе мөч ба нугас чөмгийг салтал бодит хүч болон ажиллаж ямар ч гэмтнийг эмчлэн өөрчилдөг гайхамшигт хүчтэй. Бурханы хүч чадал нь өчигдөр ч, өнөөдөр ч, маргааш ч хувиршгүй мөнхөд хэвээрээ. Бурханы хайр ч, хүч чадал ч хэвээрээ. Тиймээс бид одоо ч амьд Бурхан ба Түүний үгийн хүч чадлыг бодит болгон амьд итгэлээр амьдрах хэрэгтэй. Өнөөдөр ч асуудал бэрхшээлээр дүүрэн миний амьдрал дээр хамт байн амьд үгээ айлдсаар байгаа Бурхантай хувиар уулзаж чадахыг хүсэн гуйж байна.
III. Хамгийн агуу тушаал (34-46)
34,35-г үзээрэй. Есүс садкайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод гайхав. Тэгээд тэдний дундаас нэг хуульч Есүсийг сорихоор ирэв. 36-г үзээрэй. “ Багш аа хуулийн аль тушаал нь агуу вэ?” Тухайн үед хуульч Бурханы хууль тушаалд мэргэшсэн эрдэмтэн, багш байлаа. Тэд хуулийн 618 зүйлийн дотроос аль нь хамгийн агуу болоод үндсэн хууль болох талаар хамгийн ихэээр маргалддаг байлаа. Тиймээс тэд өөрсдийн маргаан бай болж байгаа энэ асуудлаар дамжуулан Есүсийг сорихоор ийнхүү асуужээ.
Тэгвэл Есүс юу гэж хариулсан бэ? 37,38-г үзээрэй. “Чи Эзэн Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.” Хамгийн агуу, тэргүүн тушаал нь бүх хуулийн үндсэн санааг агуулсан учир хамгийн чухал байдаг. Бурханы хүмүүст өгсөн хамгийн тэргүүн тушаал нь Бурхан Эзэнээ тэргүүнд тавин хайрлах тушаал юм. Өөрөөр хэлбэл Бурхан хүнээс хамгийн их хүсдэг зүйл бол Өөрийг нь хайрлах юм. Тэгвэл бид Бурханаа хэр зэрэг хайрлах хэрэгтэй вэ? Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа гэж байна.
1. Зүрх нь (heart) санаа бодол, үг яриа, үйлдлийн үндэс буюу хүний төв хэсэг нь юм. Бүх зүрхээрээ Бурханаа хайрлах нь чин сэтгэлээс бүх сэтгэлээр хайрлаарай гэсэн үг. Итгэгч бидгий хувьд хамгийн ихээр хүсдэг зүйл бол Бурханыг бүх зүрхээрээ хайрлах юм. Гэвч үүнийг мэддэг хэдий ч биднийг зүрх харагдахгүй Бурханаас илүү харагдах зүйлсийг хайрладаг. Бид зүрхийг өөр зүйлсэд булаалган уруулаар л Бурханаа хайрлахад амархан. Зүрхээ дэлхийн зүйлст булаалган хуурамч хайраар явахад Бурхан гунигладаг. Бид сул дорой боловч Бурхан биднээс бүх зүрхээ зориулахыг хүсдэг.
2. Бүх сэтгэл (Soul) – Энэ нь махан биеийн хүч чадал ба амин хүчийг зааж байна. Энэ нь бидний бүх хүч чадал ба хичээл зүтгэлээр Бурханаа хайрлаарай гэсэн үг. Хүч чадал ба хичээл зүтгэлийг өөр зүйлст зориулахад Бурханд зориулах хүчгүй болдог. Бид бүх хүчээрээ Бурханыг хайрлахад агуу зүйлийг бүтээж чадна.
3. Бүх оюун ухаан (Mind) – Энэ нь бидний ойлгох, бодож сэтгэх, шийдвэр гаргах, оюун ухааны бүх ажлуудыг зааж байна. Бид ийнхүү бүх оюун ухааны ажлаар Бурханыг зөв танин мэдэж , оюун ухаанаа шинэчлэн, Түүний бидэнд тавьсан төгс тааллыг ухааран, шийдвэр гаргаж амьдрах хэрэгтэй. Оюун ухаанаа шинэчлэн Бурханаа зөв танин мэдэхгүй бол Бурханы хүслээр бус өөрийнхөөрөө Түүнийг хайрлан төөрөлдөх болно.
Тиймээс бид бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Эзэн Бурханаа хайрла гэсэн тушаал нь өөрийн бүх зүйл, бүх амьдралаараа хайрла гэсэн утгатай. Энэ нь дэлхийн ямар ч зүйлээс, ямар ч хүнээс Бурхан Эзэнээ эн тэргүүнд тавин хайрла гэсэн үг. Учир нь Бурхан л бидний энэхүү хайрыг авах зохистой цор ганц Эзэн юм. Мөн хүний оршин байх эхний зорилго нь Бурханыг хайрлах байдаг.
Бид хэн нэгнийг хайрлавал юу болдог вэ? Байнга түүнтэй хамт байхыг хүсч, хамт байхад хамгийн аз жаргалтай болдог. Хайрладаг нэгнийг хүндэтгэн нандигнаж, түүний төлөө өөрийн бүхнээ зориулахыг хүсдэг. Түүний юу хүссэнийг биелүүлэхийг хичээдэг. Түүний төлөө золиослол гарсан ч улам баярлан хүчтэй болдог. Мөн түүнийг гомдоох зүйлээс болгоомжилдог. Өөрийн хийхийг хүсдэг зүйлээс ч татгалзаж чадна. Бурхан Эзэнээ бүх зүрхээрээ хайрладаг нэгэн нь бодитоор Бурханд ийнхүү ханддаг.
39-г үзээрэй. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла гэсэн байдаг юм.” гэж Есүс хэлснээр удаах тушаал ч анхны тушаалтай адил агуу тушаал гэж байна. Энэ хоёр тушаал нь хуваагдашгүй нэг юм. Учир нь Бурхан Эзэнээ бүх зүрхээрээ хайрладаг хүн л хөршөө өөрийн адил хайрлаж чадна. Бурханыг хайрладаг гэж ярьдаг боловч хөршөө хайрлахгүй хүн нь үнэндээ Бурханаа ч хайрладаггүй. Хөрш бол махбод ба сүнсний талаар миний тусламж ба туслалцаа хэрэгтэй бүх хүнийг хэлж байна. Бид хөршөө хэрхэн хайрлах вэ? Есүс өөрийн адил хайрла гэв. Бид өөрийн биед үнэхээр хайртай байдаг. Өөртөө үнэхээр хайртай учир байнга санаа тавьж, өөрийн амьдрал ба ирээдүйдээ анхаардаг. Тэгээд өөртөө хэрэгтэй бүхнээ хангахын төлөө бүх хүчээрээ хичээдэг. Өөртөө хэрэгтэй зүйлсийн төлөө юу ч харамладаггүй зориулдаг. Бид ийнхүү хайраар хөршөө хайрлах хэрэгтэй. Ялангуяа хөршөө хайрлагч нь өөр шигээ хөршдөө байнга анхаарал тавьдаг. Түүний махбод, ирээдүй ба сүнсний байдалд анхаарал тавьдаг. Тэгээд хэрэгтэй бүхий л зүйлсээр туслан үйлчилдэг. Бид үнэхээр хөршөө хайрлана гэвэл ингэж амьдрах хэрэгтэй. Есүс минийй бүх зүйлд гүн анхаарал тавин хайрладаг. Хөршийн бүх байдалд үл анхаарах нь хайргүй гэсэн утгатай. Тэр нь Бурханаа ч хайрладаггүй.
Дүгнэлт: Бурхан бол амьд юм. Мөн Бурхан бол хайр билээ. Одоо ч амьд Бурханд бүрэн итгэцгээе. Бурханыг бүхнээрээ хайрлацгаая. Бурханд итгэн хайрлахад бидний дотор Ариун Сүнсний хүч цутгагдан орж ирдэг.Цаашлаад бусдыг хайрлах хайр ч өөрийн эрхгүй ундардаг. Одоо ч амьд Бурханд итгэснээр Бурханы хүч чадлыг бодитоор амсахыг гуйж байна. Бурханыг болон нэг оюутанг хайрласнаар амийн хүч чадлаар дүүрэн болж бусдыг ч амьдруулдаг хүмүүс болгохыг хүсэн гуйж байна.