2024 оны анхны Дуулал тусгай номлол (01.07)

ЕРӨӨЛТЭЙ ХҮН

Дуулал 1:1-6
Гол эшлэл 1:2

“Эзэний хуулийг тэрээр бахдаж, Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана!”

Та бүхэндээ 2024 оны эхний Эзний өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн ерөөлөөр дүүрэн, ивээлээр бялхаж байгаа тул энд ирсэн гэж бодож байна. Та бүхэн ивээл ерөөлөөр бялхаж байна уу? 7 хоногийн бүтэн сайн буюу эзний өдрөөр Бурханы үгийг сонсох боломжтой амьдарч байгаа та бүхэн үнэхээр ерөөлтэй хүмүүс юм. Эзний үгийг сонсохоор энд ирж библийн хичээл хийж, хамтдаа Бурханыг магтаж, Бурханд хандаж залбирч түүний өмнө сэтгэлээ нээн суугаа та үнэхээр ерөөлтэй нэгэн юм.
Өнөөдрийн үгээр жинхэнэ ерөөлтэй хүний амьдралын нууц нь юу вэ? Гэдгийг сайн суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан бид ерөөлтэй хүний хийх ёстой зүйл болон ерөөлтэй амьдралыг сайн сурч чадахыг хүсэн гуйж байна.
1. Ерөөлтэй хүн (1-3)
Дуулал библийг Давид хаан бичсэн бөгөөд олон төрлийн шүлэглэл болон магтуу мөн залбирлаас бүрдсэн гайхалтай ном юм. Шинэ гэрээний Элч нар болон Есүс үгийг тунхаглахдаа дуулал номоос иш татан ихэд сургадаг байжээ.
Дуулал 1-р бүлэг нь Бурханаас хүссэн ерөөлтэй хүний тухай дурдсанаар эхэлж байна. Ерөөлтэй гэдэг нь ерөөлөөр дүүрэн байхыг хэлж байгаа. Саяхан бид нар 12 сарын 31ний орой бие биедээ олон сайхан ерөөлийг хэлсэн. Эрүүл энх байхыг хүсэн ерөөе. Юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн баръя хэмээн бид бие биеэ ерөөдөг. Сүүлийн үед ерөөлүүд их тодорхой болсон. Байртай болохын төлөө, гэр оронтой болох, үр хүүхэд эрүүл байх, Сийлэн ханиад хүрэхгүй байх, сайн ажилд орох, сургуулиа амжилттай төгсөх гээд бид ерөөцгөөдөг. Энэ мэт олон зүйл бодогдоно. Еврей хэлэнд ерөөл гэдэг үгийг “аз жаргал” гэдэг үгээр орчуулсан байдаг юм байна. Тийм болохоор ерөөлтэй байна гэдэг нь хүний гадна талын байдал, тухайн нөхцөл байдалд байх нүдэнд харагдаж гарт баригдах зүйлээс үл хамааран, тухайн хүний сэтгэлийн байдал буюу амар амгалан, баяр хөөр, инээж цалгисан аз жаргалтай байдлыг хэлж байна гэдгийг бид мэдэж болно. Хүнийг юу баяр хөөртэй, аз жаргалтай болгодог вэ? Хүн яавал амар амгалан, цалгисан их баяр хөөр инээдийг эдэлж чадах вэ?
Одоо бүгдээрээ 1-р эшлэлийг үзээрэй. “Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй хүн ерөөлтэй еэ!” гэж байна. Библийг харвал ерөөлтэй хүний тухай тайлбарлахдаа эхлээд түүнд ийм юм байгаа учраас ерөөлтэй хэмээн хэлцгээдэг. Энэ дэлхийн хүмүүс ерөөлтэй гэвэл нүдэнд харагдаж гарт баригдах зүйлсийг харан ерөөлтэй гэж хэлдэг. Үнэндээ нүдэнд харагдаж гарт баригдах нь эхлээд ерөөлтэй юм шиг байдаг ч насны эцэст ерөөл биш хараал болох нь элбэг байдаг. Библийг харвал хүнд юу байгаагаар нь биш харин юуг хийж байгаагаар нь ерөөлтэй хэмээн тайлбарлаж байна.
Яавал ерөөлтэй байх талаар зөв бурууг ялган өгч байна. 1-р эшлэлээр дамжуулан дараах хүмүүсийг ерөөлгүй гэж байна. 1-рт, Буруу хүн, 2-рт, Бузар нүгэлтнүүд, 3-рт, Басамжлагчид хэмээн тодорхой хэлсэн. Бидний нийгэмд ийм боловч мөнгөтэй, баян, эрх дархтай, өвөл халуун оронд очин амьдардаг хүмүүс олон байгаа. Тийм боловч библи энэ хүмүүсийг ерөөлтэй биш хэмээн хэлж байна. Хүмүүс уул нь Бурханы бүтээл бөгөөд эхлэл 3-р бүлэг дээр биднийг хамгийн сайнаар бүтээж, харилцаатай амьдруулахаар бүтээсэн талаар бид мэднэ. Хүн өөрийг нь бүтээсэн гайхалтай бүтээгч Бурханаар баярлаж түүнд үйлчлэн амьдрах нь ерөөлтэй амьдрал юм. Харин энэ дэлхийн зүйлс нь биднийг энэ байдлаас холдуулж дэлхийн нүдэнд харагдаж зүйлсийг ерөөлөөр ойлгуулж амьдруулдаг. Тийм болохоор Бурхан бидэнд энд гарч буй 3-н зүйлтэй хамт үйлдэж болохгүй гэдгийг заан өгч байна. “Явах”, “зогсох”, “суух” гэсэн үгнүүд нь бүгд үйлдэх хэлбэрүүд бөгөөд хүний оролцооны үйл явцын гурван хэлбэрийг зааж байна. Дандаа хамтран үйлдэх гэсэн утгыг агуулж байна. Тэгэхээр бидэнд хэнтэй алхах, хэнтэй зогсох, хэнтэй суух талаар хэлснээрээ эсрэгээр нь шууд бидэнд үнэн буюу ерөөл ба зовлонг ойлгуулан өгч байна. Алхдаггүй, зогсдоггүй, суудаггүй гэдэг нь нүгэлтнүүдтэй хамт зогсдоггүй бөгөөд энд гарч байгаа 3-н төрлийн хүмүүсээс хол байж, эрс өөр эсрэгээр амьдрах ёстой гэсэн утгыг илэрхийлж байна.
Хүн ер нь ерөөлтэй байх уу үгүй юу гэдэг нь хэнтэй хамт юу хийх, ямар харилцаатай байх вэ гэдгээс хамаарах юм байна гэдгийг бид сурч болно. Буруу хүн гэдэг нь ёс суртахуунгүй, итгэл сүсэггүй, хуулийг зөрчигч хүнийг хэлж байна. Бузар нүгэлтэн гэдэг нь Бурхангүй хүмүүсийг хэлж байгаа бөгөөд, Басамжлагчид нь Бурханыг доромжилдог, итгэгчдийг доромжилдог, бардам онгироо хүмүүсийг хэлж байна. Нэг үгээр trouble maker болсон хүмүүсийг хэлж байна. Та хэнтэй илүү хамт цагийг өнгөрүүлж байна вэ?
Гэм нь нялуун сайхан амттай байдаг. Хүн гэмд автагдахын тулд хичээл зүтгэл хэрэггүй. Завхайрал, мөнгө, шунаг сэтгэл, үзэн ядалт, дур зоргоороо амьдрах нь хүнийг ямар ч хичээл зүтгэлгүйгээр эзэмддэг. Хэн нэгнээр дамжин намайг олзолдог. Энэ таны дотнын гэх найз нөхөд, гэр бүл, ах дүү нар, аав ээж, анги хамт олон, ажлын газрын хүмүүс магадгүй үл итгэгч эхнэр нөхөр эсвэл дахин төрөөгүй хаа нэгтээ итгэгч гэсэн нэртэй хүмүүс ч байж болох юм. Тиймээс та хэнтэй хамт алхаж, сууж, зогсож байна вэ? Бодож үзээрэй.
Энэ цагт та ямар хүмүүсээр өөрийгөө илүү их хүрээлүүлж, ямар хүмүүсийн зөвлөгөөг илүү их сонсож, ямар хүмүүстэй илүү их ойр дотно сууж байна вэ? гэдгээ нэг бодож үзээрэй. Хэрэв та бурханлаг бус энэ дэлхийн бодит зүйлсийг илүү ихээр чухалчилдаг, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахархлыг илүүд үздэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн байвал та тэдний нөлөөг ямар нэгэн байдлаар аваад амьдарч байна гэсэн үг юм. Хэсэг хугацааны дараа өөрөө ч мэдэлгүй тэдний үйлддэгийг үйлдэж, хийдгийг хийж амьдрах болно. Харин та итгэлийн замаар амьдарч буй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, тэндтэй нөхөрлөн, тэдэнтэй хамт алхаж, тэдэнтэй хамт зогсож, тэдний хамт суусаар байвал тэдний нөлөөг аван итгэлийн хүнээр, аз жаргалтай хүнээр, бас амар амгалангийн хүнээр өөрчлөгдөн өсөх болно.
Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байр суурийг санаархан суудаггүй хүмүүс болцгооё хэмээн уриалж байна. Мөн бие биеэ босгон байгуулдаг хүмүүс болж, урамшуулдаг, Бурханы үгээр босгодог,залбиралд уруу татдаг, зөвийн зам руу чиглүүлдэг, буруу байвал гэмшүүлдэг, буцаад ирэхэд нь хайрладаг, зарлигаар ташуурдаж, залбирлаар нэг болдог хүмүүс болцгооё хэмээн уриалж байна. Хажууд байгаа найздаа хэлье. 1-р эшлэлийг тэр чигт нь хэлье. Бас нэмээд хамтдаа өглөөний залбиралд оръё. Хамтдаа библи уншъя. Хамтдаа Бурханыг хайрлая. Хамтдаа пийшин хийе. Гэж хэлье. За баярлалаа.
Одоо 2-р эшлэлийг үзээрэй “Эзэний хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана” гэж байна. Бурхан ерөөлтэй амьдрах хүмүүс нь түрүүн хэлсэн 3-н үйлдлийг хийхгүй байхаас гадна Бурханы үг болох библийг уншин бясалгах ёстой гэжээ.
Эндээс бясалгана гэдэг нь Бурханы үгэнд бахдан баярлаж, тунгаан бодож нандигнан хайрлаж, бясалгаарай, дахин дахин уншаарай гэсэн утгатай юм.
Үхэрээс эхлээд ихэнх хивэгч амьтад өөрийн гэдсэнд орсон өвсийг дахин гулгиж хивэх замаар хоол тэжээлээ улам сайн боловсруулж шим тэжээл олж авдаг шиг бид нар ч гэсэн Бурханы үг болох библийг тунгаан бодож бясалгаж дахин дахин уншсанаараа бидний сүнс ба махбод хүчтэй болж бид амар тайван, аз жаргалаар дүүрэн амьдрах юм. Угаасаа Бурханы үг бидний амьдралд нөлөөлж, амьдралд маань ил гарч ирдэг. Яагаад гэвэл Бурханы үг ба хууль нь өөрөө амьтай учраас тэр юм.
Еврей 4:12-т ийнхүү хэлсэн байдаг. “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” Тиймээс бид Бурханы үгийг дотоод зүрх сэтгэлдээ байлгах үед, Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, иртэй сэлэм мэт бидний сэтгэл зүрх, бие махбодод маш хүчтэй нөлөөг үзүүлдэг. Эцэст нь биднийг бурханлаг мөн чанар болон Бурханлаг бодол санаагаар дүүрэн хүчтэй хүнээр өөрчилж өгдөг билээ. Бурхан ааваа бид өдөр бүр таны үгийг бясалгаснаар бидний дотор таны үг нутаглаж, таны хаанчлал захиргаа дүүрэн байгаасай хэмээн хүсэн гуйж байна. Би Бурханы хүчээр дүүрэн байвал миний гэр бүл дүүрэн байна. Гэр бүл дүүрэн байвал энэ нийгэмд нөлөөл үзүүлнэ. Энэ нийгэм өөрчлөгдвөл улс өөрчлөгдөнө. Улс өөрчлөгдвөл дэлхийд нөлөөлж чадна. Ингэснээр миний өөрчлөлт дэлхийг зөв, ариун, шударга ариун болоход нөлөө үзүүлнэ. Бурхан ааваа энд сууж байгаа бид таны үгийг бясалгадаг, тунгаан бодоог хүмүүсээр өдөр бүр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Ингэж Бурханы үгтэй амьдардаг хүмүүст ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг 3-р эшлэлээс бид харж болно.
3-р эшлэлийг үзээрэй. “Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ гаргаж Навчис нахиа нь үл хатах адил Аливаа үйл нь түүнд амжилт авчирна.”
Урсгал усны дэргэд тарьсан мод үнэхээр сайхан ургадаг. Үржил шим сайтайгаас гадна үзэгдэх байдал нь ч үнэхээр сайхан харагддаг. Ган гачигтай цаг үед навчис нь үл хатдаг тул жишээ болгон хэлжээ. Урсгал ус нь сайхан модны амьдралын эх үндэс болдог шиг Бурханы үгийг өдөр, шөнөгүй бясалгахад цаг нь болохоор сайн үр жимсийг ургуулж, амьдралын салхи шуургатай үед навчис нь үл хатах мод мэт ерөөлтэй амьдралаар амьдрах болно хэмээн библи бидэнд хэлж байна. Библи дээр олон янзын модны зүйрлэл байдаг бөгөөд нийтлэг байдал нь үр жимсээрээ танигдан ялгагддаг.
Цаг нь болохоор мод үр жимсээ өгдөг шиг хүмүүс ч бас зүрх сэтгэлдээ юуг тээж байгаа нь цаг хугацааны эрхээр ил болдог. Бурхан бидэнд библи унших, сэтгэгдэл бичих, эзний үгийг сонсох гээд олон арга барил болон зарлигийг тунгаан бодох цагуудыг өгч байна. Сүүлийн үед библи унших дасгал өгч өдөр бүр 30 минут үгэнд анхаарлаа хандуулан бясалгах болсон. Энэ ондоо библийг 2-оос дээш удаа унших зорилт тавьсан. Номлол бэлдэх нь хэцүү боловч үгийг тунгаан бодох боломж өгч байдаг. Бурхан манай цуглааныханд 2024 онд тохирох аргуудаар Бурханы үгтэй байх боломжийг бидэнд хангалттай өгөхийг хүсэн гуйж байна. Ингэж Бурханы үгийг тунгаан бодох, бясалгах аргуудаар дамжуулан Бурхан цаг нь болоход манай хонь хоньчдын амьдралд Бурхан гайхалтай үр жимсийг хураан авах боломж өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Манай 3-р хэсгийнхэн өдөр бүр 10 минут библи унших аргаар дамжуулан Бурханы гайхалтай үр жимсийг хүлээж авч чадахыг хүсэн гуйж байна. Бид Бурханы үгийг тунгаан бодож, бясалгаж зориулалт гаргаснаар библи дээр хэлсэн шиг цаг нь болоход арвин их үр жимс гаргаж, амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэж байна.
2. Гэм буруутай хүмүүс (4-6)
4,5-р эшлэлийг үзээрэй. “4 Саар буруу хүмүүс харин өөр агаад, салхиар ялгагдах тарианы хальс мэт. Бурууг үйлдэгч хүмүүс шүүлтээс тиймд зайлахгүй, бузар нүгэлт хүмүүст зөвтийн чуулалд зогсохгүй” гэжээ. Эндээс гэм буруутан нь салхиар ялгагдан хаягдах тарианы хальс мэт болно хэмээн хэлж байна. Тарианы хальс үр тариа хураасны дараа салхиар ялгагдан хаягддаг бөгөөд урсгал усны дэргэд таригдсан модноос эрс ялгаатай юм. Хаана хэнтэй холбогдож юунаас үржил шимийг авч байна гэдгээс хамаарч үр дүн гарна гэдгийг бид мэдэж болно. Гэм буруутай нэгэн нь амьдралын салхи шуургатай нүүр тулахаас өмнө бидэнтэй нэгэн адил байж хэн ч мэдэхгүй хэмээн гэмээр дүүрэн амьдардаг. Гэвч салхи үлээхэд ор мөргүй салхиар хийсэх тарианы хальс мэт хий хоосон хөнгөн байж өдий хүртэл найдаж дагаж байсан бүх зүйл нь хийсэн алга болох болно. 2Тимот 3:13-д ийнхүү хэлсэн байна. “Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна” гэжээ.
Гэм буруутан ба хорон муу хүмүүс нь улам бүр өөрсдийгөө дордуулж, өөрсдийгөө устгах болно. Хэн ч тэднийг устгах гэж оролдохгүй бөгөөд улам бүр тэд дордсоор өөрсдийгөө устгадаг гэдгийг энд хэлж байна. Тэд бусдыг хуурдаг бөгөөд эцэстээ тэд бас хууртагддаг билээ. Гэмтэй хүмүүс энэ дэлхийд сайхан амьдарч, ухаалаг байж, эд хөрөнгө алдар нэртэй байж, гэм нүглийг өөгшүүлж байдаг. Залуучуудын дуртай Женнифер Лопес 7 нөхөр сольсон. Түүнийг бахархан ярьдаг. Яг үнэндээ бол маш том завхайрал. Дуучин Элтон жон гаж сексийг сурталчилдаг. Алдарт Уйтни Хюьстон хар тамхинд орж зугаа цэнгэлд автсанаар амиа хорлосон. Бурхан уул нь гайхалтай авьяасыг энэ хүмүүст өгсөн ч энэ хүмүүс өөрсдийн нэр алдрын төлөө ашиглаж эцэст нь гэмийн боол болсон. Тэдэнд Бурханаас айх эмээн хүндэтгэх зүрх сэтгэл байгаагүй.
Миний хувьд энэхүү номлолыг бичиж байх үедээ библи унших замаар Бурханы үгийг тунгаан бодож, бясалгах цаг авах хэрэгтэй гэдгийг маш сайн сурлаа. Миний хувьд утсаа оролдох, хоол идэх, бусадтай ярилцах цагийг харамгүй зарцуулдаг ч, суугаад библи унших цаг авахгүй байснаа олж харан энэ цагт гэмшиж байна. Би 2024 оны турш Бурханы үгийг тунгаан бодож бясалгахад бодит шийдвэр ба зориулалт гарган, үгээр дамжуулан ирдэг ерөөлийг амсан амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Өдөр бүр 30 минут Бурханы үгийг тунгаан бодож библи унших цагийг авч байна. Бурханы цагт Бурхан миний амьдралд гайхалтай зүйлийг хийнэ гэдэг итгэж байна. Та бүхэн ч бас 2024 ондоо шийдвэр гаргаж Бурханы үгтэй түүний үгийг тунгаан бодож бясалгах шийдвэр гаргаасай хэмээн уриалж байна.

Дүгнэлт: Бидний амьдрал ерөөлтэй байх уу? үгүй юу? гэдэг нь бид зүрх сэтгэлд юуг байлгахаас шууд хамаарна гэдгийг өнөөдрийн үг бидэнд хэлж байна. Мөн ямар үйлдэл хийж хэнтэй хамт байх вэ? Гэдгээс хамаарч ерөөл бидэнд ирнэ гэдгийг сурлаа. Бурхан Өөрийнх нь үгийг өдөр шөнөгүй бясалгасан нэгэнд тусалж, ерөөлийн замаар дагуулдаг бөгөөд бодит итгэлийн үйлдэл гарган Бурхан талд зогсож, алхаж, суудаг хүнийг ерөөдөг гэдгийг бид сурлаа. Бид үүний төлөө бодитоор үйлдэл хийж, Бурханы үгийг бясалгаснаараа түүний цагт үр жимсээ ургуулдаг, навчис нь үл хатах мод адил ерөөлтэй хүмүүсээр цэцэглэн ургаж амьдарч чадахын төлөө залбирч байна. АМЕН.

өмнөх нийтлэл2024 оны анхны Дуулал тусгай хичээл (01.07)
Дараагийн нийтлэл2024 оны тусгай хичээл (01.14)