Бүх зүйлд Талархлаа өргө
1 Тесалоник 5:16-18
Гол эшлэл 5:18
“Бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн”
Өнөөдөр бол 2023 оны сүүлчийн бүтэн сайн өдөр буюу Эзэний өдөр юм. Бид өмнөх номлолоор Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу аврагчийг илгээсэн талаар суралцсан. Мөн Христмас баярын жүжгээр дамжуулан Эзэний төлөвлөгөө хэний ч бодож төсөөлснөөс өөрөөр эгэл даруухнаар энэ дэлхийн аврагч Христ малын саравчинд мэндэлснийг бид харсан.
Энэ бүгдээс харвал Бурхан хүн төрөлхтнийг хэзээ ч хаяагүй болохыг цаашлаад бүх зүйл Бурханы төлөвлөсний дагуу байна гэдгийг бид сайтар ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид энэ дэлхийн гоё сайхан бүгдийг харан бүдрэх, анхны хайраа мартах үе гарна. Мөн нийгмийн буруу нөлөө, хүн хоорондын харилцаанаас болоод итгэлээсээ эргэх тохиолдол гарч, бид итгэлээр зовлонтойгоор амьдрагч болно. Мэдээж итгэлээр амьдрахад амар хялбар өөрийн тав тухаар байх нь боломжгүй. Иймээс итгэлээр амьдрахад бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйлс нь Бурханы үг болох библи, мөн хоньчны хоньдоо гэсэн хайр, заавар зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй билээ. Энэ цагт Паул бидэнд үүнд маань туслах зааварчилгааг хүргэж байна. Энэ нь Тесалоник хотын итгэгчдэд захидлаар бичсэн зүйлс билээ. Паул илгээлтийн 2 дахь аяллынхаа үеэр Тесалоникт анх удаа айлчлан очсон. Тесалоник хот нь Грекийн хойд муж болох Македоны нийслэл байжээ. (Үйлс 17) бүлгийг үзвэл. Паул Синагогт Есүс Христийн үхэл ба амилалт, зовлонгийн тухай тунхаглах үед, хэдэн Иудей, үй олон грек бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж байсан. Гэвч атаархалд автсан үл итгэгч Иудейчүүд, хотын балмад хүмүүстэй хамт нийлэн хотыг үймүүлснээс болж хотоос гарахаас араггүй болдог. Ийнхүү Паулыг эзгүй байхгүй үед Христийн дайснууд сайн мэдээний үнэнийг гуйвуулж, Тесалоник чуулганы шинэ итгэгчдийг үнэнээс холдуулахыг оролдож байсан. Тиймээс тэдний итгэлийг урамшуулан тайтгаруулахын тулд энэхүү захидлыг бичсэн байдаг.
Өнөөдөр Эзэнд итгэх болсноороо бид ч бие мах бодь ба оюун санаа, сэтгэл сүнсний хувьд янз бүрийн аргаар дайралтанд өртөж байдаг. Муу ёрын сүнс цаг үргэлж биднийг ямар нэгэн аргаар унгаахын тулд тасралтгүй ажиллаж байдаг. Халуун сэтгэлээр Бурханыг даган талархал гэмшил ээ бичээд хичээж, Библи унших, ӨГ оролцох, ӨБХ идэх, сэтгэгдлээ тогтмол бичих шийдвэр гаргасан ч элдэв бэрхшээл бидний амьдралд гарч ирсээр л байна. Ялангуяа номлол бэлддэг 7 хоногт бидэнд даван туулах ёстой итгэлээ сахих ёстой олон сорилт ирдэг. Бид үүнийг хүний хүчээр дийлж чаддаггүй. Гэвч бид одоо сорилт ирэндээ гэж бодолгүй харин цаг үргэлж бэлэн байж Бурханы үгээр л бүгдийг хийн гуйж залбирдаг байх талаар улам илүү хичээнгүйлэн тэмцэх шаардлагатай юм. Иохан 16:33б-д ийнхүү хэлсэн “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” гэж байна. Есүс Христийг дахин ирэх хүртэл энэ л гайхалтай амьд найдварыг хүн бүр зүрх сэтгэлдээ гүнзгий тунгаан бодож, суулгаснаар үргэлж баяртай, тасралтгүй залбирдаг, бүх зүйлд талархлаа илэрхийлдэг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Өнөөдрийн үгээр дамжуулан бүх зүйлд талархлаа өргөдөг итгэлийг сайн сурч чадахыг хүсэн гуйж байна.
Үргэлж баяртай бай (16)
16-р эшлэлийг үзээрэй “Үргэлж баяртай бай” гэж байна. Тесалоник хотын итгэгчдэд Паул энэ үгийг тушаал болгон хэлсэн. Тушаал гэдэг бол заавал биелүүлэх ёстой зүйлсийг заан хэлдэг. Бид баяр хөөртэй цагийг өнгөрөөсөн ч нэг л мэдэхэд өнөө баяр хөөрөө мартан эргээд гунигтай ууртай хүмүүс болох нь амархан. Бид 2 хон хоногийн өмнө талархлын баяр тэмдэглээд баяртай байсан ч удахгүй яагаад заавал надад ийм зүйл тохиолддог юм болоо гэж бодон гуниглаж болно. Ер нь хүн яагаад үргэлж баяр хөөртэй байх нь хэцүү байдаг вэ? Учир нь гэвэл энэ дэлхийн өгдөг баяр хөөр ба сүнслэг баяр хөөр хоёрын ялгааг мэдвэл үүнийг илүү сайн ойлгож чадах юм. Энэ дэлхийн баяр хөөр нь үр дүн дээр суурилсан байдаг бол сүнслэг баяр хөөр нь Есүс Христ дээр суурилсан байдаг юм. Бид сайн ажиллаж, сайн суралцвал мэдээж хэрэг сайн үр дүн баяр хөөрийг амсах нь мэдээж, үүний эсрэгээр бид сайн хичээхгүй залхуу хойрго байвал муу үр дүнг хүлээн авч баяр хөөргүй болох нь мөн л тодорхой билээ. Энэ дэлхийн баяр хөөр нь хэврэг, хязгаарлагдмал бодит зүйл дээр тулгуурласан сэтгэл хөдлөл төдий зүйл юм. Шинэ зүйл анх удаа аваад маш их баярлах ч удалгүй өөр зүйлийг харан өөрт байгааг голон баяр хөөрөө алдаж байдаг . Энэ нь буруу биш ч бодит үр дүн буюу гадна нөхцөл байдал дээр суурилсан учир хэсэг хугацаанд баяр хөөртэй байгаад алга болж, эргээд уур уцаартай, стресстэй, бухимдлаар дүүрэн хүн болдог. Энэ дэлхийгээс бид хэчнээн хүссэн үргэлж баяртай байх тэр зүйлийг олж авч чадахгүй билээ.
Тэгвэл Христэд итгэсэн хүмүүсийн сүнслэг баяр хөөр нь энэ дэлхийн баяр хөөрийн эсрэг зүйл юм. Христэд итгэгч хүмүүс үргэлж баяр хөөртэй амьдардаг шалтгаан нь нөхцөл байдал, үр дүнд суурилдаг биш, харин Есүс Христ дээр суурилсан байдаг бөгөөд Бурхан миний төлөө юу хийсэн, юу хийх гэж байгаа дээр тулгуурладаг юм. өөрөөр хэлбэл нөхцөл байдал өөрчлөгддөг ч, Төгс Хүчит Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй учраас сүнслэг баяр хөөр нь үргэлж байдаг гэх үнэн.
Тиймээс итгэгч бид Бурханы дотор үргэлж баяр хөөртэй амьдарч чадна. Ингэхийн тулд Бид гэмээ гэмшиж Есүсийн цусаар дамжуулан Бурханы уучлалыг хүлээн авснаар үргэлж баяр хөөрийг эдлэн амьдарч чадна. Элч Паул Филиппой 4:4-7 ийнхүү хэлсэн “Эзэн дотор үргэлж баярла. Би дахин хэлье. Баярлагтун! Та нарын дөлгөөн зан бүх хүнд мэдэгддэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” хэмээн хэлсэн. Паул Филиппой захидлыг бичиж байх үед шоронд байсан гэдгийг бид сайн мэднэ. Тэрээр хөгширч, шоронд, ганцаардмал, хэнд ч хэрэгцээгүй нэгэн мэт байсан. Түүний нөхцөл байдлыг хүний нүдээр харвал сэтгэлээр унаж, дүнсийж, ямар ч баяр хөөрөөр дүүрэх боломжгүй байсан. Гэвч Тэрээр Ромын шоронд хүртэл үнэхээр баяр хөөрөөр дүүрэн байж чадсан. Тэрээр олон захидлуудыг шоронгоос баяр хөөртэй, урам зоригтой, итгэлтэй, эрч хүчтэйгээр бичиж чадсан. Эндээс харвал бид зүрх сэтгэлдээ үргэлж Есүсийг байлгах үед ямар ч нөхцөл байдлаас үл хамааран үргэлж баяр хөөртэй байж, эрч хүч урам зоригтой идэвхтэй амьдарч чадна гэдгийг харуулж байна. Хэрэв хүн Христэд итгэж Бурханы хүүхэд болсон гэвэл таны амьдрал урьдынхаас илүү баяр хөөрөөд дүүрэх ёстой. Энэ бол АС ний үр жимс Хайр, Баяр хөөр, Амар тайван юм. Хэрвээ та ариун сүнсээр дүүрч баяр хөөртэй байж чадахгүй байгаа бол Бурханы үгийг уншин зүрх сэтгэлд чинь, баяр хөөрийг өгөхийн төлөө Бурханаас залбиран гуйгаарай. Бурхан тэр зүйлийг гарцаагүй хийх болно. Манай чуулган баяр хөөртэй тэр баяр хөөр нь Есүсийн улмаар дүүрэн бялхаж байдаг хонь хоньчидоор дүүрэн болж чадахыг хүсэн гуйж байна. Бид бие биенээ харахдаа үргэлж Бурханы дүр төрөхийг хардаг болоход туслаарай.
Тасралтгүй залбирч
17-р эшлэлийг үзээрэй “Тасралтгүй залбир” гэж байна. Юу ч хийхгүй зөвхөн залбир гэсэн өрөөсгөл ойлголт энд ердөөсөө ч байхгүй. Харин Бурханаас бүрэн хамааралтай байгаарай гэсэн утгатай. Бурхан биднийг хаяа нэг Түүний өмнө очдог бус харин байнга Өөрт нь түшиглэдэг байгаасай хэмээн хүсдэг. Мөн “тасралтгүй” гэдэг нь бууж өгөхгүйгээр, тогтмол, ойр ойрхон, давтамжтайгаар гэсэн утгатай. Өнөөдөр бид мэдлэгээр энэ бүгдийг ойлгож байгаач амьдралдаа хэрэгжүүлснээр Түүний бидэнд хэлээд байгааг гүйцэт сайн ойлгох болно. Бид өөрийн хүчээ шийдвэр гаргах үед сэтгэл санаагаар маш их ядран хүчгүй болдог. Гэтэл үнэн хэрэгтээ Эзэнд даатгавал илүү амар хялбар байх болно. Тиймээс бид тасралтгүй Бурханд залбиран хэрэгтэй. Мөн Түүнд даатгах хэрэгтэй.
Тасралтгүй залбирлын жишээг Есүс бидэнд өөрөөр харуулсан. Библид Есүс өглөө эрт босоод уулан дээр гараад залбирдаг байсныг олон удаа бичсэн. Хэрэв Бурханы Хүү байсан Есүс өөрөө ийнхүү үйлддэг байсан бол, бид Түүнээс илүү их Бурханд тасралтгүй залбиран Түүнд түшиглэх хэрэгтэй. Яагаад гэвэл Муу ёрын сүнс Сатан энэ дэлхийг захирч байна. Бид СМ ний үнэнийг мэддэг болоод ойр тойрны дотны хүмүүстээ дамжуулахыг хүсдэг ч, нэг л айдастай ер бусын хананы өмнө хаагдан зогсоцгоодог. Уг нь бидэнд Христийн доторх мэдлэг байгаа гэвч…. бид юу хийхээ мэдэхгүй байгаа мэт зогссоор л байна. Мөн жил бүр шинэ залуу, боловсролтой, ухаалаг, Христэд итгэгчдийг эсрэгүүцдэг залуу үеийнхэнд бид сайн мэдээг дамжуулах үүргийг аван зогсож байна. өөрөөр хэлбэл бид тэргүүн эгнээнд сүнслэг тулаан хийхээр зогсож байна. Тиймээс бидэнд Бурханы хүч чадал ба мэргэн ухаан заавалчгүй хэрэгтэй. Үүний төлөө бид Бурханд даатган үргэлж тасралтгүй залбирах ёстой юм.
Гэвч бид зөвөөр залбирч мэддэггүй. Ихэнх хүмүүс залбирлыг Бурханд өөрийн хүслийг илэрхийлдэг цаг гэж боддог. Тэдгээр хүмүүс Бурханд хүссэн бүх зүйлээ хийхийг тулгаж, бүх төрлийн асуудал, хүсэлтүүдээ авчирдаг. Тэгээд Тэд өөрсдийн хүслийг биелүүлэхийг Бурханаас шаарддаг. Гэвч бидний залбирал нь зөвхөн өөрийн хүслийг Бурханд тулгах бус харин Бурханы хүслийг ч бас сонсох цаг байх ёстой. Бид хэн нэгнийг сонсож өгснөөр түүний юу бодож байгааг, юу хүсэж, юу хийхийг зорьж байгааг олж мэддэг. Мөн түүнтэй илүү их цагийг өнгөрөөснөөр тухайн хүний асуудлыг мэдэх боломжтой болдог. Үүнтэй адилаар бид Бурханд илүү их цаг завийг зориулж, Түүнийг сонсох цаг илүү их авах үед Бурхан юу хүсэж, юу хийхийг зорьж байгааг мэдэх болно. Тиймээс бид Бурхан надаас юу хүсэж байгааг олж мэдэхийн тулд залбирлаар, библи унших цагаар, ӨБХ-оор, сэтгэгдэл бичих үеүүдээр Түүнийг сонсох цаг гаргацгаая хэмээн уриалж байна. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр залбирлаар Бурханд илүү их цаг зав гаргаж, Бурханы хүслийг таньж мэдсэнээр, Түүний хүслийг бодитоор амьдралдаа биелүүлдэг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна.
Бүх зүйлд талархлаа өргө
18-р эшлэлийг үзээрэй хамтдаа уншицгаая “Бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн” Бурханд талархах нь Бурханд хандах бидний үндсэн хандлагууд байх ёстой. Бид ямар ч үед хэцүү нөхцөл байдал дунд байсан ч Бурханд талархдаг байх хэрэгтэй. Талархлын баяраар бидэнд үг дамжуулсан Эбэ Матай хоньчны хэлсэнчлэн талархал нь ямар чухал болохыг дахин сануулж байна. Есүс Христэд итгэнэ гэдэг нь нэг үгээр бүх зүйлд талархахын нэр юм. Бурхан бол бидний Бүтээгч Эзэн бөгөөд бид бол Түүний бүтээл юм. Бурхан бидний амьсгалах ус, агаар, хоол хүнс, гэр бүл, найз нөхөд, ажил, мэргэжил, сайхан эх орон байгаль дэлхий гээд бидэнд хэрэгтэй бүгдийг өгсөн. Нар мандахаас жаргах цаг, сүрлэг өндөр уулс, хязгааргүй уудам далай тэнгис гээд байгалийн гайхамшигт тогтоц болгон нь Бурханы сүр хүч алдрыг илэрхийлж байдаг. Иймээс бид Бурханд талархах ёстой. Өнөөдөр бид энд цуглаад нэгэн зорилгын төлөө нэг зүгт харж байгаадаа талархаж байна. Бид өөр өөр хүмүүс болов ч нэг л зүйл биднийг нэг бүхэл болгож байна. Энэ нь Есүс Христ билээ тиймээсээ хүмүүсээ талархлаа Эзэнд өргөөрэй.
Бидний хамгийн нэн тэргүүнд талархах зүйл бол Есүс Христийн цусаар дамжуулан, мөнхийн шийтгэлээс аврагдаж Бурханы нийгүүсэлээр мөнх амь ба аврал авсанд талархах ёстой. Бурхан бидэнд маш их хайртай учир хамгийн сайныг өгөхөд бэлэн байдаг. Тиймээс бид ямар нэгэн зүйлсийн талаар гомдоллох нь утгагүй билээ. Харин Бид бүхий л зүйлд Бурханд талархах хэрэгтэй. Яагаад гэвэл ямар ч хэцүү зүйл тохиолдсон ч Бурхан биднийг Өөрийн гайхамшигт төлөвлөгөөний дагуу удирдаж байгаа учраас юм.
Бид заримдаа талархлаа мартсан, талархах хүсэлгүй болдог. Бурхан хамгийн сайнаараа бидэнд хандсаар байхад талархдаггүй хүмүүс болсон байна. Тийнхүү бид талархахын оронд үргэлж гомдоллодог хүмүүс болжээ. Итгэлийн замаас холдсон хүмүүсийн үндсэн асуудлын нэг нь Бурханд талархдаггүй байх нь юм. Тэд үргэлж гомдоллож байдаг. Бүх 10-н зүйл нь бүгдээрээ сайн байхад Бурханд талархдаггүй хэрнээ, харин нэг зүйл нь бага зэрэг өөр өөрт нь таалагдахгүй, эсвэл хэцүү санагдвал шууд л гомдоллож эхэлдэг. Талархах сэтгэлгүй байдал нь хүний бүх сайн сайхан зүйлсийг хөгшрүүлж, муухай харагдуулж, цөхрөлд ортол нь иддэг халдвар өвчин шиг юм. Тиймээс хүнийг гомдоллох үед Сатан ажиллаж эхэлдэг. Харин биднийг Бурханд талархах үед Ариун Сүнс ажиллаж эхэлдэг.
Миний хувьд би бол тийм сайн хүн биш юм. Хамгийн хайртай гэр бүл үр хүүхдүүдээ зааж зөвлөж, уучлан өрөвдөж, зөвөөр чиглүүлэх үүрэгтэй ч, хүүхдүүдийнхээ сул дорой байдлыг харан үргэлж гомдоллож байсандаа гэмшиж байна. Мөн хоньдод өөрийн нөхцөл байдлаас хамааран сайн мэдээг тууштай дамжуулан өгөөгүйдээ гэмшиж байна. Тиймээс Бурхан Ааваа хүмүүсийн сул муу талыг биш харин давуу талыг харан тэднийг унгаах муу үгээр биш, босгон байгуулах амийн үгээр талархаж тусалж чадахад туслаарай.
Үнэндээ талархах сэтгэл нь маш их сахилга бат дасгал сургуулилтын үр дүнд бий болдог. Бурхан 430-н жилийн турш Египетийн боолчлол дор байсан Израилын ард түмнийг авран. Цөлийн замаар удирдан дагуулсан, ингэхдээ зөвхөн Бурханы л хийж чадах олон гайхамшгуудыг тэдэнд харуулсан. Мөн тэдэнд олон сүнслэг тушаал ба заавруудыг ч өгсөн. Ингэж гайхамшигтайгаар удирдаж байсан нь Израильчуудыг бүхий л зүйлд талархах сэтгэлийг сургахыг тулд байсан. Гэвч тэд цөлд гурав хоногийн дараа усны асуудал гарж ирэх үед гомдоллож, дараа нь хоол хүнсний тал дээр ч гонгиносон байдаг. Ийм талархдаггүй үргэлж гомдолдог тэд үхэх хүртлээ олон жилийн турш цөлд тэнүүчлэн амьдарсан. Бурханы талд зогссон Иошуа, Калаб хоёроос бусад тэдний хэн ч амласан газарт ороогүй. Энэ бол талархдаггүй сэтгэл нь ноцтой гэм бөгөөд маш том асуудал болдог гэдгийг харуулж байгаа жишээ юм. Бид үргэлж Бурханд талархах нь Бурханы хүсэл юм. Бурхан өөрийн ард түмнийг гомдоллож, гонгинодог байхыг хүсдэггүй. Харин биднийг бүхий л зүйлд талархаасай хэмээн хүсдэг. Ром 1:19-20-д “Яагаад гэвэл Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан үүнийг тэдэнд ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй.” Энэ эшлэлээс харвал нүглийн үндэс нь бардам зан, талархдаггүй сэтгэл хэмээн хэлж байна. Хэрэв бид бардам, талархдаггүй сэтгэлтэй бол бидний зүрх сэтгэл сүнсний хувьд сохорч, бидний бодол санаа хоосон баяр хөөргүй, хүчгүй болдог. Тиймээс цаг үргэлж талархан Бурханы бидэнд зориулсан сайхан бүгдийг мэдэрч, бусдыг босгон байгуулдаг хүмүүс болон өөрчлөгдөж чадахыг хүсэн гуйж байна.
Дэлхийн 2-р дайны дараа Японы тэнгисийн цэргийн офицер Каваками Кейчи гэгч хүн эх орондоо эргэн иржээ. Гэтэл Түүнийг эх орондоо ирэх үед Япон улсын нөхцөл бодит байдал үнэхээр аймшигтай байсан. Тэрээр өдөр бүр, цаг мөч бүр, Японы удирдагчдын талаар гомдоллож, гомдолтой сэтгэлээр дүүрэн өдөр хоногийг өнгөрөөх болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа түүний бие чулуу шиг хөшиж, хөдөлж чадахгүй болсон. Түүнд ямар ч эм, эмч тус болоогүй. Гэтэл нэгэн Христэд итгэгч эмч түүнд “Өдөрт арван мянган удаа” Баярлалаа “гэж хэлээрэй. Талархсан зүрх сэтгэл таны өвчнийг эдгээнэ” гэсэн жорыг бичээд явсан байна. Цөхрөнгөө барсан Кейчи өвчнөөсөө салахын тулд юу ч хийхэд бэлэн байсан тэрээр, өдөр бүр өвчтэй орныхоо дэргэд “Баярлалаа” гэж хэлдэг байв. Түүнийг ийнхүү хэлэх үед, өөрөө ч мэдэлгүй тэр эргэн тойрондоо байгаа эгэл өчүүхэн зүйлүүдэд ч гэсэн чин сэтгэлээсээ, дотроос нь талархах сэтгэл төрж эхэлсэн гэнэ. Нэг өдөр Түүний хүү нь өөрт нь хоёр хурга өгчээ. Түүнийг гараа сунгахад ноён Кейчи “Баярлалаа” гэж хэлэн авсан байна. Тэр өдрөөс хойш түүний хөшсөн бие суларч өвчин нь илаарьшсан байна. Энэхүү үйл явдлаас харвал гомдол, гонгиноон, өширхөх сэтгэл, атаархал, үзэн ядалт, хараал зүхэл зэрэг нь өвчний үндэс болдог байна. Харин талархах нь аз жаргал ба эрүүл амьдралыг авчирдаг байна. Хэрэв бид ямар ч үед Бурханд талархал илэрхийлж чадвал бид аз жаргалтай, баяр хөөртэй, эрүүл амьдарч чадна.
Тэгвэл бид бодит байдал дээр хэрхэн Бурханд талархлаа илэрхийлэх вэ? Таны хувьд үнэ цэнтэй гэж бодсон бүх зүйлсээ дараалуулан бичээрэй. Цаг хугацаа, санхүү мөнгө, ажил мэргэжил, эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр гэх мэт, таны хувьд үнэхээр үнэн цэнтэй гэж боддог бүх зүйлс. Тэгээд та санхүү мөнгөнийхөө хэдэн хувийг Бурханд зориулж байна вэ? 1%-ийг уу?, эсвэл 10%-г уу?, Хүн бүрт адилхан 24 цаг өгөгдсөн тэгвэл та өөрийн үнэ цэнтэйд тооцдог цаг хугацааны хэдэн хувийг Бурханд зориулж байна вэ? Хэдэн хувийг гар утас интернэт ороход зориулж байна вэ? Мөн таны хувьд үнэ цэнтэй, чухал ажил ба амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? Ажилдаа, амрахдаа гаргаж байгаа цаг тань Бурханд зориулж байгаагаас арай их эсвэл арай үнэ цэнтэй байна уу? Та Бурханы төлөө, сайн мэдээний төлөө, хоньдын төлөө хэчнээн цаг хугацаа, мөн өөрийгөө зориулж байгаа вэ?
Хэрэв та Бурханд талархлаа илэрхийлэхийг хүсэж байвал өөрийн үнэ цэнтэй, нандин гэж тооцож буй Эдгээр бүхий л зүйлсээс илүүгээр Бурханд өөрийгөө зориулан, золиосолж чадахыг хүсэн гуйж байна. Үүнийг нэг удаас эвсэл хоёр удаа биш, харин бүхий л амьдралынхаа турш зуршил болгон, үргэлж хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Тэгвэл Бурхан таны амьдралыг эрс өөрчилж, таны төсөөлж байгаагүй гайхамшиг ба ерөөлөөр дүүрэн удирдаж өгөх болно. Мөн Бурхан таньд чинь сэтгэлийн баяр хөөр ба амьдралын утга учрыг ухааруулах болно. Иймд та бүхэн Бурханы, бидэнд хандсан хайрыг сайтар ойлгон ухаарч өөрийн жижигхэн хайрцагт байгаа мэт газар бүрээсээ гаран Бурхантай хамт алхаж чадахыг хүсэн гуйж байна. Бурхан биднийг бүхий л цаг үед хайрлан, өршөөн, ивээн, нигүүлсэх болно. Тиймээс одооч ирээдүйд ч бид талархсаар л байвал энэ дэлхийн хүмүүс биднийг юу гэж хэлж байсан ч итгэлээр талархлаар дүүрэн амьдарч чадна Бурхан Ааваа биднийг бие биедээ хайраар дүүрэн хандан амьдрахад хүн бүрийг удирдан ивээн өгөөч.
Дүгнэлт: Бурханд талархал өргөх нь нөхцөл байдлаас хамаардаггүй билээ. Энэ бол бидний зүрх сэтгэлийн хандлагатай шууд холбоотой. Манай чуулганы хонь хоньчин бүр Бурханд үргэлж талархлаа илэрхийлдэг байхад туслаарай. Талархах сэтгэл нь Бурханы ерөөл ба баяр хөөртэй амьдралын түлхүүр юм. 2024 оныг бид талархан хүлээн авч итгэлийн амьдралдаа сүнслэг тэмцэл, Бурханы доторх хүчээр дүүрэн өнгөрөөж чадахад туслаарай. Талархах сэтгэлийг өөрийн нэрийн хуудас мэт болгон өөрчлөгдөн шинэ хүнээр амьдрах олон олон хамтран зүтгэгчийг зөвшөөрөн өгөөрэй. Өөрт таалагдахгүй л бол бусдыг гомдоодог өчүүхэн хүнээс агуу уужим сэтгэлтэй Паул адил хүн болон өөрчлөгдөхийг хүсэн ерөөж байна. Бүгдээрээ баяртайгаар талархлын хаалгаар орж бүхий л зүйлд Бурханд талархацгаая. Энэ бол Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. АМЕН