2023 оны Христмасын 3-р номлол (12.24). Галаа Петр

Авралын эвэр, Дорнын гэгээ Есүс

Лук 1:57-80

Гол эшлэл 1:69

“Бидний төлөө авралын эврийг Зарц Давидынхаа гэрт Тэр босгожээ.”

Merry Christmas! Та бүхэнд Аврагч Эзэн мэндэлсний баярын мэнд хүргэе! Өнөөдөр ямар өдөр билээ? Бид яах гэж энд цугласан бэ? Бүх хүн төрөлхтний цор ганц аврагч ЭЗЭН Христ ЕСҮС мэндэлсний баярт өдөр. Зарим хүмүүс хариу нэхдэггүй ХАЙР-н баяр гэж ярьдаг. Бусдад бэлэг өгдөг баяр ч гэж үздэг. /Мэдээж аврагч ирсэн учраас баярлаад./ Мерри Христмас!
Одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Израилын нутаг дэвсгэрт болсон үйл явдал нь ямар учир утгатай болохыг хамтдаа суралцъя. МЭӨ-МЭ рүү шилжих тэр чухал түүхэн цаг хугацаанд уг үйл явдал нь болж байгаа юм. Захариагийн Бурханыг магтан дуулж буй дуулал гарч байна. Захариа Өөрийн ард түмэн дээр ирсэн, золилтыг биелүүлсэн Бурханы нигүүлсэнгүй хайрыг магтан дуулж байна. Бурханы агуу ивээлээр бидэнд илгээгдсэн “Авралын Эвэр, Дорнын гэгээ” болсон Есүс Христийг эртний зөгнөлийн дагуу Давидын удмаас мэндлүүлсэн байна. Захариагийн магтан дуулж буй “Авралын Эвэр, Дорнын гэгээ” болон мэндлэх энэхүү мэдээ нь гэм ба үхлийн сүүдэрт сууж буй хүн төрөлхтөн, мөн энд сууж байгаа бид бүхний зүрх сэтгэлд Аврал, итгэл найдварын гэрэл болон орж ирэхийг хүсэн гуйж байна.
1. Баптисч Иохан мэндэлсэн нь (57-66)
57-р эшлэлийг үзээрэй. “Элизабетын төрөх цаг нь болж хүү төрүүлэв.” Бид өмнөх номлолуудаар суралцсанаа дахин эргээд саная. Захариа, Элизабет хоёр нь тахилчийн гэр бүл бөгөөд Лук1:6-д “Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт явжээ.” хэмээн тодорхойлон хэлсэн байгаа. Захариа, Елизабет хоёр бага залуугаасаа өтөл болтлоо л Бурханд итгэж, найдан, залбирч, үйлчилсээр л байсан. Харин ийм тэдэнд нэг асуудал байсан бөгөөд тэд үр хүүхэдгүй байсан. Тэгсэн ч тэд хоёул итгэхийн аргагүй мэт хүнд хэцүү он жилүүдэд Бурханд эцэс хүртлээ итгэж чадсан нь Израилын өвөг эцэг болсон Абрахамын түүхтэй нэн ойролцоо санагдана. Абрахам ч мөн итгэх аргагүй үед бүрэн дүүрэн итгэсэн, мөн 102 настайдаа Бурханы амлалтын дагуух хүү болох Исаак-г хүлээн авч байсан юм. Уг үйл явдал нь Бурхан Өөрийг нь эрэн хайж буй хүнд заавал ивээлээ үзүүлж, Шагнагч Нэгэн нь болдог гэдийг маш тодорхой заан өгч байна. Бурханыг чин сэтгэлээр эрэн хайдаг амьдрал нь хэзээ ч ичгүүрт ордоггүй, орхигдож, хохирол амсан үлддэггүй юм гэдгийг заан өгч байна. Бурхан цаг нь болохоор гайхалтайгаар заавал ерөөх болно. Энд сууж байгаа олон хоньчид, оюутнууд Бурханы шагналыг амсаж үзсэн гэдэгт итгэж байна. Хараахан амсаж үзээгүй хүн байвал Бурханыг чин сэтгэлээр эрэн хайж, итгэл найдвараа Түүнд тависнаар Бурханы шагналыг хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
Тэд Тэнгэрэлчийн гайхамшигт мэдээг хүлээн авсан нь биеллээ олон тэд Бурханаар онцгой ерөөгдсөн гайхалтай хүүгээ өлгийдөн авч байна (57). 58-р эшлэлийг үзээрэй “Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.” Тэд хүүтэй болсон нь зөвхөн Захариагийн гэр бүл төдийгүй бүх хүнд том баяр болсон. Тэдний ичгүүр, зовлон шаналал нь хязгааргүй их баяр хөөрөөр солигдсон. Ингээд хүүгийнх нь төрсний дараах 8 дахь өдөр нь болоход хүмүүс хууль болон заншлын дагуу хозлохоор ирэв. (Эх17:12, Лев12:3) Бас энэ үед хүүхдэд нэр өгдөг байв. Төрөл төрөгсөд нь Иудейн заншлын дагуу эцгийнх нь нэрээр Захариа гэдэг нэр өгөх гэсэн. Тэгтэл эх Елизабет нь хатуу эсэргүүцэн “Түүнийг Иохан гэж дуудуулна” гэв. Елизабет ийнхүү хэлснээрээ удам угсаа, ёс заншлыг чухалчилдаг иудейн нийгэмд мэдээж өөрийгөө маш том асуудалд оруулж байна. Энэ хүү нь Захариа удмын ичгүүрийг арилгах, тахилч удмын нэр хүндийг өргөх ховор боломж байлаа. Тиймээс төрөл садангууд нь ёс заншлыг үл тоомсорлон, өөрсдийн удам сударт байхгүй нэр өгөх гэлээ хэмээн эсэргүүцсэн. Улмаар эцсийн маргаан таслах чухал шийдвэрийг эцэг Захариад даатгасан. Захиариа 10 сарын өмнө Тэнгэрэлчтэй уулзах үедээ хэлгүй болсон хэвээр л байсан. Тиймээс тэрээр дохио зангаагаар самбар гуйж түүн дээрээ ямар ч эргэлзээгүйгээр “Түүний нэр нь Иохан” гэж бичив. Захариагийн ийнхүү үйлдлийг ба Елизабетийн санал нийлж байгааг хараад хүмүүс бүгд гайхаж хоцров. (63)
Бид Захариа Елизабет хоёроос иудейн болон удам угсааны ёс заншлаас илүү Бурханы тааллыг дуулгавартай дагаж буйг итгэлийг сурч болно. Тэд хоёул санаа нэгтэй хүүдээ Иохан гэдэг нэр өгөх нь тэдний санаа ч биш байсан бөгөөд 10 сарын өмнө Тэнгэрэлчийн айлдсан нэр байсан юм.(1:13) Хүний нэр хэр чухал бэ? Мэдээж их чухал. “Дуудах нэрийг эцэг эх өгдөг, Дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг үг бий.
Тэгвэл хүү Иохан нь хэн бэ? 76,77-р эшлэлийг үзээрэй. “Хөвгүүн, чи Хамгийн Дээд Нэгэний Эш үзүүлэгч гэж дуудуулна. Эзэний өмнө чи явж, замыг нь бэлдэх нь, Гэм нүглийн уучлал доторх Авралын мэдлэгийг ард түмэндээ өгөхийн тулд юм.” Мөн Библийн ХГ-ний Малахи 3:1-д “Харагтун, Би зарлага элчээ илгээнэ. Тэрээр Миний өмнөх замыг бэлтгэнэ.” эндээс Иохан бол Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдаж, Эзэний өмнө явж замыг нь бэлдэх ажлыг хийх юм. Тариа тарихын тулд эхлээд заавал газраа хагалж бэлдэх ёстой шиг, Аврагчийн ирэх замыг бэлдэх юм. Тэгвэл хэрхэн, яаж бэлтгэх бэ? 77-г үзээрэй “Гэм нүглийн уучлал доторх Авралын мэдлэгийг ард түмэндээ өгөхийн тулд юм.” Тэрээр гэмийн өршөөлөөр дамжуулан аврал ирдэг гэдгийг ард түмэндээ мэдүүлэх ажлыг хийх юм. Баптист Иохан гэмийн өршөөл авч аврагдах гэвэл гэмших ёстой гэдгийг заасан. Гэмээ ухаараагүй, гэмшээгүй нэгэн нь гэмийн өршөөлөөр дамжуулан ирдэг авралыг мэдэхгүй. Тиймээс өнөө үед бидний тунхаглах авралын тухай хамгийн чухал зүйл бол гэмшлээр дамжин гэмийн өршөөл аван аврагдана гэдийг тунхаглах явдал юм. Энэ цагт энд сууж буй та бүхэн мөн шинээр ирсэн хүмүүс ч гэсэн Есүс миний гэмийн төлөө загалмайд цусаа урсгасан гэсэн тэр үнэнд итгэх шийдвэр гаргаасай хэмээн хүсэн залбирч байна. Мөн бид гэмээ хүлээн зөвшөөрч улайн гэмших хэрэгтэй бөгөөд гэмийн өршөөлөөр дамжин ирдэг авралд олон хүмүүсийг дууддаг Иохан шиг үүрэгтэй амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Авралын Эвэр, Дорнын гэгээ Есүс (67-80)
10 сарын турш нэг ч үг хэлж чадахгүй байсан Захариа ам нь нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлсэн. Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн, “Израилын Бурхан Эзэн магтагдаг. Учир нь Тэр бидэнд дээр ирж, Ард түмнээ золин авчээ.” (67) Эндээс
1-рт: “бидэнд дээр ирж” гэдэг нь Бурхан Өөрийн ард түмэн дээр ирсэн гэдийг заан өгч байна. Израилын авралын түүхийг харвал Бурхан Малахи зөнчөөс хойш ямар ч эш үзүүлэгчийг илгээгээгүй. Бурхан 400 жилийн турш удаан хугацаагаар таг чимээгүй байсан. Энэ бол харанхуй, орхигдсон, аймшигтай он жилүүд байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Учир нь тэд бүгд Бурханы өмнө ухваргүй, дуулгаваргүй, бардам, хиймэл шүтээн шүтэн, завхралаасаа болоод Бурханд орхигдон, хэнд ч хэрэггүй мэт болсон байсан. Ийм тэднийг Бурхан бүр мөсөн орхилгүй Өөрөө хайж ирсэн гэсэн үг. Бурхан өршөөл, ивээлээ үзүүлэхээр ирсэн юм. Энэ бол Бурханы сонгогдсон ард түмэнд хандсан Бурханы хувиршгүй хайр ба нигүүлсэнгүй өршөөлөөс болсон юм.
Бурхан Өөрийн ард түмэн дээр ирээд юу хийнэ гэсэн бэ? “Золилтыг гүйцээсэн” гэв. Золилт гэдэг үг Есүсийн бүх хүн нэг бүрийн гэмийн төлөөс болгон Өөрийн гэмгүй цусыг загалмай дээр өргөх тэр амийг хэлж байна. Бурхан Есүсийг энэ дэлхийд илгээн Түүний цусаар төлөөсийг төлөн, гэм ба Сатаны боолчлолд буй хүн төрөлхтнийг золин аварсан юм. Энэ нь гэмийн боолоор амьдрахаас өөр аргагүй хүмүүнд хандсан Бурханы гайхамшигт хайр юм. Захариа ийнхүү Бурханы өршөөнгүй хайрыг ухаарснаар сэтгэл догдлон Бурханыг магтсан.
2-рт: 69-г үзээрэй. “Бидний төлөө авралын Эвэрийг зарц Давидынхаа гэрт Тэр босгожээ.” Бурхан Өөрийн амлалтын дагуу Давидын удмаас авралын Эвэр Есүсийг төрүүлнэ гэдгийг Захариа эш үзүүлэн магтан дуулж байна. (2Самуел 7:13). Яагаад Есүсийг “Авралын эвэр” хэмээн дүрслэн илэрхийлсэн бол? Хуучин гэрээнд эвэр нь хүч чадал ба хааны эрх мэдлийг билэгддэг байсан. Тиймд Есүсийг авралын Эвэр гэсэн нь аврах их хүч чадалтай, эрх мэдэлтэй цор ганц “Аврагч Мессиа” юм гэдийг хэлж байна.
Дайснуудыг бут цохин ард түмнээ аврах гэвэл хүч чадалтай байх хэрэгтэй. Хүчирхэг биш бол ард түмнээ дайснуудад тавьж өгөхөөс аргагүй болно. Израил ард түмэн түүхэндээ энэ үнэн байдлыг өөрсдийн биеэрээ маш олон амссан. Тэд Давидын хаанчлалаас бусад ихэнх цаг үед шүүгчдийн үеэс авхуулаад тасралтгүй хүчирхэг улсын довтолгоонд өртөж, дарангуйлагдаж ирсэн. Одоо ч тэд Ромын дарангуйлал дор ямар ч хүчгүй амьдарч байв. Ийм тэдэнд хамгийн хэрэгтэй нь маш хүчирхэг аврагч юм. Тиймээс Израил ард түмэн Давид хаан шиг хүч чадалтай Аврагч буюу улс төрийн Мессиаг хүсэн үлээж байлаа. Харин Захариагийн хэлж буй авралын Эвэр нь Израил ард түмэн төдийгүй бүх хүн төрөлхтнийг дайсан Сатаны эрхшээлээс аврах хүч чадалтай Есүсийг зааж байгаа юм.
Одоо 71-р эшлэлийг үзээрэй. Авралын Эвэр Есүс биднийг дайснууд ба үзэн ядагсдын гараас аварна хэмээн тунхаглажээ. Энд хэлж буй дайснууд, үзэн ядагсдын гар гэдэг нь Бурханд итгэхэд саад болдог, гэм нүглээ ухааран гэмшихэд саад болдог, Бурханы хүсэл тааллын дагуу амьдрахад саад болдог Сатан ба чөтгөрүүдийг зааж байна. Библийн Ефес 6:12 -г үзвэл бидний дайсан бол ёрын муу сүнслэг хүч болох Сатан гэдийг заан өгсөн байдаг. Энэ сатан нь хүний сул дорой чанарыг ашиглан хүмүүсийг гэмд унаган сүлбэдэг юм. Хүн хэчнээн өөрийн хүчээр тэмцээд дийлэх боломжгүй. Энэ ертөнцийн хуурмаг үзэл бодлууд, хүмүүст таалагдах гэсэн өнгө мөнгө хөөсөн төөрөгдөл, наргиан цэнгээн, эрх мэдэл, бардам зан, хүсэл тачаал, айдас, үзэн ядалт, атаа хорсол, үл итгэл, шантрал, цөхрөл, завхайрал гэх мэт эврээр хүмүүсийг сүлбэн Бурханы эсрэг дайсагнагч болгодог. Сатан эврээрээ сүлбэхэд түүнийг ялан дийлэх хүн нэг ч байхгүй. Хүн энэ дэлхийд хэчнээн ухаантай, хүчтэй, чадалтай, мэдлэгтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй байлаа ч Сатан муу ёрын сүнсний заль мэх ба гэмийн эрхшээлээс өөрийгөө болон бусдыг аварч чадахгүй юм.
Бурхан сатаны боолчлолоос чөлөөлөгдөх боломжгүй байсан биднийг өрөвдөн хайрлаж, аврах хүч чадалтай авралын Эвэр Есүсийг босгож өгсөн. Зөвхөн Есүс л биднийг дайснууд ба үзэн ядагсдын гараас аврах агуу хүч чадалтай авралын эвэр юм. Биднийг аврах хүч чадалтай авралын Эвэр Есүсийг хүлээн зөвшөөрснөөр гэм ба сатаны боолчлолоос чөлөөлөгдөж баяр хөөртэй, үнэ цэнтэй нэгэн болохыг хүсэн ерөөж байна. Энэ цаг үе дэх сатан нь өнгө мөнгө болон шуналын эвэр, завхайрал, үзэн ядалтын эвэр, атаархал болон хорслын эвэр, санаа зовнил болон ирээдүйдээ итгэж чадахгүй айдсын эврээр бидэн рүү дайрч байна.
Хүн хэзээ ч энэ бүх эврийг сөрж дийлэхгүй юм. Хэн энэ эврийг дийлэх вэ? Давид хаан Дуулал 18:2-ийг үзвэл ийнхүү дуулсан байдаг. “Эзэн бол миний хад, Миний цайз, Миний аврагч, Миний Бурхан, Миний хоргодох хад, Миний бамбай, Миний авралын эвэр, Миний бэхлэлт юм.” Есүс бол миний авралын эвэр юм. Авралын эвэр Есүс гэм ба үхлийн хүчийг ялан дийлнэ. Авралын эвэр болсон Есүс хорон муу сатаны эврийг хааж миний бамбай болж миний хоргодох газар болох юм. Энэ цагт намайг аварсан авралын эвэр болсон Есүст бүх талархал магтаалыг өргөж байна.
3-рт 74,75-р эшлэлийг үзвэл /хамт үзье/ “Энэ нь бид дайснуудынхаа гараас аврагдаж, Айдасгүйгээр Түүнд үйлчлэн, Ариун бөгөөд зөвт байдал дотор Насан туршдаа явахын тулд юм.” Биднийг аварсан зорилго нь Ариун бөгөөд зөвт байдал дотор, ямар ч айдас ичгүүргүйгээр, баяр хөөр, амар тайван дотор Бурханд үйлчилдэг амьдралаар амьдрах ерөөлийг эдлүүлэхийн тулд юм. Хэн нэгэн хүн Бурханд итгэл найдвараа тавин, гэмээ ухааран аврагдан гэвэл энэ нь хүний хүслээр болдог юм огт биш. Харин зөвхөн Бурханы хайр, ивээл нигүүлслээр болдог юм. Хүн аврагдсаны дараа Бурханд үйлчлэн амьдрахгүй гэвэл хуучин гэмийн чанар ба зуршил нь эргэн өмнөхөөсөө илүү муу байдалд орох аюултай байдаг.
Хүн Бурханд үйлчилмээр байсан ч гэмийн айдсаас болж ариун Бурханы өмнө зоригтой очиж чадахгүй байсан бол одоо Есүсийн цусны гавьяагаар гэмийн өршөөлийг авч, Бурханы өмнө зоригтой очин, ариун ба зөвт байдал дотор үйлчлэх боломжтой болсон. Хүмүүс тэтгэвэрт гараад хийх ажилгүйгээсээ болж сэтгэл нь хоосрон, сэтгэл санаагар унаж янз бүрийн донтолт болон өвчин эмгэгтэй болж эхэлдэг. Харин Бурханд үйлчилдэг амьдрал нь тэтгэвэрт гардаггүй бөгөөд үхэх хүртлээ Бурханы даалгасан үүргийг биелүүлдэг ерөөлтэй амьдрал юм. Энэ бол Бурханы хүүхдүүдэд өгсөн онцгой эрх ба хайр ивээл юм.
Эсрэгээрээ бид Бурханаас нүүр бууруулан өөрийн санаа бодлоор амьдрах юм бол Сатаны хүчинд автаж, айдас, санаа зовуурь худал хуурмаг, шунаг сэтгэл, гэм нүглийн эвэрт сүлбүүлэн амьдрахаас өөр аргагүй болдог. Бурхан хэнд ч хэрэггүй, хүсэлт найдвараа алдсан мөхөж буй Израилчуудыг хувиршгүй хайраар хайрлан очсон шиг, өнөөдөр ч гэсэн Тэр бид бүхэнд хайрын дуу хоолойгоо хандуулж байна. Түүний хайрын урилгыг зүрх сэтгэлдээ хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна. Мөн бид цаг үеийн Захариа болон Елизабет нар шиг айдасгүйгээр Бурханд үйлчилдэг, Ариун бөгөөд зөвт амьдралаар амьдардаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. Амен
Одоо 78-р эшлэлийг үзээрэй. “Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ бидэн рүү дээрээс айлчлан ирэх нь” Энэ Дорнын гэгээ нь дорно зүгээс манддаг нарыг зааж байна. Захариа Есүсийг дорно зүгээс мандах Нар гэж байна. Нар мандахын өмнө дэлхий хамгийн харанхуй байдалд байдаг. Харин нар мандмагц түнэр харанхуй нь үгүй болж бүх газар гэгээтэй болдог. Тиймээс хүмүүс мандах нарыг харахад хүсэл найдвар төрж, шинэ хүч ба урам зориг авдаг. Үүнчлэн мандах нар нь хүсэл найдварыг билэгддэг. ХГ-ний Малахи 4:2-т “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар нь эдгэрлийн жигүүртэй мандана. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.” гэж ирэх Есүсийг зөгнөсөн байдаг.
Намайг Батцогтын Гал-Эрдэнэ гэдэг. 1984 онд Хөвсгөл аймгийн мөрөн хотод 4 хүүтэй айлын бага хүү болон мэндэлсэн. 2002 онд УБ хотод анх оюутан болж ирэх хүртлээ миний амьдрал яг л салхинд хийссэн хамхуул адил амьдарч ирсэн. Хүмүүст таалагдахын төлөө бүх хүчээрээ хичээн амьдардаг, гаднаа даруухан, ажилсаг сайх хүүхэд мэт боловч, дотроо бол муу муухай бодлуудаар хүлэгдсэн, өөртөө итгэх итгэлгүй, гэмгүй царайлсан, гэм нүгэлгүй л гэж өөрийгөө боддог нэгэн байсан. Харин 2003 оны Христмас баяраар Авралын Эвэр болсон Есүстэй уулзсанаар өөрийгөө ямар их гэмтэй болохоо ухааран гэмшиж гайхалтай гэмийн өршөөлийг хүлээн авсан юм. Тэр цагаас хойш аажим аажмаар Есүсийг таньж мэдэн миний амьдрал, ертөнцийг үзэх үзэл 180 градус өөрчлөгдөх болсон юм. Би Бурханы өмнө хүний анхны зорилго болох айдасгүйгээр Бурханд үйлчилдэг, Ариун бөгөөд зөвт амьдралаар амьдрах нь ямар гайхалтай чухал болохыг улам бүр ойлгох болсон. Бурханы надад өгсөн ерөөлүүдийг дурдвал өнөөдрийн цаг хүрэлцэхгүй нь тодорхой. Нүдэнд харагдах, гарт баригдах ивээл ерөөлөөс гадан, харагдахгүй сүнслэг ерөөлүүд гэж бас маш их байгаа. Энэ дэлхийн хэн ч, юу ч өгч чадахгүй ер бусын амар тайвныг Есүс надад өгдөг. Тэр миний залбиралд хариулдаг. Бурханы дуудсан дуудлага, зорилгын дагуу амьдрах нь мөхөс миний Алсын хараа, хүсэл мөрөөдөл минь болсон юм. Хэн нэгэн хүн өөрчлөгдөнө гэдэг Бурхангүйгээр бол боломжгүй зүйл гэж боддог. Учир нь би өөрөө ч муу хорт зуршлуудаасаа салах гэж яаж ч хичээгээд салж чадахгүй байснаа сайн мэддэг. Харин намайг өөрчилсөн Бурхандаа талархал магтаалыг өргөж байна, мөн надад хайр ивээл ерөөлөө харамгүй хайрласан Эзэн Бурхандаа талархал магтаалыг өргөж байна. Цаашдаа ч гэсэн сайн нөхөр, сайн аав, сайн хамтран зүтгэгч, сайн ажилчин, сайн Бурханы үйлчлэг байхад удирдаж өгөхийг Есүсийн нэрээр гуйж байна.
Дүгнэлт: Хүн харанхуйд байвал өөрөө ч хаашаа явж байгаагаа, аль нь зөв зам болохыг мэдэхгүй. Харин мандах нар Есүсийг хүлээн авахад явах замыг тод харуулснаар амь ба амар тайвны замаар хөтлөх болно. Өнөөдөр энд сууж байгаа та өөрийн зүрх сэтгэлдээ Авралын Эвэр, Дорнын гэгээ болж ирж буй Есүсийг өөрийн зүрх сэтгэлдээ цоо шинээр хүлээн аваасай гэж хүсэж байна. Тэгснээр бүх гэм ба үхлийн эрхшээлээс чөлөөлөгдөн, жинхэнэ гэрэлтэй, амар тайван, үнэ цэнтэй амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен

өмнөх нийтлэл2023 оны Христмасын 2-р номлол(12.17) Б. Баясгалан хн
Дараагийн нийтлэл2023 оны тусгай номлол (23.12.31) Ж.Мөнхтулга