Үйлчлэхийн тулд ирсэн Есүс
Матай 20:17-34
Гол эшлэл 20:28
Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.
Бидний дунд агуу, алдар хүндтэй болохыг хүсдэг хүн байна уу? Хүн бүр л агуу болохыг хүсдэг. Зарим хүн гаднаа үгүй гэж байгаа ч дотроо бол ах дүү, төрөл садандаа хүндлэгдсэн, найз нөхдийн хүрээнд ч гэсэн нэр хүндтэй байхыг хүсдэг. Сургууль болон байгууллага дотроо ч гэсэн алдар хүндтэй байхыг, өргөмжлөгдөж гавъяа шагнал авч албан тушаал дэвшихийг хүсдэг. Мэдээж энэ хүсэл нь буруу, муу зүйл биш юм. Магадгүй зарим нь би хэзээ ч агуу болохгүй, мундаг болохгүй гэж бодож өөрийгөө голж байж болох юм. Харин жинхэнэ агуу байх, агуу байдлын нууцыг мэдэхгүй байгаад л асуудал нь байдаг.
Өнөөдрийн номлол нь жинхэнэ агуу байдал гэж юу болох, агуу байхын тулд яах ёстойг заан өгч байна. Мөн хэн ч гэсэн агуу болох боломжтой гэдгийг өнөөдрийн үг бидэнд заан өгч байна. Есүс шавь нарын сул дорой, шунал, бардамналаар дүүрэн байгааг хараад зэмлэж болох байсан ч Есүсийн жинхэнэ шавь хүн нь хэрхэн зарц үйлчлэгч байх ёстойг заасан. Есүсийн жинхэнэ үйлчлэлээс бид сурч үйлчлэлийн мөн чанар ба утга учрыг ойлгож чадахыг хүсэн гуйж байна.
Израильчуудын том баярын нэг болох Алгасал баяраар Бурханд мөргөж, тахил өргөхийн тулд газар бүрээс хүмүүс Иерусалимыг зорин явж байлаа. Энэ үед Есүс ч гэсэн шавь нарын хамт Иерусалим уруу явж байсан бөгөөд Түүний сүүлчийн аялал байсан. Энэ бол Хүний Хүү загалмай дээр амиа өргөн хүн төрөлхтнийг гэмээс аварч Бурханы хүслийг биелүүлэхээр явж буй цаг үе байсан. Хэн ч зовж мөн үхэхийг хүсэхгүй. Харин Бурханы авралын ажил нь заавал Есүсийн зовлон ба үхлийг шаардаж байсан. Есүсийн үхэл ба амилалтаар дамжуулан гэмийн харанхуйд амьдарч буй хүмүүс Бурханы хаанчлалд орох найдварыг олж авах болно. Есүс үүнийг мэдэж байсан бөгөөд Бурханы хүсэлд бүрэн дуулгавартай 100% дагасан. Шавь нар нь Есүсийн амсах зовлон ба үхлийн талаар сонсохыг хүсдэггүй байсан бөгөөд ийм зүйл битгий л болоосой “муу ёр” хэмээн чихээ тагладаг байжээ. Ийм шавь нараа хараад Есүс Өөрт нь юу тохиолдох тухай дахин ярьж эхлэв. Есүс шавь нартаа Иерусалимд болох Өөрийн үхэл ба зовлонгийн талаар ярьж байсан (8:29-32; 9: 9,31-32) бөгөөд гурав дахь удаагаа ярьж байгаа нь энэ байв.
Есүс шавь нартаа юу гэж хэлсэн бэ? 18, 19-р эшлэлийг үзээрэй. “Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан, харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.”
Шавь нар нь зовлон үхлийн талаар бодохыг ч сонсохыг ч хүсэхгүй байгаа ч Есүс дахин дахин ийнхүү ярьсаар байлаа. Учир нь Есүс тэдний зүрх сэтгэлийг ирээдүйн зүйлд бэлтгэж сайн мэдээний гүн гүнзгий үнэнийг хүлээн авахад нь туслахыг хүссэн. Шавь нар Есүсийн зовлон ба үхлийг хүлээн зөвшөөрөх нь маш чухал зүйл байсан. Хэрэв Есүс энэ зүйлийг дахин дахин хэлээгүй бол шавь нар Есүсийн зовлон ба үхлийг хараад сэтгэл санаагаар, итгэлээр ч унаж гэмд автах байсан.
Итгэгч бидний амьдралд шоконд оруулах гэнэтийн зүйлс байдаг. Ялангуяа үхлийн асуудал нь хүн бүрийг айлгаж шаналгаж байдаг зүйл юм. Бидний эргэн тойронд үхэл ба зовлонгийн асуудлууд байсаар байгаа бөгөөд үүний төлөө бид хичээнгүйлэн залбирсаар байна.
Хэн ч гэсэн үхэлтэй нүүр тулахыг хүсдэггүй. Хэн ч хайртай дотны хүнээ үхээсэй хэмээн хүсэхгүй. Ялангуяа сүнсний хувьд там уруу яваасай гэж хүсэхгүй. Гэтэл ийм зүйлс бодитоор тохиолдох үед сайн мэдээг хуваалцаагүй, аль хэдийн оройтсон байвал харамсаад ч барахгүй зүйл болох юм. Тиймээс бид бүхэн энэ мэт зүйлд бэлтгэлтэй байж зүрх сэтгэлээ бэлтгэн хайртай дотны хүмүүстээ сайн мэдээг хичээнгүйлэн тунхаглаж чадахыг хүсэн гуйж байна.
20, 21-г үзээрэй. Энэ үед Зебедеен хөвгүүд Иаков ба Иохан хоёрийн эх Түүнээс юм гуйж эхлэв. Есүс түүнд та юу хүснэ вэ? гэхэд тэр “Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв”
Тэд Иерусалимд ойртох тусам сэтгэл түгшин, зүрх нь хүчтэй цохилж байлаа. Учир нь Есүс Иерусалимд очоод дэлхий дээрх Мессиагийн шинэ хаант улсыг байгуулна гэж бодож байв. Тэд Мессиагийн хаант улс бол бүх хаад болон тэдний үндэстнүүдийг захирах хамгийн хүчирхэг хаант улс болно гэж бодсон. Тэр үед өөрсдийгөө сайдын суудалд суух талаар байнга боддог байжээ. Тэд үнэхээр амбицтай, нэр хүнд, өндөр албан тушаал, нэр алдарт дуртай байжээ. Гэвч Петр үргэлж тэдний урд явдаг байсан. Петр Есүсийг “Та бол Христ” хэмээн тунхаглаж өндөр оноог авсан. Мөн бүхнийг орхиод Таныг дагасан шүү дээ гэж хэлэхэд нь зайлшгүй Петр л хамгийн өндөр байр сууринд очих нь тодорхой боллоо гэж дотроо бодож эхэлсэн. Тиймээс тэрхүү байр суурийг авахыг санаархаж буй тэд Есүстэй хувьчлан уулзсан. Есүс тэдний дотор буй шунаг сэтгэл, дэлхийлэг хүслээр дүүрэн байгааг хараад сэтгэл зүрх нь шаналж байлаа.
Харин Есүс юу гэж хариулсан бэ? 22-г үзээрэй “Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд чадна гэцгээв.
Тэд эрх мэдлийн шуналд автагдан өөрсдөө юу гуйж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Есүсийн уух аяга нь загалийн зовлон ба үхлийн аяга байсан. Гэтэл тэд үүний утгийг ойлгохгүй Есүсийн баруун зүүн талд сууж л чадвал, ямар ч аяганаас ууж чадна гэж ам бардам хариулсан. Тэд дэлхийн алдрын хоосон найдлагаас болж, өөрсдөө юу ярьж байгаагаа ч ойлгохгүй байсан.
Есүс ийм тэдэнд “Та нар аяганаас минь ууна, харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин Эцэгийн минь бэлгэсэн хүмүүсийх юм” гэв(23). Иаков, Иохан хоёр нь Есүсийн зөгнөсөнчлөн Есүсийн аяганаас уусан. Иаков бүх элч нараас хамгийн түрүүнд алуулсан(Үйлс 12:2). Иохан ч 100 гаруй нас наслан Патм арал дээр цөлөгдөн үхэх хүртэл Есүсийн зовлонгийн аяганаас уусан. Гэсэн ч Есүсийн баруун зүүн талд хэн суух нь Бурханы эрх мэдэлд байдаг юм(23). 24-г үзвэл бусад 10 нь үүнийг сонсоод тэр хоёрт атаархан зэвүүцэв.
Тэд ч гэсэн энэ хоёр шиг албан тушаал, өндөр байр сууринд суухыг санаархаж байжээ. Энэхүү атаархал, өрсөлдөөнөөс болж тэдний дунд хагарал үүссэн. Бид энэ дэлхийд амьдрахдаа шилдэг нь байхын тулд ямар нэг байдлаар өрсөлдөөн, тэмцэл дунд байдаг. Хүүхдүүд аав ээждээ үнэлэгдэж сайшаалыг авахын тулд ах дүүс хоорондоо өрсөлдөнө, багшдаа болон бусдад үнэлэгдэж шилдэг сурагч, оюутан байхын тулд өрсөлдөнө. Ажлын талбар дээр албан тушаал, гавъяа шагналын төлөө өрсөлдөнө. Өрсөлдөөн, тэмцэл нь үргэлж муу байдаггүй боловч хувиа хичээсэн, аминч сэтгэлээс гарсан өрсөлдөөн нь атаархал, маргаан, үзэн ядалт, үл ойлголцол, хуваагдал зэрэг ноцтой үр дагаврыг бий болгодог. Хэрэв Бурханд таалагдах гэсэн хандлагаар цагаахан атаархал өрсөлдөөн байвал нэг нэгнээ улам бүр хурцалж сайн үр дүнг авчрах үе байдаг. Тухайлбал энэ хоньчин Библийг нэг бүтэн уншсан юм чинь би хоёр удаа бүтэн уншина. Энэ хоньчин 2 хоньчин босгож байгаа юм чинь би 4 хоньчин босгоно гэж тэр хоньчин 10 оюутанд сайн мэдээг дамжуулсан бол би 15 оюутанд сайн мэдээг дамжуулна гэсэн тэмцэл нь сайн үр дүнг авчрах болно.
Мэдээж бүх зүйлийг өрсөлдөх сэтгэлээр харж хийвэл сүнслэг зорилгыг алдах аюултай. Филиппой 2:3-д “Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий….” гэсэн. Тиймээс бид ч гэсэн аминч сэтгэл юм уу атаархлаар бус харин цагаан атаархлаар нэг нэгнээ харж өөрсдийгөө хурцалснаар сүнслэг талбарт улам бүр өсч хөгжиж чадахыг гуйж байна.
Есүс шавь нарыхаа ийм өөрчлөгдөөгүй дэлхийлэг үзэл бодлыг хараад шантармаар байсан байх. Харин Есүс тэдэнд хүсэл найдварыг тавин жинхэнэ агуу болох замыг сургаж эхэлсэн. 25-г үзээрэй. “Хариийхны захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ”. Есүс шавь нарыг яагаад эрх мэдэлд шунаж байгааг мэдсэн. Учир нь тэд дэлхийн захирагчид дураараа эрхшээн ноёрхдыг харсан. Ер нь хүн эрх мэдэлтэй болох үед, өөрийн дураар эрхшээж эхэлдэг. Ганц хуруугаар хүмүүст тушаан, зарц мэт ханддаг. Бусдын дээгүүрх онцгой эрхээ ашиглан захирангуй болдог. Тухайн үед ч эрх баригч нар ард түмний өмч хөрөнгөө, хөдөлмөрийн хүчнээс гадна амь насыг нь хүртэл дур мэдэн захирдаг байв. Ард түмэн тэдэнд шударга бусаар чадуулсан ч дуугай өнгөрөх ёстой байв. Тиймд шавь нар ромын эрхшээл дор зовж буй ард түмэн ба өөрсдийгөө харахад улам эрх мэдлийг хүсэмжилсэн байх.
Шавь нар өөрсдийн нийгэмд буй ийм удирдагчдыг хараад буруутгаж шударга, зөв удирдагч гарч байж эх орон маань хөгжин гэж боддог байлаа. Тэр нь бид нар байх болно гэж боддог байсан. Гэтэл яг үнэндээ өөрсдөө тэднээс нэг их ялгарах зүйл байгаагүй.
Тэгвэл сүнслэг ертөнцөд энэ нь ямар байх ёстойг Есүс заан өгч байна. Одоо 26,27-р эшлэлийг үзээрэй. “Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.”
Есүс энд “Та нарын дунд бүү ийм байг” гэж хэлж байна. Энэ нь тэдний сэтгэлгээ, үнэт зүйлс, амьдралын хэв маяг нь харь үндэстнүүдийн удирдагчдаас өөр байх ёстой гэсэн үг юм. Тэд удирдагч, агуу байхыг хүсвэл тэр нь зарц, үйлчлэгч болох ёстой байлаа. Учир нь шавь нар энэ дэлхийн удирдагч бус харин Бурханы улсын сүнслэг удирдагчид болох учраас юм. Есүс тэдний агуу болох хүслийг үгүйсгэлгүйгээр хэрхэн агуу болох арга замыг зааж байна. Есүс энэ эшлэлд хэн чинь гэж хэлсэн учраас бүх хүн агуу бөгөөд тэргүүнд байх боломжтой юм. Харин агуу болохыг зорилгоо болгох нь буруу юм. Харин бусдын зарц, боол болон үйлчилж буй хэн ч эцэст нь агуу болно гэсэн үг юм.
Энэ үгийг сонссон шавь нар юун зарц, боол! үйлчлэх вэ! гэж гайхсан байх. Мэдээж хүн бүр л бусдад үйлчлэхээс илүүгээр бусдаар үйлчлүүлж хүндлэгдэж тоогдож надад анхаарал тавин халамжлаасай хэмээн хүсдэг. Тэгвэл Есүсийн шавь нар яагаад бусдад үйлчилдэг амьдралаар амьдрах ёстой вэ?
28-г хамт уншицгаая! “Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ”.
Есүсийн шавь нар бусдад үйлчилж боолын амьдралаар амьдрах ёстойн учир нь Есүс тэгж амьдарсан учраас юм. Дээрх эшлэлд хэлж буй “Хүний Хүү” гэдэг нь тэнгэр ба газрын эрх мэдлийг авсан Бурханы Хүү буюу Есүс Христ юм. Есүс нь үүрд мөнх оршин байгч амьд Бурханы Хүү юм. Өөрийн үг болох зарлигаар орчлон ертөнц, хамаг юмсыг бүтээсэн Бүтээгч, энэ дэлхийн түүхийг жолоодон удирдагч юм. Бүх бүтээлүүд Түүнд хүндэтгэл ба үйлчлэлийг өргөвөл зохих хаадын Хаан юм. Гэвч тэрээр Бурханы улсын нэр алдар, эрх мэдэл, өндөр дээд байр суурийг орхин, бидний нэгэн адил махбодийг өмсөж энэ дэлхий дээр малын саравчинд төрсөн.
Ингэхдээ хүмүүсээс магтаал хүндэтгэлийг авч үйлчлүүлэхийн тулд биш, харин гэмээс болж сульдан доройтсон, ганцаардсан, өвчтэй сохор, доголон, гадуурхагдсан, сүнсээр сохорч төөрсөн зэрэг бүх хүмүүст үйлчилж байсан. Мөн Есүс шавь нартаа үйлчилж тэднийг нэг нэгээр нь халамжилж бүх сул талыг нь үүрч бохир хөлийг нь ч угааж байсан. Есүс биднийг гэмийн боолчлолоос чөлөөлөхийн төлөө загалмай дээр Өөрийн амийг золиос болгон өргөх хүртлээ үйлчилжээ. Бидний Эзэн Есүс Христ нь хүн болж төрснөөс эхлэн загалмай дээр үхэх хүртлээ үйлчлэлийн амьдралаар амьдарсан. Хэдийгээр Есүс бүх хүн төрөлхтнөөс магтаал хүндлэл хүртэх ёстой боловч энэ бүх хүслээ орхин бусдад үйлчилсэн. Тиймээс үйлчлэх нь Есүсийг дуурайхаас эхэлнэ. Есүс Өөрийн байр суурийг үгүйсгэж, төлөв даруугаар үйлчилсэнийг дуурайх хэрэгтэй. Ялангуяа Есүсийн золиосын сэтгэлийг сурахгүйгээр хэн ч гэсэн үйлчлэгч удирдагч болж чадахгүй.
Тэгвэл бид нар бусдад үйлчилдэг хүн болохын тулд юу хийх ёстой вэ? Грек хэлний үйлчлэгч гэсэн үг нь “тоос босгон хурдан гүйдэг хүн”-ийг хэлдэг байна. Бусдад үйлчлэхийн тулд энд тэндгүй явдаг гэсэн утгатай. Үйлчлэл нь бусдын төлөө амьдрах гайхамшигтай боломж гэж харж болно. Мэдээж би л бусдын төлөө ямар нэг зүйл хийж өгч байгаа зүйл бус, харин Бурхан бидний дотор, биднээр дамжуулан хийж байгаа үйлчлэл юм.
Үйлчлэлийг зарим хүн зөвхөн сүм чуулганд л байдаг зүйл мэтээр ойлгодог. Тухайлбал, магтаал, найрал дуугаар үйлчлэх, хоол цэвэрлэгээ хийх, библийн хичээл хийх зэрэг нь чухал үйлчлэл гэж боддог. Эдгээр нь чухал үйлчлэл мөн боловч үүнээс гадна хүн бүр ажил, сургууль, гэртээ, хаана ч байсан Бурханы нэрийг гэрчилж, алдаршуулахын төлөө хийж байгаа зүйлс нь бүгд үйлчлэл юм. Ялангуяа хүн нэг бүрийг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн эрхэм надин Бурханаар хайрлагдсан бүтээл гэж хайрлан харвал хичээнгүйлэн үйлчилж чадна. Ийнхүү хүмүүсийг зүрх сэтгэлдээ тээж санаа тавьж хайрлах гэвэл өөрийгөө үгүйсгэж золиос гаргах хэрэгтэй болдог.
Бусдад үйлчлэх эцсийн зорилго нь амьтай болгохын тулд байдаг. Үүний тулд сайн мэдээг болон Бурханы үгийг хичээнгүйлэн тунхаглаж заах ёстой. Харанхуй дунд байгаа оюутнууд Бурханы үгийг хүлээж аван гэм нүглээ гэмшвэл, сүнсээр дахин төрөх болно. Гэвч асуудал нь оюутнууд шууд үгийг хүлээж авдаггүй ба гэрэл рүү ирэхээс айдаг. Эндээс л жинхэнэ үйлчлэл эхэлдэг. Үгийг сонсож хүлээн авах хүсэлгүй хүнд хүслийг суулган, сул дорой хэвтэж буй хүнийг хайж очин урам өгч мөн үгээр махан биеийн хүсэл, хоосон сэтгэл, бардам байдал, шунал хүсэл гээд дотоод сэтгэл дэх асуудлыг шийдэхэд туслах хэрэгтэй. Тэр хүнийг сүнсээр сэргээхийн тулд хайр болон урам өгч дэмжих, бардам байдал ба үл итгэлтэй байдалдаа хүлэгдэж өөрийнхөөрөө амьдарч байгаа тэдэнд зэмлэл бас хэрэгтэй. Ингэснээрээ Бурхантай зөв харилцааг тогтоож Бурханд хэрэглэгдэх агуу нэгэн болно.
Хоньчид бидний хувьд оюутнуудад 1:1 Библийн хичээл хийж, гуйлт өргөж, кофе хоол авч өгөх зэрэг олон арга замаар үйлчилдэг. Бурхан Өөрийн үгээр урамшуулж байна. 1Кор15:58 “Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.” гэжээ. Таны хийсэн үйлчлэл болгон чинь хоосон биш, үнэ цэнэтэй юм шүү.
Өнөө үеийн хүмүүс гадна байдлаар бусдаас агуу мундаг болохыг эрмэлздэг. Хэзээ ч бусдын дор оролгүй бусдаар үйлчлүүлэн амьдрахыг хүсдэг. Харин тэнгэрийн хаанчлалын ажилчид нь дотоод чанараараа шинэчлэгдэн төлөв даруу болж агуу болох хэрэгтэй. Есүс шиг өөрийгөө хоослон бусдын боол болж үйлчилж амьдрах хэрэгтэй.
Есүс амиа золисолсон шиг өөртөө байгаа нандин бүхнээ бусдын төлөө зориулан амьдрах хэрэгтэй. Бидний итгэлийн нас нэмэгдэх тусам байр суур дээшлэх тусам улам төлөвшин даруу болж, үйлчилж амьдрах хэрэгтэй. Энэ нь тэнгэрийн хаанчлалд жинхэнэ агуу юм.
29-34-г үзвэл Есүс хоёр сохорыг эдгээн хараатай болгосон үйл явдал гарч байна. 34-г үзвэл Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж, Есүсийг дагалаа гэв. Энэ үйл явдлаар дамжуулан Есүс шавь нартаа заамаар зүйл байсан. Тэр нь шавь нарын сүнсний нүд нээгдэн жинхэнэ агуу нь хэн болохыг мэдэхийг хүссэн. Шавь нар гурван жил Есүсийг хамгийн ойрхоноос харж дагасан боловч тэдний сүнсний нүд нь хараагүй байсан. Улс төрийн, нэр алдарын, эрх мэдлийн эд баялгийн шуналд, нүд нь халхлагдан үйлчлэл ба золиосын үнэ цэнийг огт харахгүй байсан. Есүс шавь нарын сүнсний нүд нээгдэн загалмайн амьдрал, дорд болж үйлчлэх нь жинхэнэ агуу гэдгийг ухаарахыг хүссэн. Ийнхүү амьдралд жинхэнэ амь ба амьдралын үнэн байгаа гэдгийг мэдэхийг хүссэн.
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор өөрийгөө зарц, боол болгон үйлчилснээр л агуу нэгэн болдог гэдгийг сурлаа. Гэвч үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь хэцүү юм. Миний хувьд өөрийгөө үгүйсгэж чадалгүй, аминч сэтгэл ба бардам зүрх сэтгэлээр амьдарч байсандаа гэмшиж байна. Мөн шаардлагатай үед золиосыг гаргахад ч бэлэн байх хэрэгтэй гэдгийг сурч авлаа. Ялангуяа Есүсийг харан Түүнээс суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
Бид ч материаллаг, амин ч үзлээр дүүрэн энэ ертөнцөд амьдардаг учраас сүнсний хараа таглагдан үнэхээр агуу амьдрал нь ямар байхыг хардаггүй. Есүст итгэдэг, дагадаг боловч, үргэлж бусдаас дээгүүр болж, үйлчлүүлэн амьдрахыг хүсдэг. Харин амиа өгөх хүртэл үйлчлэхээр ирсэн Есүсийг харсанаар сүнсний нүд нээгдэх хэрэгтэй. Өөрийн амийг хүртэл золиос болгосон Есүсийн хайранд нүд нь нээгдэх хэрэгтэй.
Бид одоо юуны төлөө хичээнгүй амьдарч байна вэ? Байнга үйлчлүүлэхийг хүсдэг, бардам сэтгэлийг орхин Есүс шиг бусдын зарц болж, хичээнгүй хөдөлмөрлөн үйлчилж, байгаа нандин зүйлсээ золиослох хүртэл бусдыг хайрладаг нэгэнээр өсөж чадахыг хүсэн гуйж байна. Амен!