БИ ХРИСТИЙГ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Филиппой 3:1-11
Гол ишлэл 3:10
“Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлон нь хуваалцахыг таньж мэдээд”
Элч Паул Филиппойчуудыг Иудейн хуулийн муу нөлөөг даван туулж, Христийг итгэлтэй, баяр баясгалантайгаар дагахыг уриалж байна. Паулын уриалга нь онолын мэдлэг дээр тулгуурлааггүй, харин Христтийн доторх өөрийн амьдралын туршлага дээр тулгуурлаж байна. Түүний гэрчлэл бол Христэд итгэгчдийн өсөлт, төлөвшлийн шалгуур юм. Бид шинэ итгэгчид ч бай, туршлагатай итгэгчид ч бай Паулын гэрчлэлээс суралцах зүйл бидэнд бий.
1-р ишлэлд “Эцэст нь ах дүүс минь, Эзэн дотор баярла. Та нарт өнөө л зүйлээ бичих нь надад төвөгтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно. ” Паулын захиас нь анхааруулсан, хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг. Христийн доторх амьдрал нь гүн гүнзгий, элбэг дэлбэг, бялхсан баяр баяслаар дүүрэн байх ёстой! Энэ бол Их Эзэний баяр баясгалан юм. Энэ нь хорвоогийн урсан өнгөрдөг зүйл шиг түр зуурынх биш. Энэ нь мөнх юм. Энэ баяр баясгалан биднийг хамгаалдаг. Энэ нь биднийг хүчирхэг, баяр хөөртэй, урам зоригтой байлгадаг. Заримдаа бид баяр баясгалангаа алдах үед сануулга хэрэгтэй болдог. Паул: “Эзэн дотор баярла!” хэмээн сануулж байна.
2-р ишлэлд Паул муу нөлөөллүүдээс сэрэмжтэй байгаарай гэж байна: “Муу муухай үйлстнүүдээс сэргийл, биеэ зүсэгчдээс сэргийл. Энэ нохдоос сэргийл.” Тэр иудейчүүдээс сэрэмжлүүлж байна. Учир нь тэд Христэд итгэх нь хангалттай биш, тиймээс аврагдахын тулд хөвч хөндүүлж, хуулийг сахихыг шаардсан. Энэ нөлөөий улмаас хүмүүс өөрсдийгөө зөвтгөдөг, шүүмжилдэг, цэвэр сэтгэлгүй болдог. Энэ нь хүмүүсийг бүдрэхэд хүргэдэг. Сонсож буй хөгжим, уншиж буй зүйлс, яриа, харж буй дүрсээр дамжуулан бүх төрлийн муу нөлөө бидэнд ирдэг. Христийн доторх баяр баясгаланг алдахад хүргэдэг бүх зүйлээс бид сэрэмжлэх хэрэгтэй.
Паул 3-р ишлэлд: “Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү” гэж хэлсэн. Паул хөвч хөндөлтийг Бурханы өнцгөөс ойлгосон. Бие махбодийн үйлдэл нь зөвхөн Ариун Сүнсний ажлын бэлгэдэл юм. Жинхэнэ хөвч хөндөх нь Бурханы Сүнс дотор оршихын тулд зүрх сэтгэл дэх нүглийг таслах явдал юм. Зөвхөн Христэд итгэдэг хүмүүс л зүрхэндээ хөвч хөндөлт хийлгэж чадна. Энэ утгаараа Филиппойчууд жинхэнэ хөвч хөндүүлэгчид байсан. Тэд Христ дотор итгэлээр, баяр баясгалантайгаар үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй ба тэдэнд өөр юу ч хэрэггүй байсан. Ариун Сүнс бидний дотор ажиллаж, Христ алдаршиж байвал бид зөв замаар явж байна гэсэн үг. Бидэнд өөр юу ч хэрэггүй ба бид цаашаа үргэлжлүүлэн явсаар байх хэрэгтэй. Христийн дотор итгэлтэй, баяр хөөртэй алхацгаая.
Паул анхааруулга, сануулга өгөөд зогссонгүй. Филиппойчуудыг Христ дотор баяр хөөртэй амьдрахад нь туслахын тулд тэрээр өөрийн гэрчлэлийг хуваалцсан. Тэрээр сайн мэдээн дотор хэрхэн итгэлтэй, баяр баясгалантайгаар амьдрах хэрэгтэйг өөрөөрөө үлгэрлэсэн юм. Тэрээр ганхашгүй үзэл бодол, Христийг мэдэх хүсэл тэмүүллээ хуваалцсан.
Нэгдүгээрт, Христ дотор мөнхийн зүйл уруу хараагаа чиглүүлэх (4-9). Христийг дагахад бид амьдралаа хэрхэн харах нь чухал. Та өнгөрсөн болон одоогийн амьдралаа хэрхэн харж байна вэ? Паул Христийг мэдэхээсээ өмнө энэ дэлхийн үүднээс атаархмаар хүн байсан. Энэ нь нэг талаар түүний өв залгамжлал, нөгөө талаар түүний хичээл зүтгэлтэй холбоотой байв. Тэр юуг өвлөн авсныг 5а ишлэлд “Найм дахь хоногтоо хозлуулсан, израйль үндэстнийх, Бениамин овгийн, еврейгээс төрсөн еврей” гэсэн байна. Паул ёс, харилцаа сайтай еврей гэр бүлд төрсөн бөгөөд түүнд хамгийн сайн боловсрол, ур чадварыг олгосон. Төрөлх давуу боломж, хүмүүжүүлэгдсэнээр тэрээр нийгмийнхээ хамгийн дээд давуу эрх эдлэх боломжтой байв. Паул боломжоо бүрэн ашигласан. Тэрээр өөрийгөө үгүйсгэж, шаргуу суралцаж, фарисай хүн болохын тулд хатуу сахилга батыг даван туулсан (5б). Тэрээр фарисай болсныхоо дараа хамгийн сайн нь байхын тулд бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулсан. Тэрээр маш нямбай, төгс төгөлдөр байсан тул хуулийн бүх шаардлагыг алдаагүй биелүүлсэн гэж зоригтой хэлж чадаж байна (6). Тэр үнэхээр Иудейн нийгэмд мандаж буй од байсан. Тэрээр еврейчүүдийн амжилтын түүхийн зурагт хуудас болсон.
Хэдийгээр Паул маш сайн удам угсаа, намтартай байсан ч түүнд ямар нэг ноцтой зүйл буруу байсан. “Чи бүү шуна” гэсэн зарлиг түүний зүрхийг нэвт зүсэж, түүнийг нүгэлтэн хэмээн буруутгав (Ром 7:7). Стефаны аллагад оролцсонооор түүнд хямралын мөч тохиолдов. Стефан Ариун Сүнс болон Бурханы хайраар дүүрэн байхад “өөрийн зөв” нь түүнийг алуурчин болгосон. Паул доромжлогч, хавчигч, харгис хэрцгий хүн гэдэг нь илчлэгдсэн (1Ти 1:13). Хэдийгээр тэр Есүсээс шийтгэл хүртэх зохистой байсан ч Амилсан Христ түүнд өршөөл үзүүлж, түүнтэй биечлэн уулзаж, шинэ амьдрал руу дуудсан. Паулын нүглүүд уучлагдсан ба тэр харь үндэстнүүдэд сайн мэдээг тунхаглах үүрэг хүлээн авсан. Энэ нигүүлсэл Паулд үнэгүй өгөгдсөн. Гэхдээ тэр үүнийг үнэ цэнэтэй гэж үзсэн. Тэрээр Есүс бол Бурханы Хүү гэж номлож эхлэхэд түүнийг урвагч гэж үздэг байв. Иудейн удирдагчид түүнийг үзэн ядаж, бүх давуу эрхийг нь булаан авч, тэр бүү хэл алахыг завдсан. Иудейн нийгэмд тэрээр үлгэр дуурайлын нэгэн байснаа номер 1 дайсан болон хувирсан. Паул үүнийг хэрхэн харсан бэ?
Паул 7-р ишлэлд хэлэхдээ: “Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов.” Энэ нь түүний хараа дэлхийн амжилтаас Христ доторх сүнслэг, мөнхийн шагнал руу хэрхэн шилжсэнийг харуулж байна. Тиймээс Паул нэгэн цагт нандигнадаг байсан зүйлээ алдсандаа харамсдаггүй. Тэрээр тэнгэрлэг, мөнхийн харааг олж авсан. Энэ нь бид ч өөрсдийнхөө амьдралыг үнэлж дүгнэхэд хэрэгтэй юм. Христ дотор би ч мөнхийн зүйлийг харах харааг олж авсан. Бүрэн цагийн хоньчноор үйлчлэхийн тулд би эцэг эхийнхээ цорын ганц хүү байсан ч 21 жил очиж амжаагүй. Би олон олон баярын шарсан махыг алгассан. Гэсэн хэдий ч, хэдэн жилийн өмнө, намайг тэдэнтэй сайн мэдээ хуваалцах үед, тэд сонсож, Христэд итгэх итгэлээ баталгаажуулж, авралыг хүлээн авсан юм. Энэ бол бидэнд өгсөн Бурханы нигүүлсэл байв. Дервилла бид хоёр гэрлээд 38 жил болж, гайхалтай зургаан хүүхэд төрүүлсэн ч амралтын өдрүүдээр гэртээ бараг байхгүй, тэр байтугай ээлжийн амралт ч ховор байсан. Биднийг UBF болон оюутнууддаа тэднээс илүү хайртай гэдгийг хүүхдүүд маань мэдэрдэг байсан. Үүнээс болж хүүхдүүдтэй харилцах харилцаа муудаж, харилцаагаа тасалсан ч үе байсан. Бид эцэг эхийн хувьд гэмших үеүүд байсан, одоо ч байсаар байна. Гэвч Бурхан Өөрөө хүүхдүүдийн маань хоньчин болсон. Тэднийг минь Өөртөө татахын тулд асуудлуудыг ашиглаж байгааг бид харсан. Тэд Христтэй харилцах хувийн харилцаагаа хөгжүүлж байна. Бурхан тэднийг Өөрийн зорилгын төлөө ашиглана гэдэгт бид итгэдэг. Амьдралаа эргэн харахад бид бодит зүйлсийг алдсан ч Бурханы мөнхийн ерөөлүүд бидний орхисон зүйлтэй харьцуулашгүй их байгааг бид харж байна.
Паул Христ доторх мөнхийн зүйлд төвлөрснөөр ирээдүйнхээ талаар ганхашгүй үзэл бодолтой болсон. Тэрээр 8-р ишлэлд: “Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг …” Паул Христийг эрэлхийлэх нь юу юунаас илүү үнэ цэнэтэй гэдгийг хэлж байна. Тэр Христийн төлөө ямар ч золиослол гаргахад бэлэн байна. Христ бол түүний үнэт эрдэнэс юм.
Яагаад Христ Паулын бүх зүйл болох вэ? 9-р ишлэлийг үзвэл “…Хуулиас гардаг өөрийн зөвт байдалтай биш, харин Христэд итгэснээр ирдэг, итгэлд суурилсан Бурханы зөвт байдалтайгаар Түүнд би олдохын тулд юм. ” Бурханаас ирдэг жинхэнэ зөвт байдлыг Паул Христийн дотор мэдэрсэн. Энэ нь Паулын хуулийг сахих гэсэн цөхрөлтгүй хүчин чармайлтын үр дүн биш, харин Бурханы агуу нигүүлсэл, гүн хайрын улмаас ирдэг зөвтгөл юм. Христээр ирэх Бурханы зөвт байдал нь түүний сэтгэлд жинхэнэ сэтгэл ханамж, урьд өмнө хэзээ ч амсаж байгаагүй баяр баясгалан, амар тайвныг авчирсан. Мөнх амьдралын болон Бурханы улс дахь алдар суугийн баталгаа түүнд өгөгдсөн. Христийн нигүүлсэл Паулын мэддэг байсан бүхнээс хамаагүй агуу байсан.
Паултай адил олон итгэгчид Христийг таньж мэдсэн. Номлогч Сара Бэри өмнөд мужийн сайн гэр бүлд төрж, Миссисипийн гүнж шиг өссөн. Тэр маш үзэсгэлэнтэй, ухаалаг, амжилттэй нэгэн байсан. Гэвч тэрээр дотроо тэрслүү нэгэн байсан бөгөөд мориндоо “Эсэргүү” гэж нэр өгсөн. Тиймээс тэрээр аз жаргалтай байсангүй. Библийг судалснаар тэрээр Есүстэй биечлэн уулзаж, уулчлал нигүүлслийг хүлээн авч, Бурханы гэр бүлд хүлээн зөвшөөрөгдсөн. Есүсийн дотор тэр маш их баяр хөөртэй болж, Түүнд таалагдахыг хүссэн. Тиймээс тэр Христийн дуудлагыг хүлээн авч, тансаг амьдралаа орхин Солонгос улс уруу мишионероор илгээгдсэн. Энэ бол Солонгосын дайны дараахан буюу 1955 он бөгөөд үндэстэн сүйрсэн байв. Сара Бэрри хоньчин их сургуулийн оюутнуудад Библи заахад зүрх сэтгэлээ зориулсан. Түүнд гэрлэх цаг зав байсангүй. Үл ойлголцлыг тэвчих, бусдаас бүр Америк мишионерүүдээс ч хатуу шүүмжлэл хүлээх гэх мэт бусад олон золиослолыг тэрээр даван туулсан. Хүмүүс түүнээс яаж ийм их золиослолтой амьдарч чадаж байгааг асуухад тэр “Би золиосолсон юм шиг санагдахгүй. Харин би алдсанаасаа хамаагүй их зүйлийг олж авсан.” гэж хариулдаг. Тэр ийнхүү хариулж буй нь Христ доторх мөнхийн зүйлд төвлөрсөн үзэл бодолтой болсон учраас юм. Христийн доторх мөнхийн зүйлд төвлөрсөн үзэл бодолтой болоход Бурхан бидний хүн нэг бүрт туслах болтугай!
Хоёрдугаарт, Христийг дагах (10-11). Паул Христийн доторх мөнхийн харааг олсноор мөн агуу хүсэл тэмүүлэлтэй болсон. 10-р ишлэлд тэрээр “Би Христийг таньж мэдээд…” гэж тунхагласан. Түүний үнэхээр хүсч буй зүйл нь Христийг таньж мэдэх юм. Энэ нь түүнд хүчээр тулгасан зүйл биш, харин хамгийн сайн гэдгийг мэддэг учраас хүсч буй зүйл юм. Паул Христийг мэдэхийг хүссэн. “Мэдэх” (гиноско) гэдэг үг нь хувийн дотно харилцаанаас үүдэлтэй мэдлэгийг илэрхийлдэг. Эхнэр, нөхөр хоёр гэр бүл болж нэг болох үед ийм мэдлэгт хүрдэг. Паул Христийн тухай бүх зүйлийг аль болох нарийвчлан мэдэж, дотно харилцаандаа үүнийг мэдрэхийг хүссэн. Ийм мэдлэг нь хүнийг өөрчилдөг. Энэ нь Паулыг Христийн дүр төрхтэй болгоход хүргэнэ. Бид амьдралд төлөвших тусам, эд хөрөнгө, ололт амжилт, дэлхийн алдар нэр хүнийг тодорхойлдог бус харин ямар хүн болж төлөвшиж байгаа маань чухал гэдгийг ойлгодог. Хүн Христтэй адил болохоос илүү агуу, үнэ цэнэтэй, сэтгэл ханамжтай зүйл байхгүй.
Паул эдгээр үгсийг өндөр настайдаа хэлсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Паул аль хэдийн маш олон зүйлийг хийж гүйцэлдүүлсэн. Тэр хангалттай зовсон. Амар тайван амьдрах аятайхан газар олоод, амьдралын дурсамжаа бичиж болох л байсан. Гэсэн хэдий ч түүний зүрх сэтгэл Христийн төлөө шатаж байв. Хэдийгээр илүү их зовлон зүдгүүр, бэрхшээл туулах байсан ч тэр Христийг таньж мэдэх хүсэл тэмүүлэлтэй байсан. Бурхан надад Чикаго дахь доктор Жозеф Чунг санагдуулсан. Тэрээр 15 жилийн өмнө эмчийн ажлаасаа тэтгэвэрт гарсан ба үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэх талаар бодож байсан. Нэг талаараа тэр ач, зээ нараа тойруулж, мөн зоогийн газруудад хөнгөлөлт эдлэхийг хүссэн. Нөгөө талаар, тэр Христийн нигүүлслийг тунгаан бодож, залбирч байх үед түүний зүрх сэтгэл Христийг илүү сайн мэдэх хүсэл дүүрэн байв. Тиймээс тэр М.Эстертэй хамт хоёр дахь удаагийн илгээлтийн талбар болох Уганда руу 7,5 жил явсан. Тэнд тэд Бетездагийн эмнэлгийг дэмжиж, 1:1 библийн үйлчлэлийг эрч хүчтэй хийсэн. Уганда UBF тооны хувьд хоёр дахин өссөн. Нас ахих, эрүүл мэндийн хэрэгцээний улмаас тэд Чикаго руу буцаж ирсэн. Доктор Жозеф Чунг 2023 оны олон улсын библийн конферэнцийн сүүлчийн өдөр Их Эзэнтэй хамт байхаар явсан. Биднийг дэлхий дээрх Христийн алдар сууг эдэлж байх зуур тэрээр тэнгэрийн алдар сууд орсон. Би түүнтэй хамгийн сүүлд ярихад тэр дэлхий даяарх Бурханы хүмүүсийн төлөө залбирах сэтгэлээр дүүрэн байсан. Тэр Христийг мэдэх гэсэн агуу хүсэл тэмүүлэлтэй амьдарсан. Олон улсын зуны библийн конферэнц 2023-ын дараа би АНУ-д тэтгэвэрт гарах нас болох 65 нас хүрсэн. Гэхдээ надад тэтгэвэрт гарч зодог тайлах бодол алга. Миний зүрх сэтгэл Христийн нигүүлсэл, баяр хөөрөөр дүүрэн байгаа тул Христийн хүслийг биелүүлэхийн тулд өмнөхөөсөө илүү шаргуу ажиллахыг хүсч байна. Энэ бол надад өгсөн Бурханы нигүүлсэл юм. Христийг таньж мэдэх агуу хүсэл тэмүүлэлтэй болохын төлөө залбирцгаая.
10-11-р ишлэлд Паул Христийг хэрхэн таньж мэдсэн тухайгаа: “…Ингэхдээ би үхэлд нь Түүнтэй адил болсноор Түүний амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд, үхэгсдийн амилалд хүрч очмоор байна. ” Христийн амилалтын хүч бол үхлээс амь уруу шилждэг хүч юм. Бидний ихэнх айдас, бүтэлгүйтэл, ичгүүрийн үндэс нь үхлийн хүч юм. Үхлийн айдас нь шавь нарыг Есүсийг орхиход хүргэсэн. Гэвч амилсан Христтэй уулзаж, Ариун Сүнсийг хүлээн авсны дараа тэд үхлийн хүчнээс чөлөөлөгдсөн. Тэдний айдас алга болов. Тэд шашны удирдагчидтай зоригтойгоор нүүр тулж, гэмшилд уриалсан. Тэд бусад үндэстнүүдэд сайн мэдээг тунхаглах хүчтэй болсон. Тэд Бурханаас өгөгдсөн үүрэг даалгавраа эцсээ хүртэл биелүүлж, хойч үедээ дамжуулсан. Христийн амилалтын хүчийг амсаж амэдрэх нь мөн бидний хийх зүйл гэдгийг санацгаая.
10-р ишлэл дэх “хуваалцах” гэдэг үгийг грек хэлээр “коинониа” гэдэг үгнээс гаралтай. Энэ нь гүн гүнзгий, дотно холбоо, Христийн зовлонг хуваалцах гэсэн утгатай. Бид ихэвчлэн “зовлон”-ын тухай сонсохдоо зөнгөөрөө ухардаг. Гэвч Паул тэгээгүй. Тэр Христийн зовлон зүдгүүрт оролцоход бэлэн төдийгүй бүр зовлонд оролцох хүсэл эрмэлзэл дүүрэн байсан. Учир нь тэр Христийн зовлон зүдгүүрт оролцохын утга учир, үнэ цэнийг мэддэг байсан учраас юм. Хүмүүс энэ ертөнцөд ямар нэг байдлаар зовлон амсах болдог. Христтэй хамт зовж шаналахаас зайлсхийдэг хүмүүс өөрсдийн болон бусдын гэм нүглээс болж зовж шаналах бөгөөд энэ нь ямар ч утга учиргүй, авралын зорилгогүй юм. Гэвч Христийн төлөөх зовлон нь далд ерөөлүүдийг агуулдаг. Энэ нь биднийг Христэд ойртуулж, сүнслэг байдлын хувьд өсөхөд тусалдаг. Зовлон дунд бид тэнгэрлэг баяр хөөрийг мэдэрч чадна. Бид зовлон зүдгүүрээс айх шаардлагагүй юм. Энэ нь биднийг Христтэй адил болоход тусалдаг.
“Үхэлд нь түүнтэй адил болох” гэсэн хэллэг нь Христийг дуурайж, өөрийгөө Бурханд болон бусдад, бүр үхэх хүртлээ бүрэн зориулахыг хэлж байна. Энэ нь бас Есүстэй адил сүнстэй, үхэлд хандах ижил хандлагатай байхыг хэлж байна. Хэдийгээр Есүс загалмай дээр маш их зовж шаналж байсан ч Бурханы хайранд эргэлзээгүй ба өөрийгөө өрөвдөх өрөвдөл, ичгүүр, айдсаа илэрхийлээгүй. Харин ч тэр Бурханы үг, болж буй зүйлийн утга учир, Бурханы хүслийг биелүүлж буй ялалтын мэдрэмжээр дүүрэн байсан. Тэрээр зоригтой, дуулгавартай, хайрлаж, уучилж, бүрэн ялалт байгуулсан. Есүс шиг үхэх нь үнэхээр агуу ерөөл юм. Үхэл бол цаг хоромхон зуурын зүйл юм. Энэ бол Бурханы алдар суут хаант улсад хүрэх үүд хаалга юм. Энэ бол Христтэй хамт үүрд мөнх амьдрахын тулд шинэ тэнгэрлэг биеэр дахин амилах амилалтын урьдал юм. Бид Христтэй хамт зовж шаналж, үхэх үедээ Христтэй хамт мөнхийн алдар руу амилах нь гарцаагүй.
Энэ номлолоор бид Паулын гэрчлэлээс Христ доторх тэнгэрлэг хараатай байж, Христийг өөрийн хүсэл тэмүүллийн эзэн болгон эрэлхийлэхийг сурсан. Энэ бол бидний хүн нэг бүрийн сүнслэг байдлын хувьд өсөх арга зам юм. Энэ нь бас манай сүм чуулганы төлөвшилд хүрэх зам юм. “Би Христийг мэдэхийг хүсч байна!” гэж зүрх сэтгэлээсээ хэлдэг хүнээр ерөөж өгөхийг Бурхан гуйж байна.