Хаврын библийн конференцийн(04.15) 2-р номлол Г.Энхбаатар

ЗАГАЛМАЙД ЦОВДЛОГДСОН ЕСҮС

Лук 23:26-49
Гол эшлэл: 23:34

“Есүс Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан,Түүний хувцсыг хуваан авчээ.”

Сайн байцгаана уу ? Та бүхэнд ХБК-ийн 2 дахь өдрийн мэнд хүргэе. Өчигдөр бид “Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан”-ны талаар сурсан. Харин өнөөдөр бид “Загалмайд цовдлогдсон Есүс”-ийн талаар сурах болно. Өнгөрсөн долоо хоногт бид Үйлс 20 бүлгээс “Нулимс унаган хүн бүрт үйлчилсэн Паул”-ын итгэлээс суралцсан. Уг бүлэгт Паулыг номлож байх үед Юутух гэгч нэгэн залуу гүн нойронд автан, 3 давхраас унадаг. Эндээс нойр хүргэм зарлигууд байдаг талаар ярьсныг санаж байгаа бизээ. Тиймээс таниас нэг л зүйлийг хүсмээр байна. “БИ Бурхан”-ы үгийг нойр хүргэм байсан ч гэсэн 100% төвлөрөн сонсож, “Бурхан НАДАД” юу хэлэхийг хүсч байгааг өөртөө хэлээсэй гэж гуйж байна.
1.    Загалмай дээр гуйсан Есүс(26-38)
Бидний амьдралын өдрүүд нэгэн хэвийн л урсан өнгөрдөг. Өглөө ажилдаа яваад, орой гэртээ ирээд, хоолоо идчихээд сайхан амарна. Харин Есүсийн амьдралын өдрүүд өглөө нь Бурханд залбирч, өдөр нь бас залбирч, орой нь ч бас л залбиран, үгийг заан, энэ дэлхийн нэгэн өдөр өнгөрдөг байсан. Хүмүүс бид бүхэнд хүндхэн, урт үргэлжлэх өдрүүд олонтоо тохиолддог. Есүсийн энэ дэлхий дээр байх хугацаандаа өнгөрүүлсэн хамгийн урт өдөр нь одоо болж байна. Тэрээр ахлах тахилчдад баригдан, шөнөжингөө зодуулж, тохуурхуулж махан биеийн зовлон амсах болов. Ахлах тахилчид Есүсийг алахыг машид хүсч байлаа. Тиймээс буруутгалыг олохын тулд шөнөжингөө эрүү шүүлт болж, өглөө нь Пилатын өмнө хүргэв. Ахлагчид яагаад шуудхан л Есүсийг алчихсангүй вэ? Тухайн үед Израиль Ромын колони байсан болохоор цаазаар авах ял зөвхөн Ромоос томилогдсон Понти Пилат захирагчид л байсан. Пилат ч урьд өмнө байгаагүй хамгийн утгагүй хэргээ шүүхээр болов. Пилат ахлах тахилчид Есүст атаархсандаа энэ бүгдийг хийж байгаа гэдгийг мэдэж байлаа. Мөн Есүсийг ямар ч гэм буруугүй гэдгийг мэдсэн. Тэгээд Дээгүүр өнгөрөх баярын үеэр ард түмний хүслээр нэгэн хоригдлыг сулладаг заншилтай байв. Энэ үеэр Есүсийг суллах бодолтой байсан ч ард олон тахилчдын үгээр болж, Түүнийг нэгэн дуугаар цовдлоход хүрэв. Тэгээд Есүсийг ташуурдуулаад, цовдлохыг тушаасан. Тухайн үед ташуурын шийтгэлийг хүн болгонд адилгүй өгдөг байсан. Тухайн хэрэгтэн нь Ром хүн бол энгийн ташуураар 40 удаа, харь үндэстэн бол үзүүртээ төмөр, ясны хэлтэрхий уясан, олон салаатай суран ташуураар 40 удаа, харин иудей хүн бол дээрх төмөр, ясны хэлтэрхий уясан, олон салаатай суран ташуураар 120 удаа ташуурддаг байсан. Ромчууд ташуурдахдаа гэмт хэрэгтэнг нүцгэлээд багананд тэлж, хоёр талд нь зогсоод, нэг нэгээрээ ээлжлэн, ташуурддаг байсан. Үүнээс болж, ихэнх хэрэгтэн ташуурдуулж байхдаа үхдэг байсан. Ийм зодуурын шийтгэлийг Есүс ч бас амсав. Байж болох хамгийн хүнд зодуурын шийтгэлийг аван, бие махбод нь тэсэхийн аргагүй болж. Өөрийн биеийг ч даах үгүйтэй байхад, 600 метр орчим газарт 70-90 кг жинтэй загалмай үүрээд явах нь ямар хэцүү байсан бол оо? Бүх бие нь тэсэхийн аргагүй өвдөж байсан ч тэр загалмайгаа үүрээд, “Гавал” хэмээх газар уруу өгсөж байсан ч өөрийн эрхгүй загалмайндаа дарагдан, унаж байв. Тэрээр ямарч тэнхэлгүй болсон байсан тул цэргүүд Курений Симон гэгчээр загалмайг үүрүүлэн “Гавлын газар” хүрэв.
27-р эшлэлийг үзвэл-“Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн, хойноос нь дагаж явлаа”. Тэдгээр эмэгтэйчүүд Есүсийг гэм буруугүй гэдгийг мэдэж байсан. Тэд мөн Түүний загалмай аймшигтай гэдгийг мэдэж байсан. Тэд Есүсийг үхүүлэхийг хүсээгүй тул цээжээ дэлсэн, гашуудан уйлж байлаа. Харин Есүс хожим юу болох талаар тэдэнд мэдүүлж, тэдгээр эмэгтэйчүүдэд туслахыг хүссэн.
Одоо 28-31р зүйлүүдийг үзээрэй. “Харин Есүс тэдэн уруу эргэж- Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл.” гэж хэлсэн. Энэ нь Ромын цэргүүд Иерусалимыг устгах тухай Есүс эш үзүүлсэн. Хосеа номонд“Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ,халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан, “Биднийг нөмөр” гээд, толгодод  хандан, “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно” гэж хэлсэн. Хосеагийн эш үзүүлсэнчлэн, Ромчуудын учруулах зовлон маш их байх болно гэдгийг хэлсэн. Есүс ч гэсэн “Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ?” гэж дахин сануулж байна. Өөрөөр хэлбэл, Ромчууд гэм буруугүй Есүсийг цовдолж байгаа юм бол. Түүний үхэлд буруутай Иерусалимын иудейчүүдэд юу болох бол оо. Төсөөлөхийн ч аргагүй биз ээ.
Мөн Есүстэй хамт өөр хоёр гэмт хэрэгтэнг цаазлахаар авч явсан. Ер нь ямар хүмүүсийг загалмай дээр цаазалдаг вэ? Загалмайн зовлон нь ямар хэцүү бол оо? Та юу гэж бодож байна? Хүн хоёр гарнаасаа дүүжлүүлээд, 6-12 минутын хооронд цусны даралт 2 дахин багасч, зүрхний цохилт 2 дахин ихэсч, зүрх цусгүйдэж, хүн ухаан алддаг. Загалмай дээр цовдлогдсон хүн хоёр гурван өдөр тарчилан зовдог. Ийм шийтгэлийг хэн нь олдог бол оо гэж та бодож байна уу? Тухайн үедээ Ромчууд маш хатуу хууль тогтоомж дэглэмтэй байж, колони улсуудаа хатуу хуулиар барих үүднээс хүмүүсийн бодож, олсон хамгийн харгис шийтгэл юм.
Бид гэм нүглийг хэмжиж чаддаг гэж үзвэл. Бидний гэм нүгэл дэлхийг бүрэн дүүргэчих нь гээд та боддоо. Есүс Христ хүн төрөлхтний гэм нүглийн төлөө орхигдон, өөрийн гэм буруугүй цусаа бидний төлөө модон загалмай дээр урсгасан. 1Петр 2:24а-д “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. …” гэж бичигдсэн байдаг. Есүс нүгэлтэй байсан учраас биш, харин бидний гэмийн төлөө зовсон. Мөн Тэрээр өөрийнхөө өмнөөс шийтгэл үүрэх ёсгүй байсан ч бидний төлөө шийтгэл үүрсэн юм. Исаиа 53:6 – д “Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Хариан ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов”. Тэр бидний өмнөөс үхлийн шийтгэлийг үүрсэн. Христ загалмай дээр алуулсан. Учир нь “Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд” Христ үхсэн. Мөн Сатаны хүчнээс чөлөөлөөд зогсоогүй, амьдралыг маань бүхэлд нь Бурхан руу эргүүлж, бидэнд зөвт амьдралаар амьдрах шинэ оюун бодол, шинэ хүчийг өгсөн. Өөрөөр хэлбэл, бидэнд Бурханыг харах нүдний шил зүүлгэсэн. Хараа муу хүмүүс юмсыг тодорхой сайн харахын тулд шил зүүдэг. Шилгүй бол онигор нүдээ улам л онигор болгож байгаад аль болох сайн харахыг хичээдэг ч шилтэй шигээ сайн харж чаддаггүй. Бурханы бидэнд өгсөн нүдний шил яг л үүнтэй адил. Тэгвэл та өөрөөсөө би Бурханы өгсөн нүдний шилийг зүүж байна уу? тайлсан байна уу? гэдгээ нэг асуугаад үзээрэй. Хэрвээ та тайлсан эсвэл зүүхээр хайж байгаа бол Эзэний өмнө бүх гэмээ гэмшин, залбираарай гэж хүсэж байна.
Бүгдээрээ 34-р зүйлийг үзээрэй. “Есүс Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв …” Есүс бидэнд дайснаа уучилж, хайрлах талаар хэрхэн залбирахыг заан өгч байна. Лук 6:27-28-д “Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир” гэсэн. Та дайсныхаа өмнө буулт хийж залбирдаг уу? Миний хувьд залбирахаасаа илүү би энийг яаж шийдэж болох уу? гэж боддог байсан. Харин сургуулиа төгсөөд, анхны ажилд орлоо. Надаас нэгхэн хоногийн өмнө Японд мастер хамгаалаад ирсэн нэгэн эгч ажилд орсон байлаа. Би дотроо энэ хүнээс их зүйл сурах нь дээ гэж баярлаж байсан ч миний бодол талаар боллоо. Тэр эгч үргэлж намайг юу ч мэдэхгүй мэт харьцаж, миний хийсэн болгоныг гоочилж, итгэхгүй үгээр их идэх болсон. Ийм хүнээс би яаж ч юм сурах билээ гэж бодож эхлэв. Харин Бурхан надад энэ хүнээр дамжуулан дайснаа хайрлах талаар зааж өгсөн. Тэр хүний төлөө залбирч, Бурханыг мэдэхгүй учраас л ингэж байна гэж өөртөө хэлдэг байлаа. Үнэхээр ийм байдалтай хэр удах болдоо гэж дотроо битүүхэндээ айж байсан. “Манай хүн” ор сураггүй ажлаасаа гарав. Би дотроо тэр эгчийг ажлаасаа гарсанд нь баярлаж, мөн Бурхан энэ зүйлээр дамжуулан, дайснаа хайрлах талаар зааж өгсөнд талархаж байна. Миний хувьд өмнө нь дургүй хүнээ дотроо хадгалаад, буруутгаж доромжилсноор би дийллээ гэж боддог байсан. Надад дайснаа хайрлах сэтгэлийг зааж өгсөнд талархаж байна. Мөн Есүс бидэнд Бурханд дайсагнагчдыг Бурханы төлөө эсэргүүцэх ёстой ч, тэднийг хүнийх нь хувьд хайрлах хэрэгтэй гэдгийг зааж байна.
Есүс үнэхээр Бурханы дотор 100% хувь бэлтгэгдсэн гэдгийг улам тод харж болно. 35-38-р эшлэлүүдийг үзвэл. Захирагчид мөн цэргүүд түүнийг “Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний сонгогдсон нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг” гэж доог тохуу хийж байсан. Есүс энэ үед юу хийсэн бэ? Түүнд өөрийгөө батлан харуулах боломж олдлоо одоо нэг Би Бурханы Хүү гэж харуулах гэв үү? Үгүй Түүнд Бурханы Хүү гэдгээ батлан харуулах нь чухал биш байсан. Үнэн хэрэгтэй Тэр загалмайнаасаа бууж чадах байсан ч. Хамгийн гол нь БИДНИЙГ НҮГЛЭЭС АВРАХын тулд үхэх хэрэгтэй байсан. Гэмийн төлөө орхигдох нь Түүний зорилго байсан юм. Иудейн ахлагчид одоо ч гэсэн Есүсээс тэмдэг үзэхийг хүсэж байсан. Марк 15:32 т “… энэ Христ, одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв.” Есүс тэдэнд тэмдэг үзүүлээгүй, тэд тэмдэг үзээд ч итгэхгүй. Есүс үхээд амилсан нь загалмайнаасаа буухаас ч агуу гайхамшиг байсан ч тэд итгээгүй. Ийм тэдний төлөө гуйж байгаа Есүсийн хайр ямар гайхамшигтай вэ. Эзэн минь гэм нүгэлтэй биднийг Өөрийн ганц хүүгийн нандин цусаар авч өгсөнд талархаж байна.
2.    Загалмай дахь дээрэмчнийг аварсан Есүс(39-49)
Одоо 39-43-р эшлэлүүдийг үзээрэй. “Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж Та чинь Христ биш бил үү! Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд” гэж хэлэв. Эндээснэг дээрэмчин нь Есүсийг басамжилж, байхад нөгөө нь Есүсийг ямар ч гэм зэмгүй, ариун гэдгийг итгэлээр хүлээн авсан. “Тэр Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв.Тэгтэл Есүс түүнд Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.” Уг дээрэмчин бүх гэм нүглээ улаан Есүс дээр очиж чадсанаараа тэр Диваажинд орох тасалбар авсан юм. Бид ч гэсэн энэ дээрэмчин шиг бүх гэмээ бариад Эзэн дээр очвол бид ч гэсэн Диваажинд орох тасалбарыг Есүс бариад зогсож байгаа билээ. Эндээс Есүс бидэнд зөвхөн итгэхэд л хангалтай гэж байна.Тиймээс Есүст итгэснээр бид диваажинд очих болно.
45-р эшлэлд “Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа” гэв. Тухайн үед хүмүүсийн гэмийн төлөөс гэж Бурханд тахил өргөж тахилчаар дамжуулан Бурхантай уулздаг байсан. Харин Есүс үхсэнээр энэ зүйл үгүй болсон юм. Бид одоо Бурхантай шууд харилцаатай болсон билээ. Та хэзээ ч хаана ч Бурхантай уулзах бүрэн боломжийг Тэр бидэнд өгсөн юм.
“Есүс Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дүүгээр хашхирлаа. Үүнийг хэлээд тэр амьсгал хураав.” Мөн Марк15:34-т Бурхан минь Бурхан минь юунд Та Намайг орхив” гэсэн байдаг. Есүс Өөрийн Эцгээс хүртэл орхигдсон. Есүс юуны төлөө Эцгээсээ хүртэл орхигдоход хүрэв? Есүс хүн төрөлхтний бүх гэм нүглийн төлөө эцсийн тахил болон өргөгдсөн. Одоо өөр ямар ч тахил шаардлагагүй болсон. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан Энэ үнэхээр гэмгүй байжээ гэсэн.
Тэр бидэнд гэмшээд итгэх л юм бол аврагдах гайхалтай ивээлийг өгсөн. Та одоо шийдвэр гаргах хоёр салаа замын уулзвар дээр байгаа гэдгээ мэдэж байна уу? Нэг бол өөрийн дураар амьдрах эсвэл Эзэн Бурханыг өөрийн аврагчаар хүлээн авах чухал цаг байна. Таны гаргасан шийдвэр Эзэнийг дагасан зам байгаасаа гэж хүсэж байна. Мөн Еврей 10:19-22-д “Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, махбод болох хөшгөөрөө дамжууланТүүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул, мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай зүрхээр ойртон очицгооё.” гэж бичигдсэнчлэн таныг ч гэсэн Бурхан дээр очоосоо гэж уриалмаар байна.
Орчлон ертөнцийн бүх зүйлийг математикаар тайлбарладаг. Учир нь бүх шинжлэх ухааны хаан нь математик. Үнэхээр бүх зүйлийн оргил нь математик гэж яригдаж бүр дэлхий үүссэхээс ч өмнө тоо байсан гэж боддог цаг байсан. Одоо бол математикийн цаана нэг зүйл байна гэдгийг бүх эрдэмтэд нэгэн дуугаар хэлж байгаа. Мэдээж энэ бүгдийн цаана Бурхан байгаа билээ. Та ч гэсэн энэ цагт Бүтээгч Бурхан дээр ирээсэй гэж гуйж байна.
Намайг Ганбаатар овогтой Энхбаатар гэдэг. Бага байхад аав ээж хоёр салж эмээ өвөө дээрээ өссөн. Хар багын л бусадтай нийлж тоглож чаддаггүй их атаархдаг хүүхэд байсан. Тиймдээ ч дотроо бүх зүйлээ хадгалаад л явна. Ийм бодолтой өдөр хоногууд өнгөрч бусдаас сайрхал магтаалыг авахыг хүссэн нэгэн болсон. Бага байхын л хэн нэгний доор орохгүй гэж өөртөө байнга хэлж би хичээлээ л сайн сурах хэрэгтэй гэж дотроо боддог байсан болохоор хичээлдээ их шамдан суралцдаг байлаа. Дарханд дунд ангиа төгсөөд ахлах ангиасаа хотод ирж сурахаар шийдэж гэрээнхэндээ хэлтэл миний бодлыг зөвшөөрч 10 ангиасаа МУИС-ийн лицей Байгал- Эх сургуульд суралцах болов. Хотод ирээд ахаараа дамжуулан сайнмэдээ сонсож анх цуглаанд ирсэн. Миний хувьд өөрийн бодол өөртөө зөв гэсэн бодолтой нэгэн байсан тул үргэлж л өөртөө хаалт тавьдаг байв. Хэлсэн ярьсан болгоныг үгүйсгэж их юм мэддэг аятай л ярьдаг байлаа. Харин хамгийн чухал зүйл болох Бурханыг, бурхан гэж ямар нэгэн зүйл байдаг гэж тодроо итгэдэг байсан ч мөн чанарыг сайн мэдэх байв. Анхандаа цуглаанд тоглох гэж эсвэл ямар нэгэн байдлаар өөртөө ашиглах байдлаар явъя гэж бодож байсан надад, өөрийн хувирдаггүй хайрыг ойлгуулж, миний гэм нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон гэдгийг ойлгуулсан Эзэнд талархаж байна. Хэдий хоньдыг хоньчлох хоньчин болсон ч одоо болтол нэг ч хоньгүй нэг хониний араас тууштай явж чадахгүй байгаадаа гэмшиж байна. Бусдад хий хоосон ярьдаг бус Есүс надад яаж үйлчилж миний дийлдэшгүй их гэм нүглийг өөртөө үүрсэн шиг үйлчлэхийг хүсэж байна Эзэн минь. Мөн хоньчныхоо үгийг Есүс адил дуулгавартай дагаж сэтгэгдэл бичиж өдөр бүр залбиралтай байж чадахгүй байгаадаа гэмшиж байна. Өдрийн 24 цагийн нэг цагийг л Эзэнд зориулдаг тийм хүнээр амьдрахыг хүсэж байна.
Дүгнэлт: Энэ зарлигаар дамжуулан бидний гэмийн төлөө Өөрийн цор ганц хүүгээ энэ дэлхийрүү ирүүлж биднийг аварч. Мөн Хүүгээсээ илүү биднийг хайрладаг Бурханы хайрын талаар сурлаа. Мөн дайсныхаа төлөө залбирч түүнийг хайрлах хэрэгтэйг зааж өгсөн Эзэнд талархаж байна. Хамгийн гол нь та энэ цагт бүх гэм нүглээ Эзэнд аваачин Эзэнийг аврагчаар хүлээн зөвшөөрч Түүний хайрыг мэдрэхийг хүсэн гуйж байна. АМЕН!

өмнөх нийтлэлХаврын библийн конференцийн 1-р номлол (04.14) Г.Батбаатар
Дараагийн нийтлэлХаврын библийн конференцийн 3-р номлол (04.15) М.Түвшинбаяр