Хаврын библийн конференцийн 1-р номлол (04.14) Г.Батбаатар

ТЭНГЭР БА ГАЗРЫГ БҮТЭЭСЭН БУРХАН

Эхлэл:1:1-25
Гол эшлэл: 1:1

“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”

Сайн байцгаана уу? ХБК-д хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. ХБК-оор дамжуулан, хайр ивээл дүүрэн авч, итгэлээр өснө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн номлолоор орчлон,ертөнц хэрхэн бүтээгдсэн болон яаж оршин тогтнодог, дэлхийн гэрэл хаанаас бий болсон, биднийг бүтээсэн Бурхан хэн талаар суралцахаас гадна бид ямар утга учиртай бүтээгдсэн талаар суралцах болно. Эхлэл ном нь библийн анхдугаар ном юм. Эхлэл гэдэг үг нь “эх үүсвэрийн тэмдэглэл” гэсэн утгатай. Дэлхий ертөнц, ан амьтан, хүн төрөлхтөн, гэм нүгэл, сайн мэдээ, соёл иргэншил гэх мэт бүх зүйлийн эх үүсвэрийн тухай бичсэн ном юм. Эхлэл номонд хожим илэрхийлэгдэх бүх илчлэлийн үндэс нуугдсан байдаг. Эхлэл номыг суралгүйгээр, бүх юмсын эх үүсвэр ба үнэний үндсийг ойлгож чадахгүй. Тиймээс Эхлэл номоор дамжуулан, амьдралын үндсэн асуудлыг шийдэж, ганхахгүй бат бэх итгэлийн суурийг тавьж чадахыг гуйж байна.
Одоо бүгдээрээ 1-р эшлэлийг үзээрэй-“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ”. Энэ үг нь Бурханы бүтээлийн эрх мэдлийг тунхаглаж байна. Эндээс “Эхэнд” гэдэг нь тэнгэр,газрыг бүтээсэн цаг хугацааны гараа гэсэн утгатай юм. Иохан 1:1-д “Эхэнд” гэдэг үг нь тэнгэр, газрыг бүтээхийн өмнөх мөнхийн цагийг зааж байна. Эндээс “тэнгэр” гэдэг нь өргөн уужим сансар огторгуйг зааж байна. Газар гэдэг нь энэ дэлхийн бөмбөрцгийг хэлж байна. Ингээд Бурхан эхэнд цаг хугацаа, орон зай, материаллаг зүйлсийг бүтээсэн. Мөн ( Бүтээх) гэдэг үг нь англиар | TO CREATE ба еврейгээр \ БАРА\ гэсэн утгатай. Энэ үгийг бүтээгч Бурхан л хэрэглэх үг юм. Үүнээс харахад тэнгэр, газар нь санаандгүйгээр өөрөө бий болсон биш, харин Бурханы ер бусын мэдлэгийн хүч ба хязгааргүй мэргэн ухаанаар бүтээсэн гэдгийг мэдэж болно. Өнө эрт үеэс олон хүмүүс дэлхийн юмс хэрхэн бий болсон ба тэдгээрийн оршин байхын утга учир нь юу вэ? гэсэн асуудлыг тасралтгүй судалж, тунгаан бодож ирсэн. Тиймээс ертөнцийн эх үүсвэрийн тухай олон янзын үлгэр домог бий болж бүх юмс санаандгүй бий болсон гэх онол, тэсрэлтийн онол, хувьслын онол гэх мэт олон онолууд бий болсон. Шинжлэх ухаан библийг үгүйсгэх гэж үргэлж оролдож байдаг. Харин шинжлэх ухаан хөгжиж, ертөнцийн гайхамшигт нууц нь тайлагдах тусмаа тэдгээр онолуудын хоосон байдал илэрч, Бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэдэг нь үнэн болохыг шинжлэх ухааны хувьд хүлээн зөвшөөрөх болсон.     Библи бидэнд бүх юмсын үндэс бол Бурхан бөгөөд бүх зүйл Бурханы тааллын дагуу бүтээгдсэн гэж заадаг. Гэтлэл 3:14-т “Би бол Би байгаа” юм гэж хэлсэн.Энэ нь Бурхан бол хэн нэгнээс үл хамааран Өөрөө оршин байдаг гэсэн утгатай. Илчлэлт 1:8-д “Бурхан бол Альфа ба Омега” гэж хэлсэн. Энэ нь Бурхан бүх зүйлийг эхлүүлж чадна бас бүгдийг төгсгөж чадна гэсэн утгатай. Бурхан бол хүний оюун ухаанаар ойлгож, тайлбарлагдашгүй ер бусын гайхамшигтай оршин байгч. Бурхан бол туйлын эрх мэдэлтэй нэгэн. Бурханд бүтээгчийн эрх мэдэл байдаг. Ямар нэгэн хүн өөрийн хүсэж бүтээсэн бүтээлээ өөрөө урлаж, мөн урласан бүтээлээ үгүй хийх эрхтэй. Үүн шиг Бурханы хувьд өөрийн авралын түүхийг эхлүүлэхдээ хэнийг ашиглах, хэнийг сонгох, сонгохгүй байх зэрэг нь тухайн хүнээс шалтгаалдаг. Тиймээс Бурхан миний хүслийн дагуу хөдөлдөг бус бид Түүний хүслийн дагуу үйлчлэх хэрэгтэй. Бурхан дэлхийн бүхий л зүйлсийг өөрийн сайн тааллын дагуу бүтээсэн. Тиймээс бүх бүтээлд хоосон санамсаргүй гэсэн ойлголт байхгүй. Хэрэв энэ дэлхий санамсаргүй бий болж, би өөрөө ч санамсаргүй бий болсон гэж бодвол бүх зүйл утгагүй хоосон болно. Тиймээс таньд энэ дэлхийг харах 2 өнцөг байна.
Нэгдүгээрт: Бурхан байхгүй гэж харсаар амьдрах өнцөг. Бага ангид заадаг байсан их тэсрэлт болон эволюцийн онолд итгэсээр өөрийн амьдралын хором мөч бүрийг бусдийн адил идэж, ууж, наргиж, зугаа цэнгэл хөөсөөр байгаа. Түр зуурын баяр хөөр авсан амьдралаар үргэлжлүүлэн амьдарч, Бурхангүй амьдралаар амьдарсаар байгаа. Эцсийн тэр өдөр Бурханы өмнө “Намайг авраач” гэж хэлэн,  хашгиран зогсох тэр өнцөг.
Хоёрдугаарт: Бурхан байгаа гэдгийг харж, бүх зүйлийг оройтоогүй байгаа дээр нь Бурханыг таньж мэдэн, Бурхантай  амьдралаар  амьдрах.
Та мэргэжлээ сонгож, сургуульд орохдоо- “Би ийм мэргэжил эзэмшин, тийм хүн болж төгсөнө” гэж итгэлээрээ алхам хийж, сонгон ордог. Мэргэжлээ эзэмшихийн тулд хичээлээ хийж, уншиж түүнийг судалж мөн дотор нь орж түүнийг мэдэрснээр мэргэжлээ өөрийн болгож эзэмшдэг. Үүнтэй адил Бурханд итгэж түүнийг таньж мэдэхийн тулд дотор нь орж, түүний үгийг судалж, Бурханыг эрэн хайх үед та түүнийг таньж, олж харан даган амьдардаг. Энэ дэлхийг харах таны өнцөг өөрчлөгдөж таны хувьд бүх зүйлийн утга учир тайлагдаж Бурхан байна гэдгийг олж харна. Тиймээс хийсвэр мэт зүйлийг үнэн болохыг та мэдэрснээр зөв өнцгөөс амьдарлаа харж, Бурханыг өөрийн аврагчаар хүлээн аваасай гэж хүсэж байна.
Одоо 2-р эшлэлийг хараарай-“Газар нь хэлбэржээгүй хоосон төдийгүй, оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа”. Эндээс хэлбэр дүрсгүй гэсэн нь ямар ч хэлбэргүй, эмх замбаараагүй байдлыг хэлж байна. Эзгүй хоосон гэдэг нь амьд бие байхгүй байдлыг хэлж байна. Харанхуй гэдэг нь ямар ч гэрэлгүй, түнэр харанхуйг хэлж байна. Газрыг ус бүрхэж байсан. Ингэж бөмбөрцөг нь ямар ч гэрэлгүй, амьгүй, нам гүм байв. Яг тэр үед Бурханы өгсөн анхны зарлиг нь юу вэ ? 3-р эшлэлийг үзээрэй- “Гэрэл бий болог” гэж айлдахад гүн  харанхуйгаас гялалзах гэрэл бий болсон. Энэ гэрэл нь бүх амьд биеүдэд энергийг өгдөг энергийн үндсийг хэлж байна. Гэрлийн мөн чанар юу вэ? Харанхуйг хөөн зайлуулдаг, гэрэл нь дулаахан мөн гэрэл дотор алхахад бид юунаас ч айдаггүй.
Иохан 8:12-т Есүс ийнхүү хэлсэн. Ертөнцийн Гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй. Харин амын гэрэлтэй болно гэж хэлсэн.
Элч Паул 2Коринт 4:6-д “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм” гэж гэрчилсэн. Бурханд итгэхээс өмнөх харанхуйд төөрсөн бидний сүнс хаашаа явахаа сайн мэдэхгүй тэнүүчлэх үед Эзэний загалмайн алдрын тэр гэрэл биднийг чиглэн гэрэлтсэн. Ингэснээр бид Бурханы тэр гэрлийг олж авахын тулд гэмээс болж харанхуйлдаг. Гэмийн замыг хойш нь тавьж Бидний өмнө асаж байгаа амийн гэрэл өөд гэмээ гэмшин, алхаасай гэж хүсэж байна. Бурхан эхний өдөр гэрлийг бүтээснээр, бүтээлийн ажлын суурийг тавьсан. 2 дахь өдөр- Бурхан огторгуйг бүтээсэн. Огторгуйд бүх амьд бие, амьсгалж чадах агаар байдаг. Нарнаас цацардаг хортой туяанаас хамгаалж тохиромжтой температурыг хадгалснаар бүх амьд биетүүдийг хамгаалдаг. Мөн өдөр бүр,секунд тутам 30 миллийн хурдаар дэлхий уруу унадаг 20 сая солирыг устгадаг. Огторгуй байхгүй бол амьд бие оршин байх боломжгүй. 3 дахь өдөр-Газар ба далайг хувааж, газарт нялх ногоо үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулж газрыг чимэглэсэн.4 дэх өдөр-Хүчтэй нар, зөөлөн сар, шөнийн тэнгэрийг чимэглэх оддыг бүтээсэн. 5 дах өдөр-Шувуу болон загасыг төрөл төрлөөр нь бүтээснээр, тэнгис ба далайг  арвин болгосон. 6 дахь өдөр- Газар дэлхийн амьд биетнийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, зэрлэг амьтдыг төрөл төрлөөр  нь бүтээж, хамгийн сүүлд газар дэлхийг захируулахаар бүтээлийн дээж болох хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээжээ. Бурхан бүх юмсыг бүтээснээр, энэ дэлхий нь эмх цэгцгүйгээс эмх цэгцтэй байдал руу, хоосон байдлаас дүүрэн байдал уруу харанхуйгаас гэрлийн ертөнцтэй болгосон. Бурхан ямар ч төлөвлөгөөгүйгээр бус, төгс бүрэн төсөл төлөвлөн, энэ дэлхий болон та биднийг үзэсгэлэнтэй сайхнаар бүтээсэн. Бурхан бүтээлүүдээ бүтээхдээ яагаад төрөл төрлөөр нь бүтээж байгаа вэ? Учир нь нэг өнгийн нэг төрлийн мод, нэг өнгийн цэцэг, нэг төрлийн шувуу, нэг төрлийн шоргоолж, энэ нэг хэвийн зүйлийг бид харснаар уйдах байсан. Харин Бурхан биднийг уйдаахгүй аз жаргалтай байлгаж, баярлуулахын тулд энэ дэлхий дээрх бүх ургамал ногоо,амьд бидний төлөө төрөл төрлөөр нь бүтээж өгсөн. Жишээ авч үзвэл: Ганц эрвээхэйн төрөл гэхэд 20,000, шоргоолжны төрөл гэхэд л 5000 янз байдаг. Хүмүүст мэдэгдсэн ургамлын төрөл зүйлүүд нийтдээ 230,000 байдаг бол амьтдын төрөл гэхэд 1 сая янз байдаг. Үүнээс гадна бүх өвс ногоо, ургамал, амьтад нь хоорондоо нэг нь ч адилхан байдаггүй бөгөөд хэлбэр дүрс, хэмжээ, өнгө, зан ааш, амьдардаг арга гэх мэт бүх зүйлээрээ өөр өөр байдаг. Мөн дэлхий дээр амьдарч байгаа 7,3-н тэрбум хүн ч гэсэн бүгдээрээ өөр хоорондоо огт адилгүй ялгаатай байдаг. Тиймээс энэ бүх ан амьтан, ургамал ногоо, бидний амьдрах таатай орчныг бүтээж өгсөн Бүтээгч Бурханыг магтацгаая.
Одоо бүгдээрээ дэлхийн үүсэл гарал, түүний бүтцийн талаар бодож үзье. Манай дэлхийн радиус нь 6400 км. Тойрог нь 40000 км бөгөөд хэдэн зуун мянган сая тонн жинтэй. Ийм хүнд жинтэй том бөмбөг 1600км/цаг хурдаар тэнхлэгээ тойрон эргэж байдаг. Ийм зүйл таны санаанд багтаж байна уу? Яг одоо ч гэсэн энэ дэлхий нисэх онгоцноос их хурдаар эргэж байна. Үүнтэй нэгэн адил энэ дэлхий нь жилд нэг удаа 30 км/сек хурдаар нарыг тойрон, эргэж байна. Тийм учраас бид нар Бурханы тогтоосон байгалийн энэ гайхамшигтай эмх цэгц, зохицлын ачаар өдөр бүр үнэгүйгээр сансараар аялж байна. Одоо байгаа энэ цаг үеийн тэнгэр нь 1 цагийн өмнөх тэнгэрээс өөр сансарт байна. Энэ үнэнийг та нар мэдэрч байна уу.? Энэ үнэнийг гүнзгий бодож үзвэл тун гайхалтай юм. Үүнчлэн Бурханы бүтээсэн орчлон ертөнцийг нэг нэгээр нь ажиглан үзвэл, тэр гайхамшиг нь хязгааргүй, төгсгөлгүй юм. Ингэж Бурхан орчлон ертөнц ба хамаг юмсыг маш нарын дэс дараалалтай, төлөвлөгөөтэй үнэхээр төгс бүтээсэн. Бурхан эмх цэгц ба зохицлын Бурхан мөн юм. Бурхан энэ ертөнцийг юугаар бүтээсэн бэ? Библи бидэнд Бурхан дэлхийн бүх зүйлсийг өөрийн үгээрээ бүтээсэн гэдгийг хэлж өгдөг. Еврей 11:3-д “Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог”. Энэ нь Бурхан ертөнцийг бүтээсэн гэдгийг бид итгэлээрээ ойлгодог гэдгийг хэлж байна. Мөн Дуулал номын 33:6-9-д “Эзны үгээр тэнгэрс, амных нь амьсгалаар тэдгээрийн түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ” гэсэн байдаг. Учир нь Түүнийг айлдваас “Тэр нь биелэнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой”  гэсэн байна. Бурханы үг нь юу ч байхгүйгээс бүхнийг бүтээх хүч чадалтай билээ. Дэлхийн ямар ч зүйл хүнийг өөрчилж чадахгүй харин Бурханы үг нь оргүй хоосноос бүгдийг бүтээж ямар ч найдваргүй зүйлийг бий болгож, өөрийн үгээрээ хүнийг амьдруулах чадалтай билээ. Ийм агуу Бурханы үгээр амьдарч, Бурханд талархал, магтаал алдрыг өгч амьдрахыг хүсэн гуйж байна.
Намайг Ганцолмон овогтой Батбаатар гэдэг. Би 1993 оны 7-р сарын 16 нд Булган аймгийн Булган суманд айлын бага хүү болон мэндэлсэн. Багаасаа цэцэрлэг болон сургуулиар хүмүүжиж өссөн. Өвөө,аав,ээжийн хамт амьдардаг байв. Эгч минь надаас 10 насаар эгч болохоор бусад хүүхдүүдийн адил ойр дотно өсөөгүй. Би багаасаа зожигдуу, даруу, элдэв зүйл сонирхдоггүй хүүхэд байлаа. Манай аав  архи их уудаг байсан болохоор аав, ээж 2 маань байнга шахуу муудалцаж хэрэлддэг байв. Би энэ байдлаас нь залхаж, гэрээсээ гарч, хүүхдүүдтэй нийлж, найзууд болдог байлаа. Найзууд маань зөв хүмүүжилтэй ч элдэв янз бүрийн юм хийх хүсэлтэй хүүхдүүд. Айлаас ногоо хулгайлж, уурын зуухнаас нүүрс хулгайлаад, зарж мөнгө олдог. Уг нь их бизнес сэтгэлгээтэй хүүхдүүд байсан. Гэвч олдог мөнгөө буруу зүйлд зарцуулж, тамхи, пиво авахад зарцуулдаг байсан. Би багаасаа архийг үзэн яддаг байсан. Учир нь миний аав архи их уудаг болохоор аавынхаа архи уухыг жигшиж, өөрөө өөртөө би хэзээ ч архи ууж, аав шигээ хүн болохгүй гэж амлалт өгсөн.  Тэрхүү  амласан амлалтаа биелүүлсээр яваа. Ахлах ангид байхад ээж аавын архи уухыг тэвчихгүй болсноор ээж бид 2 тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үед надад үнэхээр сайхан байдаг байлаа. Гэвч ээжид минь аавыг хайрлах хайр нь байсан. Удалгүй өвөө маань өнгөрч, аавын хамаатнууд ээжийг ирж, хамт амьдраач гэж гуйснаар миний сайхан байсан амьдрал буцаад л муухай болж эхэлсэн. Ээж минь зөвхөн миний төлөө ааваас салж, бүтэн өсгөх гэж миний төлөө бүгдийг хийдэг байсан. Эгч маань цагаан сар болон баяр наадмын үеэр гэртээ ирдэг. Эгчийгээ ирэх болгонд муудалцаж, маргалддаг байсан. Эгчээсээ хол хөндий өссөн болохоор таарч тохирохгүй, юм ярихаар ам мурийдаг, ядаж байхад эгч маань Есүс гэдэг Бурханыг шүтдэг итгэгч байлаа. Би эгчийгээ “улаан христчин” гээд Бурханыг үгүйсгэж, доромжилдог байсан. Нэг л мэдэхэд арван жилээ төгсөх болж, ЭЕШ-т өгч ээжийн хүсэлтээр ХААИС-н Технологийн инженерийн ангийг сонгон авсан. Оюутан болж хотод ирээд, оюутны ангийн хүүхдүүдтэй контейнераас юм буулгаж байгаад, ходоодоо цоолсон. Үүнээс болж ухаан алдаж унаад, сэрэхэд эмнэлгийн орон дээр гэдэс минь боолттой хажуу талаас нь цоолоод гуурс унжуулсан байлаа. Эгч хажууд сууж байсан тул би юу болсон талаар асуухад, огцом хүнд юм өргөснөөс болж, ходоодны шарх сэдэрч, ходоод нь цоорсон байна, хагалгаанд ороод одоо сэрж байна гэж хэлсэн. Удалгүй бие дээрдэж, эмч Булган руу гэртээ харьж, 2 жил гам бариарай гэж хэлсэн. Гэртээ очоод, хийх зүйлгүй сайхан л байлаа. Бие минь ч хурдан тэнхэрч,1 жилийн дараа хуучин сургуульдаа эргэн орсон боловч явахад хэцүү байсан болхоор ажил хийж, найзуудтайгаа хамт байр хөлсөлж, наргиж цэнгэж, зугаа цэнгэл хөөж амьдрах болсон. Хичээлд явахгүй байгааг гэрийнхэн мэдэж, загнаж гэртээ ир гэсэн ч боловч очилгүй, хотод ажил хийж амьдарсан. Гэвч мэргэжилгүй амьдрах утгагүй гэдгийг ойлгосноор, ХААИС-аас гарч, МҮИС-н ГХГУ-н ангид орсон.
Бурханд дуудагдсан амьдрал
2013 оны намар ангийн маань хүүхэд явж, ажил хийе гэхэд нь орифлеймд тархиа угаалгасан байна, яагаад хүүхдийн толгой эргүүлээд байгаан гэж очиж загнана гэсэн бодолтой, дагаж ирэв. Ингэж найздаа хууртаж, цуглаанд ирсэн. Гэтэл нэг ах -Та оюутан уу энд суучих, кофе уух уу? гээд сүрхий яриа ах библи тайлбарлаж өгөөд, ойр зуурын юм ярьсны дараа уулзъя гээд миний утасны дугаарыг авсан. Би ч сүмээс гараад, дахиж ирэхгүй гэсэн бодолтой байсан. Хэд хоногийн дараа утсаар яриад, сүмийн ах нь байнаа, конференцод оролцох уу гэхээр нь сонирхолтой санагдаад явмаар санагдсан. Очоод, магтаал дуу явахад, хүн уйлаад, хөгшин хүн бүжиглээд байхаар нь энэ ах ч бужигнуулж байна даа. Хөгшин хүнийг хөгшин гэж хэлж болдогггүй юм байна гэсэн бодол төрж байсан. Тэнд байхад нэг хэцүү юм нь тамхи татдаг болохоор тамхиа нууж татах хэцүү байсан. Тэгээд түүнээс хойш цуглаанд очихоо больж, хоньчин араас залгахад нь завгүй байна, дараа очноо гэж худлаа ярин, утсаа тасалдаг байв. Гэвч яагаад ч юм дотроос очих хэрэгтэй гэсэн бодол төрж, шууд очиход, эвгүй байсан учираас яахаа мэдэхгүй байтал. Хоньчин залгаж завтай юу?  Гэж асуухад завтай гэж очсоноор, хоньчинтойгоо библийн хичээл эхэлсэн. Тэгээд хоньчноосоо энэ цуглаанд байдаг хүмүүс бүгдээрээ архи ууж, тамхи татдагггүй юм уу? гэхэд тиймээ гэж хэлхэд нь ямар сонин юм бэ? Монголд бас ийм хүмүүс байдаг юм байхдаа л гэж бодсон. Цуглаанд ирэх тусам зарлигаар дамжуулан, миний асуухыг хүссэн асуултуудын хариултуудыг өгөхөд нь ямар гайхалтай юм гэж бодсон. Нэг өдөр хоньчин надаас тамхи татдаг уу? гэж асуухад нь тиймээ гэж хариулсан. Харин намайг гэмшээрэй гэж хэлсэн. Харин хичээл хийх болгонд асуугаад байхаар надад хэцүү санагдаж, гэмшил гэж юу болохыг мэдсэнээр, тамхи татахаа больсон. Намайг  анх цуглаанд явж байхад Матай номыг үзэж байсан энэ нь надад бүх зүйлийг ойлгуулж, хэрхэн зөв амьдрах болон Бурханы хэн болохыг надад ойлгуулж таниулж өгсөн. Матай 6:25,33-д “Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу? Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно”. Энэ ишлэлээс Бурхан миний бүх асуудлыг шийдэж өгсөн. Би санаа зовох зүйлгүйгээр, Бурханы алдрын төлөө зөвтөөр амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хаббакук 1:4-д “Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөвт бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна” . Үүнтэй адил Би Бурханы өмнө бардам зөв замаар, амьдардаггүй, үргэлж буруу замаар явж байсандаа гэмшиж байна. Тиймээс Миний итгэл Бурханд түшиглэдэг болсон учраас Бурханаар удирдуулсан амьдралаар амьдарч. Бурханы замаар зөв итгэлийг суран амьдрах болно. Бурханыг суран амьдрах явцад Бурхан надад нэг зүйлийг сануулсан. Эгч маань намайг бага ангид байхад, сургуулийн амралтаараа ирээд, надад сайн мэдээ буюу Есүсийн талаар ярьж байсан. Тэр намайг нүдээ аниад, Есүс Эзэн минь ээ намайг өөрийн хаанчлалдаа оруулаач гэж хэлээд, нүдээ нээхэд чинь нүдэнд чинь гэрэл цацарч байвал чи Бурханы хаанчлалд орно гэсэн үг шүү гэж хэлээд, нүдээ аниад хэлэх үед, миний нүднээс тэр гэрэл цацарч байсан. Анхны дэлхий ямарч гэрэлгүй харанхуй байсан шиг, миний амьдрал Бурханд итгэхээс өмнө энэ дэлхий шиг түнэр харанхуй байсан юм. Харин Бурхан надад гэрэл бий бол гэснээр, миний дотор Бурханы гэрэл туссанаар миний амьдрал, Бурханы гэрлээр дүүрсэн амьдралтай болсон. Бурхан надад санамсаргүй зүйл байхгүй гэдгийг ойлгуулж өгсөн. Эгч маань надад сайн мэдээг ярьж, Би  Бурханд дуудагдсан үе багаас минь байсан гэдгийг мэдэж авсан. Мөн 2 жил гам барьж, энэ сургуульд ороогүй бол, би тэр өдөр ангийнхаа хүүхдийг дагаж цуглаанд яваагүй бол бас хоньчин маань надруу залгаагүй бол, би ингээд та нарын өмнө зогсохгүй байх байсан. Гэвч Бурханд санамсаргүй зүйл байхгүй учир энэ бүх зүйл Бурханы төлөвлөгөөны дагуу явагдаж байгаа билээ. Бурхан сонгосон хүнээ хэзээч, орхидоггүй өөрийн хувиршгүй хайраар хайрлаж, намайг сонгон удирдсаар байгаад талархаж байна.
Дүгнэлт: Өнөөдрийн зарлигаар дамжуулан, дэлхий  ертөнцийн бүтээгч Бурханд итгэн найдаж, Түүний гэрлийг өөрийн амьдралдаа оруулан, амь өөд хөтлөх гэрэлтэй замаар алхаасай гэж хүсэж байна. Мөн Бурханы үг ямар эрх мэдэлтэй ба хязгааргүй хүчтэй гэдгийг суралцлаа. Бидний зуучлан залбирлыг Бурханд сонссон учир та энд Бурханы төлөвлөсны дагуу ирсэн билээ. Энэ үнэнийг мэдэрч итгэлээр улам өснө гэдэгт найдаж байна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2017.04.17/
Дараагийн нийтлэлХаврын библийн конференцийн(04.15) 2-р номлол Г.Энхбаатар