Хаврын библийн конференцийн 3-р номлол (04.15) М.Түвшинбаяр

ААВЫН АГУУ ХАЙР

Лук 15:11-32
Гол эшлэл 15:20

“Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин Эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.”

Таны үгийг тунхаглах, ивээлийг өгсөнд талархаж байна. Өнөөдрийн номлолоор бид нар эцгийн хайраас салж, өөрийн дураараа амьдарсан бага хөвгүүний талаар суралцах болно. Есүс энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан, Бурханы агуу хайрыг бидэнд зааж бас хэлж өгч байна. Энэ цагт та бүхнийг Бурханы агуу хайраас суралцаж, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг оруулж, амьдралдаа зөв эргэлт хийж чадахыг хүсэн гуйж байна.
I.Төөрсөн хүү
11-12-р эшлэлүүдийг үзэцгээе-“Тэр 2 хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Ааваа эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь 2 хүүдээ хөрөнгөө хувааж өгөв”
2 хүүтэй нэг хүн байсан. Бага хүү нь эцгээсээ эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг өгөхийг хүссэн. Эцэг нь ч ногдох хувийг хүүдээ өгөв. Манай Монгол ёсонд бол эцгээ  нас барсны дараа эсвэл гэр бүл зохиогоод, тусдаа гарах үедээ эцгээсээ ногдох хувиа авдаг. Харин энэ бага хүүгийн хувьд эцэг нь нас бараагүй байсан,гэр бүл зохиох нас нь ч болоогүй байсан. Тэгвэл бага хүү яагаад эцгээсээ ногдох эд хөрөнгөө авахыг хүссэн бэ? Магадгүй үүнд 2 шалтгаан байсан байх:
1.    Бага хүү эцгийнхээ дор түүний мэдэлд захирагдаж,түүний хайранд амьдрахыг хүсээгүй.
2.    Тэр өөр газар,орон уруу явж хүмүүстэй танилцаж, дураараа амьдрахыг хүссэн.
Эцэг нь  энэ бүгдийг мэдсээр байж өмч хөрөнгөнөөсөө ногдох хувийг хүүдээ тасалж өгсөн. Тэгвэл Эцгийн сэтгэл ямар байсан бол ? Амттай хоол, дулаан хувцас, сайхан орон байр гээд бүгдээр дутаалгүй өсгөж, бусдаас илүү хайрладаг байсан бага хүү нь түүнийг үл тоомсорлон, бараг үхсэнд тооцож, өмч хөрөнгөнөөсөө ногдох хувийг нэхэж байгаа энэ үйлдэл эцэгт хүндээр тусч, түүний сэтгэл уруу ус цацах шиг болсон байх. Нөгөө талаас эцэг нь хүүгийнхээ сонголтыг хүндэтгэсэн.  Хол газар яван, юм үзэж, нүд тайлаг гэж бодсон. Бурхан бид нарт байнга сонголтыг өгч байдаг. Тиймээс бид нарыг өөр дээрээ хүчээр ирүүлдэггүй, харин биднийг өөрийн гэмийг ойлгож, хэзээ нэгэн цагт өөр дээрээ ирээсэй гэсэн хүсэл найдвар өвөртлөн сууж байдаг. 13-р эшлэлийг үзвэл “хэдэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв” гэж байна. Бага хүү эцгээс авсан хөрөнгөө үрэн таран хийж, мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлд зарцуулан хэнд ч захирагдахгүй өөрийн дураараа бүгдийг хийж байсан. Тэр өөрийгөө баян болсон хэзээ ч дуусашгүй эд хөрөнгөтэй болсон юм шиг санаж, бүхий л зүйл дээр онгироо бардам зан гаргаж байсан нь тодорхой. Гэвч 14-р эшлэлийг үзвэл “түүнийг бүх юмаа зарж дуусахад тэрхүү нутагт сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв” гэж байна. Түүний эцгээс авсан хөрөнгө дууссан ба эцэстээ тэр юм юмаар гачигдаж дутагдаж эхэлсэн. Тэр өөрийн эд хөрөнгөнд хайнга зан гаргаж, дур зоргоороо үрэн таран хийснээс болж, сүүлдээ ийм байдалд хүрсэн. Үүнээс бид нар Бурхангүй хүний амьдралыг харж болно. Хүмүүс зөвхөн өөрсдийн сайн сайхан аз жаргалын төлөө өөрийн хүчээр амьдрахыг хүсдэг. Хүмүүсийн зарим нь өөрийн хүчээр амьдарч, чаддаг ч ихэнх хувь нь өөрт байгаа бүхий л хүчээ баран дуусгадаг ба эцэстээ сэтгэл санаа болон сүнсээр ядран, эргээд сэтгэлийн амар тайван байдлаар дутаж, гачигдаж эхэлдэг. Харин энэ сэтгэл болон сүнсний цангааг ганцхан Бурхан л тайлж өгч чадах юм. Мөн Бурханаас бидэнд амьдралаа өөрчлөх хүч болон мэргэн ухаан ирдэг юм. Тиймээс Бурханд түшиглэж амьдрахыг хүсэж байна.
Тэгээд бага хүү уг нутгийн нэгэн хүнийг бараадан, гахай маллах болсон. Тухайн үед иудейчүүдийн хувьд гахайн мах иддэггүй байсан ба гахайг үзэн яддаг байв. Үүнээс харахад бага хүү гахай маллаж, хүмүүст дорд үзэгдэж, хэн ч биш болсон гэсэн үг юм. 16-р зүйлийг үзвэл “гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч, хэн ч түүнд юу ч өгсөнгүй” гэж байна. Бага хүү гахайн буурцгаас идэхийг хүсэх хүртлээ маш ихээр өлссөн. Бага хүү гэрээсээ бүх юмаа хамаад гарахдаа “гахай хариулна гэж бодож байсан болов уу? “тэр ингэтлээ өлсөж бас гачигдах байх гэж бодож үзсэн болов уу? Тэр зөвхөн өөрийн дур зоргоор амьдрахыг хүсэж, өөрөө энэ замыг сонгосон. Бурханыг мэдэхгүй хүмүүсийн амьдрал яг л ийм байдаг. Матай 7:13-14т “Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу зам нь өргөн юм. Олонх нь түүгээр ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог” гэж Библид бичсэн байдаг. Бурханыг мэдэхгүй хүмүүс уужуу хаалгаар орж, өргөн замыг сонгодог ба ингэснээрээ тэд алдаж сатаны хаанчлалд орон, энэ дэлхийн сайн сайхан бүх зүйлд автан, өөрсдийн дураараа амьдардаг. Хүн өөрийн оюун бодол ухаанаараа үнэн худал ба зөв бурууг ялгаж чаддаггүй. Учир нь хүн бол үнэхээр сул дорой нэгэн юм. Энэ өргөн зам нь эцэстээ хүмүүсийг там уруу хөтөлдөг гэдгийг тэд мэддэггүй. Хүн ямар ч эрх мэдэлтэй, нэр хүндтэй, хөрөнгө мөнгөтэй байсан ч Бурханыг таньж мэдэхгүй л бол эцэстээ тамын хаалгыг тогших болно. Хүний нүдээр харахад боломжгүй мэт харагдаж буй зүйлс Бурханы хувьд боломжтой байдаг. Түүнд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байдаггүй юм. Харин Бурханы зам бол хавчиг хийгээд нарийн байдаг. Энэ замыг дагадаг хүн болгон гэрэлтэй замаар явдаг бөгөөд замын төгсгөлд амьтай болдог. Энд цугларсан та бүхэн минь чухам ямар замаар явж байна вэ? Өөрийн хүсэлдээ хөтлөгдөн, дэлхийн зүйлийг харан, өргөн замаар явж байна уу? Хэрэв та өргөн замаар алхаж байгаа бол замаасаа хазайн, нарийн замыг сонгон гэрэлтэй замаар алхаасай гэж хүсэж байна. Харин хавчиг замаар алхаж байгаа бол Бурханы хайранд талархаж амьдраарай.
2 . Аавын сэтгэл
17-р эшлэлийг үзээрэй: “Тийнхүү тэр ухааран, эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг, дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь” гэж байна. Бага хүү гахай маллаж, түүний идэж буй буурцагнаас ходоодоо дүүргэхийг хүсэх хүртэлээ ухаараагүй явж байсан. Харин одоо тэр ухаарч, эцгийн хайр халамж болон эцэг нь зарц нартаа хэр зэрэг ханддаг хайр халамжийг хүртэл тэр санасан. Энэ цагт та бүхнийг өөрсдийн анхны хайраа санахыг хүсэж байна. Учир нь Бурхан бид  нарыг сонгон дуудаж, өөрийн агуу хайраараа хайрлан хамгаалж, хоньдыг хоньчлох ажилд нандинаар хэрэглэхээр дуудсан. Бурхан хүн болгоныг өөрийн төлөвлөгөөний дагуу дуудаж, өөрийн төлөвлөгөөний дагуу удирддаг. Харин бид өөрсдөө Бурханы хаанчлалд бус Сатаны хаанчлалд орон, эрх дураараа амьдрахыг хүсдэг. Бид ингэж эрх дураараа, Бурханы хайраас салангид амьдарсаар байвал бага хүү шиг шалдаа унаж, гахай хариулах ажил ноогдох болно. Харин өөрийн гэмээ ухаарч, Бурханы өмнө гэмшин, Түүн уруу очих шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийн гэмээс салж, Бурханы хайрыг мэдрэх болно.Одоо 20-р эшлэлийг хамтдаа уншицгаая- “Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж, ихэд өрөвдөн, гүйж ирээд, тэвэрч үнсэв” Үүнээс бид эцгийн хүүгээ гэсэн сэтгэлийн харж болох юм. Энд “эцэг нь түүнийг холоос харж” гэж бичсэн байна. Энэ нь эцэг бага хүүгээ өдөр болгон хүлээж, алсыг ширтдэг байсан гэсэн утгыг илэрхийлж байна. Энэхүү эцгийн зүрх сэтгэл бол өнөөдөр бидэн рүү хандсан Бурханы зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Гэмээс болж төөрч, будилсан олон мянган залуусыг Бурхан өдөр бүр өөр рүү нь эргэн ирээсэй гэж хүсэн харуулдан суудаг. Би сайн мэдээ тарааж байгаад, МУБИС-н нэг хоньтой уулзаж, түүнээс хэрвээ та одоо нас барлаа гэж бодьё, тэгвэл та там диваажингийн аль уруу явах вэ? гэж асуусан. Гэтэл тэр хонь мэдээж там уруу явах байх гэж хариулсан. Би яагаад бэ гэж асуутал гэм нүгэл ихээр үйлдсэн юм чинь гэж хариулсан. Бурхан өөр уруу гэмшсэн зүрх сэтгэлтэйгээр ирсэн бүх хүнийг хайрладаг. Тэр биднийг буруушаан, зэмлэдэггүй. Харин биднийг огт нүгэлгүй байсан мэт хүлээн авдаг. Тиймээс энд шинээр ирсэн хоньдууд байвал та бүхэн Бурхан уруу харж, Түүнтэй хувиар уулзан, Бурханаас ирсэн дүүрэн хайр ивээлийг амсаж, Түүний агуу хайранд бялхаж, амьдраасай гэж хүсэж байна. Учир нь та бүхнийг Бурхан харуулдсаар байсан, одоо ч гэсэн харуулдсаар байгаа, тиймээс Түүн дээр хурдан очиж, уулзахыг хүсэж байна.
Эцэг буцан ирсэн хүүдээ хэрхэн хандсан бэ?
21-23-р эшлэлийг үзвэл: “Түүнийг хувцаслан, гарт нь бөгж зүүлгэн, хөлд нь гутал өмсгөн, тарган тугал нядлуулж, найрлан цэнгэв” гэж гарч байна. Эцэг нь хүүгээ буцан ирэхэд нь угсаа залгамжлах хүүгийн байр суурь дээр хүлээн авсан. Өөрөөр хэлбэл эцэг нь түүнийг уучилж, дахин хүүгээ хэмээн хүлээн зөвшөөрсөн. Түүний хүү гэж дуудагдах зохисгүй байтал аав нь түүнд хийсэн зүйлийнх нь дагуу бус харин хайр ба нигүүлслээр хандсан юм. Хүн бүрийн аавууд үр хүүхдийнхээ төлөө байдаг боловч ямар нэг буруу зүйл хийхэд, зарим нь сэтгэлээр унаж, зарим нь хүүхдүүддээ гомдоллож, тэд нараас ичиж эхэлдэг. Нэг үгээр хэлэхэд, хайр нь урваж бас дуусаж эхэлдэг гэсэн үг юм. Учир нь бидний махан биеийн аавууд сул дорой тиймээс тэд нарын хайр хувирдаг бас дуусдаг. Харин бидний Бурхан Аавын хайр хэзээ ч дуусдаггүй бөгөөд хувирдаггүй юм. Бид Бурханы өмнө буруу зүйл хийгээд Түүнийг хаяад явдаг ч Бурхан бид нарыг үргэлж харуулдан хүлээж байдаг. Учир нь Бурхан хүн төрөлхтөнд үнэхээр хайртай. Тиймээс ч Бурхан Өөрийн цор ганц Хүүгээ биднээс харамлаагүй. Бидний үүрэх ёстой байсан зовлон ба гэмийг Өөрийн Хүүдээ үүрүүлсэн юм. Бурханы Хүүгийн зовлон ба үхлээр бид аврагдсан. Бурхан Өөрийн цор ганц Хүүгээс ч илүү бидэнд хайртай.
24-р эшлэлд “Учир нь хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо гэв” гэж байна. Эцэг нь хүүгээ ирсэнд маш ихээр баярласан. Тиймээс тэр тарган тугал нядлуулж, найр хийсэн. Нэг сүнс аврагдаж, гэмшин, Бурхан уруу ирэхэд, маш ихээр баярлаж, тэнгэрийн улсад найр болж байдаг. Учир нь үхэж, галтай там уруу шидэгдэх байсан тэд гэмшиж, эргэснээр мөнх амийг олсон юм. Тиймээс энд ирсэн байгаа шинэ хоньдууд та бүхэн төөрсөн байсан олдсон. Тиймээс тэнгэрийн улсад таны төлөө найр болж байгаа. Учир нь та нар Бурханы үнэтэй нандин бэлэг юм. 25-30-р эшлэлүүдийг үзээрэй-“ууган хүү дүүгээ буцаж ирсэнд зориулан баярлан, цэнгэж байгааг сонсоод уурлаж, гэртээ орохыг ч хүсээгүй. Яагаад ууган хүү ийм зан гаргасан бэ?
1-рт. Ууган хүү дүүгээ ирсэнд атаархсан: Яагаад гэвэл дүү нь өмч хөрөнгөө тасалж авч, явчихаад, үрэн таран хийж,дуусгаад буцаад ирсэн нь ууган хүүгийн хөрөнгөнөөс бас хуваалцана ггэсэн ү юм. Атаархлын тухай 1Кор 3:3-т “Махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү?” гэж бичсэн байдаг. Атаархагч нь ах дүүгээ хайрладаггүй. Тиймээс бид ах дүүдээ атаархсанаараа тэдний эсрэг нүгэл үйлдэж байдаг. Өнөөгийн нийгэм бол атаархлаар дүүрэн. Нэг нэгэндээ атаархаж, нэг нь нөгөөгийнхөө дээр гарч, амьдрахыг хүсдэг болсон. Атаархал Бурханаас бус, Сатанаас ирдэг зүйл юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Атаархана гэдэг итгэгч хүмүүсийн хувьд зохисгүй зүйл юм. Эцэг нь ууган хүүд “минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан биднээс юуг ч харамладаггүй гэсэн үг юм. Бид бие биедээ атаархах ямар ч шалтгаан байхгүй. Учир нь Бурханы хайр нигүүлсэл ба өмч хөрөнгө хүн бүрт хангалттай. Тэр биднийг юугаар ч дутаахгүй амьдруулж чадах бүрэн хүч чадал, эрх мэдлээр дүүрэн Нэгэн юм. Тиймээс Бурханы өмнөх хамтран зүтгэгч ах дүү нар минь нэгэндээ атаархаж бус харин нэгнийгээ хайрлаж, ерөөж амьдаръя.
2-рт Ууган хүүд эцэг шиг хайр халамж, өрөвдөх сэтгэл байгаагүй.
Бурханы хонин сүргийн хоньчид болсон бид нар хоньдоо хайрлаж, тэднийг өрөвдөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бид өөрсдийн сайндаа чуулганд ирээд, Христэд итгэсэн биш эсвэл мэдлэг чадвартайдаа Бурханд үйлчилж байгаа ч биш харин Бурхан бусад хоньчдоор дамжуулан, биднийг эрэн хайсаар олсон юм. Тиймээс бид гэмдээ хөтлөгдөн, Бурханаас алдагдсан нэг сүнсийг өрөвдөн хайрлаж, тэднийг эрэн хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Тэгвэл бид энэ цаг үеийн алдагдсан олон сүнснүүдийг аварч, сайн хоньчиноор амьдарч чадна. Манай чуулганы бүхий л хоньчид маань Бурханы энэ хайр халамж, өрөвдөх зүрх сэтгэлээс суралцаж, Түүний хайраар бялхан дүүрч алдагдсан хоньдыг эрэн хайдаг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Намайг Мижид-Очир овогтой Түвшинбаяр гэдэг. 1995.07.12-нд ГАА-н Тайшир суманд айлын ууган хүү болон мэндэлсэн. Багадаа ааваасаа илүү өвөө дээрээ өссөн. Эмээ өвөө 2-нхоо хайранд умбаж, тэр хоёроор хүмүүжүүлэгдэж хүн болсон. Өвөө минь аймгийн алдарт уяач хүн байсан учраас адуутай холбоотой бүхий л зүйлийг зааж, сургасан. Бага ангидаа их онц сурдаг хүүхэд байв. Тиймээс их бардам, онгироо зантай нэгэн байв. 7-р ангиасаа анх адуучин тэмцээнд орж, жил болгон хичээлүүдийн олимдиадуудад дээгүүр байр эзэлж, өөрийгөө их л томд тооцож, өөрөөрөө их бахархдаг байсан. Оюутан болоод хотод анх ирээд, Бурхантай уулзсан. Түүнийг таньж мэдэх тусам өөрийгөө ямар их гэм нүглээр дүүрэн байсан юм бэ гэдгээ ойлгож, Түүний өмнө гэмшин, Бурханыг хүлээн авсан. Бурхан олон хүмүүсийн дундаас намайг сонгон дуудсан. Тиймээс би сонгогдсон бас дуудагдсан нэгэн юм. Бурхан Өөрийн дагалдагчаа эртнээс сонгож, дасгалжуулж байдаг. Мосег 40 жил Фараоны ордонд, 40 жил Медианы цөлд дасгалжуулан Израиль ард түмнийг авруулахаар дуудсантай адил намайг мөн Бурхан сонгож, дасгалжуулан дуудсан юм. Арван жилд байхад өөрийн онгироо, бардам зангаас болж хүссэн сургуулиа авч чадаагүй. Харин энэ бүгд Бурханы төлөвлөгөө байсныг харсан. Миний сурч байгаа сургууль, суралцаж байгаа мэргэжил бүгд Бурханы төлөвлөгөө байсан. Өнөөдөр би гэдэг хүн өдийг хүртэл эцэг эхийн надад зориулсан зориулалт хайр халамжийг мэдэлгүй явсаар ирж. намайг боловсролтой сайн хүн болгож, сайхан амьдруулахын тулд халуунд халж, хүйтэнд хөрөн, өдөр шөнөгүй зүтгэсээр ирсэн зүтгэлийг нь мэдэлгүй явж байсандаа гэмшиж байна. Энд сууж байгаа та бүхэн хэзээ хамгийн сүүлд эцэг эхийн хайр халамжинд талархсан бэ? Эцэг эхийнхээ таны төлөө гэсэн зориулалт золиосонд баярлалаа гэж хэлсэн үү? Та бүхэн дотроо нэг бодож үзээрэй.
Би төөрч будилан,харанхуйд тэмтчин, гэрэлгүй замаар,сатаны хаанчлалд орон,эрх дураараа амьдарч,юу хүссэн ээ хийж яг л бага хүү шиг онгирч, бардамнан, гэм нүглийг үйлдэн явж байсан. Харин Бурхан намайг аль хэдийн өөрийн дагалдагчаар сонгосон байсан. Тиймээс Тэр намайг дуудсан юм. Бага байхдаа өвөө,эмээгийнхээ хайранд умбаж өссөн. Тухайн үедээ үнэхээр аз жаргалтай, баяр хөөртэй байдаг байсан ч цаанаа л нэг гунигтай,сэтгэл болон сүнсний  амар тайвныг мэдэрдэггүй байсан. Харин Бурхан аавын хайрыг мэдэрснээр, жинхэнэ аз жаргал, баяр хөөрийг амсаж, сэтгэл болон сүнсний амар тайвныг мэдрэх болсон. Бурхан Паулын гарыг ашиглан, агуу гайхамшигуудыг үйлдэж байсан. Тиймээс Бурханд итгэсэн хэн боловч өөрчлөгдөж, агуу зүйлүүдийг хийж чадах юм. Учир нь Бурхан бид нарын төлөө юуг ч хийж чадах юм. Бурхан намайг төөрсөн байхад олсон. Тиймээс намайг Өөрийнхөө агуу төлөвлөгөөний дагуу удирдаж, хамгийн нандинаар ашиглана гэдэгт би итгэлтэй байдаг. Оюутан хоньдыг хоньчлох нэгнээр сонгогдсон надад төөрч будилан явж буй олон мянган залуусыг харж, тэднийг өрөвдөн Бурхан уруу эргүүлж, хоньдыг хоньчлох мэргэн ухаан, хүч чадал ба итгэлийг суулгаж өгөөч гэж хүсэн гуйж байна. Намайг Өөрийхөө агуу хайраар хайрлаж, өдийг хүртэл хамгаалан удирдаж ирсэн Бурхандаа талархаж байна. Цаашдаа Таныг харж, Таниас зуурч, олон хоньдыг Таньруу эргүүлж чадах хүчийг хүүдээ зөвшөөрч өгөөч гэж хүсэн гуйж байна.

Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор бид Бурханы зүрх сэтгэл болон агуу хайрын талаар суралцлаа. Бурхан нэг хүнийг хүртэл маш үнэ цэнэтэйд тооцдог. Бурхан Өөр дээр нь ирсэн хүн нэг бүрийн төлөө ихэд баярладаг. Тиймээс Бурханы энэ агуу хайрыг харж, Түүнрүү эргэн амьдралаа даатган амьдрахыг хүсэн гуйж байна. Бурханы агуу хайранд талархаж, бусдыг хайрлаж амьдраасай гэж хүсэн гуйж байна. Амен

өмнөх нийтлэлХаврын библийн конференцийн(04.15) 2-р номлол Г.Энхбаатар
Дараагийн нийтлэлХаврын библийн Конференцийн 4-р номлол (04.16) Б. Баярмагнай