ХАВЧИГ ХААЛГААР ОР
Матай 7:13-29
Гол эшлэл 7:13, 14
“13 Хавчиг хаалгаар ор. Сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. 14 Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.”
Өнөөдрийн бидний сурах номлол бол Есүсийн уулан дээрх сургаалын сүүлийн буюу дүгнэлт хэсэг юм. Зарим нь уулан дээрх сургаалын оргил хэсэг ч гэж ярьдаг. Үнэхээр эрдэнэс мэт нандин үнэ цэнтэй эдгээр сургаалуудаас маш их ивээл авч олон зүйлийг сурсан ч сонсоод л өнгөрвөл утгагүй хоосон болно. Сонссон, суралцсан зүйлсээ үйлдэл болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. “Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм” /Иаков2:17/. Есүс өнөөдрийн номлолоор дамжуулан Өөрт нь итгэдэг, дагадаг, шавь нартаа үгийг хэрэгжүүлэгчид нь жинхэнэ ухаалаг бөгөөд тийм хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг заан өгч байна. Бурханы хүсэл тааллыг ойлгон хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
1. Хавчиг хаалгаар ор
“Хавчиг хаалгаар ор. Сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог”(13, 14). Эндээс бид хаалга, болон зам гэсэн 2 зүйлийн талаар Есүс юу айлдаж буйг суралцах болно. Хаалга гэж юу бэ? Хоёр л хаалга, мөн түүнчлэн хоёр л зам байна. Хавчиг хаалга, нарийн зам, өргөн хаалга, уужуу өргөн зам.
Хавчиг хаалга, нарийн зам бол Есүс юм. Иохан 10:9-д “Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно” гэжээ. Мөн Иохан 14:6-д “Зам үнэн амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэв. Итгэлийн амьдрал бол Есүсийг дагадаг амьдрал гэж хэлж болно. Гэвч Есүсийг дагадаг амьдрал нь тийм ч амархан биш. Есүсийг дагадаггүй амьдрал нь бүүр ч хэцүү амьдрал юм. Есүс Өөрийг нь дагадаг хүмүүст ийнхүү хэлсэн. “Хэн Миний араас дагахыг хүснэ, тэр хүн өөрийгөө үгүйсгэн, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага” (Лук 9:23). Өдөр бүр өөрийгөө үгүйсгэнэ, тэгээд загалмайгаа үүрээд Түүнийг дагах нь нарийн бас бартаатай зам юм. Энэ нарийн зам нь Үнэний зам, зовлонгийн зам гэж хэлж болно. Үнэний замаар явснаараа бид заримдаа хохирол амсдаг. Мөн ганцаардах болно, хавчигдаж зовлон амсдаг. Мөн өөрийн хүсэл тааллыг үгүйсгэн амьдардаг. Тиймээс ихэнх хүмүүс энэ замаар явахыг нэг их хүсдэггүй. Гэвч энэ зам нь биднийг амь руу хөтөлдөг. Нарийн хавчиг зам нь хэцүү боловч амийн хүч өгдөг, жинхэнэ үнэ цэн, жинхэнэ баяр хөөр, жинхэнэ амар тайвныг эдэлж амьдардаг зам юм. Мөнхийн хаанчлалын хүсэл найдвартай бөгөөд энэ дэлхийн баяр хөөртэй харьцуулшгүй сүнслэг баяр хөөрийг амсдаг, эдэлдэг амьдрал юм.
Харин ихэнх хүмүүс яагаад өргөн хаалгаар орж, уужуу замаар явдаг вэ? Яагаад гэвэл явахад амар, хялбар учраас, юу хүссэнээ үйлдэх боломжтой, мөн олон хүн энэ замаар явах учир ганцаарддаггүй. Өөрийгөө үгүйсгээд загалмайг үүрэх хэрэггүй учир эрх чөлөөтэй, таатай санагдана. Хүн бүрд гэмт чанар байдаг, хувиа хичээх, амьдралын тав тухыг эрхэмлэх, назгайрах, залхуурах гэх мэт амар хялбар амьдралд дуртай учраас өргөн замыг сонгодог.
Нарийн замаар явж буй итгэгчдийг харсан өргөн замаар явагчид нь юу гэж бодох вэ? ойлгомжтой тэ!
Зарим итгэгчид ч гэсэн Итгэлийн амьдрал нь Христ бүхнээс чөлөөлсөн учир чөлөөтэй, заавал загалмайг үүрэх шаардлагагүй хэмээн санаж, хувийн хүсэлдээ нийцүүлэн чөлөөтэй амьдардаг. Ийм замаар явдаг хүмүүсийг харвал маш ухаалгаар итгэлийн амьдралаар амьдарч байгаа мэт харагдана. Харин Есүсийг дагадаг, өдөр бүр загалмайгаа үүрээд төлөв даруугаар дагалдагчийн амьдралаар амьдрагч тэр нэгэн нь цаг үеэсээ хоцрогдсон, хуучинсаг, болхи мунхаг, хуульчлагдсан мэт санагдах болно. Ялангуяа хүн бүр амин хувиа боддог энэ цагт өөрийгөө үгүйсгэж бусдын төлөө, Эзэний хоньдын төлөө золиос, зориулалт гаргадаг амьдрал нь хохиролтой, мунхаг санагддаг.
Харин өргөн хаалга уужуу зам нь амар хялбар, таатай, ухаалаг мэт боловч эцэст нь сүйрэлд хүргэх болно. Тэгвэл нүдэнд харагдах бодит эрх ашиг, амар хялбар замыг сонгох нь /бүгд л сонгож байна шд/ яагаад буруу гэж? гэж бодож болох юм. Гэвч энэ бол эцсийн эцэстээ амь ба сүйрлийг шийдэх чухал зам учир маш анхааралтай хандах хэрэгтэй.
Эцэг хүн хүүхдээ муу хүн болгох уу? ямар ч хүн болсон яах вэ дээ гэж хэзээ ч боддоггүйтэй адил, Есүс бүх итгэгчдийг өргөн замаар алхдаг, сүйрэлд хөтөлдөг замаар алхуулахыг хүсдэггүй юм. Тэр та бүгдийг нарийн замаар алхдаг хүмүүс байгаасай хэмээн хүсдэг.
Бид тасралтгүй олон сонголтон дунд амьдарч байдаг. Уул өөд өгсөхөд хэцүү, харин уруудахад маш хялбар байдаг шиг, итгэлийн амьдралд өсөж төлөвшихөд үргэлж хэцүү байдаг, харин уруудах маш амархан. Бидний эргэн тойронд өргөн замаар дагуулах сорилт, уруу татлага, сонголтууд шороо мэт олон байдаг. Гэвч бид ням гарагт амарч, тав тухыг эдлэх эсвэл агаар салхинд гарах, зугаацан наргиж цэнгэхийн оронд библийн хичээл хийж, хүндэтгэлийн цуглаан өргөх цагийг сонгодог. Дэлхийн хүмүүсийн адил амин хувиа хичээн, баян тансаг амьдрах хүслүүдийг ч орхиж, Есүсийн дагалдагчийн даруу дуулгавартай амьдралыг сонгодог. Итгэлийн амьдралын чухал зүйл болох гэрлэлтийг ч өөрийн дураар сонголгүй Бурханд хандсан итгэл дотор Түүнд үйлчлэхийн төлөө House church-оор босдог. Ажилд орохдоо ч илүү өндөр цалинтай боломжтой ажлыг харалгүй, Бурханд болон хоньдод үйлчлэн, хүндэтгэлийн цуглаан өргөх боломжтой ажлуудыг сонгодог. Ийнхүү бид итгэлээр одоо хүртэл нарийн хавчиг замыг сонгож ирсэн. Мэдээж Есүс хүлээн авсан гэдэгт итгэлтэй байна, Тэр баярласан байх аа. Харин ингэж өмнө нь нарийн замыг сонгодог байсан гээд өнөөдөр бид санаа амарч болохгүй. Эцэс хүртлээ итгэлээ сахидаг, замаа дуусгадаг тууштай, тэвчээртэй амьд итгэлээр нарийн замаар алхсаар л байх хэрэгтэй. Хэцүү байсан ч, хохирол амссан ч, зовлонтой хавчлагатай, дорд үзэгдсэн ч, гүтгүүлсэн ч, Есүсийг дуурайдаг, дагадаг тэр нарийн бартаатай замыг сонгох хэрэгтэй. Нийгмийн массын эсрэг байсан ч нарийн замыг сонгох хэрэгтэй эцэст нь мөнхийн амь байх болно. Ром12:1, 2-т “Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуйя. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинэчилж, өөрчлөгдөгтүн! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно.”
Ханъян Сентагийн Кү Мосе хоньчин Солонгос улсын хурдны төмөр замын төсөл боловсруулах ажил хийдэг. Ажлаар өмнөд Солонгосын бүх нутгаар явах хэрэгтэй учраас маш завгүй байдаг байв. Мөн улам илүү шаргуу ажиллахыг дээрээс нь шаарддаг байжээ. Мөн Мосе хн гурван хүүхдийнхээ ирээдүйн асуудлаас болж сэтгэл маш зовуурьтай болж, мөн смоллд хамтран үйлчилж байсан нэг хоньчны гэр бүл ч ирэхээ больж, дээрээс нь өөр нэг хамтран зүтгэгч гэр бүлийн эмэгтэй хн бүдүүн гэдэсний хорт хавдартай болж мэс заслын эмчилгээнд орох болсон. Ийнхүү олон хүнд асуудлаас болж түүний сэтгэл маш хэцүү байдалд орсон байна. Харин энэ үед тэр санаа зовуурьт автагдалгүй Ром 1:17 “Зөвт хүн зөвхөн итгэлээр амьдарна” гэсэн үгийг зүрхэндээ хадгалж бүх асуудлаа Эзэнд даатган, зөвхөн итгэлээр амьдрахаар шийдвэр гаргасан. Ажилд явахаасаа өмнө өглөө болгон өглөөний гуйлтанд тасралтгүй ирж залбирсан, мөн хоёр оюутантай 1:1 библийн хичээлийг ч тууштай хийв. Тэгэхэд Эзэн түүний зүрх сэтгэлийг нь хүч тэнхээтэй болгож хэцүү байдлыг даван туулах сүнсний хүч чадлыг ч өгөв. Мөн Бурхан түүний 30 нас хүрч буй том охиныг итгэлийн гэр бүлээр босгож, хорт хавдартай хамтран зүтгэгч хоньчин нь ч эдгэрсэн байна. Бид ч ийнхүү ямар ч хэцүү асуудлуудын дунд үгийг дагадаг, нарийн замаар тууштай алхсаар байх хэрэгтэй. Үүний адил өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрээд дагадаг нэгнийг Эзэн Өөрөө ивээж удирдах болно. Амен
2. Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил /15-23/
Хуурамч эш үзүүлэгчид нь биднийг уужуу замаар хөтөлдөг хүмүүс юм. Тэд хонины арьс нөмрөн ирж чихэнд чимэгтэй үгээр шивнэдэг. Тэд үргэлж л ивээлтэй байна, ерөөлтэй байна гэх болно. Бурханы хүсэл тааллын дагуух хэрэгтэй үгийг бус харин сонсох дуртай үгийг хуваалцах болно. Энэ хүмүүс гаднаа Бурханы зарц, нөлөөтэй сүнсний удирдагч мэт боловч үнэндээ биднийг уруу татан сүйрлийн зам уруу хөтөлдөг хомхой чононууд юм. Тэд маш зальтай үгээр хүмүүсийн анхаарлыг татаж, хуурч мэхлэн эцэст нь хувийн ашгийг олдог. Ийм хуурамч итгэгч ба сүнсний удирдагчаас болгоомжтой байж тийм хүмүүсээс холдох хэрэгтэй.
Иеремиа зөнчийн үед ч ийм хуурамч эш үзүүлэгчид олон байсан. Иеремиа 6:14, 23:17-г үзвэл хуурамч эш үзүүлэгчид Израил ард түмний гэмт байдал ноцтой байхад тэднийг гэмшин Бурхан руу эргэхэд туслахын оронд амар тайван байна, тайвшир, Бурханы гай гамшиг бууж ирэхгүй хэмээн тунхагладаг байв. Харин Иеремиа нь ард түмний гэмийг ухааруулан гэмшүүлэхийн төлөө маш тэмцсэн. /Иеремиа 17:9,10 25:32-34/ Ийм түүнийг ард түмэн ба хуурамч эш үзүүлэгчид хавчин шоронд хийн нүхэнд шидэв. Үүнчлэн гэмийг нь зэмлэдэг нарийн давчуу замаар хөтөлдөг эш үзүүлэгчдийг хүмүүс дургүйцэн үзэн ядан, гутаан доромжилж, хавчдаг. Харин хүлээн авахад хэцүү ч гэмшихэд нь болон нарийн замаар явахад нь тусалж дасгалжуулдаг хүн нь жинхэнэ эш үзүүлэгч буюу хоньчин юм. Бид надад таалагддаг сайхан үг хэлж өгдөг хүнээс илүү миний сүнслэг байдалд анхааран үнэн зөвлөгөө өгч зэмлэн сэнхрүүлдэг жинхэнэ хоньчдод үйлчилдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Тэгвэл бид хуурамч эш үзүүлэгчийг хэрхэн ялгаж чадах вэ? 16-20-р эшлэлийг үзвэл Есүс тэднийг үр жимсээр нь таньж чадна гэсэн. Сайхан үг ба ажлаар хүнийг хуурч чадавч тийм хүний дотоод чанар ба амьдралын үр жимсийг хуурч чадахгүй юм. Тэд ихэнхдээ худлыг ярьж шударга бусыг гэм биш юм шиг үйлддэг бөгөөд хувийн хүсэл шунахайрлын үр жимсийг төрүүлдэг. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй шиг тэд угийн муу мод учраас Есүсийн үгийг дуулгавартай дагадаггүй. Нарийн замаар явдаггүй. Эдгээр хуурамч эш үзүүлэгчид эцэст нь огтлогдон галд шатаагдах болно. Бид хуурам ч итгэгчид болон библийн багш нарыг үр жимсээр нь ялгаж чадна(20). Гоё сайхан үг ба дотно үйлсээр хүмүүсийг хуурч чадах ч өөрчлөгдөөгүй дотор чанар ба амьдралын үр жимсийг нууж юм уу өөрчилж чадахгүй юм.
Нэгэн цагт бид ч гэсэн муу үр жимс ургуулдаг муу мод байсан. Харин жинхэнэ усан үзмийн мод болох Есүст залгагдсанаар Ариун Сүнсний шим тэжээлийг байнга авч сайн үр жимс гаргах боломжтой болсон юм. Өнөө үед биднийг уруу татан, эрх чөлөө ба амжилтыг амалдаг, хуурамч багш нар олон байгаа боловч хавчиг хаалга болсон Есүсийг л дуурайн дагаснаар сайн үр жимсийг арвин гаргадаг жинхэнэ итгэгчид болохыг хүсэн гуйж байна. Есүс үргэлжлэн сайн мод бүр сайн үр жимс гаргадаг ба муу мод бүр муу жимс гаргадаг гэв(17). Үүнээс харахад бид, сайн жимс гаргах гэвэл уг үндсээр сайн мод болох хэрэгтэй гэдгийг мэдэж болно. сайн мод болох гэвэл, өөрийгөө төвд тавьдаг амьдралыг уг үндсээр гэмшин, Ариун Сүнсээр дахин төрж, шинэчлэгдэх хэрэгтэй.
Тэгвэл бидний гаргах сайн үр жимс нь юу вэ? нэг үгээр хэлбэл Есүсийг дуурайх амьдрал юм. Харин Есүс биднийг үнэ цэнтэй нандин сургаалыг сонсоод бодит амьдралд үйлдэхгүй аюул байгааг хараад дахин сануулж байна. 21-29-р эшлэлүүд нь Бурханы хүслийг үйлдэгч нь л тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг зааж байна.
21-ийг үзээрэй. Хамт уншицгаая “Намайг Эзэн минь Эзэн минь гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг үйлдэгч л орно.” Эзэн минь Эзэн минь гэсэн хүмүүс нь зөвхөн амаараа итгэлийн амьдралаар амьдардаг итгэгчдийг хэлж байна. Тэдний дунд зарим нь бүр Эзэний нэрээр эш үзүүлж, чөтгөрүүдийг хөөн, өвчнийг эдгээх гэх мэтийн гайхамшгийг ч үйлдэж чаддаг. Гэвч тэд Эзэн Есүстэй хувийн харилцаа тогтоогоогүй. Тэд Эзэний нэрээр гайхамшгийг үйлдэн, янз бүрийн Бурханы ажлыг хийдэг, Түүнд үйлчилдэг гэх боловч үнэндээ Эзэний хүслийн дагуу үйлддэггүй учраас ёс бусыг үйлдэгчид юм. Тэд мундаг зүйлсийг ярьж заадаг ч, Эзэний үгийн дагуу амьдардаггүй хүмүүс юм. Есүс ийм хүмүүст “Би та нарыг танихгүй Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл” гэж хэлэх болно. Үүнээс харахад Эзэний биднээс хардаг зүйл нь Эзэн минь, Эзэн минь гэдэг уруулын итгэл бус, ер бусын гайхамшгийг үйлддэг Ариун Сүнсний бэлгүүд бус харин Эзэнтэй хувийн харилцаан дотор Түүний үг ба хүслийн дагуу амьдрах явдал гэдгийг мэдэж болно. Бид зөвхөн мэдлэг төдий амаараа дагадаг бус, Эзэнтэй хувийн харилцаа гүнзгий тогтоон Түүний хүслийн дагуу үйлддэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
3. Ухаалаг барилгачин /24-27/
Одоо Есүс үгсийг сонсоод үйлдэгч ба үйлдэхгүй нь хэнтэй адил болохыг зүйрлэн хэлж байна. Есүсийн үгсийг сонсоод итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс нь бүгд барилгачинтай адил юм. Үгсийг нь сонсоод түүний дагуу үйлдэгч нь хадан суурин дээр байшингаа барьдаг ухаалаг хүнтэй адил юм. Ийм хүн нь библийг сурч, өдөр бүрийн хоолыг идэх үед үгийг тунгаан бодож, зүрхэндээ сийлж, амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө байнга зориулалт гаргадаг. Цэвэр сэтгэлээр үгийн өмнө өөрийгөө олж харан чин сэтгэлээсээ гэмшин дагадаг. Юуны өмнө Есүсийг хайрлаж, Түүнийг дуурайхын төлөө хичээдэг. Ийм хүн нь эдгээр сүнслэг тэмцлийг Бурханы өмнө тууштай хийснээр хүмүүс анзаараагүй байхад амьдралын суурийг үгэн дээр бат бэх болгодог. Тэгснээр дотоод сэтгэл ч өөрчлөгдөн, ямар ч сорилт зовлонг даван туулж чадах төлөвшсөн итгэгч болдог. Харин ийнхүү Есүсийн үгийн хадан дээр суурь тавих ажил нь үр дүнгээ шууд харуулдаггүй удаан цаг хугацааг зарцуулдаг. Тийм учир тууштай тэвчээртэй хичээнгүй байх хэрэгтэй. Бусад хүмүүс нүдэнд харагдах ажил амьдрал нь улам дээшилж байхад өдөр бүр үгийг тунгаан бодож хувийн залбирлын цагийг гүнзгий авч, сэтгэгдлийг бичих гэж тэмцэж байгаа нь хэнд ч мэдэгдэхгүй, харагдахгүй ажил юм. Гэвч энэ суурь нь хэзээ нэгэн цагт түүний үнэ цэнийг заавал харуулах болно.
Харин үгсийг сонсоод түүний дагуу эс үйлдэгч нь элсэн суурин дээр байшингаа барьдаг мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ. Ийм хүн нь үгийг мэдлэгээр сурч, зүрхэндээ хадгалах завгүй, мартдаг учир бодит байдалд хэрэгжүүлдэггүй. Библийг сурахад ч ёс төдий хөнгөн ханддаг. Ийм хүний зүрх сэтгэл Абрахамын үеэл дүү Лот шиг дэлхийн зүйлст амархан уруу татагдан тэдгээрийг даган амьдардаг. Бурханы өмнө үгийг дагахын төлөө сүнслэг тэмцэл буюу суурийн ажлыг үл тоомсорлодог. Өөрийгөө үгүйсгэн загалмайг үүрэлгүй хялбар аргаар амьдардаг. Эдгээр хүмүүсийн барьсан байшин гаднаас харахад ялгагдахгүй байдаг.
Суурийг хадан дээр тавьсан уу элсэн дээр тавьсан уу гэдэг нь жирийн үед мэдэгдэхгүй. Харин бороо асгаж үер буун, хүчит салхи салхилахад л сая мэдэгдэнэ. Хавчлага зовлон, өвчин эмгэг, аваар осол гэх мэт үер буух үед мөн дэлхийн уруу татлага, эргэлзээ ба үл итгэлийн шуурга шуурахад суурийн ажил нь заавал илэрнэ. Эцэст нь үхлийн өмнө болон Христийн шүүхийн өмнө зогсоход бүх юм нүцгэн мэт тод харагдана.
Бидний амьдралын хадан суурь нь Есүс ба Түүний үг юм. Амьдралд ямар ч асуудал тохиолдсон ч Есүсийн заасан үгийг дагаж загалмайн үнэнийг дуурайн амьдарснаар Есүсийг өөрийн амьдралын хадан суурь болгох хэрэгтэй. Ялангуяа Есүсийн загалмайн зовлон ба үхлийг мөн амиллын үнэн дээр итгэлийн суурийг тавин амьдрах хэрэгтэй. Ийм итгэгч нь жинхэнэ ухаалаг барилгачин юм. Ухаалаг барилгачид болцгооё!
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор бид Бурхан Эзэний зүрх сэтгэл, хүсэл тааллыг суралцлаа.
• Гүнзгий хувийн харилцаа
• Хавчиг хаалгаар ор
• Угийг хэрэгжүүлдэг ухаалаг барилгачид байх
Есүс бол үүрд мөнхийн хадан суурь юм (1Кор 3:11). Бид Есүс дээр суурилах юм бол хэзээ ч ичгүүрт унахгүй (1Пе 2:6). Есүсийн үгийг амьдралд хэрэгжүүлж ухаалаг барилгачид болцгооё. Эцэгийн хүслийг үйлдэгч нь л тэнгэрийн хаанчлалд орох болно. Хүмүүст таалагдах гэж эсвэл өөрийн хүслийг гүйцэлдүүлэн амьдарч байна уу? Тийм бол та энэ цагт даруй гэмшээрэй. Есүсийн заасан мэдүүлсэн бүгдийг тунгаан бодож, хүлээн авч, итгэлээр дагаж амьдардаг итгэлийн хүнээр өсгөж, төлөвшүүлж өгөхийг хүсэн гуйж байна. Бурхан бол сайн, Бурхан бол сайн, Бурханы хүсэл таалал нь танд биеллээ олох болтугай. Амен