Бурханы агуу хайр
Ром 8:18-39
Гол эшлэл 8:37
“Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг”.
Энэ эшлэл сэтгэлд их дотно байдаг. Тээр жил олон янзын асуудлын дунд шаналан итгэлийн шийдвэр гаргаж чадахгүй үед Бурхан энэ эшлэлийг нэгэн хоньчноор дамжуулан өгч байлаа. Тухайн үед бүрэн дүүрэн сайн ойлгоогүй бөгөөд би ганцаараа ч ялж давж чадна хэмээн бодож байлаа. Харин энэ удаа эшлэлээр дамжуулан Бурханы хайр надтай хамт байж би өнгөрсөн хугацаанд олон зүйлийг давуулан хангалттайгаар ялж амьдарч байгаагаа олж харсан юм. Есүс Христэд итгэснээр Бурханы өмнө зөвтгөгдөж түүний хайрын гүн гүнзгийг ухаарах үед зөвтгөгдсөн хүний шинэ амьдралаар баяр хөөртэй амьдарч чадах юм. Өнөөдрийн зарлиг нь итгэгч нарын жинхэнэ хүсэл найдвар нь юу болох бөгөөд энэ дэлхийд хэрхэн яаж амьдрахыг заан өгч байна. Өнөөдрийн үгээр дамжуулан итгэлийн амьдралаас болж энэ дэлхийд янз бүрийн зовлонд орохоос өөр аргагүй бид нар хэрхэн ялалтын амьдралаар амьдарч чадах тухай суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Хожим илчлэгдэх алдар (18-25)
Өнөөдрийн үгнээс харвал зовлонгийн талаар гарч байна.17-р эшлэлийг үзээрэй. “Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран өв залгамжлагчид юм”.
Элч Паул итгэгчдийг Христтэй хамт алдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовдог амьдралаар амьдрах хэрэгтэй гэж хэлсэн. Нөгөө талаар өв залгамжлалын талаар тодорхой хэлж өгсөн. Энэ дэлхийн өв залгамжлал эрх мэдэл шилжүүлэхээс тэс өөр гэдгийг хэлж байна. Алдаршуулагдана гэх хожим бидэнд илчлэгдэх алдрын тухай дурдсанаараа биднийг ямар хандлагатайгаар энэ дэлхийд амьдарч, зовлон ба бэрхшээлийг хэрхэн даван дийлж амьдрах тухай зааж өгч байна. Бид Бурханы хүүхэд болсон учраас түүний өвийг авахын тулд зовлонд оролцож байгаа. Олон хоньчид Христийн алдрын төлөө өөрийгөө зориулан энд итгэлийн шийдвэр гарган сууж байгаа. Хожим тэр хэмжээлшгүй алдрыг авахын төлөө өнөөгийн зовлонг амсаж амьдарч байна. Ийм биднийг сайн мэдэж байгаа Бурхан 18-р эшлэлээр дамжуулан бидэнд хүсэл найдвар, урам зориг, итгэлийн бат байдлыг тунхаглан урамшуулж байна.
18-г эшлэлийг үргэлжлүүлэн үзээрэй. “Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог”. Элч Паул нь хожим илчлэгдэх алдрыг бодитоор харсан байсан. 2Коринт 12:2-4 дээр хүний илэрхийлэх боломжгүй тийм үгс хэмээн диваажингийн талаар тодорхойлсон. Бидэнд хожим илчлэгдэх агуу алдартай харьцуулахад одоогийн зовлонгууд нь юу ч биш юм гэдгийг тодорхойлон хэлж байна. Бид нар энэ дэлхийд муу хүчний захиргаан дор итгэлээр амьдарч байгаа учраас их бага, том жижиг олон асуудал болон хэцүү байдалд орж байдаг. Энэ дэлхийгээс өгдөг зовлонг жижиг гэж үзэж болохгүй. 35, 36-р эшлэлийг харвал одоо бидэнд өгөгдөж байгаа зовлонгуудын талаар хэлсэн. Гамшиг, шахалт дайралт, доромжлол, хавчлага, өлсгөлөн, нүцгэрэл, аюул, илд, дайн дажин гээд олон зүйлийг хэлж болно. Христийн төлөө шийдвэр гаргах үед дооглох, үзэн ядах, гадуурхал, хавчлагыг бид амсаж эхэлдэг. Ямар ч завгүй өөрийнхөө төлөө амьдрахгүй бол дуусах гэж байгаа мөч бүрд бид цаг зав, мөнгө, чин сэтгэлийг зориулан хоньдуудад үйлчлэхэд сэтгэлийн зовлон их амсдаг. Анхны цуглааны итгэгчид хавчлагаас зугтан Катакум гэдэг агуйг ухан нуугдан амьдарч, заримдаа баригдан тамлан алуулж, хонь нохойны арьс нөмрөн амь зууж байсныг библи тэмдэглэн үлдээсэн байдаг. Одоо яг Есүсийг даган амьдрахад юу биднийг зовоож байна вэ? Хонь тэжээж дагалдагч босгоход юу биднийг хүлж хүчгүй болгож байна вэ? Мөнгө үү? Хавчлага уу? Хоньдын асуудал уу? Дуулгаваргүй хоньчны бардам зан уу? Өвчин үү? Үр хүүхдийн асуудал уу? Үхэл үү? Энэ мэт зовлонгууд нь давахад маш хэцүү мэт боловч хожим илчлэгдэх алдартай харьцуулахад юу ч биш юм хэмээн 18-р зүйл тунхаглаж байна. 2Тимот 4:8-ийг үзвэл сэтгэлээр унасан Тимотыг урамшуулан Зөвийн титмийг авах болно хэмээн түүнийг зоригжуулсан. Мөн 1 Петр 4:13 дээр “Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм”. Өнөөгийн зовлонгууд түр зуурынх боловч хожим илчлэгдэх алдар нь үүрд мөнх байх болно. Бид хожим эдлэх алдрыг бодвол одоогийн зовлонг тэвчээртэй баяр хөөртэй даван туулж чадах юм. Энэ цаг үеийн асуудалд хүлэгдэлгүй хожим илчлэгдэх баяр хөөр алдрыг бодон өдөр бүр хүчтэй ялалт байгуулан амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Паул хожим илчлэгдэх алдрын талаар 19-22-р эшлэлүүдээр дамжуулан тайлбарлаж байна.
Одоо 19-21-р эшлэлийг үзээрэй. “Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. Яагаад гэвэл бүтээл өөрийнхөө хүслээр бус харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан боловч найдвар дотор бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж Бурханы хүүхдийн алдрын эрх чөлөөнд очих юм”. Эхлэл 3-р бүлэг дээр хүн төрөлхтөн гэмтэй оршин байгч болсноор бүтээл хүртэл хараагдах болсон. Эндээс бүтээл гэдэг нь хүнээс гадна байгалийн бүх юмсыг хэлж байна. Бүх бүтээлүүд нь хоосонд захирагдан ялзралын боолчлолд байх болсон. Бүтээлүүд нь хоосон ба ялзралаас хурдан чөлөөлөгдөн Бурханы хөвгүүдийн алдрын эрх чөлөөнд хүрэхийг тэсэж ядан хүлээж байгаа гэдгийг библи хэлж байна. Хүмүүс байгалийн хууль гэж ярьдаг ч яг үнэндээ гал гарч, ган болж, мөс хайлж байгаа нь бүтээл гаслан байгаа гэдгийн тод жишээ юм. Мөн хүмүүсийн хүсэл шуналаас болж агаарын бохирдол, янз бүрийн гай гамшиг, нийтийг хамарсан өвчин гарч дэлхий ёолон зовж байна. 22-г зүйлийг үзвэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдэг гэж бичжээ. Бүтээлүүд нь хожим Бурханы хүүхдүүдтэй хамт алдрын эрх чөлөөнд орохыг тэсэж ядан хүлээж ёолон байгаа.
Өнгөрсөн долоо хоног 3 жилд нэг удаа хүрдэг ханиадаа тусаж хэвтэрт оров. Толгой хагарах мэт өвдөн бүх бие янгинан босож чадахгүй байлаа. 20 гаран настай байхдаа уул нь гайгүй л байсан шиг санагдана. Амархан биеийн эрхшээлд орон залхуурч, хойрго болж, махбодын ялзралд ороход амархан. Өөрийгөө голж шүүж, буруутган амьдрах болдог. Үнэндээ өдөр бүрийн амьдралаа харвал ёолохоос өөр аргагүй юм. Үнэндээ бид ийм болохоор бидэнд шинэ бие заавал хэрэгтэй. 23-р эшлэлийг харвал Бүтээлүүдээс гадна Бурханы хүүхдүүд ч гэсэн ёолж байдаг. “Зөвхөн бүтээлч биш Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч өөрсдөө бас дотроо ёолж, биднийг үрчилж авахыг буюу биеийг маань золин аврахыг тэсэж ядан хүлээдэг”. Эндээс Сүнсний анхны үр жимсийг авсан бид гэдэг нь Есүст итгэснээр анхны үр жимс болох Ариун Сүнсийг авсан гэдгийг хэлж байна. Ариун Сүнсний хожим бидэнд өгөх үр жимс нь бидний үхэх биеийг амилуулснаар алдаршуулах явдал юм. Үүнийг биеийн золилт гэдэг.
Тэгвэл ийм найдвартай итгэгч бид энэ ертөнцөд ямар хандлагатайгаар амьдрах хэрэгтэй вэ? гэдгийг 24-25-р эшлэл бидэнд хэлж байна. “Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэсэж ядан хүлээдэг”. Бидний бие золигдон аврагдаж бүтээлүүд хүртэл аврагдана гэсэн хүсэл найдвараар бид аврагдсан юм. Энэ найдвар нь нүдэнд харагдахгүй ирээдүйн зүйлийг хэлж байна. Нүдэнд харагдах найдвар нь жинхэнэ найдвар биш юм. Мөнгө үү? Эрх мэдэл үү? Гоо сайхан уу? Эдлэн газар, эд хөрөнгө үү? Үр хүүхэд үү? Найз нөхөд үү? Гэр бүл үү? Нүдэнд харагдах найдвар нь биднийг Бурханаас холдуулж Түүний үгнээс холдуулж, эцэстээ Түүний хайрыг үгүйсгэдэг. Залуу хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Хүн амьдраад ирэхээрээ, нас яваад ирэхээрээ юунд найдах, юу үлдэх вэ гэдгийг ухаардаг. Бид нар заавал алдаж онож ухаарах биш Бурханы үгэнд итгэж дагаснаараа Бурханаар найддаг, энэ дэлхийн цаг зуурын зугаа цэнгэл, мөнгө, эрх мэдлийн найдвараас илүү хожим илчлэгдэх найдварыг хүлээн амьдардаг мэргэн хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. Тэр найдвараараа энэ дэлхийн хүмүүст гэрэл ба давс болж ёолсон олон оюутан залуучуудыг босгон байгуулдаг амьдралаар амьдарч адахыг гуйж байна. Хэрэв бид жинхэнэ найдаж байвал энэ найдвар биелэгдэх хүртэл тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Бид тэвчээртэйгээр эцэс хүртэл алдрын титмийг авдаг итгэлийн марафон гүйлтээр гүйж заавал бариандаа орж чадахыг гуйж байна. Хэцүү зовлонтой байна гээд дундаас нь орхивол юунд ч хүрэхгүй. Эцэс хүртэл тэвчихэд хожим илчлэгдэх Бурханы алдарт оролцох болно.
2. Бурханы таалал (26-30).
Одоо 26-27-р эшлэлийг үзээрэй. “Түүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Тиймээс Бурханы хүслийн дагуу Ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм”. Энэ дэлхийд зовлонгийн дунд буй итгэгчдийг Бурхан орхидоггүй. Ялангуяа Ариун Сүнс сул дорой бидний төлөө ёолон залбирдаг гэжээ.
Бид сул дорой учир хожим илчлэгдэх алдарт найдаж амьдарч байгаагаа сайн мэдэхгүйгээр зовлонтойгоор амьдардаг. Бидний сул дорой байдал нь бидний Бурханаас юуг гуйхыг мэдүүлэлгүй биднийг гэм рүү хөтөлдөг. Сүнсний мэдлэггүйгээр барахгүй сул дорой байдлаар харагдан амьдардаг. Бид залбирахдаа юу нь Бурханы таалал уу, юу нь үгүй гэдгийг ялгаж чадахгүй үе олон байдаг. Энэ нь ирээдүйг сайн мэдэхгүйгээс болдог. Бидний бодит хүсэл нь өөрийгөө төвд тавьсан амьдрал, махбодын хүсэл шуналд автагдан амьдардаг. Мөнгөтэй баян, амжилтад хүрэхийг хүсдэг, удалгүй мөнгөтэй болсноороо итгэлээ алдан урьдынхаас илүү дорой болоход амархан. Энэ мэт бид юу гуйхаа мэдэхгүй мөн хэцүү асуудалтай тулгарахад яаж гуйхаа ч мэдэхгүй санаа зовон суух үе олон байдаг. Харин ийм бидний төлөө Ариун Сүнс үгээр илэрхийлшгүйгээр ёолон зуучлан гуйж өгдөг хэмээн тунхаглажээ. Бид Ариун Сүнс Бурханы тааллаар бидний төлөө гуйдаг учраас 100% гуйлтын хариуг авдаг. Итгэгчид бид энэ дэлхийд янз бүрийн зовлонд унадаг боловч тайвшрал ба урам зоригийг авч дахин босоод итгэлээр амьдарч чадаж байгаа нь үгээр илэрхийлшгүйгээр бидний төлөө ёолон үргэлж залбирч гуйдаг Ариун Сүнсний зуучлан залбирлын үр дүн юм. Энэ нь бид гуйх хэрэггүй гэсэн утгатай биш юм. Харин Ариун Сүнс биднийг гуйж байхад, Бурханы тааллын дагуу юу гуйхыг зааж өгдөг гэсэн утгатай. Бүгдээрээ өдөр бүр ариун сүнсэнд даатган залбирснаараа Бурхантай зөв харилцаатай болж Бурханы тааллын дагуу залбирдаг түүний алдрын төлөө хичээнгүйлэн залбирч тэмцдэг хүмүүс болж чадахыг гуйж байна. Миний хонины асуудал, миний гэр бүл, эхнэр нөхөр, хоньчин, аав ээж, ажил мэргэжил, гэр бүл гээд ариун сүнсний хүсдэг тэр залбирлаар дүүрэн байж чадахыг гуйж байна. Угаасаа ариун сүнсний үр жимс нь хайр, амар амгалан, тэвчээр, сайхан сэтгэл, итгэл учраас миний бүх гуйлт болон залбирал энэ ариун сүнсний үр жимсээр дүүрэн болохыг гуйж байна.
Бидний энэ дэлхийд амсаж буй зовлонгуудад Бурханы ямар зорилго таалал байдаг вэ? 28-г эшлэлийг үзээрэй. “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ”. Сайн зүйл, муу зүйл, гамшиг, зовлон бүх зүйл дамжуулан Бурхан ажилладаг юм. Бурханыг хайрладаг Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс гэдэг нь Бурханы агуу таалал дотор сонгож дуудагдсан хүмүүс гэсэн юм.
Бурханыг хайрладаг хүний хувьд янз бүрийн зовлон дунд буй бид юунд бат итгэх хэрэгтэй вэ? Тэр нь Бурхан бидний амьдралд тохиолддог бүх зүйлээр дамжуулан сайн сайхныг биелүүлнэ гэдэгт итгэх явдал юм. Бурханы надад тавьсан төгс бүрэн тааллыг хэлж байна. Тиймээс Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст тавьсан хүсэл таалал нь заавал биелэгдэнэ. Бурхан Өөрийн зорилго сайхан тааллын дагуу, биднийг заавал удирдан жолоодно гэсэн үг юм.
Бид итгэлээр амьдрахад зовлон ба асуудал тулгарахад ирээдүйн тухай айдас санаа зовуурьт автагддаг. Ялангуяа одоо гарт баригдах зүйл юу ч байхгүй үед тэгж санагддаг. Харин өчүүхэн ч санаа зовон айх хэрэггүй. Бурхан биднийг төгс бүрэн таалал дотор хамгийн сайн замаар удирдаж байгаа.29-30-р эшлэл дээр аль хэдийн мэдэж, тогтоож, дуудаж, зөвтгөж, алдаршуулах Бурхан бол бидний итгэдэг Бурхан юм. Бидний явж байгаа зам бусдын харахад заримдаа сайхан биш ялагдаж байгаа мэт харагддаг ч эцэст нь Бурхан хамгийн сайн замаар удирдана. Тиймд бид өөрсдийн амьдралаа хэсэгчлэн харах бус бүтнээр нь харах хэрэгтэй. Бурханыг хайрладаг хүнийг Бурхан хамгийн сайн замаар удирддаг учраас хэзээ ч ялагдал гэж байхгүй. Аль хэдийн шийдсэн учраас бид энэ дэлхийд баяр хөөртэй ялсан хүмүүс мэт амьдарч чадах юм. Энэ цагт биднийг удирдаж бидэнтэй хамт байдаг ариун сүнсийг магтаж байна. Надад хамгийн сайн зөв тааллыг өгсөн Бурханд бүх алдар магтаал нь байх болтугай.
3. Бурханы агуу хайр (31-39).
31,32-р эшлэлийг үзээрэй. “Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ”.
Бурхан бидний төлөө агуу зүйлийг хийсэн. Түүний баталгаа бол Бурхан хайртай цорын ганц Хүүгээ хүртэл харамлалгүй золиослон өгсөн гэсэн үнэн юм. Цорын ганц хүүгээ өгсөн байхад өөр бусад зүйлийг надад бэлэг болгон өгөхгүй байна гэж үү? Яг одоо надад шууд зөвшөөрөхгүй байгаа нь яг одоо хэрэггүй зүйл биш, аль эсвэл миний итгэлд тус болохгүй учраас надад өгөхгүй байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм. Цорын ганц Хүүгээ харамлалгүй миний төлөө тушаасан Бурханы агуу хайранд бат итгэхэд, мөн цаг нь болоход бүх зүйлсийг хамгийн сайнаар шагнал болгон зөвшөөрч өгнө гэдэгт итгэхэд бүх асуудал шийдэгдэх нь юм. Есүсээр дамжуулан миний гэм нүглийн асуудлыг шийдэж өгсөн Бурхан нүдэнд харагдаж гарт баригдах энэ дэлхийн жижиг асуудлуудыг амархан шийдэх юм.
Бурхан бага өгсөн нь илүү залбираарай гэж, дутуу өгсөн нь талархаарай гэж, харуулаад өнгөрсөн нь дараа авах итгэл заах гэж Бурхан биднийг дасгалжуулдаг. Бүх зүйлийн өгөх Бурханд талархаж, итгэж, найддаг итгэлийн хүмүүсээр шинэчлэгдэн өөрчлөгдөж амьдрахыг уриалж байна.
Одоо 35,36-р эшлэлийг үзээрэй. “Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу? Шахалт уу? Хавчлага уу? Өлсгөлөн үү? Нүцгэрэл үү? Аюул уу? Илд үү? Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ гэж бичигдсэн юм.”
Элч Паул Бурханы агуу хайрыг бодох үед ертөнцийн ямар ч зүйлс биднийг Христийн хайраас салгаж чадахгүй гэсэнд бат итгэх болсон. Энэ дэлхийд Бурханы хайранд эргэлзүүлдэг зүйлс олон байдаг. Гамшиг, зүдрэл, хавчлага, өлсгөлөн, дарамт, аюул, нядлагдах хонь мэт сэтгэлийн дарамтууд байдаг. Өлсгөлөн, нүцгэрэл гэх мэт дутагдлаас ирдэг зовлон ч байдаг. Үнэхээр намайг хайрлаж байна уу? Гэж бодогддог. Христэд итгэсний төлөө цаазлуулж шоронд хүртэл ордог. Христэд итгэдэг гэх нэг үгээр өв залгамжлалаас хасагдаж, гадуурхагдаж, үзэн ядагдаж амьдардаг. Лалын шашинтай оронд Христэд итгэсний төлөө гэр бүлээр нь үхэх ял тулган нүдэн дээр нь аав ээжийг алах үед надад юу бодогдох вэ? Яг үнэндээ хайртай хүмүүсийг минь хүйс тэмтрэх үед би болъё хэмээн орилон итгэлээсээ урвах байх. Жаахан бие өвдөхөд л яагаад гэсэн асуулт эцэс төгсгөлгүй гарч ирэн итгэлгүй байдалд орж урвадаг өөрийгөө харан гэмшиж байна. Зовлонгийн өмнө шантарч Христийн хайраас салгагдахаар байгаа итгэлээ олж харж байна. Хүн угаасаа сул дорой тул энэ махбодоор бол салгагдахаас өөр аргагүй юм.
Тийм боловч Элч Паул ерөөсөө салгаж чадахгүй хэмээн тунхаглаж байна. 38,39-р зүйлийг үзээрэй. “Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.”
Яг одоо хийж байгаа зүйлдээ ялагдан амьдарч байна уу? Оюутнууд хичээл, мэргэжил, төгсөлт, ажилд орох, хоньчид хүүхэд өсгөх, ажил хийж мөнгө олох, компани удирдах, хонь тэжээх, дагалдагч босгох, гэмшүүлэх гэвэл ядарч бууж өгмөөр санагдах нь бидний бодит үнэн юм. Христийн төлөөх ариун амьдрал, цаашид хийх ажил, үргэлжлүүлэн хонь хоньчдод тусалж босгон байгуулах, дагалдагч болгох, итгэлийн гэр бүл байгуулах гээд зүтгэхэд үнэндээ шантармаар хиймээргүй сэтгэл төрөх нь амархан байгаа. Эсвэл бүх зүйл сайн болоод их мөнгө олоод ирэхээр бардам болж Бурханыг хайрлахаа болж завхралд орох тохиолдлууд байдаг. Яамаар ч юм бэ дээ гэмээр сэтгэл их байдаг. Яг үнэндээ асуултын тэмдгээр амьдрах үеүд байдаг. Тийм боловч Бурханы хайр надтай хамт байгаа учраас би болон бид нар ямар ч тохиолдолд ялалт байгуулж даван туулж чадах юм.
Заримдаа энэ дэлхийд зовлонгууд л байдаг ч сайхан зүйлс ч олон байдаг. Харин ч энэ дэлхийн сайхан зүйлс нь Бурханы хайраас биднийг салгадаг илүү том аюул болдог гэдгийг бид мэддэггүй. Бид үүнийг мэдэх хэрэгтэй. Дутагдаж гачигдах зүйлгүй амьдрал, дэлхийн нэр алдар, өв хөрөнгө, эрх мэдэл, сайхан аав ээж ба ах дүү нарын хайр халамж, гунхаж найгасан надад таалагдсан эмэгтэй гээд сайхан аз жаргалтай амьдруулах юм шиг хүсэл мөрөөдлийн зүйлс олон байдаг. Бид нар иймэрхүү уруу татлагад орвол Есүсийн шавиар амьдрах нь төвөгтэй санагдаж, Бурханы хайрыг мартан, улам бүрхэг, бүлээн амьдралтай болж эхэлдэг.
Энэ мэт сайн муу орчин нөхцөл болон одоогийн зовлон бидэнд асуудал болдог. Тийм боловч Бурханы хайр намайг удирдаж хамт байгаа тул ямар ч хэцүү байдал зовлонг би давах хүч чадлаар дүүрэн байдаг юм. Бурханы хайр нь ямар ч зүйлийг давах хүч, дийлэх хүч, даван гарах урам зориг, тэсэж тэвчих тэвчээр болдог.
Одоо 37-р эшлэлийг үзээрэй.”Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан биелүүлдэг”. Биднийг хайрлагч нэгэн бидэнтэй үргэлж хамт байгаа. Бурхан өөрийн цорын ганц хүүгээр биднийг золин авсан учраас биднийг орхихгүй. Христ бидний төлөө бүх зовлонг өөртөө авсан. Тэр хайр биднийг удирдаж бидэнтэй хамт байгаа. Ариун сүнс бидний зүрх сэтгэлийг удирдан хамт байгаа. Ариун сүнс Христийн хайрыг бидэнд байнга сануулж биднийг удирдаж байгаа. Бид хэн ч мэдэхгүй тэр агуу хүч тэр хайрын хүч биднийг удирдаж байгаа. Тийм учраас Бурхан хамт байж туслах үед бид давуулан биелүүлэх юм. Тэр хайр намайг эзэмдэх үед би юуг ч ялан дийлэх юм. Тэр хайр миний дотор орж ирэх үед ямар ч хэцүү зүйл амархан болж ямар ч шийдэж чадахгүй зүйл итгэлийн дотор боломжтой болох юм. Зүрхэнд тэр хайр байх үед уучлал бий болж тэр хайр байх үед үйлчлэл дүүрэх юм.
Тэр хайр зүрхэнд гэрэлтэх үед пийшин хийх, тэр хайр зүрхэнд гэрэлтэх үед хонь тэжээх, тэр хайр зүрхэнд гэрэлтэх үед дагалдагч өсгөх ажил, библийн хичээл, хандив өргөлийг баяртай сэтгэлээр хийж чадах юм. Хүний сэтгэлийг хөдөлгөгч нь Бурханы хайр учраас золиослолоор өргөл өргөж, бусдыг хооллож, бусдад тусалж чадах юм. Энэ цагт энд сууж байгаа хүн бүрийн зүрх сэтгэлд ариун сүнс Бурханы хайрыг дүүрэн сануулж олон хүмүүс Христийн алдрын төлөө Бурханы ажлыг итгэмжтэй сайн хийж дэлхийн хязгаар хүртэл бусдын босгон байгуулж тэдэнд амийн үгийг дамжуулдаг хүмүүс төрөн гарахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт :
37-р эшлэл дээр зүгээр нэг биелүүлэх биш давуулан биелүүлнэ гэсэн. Энэ дэлхийн эрх мэдэлтэй нэгэн мундаг уу? Мөнгөтэй хүн ялдаг уу? Завтай, хадгаламжтай хүн амар тайван амьдардаг уу? Дайн байлдаанд ялагч нэгэн агуу юу? Элч Паул хэлж байна. Бурханы хайраар дүүрэн бялхсан тослогдсон тэр хүн бол хамгийн агуу гэж хэлж байна. Бид нар бүгдээрээ энэ Бурханы хайраар дүүрсэн тослогдсон хүлэгдсэн хүмүүс юм.
Би энэ номлолыг бичиж байгаад миний дотор байх санаа зоволт болон зовуурилж байсан олон асуултын хариултыг авсан. Бүх итгэлгүй байдлаа гэмшиж намайг хайрладаг Түүний хайраар давуулан биелүүлдэг амьдралаар амьдрах итгэлийг суралцлаа. Амь ба амар тайван миний дотор оршиж байна. Зовлон болон ойр орчны байдал миний асуудал миний итгэл болон Бурханы хайранд итгэх итгэлийг хөөдөг үндсэн миний асуудал гэдгийг ойлгосон. Биднийг хайрлагч түүгээр дамжуулан бид давуулан биелүүлдэг итгэлийн нандин амьдралаар эцэс хүртэл амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Тиймээ биднийг үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Есүс Христ доторх Бурханы хайраас салгаж чадахгүй гэдэгт бат итгэн амьдрахыг хүсэж байна. Зовлон сорилтууд нь эцэстээ Бурхантай харилцах хайрын харилцааг улам бат бэх болгоно. Тэнгэр газар нуран унасан ч, бүх уулс нурсан ч, орхиж чадахгүй бат итгэл нь Бурханы агуу хайр юм. Бид энэ Бурханы хайраар бүхнийг ялан дийлж амьдарч чадна. Бид энэ дэлхийд зовлонгийн дунд үргэлжлүүлэн амьдарч байгаа ч урам хугарахгүй байгаа нь бидэнд тавьсан Түүний сайн таалал заавал биелэгдэж жинхэнэ ялалтыг өгдөг Бурханы агуу хайр байгаа учраас юм. Цорын ганц хүү Есүс Христийг бид бүхний төлөө харамгүй зориулсан Бурхан Аавд талархал ба хүндэтгэл магтаалыг өргөж байна. Бид амьдралаараа, үйлчлэлээрээ Бурханы хайрыг улам танин мэдсэнээр Түүний хайранд гүнзгий үндэслэн итгэлийн бат суурийг тавихыг хүсэн гуйж байна. Тиймээ өдөр бүр Түүний хайрын гүн, уужим, урт ба өргөнийг мэдэрч энэ дэлхийг бүрэн дийлдэг амьдралаар амьдарч чадахыг гуйж байна. Энэ цагт Бурханы хайрыг магтацгаая!