2023 оны Матай 1-р номлол (01.29) Ариунболд хн

ГЭМШИЛ БА ТЭНГЭРИЙН ХААНЧЛАЛ

Матай 3:1-17
Гол эшлэл 3:2

“Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа.“

Манай эриний 60-70 оны үед Есүсийн 12 шавийн нэг болох Матай бичсэн. Матай ном бол тэнгэрийн хаанчлалын тухай сайнмэдээний ном юм.
Өнөөдрийн зарлиг бол тэнгэрийн хаанчлалын Хаан Есүс Христийн замыг баптисч Иохан хэрхэн бэлдсэн тухай суралцах болно. Баптисч Иохан Есүсийн өмнө ирж Израиль ард түмнийг Аврагч Мессиаг хүлээн авах сэтгэлийг бэлдүүлсэн. Үүгээр олон хүн, гэмшин Бурхан уруу эргэсэн. Тэрээр хэдийгээр богино насалсан ч хамгийн үнэ цэнтэй агуу амьдралаар амьдарсан.
Энэ цаг үед ч гэсэн Баптисч Иохан шиг үүрэгтээ үнэнч хүн маш их хэрэгтэй. Өнөөдрийн үгээр дамжуулан бид бүхэн Баптисч Иохан шиг үүрэгтээ үнэнч хүнээр өсөж, өөрчлөгдөж чадахыг хүсэн гуйж байна. Мөн гэмшлээр дамжуулан, Есүсийг хүлээн авснаар тэнгэрийн хаанчлалыг дүүрэн эдэлдэг амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
I. Гэмшицгээ тэнгэрийн хаанчлал айсуй. /1-12/
Баптисч Иоханы амьдарч байсан тэр цаг үе эзгүй хуурай цөл шиг байсан. Малахи зөнчөөс хойш 400 жил Бурханы үг тэдэнд огт өгөгдөөгүй учир Израиль ард түмэн сүнсээр улам ядарч сульдсан байсан юм. Израиль ард түмэн Ромын захиргаанд дарангуйлагдаж хүчирхийлэл ба шударга бус зүйлээр дүүрэн зовлонтой амьдарч байжээ. Өвчтэй, чөтгөрт эзэмдүүлсэн, ядуу тарчиг хүмүүс олон байж хүсэл найдваргүйн улмаас архинд согтож, гэр бүл салж сарниж шантран амьдардаг байсан. Нэг үгээр хэлбэл тэд тэнгэрийн хаанчлалыг алдан амьдарч байсан. Яг тэр үед Бурхан баптисч Иоханыг цөлд хашхирах нэгэн дуу хоолойгоор илгээсэн. Бурхан түүнд Мессиагийн замыг бэлтгэх онцгой үүргийг даатгасан юм.
Тэгвэл баптисч Иохан Мессиагийн замыг хэрхэн бэлдэж, мөн түүний тунхагласан Бурханы үг нь юу болохыг хамтдаа сурцгаая.
2-р эшлэлийг үзээрэй. “Гэмшицгээ, тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа” Иоханы үг нь маш тодорхой байсан. Тэрээр Ромын дарангуйлал дор зовж буй ард түмэнд тайвшруулах үгийг тунхаглаагүй. Харин ард түмнийг “гэмшицгээ” хэмээн уриалсан. “Гэмш” гэсэн үгийг сонсвол дургүй хүрч эсэргүүцэх сэтгэлийг төрүүлэх юм шиг санагддаг. Гэвч энэ үг нь хүмүүст тэнгэрийн хаанчлалыг бэлэглэхийн тулд өгч буй амийн үг юм. Тэгвэл гэмшинэ гэдэг нь яахыг хэлж байна вэ?
Гэмших гэдэг нь нүглийнхээ төлөө зөвхөн харамсаж, ичих гэсэн утгыг агуулаад зогсохгүй тэр гэм нүглээсээ эргэх гэсэн утгатай. Гэмших нь харамсахаас уг үндсээрээ ялгаатай. Хүн харамссан үедээ өөрийгөө буруутгаж буруу зүйл хийсэн гэдгээ мэддэг ч гэмтэй замаа өөрчилдөггүй. Түр зуур гуниглаад л өнгөрдөг. Яагаад гэвэл явж буй замаа өөрчлөх гэвэл их гарз хохирол амсаж, бэрхшээлүүдтэй тулгарах учраас юм.
Тэгвэл Тэнгэрийн хаанчлал гэж юу вэ?
Тэнгэрийн хаанчлал бол ямар нэгэн тодорхой газар нутаг биш, энэ дэлхийн хаант улстай ч адилгүй юм. Бурханы хаанчлал бол Бурхан бүрэн эрх мэдлээрээ захирч байдаг сүнслэг хаанчлал юм. Бурханы хаанчлал нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хаа сайгүй оршин байдаг. Энэ цаг үеийн хүмүүс хуурай цөл шиг энэ дэлхийд тэнгэрийн хаанчлалыг амсаж чадалгүй амьдардаг. Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан улам хөгжиж, хүмүүсийн амьдрал материаллаг зүйлсээр дүүрэн, тав тухтай болж байгаа ч нөгөө талаас сэтгэл сүнсээрээ улам айдас, санаа зовуурь, уур бухимдал, гуниг зовлонгоор дүүрч байна. Тийм учраас хүмүүст хамгийн хэрэгтэй зүйл нь тэнгэрийн хаанчлал юм.
Анхны хүн Адам гэмд унаснаас хойш энэ ертөнц Бурханы хаанчлалыг алдаж, Сатаны захиргаанд орсон. Гэмийн үр удам хүмүүн Бурхангүй эрх чөлөөтэй амьдрахыг хүсэх болсон бөгөөд Бурханыг үгүйсгэх тусам сатаны эрхшээлд гүн автах болсон.
Өөрийн хүслээр эрх чөлөөтэй амьдарч байгаа мэт харагдавч үнэндээ Сатаны захиргаан дор хүмүүний амьдрал нь жинхэнэ амар амгалан ба ханамжийг үзэж чадалгүй үргэлж айдас түгшүүртэй, гэмийн хүслээр дүүрэн болсон. Атаархал үзэн ядалт, гомдол, шантрал, хүчгүй байдал, ганцаардал гэх мэтийн харанхуйн хүчинд захирагдах болсон. Хэчнээн үнэтэй сайхан хоол идэж, тав тухтай гэрт амьдарсан ч сэтгэл зүрх нь жинхэнэ ханамж ба аз жаргалыг амсаж чадахгүй болсон. Энэ нь Сатаны захиргаан дор байгаа учраас юм. Сатан чөтгөрүүдийн захиргаан дор амьдрах нь тэр чигээр там байдаг.
Харин гэмшиж Есүсийг Хаан Эзэн буюу Аврагчаар хүлээн зөвшөөрөхөд сатаны боолчлолоос чөлөөлөгдөн Есүс Христийн захиргаанд орно. Есүс Өөрийн ард түмнийг дөлгөөн, төлөв даруу, хайр ба амар тайвнаар захирдаг. Есүсээр захируулдаг хувь хүн болон гэр бүл нь аз жаргалаар дүүрдэг. Аливаа хүн тэнгэрийн хаанчлалыг эдлэх гэвэл юуны өмнө гэмших хэрэгтэй.
Харин хүмүүс гэмших хэрэгтэй гэдгийг маш сайн мэддэг боловч өөрийнхөө амьдралын зорилго ба чигийг үндсээр нь өөрчлөх амаргүй байдаг. Бүхий л зүрх сэтгэлээрээ хүсэн мөрөөдөж, түүнийг олохын төлөө зориулсан цаг, хичээл зүтгэл ба мөнгийг орхиж зөвхөн Есүсийг амьдралын зорилго болгон түүний төлөө л амьдрах нь үнэхээр хэцүү санагддаг. Миний гэм хэчнээн ноцтой, би өөрөө Бурханы өмнө адгийн гэмтэн гэдгээ гүн ухааран үзэн ядахгүй бол хүн гэмшиж чадахгүй юм. Хүмүүс гэмээс таашаал авдаг учир гэмших хэрэгтэйг мэддэг ч гэмшиж чадахгүй байдаг. Гэмийг үнэн шударгаар илчлэхгүй орхидог. Түр зуурын тайвшрал амсахын төлөө өнгөцхөн гэмшдэг. Заримдаа гэмшиж буй дүр үзүүлдэг. Амаараа гэмшсэн ч зүрхний бодол нь өөрчлөгддөггүй. Ингэж чинь сэтгэлээсээ гэмшихгүй бол тэнгэрийн хаанчлал буюу Есүсийн захиргааг жинхэнэ ёсоор амсаж чадахгүй. Гэмийн амьдралаар хэвээрээ мөн мэдлэг төдий гаднах итгэгчээр амьдардаг. Бид гэмээ гэмшихдээ, зүрхний гүн санаа бодлыг хүртэл гарган гэмших хэрэгтэй.
Өнөөгийн хүмүүс гэмийн тухай нухацтай боддоггүй нь гэмт амьдрал дэндүү энгийн хэвшмэл болсон учраас юм. Гэмийг “хүн юм чинь”, “сул дорой юм чинь” гэсэн үгээр өмөөрч зөвтгөдөг. Гэвч ингэж өөрийгөө зөвтгөн тайвшруулсан ч Бурханы гэмийн хэмжүүр нь хэчнээн өөрийгөө сул дорой гэж өмөөрч, зөвтгөсөн ч хэвээрээ байдаг. Тиймээс гэм нь том ч бай жижиг ч бай Бурханы өмнө шударгаар гэмших хэрэгтэй.
Давид Израиль улсын хаан байсан боловч Бурхан гэмийг нь илрүүлэхэд өөрийгөө зөвтгөн өмөөрөөгүй. Бурханы өмнө шударгаар гэмшихийн төлөө хэчнээн тэмцэлдсэнийг дуулал 51-р бүлгээс мэдэж чадна. Бурхан Ааваа намайг өршөөгөөч, намайг бүү орхиоч, Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач гэж удаан хугацааны турш нулимс асгаруулан чин сэтгэлээс гэмшлийн хатуу тэмцэл хийсэн. Тэгэхэд Бурхан түүнийг хүлээн авч тэнгэрийн хаанчлалын баяр хөөр ба амар тайвныг сэргээн өгсөн.
Харин Саул хааныг харвал тэрээр Бурхан гэмийг нь Самуэл зөнчөөр дамжуулан илрүүлэхэд эцэс хүртлээ өөрийгөө зөвтгөн өмөөрсөөр байсан. Тэрээр өөрийн нэр төр, шунаг сэтгэлээ Бурханаас илүү хайрласан юм. Нэр төрөө бодон түр гэмшиж буй мэт дүр үзүүлсэн ч уг үндсээрээ Бурханы өмнө гэмшихгүй байсан. Ийм түүний амьдрал болон түүний хүүхдүүдийнх нь амьдрал хүртэл өрөвдөлтэйгөөр дууссан.
Гэмшсэн хүн ба гэмшээгүй хүний төгсгөл тэнгэр газар шиг ялгаатай. Бид гэмээ хүлээн зөвшөөрөн гэмших маш хэцүү ичгүүртэй өөрийгөө алдах мэт боловч гэмшвэл тэнгэрийн хаанчлал бууж ирнэ. Хүн ямар түвшин ба зиндаанд байхаас үл хамааран хэн ч Бурханы өмнө гэмших хэрэгтэй. Гэмшил бол мөхлөөс амь уруу шилжих цор ганц зам билээ.
Тэгвэл баптист Иохан яагаад гэмшлийг тунхагласан бэ?
3-ыг үзээрэй. “Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа цөлд хашхирагч нэгний дуу нь Эзэний замыг бэлтгэцгээ, жимийг нь шулуун болгогтун гэнэ.” Энэ эшлэл нь цөлд хашхирах нэгний дуу буюу баптисч Иохан нь араасаа ирэх Христийн замыг бэлдэнэ гэсэн зөгнөл юм. Дээр үед хаан нь нэг газар залран очихдоо эхлээд элч илгээн замаа засуулан бэлддэг байжээ. Үүнчлэн бүх хаадын Хаан Есүсийн замыг бэлдэх нь Иоханы үүрэг байв. Мессиа ирэхийн өмнө Израилийн сүнсний байдал, говь цөл мэт байсан. Тэд Бурханы хайранд эргэлзэж, үл итгэж байсан. Дуулгаваргүй тэрслүү бардам сэтгэлээр гүн өвчилсөн байжээ. Ийм тэдний сэтгэл нь цөл мэт хатуу хуурай учраас, Мессиаг хүлээн авах, сэтгэлийн бэлтгэлгүй байсан. Энэ үед Баптисч Иохан гэмшлийн үгийг тунхагласнаар ард түмний уул шиг өндөрссөн бардам сэтгэл, гуу жалга шиг шантрал ба муу хувь заяанд хүлэгдсэн сэтгэл, шарх ба үл итгэлээр хазайсан сэтгэлийг тэгшилснээр Эзэний замыг бэлдэх нь түүний үүрэг байв. Баптист Иохан энэ үүргийг цөлд хашхирах дуу мэт итгэмжтэйгээр биелүүлсэн.
Дуу хоолой бол утга санааг дамжуулах багаж төдий юм. Мөн дуу хоолой нь утга санааг дамжуулсны дараа шууд алга болдог. Үүнчлэн Баптисч Иохан Мессиагийн замыг бэлтгэгчийн үүргийг гүйцээсний дараа замхарсан. Тэрээр шууд замхарсан тул хэн ч биш болсон мэт санагдана. Гэвч Бурханы өмнө тэрээр жинхэнэ агуу нэгэн болж, авралын ажилд хэрэглэгдсэн.
Үүргийг биелүүлж буй Иоханы бодит амьдрал ямар байсан бэ?
4-ийг үзээрэй. “Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад, бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв.” Баптисч Иохан тахилчийн удмын ганц хүүгийн хувьд гоёмсог хувцас өмсөн, амттай хоол идэн, гэртээ тав тухтай амьдарч болох байсан. Гэтэл тэрээр үүргээ биелүүлэхийн төлөө бүх эрхээ орхисон. Тэрээр гэр оронгүй цөлд амьдарч тэмээний хялгасан хувцас өмсөж амьдарсан. Хоол хүнс нь царцаа ба зэрлэг зөгийн бал байжээ. Үүнээс харвал олдвол идэж олдохгүй бол өлсдөг байсан байх. Түүний амьдрал нь эгэл жирийн гэхээс илүү дорд даруу байсан. Тэр ингэж идэж уух юманд хүлэгдэлгүй ийм амьдралыг сонгосон нь зөвхөн Бурханы даатгасан үүрэгт анхаарахын тулд байлаа. Түүний ийм амьдралаас сүнсний эрх мэдэлтэй Бурханы үг гарч ирсэн. Түүний амьдрал нь үүрэгт хүний зохистой амьдрал байв. Бид ч ярьж байгаа үгэнд эрх мэдэлтэй, үнэмшилтэй байх гэвэл үүрэгтээ зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй. Амаараа уран гоё сайхан, ярьдаг ч амьдрал нь өөр байвал хангинах цан төдий болно.
Баптисч Иохан гэмшлийг тунхаглах үед, ард түмний хандлага ямар байсан бэ? 5, 6-г үзээрэй: “Тэгэхэд Иерусалим ба хамаг иудей, Иордан хавийн бүх нутгийхан түүн дээр очоод нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
Цөлд хашхирсан Иоханы дуу хоолой хүмүүсийн мөс чанарыг нь хөндөж тэд гэмшлийн нулимстайгаар гэмийн хүнд ачааг тайлахын тулд гэм нүглээ улайн илчилж баптисм хүртэцгээсэн. Энэ нь хүмүүс тухайн цаг үеийн асуудал, эдийн засгийн болон улс төрийн асуудлаас болж, шаналж байгаа юм шиг харагдсан ч үнэндээ гэмийн асуудлаар зовж байсан гэдгийг харуулж байна.
Хүмүүсийн жинхэнэ хүсдэг үг нь гэмшлийн сайнмэдээ юм. Тиймээс сүнсний удирдагчдад хүмүүсийн зүрхэнд нуугдсан гэмийн асуудалд туслах зориг ба итгэл байх хэрэгтэй. Хоньдын сонсох дуртай зүйлийг л хэлбэл сайхан сэтгэлтэй хоньчин болж болох ч сүнсийг амьдруулдаг хоньчин болж чадахгүй. Тэдний сүнсийг өвчлүүлдэг гэмийн асуудалд туслахгүйгээр амийг аварч амьдруулж чадахгүй. Мөн тэр оюутан нь Есүстэй ч гүнзгий хайрын харилцаа тогтоож чадалгүй зүгээр өнгөцхөн ёс төдий харилцаатай байж байгаад аяндаа сентагаас алга болно. Хоньчин хүний хувьд хоньдын гэмийн асуудлыг нь хөндвөл зугтаах вий, харилцаа хагарах вий гэсэн айдас ба санаа зовуурь төрж магадгүй. Гэвч үнэн хайрын дотор гэмийн асуудалд нь туслахад тэд зугтахгүй бөгөөд хоньчны жинхэнэ хайрыг мэдрэх болно. Яагаад гэвэл тэд ч гэмийн ачааг тайлан шинэчлэгдэхийг ихэд хүсдэг учраас юм. Энэ цагт үнэн хайр ба итгэл дотор гэмийн асуудалд тусалснаар оюутан залуусыг авран, Есүсийн нэг шавийг өсгөдөг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Одоо 11-г үзээрэй. Бүх Израиль гэмшихэд баптисч Иохан тэдэнд Христийн тухай гэрчилсэн. “Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг ч авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.” Хүн ажил үйлчлэл нь амжилтад хүрэхэд бардам болоход амархан. Ард түмэн Иоханыг Христ биш үү гэх хүртэл түүний нэр алдар өндөрсөв. Харин энэ үед Иохан өөрийгөө дорд болгон идэвхтэйгээр Есүс Христийг гэрчлэв. Тэрээр Есүстэй өөрийгөө харьцуулан, Түүний шаахайг ч авч явах үнэ хүндгүй дорд нэгэн гэдгээ илэрхийлсэн. Иохан өөрийгөө ард түмнийг гэмшүүлэхийн төлөө усан баптисм хүртээх өчүүхэн ажил хийдэг боловч, Есүс бол хүний доторх гэмийг уг үндсээр нь ариусган шинэчилдэг Ариун Сүнсний баптисм хүртээдэг гэдгийг гэрчилсэн. Мөн Есүсийг буудайгаа саравчинд овоолж хальсыг нь унтаршгүй галаар шатаах Шүүгч болохыг гэрчилсэн(12). Иохан өөрийн хязгаарыг ийнхүү зөв ойлгон хэр хэмжээнээсээ хэтрээгүй. Тэрээр Есүсийн замыг бэлтгэгчийн хувьд ард түмнийг Есүс уруу чиглүүлэн Түүнтэй уулзахад тусалсан. Тэрээр үнэхээр агуу үүрэгтэй зарц байлаа.
Гэмшихэд ирдэг тэнгэрийн хаанчлалын ерөөл /13-17/
13-ыг үзээрэй. “Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. Уг нь Есүс Бурханы Хүү ямар ч гэм зэмгүй учраас баптисм хүртэх шаардлагагүй байв. Тиймд Иохан гайхан “би Танаар баптисм хүртэх учиртай атал та над дээр ирэх нь энэ үү” хэмээн татгалзсан. Гэтэл Есүс юу гэсэн бэ? “Одоо ёсоор нь болго ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна” гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв(15). Есүс Өөрийн гэмээс болж баптисм хүртэх бус зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн төлөө баптисм хүртэх ёстой гэв. Эндээс аливаа зөвт байдал гэдэг нь Есүсээр дамжуулан биелүүлэх гэж байгаа Бурханы авралын ажил юм. Есүс Бурханы авралын ажлыг биелүүлэхийн төлөө Өөрөө гэмтэй биш боловч Өөрийгөө гэмтэн мэт болгож баптисм хүртсэн. Үүгээр зогсолгүй Есүс гэмт хэрэгтэн мэт загалмайн шийтгэл хүртэл амссан. Есүс ингэснээр Бурханы бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.
Мөн Есүс Иоханаар дамжин баптисм хүртсэн нь хуучин гэрээний үеэс Иохан хүртэл эш үзүүлэгч нараар хийгдэж ирсэн. Бурханы авралын ажлыг албан ёсоор залгамжлан авснаар Бурханы зөвт байдлыг гүйцээж буй хэрэг юм. Есүс Бурханы хүүгийн хувьд авралын ажлыг өөрийнхөөрөө цоо шинээр эхлүүлж болох ч төлөв даруугаар эш үзүүлэгч нараар дамжуулан хуучин гэрээнд зөгнөгдсөн авралын ажлыг залгамжилсан юм. Мөн Есүс ийнхүү баптисмаар дамжуулан, Мессиагийн албан ёсны үйлчлэлийг эхэлснийг зарлан тунхагласнаар зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.
16-г үзээрэй. “Есүс нь баптисм хүртээд голын уснаас даруй гарах үед гэнэт тэнгэр заагдаж Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа.” Есүс баптисм хүртэж уснаас гарахад тэнгэр заагдсан. Энэ нь Бурхан хүмүүн хоёрын гэмээс болж тасарсан харилцаа нь Есүсээр дамжуулан жинхэнэ эвлэрлийн түүх эхэлснийг харуулж байна. Мөн Бурханы Сүнс тагтаа мэт буун ирсэн нь Есүсийн зан чанар ба Түүний хийх үйлчлэл ажлын мөн чанарыг сайн харуулж байна. Тагтаа бол, дөлгөөн даруу, цэвэр ариун, ба амар тайвныг бэлгэддэг. Есүсийн зан чанар нь ч ийм байдаг. Түүний ажил үйлчлэл нь хүчээр айлган, эрх мэдлээр сүрдүүлэх бус дөлгөөн даруугаар үйлчилдэг бөгөөд хүмүүст амар тайвныг өгдөг, үйлчлэл болно гэдгийг харуулж байна. Мессиагийн үйлчлэл ийнхүү Ариун Сүнс буун ирснээр эхэлсэн(Иса 61:1,2). Авралын ажил нь муу ёрын сүнснүүдийн эсрэг дайн учраас тэдгээрийг зайлуулахын төлөө Есүс Ариун Сүнсээр дүүрэн болох хэрэгтэй байв. Үүний төлөө Ариун Сүнсээр баптисм хүртсэн. Бурханы авралын ажил нь бидний хүч ба мэргэн ухаанаар хийж чадахгүй учраас дээрээс Ариун Сүнсний хүчийг авах хэрэгтэй.
17-г үзээрэй “Тэнгэрээс -Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.” Бурхан хүн төрөлхтний авралын ажлыг биелүүлэхийн төлөө өөрийгөө дорд болгон золиосолж буй Есүсийг ихээр таалсан. Тэгээд хайрт Хүү хэмээн тамгалан урамшуулсан.
Дүгнэлт: Энэхүү зарлигаар дамжуулан Бурханы өмнө өөрийн байгаа байдлаа бодитоор харж гэмших боломж өгч байгаад баярлалаа. Мөн Бурханы үгийг дамжуулагч, хэрэгжүүлэгч байх хэрэгтэйг сурч авлаа. Бурхан намайг энэ цаг үеийн Баптисч Иохан адил дуудан хоньдын хоньчноор удирдаж байгаад талархаж байна. Есүс энэ дэлхийд ирэхдээ авралыг авчраад зогсохгүй шийтгэлийг ч мөн авчирсан. Энэ үнэнийг хэзээ ч мартахгүй байхад туслаарай. Хэрвээ гэмшиж Эзэн руу эргэхгүй бол эцэст нь гэмийн шийтгэл хүлээж байгаа гэдгийг сануулж өгсөнд баярлалаа. Би таны өгсөн хоньдуудад Эзэнийг хүлээн авах зүрх сэтгэлийг бэлтгэх библийн хичээл хийх ёстой гэдгийг ухаарч авлаа. Цаашид Эзэний үгээр үйлчилж, оюутан залуусыг зүрх сэтгэлийг Эзэн Есүс Христийг хүлээн авахад бэлдэж чадахад удирдаж өгөхийг хүсэн гуйж байна. Бурханы үгийг дамжуулагч, хэрэгжүүлэгдэг амьдралаар удирдаж өгөхийг хүсэн гуйж байна.
Энэ цагт “гэмшицгээ тэнгэрийн хаанчлал айсуй” гэсэн дуу хоолойг сонсож чадахыг хүсэн гуйж байна. Өөрийгөө зөвтгөн янз бүрийн шалтаг тоочилгүй, гэм нүглээ улайн, чин сэтгэлээсээ гэмшсэнээр Ариун Сүнсний баптисм хүртэхийг хүсэн гуйж байна. Тэгэхэд бид бүхний дотор тэнгэрийн хаанчлал буун ирнэ гэдэгт итгэж байна. Мөн үүгээр зогсохгүй тэнгэрийн хаанчлалыг алдан сатаны захиргаанд буй оюутан залууст баптист Иохан шиг тэнгэрийн хаанчлалын сайнмэдээг зоригтой тунхагладаг үүрэгт амьдралаар амьдрахыг хүсэн гуйж байна.
Энэ цаг үеийн хүмүүс Бурханы дуу хоолойг сонсохыг хүсдэггүй. Ялангуяа шийтгэл, шүүлтийн тухай бүр ч сонсдоггүй. Ийм л үед Бурхан биднийг Иохан шиг гэмшлийг тунхаглуулахаар дуудаж байгаад баярлалаа. Бурханы мэлмийд ямар хүн үнэ цэнтэй вэ? Иохан адил ярьж, үйлчилж байгаа хүн үнэ цэнтэй юм. Бурханы өмнө үнэ цэнтэй амьдралаар амьдарцгаая. Амен.

өмнөх нийтлэл2023 оны Ром 12 дугаар номлол (01.22) Эбэ Матай
Дараагийн нийтлэл2023 оны Матай 2-р номлол (02.05) Ж.Мөнхтулга