ӨӨРСДИЙГӨӨ ЗОРИУЛСАН АНХНЫ ЧУУЛГАН
Үйлс 2:42-47
Гол эшлэл 2:42
“Тэд элч нарын сургаал, нөхөрлөл, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа”
Үйлс 2-р бүлгийн эхний хэсгийг харвал Пентэкостын өдөр элч нар хамтдаа цуглан залбирч байх үед Ариун Сүнс хүчтэй буун ирсэн бөгөөд, энэ үед элч Петр Ариун Сүнсээр дүүрч ард олныг зүрх сэтгэлийг зүсэх мэт Есүсийг Аврагч Христ хэмээн тунхагласан тухай гардаг. Энэхүү Петрийн сургаалыг олон хүмүүс хүлээн авч баптисм хүртэцгээж, тэр өдөр гурван мянга орчим хүн итгэсэн байдаг. Олон хүн гэмшиж, баптисм хүртсэн нь итгэгчдийн хувьд зөвхөн эхлэл байсан бөгөөд энэ нь анхны чуулганы эхлэл байсан.
Өнөөдрийн хэсэгт энэ анхны чуулганы итгэгчид өөрсдийгөө хамгийн түрүүнд юунд зориулсан бөгөөд энэ үед Ариун Сүнс хэрхэн хүчтэй ажиллаж, үргэлжлүүлэн аврагдагсдын тоог нэмж байгаа тухай гарч байна. Эндээс бид аливаа чуулган нь юунд өөрсдийгөө зориулах ёстойг сурч болно. Өнөөдөр манай чуулган энэ л анхны чуулганы дүр төрхийг дуурайн, хэрэгжүүлснээр сайнмэдээний үнэн дээр суурилж, Ариун Сүнс бидний дунд хүчтэй ажилласнаар, энэ цаг үеийн оюутан залуусыг аврах ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
1. Сургаал, нөхөрлөл, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулсан(42)
Элч Петрийн гэрчлэлрээр дамжуулан анхны чуулганд нэг дор гурван мянган хүн шинээр нэмэгдсэн. Тэгвэл анхны чуулганы итгэгчид хамгийн түрүүнд юу хийсэн бэ?
42-р эшлэлийг үзээрэй “Тэд элч нарын сургаал, нөхөрлөл, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа” гэж байна. Эндээс харвал тэд 4-н зүйлд өөрсдийгөө зориулсан гэж байна. 1-рт Элч нарын сургаалд өөрсдийгөө зориулсан, 2-р нөхөрлөлд өөрсдийгөө зориулсан, 3-рт талх хуваалтад өөрсдийгөө зориулсан, 4-рт залбиралд өөрсдийгөө зориулсан. Тэднийг эдгээр зүйлсэд өөрсдийгөө зориулах үед Ариун Сүнс тэдний дунд улам хүчтэй ажиллаж, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлсэн. Анхны чуулганы итгэгчид өөрсдийн амьдралыг эдгээр 4-н зүйлд зориулах үед Бурхан тэднийг ерөөж тухайн цаг үеийн авралыг улам үргэлжлүүлэн хийсэн юм.
1-рт Элч нарын сургаалд өөрсдийгөө зориулан амьдарсан.
Анхны чуулганы итгэгчдийн хамгийн түрүүнд өөрсдийгөө зориулсан зүйл нь элч нарын сургаал буюу Бурханы үг байсан. Тухайн үед одоогийнх шиг бичигдсэн библи байгаагүй. Тиймээс элч нар Есүсийн зааж байсан сургаал болоод Есүс энэ дэлхийн хэрхэн амьдарсан, хэрхэн үйлчилж байсан талаар итгэгчдэд зааж сургадаг байв. Есүс Тэнгэр өөд явахаас өмнө шавь нартаа бүх үндэстнийг дагалдуул “Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” (Мт 28:20) хэмээн тушаасан байдаг. Тиймээс элч нар энэ л тушаалын дагуу итгэгчдэд Есүс судрын дагуу нас барж, судрын дагуу дахин амилсан бөгөөд цор ганц Аврагч гэдгийг тэдэнд заан сургасан. Мөн бүх хүн гэмтэй бөгөөд, гэмшиж, гэм нүглийн уучлалын төлөөх, Есүс Христийн нэрээр баптисм хүртэх хэрэгтэй гэдгийг заасан. Тухайн үеийн элч нарын сургаал эрх мэдэлтэй байсан бөгөөд, итгэгчид элч нарын сургаалыг эмээн хүндэтгэх сэтгэлээр хүлээн авч, итгэн, дуулгавартай дагасан. Өөрөөр хэлбэл анхны чуулганы итгэгчдийн хамгийн гол суурь нь Бурханы үгийг сурахад өөрсдийн амьдралыг бүрэн зориулдаг хүмүүсийн нэгдэл ба цуглаан байсан.
Эндээс харвал сүм, чуулган нь хүмүүнлэгийн, сайн үйлсийн эсвэл сонирхол, хобби, ашиг орлогын төлөөх байгууллага эсвэл хүмүүсийн нэгдэл биш. Харин Бурханы үг төвтэй буюу Есүсийн үг ба сургаалыг сурах, судлах, амьдралдаа хэрэгжүүлэн дагах, бусдад зааж дамжуулдаг хүмүүсийн нэгдэл ба цуглаан юм. Ингэж аливаа сүм чуулганы гол зорилго ба суурь нь Бурханы үг ба сургаал гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Чуулган Бурханы сургаалыг гол суурь болгох үед янз бүрийн үзэл бодолтой, нийгмийн давхарга, байр суурь ялгаатай, боловсролын түвшин өөр байх зэргээс үл хамаарч, Ариун Сүнс хүн хүн нэг бүрд үгээр дамжуулан гэмшил, ухаарлыг өгч Бурханы дотор нэг чуулган болдог.
Манай чуулган нь 7 хоног бүр 1:1-ны библийн хичээлээр дамжуулан Бурханы үгийг суралцан, бусдад дамжуулдаг бөгөөд сэтгэгдэл бичих, Өдөр бүрийн хоол зэрэг нь Бурханы үгэнд өөрсдийгөө зориулж буй нэг хэлбэр юм. Тиймээс хувь хүн бүр өөрсдийгөө Бурханы үг ба сургаалд зориулан амьдарцгаая хэмээн уриалж байна.
2-рт Нөхөрлөлд өөрсдийгөө зориулан амьдарсан
Итгэгчдийн дундах нөхөрлөл нь нийгмийн хүмүүсийн нөхөрлөлөөс тэс өөр байсан. Нийгмийн хүмүүсийн нөхөрлөл нь хувийн ашиг сонирхол, хобби дээр тулгуурладаг. Тиймээс жинхэнэ нөхөрлөлийг бий болгож чаддаггүй. Харин анхны чуулганы итгэгчдийн дундах нөхөрлөл нь элч нарын сургаал буюу Бурханы үгэнд суурилан нөхөрлөдөг байсан. Тэд элч нарын сургаалаар дамжуулан юуг сурсан, юуг ойлгосон, юуг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой, юуг гэмших хэрэгтэй зэргээ бусадтайгаа ярилцан хуваалцаж нөхөрлөдөг байв. Өөрөөр хэлбэл Бурханы үгээр юуг гэмших хэрэгтэй, Бурханы үгнээс ямар ивээлийг авснаа хуваалцан нөхөрлөдөг байв. Тиймээс Анхны чуулганы итгэгчид Есүсийн дотор бие биедээ шинэ сэтгэл, шинэ хандлага, шинэ үзэл бодлоор ханддаг учраас жинхэнэ сүнслэг нөхөрлөлийг бий болгож чадсан. Өнөөдөр бид үүнийг сэтгэгдлийн цуглаантай зүйрлэж болно. Бид 7 хоног бүр сэтгэгдэл бичиж, бие биедээ сурсан зүйлээ хуваалцдаг. Оюутнуудын сэтгэгдлийн цуглаан гэж 7 хоног бүр чуулганаараа хийдэг. Энэ цагаар дамжуулан бие биедээ хайр ивээлээ хуваалцаж, бие биеэ ойлгох, бие биенээ сонсох, бие биеэ мэдэх, бие биеийхээ төлөөх залбирал авдаг цаг юм. Энэ л нөхөрлөл нь итгэгчдийн дунд жинхэнэ зөв сүнслэг нөхөрлөлийг бий болгодог. Бид өнгөрсөн жилээс эхлэн сэтгэгдлийн цуглааныг хэсэг бүртээ хийхээр болсон. Тиймээс энэ жил хэсэг бүр сэтгэгдэл хуваалцах цуглааныг заавал гаргаж, үүнд өөрсдийгөө зориулснаар жинхэнэ сүнслэг зөв нөхөрлөлийг байгуулж чадахыг хүсэн гуйж байна.
3-рт талх хуваалтад өөрсдийгөө зориулсан
Есүс загалмайд цовдлогдохынхоо өмнө элч нартай дээгүүр өнгөрөх баярын үеэр талх хуваан идсэн байдаг. Тэр үед Есүс шавь нартаа “Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” хэмээн хэлсэн байдаг(Мт 22:19). Тэд энэ л Есүсийн үгийн дагуу талх хувааж идэх бүрд, өөрсдийнх нь төлөө өргөгдсөн Есүсийн биеийг санаж, миний төлөө загалмайд нас барсан Есүсийг дурссанаар, гэмийн хүч ба хүлээс, боолчлолоос чөлөөлөгдсөн гэдгээ дахин дахин санаж, Бурханы өгсөн ивээл ба баяр хөөрийг дүүрэн эдэлдэг байсан. Өөрөөр хэлбэл тэд талх хуваалтаар дамжуулан байнга Есүсээс авсан авралын хайр ивээлийг санадаг байв.
Мөн талх хуваалт нь хамтдаа хооллоход өөрсдийгөө зориулсан гэсэн утгатай. Ихэвчлэн ямар хүмүүс хамтдаа байнга нэг ширээн хооллодог вэ? Тэр бол нэг гэр бүлийн гишүүн хүмүүс юм. Тэгэхээр хамт хооллоно гэдэг нь тэд бие биеэ Бурханы дотор нэг гэр бүл болсны илэрхийлэл. Тэгэхээр анхны чуулганы итгэгчид хамт хооллосноор бие биенээ нэг гэр бүл хэмээн чухалд тооцож, бие биеэ хайрлан, хүндэтгэхэд өөрсдийгөө зориулсан. Тиймээс чуулганы хүмүүс хамт хоол идэх нь зүгээр нэг цадаж, ходоод дүүргэхийн нэр биш бөгөөд нэгэн гэр бүл болсны илэрхийлэл бөгөөд цаашлаад бүр Есүсийн зовлонг дурсан санадаг сүнслэг гүн гүнзгий утга учиртай гэдгийг мартаж болохгүй. Манай цуглаан бүтэнсайн өдөр цуглааны дараа хоол иддэг, хэсгээрээ энд тэнд хоолонд ордог, зарим нь гэр бүл хоньчдын гэрт очоод хоол иддэг, хоньчид оюутан хоньдууддаа хоол авч өгдөг зэрэг нь утга учиртай юм. Тиймээс бүгдээрээ энэ жил оюутан залуучууд, хамтран зүтгэгч нараа, хэсгийн гишүүддээ хоолоор үйлчлэхэд өөрсдийгөө зориулснаар бие биедээ Есүсийн хайр ба загалмайн утга учрыг бодитоор харуулан амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
4-рт Залбиралд өөрсдийгөө зориулсан: Анхны цуглааны итгэгчид залбиралд өөрсдийгөө байнга зориулдаг байсан. Учир нь гэвэл чуулганы итгэгчид залбирахгүй л бол тухайн чуулганд Бурханы хүч ба гайхамшиг, Ариун Сүнсний ажил явагдах боломжгүй. Яагаад гэвэл Есүс Христэд итгэдэг хүмүүсийн нэгдэл ба чуулган нь Бурхан оршин байдаг, Бурханыг магтан хүндэлдэг, Бурханыг гэрчилдэг, Бурханы удирдлага ба чиглэлийн дагуу явдаг газар юм. Тиймээс чуулган нь үргэлж Бурханд залбирч Бурханы удирдлага, чиглэлийг алхам бүр асуух хэрэгтэй. Аливаа жижиг том гэлтгүй бүхий л асуудал ба бэрхшээлийг Бурханд мэдүүлж, Бурханы удирдлага ба тусламжаар даван туулах хэрэгтэй. Тиймээс анхны цуглааны итгэгчид бүх зүйлийг Бурханд мэдүүлж, залбиралд өөрсдийгөө зориулсан.
Бурхан 1961 онд UBF чуулганыг үүсгэн байгуулагч Др. Самуел Ли, Сара Берри хоньчдын зүрх сэтгэлийг хөдөлгөн 1:1-ны библийн хичээлээр дамжуулан оюутан залуусыг аврах алсын харааг өгсөн. Тухайн үед Солонгос улс нь Японд эзлэгдсэний дараах үе байсан бөгөөд Солонгос орон нь хамгийн ядуу орнуудын нэг байсан. Гэвч хоньчид улс орныхоо ядуу буурай, харанхуй нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы өгсөн дуудлагыг биелүүлэхийн тулд сэтгэл нэгдэн залбиралд өөрсдийгөө зориулсан. Тэр үед Бурхан тэдний хичээнгүй залбирлыг сонсож, АНУ, Герман улс уруу мишионер илгээх үүд хаалгыг нээж өгсөн. 1980, 1990-ээд онд Бурхан Солонгос UBF-д хурдацтай өсөлтийг өгсөн. UBF чуулганы хэсэг бүр уулзах болгондоо сэтгэл нэгдэн залбирдаг байсан. Энэ үед Ариун Сүнс хүчтэй ажиллаж маш олон мишионер, бизнесмен, оюутнууд, элчин сайдын яамны ажилчид, үйлдвэрийн ажилчид зэргийг хүртэл илгээсэн. Эцэст нь UBF чуулган нь 18-19-р зууны үед дэлхийд хамгийн их мишионер илгээснээрээ дэлхийд 2-рт орох хүртэл ерөөгдсөн. Энэ бол анхны үеийн өөрсдийгөө залбиралд зориулсны үр дүн байсан. Өнөөдөр манай чуулган ч гэсэн залбиралд өөрсдийгөө зориулах үед Бурхан бидний дунд, бидний төсөөлшгүй аргаар ажиллах болно. Тиймээс бид энэ жил өглөөний гуйлт, хэсгийн гуйлтын цаг, сар бүрийн залбирлын цуглаан, гэр бүлийн залбирал зэрэгт өөрсдийгөө зориулснаар залбирдаг чуулган болж чадахыг хүсэн гуйж байна.
Ийнхүү анхны чуулган дээрх 4 зүйлд өөрсдийгөө зориулах үед юу болсон бэ?
2. Өдрөөс өдөрт аврагдагсад нэмэгдсэн (43-47)
43-р эшлэлийг үзээрэй. “Хүн бүрд айдас байлаа. Элч нараар олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв” гэж байна. Анхны чуулганы итгэгчид өдөр бүр өөрсдийгөө дээрх 4-н зүйлд зориулах үед хүн бүр өдөр тутмын амьдралдаа Бурханы ажлыг бодитоор амсах болсон. Мөн элч нарын гараар олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдсэн. Тиймээс тэд айдсаар дүүрэн болсон. Анхны чуулганы итгэгчдийн хувийн амьдрал болоод эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралд өмнө нь хэзээ ч болж байгүй зүйл болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан тэдний дунд ажиллаж байна гэдгийг харсан учраас айдсаар дүүрсэн. Эндээс бид аливаа чуулганы итгэгчид дээрх 4-н зүйлд өөрсдийгөө зориулан амьдрах үед Бурхан итгэгчдийн хувийн амьдрал төдийгүй чуулганы дунд бодитоор ажиллаж, өмнө нь болж байгаагүй гайхамшиг, тэмдгүүд буюу Ариун Сүнсний ажил явагддаг гэдгийг сурч болно.
44,45-р эшлэлийг үзээрэй. Тэд бүх зүйлийг нийтийн болгон хэрэглэсэн. Анхны чуулганы итгэгчид Есүс Христийн цусаар дамжуулан нэг гэр бүл болсон учраас дотроо бүх зүйл нь нийтийнх болгон хэрэглэсэн. Миний юм, чиний юм гэж ялгалгүйгээр хэрэгцээ гарвал хамтдаа хэрэглэдэг болсон. Тэд яаж ингэж чадсан бэ? Тэд Есүсийг дахин ирнэ гэдэгт бат итгэлтэй байсан учраас энэ дэлхийн зүйлсэд хүлэгдэлгүй, Есүсийн төлөө амьдарч байсан учраас тэд үүнийг хийж чадсан. Энэ бол Бурханы энэ дэлхийд бий болгосон Христ төвтэй чуулганы дүр төрх юм.
Манай чуулган ч бас өнөөдрийг хүртэл Бурхан ивээл ба хоньчдын золиос зориулалтаар явж байна. Анхны чуулганы итгэгчдийн адил зүрх сэтгэлээ зориулж, бүх эд зүйлсийг нийтийн дунд хэрэглэж, өөрсдийн гэх зүйлсээрээ бусдын хэрэгцээнд зориулан үйлчилдэг. Чуулганы бүх зүйл хэн нэг хүний хувийн өмч, эсвэл хэн нэг хүнд харьяалагдах зүйл байхгүй. Бид бүгдийнх учраас бидний анхааран, хариуцах зүйлс юм. Зарим гэр бүл хоньчид чуулганд хэрэгцээтэй зүйлсийг харамгүй зориулан авч өгдөг. Сандал, ус буцалгагч, шкаф, хуримын хэрэгсэл гэх мэт. Мөн Бурханы үгийн дагуу орлогын аравны нэг, бүтэнсайны өргөл, талархлын өргөл гэх мэтээр өргөдөг. Энэ бүгд нь анхны чуулганы итгэгчид шиг өөрт байгаа зүйлсийг бусдын хэрэгцээнд зориулж байгаа нэг хэлбэр юм. Бурхан манай чуулганд золиос зориулалт гаргадаг олон хоньчдыг зөвшөөрч өгсөн Бурханд бүх алдрыг өргөж байна.
Одоо 46,47а-г үзээрэй. Анхны чуулганы итгэгчид өдөр бүр нэг сэтгэлээр сүмд цугладаг байсан. Тухайн үед итгэгчид хамтдаа цугларах чуулганы байр гэж байхгүй байсан учир Иерусалим дахь Ариун сүмийн нэг хэсэг болох Соломоны талбайд цуглардаг байсан. Энэ бол одоогийнхоор бүтэнсайн өдрийн албан ёсны нэгдсэн хүндэтгэлийн цуглаан юм. Тэд албан ёсоор элч нарын сургаалыг сонсож, хамтдаа сэтгэл нэгдэн залбирч, Бурханыг магтан дуулахаар цугладаг болсон.
Эцэст нь юу болсон бэ? 47б-г эшлэлийг үзээрэй. “Эзэн аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” Ийнхүү итгэгчид өөрсдийгөө Бурханд зориулах үед, Ариун Сүнс хүчтэй ажиллаж хаанчлалыг тэлэх, олон хүнийг аврах ажилд хэрэглэсэн. Эндээс харвал Чуулган нь Бурханы үг төвтэй, сүнслэг нөхөрлөлийг бий болгон, талх хуваалт ба залбиралд өөрсдийгөө зориулах үед шинэ амийг төрүүлэх буюу аврагдагсдыг нэмэх авралын ажлыг хийдэг гэдгийг сурч болно. Бурхан энэ мэт анхны чуулганы итгэгчидтэй адил өөрсдийн амьдралыг тасралтгүй Бурханд зориулж буй газар шинэ амийг төрөн гаргадаг газар болгон хэрэглэдэг. Эндээс бид нэг зүйлийг сурч болно. Ариун Сүнс хаана хүчтэй ажилладаг вэ? Бурхан ямар газрыг авралын ажилд нандинаар хэрэглэдэг вэ?, Бурхан аврагдагсдын тоог хаана нэмэгдүүлдэг вэ? Өнөөдрийн үгнээс харвал Бурханы үгэнд өөрсдийгөө зориулан амьдардаг, сүнслэг нөхөрлөлд өөрсдийгөө зориулдаг, хамтдаа гэр бүл мэт бие биеэ хайрлан хооллодог, залбиралд өөрсдийгөө зориулдаг тэр л газар ба хүмүүсийн нэгдэл ба чуулганыг Бурхан хэрэглэдэг гэдгийг сурч болно. Тиймээс энэ жил манай чуулган дээрх 4-н зүйлд өөрсдийгөө зориулснаар шинэ амийг төрүүлдэг, аврагдагсдыг нэмдэг газар болон хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бид өнөөдрийн номлолоос анхны чуулганы итгэгчид нь Бурханы үгийг төв болгох, сүнслэг нөхөрлөлийг бий болгох, хамтдаа талх хуваан хооллох, хамтдаа нэгдэн залбирах зэрэг 4-н зүйлд өөрсдийн амьдралыг зориулан амьдарсан гэдгийг сурлаа. Ийнхүү итгэгчид өөрсдийн амьдралыг Бурханы төлөө зориулах үед Бурхан тэдний дунд хүчтэй Ариун Сүнсээр ажиллаж аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлсэн. Бурхан манай чуулганд 2023 онд өнөөдрийн зарлигийг өгч байна. Тиймээс чуулганы хүн нэг бүр, хэсэг бүр өнөөдрийн үгийг байнга санаж, дээрх 4-н зүйлд өөрсдийн амьдралыг зориулан амьдарцгаая хэмээн уриалж байна. Хажууд сууж байгаа хүнд хэлээрэй “Элч нарын сургаал, нөхөрлөл, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулъя” гэж. Бид энэ жил энэ л үгийн дагуу амьдрах үед оны төгсгөлд Эзэн бидэнд аврагдсан оюутнуудын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна. АМЕН.