2023 оны Исаиа тусгай номлол (01.08) Галаа Петр

Үзэгтүн, Би шинэ зүйл хийх болно

Исаиа 43:1-21
Гол эшлэл 43:19

“Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд Тэр нь одоо соёолж гарна.Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би зэлүүд газар зам тавьж, цөлд гол урсгана.”

Исаиа номыг МЭӨ 740-680 оны хооронд 60 жилийн турш эш үзүүлэгч Исаиа бичжээ. 1-39 бүлгүүд нь израилчууд төдийгүй бусад хаант улсуудын шүүлт болон шийтгэлийн талаар өгүүлдэг, 40-66-р бүлгүүд нь сонгосон ард түмэндээ хандсан Бурханы агуу хайр, аврал ба найдварын тухай эш үзүүллэгүүд юм.
Харин одоо бидний үзэх 43-р бүлэг нь Вавилонд олзлогдон амьдарч буй израильчууд чөлөөлөгдөж нутаг уруугаа буцан явах тухай зөгнөл юм.
Израильчуудын түүхийг харвал МЭӨ1400 оны үед /тухайн цаг үеэс 700-аад жилийн тэртээ/ Бурхан тэднийг Египетийн боолчлолоос чөлөөлсөн. Энэхүү агуу гайхамшиг, Бурханы хайр, чөлөөлөлтөөс хойш тэд гайхалтайгаар мандан бадарч явсан үе бий. Мөн нөгөөтээгүүр бас харь үндэстний эрхшээлд орон уруудан доройтож Бурханд орхигдсон мэт ялагдсан, цөхөрсөн үе ч цөөнгүй байсан. Мэдээж тэд өөрсдийн гэм буруу, бардамнал, харийн охид болон харийн бурхдад мөргөж, Эзэн Бурханаасаа нүүр буруулсан, завхарсан учраас Бурхан тэднийг ийнхүү шийтгэсэн юм.
Исаиа зөнчийн энэ зөгнөлөөс 100 жилийн дараа Израильчууд тухайн үеийн хамгийн хүчирхэг улс байсан Вавилоны колоничлол дор тарж бутран, үй олон хүн үхэж үрэгдэн, зовлон шаналалтай амьдрах болсон. Эзэн Бурхан Израильчуудад хилэгнэж аймшигтай дайны шийтгэлийг буулгасан билээ.
Гэсэн хэдий боловч Бурхан сүйрсэн мэт Израильчуудад авралыг, өршөөлийг тунхаглаж байна. Энэ аврал нь урьдынхаасаа илүү агуу, ер бусын “шинэ зүйл” байх болно гэж зөгнөж байна. Энэ “шинэ зүйл” нь өнөөдөр энд сууж байгаа та бид болон энэ цаг үед амьдарч буй бүх хүмүүст ч биелэгдэх юм. Өнөөдрийн үгээр дамжуулан Бурханы хийх “шинэ зүйл” гэж юу болохыг тунгаан бодож, итгэн найдаж, 2023 онд манай чуулан болоод бидний хүн тус бүрийн зүрх сэтгэлд Бурханы бүтээх шинэ зүйлийг дүүрэн эдэлж чадахыг хүсэн гуйж байна.
1. Израилыг хайрласаар байгаа Бурхан. (1-7)
Харин өнөөдрийн үгийг үзвэл 43:1, Харин (But) гэдэг үгээр эхэлдэг. Хэдий тийм боловч, гэвч гэсэн утга шилжих үгийг ашигласан байна. Энэ нь “Хэдийгээр та нар гэм нүгэлтэй, шийтгүүлсэн, орхигдсон мэт, цөхөрсөн, гомдсон, шантарсан ямар ч хүсэл найдваргүй болсон байсан ч” гэсэн утгатай.
1-7р эшлэлийг үзвэл энд 7-н зүйлийн талаар Эзэн дурдаж байна. 1-рт “Би бол чамайг БҮТЭЭГЧ шүү” гэж байна. 2-рт “Би чамайг зольсон” 3-рт “Чамайг Би нэрээр чинь дуудсан. Чи Минийх.” 4-рт “Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй” 5-рт “Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй” 6-рт “Би чамтай хамт байна” 7-рт “Үр удмыг чинь дорно зүгээс авчирна. Чамайг өрнө зүгээс цуглуулна.” Энэ бүгдийг нэг бүрчлэн сайн харах юм бол Израилд хандсан Бурханы хувиршгүй хайрын илэрхийлэл болохыг мэдэж болно.
Тэдний одоогийн нөхцөл байдлыг харвал тэргүүн үндэстэн байтугай, эсрэгээр улс үндэстнээрээ сүйрсэн, асаад дуусаж байгаа зул мэт байсан. Эзэн тэднийг орхисон гэж бодсон. Эзэн Бурханд орхигдсон гэж бодоход тэд үнэхээр гунигтай, айдаст автагдахаас өөр аргагүй байсан. Тэд цөхрөл, гомдол, Бурханд орхигдсон гэсэн айдастай амьдарч байсан. Ямар ч хүсэл найдвал үгүй болсон байсан. Эзэн Бурхан маш олон удаа израильд хандан анхааруулга болгон гэмшлийг тунхаглаж байсан ч тэд дахин дахин бурууг үйлдэж, гэм нүгэл дотроо амьдарсан. Улмаар Бурханы хайранд эргэлзэж, гомдоллож, айдаст автагдан, орхигдсон мэт амьдарсан ч, ийм тэднийг Эзэн Бурхан дуудаж “Иаков аа, Израил аа, бүү ай. Би та нарыг огтхон ч орхиогүй ээ, Би бол та нарыг Бүтээгч байна аа, та нарыг их үнээр золин авсан Нэгэн Би шүү дээ, Би та нарыг нэрээр чинь дуудсан шүү дээ, яаж би та нарыг орхиж, мартаж чадах юм бэ? Би та нарыг гал болон усан дундуур явуулахгүй гэж хэлээгүй ээ, та нар гал болон усан дундуур явах болно гэсэн ч Би хамгаалсаар байх болно, Би хамт байсаар байгаа шүү дээ Та нар бол Миний нүдэнд үнэтэй, хүндтэй юм шүү дээ. Хэдий нөхцөл байдал ийм хүнд хэцүү байгаа ч Би та нарыг 4 зүг 8 зовхисоос цуглуулах болно” гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл Бурхан бүтээсэн, сонгосон ард түмнээ гүн гүнзгий хайраар хайрласан, тэр нандин хайрын харилцаа хэзээ ч тасрахгүй, арилахгүй мөнхөд хэвээрээ байгаа, байх болно гэж хэлж байгаа тайтгаруулал ба хайрын үг юм. Амен.
Өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн, Египетийн боолчлолоос аварсан, ариун ард түмэн, тахилч улс болгосон. Бурхан Израильд өнгөрсөн хугацаанд ямар харилцаатай байж, яаж удирдсанаа сануулсан. Тиймээс та нар “Бүү ай” хэмээн дахин дахин хэлж байна. Энэхүү Бурханы үг нь “одоо хүртэл Би та нарыг нэг ч удаа орхиогүй, цаашид ч үүрд орхилгүй хамт байх болно” гэсэн амлалтын үг юм. Амен
Одоо 10б, 11-р эшлэлийг үзээрэй. “Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч гэж байхгүй. Би, зөвхөн Би ЭЗЭН, Надаас өөр Аврагч үгүй.” Өөр Бурхан, өөр аврагч гэж байхгүй гэдгийг маш ойлгомжтой хэлж байна. Хэдийгээр хонины арьс нөмөрсөн чоно, хуурамч багш нар, өөрийгөө Христ, элч гэх хүмүүс олон гарч ирэн хүмүүсийг хууран мэхлэх боловч бид цорын ганц Бүтээгч Бурханд итгэдэг гэсэн бат итгэлтэй байж, бусдад урам зоригтой тунхаглан амьдрах хэрэгтэйг үргэлж санах хэрэгтэй. Тэрээр цааш нь “Би мэдүүлж, Би аварч, Би тунхагласан юм, Би бол Бурхан,” Надад хэн ч саад болж чадахгүй хэмээн тунхаглаж байна.
Түүхийн бүх он жилүүдийн туршид Бурханы авралын ажил хэзээ ч зогсоогүй. Тэр Хаадыг босгодог, бас унагадаг, Тэр хаадын зүрхийг удирддаг. Түүхийг бүтээгч нь цор ганц Бурхан Өөрөө юм. Тэрээр өнөөдөр ч гэсэн бүх улс үндэстнүүдийг, бүх захирагч, ноёдыг удирдсаар л байна. Амен
14-р эшлэлийг үзээрэй. Бурхан израильчуудад Вавилоноос хэрхэн тэндийг чөлөөлөх талаар бодит авралын төлөвлөгөөг мэдүүлсэн. “Израилын Ариун Нэгэн, та нарыг Золигч, Эзэн ингэж айлдаж байна. Та нарын тусын тулд Би Вавилон руу илгээн тэднийг бүгдийг нь оргодлууд болгоно. Онгоцон дотроо баясаж байсан халдеичууд ч зугтана.” Эзэн Бурхан Израильчуудыг аврахын тулд Вавилон руу нэг хүнийг илгээх бөгөөд тэр хүн бол Персийн агуу хаант улсыг үүсгэн байгуулах Кореш хаан байх болно хэмээн зөгнөн хэлж байна.
Тухайн үеийн хамгийн хүчирхэг, хамгийн том улс байсан Вавилон улсыг бут цохиж устгасан Перс улсын Кореш хаан нь Эзэн Бурханы зөгнөсөн ёсоор Израильчуудад сайхан сэтгэлээр хандах болно. Вавилон Улсад олзлогдон боолоор амьдарч байсан Израильчуудыг чөлөөлж, эх нутаг уруу нь буцан явах тушаалыг тэр гаргана. Тэдэнд эрх чөлөө өгч, сул явуулах төдийгүй тэдэнд хэрэгтэй, хүссэн бүхнээр нь хангах болно. Янз бүрийн бараа таваар, эд хөрөнгө өгч тэднийг хамгаалах цэргүүд, хотууд болон хилийг саадгүй нэвтрэх зөвшөөрлийг хүртэл өгдөг. Тухайн үед Вавилон улс сөнөж Израильчууд чөлөөлөгдсөн уг үйл явдал нь 1000-д нэг тохиох, боломжгүй зүйл боломжтой болсон гайхамшигтай хэрэг байв. Эзэн Бурхан зөнч Исаиагаар зөгнөж хэлсэн уг зүйл нь 150 жилийн дараа бодитоор бий болох хүртэл хэн ч итгэмээргүй боломжгүй зөгнөл байсан.
Тиймээс Эзэн Бурхан Өөрийн ийм зөгнөлийг Израильчуудад итгүүлэхийн тулд Египетээс чөлөөлсөн түүхэн үйл явдлыг дурджээ.
15-17-р эшлэлүүдийг үзээрэй. “Би Эзэн, та нарын Ариун Нэгэн, Израилын Бүтээгч, танай Хаан. Тэнгис дундуур зам, хүчит усан дундуур харгуй гаргагч Эзэн ийнхүү айлдаж байна. Тэрээр тэрэг ба морьд, их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг. (Тэд хамтдаа хэвтээд, дахин босохгүй. Тэд бөхсөн зул мэт унтарч замхарна.)”
Энэхүү зөгнөлийн цаг үеэс 700 жилийн өмнө Египетэд боолчлогдон амьдарч байсан израильчуудад Египетээс чөлөөлөгдөж Палестийн нутаг дэвсгэрт улс үндэстэн байгуулна гэдэг нь төсөөлшгүй байжээ. Гэвч Эзэн Бурхан Мосэ гэгч нэг удирдагчийг 80 жил бэлтгэж, Египетэд 10 янзын гай гамшиг буулгаж Израилыг чөлөөлсөн. Улаан тэнгисийг хувааж хуурай газар мэт болгон Израильчуудыг гаргаад, араас нь хөөн ирж буй Фараоны хүчтэй тэрэг ба морьд, их цэргүүдийг цохиж устгасан билээ. Үүний адилаар өнгөрсөн хугацаанд, 2022 оны турш хүн нэг бүрийг янз бүрийн ус болон гал дундуур удирдсан байх, амжилттай, ялалт байгуулсан, баяр хөөрөөр дүүрэн жил ч байсан байх. Мөн ялагдал, урам хугарсан, шантарсан, цөхөрсөн ч бай Бурханы хайранд итгэж түшиглээрэй. Бурхан сонгосон, хайрын харилцаа хэзээ ч арилахгүй мөнхөд хэвээрээ байх болно. Амен
2. Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ
Одоо 18,19-р эшлэлийг үзээрэй. “Урьдын юмыг бүү дурсагтун. Эртний юмыг бүү бодогтун. Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд”
Бурхан Израильчуудад урьдын юмсыг бүү дурсагтун, эртний юмсыг бүү бодогтун гэж байна.
Эндээс урьдын юм, эртний юм гэж юуг хэлж байна вэ?
1-рт, 70 жилийн турш Вавилон улсын колонид амьдарч байсан гутамшигт амьдралыг дурсах хэрэггүй гэсэн үг юм. Израильчуудад Вавилонд амьдарч байсан 70 жилийн турш амсаж эдэлсэн зовлон, гуниг, ичгүүр, ялагдсан сэтгэл, шантрал, цөхрөл, ямар ч хүсэл найдваргүй амьдрал зэрэг нь маш гашуун санагдаж байгаа байх. Бурхан Эзэн яагаад биднийг орхисон бэ гэсэн гомдол, Вавилоны иргэдэд хандсан үзэн ядалт, өш хонзонгийн сэтгэл байсан байх. Өөрсдийг нь ийм гутамшигт байдалд оруулахад хүргэсэн өвөг дээдэс нартаа хандсан гомдлын сэтгэл ч дүүрэн байсан байх. Улс орноо хамгаалж чадаагүй, өөрсдийн хүчгүй байдалдаа харуусаж, харамсан өөрсдийгөө өршөөж чадахгүй сэтгэл ч байсан байхаа. Харин Бурхан энэ бүх муу муухай дурсамжаас салах хэрэгтэй, март гэж байна.
2-рт, гунигтай, гутамшигтай, гашуудалтай амьдрал төдийгүй, сүр жавхлантай, нэр алдартай байсан сайхан цаг үеэ ч дурсах хэрэггүй гэсэн үг юм. Палестийн нутаг дэвсгэрийн бүх улс үндэстнүүдийг байлдан дагуулж хамгийн хүчирхэг улс байсан Давидын хаант улсын сайхан дурсамж, Египетээс израильчуудыг гайхамшигтайгаар чөлөөлсөн Бурханы гайхамшигтай үйл явдал, улаан тэнгисийг хуваан хуурай газар мэт гаталсан, хаднаас ус уусан, тэнгэрээс өдөр бүрийн хоол идсэн зэрэг тэр бүгд гайхамшигт үйл явдлыг бүү бодогтун гэж байна.
Яагаад Бурхан урьдын юмсыг бүү бодогтун гэж байна вэ? 19-р эшлэлийг дахин үзээрэй.
“Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд” Яагаад гэвэл Эзэн Бурхан урьдынхаасаа бүүр илүү агуу, сүр жавхлантай шинэ зүйлийг бүтээх учир тэр юм.
Тэгвэл Эзэн Бурханы бүтээх илүү агуу, илүү сүр жавхлантай шинэ зүйл нь юу вэ?
“Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд тэр нь одоо соёолж гарна. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би зэлүүд газар зам тавьж, цөлд гол урсгана.”
Бурхан израильчуудыг Египетээс чөлөөлөх үед голыг хуваасан. Харин израильчуудыг Вавилоноос чөлөөлөх үед зэлүүд газар зам тавьж, цөлд гол урсгах ажлыг хийх болно. Энэ нь израильчууд Вавилоноос чөлөөлөгдөж Бурханы өгсөн эх нутаг уруу явах үед тэр аян замыг төгс төгөлдөр хамгаална гэсэн амлалт юм. 20-р эшлэлийг үзвэл ард түмэн зэлүүд нутагт ус, цөлөөр голыг урсгаж, голоос ус уун Эзэн Бурханыг алдаршуулж магтах болно. Тэр үед хээрийн араатнууд, цөөвөр чоно, тэмээн хяруул мэт амьтад хүртэл Бурханы гайхамшигтай ажлыг харж Бурханыг магтан алдаршуулах болно.
Бурханы хожим бүтээх шинэ ажил буюу Зэлүүд газар зам тавьж, цөлд гол урсгах явдал нь шууд утгаараа МЭӨ 538 онд Перс улсын Кореш хааны зарлигаар биелсэн. Харин жинхэнэ утгаар бол Есүс Христийг загалмайд золиос болон өргөгдсөнөөр хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг зааж байна. Бурхан Израильчуудыг Вавилоноос чөлөөлснөөс 500 жилийн дараа Есүс Христ биднийг гэм ба үхлээс аврахын тулд энэ дэлхий дээр иржээ. Есүс загалмайд цовдлогдон үхсэнээр бидний бүх гэмийн төлөөсийг төлсөн. Үүгээр говь цөл мэт энэ дэлхий дээр үхэж буй хүн төрөлхтөн Бүтээгч Бурхан уруу очих амийн зам нээгдсэн билээ.(Еврей10:20) Есүст итгэх итгэлээр л биелэгдэх энэхүү АВРАЛ нь улаан тэнгисийг хувааж, махбодыг амийг аварсан зүйлтэй зүйрлэшгүй агуу “шинэ зүйл” юм. Өөрөөр хэлбэл нэг сүнс уучлагдсан, өршөөгдсөн, итгэсэн аврагдсан гэдэг нь “шинэ зүйл” буюу ер бусын гайхамшиг юм. Та Есүст итгэж байна уу? Та уучлагдаж, аврагдсан уу? Тэгвэл энэ чинь өөрөө гайхамшиг /шинэ зүйл/ юм. Амен
Хүн ер нь сэтгэл санааны оршин байгч учраас өнгөрсөн дурсамж дотроо амьдрах нь элбэг ажээ. Миний дотор ч гэсэн сайн муу маш олон дурсамж өнөөдрийг хүртэл байсаар л байна. Бурханд итгээгүй байх үеийн амьдралын ганцаардал, хүмүүсийн өмнө дүр эсгэн сайн хүн болж харагдах гэсэн, хүмүүст таалагдах гэсэн хичээл зүтгэл нь намайг туйлдуулж байсан тэрхүү бараан дурсамж. Бурханд итгэсэн хоньчин болсон, хоньдод үйлчилж байсан /2004-2006 он/ гал халуун үеийн сайхан дурсамж, 7 хоног бүр 10-15 баг өргөж цуглаан дээр хамгийн олон баг өргөсөн хоньчин болж шагнал авч байсан дурсамж, Ланжоу хотод 7 жил мишионер хүний амьдралын хүнд хэцүү болон гоё сайхныг амсаж, Бурханаар удирдуулан, зөвхөн Бурханд л итгэн найдаж амьдрахын ивээлт дурсамжууд гээд. Одоо тэр бүгдийг харьцуулан бодож одоогийн өөрийн байж байгаагаа хараад шантрах үе байдаг. Харин Бурхан өнгөрсөн хугацаанд гоё сайхан, ололт амжилттай ч бай, эсвэл ялагдсан, бүтэлгүйтсэн, гуниг зовлонтой, шантарсан, цөхөрсөн ч бай тэр бүх өнгөрсөн бүгдийг бүү дурс, март гэж байна. Харин одоо 2023 онд Бурхан “шинэ зүйл”-г хийх болно.
Бурхан яг урьдын адил ажилладаггүй, Бурхан яаж ажиллахыг хэн ч мэдэхгүй, хэн ч таашгүй. Египетээс чөлөөлөхдөө хүчээр бас гай гамшгаар чөлөөлсөн бол Вавилоноос чөлөөлөхдөө эсрэгээрээ зөөлөн, ер бусын байсан. Кореш хааныг Бурхан Өөрөө босгож, түүний зүрх сэтгэлийг удирдсан юм. Үүний адил таны итгэлийн амьдралд, манай чуулганд Бурхан “шинэ зүйл”-ийг хийх болно. Амен.
3. Та нар бол Миний гэрч нар
Тэгвэл Бурхан Израильчуудад яагаад ийм гайхамшигтай авралын ажлыг хийсэн бэ? Түүний шалтгаан ба зорилго нь юу вэ? Учир нь Бурхан цорын ганц Бүтээгч, жинхэнэ Бурхан болохыг гэрчлүүлэхийн тулд байсан юм. 9б, 10-р эшлэлийг үзээрэй. “Тэд сонсоод Энэ үнэн байна гэж хэлэг. Та нар Миний гэрч нар гэж ЭЗЭН тунхаглаж байна” Эцсийн дүнд бид Бүтээгч Эзэн Бурханыг танин мэдсэн, Түүгээр удирдуулсан гайхамшигт, ивээл ерөөлтэй амьдралын утга учир Бурханыг гэрчлэх явдал юм гэдгийг заан өгч байна. Бурхан биднийг хараад бидний амьдралыг хараад баярлахыг хүсдэг. Тэгвэл Бурханд итгэж найддаг амьдрал нь Бурханыг баярлуулдаг амьдрал юм. Түүнд түшиглэдэг, Түүнийг дагадаг амьдрал нь бусдад гэрэл давс болдог, Бурханыг гэрчилдэг амьдрал юм. Энд сууж байгаа Бурханы нэрээр нь дуудагдсан та бүгд Бурханы тайтгарууллын, хайрын дуу хоолойг сонсон насан туршдаа зөвхөн Түүнд талархлыг өргөх болтугай, Түүнд л итгэн найдаж амьдрах болтугай. Бурхан “шинэ зүйл”-г хийх болно. Бурханд алдар магтаал нь байг Есүс Христийн нэрээр ерөөн залбирч байна.
Дүгнэлт
Бурхан өнгөрсөн хугацаанд манай чуулганыг монголын оюутан залуучуудыг аврах ажилдаа нандинаар хэрэглэж ирсэн билээ. Бурхан мөн энд сууж байгаа хүн тус бүрд гайхамшигтай авралын ажлыг хийсэн билээ. Улиран одсон 2022 он зарим нэгний хувьд амжилтад хүрсэн, ялалт байгуулсан, амар амгалангаар дүүрсэн байсан байх. Зарим нь төлөвлөсөн бүх зүйлс нь талаар болж, ялагдсан, амжилтад хүрээгүй, гунигтай, зовлонтой байсан байх.
Харин Эзэн Бурхан өнөөдрийн үгээр бидэнд хэлж байна.
“Урьдын юмыг бүү дурсагтун. Эртний юмыг бүү бодогтун. Үзэгтүн, Би шинэ зүйл хийх болно”
2023 онд Эзэн Бурхан манай чуулганд, та бидний амьдралд, хичээл сургалт, ажил төрөлд ямар гайхамшигтай шинэ ажил бүтээх бол оо?
Бурханд итгэж хүсэл найдвараар дүүрэн шинэ жил болохыг хүсэн гуйж байна. Тэгээд энэ жил ч гэсэн Бурханы бүтээсэн гайхамшигт ажлыг идэвхтэй гэрчилдэг гэрчийн амьдралаар амьдарч чадахыг гуйж байна. Амен

өмнөх нийтлэл2023 оны Үйлс 2-р тусгай хичээл (01.15)
Дараагийн нийтлэл2023 оны Үйлс тусгай 2-р номлол (01.15) Калеб хн