2022 оны 1Тимот 6-р номлол (06.26) Калеб Ганболд хн

2022 оны 1 Тимот 6-р номлол (06.26) Калеб Ганболд хн

ИТГЭЛИЙН САЙН ТЭМЦЛЭЭР ТЭМЦ

1 Тимот 6:3-21
Гол эшлэл 6:12

“Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн”

Өнөөдрийн номлол бол 1-р Тимот номын сүүлчийн хэсэг юм. Энд элч Паул Бурханаар дуудагдсан, Бурханы хүн нь энэ дэлхийд амьдрах хугацаанд юуг хамгийн чухалд тооцон, юуны төлөө тэмцэн амьдрах хэрэгтэй вэ? гэдгийг заан өгж байна. Ихэнх хүн нүдэнд харагдах гарт баригдах бодит ашиг, амжилт бүтээл, мэдлэг боловсрол, мөнгө санхүү, нэр алдар, ажил гэх мэт зүйлсэд бүхийл хүч, зүрх, бүх цаг зав, бүх зүрх сэтгэлээ зориулан, тэмцэж амьдардаг. Элч Паул Ефес чуулганы хариуцагч хоньчин болсон Тимотыг бусдын адил дээрх зүйлсийн төлөө тэмцээрэй гэж хэлээгүй. Харин Бурханы чуулган болоод итгэгч нарыг энэ дэлхийн хуурамч янз бүрийн буруу сургаал, муу үзэл бодол, хортой хандлага гэх мэт муу нөлөөнөөс хамгаалж, Есүс Христийн эрүүл үгс буюу сайнмэдээнд үндэслэсэн зөв сургаалийг өөрөө эхлээд амьдрал дээрээ хэрэгжүүлэхээс гадна, бусдыг сургаарай хэмээн ятгаж байна. Мөн Сатаны маш том хүчтэй зэвсэг болох эд баялагийн шуналыг орхиж, тэнгэрийн хаанчлал ба мөнхийн шагналын төлөө энэ л амьдралаа зориулаарай хэмээн ятгасан. Өнөөдрийн номлолоор дамжуулан бид Бурханы хүн гэдгээ гүнзгий ухаарч, ямар ч үед Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүнсэгт өөрсдийгөө зориулан амьдардаг хүмүүсээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Худал сургаал ба мөнгөний шуналын тухай (3-10)
1.1-рт Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн дагуу амьдар(3-5)
3,4а-г үзээрэй “Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж” гэж байна. 1-р зууны үед Христэд итгэл буюу сайн мэдээ одоогийхоос хамаагүй албан бус байсан. Тиймээс анхны чуулганд янз бүрийн хуурамч багш нар буруу сургаал заадаг хүмүүс орж ирээд Есүс Христийн эрүүл үгсийг гуйвуулах, буруугаар ашиглах тохиолдол их байсан. Эртний грект “Софист(Sophist)” гэдэг гүн ухаантан хүмүүс байсан. Эдгээр хүмүүс нь уран илгэгч, зохиолч, багш хүмүүс байсан. Энэ хүмүүс нь үнэнийг заан ярихаас илүү, өөрсдийн үзэл бодлоор бусдад нөлөөлж, сонирхолтой үлгэр домгуудаар хүмүүсийн сэтгэлийг татан, нэр алдар ба мөнгөний ашиг олдог хүмүүс байсан. Тэд мэтгэлцээн хийж, хэрхэн уран илтгэх аргыг зааж өгөн мөнгө олдог байсан. Тиймээс анхны чуулганд эдгээр хүмүүсэээс нөлөө авсан хүмүүс нь өөрсдийн худал сургаалийг чуулганд заан янз бүрийн мэтгэлцээн ба дэмий хоосон яриагаар чуулганыг үйлмүүлдэг байж. Тэд Есүс Христийн сайнмэдээг зөв сайн ойлгож хүлээж аваагүй хэрнээ мэдэмхийрэн, өөрсдийн санаанаас гарсан сургаалийг заан, өөрсдөөрөө сайрхан гайхуулж, чуулганы хүмүүсийн дунд хоосон сөргөлдөөн ба маргааныг үүсгэдэг байсан.
5-г үзвэл Паул ийм тэднийг ялзарсан, Бурханы үнэнийг ялгах эрүүл бодох чадварыг алдсан, үнэнээс холдсон хүмүүс гэж хэлсэн. Өнөө үед ч итгэгчид болоод чуулган уруу энэ дэлхий ба нийгмийн үзэл бодол, буруу сургаал, буруу хандлага янз бүрийн арга хэлбэрээр дайрч итгэгчдийг мэхлэн, хий бардамнал, маргаан хийхэд хүргэж, эцэстээ юу ч ойлгодоггүй, сөргөлддөг нэгэн болгодог. Сүүлийн үед монголын залуучууд юуны нөлөөнд их автаж байна вэ? Койн, NBA-н тоглолт, аваргуудын лиг, E-sport, Хөрөнгийн зах зээл, Интернет орчин гэх мэт зүйлст маш их автаж байна. Эдгээрт хэт их анхаарал хандуулвал сатан итгэгчдийн зүрх сэтгэлийг олзлон хий бардамнал, маргаан, сөргөлдөөн, хэрүүлийг бий болгосоор бидний сүнслэг байдалд нөлөөлж, сүнсний хүчийг доройтуулсаар байна. Бурханы хүний үндсэн зүйл болох Бурханыг эрэх хайх, залбиралд өөрийгөө зориулах, сайнмэдээ тараах гэх мэт сүнслэг зүйлсэд цаг завыг зарцуулахаас илүү дээрх зүйлсэд илүү зүрх сэтгэлийг зориулж байна. Энэ мэт зүйлс нь итгэгчдийг Есүсийн сайнмэдээний үнэнээс холдуулах гэсэн сатан чөтгөрүүдийн маш том урхи билээ.
Тэгвэл бид яавал буруу сургаал, болоод сатаны урхинд мэхлэгдэхгүй байж чадах вэ? 3-г дахин үзээрэй “Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсэгийн сургаалд эс байваас” гэж байна. Есүс Христийн загалмайн сайнмэдээ буюу Христийн эрүүл үгс, итгэл сүсгийн сургаалийн дагуу амьдарвал бид буруу үзэл бодол ба сургаал сатан чөтгөрийн янз бүрийн урхинд мэхлэгдэхгүй амьдарч чадна. Өөрөөр хэлбэл бид Бурханы үг болсон библийн үнэнд суурилан, Бурханы надад өгсөн үүргийг биелүүлэн амьдрах үед бид хуурамч сургаал, үзэл бодлуудыг ялгаж салган, өөрсдийгөө болон Бурханы хоньдыг хамгаалж чадна. Энэ цагт Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалийн дагуу баттай амьдарснаар, бидэн уруу дайрч буй янз бүрийн буруу үзэл бодол, буруу сургаал, сатан чөтгөрийн заль ба урхинаас өөрийгөө болон чуулганыг хамгаалж чадахыг хүсэн гуйж байна.
1.2-рт Итгэл сүнсэг ба сэтгэл хангалуун амьдрахыг сур(6-10)
6-р эшлэлийг үзээрэй. “Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн” гэж байна. Ихэнх хүн яавал би ашигтай байх вэ? хэмээн бодож амьдардаг. Эд мөнгө ба ашгийг чухалд тооцон амьдардаг энэ нийгэмд итгэгч хүмүүс эд мөнгөний тухай зөв хандлагатай байхгүй бол гэмд унах аюултай. Тиймээс итгэгчид бид мөнгөний шуналыг даван дийлж сурах хэрэгтэй. Паул Тимотод итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг хэмээн хэлж байна. Энэ үг нь нүдэнд харагдах, гарт баригдах эд мөнгө нь хүнд жинхэнэ ашиг болж чадахгүй бөгөөд харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хүнд жинхэнэ агуу том ашиг байна гэсэн утгатай. Хүн бодит энэ дэлхийн эд баялаг, нэр алдар, мөнгө төгрөгийг олж авсан ч жинхэнэ сэтгэл сүнсний баяр хөөр ба сэтгэл хангалуун байдлыг амсаж чадарч чаддаггүй. Яагаад гэвэл хүн сүнсээр оршин байгч учраас юм. Тиймээс хүн Бурхантай зөв харилцаа тогтоон, Бурханы үг ба сургаалийн дагуу итгэл сүсэгтэй амьдрах үед жинхэнэ сэтгэл хангалуун амьдралаар амьдарч чаддаг. Өндөр насыг хүртсэн Элч Паул үүнийг амьдралаараа ухаарсан учраас залуу Тимотод энэ дэлхийн нүдэнд харагдах эд баялагаас илүү, Бурханд итгэх итгэл, итгэл сүсэгттэй амьдралд өөрийгөө зориулан амьдрах нь агуу ашиг болно хэмээн ятгаж байна.
9-г үзээрэй “Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлага ба урих, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг”. Энд Паул баяжих бүх хүсэл нь муу гэсэн утгаар хэлээгүй, харин шудрага бус аргаар баян болохыг хичээдэг хүмүүсийн тухай хэлсэн. Баяжих шуналд автсан хүн нь шудрага бус аргаар ч хамаагүй мөнгөтэй болохыг хүссэнээр гэмийн уруу татлага ба урхинд амархан унадаг гэсэн утгатай. Мөн сүнсний сохор дүлий болж, гэмийн мэдрэмжгүй мунхаглал ба хор хөнөөлтэй хүсэлд унан эцэст нь бие мах бод ба сэтгэл сүнс нь хүртэл бүрэн сүйрдэг.
Тиймээс Паул 10-р эшлэлд ийнхүү хэлсэн “мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн, шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ” гэж байна(10). Уг нь мөнгө муу ч биш, сайн ч биш юм. Гэвч хүний цусанд нь гэмтэй, сул дорой мөн чанар оршдог учраас шуналын сэтгэлд автаж янз бүрийн урхинд унахад амархан байдаг. Тиймээс мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс гэж хэлсэн. Ялангуяа итгэгч бид мөнгөнд дурлахаас өөрсдийгөө сэрэмжлэх хэрэгтэй. Учир нь гэвэл итгэгч хүн мөнгөнд дурлан, мөнгөний хойноос хөөцөлдөн амьдрах нь маш ноцтой асуудал болдог. Итгэгч хүн мөнгөнд шунан мөнгөний ашиг сонирхлыг дагасаар байвал эцэст нь итгэлээс ч холдох аюултай. Хэрэв бид мөнгийг хайрлабал сүнсний хүслийг алдан, мөнгө цуглуулах, мөнгийг зарцуулах амьдралд илүү их авдаг. Тэгээд аажмаар Бурханаас сэтгэл нь хөндийрөн Бурханд зориулах 1/10-гч өргөхгүй болдог. Эцэстээ мөнгөний шуналаас болж, итгэл ба үүрэгт амьдралаас ч холдон явдаг.
Тиймд итгэгч бид энэ дэлхийн нүдэнд үзэгдэх эд мөнгө бодит ашигт шунахаас илүү бүхнийг бүтгээч Эзэн Бурханд найдан түшиглэж, Түүнд итгэл найдвараа тавин амьдрах хэрэгтэй. Энэ ертөнцийн ялзран мөхөх зүйлсийн төлөө бус, мөнх орших шагналын төлөө, Есүсийн тушаал ба үүргийг биелүүлэн амьдрах хэрэгтэй. Энэ цагт хүн нэг бүр зүрхээ нэг шалгаж, жинхэнэ агуу ашиг болсон итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдалд өөрсдийгөө зориулж амьдарцгаая гэж уриалж байна. Хажууд байгаа хүндээ хэлье “Итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг шүү!”
2. Итгэлийн сайн тэмцлээр тэмц (11-21)
Дээрх хэсэгт Паул Тимотыг Ефес чуулганы итгэгч нарыг юунаас хамгаалж, юунд сургах ёстойг ятгасан бол харин энэ хэсэгт чуулганыг хариуцсан хүний хувьд Тимотод сүүлчийн ятгалаг ба юуны төлөө тэмцэх ёстойг заан өгж байна.
11-г үзээрэй “Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүнсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө” гэж байна. Энд Паул эхлээд Тимотыг “Бурханы хүн чи” хэмээн дуудаж байна. ХГ-д Бурханаас онцгой үүргийг авсан Мосе, Давид, зарим эш үзүүлэгч нарыг Бурханы хүн хэмээн дуудаг байсан. Харин ШГ-ний үед бол Бурханаар сонгогдон аврагдсан бүх итгэгчийг “Бурханы хүн” хэмээн дуудаж болно. Паул Тимотыг Бурханы хүн гэсэн нь Тимот Бурханы үгийг заан дамжуулах, үүргийг авсан учраас тэр юм. Өөрөөр хэлбэл Бурханаар сонгогдож, Бурханых болж, Бурханы дуудлагыг аван ариун үүргийг биелүүлж байгаа хүн гэсэн утагтай. Манай чуулганы хоньчин нэг бүр гэмээр дүүрэн энэ цаг үеийн оюутан залууст Бурханы үгийг дамжуулах үүрэг авсан Бурханы хүн билээ. Бид үүнийг хэзээ ч мартаж болохгүй бөгөөд гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн Бурханы хүн гэдгийг ухамсарлахад Бурханы өгсөн үүргийг хамгийн сайнаар биелүүлж чадна. Бурханы биднийг Тимот адил хүнээр тооцож байгаад талархаж байна.
Тэгвэл Бурханы хүний хувьд хэрхэн амьдраарай гэж байна вэ? 11,12-г үзээрэй “Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт, зөвт байдал, итгэл сүнсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц, мөнх амийг зуур чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн”
1-рт Энэ бүгдээс зугт гэж байна. Энэ бүгдээс гэдэг нь өөр сургаал, энэ дэлхийн үзэл бодол, хандлага, баяжих хүсэл, мөнгөнд дурлах сэтгэл зэргийг хэлж байна. Зугт гэсэн нь ер сонирхох ч хэрэггүй шууд холдон зугтаарай гэсэн утгатай. Эхлэл номд гарсан Иосеф шиг гэмийн уруу татлагаас шууд холдоод зугтах хэрэгтэй.
2-рт зөвт байдал итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө гэж байна. Энд мөшгөнө гэсэн нь эдгээрийг олж авахын төлөө чиглэн тэмүүлж, зорьж амьдар гэсэн утгатай. Эдгээр нь бүгд доторх сүнслэг дотоод мөн чанар билээ. Энэ дэлхийн хүмүүс ихэвчлэн гадна бодит харагддаг зүйлсийг зорин тэмүүлж амьдарадаг. Харин Бурханы хүний тэмүүлж, мөшгөх ёстой зүйл нь гаднах бус доторх зүйлсийг олж авахын төлөө зорьж амьдрах ёстой. Үүнийг бид хэрхэн олж авж чадах вэ? Бид өдөр бүр Бурхантай зөв харилцаа тогтоон, Бурханы мөн чанарыг сурч өдөр бүр Бурханыг түшиглэн, дуулгавартай дагах үед, Бурханы хайраар бусдыг хайрлахыг, бусдыг тэвчихыг, бусдад энэрэнгүй, дөлгөөн сэтгэлээр хандахыг сурч чадна. Бурхан биднийг гадна зүйлийг олж авахаас илүү, дотоод сүнслэг чанар болох итгэл сүсэг, хайр, тэвчээр, дөлгөөн даруу, дуулгавартай байдал зэргийг олж аваасай хэмээн хүсдэг. Хэрэв бид эдгээрийг мөшгөн амьдарвал ямар ч үед, сэтгэл хангалуун, баяр хөөр, талархал ба амар тайвныг амсан, амьдарч чадна. Мөн Сүнсээр дүүрэн амьдарч чаддаг. Энэ нь Есүсийг дууриан Христ хүртэл өсдөг Бурханы хүний жинхэнэ амьдрал юм(Ефес 4:13).
3-рт Итгэлийн сайн тэмцлээр тэмцэх хэрэгтэй. Бурханы хүний гурав дахь анхаарах зүйл нь итгэлийн сайн тэмцлээр тэмцэх явдал юм. Энд тэмцэнэ гэсэн нь шагналд хүрэхийн төлөө бүх хүчээ дайчлана гэсэн утгатай. Бурханы хаанчлалын шагналыг авахын төлөө, энэ дэлхийн хүсэл шуналуудтай тэмцэж, үхүүлснээр бүх зөвт бус ёрын муугийн эсрэг тэмцэлдэхийг заана. Тухайлбал итгэгч нар нь өөрийн ашиг хонжооны төлөө тэмцэлддэг хүн бус, Бурханы бэлдсэн мөнхийн шагналын төлөө Бурханы эсрэг, сатанаас гаралтай бүхий л муу зүйлтэй, тэмцэлдэх хэрэгтэй.
Итгэлийн амьдрал нь гаднаас сайхан харагддаг шашинлаг амьдрал биш юм. Сатаны эсрэг хатуу дайн хийдэг сүнслэг тэмцэл юм. Бид Бурханыг үгүйсгэн доромжилдог ертөнцийн үзэл бодол уур амьсгал соёл иргэншлийн эсрэг, тэмцэлдэх хэрэгтэй. Өөрийгөө үгүйсгэн загалмайг үүрэлгүй, ертөнцтэй хөл нийлүүлэн хялбар амьдралыг мөшгөдөг үзэл бодолтой тэмцэлдэх хэрэгтэй. Паул залуу Тимотод зүгээр итгэлийг л сахин амьдраарай гээгүй. Харин идэвхтэй итгэлийн сайн тэмцлээр тэмц хэмээн тушааж байна. Паул 60 гаран настай ч итгэлийн сайн тэмцлийг зогсоогоогүй. Тэрээр үхэхийн өмнө ийнхүү гэрчилсэн “Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан” гэв(2Тимот 4:7). Бид ч итгэлийн сайн тэмцэл хийн, элч Паул шиг амьдралын гэрчлэлийг хуваалцаж, чадах хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
4-рт мөнх амийг зуурах хэрэгтэй. Энэ нь мөнх амийг авсан хүний хувьд зохистой амьдран Бурханы ивээлийг даан амьдар гэсэн үг. Мөнх амийг авсан ч аваагүй мэт, итгэгч хүн шиг амьдралгүй мөнхийн амийг авсан хүн шиг амьдар гэсэн утгатай. Мөнх амь бол зөвхөн ирээдүйнх төдийгүй, одоогийн амьдралд ч Бурхан ба Есүстэй нөхөрлөн, улам танин мэдэж, гүн харилцаанд амьдардаг амьдрал юм. энэхүү мөнх амийн амьдралаас зууран, амьдрах хэрэгтэй. Мөн мөнх амийн хүсэл найдвартай амьдрах хэрэгтэй. Тэгэхэд бид энэ ертөнцөд, Бурханы хүнээр зохистой амьдарч чадна.
13,14-рт Паул дахиад Христ Есүсийн өмнө хатуу тушааж байна. “Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өө сэвгүй сахь” Энд Бурханы хүн итгэлийн тэмцэлийг хэдий хэр хугацаанд хийх ёстой вэй гэдгийг хэлж байна. Бид ч гэсэн Эзэн Есүсийг дахин ирэх хүртэл ичих зүйлгүй, өө сэвгүй, Түүний өмнө зогсохын төлөө гэмийн хүсэлтэй тохиролцолгүй авсан үүрэг хариуцлагыг сахин биелүүлж тууштай амьдрах хэрэгтэй. Тэгвэл ерөөлт цорын ганц Эзэн ирэхэд мөнхийн шагналыг өгнө.
Итгэл сүсгийг мөшгөлгүй амьдарсан хүний жишээ бол ХГ-ны Саул хаан юм. Бурхан Саулыг сонгож Израилийн хаан болгосон. Бурхан Саулд агуу хүсэл найдвар тавин, Авралын түүхэнд хэрэглэн, түүний амьдралыг бусдаас илүү онцгой хаан хүний амьдралын замналаар дагуулсан. Гэвч Саул итгэл сүсэг, тэвчээр, Бурханаас эмээх, Бурханы үгийг дуулгавартай дагах, дөлгөөн даруу занг мөшгөх гэх мэт итгэл сүсгийг мөшгөн амьдраагүй. Тийм Саул Бурханд ёс бус өргөл өргөж, Амалекчуудтай хийсэн чухал дайны үед, Бурханы үгэнд бүрэн дуулгаваргүй зан гаргасан. Ийм Саулыг Бурхан удаан тэвчин хүлээж, олон удаа гэмших боломж өгдөг. Гэвч Саул хаан эцэс хүртэл Бурханы үгийг үл тоомсорлосон учраас, Бурханы түүнийг анх дуудсаныхаа дагуу хэрэглэж чадаагүй бөгөөд, эцэстээ эмгэнэлтэйгээр түүний амьдрал төгсдөг. Эндээс Бурханы сонгосон, Бурханы хүн нь итгэлийн сайн тэмцэл хийн, өөрийгөө итгэл сүсгийг мөшгөн амьдрах нь ямар чухал болохыг бидэнд сургаж байна. Тиймээс энэ цагт манай чуулганы хүн нэг бүр өөрсдийгөө итгэл сүсгийн зүйл болох хайр, тэвчээр, дөлгөөн занг мөшгөн амьдарснаар, энэ цаг үеийн Бурханы ажилд нандинаар хэрэглэгддэг Бурханы хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
17-19-д Паул Тимотод баячууд тухайлбал энэ ертөнцийн хүч чадалтай, эрх мэдэлтэй, эд баялагтай хүмүүсийг зөв сурган зааварлаарай гэж байна. баячууд нь бусдаас илүү их мөнгөтэйгээс болж, өөрөөр нь сайрхан бардамнахад амархан. Ийм баячууд эд хөрөнгө нь тодорхой зүйлс биш учраас түүнд найдах хэрэггүй. Учир нь эд хөрөнгө нь нэг хэсэг байгаад замрхан алга болох ба байхгүй байгаад олж болох зүйлс гэж библи бидэнд хэлдэг. Сургаалт үгс 23:5-д ч ийнхүү сануулсан “Эд гэдэг нүдийг олзолдогч, хармагц зайлдаг. Жигүүр хүртэл ургаад бүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурам ч зүйл” гэв. тиймд дэлхийн эд баялаг бидний жинхэнэ найдах зүйл биш юм.
Тэгвэл бидний найдварыг юунд тавих хэрэгтэй вэ? “Харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд” гэж байна. Бурхан бидний хэрэгцээг арвинаар хангаж чадах бүх юмсын Эзэн юм. Бурханд итгэн найдаж, эрэн хайдаг хүнийг шагнадаг юм. энэ Бурханд найдан амьдрагч нь хамгийн дүүрэн бат бөх найдвартай хүн юм. Бурханд найдан амьдрагч нь мөнгөтэй ч, мөнгөгүй ч, сайныг үйлдэн сайн үйлсээр баян, өглөгч, хуваалцан амьдарч чадна(18). Ингэж амьдрах нь ирээдүйн төлөө өөрсдөд сайн суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа мөнх амийг хүлээж авах болно. Есүс ч Матай 6:19, 20-д эд баялагийг бусадтай хуваалцан амьдрах нь өөрсдөд эд баялагийг хураана гэж амласан. Тэнгэрт хураасан эд баялаг л эцсийн өдөр шатаагдахгүй, мөхөхгүй болно(1Ко 3:12,13).
Дүгнэлт: Паул Тимотыг буруу сургаал ба хоосон ярианаас зайлс хийснээр итгэлээ хамгаалахыг дахин дахин захиж байна. Өнөө үед биднийг итгэлээс холуудан, төөрөгдүүлэх олон энэ дэлхийн үзэл бодол, хандлага хоосон яриа болон, буруу сургаалууд байсаар байна. Тэдгээрийг ялган салгаснаар өөрийгөө төдийгүй, Бурханы олон хонин сүргийг хамгаалж чадахыг гуйж байна. Есүсийн загалмайн үнэний үгсийг хичээнгүй мөшгөснөөр Бурханы хүсэж буй хүнээр өөрчлөгдөн, итгэлийн сайн тэмцэл хийн итгэлийн ялалт байгуулдаг хүнээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Ганц үг: Итгэлийн сайн тэмцлээр тэмц

өмнөх нийтлэл2022 оны 2Тимот 1-р хичээл (07.03)
Дараагийн нийтлэл2022 оны 2Тимот 1-р номлол (07.03) Эбэ Матай хн