Бурханы бидэнд өгсөн бэлэг
2 Тимот 1:1-18
Гол эшлэл 1:7
Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.
Түүхээс үзвэл МЭ54 онд 17 нас ч хүрээгүй жаахан хүүхдийг хэний ч санаанд оромгүй бусармаг аргаар хаан ширээнд суулгах ажлыг түүний эх Агирипина зохион байгуулсан. Угаасаа хорон муугийн эхээс үүдэлтэй хаан ширээ нь сатаны бүрэн эрхэнд орсон байлаа. Хаан ширээнд сууснаас хойш 10 жилийн дараа МЭ64 оны 7 сарын 18-д Ромд аймшигтай түймэр дэгдсэн бөгөөд 6 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд нутгийн 2/3 шатан 2 сая орчим хүн орон гэргүй болж үлдсэн гэж түүхэнд бичигдэн үлджээ. Түймэр гарсан ч ард иргэд нийлээд галаа унтрааж болох байсан боловч үүнээс илүү унтрааж чадамгүй зүйл нь Христэд итгэгчдийг хавчиж хороох явдал туйлдаа хүрсэн асуудал байлаа. Неро хаан итгэгчдийг хавчин тэд Ромд гал тавьсан гэж зарласнаас болж олон зуун мянган хүмүүс итгэгч гэсэн нэрнээсээ болж тарчлан зовж, жадлуулж, цовдлогдон үхэж байсан бөгөөд Ромчуудын итгэгчдийг үзэн ядах үзэн ядалт, хорсол дээд цэгтээ хүрсэн байлаа. Энэ үеээс эхлэн Христэд итгэгчдийн хавчих аймшигт хавчлагын түймэр эхлэсэн.
Бид нарын өнөөдрөөс эхлэн сурч буй 2Тимот зарлиг бол Паулын Тимотод илгээсэн хоёр дахь захидал бөгөөд Паулын үлдээсэн эцсийн захидал буюу сүүлчийн гэрээслэл юм. 2Тимот номыг Паул газар доорх шоронгоос, цаазаар авах ялаа хүлээж байх үедээ МЭ66 онд бичсэн гэж үздэг. Уг захидлаар дамжуулан Ефес чуулганд тулгарсан олон асуудал, хэцүү сорилт, айдас зэргээс болж урам зоригоо алдсан Тимотыг урамшуулан босгон байгуулж, сайн мэдээний ажилд зоригтой байж, урагшлахад туслахыг хүссэн юм. 2Тимот номын гол санаа нь “Христ Есүсийн сайн цэрэг” гэдгийг онцолж байгаа бөгөөд хүчтэй зоригтой амьдрахыг заан өгч байна. Бид ч гэсэн 2Тимот номоор дамжуулан үгийг сайн сурч Христ Есүсийн сайн цэрэг болж, өсөж чадахыг хүсэн гуйж байна. Паул Тимотод Христийн сайн цэрэг болохын тулд зовлон хавчлага дунд айдсыг даван дийлж, Бурханы хүчийг өмсөөрөй хэмээн зоригжуулж байна. Бид ч гэсэн өнөөдрийн үгээр дамжуулан сайн мэдээний төлөө амьдрах урам зориг болон Бурханы хүч чадлыг дүүрэн өмсөж чадахыг хүсэн гуйж байна.
1. Бурхан бидэнд айдсыг биш харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн (1-7)
1,2-г үзээрэй “Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу, Христ Есүсийн элч Паулаас хайрт хүү Тимотдоо эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүсэл, өршөөл ба амар амгалан байг” Паул Тимотыг хайртай хүү минь хэмээн дуудаж байна. Паулын хувьд нас нь 50, Тимотын хувьд 30 гаран настай байсан тул хүү гэж хэлэхэд болохоор нас байв. Гэхдээ нас нь явсан учраас хайртай хүү гэж хэлээгүй бөгөөд 1 болон 2 дахь аялалын туршид хамт байж 16 жилийг хамт өнгөрүүлсэн. Тэрээр үргэлж Тимотыг хүүгээ мэт санан санаа тавьдаг байв. 3-5-р эшлэлийг харвал “Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнх шигээ цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан, нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрч, чамайг харахсан гэж тэмүүлж байна. Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна.” Паул Тимотын нулимсыг санаж, цэвэр мөс чанарыг нь дурсаж, юу юунаас илүү хуурамч биш жинхэнэ итгэлийг нь санаж талархсан. Тимот анхандаа магадгүй Паул хэцүү байна. Эфесийн хоньчны ажлыг би хийж чадахгүй нь уйлахаас өөр арга алга гэж захидал илгээсэн байж болох юм. Өөрийнхөө бодит байдлыг бүгдийг нь нэгд нэгэнгүй хэлсэн байж болох юм. Паул Тимотын энэ байдлыг мэдэн түүнийг яагаад ийм сул дорой байгаа юм бол гэж бодсон байх. Гэхдээ 5-р эшлэлийг харвал Тимотын цэвэр итгэлийн талаар, худал хуурмаг зүйл байхгүй жинхэнэ итгэлийн талаар Паул мэдэж байсан учраас түүний итгэлийг дахин сэргээхийн тулд түүнд зориулан итгэлийг нь босгон байгуулах үгийг дамжуулан хэлж байна. Үргэлжлүүлэн 6-р эшлэлээр дамжуулан итгэлдээ бат суурилан дараах зүйлийг заавал хий хэмээн ятгаж байна.
Бүгдээрээ 6-р эшлэлийг үзэцгээе. “Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд өгөгдсөн Бурханы бэлгийг сэргээхийг чамд сануулъя.” 3 жилийн өмнө Паул Тимотыг Эфес цуглааны удирдагчаар ерөөсөн. Үгийн үйлчлэлтэй тул түүнийг нь адислан ерөөсөн. Удирдагч хүнд байх Бурханы бэлгийг адислан залбирч өгсөн. Тэр бэлгүүд нь чуулганыг хариуцсан хоньчны үүргийг биелүүлэхэд хэрэгтэй сургаал, ятгалга, зааварлан удирдах хүч чадлыг зааж байна. Энэ нь 1 Тимот 4:13-16 дээр бичигдсэн болно. Паул Тимотод энэхүү Бурханы өгсөн бэлгийг сэргээгэрэй гэж байна. Энд сэргээнэ гэдэг нь унтарч буй галын очыг дахин бадруулан, үргэлжлүүлэн дүрэлзүүлэхийг хэлж байна. Харин Тимот дүрэлзүүлж, бадруулах нь битгий хэл эсрэгээр байхгүй мэт амьдарч байлаа. Бэлэг авьяасаа ашиглаж чадахгүй амьдарч байв. Ингэж амьдарч байгаа шалтгаан нь юунд байна вэ? Паул Тимотод шалтгааныг олон яах ёстойг ухааруулан хэлж байна.
Одоо бүгдээрээ 7-р эшлэлийг үзэцгээе. “Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнснийг өгсөн”. Айдас нь Бурханы өгсөн бэлгийг ямар ч хүчгүй болгож байгаа олж мэдсэн. Айдас нь өөрөө сатанаас харвадаг сум бөгөөд сайн мэдээний ажилчдын зүрхэнд байнга айдсын сумыг харваж шархдуулдаг. Тэгвэл Тимотод ямар айдас байсан бэ? Богинохон хугацаанд Эфэс сүмд үйлчилж байгаа түүний хувьд таньж мэдэж амжаагүй олон асуудлууд сүмд байсан. Сүмийн ахлах итгэгч нар, том том библийн багш нарын үгс түүнийг хэцүү зугтмаар байдалд оруулж байсан. Мөн хуурамч сургааль заагч нар сүмд их байж балчир итгэгч нарыг уруу татан Бурханы үг биш хүний үгээр номлож байгааг тэр харсан. Цаашлаад Неро хааны хавчлага болон нутгийн өлсгөлөн, итгэгчдийн айдас болон хүчгүй байдал зэрэг нь түүний сэтгэлийг зовоож байсан. Тэрээр хэт их айдаст автсан байснаас болоод юу ч хийж чадахгүй байдалд орсон байсан. Үнэндээ Тимотын талаар хэлж байгаа боловч сайн мэдээний ажилчдыг ялагдал уруу хүргэдэг хамгийн том дайсан нь айдасын сүнс юм гэдгийг бид эндээс харж болно.
Өнгөрсөн 2 жил гаран бид нар Коронагаас болоод хамтдаа цуглаж чадаагүй бөгөөд хүндэтгэлийн цуглаан өргөж чадаагүй. Хамтдаа байвал Корона тусах байх гээд бид бие биенээсээ айцгаасан. Дээрээс нь засгийн газраас цуглавал ингэнэ тэгнэ гэсэн тушаал заавар өгсөн учраас бид нар айгаад уулзаагүй. Энэ хугацаанд миний итгэл өссөн үү, эсвэл хэвэндээ байна уу, эсвэл айдас дотроо ямар нэгэн үйлдэл хийхгүй Бурханы үгийг заалгүй, бусдыг босгон байгуулахгүй хэвэндээ үхмэл байна уу гэдгээ эргэн нэг харахыг хүсч байна. Коронагаар дамжуулан суусан хойрго байдал чинь таныг хүлсэн хэвээр байна уу? Эргэн нэг харахыг хүсч байна. Тимотын хувьд сүмийг яаралтай босгон байгуулж удирдах ёстой байтал айдаст хүлэгдэн юу ч хийж чадахгүй байлаа. Айснаас болоод ходоод нь хүртэл өвдөж, дотоод сэтгэл нь хэнд хэлэмгүй хямралаар дүүрэн байсан тул уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Монгол зүйр үгэнд айсан хүнд аргал хөдлөнө гэсэн үг байдаг. Үнэндээ амьгүй зүйл хүртэл хөдлөөд босоод ирэх мэт айдас түүнийг эзэмдэж байлаа. Бидний хувьд тэгвэл ямар айдас, ямар айхаас өөр аргагүй байдлууд байдаг вэ? Оюутнуудын хувьд шалгалт, хэрэглээний мөнгөгүй байдал, ирээдүйдээ итгэхгүй байх байдал зэрэг байж болно. Ажилчин хоньчдын хувьд гэрлэлт, ажилд орох, мөнгө санхүү харин гэрлэсний дараа хүүхэдтэй болохгүй байх, хүүхэдтэй болвол хүүхэд байнга өвдөх, орон байртай болох, санхүүгийн чадамж, аав ээж эрүүл мэнд, ах дүүгийн амьдрал, архи уудаг ахын байдал, эхнэр нөхөргүй ах дүүгийн хандлага гэх мэт. Жаахан нас яваад ирэхээр хөл гар хөшиж өвдөх, эрүүл мэнд таагүй байх, нас нь явах хүүхдүүдийн гэрлэлт, насны эцэст мөнгө санхүү, үхлийн хүч гээд л зогсолтгүйгээр биднийг айдас хүлж байдаг. Сүнсний хувьд хоньдын өсөлтгүй байдал, хамтран зүтгэгчдийн хүчгүй байдал, залуу хоньчдын сүнсний байдал, сүм доторх маргаан зэрэг зүйлсийг дурьдаж болох юм. Тэгвэл яаж үүнээс гарч чадах вэ? Яавал бид айдсыг даван дийлж чадах вэ?
Одоо 7-р эшлэлийг хамтдаа үзэцгээе.”Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.” Бурхан бидэнд хүч, хайр, биеэ захирах зүрх сэтгэлийг өгсөн. Цаашдаа өгөх болно гэж хэлээгүй бөгөөд аль хэдийн өгсөн гэсэн өнгөрсөн цаг дээр хэлж байна.
1-рт Бурхан Тимотод аль хэдийн хүч чадлыг өгсөн. Мэдээж санаа зовиур шаналал байх боловч Бурханы хүчийг өгсөн хэмээн хэлж байна. Ромын их хавчлагын дунд итгэлээ сахин ялан гарах хүч чадлыг Бурхан түүнд өгсөн. Элч Паулын хувьд сайн мэдээг дамжуулах үедээ олон занчуулж, олон удаа үхэх аюулд өртөн, Иудейчүүдэд хөөгдөн зодуулж, өлсгөлөн гэх мэт тоолшгүй зовлон амссан байдаг. Гэвч тэр бүх юм боломжгүй нөхцөл байдалд Фил 4:13 зарлиг дээр бат зогсон хүчийг аван амьдарсан. “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” хэмээн хавчлага, зовлон сорилт бүхнийг даван дийлж, Бага Ази ба Европ, Ромыг сайн мэдээгээр байлдан дагуулсныг бид нар мэднэ. Энэ нь жинхэнэ Бурханы хүчийг авсан хүний амьдралыг харуулж байгаа тод жишээ юм. Бурхан энэ цаг үеийн сайн мэдээний ажилчин болсон бидэнд ч гэсэн Бурханы хүчийг өгсөн учраас авралын ажилд биднийг хэрэглэж байгаа гэдэгт итгэж байна. Бодитоор энэ Бурханы хүчээр бид бодит амьдралын олон айдсыг даван дийлж ялалт байгуулж чадна. Миний хүч, миний найдлагаар боломжгүй мэт боловч Бурханы хүч болон найдлагаар бид бусдыг босгон байгуулж, гэмшүүлж, тусалж үйлчилж чадна. Бурханы хүч байвал гэр бүл, найз нөхөд, ажлын газар, байгаа боломжит бүх газартаа хүчтэй ариун сүнсээр дүүрэн амьдарч ялалт байгуулж чадах юм. Учир нь Бурханы хүчийг дийлэх зүйл энэ дэлхийд үгүй юм. Энэ цаг миний дотор, таны дотор, бид бүгдийн дотор залбирал болон үгээр ирдэг Бурханы ариун сүнсний хүч дүүрэн оршин байхыг хүсэн гуйж байна.
2-рт Хайрын сүнсийг өгсөн.
Бурхан сайн мэдээний төлөө амьдрах нэгэнд Бурханыг хайрлан хүмүүсийг хайрлах хайрыг өгсөн. Энэ хайр нь Бурхан Өөрийн цорын ганц Хүүгээ загалмайд золиослох хүртэл гэмтнүүдийг хайрласан золиослолын хайр буюу агапе хайр юм. Бидний мэддэг эр эмийн эрос хайр, ах дүүгийн филос хайр биш бөгөөд ариунаас ариун уучлал хайраар дүүрэн Бурханы хайр болох агапэ хайр юм. Бурханы ийм хайрыг авахгүй бол үхмэл сүнснүүдийн төлөө, нэг хүний төлөө, хоньдын төлөө амь нас байгаа бүхнээ зориулан амьдрах боломжгүй юм. Бурхан ийм агуу хайрын сүнсийг өгсөн учраас үзэн ядаж байсан нэгнийг уучилж, гэмтэй нэгнийг хайрлан үйлчилж чадах юм. Цаашлаад надтай ердөө ч хамаагүй оюутан залуусын төлөө, өөрийгөө золиослон тэдний гэм нүгэлтэй тэмцэж тэдний авралын төлөө амьдарч чадна. Бурханы хайр нь Бурханаас авсан хайрыг бусадтай хуваалцах хүслээр дүүргэдэг бөгөөд харамсах сэтгэлгүйгээр үйлчлэх сэтгэл болон итгэлийг өгдөг. Бурханы хайр нь хоньд болон бусдын сул доройг ойлгон, тэвчин уучлаад зогсохгүй, идэвхтэй үйлчлэх хүчийг өгдөг. Тимотын хувьд Бурханы хайраар дүүрвэл айж байсан ахлах хоньчид болон библийн багш нарыг Бурханы хайраар харж тэднийг хамтран зүтгэгч, Бурханы үгийг дамжуулагч хайрын хүмүүсээр харан уучлан өршөөж чадах юм. Бид Бурханаас тоолшгүй олон хайрыг авч амьдардгийг санаад Бурханы хайранд уяарч хоньд ба хамтран зүтгэгчдийг хайрлан тэднийг өөрөөсөө илүү хайрлан үйлчилж амьдрах хайр ба золиосоор амьдрахыг хүсэн гуйж байна. Бурхан надад миний амьдралд тохиолдсон хэд хэдэн зүйлээр дамжуулан Бурханы хайраар үйлчилж хайрлахыг заан сургасан. Миний хайр хязгаартай, миний тэвчээр хязгаартайг ойлгуулсан. Шөнө унтаж чадахгүй, үргэлж стрестэй, санаа зовиур айдсаар дүүрэн надад Бурханы хайраар үйлчилж, харж, дүгнэж ухаарах боломж өгснөөр намайг дасгалжуулж Христийн хайрыг тунхагладаг хүнээр өсгөж байгаад талархаж байна.
3-рт Бурхан өөрийгөө захирах сүнсийг бидэнд өгсөн.
Уур хүрэх үед уурлахгүйгээр өөрийгөө захирах сүнсийг өгсөн. Хүн биеэ захирах сүнсээр дүүрэн болоход хөнгөн хуумгай сэтгэлийн хөөрлийг даган үйлдэлгүйгээр, сүнсний эмх цэгцтэй байдлыг сахиж, хувийн итгэлийн өсөлттэй амьдарч чадах юм. Бурхан итгэгч хүн бүхэнд биеэ захирах сүнсийг өгсөн. Бид өөрсдийнхөөрөө бол хэзээ ч биеэ захирч чадахгүй бөгөөд гэмийн боолоор амьдрахаас өөр аргагүй юм. Өнөө үеийн хүмүүс биеэ захиралгүй сэтгэл хөдлөл ба хүсэл сонирхолыг даган дур зоргоор амьдардаг. Энэ цаг үеийнхний урсгалыг дагалгүй өдөр бүр бие захирах сүнсийг түшиглэн Бурханы хүсэл ба удирдагыг даган сүнсний ялалт байгуулдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Тимот өөрийгөө айдсаар дүүрэн хүн хэмээн бодож ийм өөрийгөө харах үедээ сэтгэлээр унан уйлж амьдарсан. Харин ийм Тимтод Паул айдсаа хянаж өөрийгөө захирч сурах хэрэгтэй бөгөөд Бурханаас ирэх хүч, хайр, өөрийгөө захирах сүнсээр ялалт байгуулан амьдраарай хэмээн хэлж байна. Энэ цагт бүгдээрээ Бурханаас өгсөн хүч, хайр, өөрийгөө захирах сүнсээр өдөр бүр дүүрэн амьдарч Христийн сайн цэргээр тэмцэж чадахыг хүсэн гуйж байна.
2. Чамд хариуцуулсан сайныг хамгаал (8-18)
8-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө, надтай хамт зов.” Хамтдаа даван туулна гэдэг нь хамтдаа зовно гэсэн үг юм. Тимотын авах зовлон нь юу вэ? Паулын хувьд газар доорх шоронд гинжлэгдэн хоригдож байгаа, хүйтэн ханан дунд хэн нэгний дууг үл сонсон тусгаарлагдан амьдарч байгаа. Харин Тимотын хувьд зүрх сэтгэл нь айдсаар дүүрэн, хуулийн багш нар, ахлагчдаас зугтсан байр суурьтай дээрээс нь хавчлагаас айн эмээн үхмэл амьдарч байгаа. Нэг нь бодит шоронд харин нөгөө нь сэтгэл нь шоронд амьдарч байна. Тимотод Паул надаас миний ийм байдлаас ичилгүй харин Паултай адил сайн мэдээний төлөө, зовлон амсаарай хэмээн хэлж байна. Энэ бүх зүйлийг хүний хүч чадлаар чадах зүйл биш учраас Бурханы хүчийг аван зовлонд оролцоорой гэж байна. Сайн мэдээний төлөө зовно гэдэг нь хэцүү байдалд бууж өгөлгүй улам идэвхтэйгээр сайн мэдээг гэрчлэн түүнд дагалдах зовлонг хүртэл хүлээн зөвшөөрөөрэй гэсэн үг. Тухайн үед Христийн загалмай нь Иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийханд мунхаглал, Ромчуудын хувьд ичгүүр төдий зүйл байв гэж 1 Кор 1:23 дээр хэлсэн байдаг. Бодит байдал ийм байгаа ч Паул Тимотыг идэвхтэй зовлон амсаарай гэсэн зааварчилгаа өгч байна. Сайн мэдээнээс ч бүү ич гэж байна. Учир нь Есүсийн загалмайн сайн мэдээ нь энэ ертөнцөд хамгийн үнэ цэнтэй нандин үнэн зүйл юм. Хүлээн зөвшөөрөх хэнийг ч аварч чадах Бурханы хүч юм. Тиймээс амь насаа золиосолсон ч тунхаглан дамжуулж, заан сургаж, туйлын эрдэнэс болсон сайн мэдээний төлөө идэвхтэй зовлон амсан амьдрах хэрэгтэй хэмээн хэлж байна. Бурханы хүчээр хийх учраас түүнээс хүч аван түүний хүчээр хийгээрэй хэмээн хэлж байна. Энэ цагт бүгдээрээ сайн мэдээний ажлыг Бурханы хүчээр хийн ялалт байгуулж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 9,10-р эшлэлийг үзээрэй. “Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм. Харин эдүгээ энэ нь бидний аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Үхлийг Тэр хүчингүй болгож, амь ба мөхөшгүй байдлыг сайн мэдээгээр гэрэлд авчирсан.” Сайн мэдээний төлөө Бурхан биднийг ажил үйлс ба өөрийн зөвөөр нь бус харин Өөрийнхөө зорилго, төлөвлөгөө ба нигүүлслээр аварч дуудсан гэдгийг харж байна. Энэхүү аврал ба дуудлага нь Есүс Христ энэ дэлхийд ирэн, үхлийг хүчингүй болгон, мөнх амийн замыг тод харуулснаар биелэгдсэн юм. Зөвхөн Бурханы тааллын дагуу бид нар авралыг авсан. 11-р зүйлийг үргэлжлүүлэн харвал үүний төлөө Бурхан Паул, Тимот болон өнөө үеийн биднийг ч бас тунхаглагч, элч, багшаар томилсон гэдгийг харж болно. Тиймээс Паулын үүрэг нь сайн мэдээг тунхаглаж, Бурханы элчээр үгийг заадаг багшаар өөрийгөө зориулахад бэлэн байсан. Бид ч гэсэн элч, багшаар дуудагдсан тул сайн мэдээг тунхаглаж байгаад шоронд орж, үхлийг амсаж ч болох юм. Олон хүмүүс Паулаас, сайн мэдээнээс ичиж нүүрээ бууруулсан. Энэ цагт Бурхан дахин хэлж байна. Бурхан дуудлагаар чамайг сонгосон тул бүү ич хэмээн тунхаглан хэлж байна. Хүмүүс сайн мэдээнээс ихэд ичиж амьдардаг. Бусдыг босгон байгуулдаг хүч гэдгийг мэдэхгүй учирт юм. Өөрөө сайн мэдээг авсан хүн шиг баяр хөөртэй, аз жаргалтай хүчтэй, зөв, гэмгүй ариун амьдарснаараа бусдад ч бас тунхагладаг сайн мэдээнээс ичдэггүй хүнээр амьдарч чадахыг гуйж байна.
Ичиж байсан хүмүүст тэрээр хандан 12-р эшлэлээр дахин гэрчилж байна. “Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдогч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсанаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна” Паул сайн мэдээг дамжуулах үүргийг аван үүний төлөө зовж шоронд хоригдсон ч өчүүхэн ч ичдэггүй хэмээн гэрчилж байна.
1-рт Учир нь би хэнд итгэснээ мэддэг хэмээн хэлж байна. Паул зовлон амсах үедээ загалмайд цовдлогдсон Есүсийг бодсон. Ямар ч гэмгүй өөрийгөө орхин загалмайд цовдлогдон бидний гэмийн төлөө үхэж буй түүнийг харан тэр хүчийг харан түүний хүлээн авч түүнд итгэсэн. Дахин амилж тэнгэр өөд явсан түүний хүч чадлыг харан алдрыг өргөсөн. Тийм учраас Христийн зовлонд оролцох нь алдар гэдгийг тэр мэдэн баяртайгаар тэвчээртэйгээр үйлчилсэн юм. Филиппой 3:10,11 эшлэлийг харвал тэрээр аль хэдийн итгэлийн шийдвэр гаргасныг харж болно. “Ингэснээр би Христийг болон Түүний амиллын хүчийг таньж, зовлонгоос нь хуваалцан, Түүний үхэлд Түүнтэй адилхан болгогдоод үхэгсдийн амилалд хүрч очмоор байна.”
1-рт Хариуцуулснаа эцэс хүртэл хамгаална гэдэгт итгэж байна хэмээн тунхагласан. Сайн мэдээг бүх үндэстэнд тунхаглана гэдэгт тэр итгэсэн. Бодит байдал нь Азиар дуусч байгаа мэт харагдаж олон хүн сайн мэдээнээс урваж орхиж явсан ч тэр эцэс хүртэл тэмцэн хамгаалах болно гэдэгт 100 хувь итгэсэн. Есүст намайг хамгаалж чадах барьцаа шагнал агуу гэдэгт итгэн баяртайгаар тэвчээргтэйгээр Бурханд үйлчилж амьдарсан.
Үргэлжлүүлэн Тимотод захиас даалгавар өгсөн. 13,14-р эшлэлийг үзээрэй “Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор чанд сахь. Чамд хариуцуулсан сайныг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал” Эндээс эрүүл үгс ба чамд хариуцуулсан сайн гэдэг нь Паулын дамжуулах сайн мэдээ болон үүнд үндэслэн зааварласан сургаалиудыг хэлж байна. Сайн мэдээ нь үнэхээр сонссон хүлээн авдаг бүх хүний сэтгэл сүнс, санаа бодол, амь ба амьдралыг нь хүртэл эрүүл болгодог Бурханы үгс учраас ийнхүү тусгайлан захиж байна. Адгийн гэмтэй сул дорой нэгнийг ч өршөөн аварч, мөнх амийг өгч, зүрхэнд хайр, итгэл ба хүсэл найдварын галыг бадруулдаг хүчтэй юм. Сайн мэдээний үгс нь ямар ч хүнийг өөрчилж 180 градус өөр хүн болгох хүчтэй юм. Тийм учраас энэ дэлхийд энэ сайн мэдээ шиг үнэ цэнтэй нандин зүйл байхгүй. Үнэний дагуух амьдралыг хүний хичээл зүтгэлээр бус Ариун сүнснийг түшиглэснээр хамгаалж чадна гэж тодруулан хэлж байна.
Дүгнэлт: Энэ цаг үе бол сайн мэдээний эсрэг, үнэний эсрэг Сатаны ажил хүчтэй явагдаж байгаа цаг үе юм. Хүмүүс эд материал, шинжлэх ухааныг шүтдэг үзэл, хүнийг Бурханаас илүүд тавьдаг үзэл, зугаа цэнгэлд автан хүмүүс үүнд захирагдан амьдарч байна. Цаг үе ийм байгаа ч гэсэн бүгдээрээ эрүүл үгсийг хамгаал гэснийг сахин энэхүү сайн зүйлийг сайн мэдээг найз нартаа, ах дүү нартаа, ар гэрийнхэндээ тунхаглан хамгаалж чадахыг хүсэн гуйж байна. Түүхийн ховор зүйлийг, түүхийн үнэнийг хойч үедээ тасралтгүй ярьдаг шиг энэ дэлхийд хамгийн үнэ цэнтэй сайн мэдээг хойч үедээ өв болгон үлдээж өдөр бүр тунхаглан амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Бүгдээрээ Бурханы өгсөн хүч, хайр ба бие захирах сүнсийг түшиглэснээр Паулын гэрээслэлийн дагуу эрүүл үгсийг хамгаалан залгамжлан өдөр бүр гэрчлэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна.