2022 оны Иохан 28-р номлол (05.08) Галаа Петр хн

Би бас та нарыг илгээнэ

Иохан 20:1-31
Гол эшлэл 20: 21

“Есүс дахиж тэдэнд амар амгалан та нарт байх болтугай. Эцэг намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ.”

Сайнмэдээ, энэ бол хэзээ ч хуучрахгүй сайнмэдээ. Эзэн Есүс бүх хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдон нас барсан гэсэн энэ бол загалмайн сайнмэдээ юм. Мөн үүний салшгүй нэг хэсэг нь болох Есүс Бурханы хүч чадлаар үхлийг ялан дийлж амилсан гэсэн амилалтын сайнмэдээ байдаг. Есүст итгэж загалмайн сайнмэдээг хүлээн зөвшөөрсөн ч амиллын сайнмэдээг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж үхлийн айдаст боолчлогдож зөвхөн энэ ертөнцийн амьдралд хүлэгдэн хязгаарлагдмал амьдарч байгаа итгэгчид олон байдаг. Харин өнөөдрийн зарлиг дээр Есүс амилсны дараа үхлээс болж гуниглан цөхөрч, айж буй Мариа болон шавь нарт үзэгдэж амилалтыг биеэрээ харуулснаар амилалтын итгэлийг суулган өгч байна. Тэгээд тэдэнд нандин үүрэг өгөн, амилалтын гэрчлэгчид болгож, энэ гэм нүглээр дүүрэн ертөнцөд илгээж байна. Өнөөдрийн зарлигаар дамжуулан амилсан Есүстэй хувиараа уулзсанаар бүхийл гуниг, цөхрөл, эргэлзээ ба айдсаас чөлөөлөгдөн амилалтын амьд гэрч нар болж чадахыг хүсэн гуйж байна.
1. Есүс амилалтын итгэлийг заан өгсөн нь (1-20).
Хүн төрөлхтөн Есүсийг амилах энэ өдрийг хүртэл үхлийн эрхшээлд захирагдаж ирсэн. Энэ бүхний эхлэл нь Адам, Ева хоёрын Бурханы зарлигийг зөрчсөн тэр цагаас эхэлсэн(Эхлэл 3). Үхлээс болж хүн хичнээн хичээж амьдарсан ч өрөвдөлтэй төгсөх муу хувь тавилантай болсон. Гэвч Есүс үхлээс амилснаар үхлийн хүчийг бут цохиж, гэм ба үхлийн харанхуйд хоригдож байсан бүх хүнд авралыг жинхэнэ утгаар нь хайрласан бөгөөд Есүс хүн бүрийн амийн Эзэн болсон юм. Үүгээр харанхуй ба цөхрөлийн үе өнгөрч, хүсэл найдвараар дүүрэн шинэ түүх эхэлсэн. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд маш чухал өдөр байсан. Энэ бол Тэр амилсан өдөр юм. Харин үүнийг мэдээгүй, итгээгүй Магдалын Мариа болон шавь нарт Есүс хэрхэн амилалтын итгэлийг суулган өгч буйг харъя.
Магдалын Мариа болон бусад эмэгтэйчүүд өглөө эрт харанхуй байхад Есүсийн булш руу явж байв(Мк 16:1). Тэд яагаад булш руу явж байна вэ?
Магдалын Мариа нь Есүс загалмайд цовдлогдоход түүний хажууд байсан ба Түүний цогцсыг оршуулж байгааг ч харсан. Мариа Есүсийн цогцсыг тосолсноор Түүнийг эцэс хүртэл хайрлаж, хүндэлж буйг харж болно. Мариа булшинд хүрч ирэхэд булшийг таглаж байсан хад нь зайлуулагдсаныг харав(1). Булшийг таглаж байсан хад нь том биетэй таван эрэгтэй хүн түлхэж байж зайлуулагдах том чулуу байсан. Зайлуулагдсан хадыг хараад Мариа хүмүүс ирээд Есүсийн цогцсыг авч явсан гэж бодон бусад шавь нар луугаа гүйн очиж энэ тухай мэдүүлэв. “Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Хэн аваад явсан болоо?”(2) хэмээн хэлэх Мариагийн үгийг сонссон Петр, Иохан хоёр ихэд сандарч шууд булш руу гарч гүйв(3). Иохан түрүүлэн ирсэн боловч дотогш оролгүй тонгойж хараад даавуу байхыг л харав. Харин араас нь гүйж ирсэн Петр шууд булш руу орон маалинган даавуу болон толгойг нь ороож байсан даавууг харав. Мөн даавуунууд байсан байрандаа эвхээтэй байгааг ч харав(7). Унтаад сэрсэн хүн хөнжлөө цэгцлэн эвхсэн мэт байв. Хэрэв хүн цогцсыг хулгайлж авсан бол маалинган даавуу ба толгойг нь ороож байсан даавуутай нь аваад явах байх, эсвэл тайлаад газарт хаях ч юм уу. Харин даавуунууд тэнд эвхээтэй байсан эдгээр зүйлүүд нь Есүс биеэрээ амилсан гэдгийн баримт нотолгоо юм.
Есүс олон удаа давтан хэлсэнчлэн үхлийн дараа гурван хоногийн дотор амилсан юм. (Марк 8:31, 10:34, 14:28). Одоо Израильд байгаа Есүсийн булшийг очоод үзвэл “Тэр амилсан, тэр энд байхгүй” гэсэн бичиг байдаг гэсэн. Есүс махан биеэр амилсан учраас булш нь байгаа боловч цогцос нь байхгүй. 9-р эшлэлийг харвал тэд Есүс үхэгсдээс амилах ёстой гэсэн бичвэрийг хараахан ойлгоогүй учраас Есүсийн амилалтанд бүрэн итгээгүй байлаа(9).
Хоёр шавь гэртээ харьсан боловч Магдалын Мариа булшинд буцаж ирэн гадаа зогсоод уйлж байв. Тэрээр уйлсан чигээрээ булш руу тонгойж хартал цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв(12). Тэд Мариагаас -эмэгтэй чи юунд уйлна вэ гэж асуув. Мариа “тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй” гээд уйлсаар байв(13). Мариа яагаад ингээд уйлаад байна вэ? гаднаас нь харахад Есүсийн цогцос алга болсонд уйлж байгаа мэт боловч, Харин үнэндээ бол үхлээс ирдэг гуниг цөхрөл түүнийг захирч байгаа учраас юм.
Есүс амилсныхаа дараа хамгийн түрүүнд Мариад харагдсан. Уул нь миний бодлоор бол Тэр энэ ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүнд үзэгдэн “Одоо энэ гайхамшигт Амилалтын сайнмэдээг бүх хүмүүст хэлэгтүн” хэмээн Өөрийгөө гэрчлүүлмээр. Эсвэл магадгүй Пилатад үзэгдмээр, эсвэл хамгийн хайртай шавь нартаа ч юм уу гэтэл тэгээгүй. Харин тэр бүр хүн таньж мэдэхгүй Мариад харагдсан. Бид бүгд бусад хүмүүсийг хараад өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэдэг. Энэ хүн бол хайрлаж хүндэлмээр хүн, харин энэ хүн бол … гэдэг. Үл хүндлэлийг хэл амаараа эсвэл биеийн хэлэмжээрээ ч тийнхүү иракц үзүүлдэг. Өөрөөр хэлбэл бид өөрийн мэдэлгүй ялгаварлан гадуурхаж, бас гадуурхагдаж амьдардаг. Харин Эзэн Есүс хэнд ч хайрлагдах зохисгүй гэмтэй, сул дорой намайг, таныг хайрлан АМИЛСАН Эзэн, амийн Эзэн гэдгээ заан өгсөн юм. Амен Эзэн Есүст бүх талархал нь байх болтугай.
Энэ Мариа нь хэн байсан, ямар амьдрал туулсныг сайн мэдэхгүй ч Лук 8:2-с үзвэл Магдалын Мариа урьд нь гэмтэй, зовлонтой амьдарч байсан. Мөн долоон чөтгөрт эзлэгдэн их зовлонтой амьдарч байсан. Есүс ийм түүнийг өрөвдөн хайрлаж долоон чөтгөрийг зайлуулан, гэмийг нь өршөөв. Есүс Мариаг нандигнан хайрласнаар шинэ амьдралаар амьдрахад туслав. Түүнээс хойш Мариа чин сэтгэлээсээ амьдралаа зориулан сайнмэдээний ажилчин, дагалдагчийн амьдралаар амьдрах болсон. Гэвч Есүс загалмайд нас барснаар Мариагийн амьдралд нөхөж баршгүй уй гашуу тохиосон. Түүний амьдрал утга учир ба хүсэл найдваргүй мэт болсон. Есүсийн үхэл түүний амьдралыг утгагүй хоосон гуниг ба цөхрөлөөр дүүрэн болгосон. Хамгийн хайртай дотны хүнээ алдана гэдэг нь хүн бүрд маш хүнд цохилт болдог. Хүнийг үхлийн айдас, үхлээс ирэх гуниг зовлон нь хүлж, эрхшээлдээ оруулж байдаг. Шавь нар ч мөн яг Мариагийн адил айдас, уй гашуу, гуниг цөхрөлд автсан.
Шавь нарны байдлыг мөн харвал. 19-р эшлэлийг үзээрэй “Долоо хоногийн эхний өдөр тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас үүдээ түгжсэн байв.” Энэ нь өнгөц харвал цаг үе маш хүнд хавчлагатай, ядаж байхад Есүсийн цогцос хүртэл хэн, хашаа авч явсан нь мэдэгдэхгүй алга болчихлоо, одоо биднийг хайж барихаар цэргүүд ирэх байх хэмээн айдастай, нуугдаж, бүгсэн байв. Үүнээс илүүгээр яг Мариад байсан уй гашуу, цөхрөл, үхлийн харанхуй хүч тэднийг ноёлсон байгааг харж болно. Тэд Мариагийн адил амилалтын итгэл үгүй, сүнслэг хараа нь сохорсон байсан. Энэ дэлхийн юу ч тэдэнд тусалж чадахгүй.
Есүс үхлийн гунигт автагдсан Мариа болон шавь нарт хэрхэн тусалсан бэ? 14-г үзээрэй. Мариа тэнгэрэлчтэй ярьж дуусаад эргэтэл Есүс зогсож байхыг харав. Гэсэн ч Мариа түүнийг Есүс гэж таниагүй. Яагаад гэвэл тэр зөвхөн загалмайд цовдлогдон үхсэн Есүсийг л бодож байсан учраас юм. Хамгийн сүүлд Есүсийг харсан түүний дүр төрх сэтгэл зүрхэнд нь хоногшсон байгаа. Тэр бүх ертөнцийн нүглийн шийтгэлийг Өөр дээрээ хүлээн авсан учраас маш аймшигтай, гутамшигтай, өрөвдөлтэй харагдаж байсан. Энэ төрх бол бидний эдлэх ёстой дүр төрх байсан юм. Мөн Мариад Есүс амилна гэсэн ойлголт, итгэл огт байхгүй учраас түүнийг Есүс гэж хэзээ ч төсөөлж чадахгүй байх аа. Есүс ийм Мариагаас –эмэгтэй чи юунд уйлна вэ? чи хэнийг хайна вэ гэж асуув(15). Энэ үг нь одоо уйлах хэрэггүй болсон байхад яагаад уйлж байна вэ? мөн амилсан Есүсийг хайлгүй яагаад загалмайд үхсэн Есүсийг л хайгаад байна вэ гэсэн утгатай. Гэсэн ч Мариа Есүсийг танилгүй цэцэрлэгч гэж бодон түүнээс цогцсыг асуусан.
Тэгэхэд Есүс- Мариа! гэж нэрээр нь дуудав(16). Шавь нарыг болохоор үүд нь түгжээтэй байсан ч Есүс тэдний дунд зогсон “Амар амгалан та нарт байх болтугай” хэмээн мэндчилэв. Энэ дуу хоолой нь загалмайд цовдлогдохын өмнө ч амилсны дараа ч огтхон ч хувираагүй Есүсийн хайрын дуу хоолой байсан. Энэ дуу хоолой нь үхлийг ялан дийлж гуниг ба муу хувь заяаны асуудлыг шийдэж өгсөн амилсан Есүсийн дуу хоолой байв. Мариа Есүсийн дуу хоолойг сонсоод түүний сүнсний нүд нь нээгдэж, улмаар тэр даруй Есүсийг таньсан. Тэгээд Мариа эргээд “Рабуни” Багш аа хэмээн гар хүрсэн гэдэг нь хөлд нь сөхөрч унаад, дахин алдахгүй, тавьж явуулахгүй гэсэн байртай чанга гээч нь зуурсан гэсэн үг юм. Амилсан Есүстэй уулзсан Мариагийн нулимс нь зогсож, бүх гуниг зовлон ангижран алга болсон. Сэтгэл сүнс нь баяр хөөрөөр дүүрэн болов. Амилсан Есүстэй хувиараа уулзахад бүхий л айдас, гуниг зовлонгийн асуудал шийдэгдэж чадна. Үхлийн айдаст автагдсанаас болж итгэлийн, сүнслэг хараагаа алдсан байсан тэр одоо сүнслэг хараа орсон. Тэгээд ч зогсохгүй Амилалтын итгэл түүний сэтгэлд гүн суулгагдсан. Есүс энэ л зорилгоор Мариад мөн шавь нартаа үзэгдсэн.
“Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно гэдгийг хэл” гэв(17). Эндээс Есүс яагаад та нарын Эцэг, та нарын Бурхан хэмээн Өөртэйгөө шавь нарыг адилтгаж байна вэ? учир нь Есүсийн амилалт нь бас шавь нарын амилалт бөгөөд шавь нар ч гэсэн хожим Есүстэй адил Бурхан руу явах болно гэдгийг заахын тулд юм. Есүсийг үхлээс амилуулсан Бурхан бол Есүсийн болон шавь нарын Бурхан юм. Есүс амилалтын анхны үр жимс нь болж шавь нар болон бидний төлөө Бурхан руу явах замыг нээж өгсөн. Есүс одоо Эцэг рүү явах нь бүх юмсыг сэргээхийн тулд байв (1Коринт 15:24-28).
Магдалын Мариа шууд шавь нарт очин “би Эзэнийг харлаа. Мөн Эзэн надад ингэж хэлсэн” гэж гэрчлэв. Амилсан Есүстэй уулзсан Мариа баяр хөөр, бат итгэл болон хүсэл найдвараар дүүрэн болов. Уй гашуу болон гуниг нь баяр хөөр болж, цөхрөл нь өөрчлөгдөн хүсэл найдвар болсон. Мөн 20-р эшлэлийг үзвэл шавь нар ч мөн Эзэнийг хараад ихэд баярлав. Амилалтын итгэлийг хүлээн авсан тэд цаашид СМ-ний гэрчлэгчээр насан турш амьдрах болно. Үүний адил Есүс өнөөдөр та бидэнд амилалтын итгэлээр амьдраарай хэмээн үгээ өгч байна.
Тэгвэл амилалтын итгэлтэй хүн нь хэрхэн амьдрах бэ? Бид мөнхийн улсын үүдээр орох хүртлээ олон зовлон бэрхшээлтэй тулгарах болно. Өвчин зовлон, санхүүгийн хямрал, харилцааны асуудал зэрэг нь гэнэт л ирдэг. Харин бид итгэлтэй, амилалтын итгэлтэй байх хэрэгтэйг Есүс заан өгч байна. Исаиа 43:1-3 т “Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израйль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний БУРХАН ЭЗЭН” Бид зовлон саат тотгор дундуур явах болно, гэхдээ Аврагч Бурхан, Амилсан Бурхан Өөрөө хамгаалах болно. Энэ амилалтын итгэл үгүй хүн нь амьдралын шуурга ирэхээр шантарч, цөхрөн замаасаа төөрөх аюултай юм. Харин амилалтын итгэлтэй амьдардаг хүн нь амьдралын ямар ч шуурган дунд итгэлээр даван туулдаг хүнийг хэлнэ. Хэзээ ч шантрахгүй, тууштай байж, энэ дэлхийн гоё сайхан уруу татлага, сорилт юунд ч хүлэгдэхгүй, хохирол амссан ч хамаагүй итгэлээр амьдардаг хүн нь амилалтын итгэлтэй ялалт байгуулдаг хүн юм. Энд сууж буй та бүгдийг амилсан үхлийн хүчийг ялан дийлсэн Тэр нэгэн цаг үргэлж хамт байж удирдах болно. Есүст итгээрэй, эцэс хүртлээ итгэж найдсаар байгаарай. Түүнд л үйлчилж, Түүнийг л дагаж амьдраарай хэмээн хүсэн ерөөж байна. Нэг удаа биш, хэдэн сар жил ч биш насан туршдаа эцэс хүртлээ Есүсийг дуулгавартай дагахыг хүсэн гуйж байна. Амен.
2. Амар амгаланг өгдөг Есүс (19, 21, 26б)
Энд Есүс шавь нартаа гурвантаа хэлсэн “Амар амгалан та нарт байх болтугай” гэсэн. Иеремиа 14:13-т “Тэр та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө” хэмээн хэлсэн байдаг. Есүс шавь нартаа хэзээ ч Би та нарыг баян болгоно эсвэл нэр алдартай болгоно, эсвэл ямар ч зовлон бэрхшээлгүй жаргаана гэж хэлээгүй. Харин тэр бидэнд “амар тайвныг, амар амгаланг” амласан. Есүсийн өгдөг амар амгалан нь энэ дэлхий юу ч өгч чадахгүй амар амгалан юм. Үүний адил бидэнд Есүсийн өгдөг амар амгалан нь ямар их ивээлтэй болохыг ухааран өдөр бүр Эзэнд талархал өргөдөг, бат итгэлтэй хүнээр амьдрахыг хүсэн гуйж байна.
3. Би бас та нарыг илгээнэ (21-31).
Амилалтын итгэлийг суулгасны дараа Есүсийн шавь нарт захих үг нь юу байсан бэ? “Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ” гэв. Амилсан Есүс шавь нараа ертөнц уруу илгээж байна. Шавь нар Есүсийн элчийн бүх эрхийг аваад ертөнцөд очоод үүргээ биелүүлэх хэрэгтэй.
Тэгвэл шавь нар яаж энэ агуу элчийн үүргийг биелүүлж чадах вэ? 22-р зүйлийг үзвэл Есүс тэдэнрүү үлээн Ариун Сүнсийг авагтун гэв. Ариун Сүнс бол элчийн үүргийг биелүүлэх Сүнсний эрх мэдэл ба мэргэн ухааны үндэс юм. Тэдэнд Ариун Сүнс бууж ирэхэд бүх айдсаас ангижирч Сатан дайсан ба сорилтоор дүүрэн энэ дэлхийд хүч чадалтайгаар сайнмэдээний ажлыг хийж чадна. Тэгвэл шавь нарын дамжуулах сайнмэдээ нь юу вэ? 23-р зүйлийг үзээрэй. “Та нар хэний нүглийг уучлана, тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлана, тэд үл уучлагдах болно” гэжээ. Энэ нь шавь нар өршөөлийн сайнмэдээг дамжуулахад хүлээн авсан нь гэмийн өршөөлийг авна гэсэн утгатай. Харин шавь нар энэ сайн мэдээг дамжуулалгүй, хүмүүсийг орхивол тэд хэзээ ч уучлагдаж чадахгүй болно. Тиймээс шавь нар идэвхтэйгээр Есүсийн загалмайн өршөөл ба амилалтын сайнмэдээг гэрчлэн, авралын ажлаа биелүүлэх хэрэгтэй.
24-г үзээрэй Амилсан Есүс шавь нарт харагдахад Томас тэнд байхгүй байв. Бусад шавь нар нь түүнд бид Эзэнийг харсан гэж бат итгэлээр гэрчлэв. Тэднийг ийнхүү баттай гэрчлэхэд Томас үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байв. Нэг ч биш харин арван хүний гэрчлэл. Гэтэл Томас Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны оромд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ(25). Томас бусдын үгэнд итгэж чадахгүй өөрөө харж, сонсож, барьж үзэж байж итгэнэ гэсэн үзэл бодолтой хүн байв. Харин Есүс энэ өөрийн гэсэн бардам бодолтой Томасын төлөө найман өдрийн дараа дахин тэдэн урүү ирэв. Есүс Томас уруу ирээд яагаад эргэлзээд байна вэ? гээд зэмлэлгүй, харин Түүний сул доройг итгэлгүй байдлыг хүлээн авсан. Тэгээд түүнд Өөрийн гарынхаа хадаасны сорви ба хажуугийн жадны сорвийг харуулаад, гараар нь бариулснаар түүний эргэлзээг арилгасан. Тэгээд Есүс түүнд итгэлгүй бус итгэлтэй бай гэжээ(27). Есүсийн хайранд сэтгэл хөдөлсөн Томас –Эзэн минь, Бурхан минь гэж итгэлээ илчлэв. Томас үүнээс хойш бат итгэлээр дүүрэн, амилалтын гэрч болсон. Тэрээр хожим Энэтхэг улс уруу илгээгдэн амилалтын сайнмэдээг дэлгэрүүлж байгаад тэндээ нас барсан. Цаашлаад Есүс Томаст –Чи Намайг харсан учраас итгэв үү? хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ! гэв(29). Энэ үг нь хожим Есүсийн гэрч нарын гэрчлэлээр дамжуулан итгэсэн нь ерөөлтэй гэсэн утгатай. Бидний итгэл нь ч харснаар бус гэрчлэлийн үнэн үгэнд үндэслэгдэх хэрэгтэй гэдгийг зааж байна. Бидний сурч буй үг нь харж, сонссон хүмүүсийн гэрчлэлүүд билээ. Үгэнд үндэслэсэн итгэл нь цэвэр итгэл юм. Бид Бурханы үгэнд итгэсэн итгэлээр дамжуулан улам гүн, бат итгэлтэйгээр амьдарч чадна. Уг номыг бичигч нь Есүсийн талаар олон гэрчлэлийг бичсэн нь Есүс бол Христ бөгөөд Бурханы Хүү мөн гэдэгт итгүүлэхийн тулд бөгөөд итгэснээр Түүний нэрээр амьтай болгохын тулд юм(30,31). Есүсийн агуу хайр, өршөөл, амар тайван, авралын сайнмэдээг хүлээн авсан та ямар ивээлтэй хүн бэ? Бидний хэн нь ч Түүний энэ агуу ивээл, амар тайвныг эдлэх зохистой биш байсан. Харин хэнийг ялгадаггүй хайрладаг, Дахин амилсан амийн Эзэн Есүс Өөрөө таныг сонгон дуудаж хайрласан юм. Амен Есүсийн өгдөг амар амгалан танд дүүрэн байх болтугай.
Дүгнэлт: Дээрхээс үзэхэд Есүс шавь нараа амилалтын итгэлтэй болгохыг хичнээн хүссэнийг мэдэж болно. Мөн тэд сул дорой байсан ч амилалтын гэрчээр амьдрахыг хүссэн. Энэ дэлхийн зүйлс нь гоё, сайхан, хамгаас чухал мэт харагдах боловч эцэстээ бүгд түр зуурынх байдаг. Нэр алдар, эд баялаг, эрх мэдэл, итгэлийн бус аливаа бүхэн нь эцэстээ хоосны хоосон юм. Тиймээс Бид энэ Есүсийн сэтгэлийг хүлээн авч амилалт болон тэнгэрийн хаанчлалын амьд найдвар дотор энэ дэлхийн амьдралд хүлэгдэлгүй, амилалтын гэрчээр идэвхтэй амьдрахыг хүсэн гуйж байна.

өмнөх нийтлэл2022 оны Иохан 25-р номлол(04.30) Иошуа Насаа хн
Дараагийн нийтлэл2022 оны 1 Тимот 1-р хичээл (05.22)