Есүсийн залбирал
Иохан 17:1-26
Гол эшлэл 17:1
“Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн –Аав аа, цаг нь ирлээ. Хүү Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.”
Иохан 14-16 бүлэгт шавь нарыг үгээрээ сургасан Есүс одоо шавь нарынхаа төлөө залбирч байна. Есүс сайнмэдээний ажлыг эхлэхээс өмнө цөлд 40 хоног мацаг барин залбирч байсан. Мөн энэ дэлхий дээр байх хугацаа дуусч буй энэ цагт ч гэсэн Бурханы өмнө очин залбирсан. Харин өнөөдрийн номлолоор бид Есүс өөрийнхөө төлөө, дагалдагчдын болон дэлхийн итгэгчдийн төлөө ямар утга, агуулгатай залбирал өргөсөн талаар суралцах болно.
1. Хүү Таныг алдаршуулахын тулд (1-5).
1-р зүйлийг үзээрэй. Есүс тэнгэр өөд мэлмий өргөн ингэж хэлж байна. “Ааваа цаг нь ирлээ. Хүү Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач.” Есүс “Цаг нь болсон” хэмээн 17-р бүлгийг эхэлж байна. Энэ түүний Бурханд өргөж эхэлж байгаа залбирлын эхний өгүүлбэр юм. Үүгээр дамжуулан Есүс хүн төрөлхтний төлөөх гэмийн төлөөсийг үүрэх цаг болсон гэдгийг энд онцолсон. Цаашлаад 1б хэсгийг үзвэл “Хүү Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач” гэж байна. Эндээс Есүс загалмайн зовлон, үхлийг амсах нь Бурханыг алдаршуулахтай холбоотой гэдгийг хэлж байна. Түүнчлэн Бурханыг алдаршуулахын тулд Есүсийг бас алдаршуулаачээ гэж гуйж байгааг харж болох юм. Тэгвэл Есүс загалмайн зовлон, үхлийг амссанаар Бурханыг хэрхэн алдаршуулах вэ? Түүний Загалмайн үхлийн жинхэнэ зорилго, мөн чанар нь юу вэ? Яагаад заавал Есүсийн загалмайд үүрэх тэр их зовлон, шаналал Бурханыг алдаршуулна гэж вэ? Учир нь Бурханы цор ганц хүү загалмайд цусаа урсгаснаар энэ дэлхийн гэм нүглийг цагаатгах юм. Гэхдээ ингээд бүх зүйл дуусаагүй. Тэрбээр гэм болоод үхлийн хүчийг ялан дахин амилсан. Ийнхүү Есүс өөрийн алдрыг харуулснаар Бурханыг ч бас алдаршуулсан юм. Тэгвэл загалмай ямар утга учиртай вэ? Энэ нь Бурханы хамгийн гайхалтай 2 мөн чанарыг хамгийн тод илэрхийлсэн илэрхийлэл юм.
1-рт Есүсийн загалмай Бурханы хайрын мөн чанарыг харуулсан
Бидний хийдэг, хийхийг хүсдэг зүйл бол гэм нүгэл. Бид худлаа хэлж хулгай хийдэг. Хөршдөө атаархаж, бие биенийхээ талаар хорон мууг ярьдаг. Эд баялагт дурлаж, эрх мэдэлтэй нэгэн болохын төлөө бузар муу замыг ч сонгох нь бий. Үүнээс ч олон гэм нүглийг хүмүүс бид үйлддэг. Харин гэм нүглийг нийгмийн хууль шийтгэдэг. Түүнчлэн Бурхан шударга учраас гэм нүглийг шийтгэх ёстой байсан. Гэвч Бурхан хайраар дүүрэн Бурхан учраас бүх гэмтнүүдийг шийтгэхийг хүсээгүй. Тиймээс тэрбээр загалмайд Есүсийг цовдлон гэмтэй хүн төрөлхтөнд хайртай гэдгээ харуулсан. Ингэснээр Түүний цор ганц хүү миний гэмийн төлөө цовдлогдон нас барж дахин амилсан гэдэгт итгэсэн бүхэн аврагдах юм. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд харуулсан хамгийн агуу хайрын илэрхийлэл юм.
2-рт Есүсийн загалмай Бурханы шударга мөн чанарыг илэрхийлсэн
Бурхан гэм нүгэлтэй хүн нэг бүрийг шийтгэх нь түүний хувьд болон гэм үйлдсэн бүхний хувьд шударга шийтгэл байв. Гэхдээ Бурхан бүгдийг мөхөлд хүргэхийг хүсээгүй тул бүхий л шийтгэлийг хүүдээ үүрүүлсэн юм. Тиймээс Бурхан гэм нүглийг шийтгэдэг мөн чанар биеллээ олсон. Харин одоо Бурханы хүү болох Есүст итгэсэн бүхэн Бурханы уур хилэн, шийтгэлээс ангид юм. Харин үл итгэсэн бүхэн эцсийн өдөр бүхий л гэм нүглийнхээ шийтгэлийг төлөх болно. Есүсийн загалмайн үхэл, дахин амилал нь Бурханыг алдаршуулах төдийгүй Есүсийг ч алдаршуулах байлаа. Энэ бүхэнд итгэсэн бүхэн Бурханыг хэрхэн алдаршуулж амьдрахыг боддог. Ром 8:1,2 “Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ”
2-3-р зүйлийг үзээрэй. Есүс алдаршсанаар бүх хүмүүст мөнхийн амийг өгөхийн төлөө залбирч байна. “Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махан биеийн дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” Есүс Бурханы өгсөн хүмүүсийг аврахын төлөө Бурхан Аав Түүнд бүх эрх мэдлийг өгсөн гэдгийг энд онцгойлон дурдаж байна. Цаашлаад тэдгээр хүмүүст мөнх амийг өгнө гэж байна.
Тэгвэл мөнхийн амьтай болно гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөнх амийг бид 2 хэлбэрээр ойлгож болно.
Есүс мөнх амийн талаар ярьж эхлэхдээ Бурхан бол цорын ганц үнэн Бурхан бөгөөд Есүс бол Түүний илгээсэн Христ гэдгийг танин мэдэхийг хэлж байна. Танин мэдэн гэдэг мөнхийн амийн тухай зөв ойлгож үүнийхээ дагуу амьдрах юм. Цаашлаад Христэд итгэдэг бүхэн энэ дэлхийг орхисон ч гэсэн Бурханы улсад мөнх амьдарна гэдгээ ухаарах юм. Хүмүүс үүнд бүрэн дүүрэн итгэдэггүй учраас мөнхийн улсын хүсэл найдвартай амьдарч чаддаггүй. Харин мөнхийн улсад мөнх амьдрахын тулд Есүст бүрэн итгэх хэрэгтэй. Тэнд зовлон шаналал гэж байхгүй. Тэнд атаархал, үзэн ядалт, өвчин зовлон гэж байхгүй. Тэнд амар амгалан, баяр хөөр дүүрэн байгаа. Тэнд ариун хүмүүс, тэнгэр элчүүдийн хамтаар Бурханыг магтаж дуулж байгаа. Тэнд бид мөнхөд амьдарна.
Харин мөнхийн улсын талаар өөр нэг мэдэх зүйл бол энэ дэлхийд мөнхийн улсын иргэнээр амьдрах боломжтой. Та Есүст итгэсэн бол мөнхийн улсын иргэн адил амьдарч чадна гэсэн утгатай. Илүү тодруулбал өөрийн амьдралыг Бурханаар удирдуулах хэрэгтэй. Та ирээдүйдээ зориулан эсвэл бизнесээ сайжруулахдаа ямар алхам хийх гэж байна. Тэр асуудлаа Бурхантай ярьж шийдэх хэрэгтэй. Ямар компанид ажилд орох, ажлаа яавал эрч хүчтэй хийх, өнөөдөр оройн хоолонд юу идэх, ямар хувцас өмсөх, ямар машин хөлөглөх энэ бүгдийг Бурханаас асууж болно. Түүнчлэн хүүхэд хүмүүжлийн талаар, хэнтэй нөхөрлөж, цаашид амьдралын төлөвлөгөөгөө ч Бурхантай ярилцаж гаргах хэрэгтэй. Харин зовлон эдэлж байгаа хэн нэгэн байгаа бол яагаад энэ бүхэн өөрт тохиолдож байгааг асууж хариултаа авах хэрэгтэй. Бурханд итгэж байгаа ч бүхий л зүйл бүтэлгүйтээд байгаа мэт байвал Бурханаас заавал асуугаарай. Бурхан хүн нэг бүрийг хамгийн сайн мэдэж байгаа учраас Түүнд бүх асуултын хариулт байгаа. Тэр тэнгэр газар, тэдгээрт байгаа бүхнийг 6 өдрийн дотор өөрийн үгээрээ бүтээсэн. Тиймээс Бурхан өөрийн үг болох ариун библиэр дамжуулан заавал хариултаа өгөх болно. Бүгдийн хариулт зөвхөн Бурханд байгаа. Тэр хариултаа өгч таныг өөрийн замаар заавал удирдах болно. Учир нь та мөнх амьтай. Та мөнхийн улсын иргэн байхаар сонгогдсон нэгэн. Та энэ дэлхийд ч мөнхийн улсын иргэний эрх мэдэл, элбэг хангалуун хангамж, энэрэл хайрын дунд амьдрахаар дуудагдсан. Харин одоо өөрийн харааг Бурхан руу өргөж, түүнийг олохын төлөө хичээгээрэй. Бурхан библиэр дамжуулан ярьсаар байх болно. Бурхан бидний амьдрал 100 % аз жаргалаар дүүрэн, өвчин зовлонгүй, ямар ч хүнд хэцүү асуудал тулгарахгүй байна гэж амлаагүй. Харин энэ бүхний дунд зогсож байгаа бидэнтэй Бурхан үргэлж хамт байна гэж амласан. Өөрөө өөрийгөө бурхан болгож эцэж туйлдан амьдрахаас илүүтэйгээр Бурханыг төвд тавьж амьдарцгаая. Бид энэ дэлхийд амьдрахдаа ч мөнх амийг эдлэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 4-р зүйлийг үзээрэй. “Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршууллаа.” Есүс Аавынхаа хий гэж даалгасан ажлыг гүйцэтгэснээр Аавыгаа энэ газар дээр алдаршуулсан гэж тайлагнаж байна. Тэгвэл Есүсийн энэ дэлхий дээр Бурханыг алдаршуулахын төлөө хийсэн ажил нь юу вэ? Есүс бузар муу сүнснүүдийг зайлуулж, эдгэшгүй хүнд өвчнүүдийг эдгээж байв. Олон зуун мянган хүмүүсийг хооллож байв. Энэ бүхнээс хамгийн чухал анхаарлаа хандуулан хийсэн ажил бол шавь нарыг дагалдуулах болон тэдэнд Бурханы үгийг заах байв. Түүнчлэн загалмайн зовлонг үүрэх бүхий л ажлаа хамгийн сайнаар хийсэн юм. Ийм замаар алхсан Есүсийг шавь нар ч ойлгоогүй. Тэдний нэг болох Иудас урвасан. Хайртай дагалдагч нь нь ойлгохгүй байгаа гээд Есүс огт шантарч ухраагүй. Тэр хүмүүсийн хандлага, гаргаж байгаа хариу үйлдэл бүхэнд хүлэгдсэнгүй. Есүс зөвхөн Бурханы хий гэсэн ажлуудыг хийсэн. Ингэснээр Бурханыг алдаршуулж чадсан юм. Тиймээс оюутны хоньчид болсон бид хүсэж байгаа зүйлээ хийснээр Бурханыг алдаршуулах боломжгүй. Хүмүүс өөрийн дуртай хүсдэг ажлыг хийснээр Бурханыг алдаршуулж чадахгүй. Жижиг ч бай том ч бай Бурханы хий гэж өгсөн ажлыг итгэмжтэй биелүүлэх үед Бурханыг алдаршуулж чадна.
Надад сүүлийн үед эдийн засгийн нөхцөл, улс орны байдал, улс төрчдийн гаргаж байгаа шийдвэрийг харахдаа гадаадад гарч амьдармаар санагддаг. Тэнд үр хүүхдүүд маань сайн боловсрол эзэмшиж, гадаад хэл сурч сайн сурч чадна. Нөгөө талаар Бурханы алдрын төлөө хийж байгаа бизнес болон үйлчлэл маань санаснаар болж амжилттай явахгүй байгааг харахдаа шантардаг. Түүнчлэн хоньчны амьдрал үр дүнгүй юм шиг санагдаж, сэтгэл давчуурах болдог. Би ийм бодолд автагдвал өөрөө ч мэдэлгүй өөрийн хүсэл шуналд баригдаж байгааг ухаардаг. Ийм надад Есүсийн залбирал тодорхой чиглэлийг заан өгч байна. Би дэлхийн алдрыг хүсч байгаа сэтгэлийг бүрэн үгүйсгэн, Есүс шиг зөвхөн Бурханы хаанчлалын шагналыг харж тууштай хоньчны үүргээ биелүүлэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Есүсийг дуурайж амьдарч байсан элч Паул ингэж хэлсэн. “Би сайн тэмцлээр тэмцсэн. Замаа дуусгасан. Итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” (2Тимот 4:7,8) гэжээ.
II. Шавь нарын төлөөх залбирал (6-19)
Одоо Есүс шавь нарын төлөө, залбирч эхэлж байна. Харин залбирахын өмнө Есүс шавь нарын төлөө юу хийснийг талаарх тайлангаа хуваалцсан.
1-рт Есүс шавь нарт Бурханы илчилсэн(6-8)
6а-г үзээрэй “Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг Тань илчилсэн” Есүс шавь нарт Бурханы нэр буюу Бурхан хэн бэ? гэдгийг илчилсэн. Шавь нар нь Бурханыг сайн мэдэхгүй байсан. Бурханы нэрийг илчилсэн гэдэг нь Бурханы мөн чанарыг сайтар таниулсан гэсэн утгатай. Бурханы мөн чанарыг Есүс хэрхэн таниулсан бэ? Тэрбээр Бурханы төгс хүч чадал, эрх мэдэл, ариунаас ариун чанар, энэрэнгүй хайрын чанаруудыг илчилсэн. Түүнчлэн Есүс дээрх бүхий л мөн чанаруудыг амьдралаараа үлгэрлэн харуулсан юм. Ингэснээр шавь нар Бурханыг хэн болохыг танин мэдсэн. Харин дараа нь Бурханаас эмээн хүндэтгэдэг хүмүүс болсон юм.
Өнөө үед ч бидний хийх ажил нь Бурханыг танихгүй хүмүүсийн зүрхэнд Бурханы нэрийг илчлэх явдал юм. Сайн мэдээг хуваалцаж их дээд сургуулиар явж байхдаа оюутнуудын зүрх сэтгэл Бурханаас асар хол байгааг мэдрэх нь олонтаа байдаг. Тэд өөрсдийн мэргэжлээ, аав ээжийгээ, хийх дуртай зүйлсээ эсвэл ёс заншил, эцэг өвгөдийн шашин шүтлэгээ бурхан болгон амьдарч байдаг. Иймээс жинхэнэ Бурханы талаар буруу ойлголттой байдаг. Харин ийм байлаа ч бид Есүс шавь нарт Бурханы амьд үгийг өгсөн шиг тэдний зүрхэнд амьд үгийг өгч, хувиршгүй хайраар үйлчлэх хэрэгтэй. Ингэснээр тэднийг хэзээ нэгэн цагт Бурхан өөрчилнө. Харин библийн хичээлийн эмх цэгцтэй, дэс дараалалтайгаар, зөв заах хэрэгтэй. Бид Бурханы үгийг нандигнах хэрэгтэй. Буга усыг хүсэхтэй адил бид ч гэсэн Бурханы амьд үгийг чин сэтгэлээсээ хүсэж, ухаарч, хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийнхүү бусдад заахад Бурханы үг төгс биелэлээ олж тэд Бурханы хайр, энэрэл, нигүүслийг ухаарах болно. Эцэст нь тэд Есүсийг Бурханы илгээсэн Хүү буюу Христ гэдэгт итгэнэ. Үүний дараа бид ургацаа баяр хөөртэйгээр хураах болно. Амен
2-рт Есүс шавь нарыг Бурханых хэмээн нандигнасан(9,10).
9-г үзээрэй “Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус, харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ” “Тэд Таных” гэсэн үгнээс харвал Есүс шавь нарт ямар сэтгэлээр хандаж байгааг харж болно. Есүс тэднийг Бурханы дагалдагчид гэж харсан. Түүнчлэн Бурхан ертөнцөөс сонгон Өөрт нь даатган өгсөн хүмүүс хэмээн тооцсон юм. Шавь нар ямар хүмүүс байсан талаарх библийн хэсгүүдийг харвал шавь нарыг нандинд тооцогдохоор хүмүүс биш байсан. Тэдний ихэнх нь иудейчүүдийн дотор үл тоогддог Галил нутгийн загасчид байв. Тэд өндөр боловсрол, мэдлэг эзэмшээгүй. Тэд үнэнийг ухаарахдаа удаан, загас их бариад баяжих, Есүсээр дамжин эрх мэдэлтэй нэгэн болох талаар боддог байв. Гэвч Есүс тэдний сул тал, дутагдлыг хараад орхиогүй юм. Тэднийг Бурханы сонгосон хүмүүс хэмээн нандинд тооцов. Тиймээс тэдний алдаа, сул тал, буруу бүхний үйлчлэн эцэс хүртэл хайраар үйлчилсэн. Есүсийн хувьд шавь нар нь баяр хөөр, хүсэл найдвар ба алдрын титэм нь байлаа. Эцэст Есүс тэднээр дамжин алдрыг өөртөө авсан юм.
Миний хувьд оюутан залуусыг фишиндэж, өөрөө өсгөж байгаа учраас минийх юм шиг андуурах нь олон байдаг. Тэдний хооллож байгаа мөнгөө өөрийнх гэж тооцож харамлах нь их байдаг. Гэлээ ч аль нь минийх биш ажээ. Надтай таньтай библийн хичээл хийж байгаа оюутан залуус биднийх биш. Харин Бурханаас надад хариуцуулж өгсөн Бурханы хүмүүс юм.Тиймээс эцэс хүртлээ тэднийг Бурханых гэж нандинд тооцож хайраар үйлчлэх хэрэгтэй. Цаашлаад Бурханаас мэргэн ухаан, Ариун сүнсний чиглүүлгийг авч оюутан нэг бүрийг нандигнан үйлчилж чадахыг хүсэн гуйж байна. Бүх алдар, магтаал Бурханд байх болтугай. Амен
Одоо бүгдээрээ шавь нарыг дэлхийд орхин явж буй Есүс тэдний төлөө хэрхэн залбирч байгааг суралцаацгая.
Нэгдүгээрт: Тэднийг ёрын муугаас хамгаалж өгөөч
11 болон 15 зүйлийг үзээрэй. “Цаашид Би ертөнцөд байхгүй, харин эд ертөнцөд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад өгсөн Нэрээр тэднийг хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач.” (15) Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, Харин ёр муугаас хамгаалахыг гуйж байна.” Есүс шавь нарынхаа төлөө залбирсан эхний залбирал нь тэдний хамгаалалтын төлөө байна. Шавь нарыг олон хавчлага, сорилтууд хүлээж байсан. Гэмийн уруу таталт, баяжих хүсэл, итгэлээсээ ухрах, өөрийн сайн сайхныг хайж амьдрах, эсвэл Есүсийг огтоос танихгүй мэтээр амьдрах гээд маш олон сорилтууд хүлээж байв. Энэ бүгдийг Есүс урьдаас сайн мэдэж байлаа. Тиймээс тэр хамгийн түрүүнд шавь нарынхаа хамгаалалын төлөө залбирч байгааг харж болно. Бурханы нэрээр биднийг хамгаалахыг Есүс залбирчээ. Бид Бурханы нэрээр хамгаалагдсан учраас гэмийг ялан дийлж чадна. Биднийг Бурханы нэрээр хамгаалж байгаа учраас бид зовлон бэрхшээлийг тэвчин Бурханы алдарт хүрч чадна. Биднийг Бурханы нэрээр хамгаалж байгаа учраас алдагдсан Бурханы хоньдыг Бурханы хаанчлалд буцааж чадна. Биднийг Бурханы нэрээр хамгаалж байгаа учраас залбирал минь тэнгэрийг цойлон, өвчтэй нэгнийг бүрэн эдгээж чадна. Биднийг Бурханы нэрээр хамгаалж байгаа учраас энэ дэлхийд амьдрахдаа сонгогдсон угсаа, хаанч тахилч, ариун ард түмнээр амьдарч чадна. Бурханы нэрийн хамгаалалт байгаа учраас бид сайн мэдээг бусдад хамгийн сайнаар дамжуулж, гэрчлэн амьдарч чадна. Бурхан биднийг хамгаалж, бидний дэргэд байгаа юм.
Хоёрдугаарт: Тэднийг нэг байлгаач.
11в-г үзээрэй. “Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач.” Есүсийн шавь нарын төлөөх 2 дахь залбирлын сэдэв нь тэднийг нэгдмэл байгаасай гэж залбирсан. Нэгдмэл нэг болно гэдэг нь нэг зүрх сэтгэлтэй, нэг хүсэл зорилготой болохыг хэлэх юм. Нэгдмэл болох нь шавь нарын хувьд хэцүү боловч маш чухал учир Есүс үүний төлөө Бурханд залбирсан. Тэгвэл бид хэрхэн нэгдмэл болж чадах вэ? Нэгдмэл нэг болохын тулд бид Есүсийн шинэ тушаалын дагуу бие биенээ хайрлах ёстой. Тэгэхийн тулд бусдыг өөрөөсөө дээгүүр тавьж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдын сул дорой байдлыг хүлээн авах хэрэгтэй. Ингэж чадвал бид нэгдмэл болсноор сайн мэдээг дэлгэрүүлэхийн төлөө сэтгэл шулуудан бие биенийгээ урамшуулан босгох юм. Өвчтэй нэгнийхээ төлөө сэтгэл нэгдэн залбирч өлсөж байгаа нэгнээ өгөөмөр сэтгэлээр хооллох юм. Бид нэгдмэл болсноор энэ дэлхий сайн мэдээний ажилчдаар дүүрэх юм. Бид нэгдмэл болоход бидний дотор Есүсийн баяр баясгалан дүүрч, цэвэр итгэлээр амьдарч эхэлнэ. Бид нэгдмэл болоход биднийг ямар ч сорилт, зовлон хавчлага итгэлээс холдуулж чадахгүй болно. Бид нэгдмэл болоход Бурханы хаанчлал энэ дэлхий дээр улам бүр хүрээгээ тэлэх болно.
Гуравдугаарт: Үнэнээр тэднийг ариусгаач (16-19)
17-р ишлэлийг үзээрэй. “Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.” Есүс шавь нарыг дэлхийд хамгаалалтай байхыг залбирахаас гадна цаашлаад тэднийг ариун байхын төлөө залбирсан. Ингэхдээ ариусгал буюу ариун байдал Бурханы үгтэй шууд хамааралтай гэдгийг Есүс залбирлаараа дамжуулан хэлж байна. Хүн нэг л өдөр ариунаас ариун болох ямар ч боломжгүй. Харин Бурханы ариун үг болох библийг судалснаар минут, цаг, өдөр, сар, жилээр ариусаж, Бурханы үнэний мэдлэгт өсдөг. Бид Бурхан болоод Есүсийн талаар мөн чанаруудыг суралцсанаар ариун байдал руу өсөж эхэлдэг. Ингэснээр бузар муу, гэм нүглээс татгалзан, зөв, бурууг ялгаж Бурханы талд шийдвэр гарган зогсож чаддаг. Үгээр биднийг ариусгасаар байгаа Бурханд бүхий л алдар магтаал байх болтугай.
Дүгнэлт: Өнөөдөр тэргүүн тахилч болсон Есүсийн загалмайн зовлонг үүрэхээсээ өмнө өргөсөн залбирлын талаар суралцлаа. Есүс энэ загалмай бол хайр гэдгийг онцлон хэлж байна. Загалмайн үхэл болон дахин амилалт нь Бурхан болон Есүсийг алдаршуулах болно гэдгийг хэлж байна. 2022 жилийн дараа энэ зүйлийг суралцаж байгаа бид Есүсийн хэрхэн алдаршсаныг суралцсаар байна. Загалмай бол хайрын илэрхийлэл. Түүнийг жинхэнэ утгаараа ойлгож хүлээн авсан бүхэн Бурханы хаанчлалд орох юм. Есүс бас энэ дэлхийд үлдэж байгаа шавь нарыг ёр муугаас хамгаалж өгөхийг, нэгдмэл байлгахыг, үгээрээ ариусгахыг залбирчээ. Есүс Бурханы хүмүүсийг Бурханых хэмээн нандигнан үйлчилжээ. Тиймээс бүгдээрээ бие биенийгээ нандигнаж хайрлацгаая. Сайн мэдээний төлөө нэгдмэл болцгооё гэж уриалж байна. Тэргүүн тахилч Есүс бидний төлөө залбирсан учраас чин сэтгэлээсээ бие биенийхээ төлөө залбирцгаая. Бид энэ дэлхийд байхдаа мөнхийн улсын иргэнийн эрх мэдлээр амьдрахаар дуудагдсан юм. Бүх асуудлын хариултыг Бурханаас авдаг хүмүүс болох хэрэгтэй юм. Тиймээс бүхий л цагт тасралтгүйгээр залбирч библийг уншдаг хүмүүс болох хэрэгтэй. Алдрын Бурхан биднийг ивээх болтугай. Амен