2022 оны ХБК-ийн 1-р номлол (04.15) М. Сугар-очир хн

ААВЫН АГУУ ХАЙР

Лук 15:11-32
Гол эшлэл 15:20

“Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйн ирээд, тэвэрч үнсэв”

Өнөөдрийн номлол бол Эцгийн хайраас салж, өөрийн дураар амьдарсан бага хөвгүүний тухай юм. Бурхан энэхүү сургаалт зүйрлэлээр дамжуулан замаасаа төөрсөн итгэгч болоод замаа хараахан олоогүй байгаа үл итгэгч хүмүүсийн аль алинд нь хандан хэлсэн юм. Хүний гэм нүгэл болоод хувиа хичээсэн амьдрал нь эцэстээ Бурханы хайр ивээлээс салгаж, үхэл руу хөтөлдөг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Мөн эцгийн хайр халамжаас салсан бага хөвгүүн мэт хүмүүсийг Бурхан өөр дээр нь буцан эргэж ирэхийг хүлээдэг Бурхан Эцгийн хувиршгүй хайрын мөн чанарын тухай зааж байна. Энэ л үгээр дамжуулан хүн бүрийн зүрх сэтгэлд ухаарал, гэмшил ирж амьдралдаа эргэлт хийх шийдвэр гаргаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Төөрсөн хүү (11-16)
11-12-р эшэлэлийг үзээрэй “Тэр –Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв” Хоёр хүүтэй нэгэн эцэг амьдардаг байжээ. Өөрөөр хэлбэл энэхүү номлолд 3 өөр дүрийг тодотгон харуулж байна. Нэгэн өдөр бага хүү нь эцгээсээ өөрт оногдох өмч хөрөнгийг өгөхийг гуйсан. Ер нь эцгийн өмч хөрөнгийг эцэг нь үхсэний дараа хүүхүүдэд нь хуваан өгдөг байв. Гэвч бага хүү өөрийн оногдох хувийг эцгээ амьд байхад нь өөрт нь өгөхийг шаардсан. Бага хөвгүүний хүсэлтийг сонссон эцгийн зүрх сэтгэл ямар байсан болоо? Тэгвэл хүү яагаад өөрт оногдох хувийг аваад гэрээсээ явахаар шийдсэн бэ? Магадгүй хүү 18 нас хүрсэн байж болох юм. Хүү өөрийн хийхийг хүссэн бүх зүйлээ хийхээр шийдсэн. Эцгийн хараа хяналтгүйгээр жаргаж амьдрахыг хүссэн байх. Мөн бага хүү харь оронд өөрийг нь хөгжөөх олон зүйлс байгаа талаар сонссон. Тэдгээр зүйлийг хийж үзэхгүй бол ямар нэгэн зүйлээр дутагдаад байгаа мэдрэмж төрсөн. Тэгээд тэр гэрээсээ явахаар шийдсэн байх. Бага хүүгийн хувьд эцгийн халамжийг ерөөлтэй байна гэж хараагүй. Харин тэр дарамт гэж харсан. Бага хөвгүүн өөрт байгаа зүйлийнхээ төлөө талархаагүй. Эдгээрийг ямар ч үнэ цэнэгүй зүйлс тооцсон.
Ихэнх хүмүүс ямар их ивээл, хайр авснаа мэдэхгүй амьдардаг. Намайг хооллохын тулд аав ээжүүд маань хэрхэн зүдэрснийг мэддэггүй. Тэд халуунд халж, хүйтэнд хөрсөн тэр их зовлонг шаналлыг ухаардаггүй. Намайг сайн хүн болгож өсгөхийн тулд хэр их хичээснийг ухаардаггүй. Та хамгийн сүүлд хэзээ эцэг эхийн хайр, халамжинд талархалаа илэрхийлсэн бэ? Таны төлөө эцэг эхийнхээ зориулсан золиослолд хэзээ хариу барьсан бэ? Энэ тухай нэг бодож үзээрэй.
Нөгөө талаас эцэг нь хүүгээ мөнгөө үрэн таран хийж, амьдралаа сүйрүүлнэ гэдгийг мэдэж байсан. Өөрийх нь хайр болон хамгаалалт байхгүй бол хүү зовох болно гэдгийг мэдэж байв. Гэвч эцэг нь эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг өгсөн. Яагаад мэдсээр байж эцэг хүүдээ эд хөрөнгөө өгч явуулсан бэ? Учир нь Эцэг хүүгийнхээ сонголт хийх эрх чөлөөг хүндэтгэсэн ба нэг өдөр буцан ирэх болно гэдгийг мэдэж байв.
Бурхан хүн бүрт сонголт өгсөн. Бурхан бидний сонголтыг хүндэтгэдэг учраас хэзээ ч биднийг хүчээр өөр дээрээ ирүүлдэггүй юм. Харин Бурхан биднийг өөрийн гэмийг ойлгож, хэзээ нэгэн цагт өөр дээр нь ирээсэй гэсэн хүсэл найдвар өвөртлөн байдаг юм.
Тэгвэл бага хүү юу хийсэн бэ? 13-г үзээрэй “Хэдэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө үрэн таран хийв” гэж байна. Бага хүүд хяналт тавих нэгэн байхгүй учир тэр өөрийн хийхийг хүсэж байсан бүхий л зүйлээ хийсэн.
Тэр “эд хөрөнгөө үрэн таран хийв” гэж байна. Энэ нь ухаангүй амьдралаар амьдарсан гэсэн утгатай. Тэр өөрийн мөнгийг мөрийтэй тоглоом, архи, мансууруулах бодис завхайрал гэм мэт зүйлсэд зарцуулсан. Эндээс бид Бурхангүй хүний амьдралын мөн чанарыг сурч болно. Бурханд итгэдэггүй хүн айж эмээн хүндэтгэх сэтгэл байхгүй учраас өөрийн дураар юу хүссэнээ үйлдэн амьдардаг. Мөн өөрт өгөгдсөн бие махбод, оюун санаа, сүнсний чадваруудыг хий дэмий зүйлсэд үрэн таран хийдэг. Жишээлбэл энэ дэлхийн сайн сайхан зүйлс болох мөрийтэй тоглоом, PC тоглоом, утга учиргүй наргин цэнгэх, завхайрал зэрэгт байгаа бүхнээ зориулсаар байх зэрэг нь юм. Эдгээр нь бидний мөнгө, цаг зав, залуу нас өөр бусад сайн сайхан бүхнийг үгүй хийх болно.
14-г үзвэл “Түүнийг бүх юмаа барж дуусахад, тэр юм юмаар гачигдаж эхлэв” гэж байна. Бага хүүгийн дур зоргоороо амьдарсан амьдрал нь түүний бүх зүйлийг дуусгахад хүргэсэн бөгөөд эцэстээ юм юмаар гачигдахад хүргэсэн. эндээс Бурхангүй хүний амьдрал нь өөрт байгаа зүйлсийг дуусгадаг бөгөөд сэтгэл сүнсээрээ гачигдаж эхэлдэг. Энэ нь айдас, санаа зовиур, харуусал, гашуудлаар дүүрэн амьдрал бөгөөд өөрийн амьдралыг алдахад хүргэдэг. Байгаа бүхнээ алдсан бага хүү харийн нутагт хэрхэн амьдрах аргаа хайж байгаа юм. Гахайн мах идэхэд амттай байдаг ч бага хүүгийн амьдарч байгаа газар гахайг бузар амьтан гэж үзэж байсан. Хүмүүс бид зовлон, гуниг, дээрээс ирэх ажлын дарамт зэрэгтэээ нүүр тулахдаа асуудлаас зугтах болон асуудалтай нүүр тулах зэрэг сонголтууд гарч ирдэг. Харин таны бодлоор ямар сонголт хийсэн гэж бодож байна вэ? Тэрбээр өөрийн хамгийн боломжтой хувилбараар өөрийн ходоодыг дүүргэхийг хүссэн. Эцэст тэрбээр гэмших шийдвэр гаргасан. Гэмшил байна гэдэг нь бидний дотор итгэл, уучлал гуйх зориг байгааг харуулдаг. Тэрбээр гахайн буурцаг идэхийг хүсэмжлэх хүртэл өлсөнө гэж бодож байсан боловуу? Хэзээ ч үгүй? Хүүгийн энэхүү байдлаас бид юу сурах вэ? Сургаалт үгс 14:12-т “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” гэж библи бидэнд хэлдэг. Хүн өөрийн оюун бодол, ухаанаар үнэн-худал, зөв-бурууг ялгаж чаддаггүй. Тиймээс хүн сүйрлийн замаар алхаж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хүн өөрийн төлөвлөгөө, хүслийн дагуу амьдарвал хурдан амжилтанд хүрч, их мөнгө олж, ирээдүй баталгаатай сайхан болох юм шиг санадаг. Гэвч хүний зөв мэт харагдсан замын төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдгийг мэддэггүй.
Харин Иохан 14:6а-д Есүс “Би бол зам, үнэн, амь мөн” гэж хэлсэн. Мөн Иохан 8:12-д “Тэгээд Есүс тэдэнд дахин -Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав”
Есүс өөрийгөө зам гэж хэлсэн. Хэрэв хүн өөрийн замыг орхиж, Есүсийг даган Түүний замаар алхвал амар тайван, баяр хөөрөөр дүүрэн амьдралаар амьдрах болно. Биднийг өөрсдөө ч мэдэхгүй төөрч явахад минь сонгон дуудаж, өөрийн ажилдаа нандинаар хэрэглэж байгаа Бурхан Эзэнийг магтаж байна.
2. Аавын сэтгэл (17-32)
17-р эшэлийг үзээрэй “Тийнхүү тэр ухааран “Эцэгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь” гэж байна. Энэ хүртэл бага хүү юуг ч бодолгүйгээр ухаангүй амьдарсан. Харин тэр гахайн буурцгаар ходоодоо дүүргэхийг хүсэж байх үедээ түүний бодолд ухаарал ирсэн. Түүний оюун бодол бодит байдалд сэргэсэн. Хүү өмнө нь харж чадаагүй эцгийнхээ талаарх олон сайн зүйлсийг санасан. Тэр өөрийнх нь аав ямар их халамж хайраар дүүрэн мэргэн, сайн зөвт хүн байсныг ухаарсан. Мөн тэрээр өөрийгөө ач тусгүй, талархах сэтгэлгүй, тэрслэгч, дуулгаваргүй нэгэн байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр эцгийнхээ гэрийг орхисондоо гэмшсэн. Мөн ийнхүү мунхаг амьдарч байгаадаа чин сэтгэлээсээ гэмшсэн. Бурханаас холдсон нэг бол алдагдсан нэгэн юм. Тэд аль хэдийн гэм нүгэлд хүлэгдэн, Бурханаас тусгаарлагдсан байдаг. Ийм нөхцөл байдалтай олон итгэгчид байдаг. Тэд үнэн байдлаа ухаарч харах ёстой юм. Та бүхэн өөрсдөөсөө асууж үзээрэй. Би яг хаана байна вэ гэж өөрөөсөө асууж үзээрэй. Хэрвээ нүгэл дотроо байсаар байгаа бол Бурханы өмнө залбирч гэмших хэрэгтэй. Түүнчлэн Бурханаас Ариун Сүнсний хүчийг гуйх хэрэгтэй. Алдагдсан нэгнийг Бурханы өмнө авчрах нь Ариун Сүнсний ажил юм.
Ром номын 3:10-д “Зөвт хүн алга, ганц ч алга” гэж хэлсэн. Анхны хүн Адам гэмд унаснаар бүх хүн гэмийн мөн чанартай болсон. Тиймээс хүн өөрийн хүч чадал хичээл зүтгэлээр өөрийн амьдралыг зөвөөр удирдан авч явах боломжгүй болсон юм. Тиймээс биднийг зөвөөр удирдан дагуулах нэгэн үнэхээр хэрэгтэй юм.
Тэгээд бага хүү ямар шийдвэр гаргасан бэ? 18-г үзээрэй “Би босоод эцэгтээ очьё. Тэгээд түүнд <Аав аа, би тэнэгрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй> гэв.” Тэр ухааран эцэг дээрээ буцан ирсэн ба Аавынхаа хий гэсэн бүхнийг хийх зүрх сэтгэлтэй болсон. Хэрэв хүү өөрийн бурууг ухаарсан ч эцэгтээ очихгүй бол гахайгаа хариулах амьдарлаар амьдарсаар л байх болно. Тиймээс тэр эцэгтээ очсоноор өөрийн буруу замыг орхиж байгаа юм. Өнөөдөр бид Бурханы өмнө очих шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийн гэм буруугийн замаасаа салах болно. Харин эцэг бага хүүг хэрхэн хүлээн авсан бэ?
20-р эшлэлийг үзээрэй “Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ирхэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв” гэж байна. Эндээс эцгийн хүүгээ гэсэн сэтгэлийг мэдэж болно. Аав бага хүүгээ өдөр бүр буцан ирэхийг хүлээн зогсож байсан юм. Бурхан аав ч гэсэн хүн бүрийг өөр рүү нь ирээсэй гэж өдөр бүр хүлээдэг. Христэд итгэгч хүмүүс Бурханд орхигдсон хүмүүсийг хайрлахаар дуудагдсан юм. Түүнчлэн ижил санаа бодолтой байж байгаад төөрсөн хүмүүсийг аврагдаасай гэж хүсдэг. Бага хүүгээ хүлээн авч байгаа ааваас бид юу сурч болох вэ? Энэ нь Бурханы ямар мөн чанартай ижил вэ?
1-рт Бурханы хайрласан хайр үнэхээр агуу байдаг. Тиймээс биднийг гэм үйлдсэн ч эргэн ирээсэй гэж хүсдэг.
2-рт Алдагдсан хүмүүсийн нөхцөл байдлыг хараад Бурхан тэднийг өрөвддөг.
3-рт Нүгэлтэй биднийг хүлээн авахдаа хайр энэрэл дүүрэн тэврэн авах болон хүүхэд байх бүрэн эрхээр хүлээн авахдаа бэлэн байдаг.
4-рт Бүрэн дүүрэн гэмшихэд Бурхан маш их баярлан хүлээн авдаг.
Тиймээс энд анх удаа уригдан ирсэн шинэ хүмүүс хаврын библийн конференцоор дамжуулан Бурхантай хувиар уулзаж Бурханы дүүрэн хайр ивээлийг амсаж чадахыг хүсэн гуйж байна.
Тэгвэл эцэг нь буцан ирсэн хүүдээ хэрхэн хандсан бэ? 21-23-р эшлэлийг үзээрэй “Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлан цэнгэе” Эцэг нь хүүгээ буцаг ирэх үед өөрийн угсаа залгамжлах хүүгийн байр суурь дээр дахин хүлээн авсан. Эцэг нь яаж ингэж хүлээн авч чадсан бэ? Учир нь Эцэгт хүүгээ хайрлах хайр болон өрөвдөх сэтгэл дүүрэн юм.
Эндээс Бид Бурхан уруу гэмшин ирсэн хүнд ханддаг Бурханы хайрыг харж болно. Бурханы өршөөлийн зүрх сэтгэлийг сурч болно. Тэр биднийг ямар ч адгийн гэм үйлдсэн ч орхидоггүй. Гэм үйлдэн алс хол одсон ч орхидоггүй. Харин биднийг огт нүгэлгүй мэт дахин хүлээн авдаг. Ийм л агуу Бурханы бидэнд хандсан хувиршгүй хайрыг магтаж байна.
25-30-р эшллийг үзээрэй. Дүүг нь буцаж ирсэнд зориулж баярлаж байгаа тухай сонссон ах нь уурлаж, гэрлүү орохыг хүсээгүй. Үүнийг мэдсэн эцэг нь хүүгээ аргадаж гэртээ орохыг урьсан. Яагаад ууган хүү дүүгээ ирсэнд баярлан хүлээн авч чадахгүй байна вэ? Учир нь ууган хүүд эцгийн хайр болон өрөвдөх сэтгэл байхгүй байсан учраас юм.
Үргэлж аавтайгаа хамт байгаа хэрнээ зүрх сэтгэл түүнээс асар хол байв. Өөрөөр хэлбэл өөрт оногдсон хайр ивээлийн бүрэн эдэлж амьдарч чадаагүй юм . Түүний бидэнд зориулсан төлөвлөгөө, зам өөр өөр байдаг. Бага хүү хэтэрхий дураараа аашилсан ч ухаарч гэмшсэн. Харин ууган хүү өөрт байсан ивээл, нигүүлсэл, ерөөгдсөн амьдралыг буруу өнцгөөс харж байсан. Гэвч аавын хэлсэн үг тэднийг авралд хүргэсэн. Тэгвэл бид энэ цаг үеийн алдагдсан олон сүнснүүдийг аварч, сайн хоньчдоор амьдарч чадна. Манай чуулганы хоньчид Бурханы энэ л зүрх сэтгэлээр дүүрэн амьдарч чадахыг гуйж байна. Алдагдсан бүхэн Бурханд эргэн ирснээр мөнх амьтай болох юм.
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор бид Бурханы зүрх сэтгэлийг сурлаа. Бурхан хүн нэг бүрийг үнэ цэнэтэйд тооцдог. Цаашлаад хуурамч итгэл, 2 нүүртэй амьдрал нь Бурханаас холдоход хүргэдэг. Бурхан аав биднийг үргэлж хүлээн авахад бэлэн байдаг шиг бид Есүсийн дахин ирэлтийг хүлээн үргэлж бэлэн байх хэрэгтэй. Манай чуулганы хоньчин бүр Бурханы алдагдсан хүмүүсийг Бурхан эцэг уруу авч ирдэг библийн сайн багш болоод сайн хоньчид болохыг гуйж байна. Бурхан Эцэгийн агуу хайрыг магтаж байна. Амен
Намайг Мөнхбат овогтой Сугар-Очир гэдэг. Би 1999 онд Ховд аймгийн Жаргалант суманд айлын бага хүү болон мэндэлсэн. Гэр бүл маань элэг бүтэн, амар тайван сайхан гэр бүл байсан. 6 нас хүрэх жил ээж маань Солонгос улс руу явахаар болсон. Аав ах бид 3 үлдэж Дарханд 3 жил амьдарсан. Энэ хугацаанд аав маань барилгын чиглэлээр ажилладаг байсан ч архи ихээр уудаг байв. Аавынхаа архи ууж байгаа шалтгаан нь ээж маань хол байгаагаас болж байна гэж боддог байлаа. Харин үнэн шалтгаан тэр уух дуртай байсан учраас уудаг байв. Ээж Солонгос улсаас буцан ирснээр аав ээж 2 салж би аавтайгаа хамт амьдрахаар болсон. Харин ах маань эмээгийнд амьдрах болов. Тэдний салалт болон энэ байдал надад сайн эсвэл муу ямар ч талаараа нөлөөлөөгүй. Ингээд гэр бүлийнхэн маань тус тусдаа амьдарч энэ байдлаас болж аав ээжийгээ санах гэсэн мэдрэмж ч байхгүй болсон.
Нэг өдөр би нагац эгчийндээ зочилж очсон. Тэр үед тэдний хүргэн хамт таксинд явахыг хүссэн. Миний хувьд зав ихтэй байсан тул хамт явж хүргэн ах маань надад библийн талаар, Есүсийн талаар бүхэл өдрийн турш ярьж өгсөн. Ингэж анх Есүсийн сайн мэдээг сонссон юм.
Хэсэг хугацааны дараа төрсөн ах маань Солонгос улсад очиж сурахаар явах болов. Энэ шийдвэр, үйл явдал надад хэцүү санагдсан. Учир нь гэр бүлийн гишүүдээс хамгийн ойр өссөн хүн бол ах маань байсан юм. Ээж маань хамт байдаг хэдий ч ресторан ажиллуулдаг тул ажлын өдрүүдэд өглөө эрт эсвэл хагас бүтэн сайн өдрүүдэд уулзах боломжтой байв. Ийм зав чөлөө ихтэй, ганцаараа шахуу амьдардаг надад хүргэн ах маань Есүсийн цуглаанд очихыг урьсан. Ингээд цуглаанд анх ирэхэд хүмүүс нь найрсаг, халуун дотноор хүлээн авч байгаа нь надад үнэхээр таалагдсан. Яг л өөрийн гэр бүлдээ ирсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн. Төрсөн ах эгч нартайгаа уулзаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Ингээд цуглаанд тогтмол хамрагдах болж библийн хичээл хийн Есүсийн талаарх суралцаж эхэлсэн юм. Амьдралын зорилгогүй байсан би Есүстэй уулзан амьдрал утга учиртай болсон. Миний хамгийн анхны залбирал хамгийн тохиромжтой бас сайн сургуульд оруулж өгөөсэй гэсэн залбирал байв. Бурхан миний залбирлыг сонсож хамгийн сайн сургуульд оруулж, амжилттай төгсөхөд тусалсан юм. 2020 онд хоньчноор боссон.
Нэгэн хэвийн амьдрал олон сар жил үргэлжилж, коронагийн цаг хугацаа амаргүй цаг үеийг авчирсан. Өнгөрсөн зун ээж маань хорт хавдартай болсон гэсэн мэдээг сонссон. Энэ мэдээ миний амьдралдаа сонсож байсан хамгийн сэтгэл зовоосон, хэцүү мэдээ байв. Энэ асуудлаас болж сэтгэл санаа хэцүү болж маш эмзэг мэдрэмтгий болж эхэлж байлаа. Ээжийг хагалгаанд ордог тэр өдөр бас нэг аймшигтай мэдээ сонссон нь аав маань хүнд зодуулж цус харвасан гэсэн мэдээ байв. Энэ бүх асуудлыг сонсохдоо миний хийж чадах зүйл нь уйлах, тамхи татах байсан юм. Ах маань Солонгос улсаас ирж тун удалгүй би өөрөө корона тусав. Манай гэр бүлийн энэ ярвигтай байдлыг харсан ахан дүүс маань яагаад 4үүлээ хэвтрийн байдалтай байгааг асууж байлаа. Харин энэ үед намрын библийн сургуульд номлол бичиж байхдаа надад залбирал туслах юм байна гэж ухаарсан. Галзуурахад ганц хуруу дутуу байсан ч гаднаа инээгээд явдаг байсан. Аавын маань бие удам муудсан тул ах бид 2 Ховд явав. Очоод 3 хоногийн турш нүд салгалгүй сахиж асарсны дараа 3 дахь өдрөө аав маань өөд болсон. Тэр цаг миний хамгийн амьдралын доод цэг буюу юу ч бодож чадахгүй бас бодохыг хүсэхгүй үе байсан юм. Ингээд би Бурханд гомдоллосон. Яагаад энэ бүхэн надад тохиолдож байгааг асууж залбирсан. Харин одоо ээжийн маань бие сайжирч бүх асуудал хамгийн сайнаар шийдэгдэж байгаад талархаж байна. Мөн номлол бичих шийдвэр гаргаснаар Бурханы ивээлийг мэдрэх боломж өгч байгаад талархаж байна.

өмнөх нийтлэл2022 оны Иохан 23-р номлол (04.10) Ц.Эрдэнэбулган
Дараагийн нийтлэл2022 оны ХБК 2-р номлол (04.16) Н. Нямдорж хн