2022 оны ХБК 2-р номлол (04.16) Н. Нямдорж хн

ГҮЙЦЭЛДЛЭЭ

Иохан 19:1-42
Гол эшлэл 19:30

“Есүс цууг амсаж, Гүйцэлдлээ! гээд тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ.”

Христийн загалмайн дотор Бурханы гайхамшигтай авралын нууц буюу үнэн байдаг. Өнөөдрийн номлолоор бол Есүс аймшигтай зовлон амсаж, загалмайд цовдлогдон оршуулагдсан үйл явдлын тухай юм. Ялангуяа Есүс загалмай дээр гүйцэлдлээ гэж хэлснээр миний, таны, бүх хүн төрөлхтний авралын ажлыг бүрэн биелүүлсэн гэдгээ тунхагласан юм. Энэ цагт Есүс Христийн загалмай дээрх гүйцэлдлээ гэсэн үгийн утгыг гүнзгий хүлээн авснаар дээрээс ирэх гэмийн өршөөл ба авралын баяр хөөр болон Бурханы амар тайвныг дүүрэн эдэлж чадахыг гуйж байна.
1. Зовлон амссан Есүс (1-16)
1-6 эшлэлийг үзвэл Пилатын цэргүүд Есүсийг зодон ташуурдсан. Мөн цэргүүд элдвээр тохуурхан доромжилж тэргүүнд нь өргөст титэм өмсгөсөн байв. Цэргүүд түүнийг хаан мэт хувцаслажээ. Пилат Есүсээс ямар ч бурууг олоогүй тул ард олонд өрөвдөх сэтгэлийг төрүүлснээр Есүсийг суллахыг хүссэн. Гэвч хүмүүс нь Есүсийг харангуут цус харсан адгуус амьтан мэт “Түүнийг цовдол, цовдол” хэмээн хашхиралдсан. Пилат уурлан тэдэнд өөрсдөө Түүнийг ав. Тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй (6б) гэв. Пилат Есүст ямар ч гэм буруу байхгүй гэдгийг дахин дахин гэрчилсэн (Иохан 18:38) Ямар ч гэмгүй хүнийг цовдлохоор улайран дайрч байгаа хуулийн багш нар иудейчүүд нь ямар сул дорой, амин хувиа хичээсэн, өөрсдийн эрх ашиг, байр сууриа хамгаалахын тулд Эзэн Есүсыг Ромд барьж өгсөн. Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабыг суллахаар тохиролцов. Харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа. Эрх мэдэл бүхий захирагч шүүгчийн хувьд үнэний талд зогсож Есүсийг суллах ёстой байсан. Харин эсрэгээрээ дээрэмчин, босогч, хууль зөрчигч гэмтэй Барабыг сулласан. Шашны удирдагчид атаархлаас болж Есүсийг барьж иудей ард түмэн нь мэдлэггүй мунхгаасаа болж шашны удирдагчдын худал үгэнд автан хорон мууг дагасан. 12-16 үзвэл Пилат нь гэмгүй Есүсийн амийг загалмайд өгснөөр өөрийн хааны өмнө үнэнч албат гэдгээ харуулсан. Харин хуулийн багш ахлагч нар өөрсдийн хүслээ биелүүлж гэмгүй Есүсийг загалмайд цовдлуулахаар болов. Энэ дэлхий удирдагчдаасаа авахуулаад ард түмэн хүртлээ бүгд ялзарсан. Исаиа 53:8 үзвэл “Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ.” хэмээн зөгнөсөн байна.
Есүс юуны төлөө энэ бүх зовлон, гутамшиг, доромжлол, гүтгэлгийг амсаж байна вэ? Учир нь Есүс энэ дэлхийд ирсэн зорилго нь хүн бүрийн гэмийн төлөөсийг төлөхийн тулд ирсэн гэж хэлсэн. Уг нь бол гэм нүгэлтэй хүн бүр нүглийнхээ төлөөс болгон эдлэх ёстой юм. Энэ бүх зовлон тарчлал, тохуурхал нь бид бүгдийн гэм нүглийн төлөөс байсан юм. Гомдол гоморхол, хорон муу санаа, садар самуун явдал, аллага, завхайрлын гэм гэх мэтийн бидний бүх гэм алдаа зөрчлийн төлөөсийг төлөхийн тулд Есүс энэ бүх зовлонг эдэлж байгаа юм.
Бид үнэхээр азтай хүмүүс юм. Гэм нүглийг гэмших залбирлыг минь сонсох Эзэн Бурхан байна. Учир нь тэр бидний авралийн төлөө бидний залбирлыг сонсох гэж Өөрийн Эцэг Бурханы зөгнөлөөр энэ шаналал зовлонг эдэлж биднийг гэм нүглийн шийтгэлээс чөлөөлж өгсөнд талархаж байна. Бидний төлөө зовлон амссан Христ Есүст итгэхийг хүсэн гуйж байна
2. Загалмайд цовдлогдсон Есүс (17-30)
Цовдлуулахаар шийтгэгдсэн хүмүүс загалмайгаа үүрэх ёстой байсан тул цэргүүд Түүний загалмайг Христ Есүсийн мөрөн дээр тавиад, түүнийг цовдлогдохоор товлосон газар руу дагуулав. Тэр газар нь дов, гүйцэтгэх газар, агуу Голгота гэж нэрлэгддэг байв. Загалмайн мод өргөст титмийг нь дарахад өргөс нь толгойд нь хатгагдаж толгойноос нь улаан цус урссан. Есүс арай гэж амьсгалан хатсан уруулаа чанга хазаж дахин босоод загалмайг үүрсэн. Удалгүй дахин унасан ч дахин босож загалмайг үүрсэн.
Исаиа 53:7 үзвэл “Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.” Есүс ингэж бүх сэтгэл хүч чадлаар Бурханы өгсөн загалмайг үүрэн Голгота руу өгсөн явсан. Есүсийн загалмайг үүрэн өгссөн энэ зам бол гэмтэй бидний төлөөх зовлон, ичгүүр, доромжлол, хараал ба үхлийн зам байсан. Мөн энэ зам нь бидэнд мөнхийн амийг өгөх зам байв. Энэ зам нь зовлонгоор дамжуулан амилалтын алдарт хүргэх амийн зам байв. Есүс энэ замаар явахаас татгалзалгүй эцэс хүртэл загалмайгаа үүрэн Голготад хүрсэн. Бид ч гэсэн Эзэний явсан энэ замыг дагах хэрэгтэй. Энэ зам нь үнэний зөвт зам юм. Анхандаа бол бүх зам төгс мэт санагдсан ч эцсийн үр дүн нь харуусал, гомдол, цөхрөлөөр дүүрэн байх юм бол тэр нь загалмайн зам биш байна. Есүсийн загалмайг үүрсэн авралын замыг дагах нь ивээлтэй юмаа. Цэргүүд Есүсийн хөлийн бугалгыг нийлүүлэн хадаасаар хадсан. Есүсийн бүх бие янгинан өвдөж гар ба хөлийн мэдрэлийн судаснууд нь бага зэргийн хөдөлгөөнийг ч мэдрэн үргэлж тасралтгүй өвдсөн. Есүс амьсгаадан аймшигтай зовлонгоор зүрх нь задрах мэт, сэтгэл сүнс нь хайлах мэт байв. Есүс тэсэхийн аргагүй зовлон өвдөлтөөс болж Бурхан минь, Бурхан минь юунд Та Намайг орхино вэ гэж хашхирсан (Матай 26:46, Марк 15:34). Дуулал бичигч нь Түүний зовлонгийн талаар ийнхүү дүрсэлсэн. “Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр миний дотор хайлсан. Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж, миний хэл түүшинд наалдсан. Та намайг үхлийн шороонд тавьдаг” (Дуулал 22:14-15). Ямар ч гэм буруугүй Бурханы Хүү Есүс яагаад ийм аймшигтай зовлон амсан загалмайд цовдлогдон үхэх ёстой вэ? Есүс яагаад модонд өлгөгдөн бүх хүний буруутгал доромжлол, ичгүүр ба хараалыг амсах ёстой вэ? Энэ нь бидний гэм нүгэл, алдаа зөрчил ба шархнаас болсон юм. Исаиа зөнч “Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч тэр бидний нүглийн төлөө хатгагдан бидний гэмийн төлөө бяцарчээ.” гэжээ. 19-22-г үзээрэй. Пилат пайзан дээр Назарын Есүс иудейчүүдийн хаан гэж бичив. Бурхан Пилатаар дамжуулан загалмайд цовдлогдсон Есүсийг иудейчүүдийн хаан гэж энэ дэлхийд хандан тунхагласан. Дэлхийн нүдээр харахад загалмайд цовдлогдон хараал авсан хүн нь хаан болох зохисгүй харагдана. Гэвч Есүс загалмайд цовдлогдсоноор муу сүнсний эрхшээлээс аварсан учраас хаан болох зохистой юм. Хүнийхээр бодвол загалмайд цовдлогдсон нь хэзээ ч хаан болохгүй боловч харин Есүс Өөрийгөө золиослон шийтгүүлснээр ард түмнийг амьдруулж байгаа учраас жинхэнэ Хаан болж чадна. Есүс бол улс төрийн хаан бус харин хүний гэмийг цагаатгаж, сүнсийг авардаг Хаан билээ. Бусдын төлөө өөрийн амийг золиослосон жинхэнэ Хаан билээ. Мөн Пилат нь үүнийг еврей, латин, грекээр бичсэнээр Есүс бол бүх хаадын Хаан гэдгийг харуулсан.
3. Гүйцэлдлээ (23-30)
Цэргүүд Есүсийг цовдолсны дараа гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг хувааж дотуур хувцсыг нь авахын тулд шодоцгоосон. Энэ нь Дуулал 22:18-д хэлсэнчлэн биелэгдэхийн тулд байв. 25:27-д Түүний эх Мариа, Магдлалын Мариа нар зогсож байлаа. Бас түүний хайрт шавь Иохан хамт байлаа. Эцсийн мөчид хайртай хүмүүс нь хамт байхыг хараад ямар баяр хөөртэй бас ямар их санаа нь зовсон бол. 28-д Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд бичвэр биелэгдэхийн тулд “Би цангаж байна” гэв. Загалмайд өлгөгдөн бүх цус ба шингэнээ алдсан Есүсийн хувьд уруулаа хөдөлгөх нь ч хэцүү байсан. Оюун ухаан нь баларч, зовлон өвчин нь туйлдаа хүрсэн энэ цаг мөчид амнаасаа нэг үг гаргах нь маш хэцүү байсан.
19:29-ийг үзвэл Есүс гашуун цууг амсдаг нь Есүс гашуун гай зовлонг Өөртөө авч бидэнд шинэ цууг амсуулахын тулд билээ. Удаан хугацааны турш хадгалагдсан гашуун цуу нь хуучин гэрээний хатуу хуулийг хэлж байгаа бол шинэ цуу нь Есүсээр дамжуулан төгс болсон шинэ гэрээний хайр энэрлийн хууль гэсэн утгатай юм. Хуучин Гэрээний хуулийн дагуу бүх гэм нүгэлтнүүд хийсэн хэргийнхээ шийтгэлийг заавал хүртдэг ба уучлагдахыг хүсвэл хэдэн удаа амьд амьтнаар цуст тахил өргөх ёстой байв. Гэтэл Есүс Өөрөө гэм нүглийн төлөөх цуст тахил болж загалмай дээр нас барснаар хуулийн бүх л хараалаас чөлөөлж бидний төлөө гашуун цууг авсан билээ. Тиймд бид Есүс Xристэд итгэн чин сэтгэлээсээ өөрийн бүх гэм нүглээ гэмшвэл уучлагдах боломжтой ба энэ нь шинэ цууг амсаж буй хэрэг билээ. Есүс энэ үнэнийг мэдүүлэхийн тулд «Би цангаж байна» хэмээн айлдаж гашуун цууг амссан юм. Иохан 19:30-д, «Есүс цууг амсаж Гүйцэлдлээ! гээд тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав» хэмээн айлдсан. Энэ «Гүйцэлдлээ» гэдэг нь хүн төрөлхтнийг аврах үйл ажиллагаа бүгд бүрэн гүйцэд болж хайраар хуулийг төгс болголоо гэсэн үг юм. Хуульд зааснаар бол «Нүглийн хөлс бол үхэл» хэмээснээр бүх гэм нүгэлтнүүд үхлийн шийтгэлийг авч там руу явах ёстой юм. Мөн Бурханы ард түмэн гэм нүглээсээ уучлагдахын тулд хэд хэдэн удаа үхэр болон хонийг барьж авчраад цуст тахил өргөх ёстой боловч Есүс загалмай дээр цовдлогдон нас барснаар бүхий л хуулийн хараалаас чөлөөлсөн юм. (Еврей 7:27) Есүсийн ингэж Өөрийгөө зориулах үйл явц нь хүний төсөөлөхийн ч аргагүй асар их хайр болон хүч билээ. Эрхэм төгс хүчит Бурханы Хүү энэ газарт ирээд сул дорой өрөвдөлтэй хүн төрөлхтөнд тэнгэрийн орны сайн мэдээг зааж өгч, биднийг тэнгэрийн хаанчлалд орох үүд болон өөрийгөө золиос болгон амьд тахил болсон Эзэнд талархаж байна. Миний төлөө гүйцэлдсэн энэ амь нь Миний бидний мөнхийн улсад очих тиз юм. Энэ тизийг авахын тулд надаас итгэл болон үгийг дагах золиос хэрэгтэй юм. Гүйлтийн замын дундаас буцмаар тамирдаж ам минь ангаж тэнхээ минь тасарсан ч Эзэн Есүсийн өмнө өчүүхэн зовлон гэдгийг би энэ номлолоор сурч байна.
Намайг Норжмаа овогтой Нямдорж гэдэг Миний бие 1995.09.27-ны өдөр Архангай Аймгийн Их тамир суманд мэндэлсэн. Бусад хүүхдүүдийн адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. 2 жил дарааллаж ЭЕШ өгснөөр 2014 онд УБ хотод БХИС элсэн орох болсон. Миний хувь хүний хүмүүжил ганцаар өссөн болохоор бүх зүйлийг өөрөө хийх, аливаа шийдвэрийг өөрийн дураар гаргадаг. Хүнтэй ярилцаж чаддаггүй, БИ төвтэй нэгэн байлаа. Амин хувиа хичээсэн, туйлбаргүй, эдийн болон мөнгөний шуналтай нэгэн байлаа.
Сайн мэдээг анх 10 жилд байхдаа Гал-Эрдэнэ хоньчноос сонсож байсан. Тэр үедээ чихний хажуугаар өнгөрөөж бүгдийг мартсан байлаа. 1-ээр курсын намар Галаа ах ярьж нэг юманд яваарай гэсэн. Тэгтэл над руу нэг хүн утсаар залгаж НБК-д хамт явъя гэв. Би юу ч мэдэхгүй анх за гээд л явсан. 2014 оны намар байлаа. Тэр үедээ их л сонин санагдаж байлаа. Тэгээд би Бүүвэйбаатар хоньчинтой ганц хоёр хичээл хийгээд л алга болсон доо. Би өөрийгөө бодохдоо надад ямар гэм гээд байх юм байхав дээ хөөрхий мөрөөрөө явж байгаа хүн гэсэн бодолтой явлаа. Нилээн олон жил сүмд явсангүй. Энэ хэдэн жилүүдэд олон удаа хичээл хийхийг дуудсан боловч утсаа авалгүй муриад алга болчихдог байв. Надад амралтын өдөр ажил хийх, найзуудтай гадуур гарах, шоудах, үерхдэг охинтойгоо уулзах зэрэг нь чухал байсан. Энэ хэрээр миний гэмийн асуудалд унах нь их болсоор байлаа. Сургаалт үгс 5:6-7 дээр “Тэрээр амийн жимийг бодож эс цэгнэн Түүний зам мурийжээ. Иймд хөвгүүд минь намайг сонс Амнаас минь гарах үгнээс бүү зөр.” гэсэнчлэн би гэдэг хүн буруу замаар будаа тээж явсаар л байлаа. 2016 оны сүүлээр Галаа Петр хоньчны гэр бүл монголд ирж би тэднийд суух болсон. Тэдний гэр бүлтэй сентад ирснээр буруу замаар мурийж явсан би зөв замаар сая нэг оров. Нөгөө гэм нүгэлгүй хэмээн бодож явсан нөхөр бага багаар гэм нүгэлтэйгээ ойлгон ирсэн. Би гэдэг хүн хувийн зан араншин бол зөнгөөрөө нөхөр хичээл хийж байгаа хоньчид энэ нөхөр ер нь юм ойлгож байгаа болов уу гэсэн харцаар надруу хардаг байлаа. 2018 онд ХБК-оор хоньчноор босох ивээлийг Эзэн Бурхан сул дорой надад өгсөн юм. Миний бүх гэм нүглийг уучилж намайг өөрчилсөн Бурхан Аавдаа талархаж байна. Ром 3:23-24 Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэгүй авч, Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүслээр үнэгүй зөвтгөгджээ. Миний гэм нүглийг уучилж бас Өөрийн нигүүслийг харамгүй өгсөн Эзэнд талархаж байна. Хэн ч биш намайг Өөрийн авралдаа авч, зөвт нэгэн болгож авралыг өгсөн. Христ Есүс нь миний авралын Эзэн юм. Уг номлолоор дамжуулан ямар их үнэ цэнэтэй амьдралаар амьдарч байгаагаа ойлгож байна. Энэ их золиос зориулалтаар ирсэн Эзэн Бурханы хайр ивээлд талархаж байна. Мөн ийм олон итгэлийн анд нөхөр, ах эгч нарыг өгсөнд талархаж байна. Дуулал 13-5:6 “Харин би энэрэлд тань итгэсэн Зүрх минь Таний авралд баясах болно. Би Эзэнд дуулна, Тэр надад өгөөмөр хандсан. Танийг магтаж Таний нэрийг хаан ч явсан алдаршуулж ХАЛЛЕЛҮЯА хэмээн дуудах болно. Таний итгэлийн замаар хазайхгүйгээр Бурханы үгийг дагаж амьдрахыг хүсэн гуйж байна. Амен
Дүгнэлт: Зовлон амсаж, ад үзэгдэн, доромжлогдон загалмай дээр зовдлогдсон Есүс нь ямар ч гэм буруугүй Нэгэн байсан. Тэрээр та бидний төлөө ийнхүү бүх зовлонг Өөртөө тээжээ. «Гүйцэлдлээ» гэсэн үгээр Есүс Христ мөнхийн хаанчлал ба авралыг бүрэн гүйцэт болгосон юм. Энд сууж буй та бүхэн энэ Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, Түүний өгдөг ивээл, амар тайвныг дүүрэн эдэлж чадахыг хүсэн гуйж байна. Амен

өмнөх нийтлэл2022 оны ХБК-ийн 1-р номлол (04.15) М. Сугар-очир хн
Дараагийн нийтлэл2022 оны ХБК-н 3-р номлол (04.17) Г. Батбаатар хн