Миний дотор байгтун
Иохан 15:1-27
Гол эшлэл 15:4
“Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно”
Өмнөх номлолоор дамжуулан Есүс бол зам, үнэн, амь гэдгийг сурсан. Харин өнөөдрийн номлол бол Есүс загалмайд үхэхээс өмнө, сүүлчийн залбирлын цагийг авахаар Гетсемани уул руу явах замдаа шавь нартаа өгсөн сургаал юм. Иохан номоор дамжуулан бид Есүсийн “Би бол …” хэллэгийг судалж байна. Өнөөдөр бид сүүлчийн Би… болох Есүс Өөрийгөө усан үзмийн жинхэнэ мод хэмээн тунхагласнаар Есүс ба итгэгчдийн харилцаа (1-11), итгэгчид хоорондын харилцаа (12-17), тэгээд итгэгчид ба ертөнцийн харилцааны (18-27) тухай суралцах гэж байна. Ингэснээр амийн үндэс болсон Есүс дотор байдаг хүн л арвин үр жимсийг ургуулж, мөн бие биенээ хайрлах төдийгүй, ертөнцийн ямар ч хавчлагыг итгэлээр даван дийлж, ялж чадна гэдгийг Есүс сургаж байна. Өнөөдрийн зарлигаар дамжуулан Есүсийн дотор байдаг амьдралыг сайн сурч, сүнслэг үр жимсийг дүүрэн төрүүлэх хүчийг олохын хүсэн гуйж байна. Өнөөдрийн номлолоор дамжуулан бид Есүс дотор байж, амьдралын гол зорилго болох илүү сайн үр жимстэй амьдрах нь чухал болохыг сурцгаая.
1. Миний дотор байгтун (1-8)
1, 5а-г үзээрэй “Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзмийн тариалагч билээ” гэв. Есүс яагаад ингэж хэлснийг ойлгохын тулд бид Израйлыг бид Израйлыг төлөөлөх усан үзмийн мод, усан үзмийн талбайн дүрслэлийг Хуучин гэрээний номноос харах хэрэгтэй болно. (Исаиа 5:1-7, Иерема 2:21). Энд Исаиад онцолсноор 5:7 дахь эшлэлийг харвал.“Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилын гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.” Хуучин гэрээнд Бурхан цэцэрлэгчийн хувьд Израйлыг маш их халамжилдаг байсан.
Тэднийг асарч, тэжээж, тэдэнд бүх зүйлийг төгс тохируулсан боловч Израйл сайн үр жимс өгч чадаагүй. Тэд зөвт байдлын үр жимсийг ургуулж, дэлхий дээрх бүх ард түмнийг ерөөх Түүний сонгосон ард түмэн байх ёстой байлаа. Гэвч тэд дахин дахин бүтэлгүйтсэн. Иймд Есүс “Би бол жинхэнэ усан үзмийн мод …” хэмээн зоригтойгоор хэлсэн нь Хуучин гэрээний энэхүү ойлголттой холбоотой юм. Бурхан цэцэрлэгч хэвээрээ бөгөөд жимс ургуулж чадаагүй анхны усан үзмийн талбай болох Израйлаас ялгаатай нь Есүс өөрийгөө жинхэнэ усан үзмийн мод буюу амьдралын эх ундарга, мөнх амь хэмээн тунхагласан. Израйл Бурханы зорилгыг биелүүлээгүй ч Есүс биелүүлсэн юм. Есүс өөрөө Бурханд төгс дуулгавартай байж, түүнийг хайрлах сайн үр жимсийг өгсөн билээ. Иймд Израил төдийгүй бүх ертөнц Бурханы усан үзмийн талбай бөгөөд Бурхан бол тариалагч юм. Есүс нь Бурханы суулгасан жинхэнэ усан үзмийн мод бөгөөд шавь нар нь Түүний мөчир юм. Энд яагаад Есүсийг усан үзмийн жинхэнэ мод гэсэн бол. Тэр нь Есүс л Бурханы хүсдэг амь ба сүнслэг үр жимсийг төрүүлж чадах цор ганц усан үзмийн мод учраас тэр билээ. Бурхан бол усан үзмийн модыг үр жимстэй байлгахыг чин сэтгэлээсээ хүсдэг хамгийн шилдэг цэцэрлэгч юм. Үүний тулд Бурхан жимс ургуулдаггүй мөчрийг тайрч, жимс ургуулдаг мөчир бүрийг арчилж тайрдаг тухай дараагийн эшлэлд хэлж байна.
2-г үзээрэй. “Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг” Эндээс бид жимс ургуулдаггүй мөчир ба жимс ургуулдаг гэсэн хоёр янзын мөчир байгааг мэдэж болно. Үр жимсээ өгөхгүй байгаа мөчрийг тайрч, арчлах нь жимс ургуулж буй мөчрүүдийг илүү үр дүнтэй болгох боломжийг олгодог. Жимс ургуулдаггүй мөчир нь өвчилсөн эсвэл үхсэн мөчир тул тариалагч нь хайр найргүй авч хаядаг. Энэ нь Бурханы шийтгэлийг харуулна. Тариачин олон навчтай саглагар үзэсгэлэнтэй мөчрийг бус, жимсийг л хүсдэг. Тиймээс тариачин Бурхан их жимстэй болгохын тулд мөчрүүдийг байнга арчлан тайрч, тэвчээртэй хүлээдэг. Харин Израилчууд шиг Абрахамын үр удам гэсэн бардамналаас болж Есүсийг аврагчаар хүлээн авалгүй, Бурханы хүссэн жимсийг ургуулахгүй мөчрүүдийг Бурхан авч хаяна.
Үүнчлэн Искариотын Иудас шиг цуглаанд явж итгэгч гэх боловч, Есүстэй амийн холбоогүй буюу жимс ургуулахгүй хүнийг ч авч хаяна. Бурхан үр жимс ургуулдаггүй хүмүүс, чуулган болон ард түмнийг заавал шийтгэнэ.
Тэгвэл жимс ургуулдаг мөчир бүр нь дээд зэргийн их жимстэй болохын төлөө яах хэрэгтэй вэ?
1-рт Цэвэрлэгдэх хэрэгтэй 2б-г үзвэл Бурхан жимс ургуулдаг мөчир бүрийг анхааралтай арчилдаг гэж байна. Тариачин дээд зэргийн чанартай усан үзмийг хүсдэг учраас заавал хэрэггүй салаалсан жижиг мөчрүүдийг тайрч арчилдаг. Энэ ажлыг соёолохоос эхэлж жимс ургуулах хүртэл байнга тасралтгүй хийдэг. Ялангуяа усан үзмийн мод салаалсан жижиг мөчрүүдийг их ургуулдаг учраас тайрахгүй бол шим тэжээл хуваагдан сайн чанарын жимс гаргаж чадахгүй болдог. Мөн тариачин сайн чанарын жимсийг их гаргахын төлөө чанаргүй жимс гаргах мөчрийг хүртэл харамлалгүй тайрдаг.
“Тайрч арчилна” гэсэн үг нь грекээр цэвэрлэх буюу “кадайрей” бөгөөд энэ нь Есүсийн дотор байгаа хүнийг зовлонгоор дамжуулан сахилгажуулан, төлөвшүүлнэ гэсэн утгатай. Тайрч арчлахад тухайлбал цэвэршүүлэгдэхэд зовлон дагадаг. Харин зовлонгүйгээр дээд чанарын үр жимсийг ургуулж чадахгүй. Ялангуяа Бурханы хүссэн ариун үр жимс буюу Христ хүртэл төлөвшин өсөхөд дэлхийн хүсэл шунал, мах бодын хүсэл тачаал, атаа жөтөө, бардам бодол, үзэн ядалт, дуулгаваргүй байдал, үл итгэл гэх мэт нь бидэнд маш их саад болдог. Бурхан бидэнд сайн үр жимс ургуулахын төлөө хүний саваа ба амьдралын ташуураар янз бүрийн зовлонг зөвшөөрснөөр ийнхүү гэмт чанаруудыг тайрч арчилснаар цэвэрлэдэг. Бурхан мөнгөний асуудал, өвчин, аваар осол, ойр дотно хүний үхэл ба хагацал, харилцааны асуудал гэх мэтийн олон янзын өвдөлтөөр дамжин бидний доторх ертөнцийн хайр ба буруу үзэл бодлуудыг тайран цэвэр даруу итгэлтэй болгодог. Мөн Бурханы сэтгэлд нийцсэн хүнээр өөрчилдөг. Тэгээд Бурханы хаанчлалын амьд горьдлогоор дүүрэн сүнслэг хүн болгодог. Бурханы ажилд хэрэглэгддэг хүмүүс нь бүгд янз бүрийн зовлонгоор дамжин цэвэрлэгдсэн байдаг.
Тиймээс бид ч Бурханы хүссэн үр жимс төрүүлэх гэвэл тариачин Бурханы сахилгажуулалтыг хэцүү санагдсан ч итгэл ба баяртай сэтгэлээр л хүлээн авах хэрэгтэй (Евр 12:11). Ингэснээр бид Галат 5:22-23-т “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм.” хэлсэнчлэн дүүрэн жимс ургуулж чадах юм.
Цааш нь харвал “Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ” хэмээн биднийг тайрч арчилахдаа Эзэн үгээ ашигладаг гэдгийг мэдэж болно. (Еврей 4:12) –т “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхитэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” гэсэн байдаг. Өмнө нь шавь нарын доторх байдал ертөнцийн хүсэл шунал, санаа зовуурь бардам зан, аминч гэх мэтийн хэрэггүй мөчрөөр дүүрэн байсан. Харин Есүс гурван жилийн турш Бурханы үгээр сургаснаар цэвэрлэсэн. Үүнчлэн бид ч Бурханы үгээр үргэлж сургагдан гэмшихэд улам цэвэр болно. Өдөр бүр библийн үг уншиж буй та бүхэн маань бас гэмшил, ухаарал дотор хэдийнээ цэвэр болж байгаа байхаа. Цаашид ч хичээнгүйлэн үгтэй ойр байж цэвэр болж чадахыг хүсэн гуйж байна.
2-рт Есүсийн дотор байх хэрэгтэй.
Яагаад? Учир нь бид эхлээд Түүнтэй хайрын харилцаатай байх, дараа нь бид зөвхөн Есүсээр дамжуулан үр жимс өгдөг гэдгийг ойлгох нь чухал.
4,5-г үзвэл “Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс сургуулж чадахгүйн адил, Та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд хэн миний дотор байж, Би мөн Түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй” гэж байна. Дотор бай гэж олон хэлснээр Есүсийн дотор байх нь хэр чухал вэ? гэдгийг харуулж байна. Есүсийн дотор байх нь Христтэй сүнсээр нэгдмэл амийн харилцаатай болохыг хэлж байгаа бөгөөд бүх зүйлд Есүсийг түшиглэн, Есүсийг төвд тавин бодож Есүсийн заасанчлан үйлдэн амьдрахыг хэлж байна.
Идсэн ч уусан ч юу ч хийсэн Христ дотор бодож төлөвлөж Түүний явсанчлан өөрөө тийн явахыг хэлж байна. (1Иохан 2:6)
Итгэгчид бид их үр жимс гаргахын төлөө би яах вэ? хэмээн ихэвчлэн боддог. Тэгээд үр жимс гаргахын төлөө ямар нэг юмыг өөрийн хичээл зүтгэлээр хичээнгүй хийж эхэлдэг. Гэвч дараа эргэн харвал үр жимс нь харагдахгүй үе олон. Мосе ч өөрийн хүч чадал ба халуун зүрхээр зовж буй өөрийн ард түмнийг аврахыг хичээсэн. Гэвч хүнийг уураар хөнөөж ялагдлыг л амссан. Паул ч Есүсийг хүлээж авалгүй өөрийн зөвөөр зүтгэн чуулганыг хавчигч нэгэн болсныг санаарай. Үүнчлэн Есүсийн дотор, тухайлбал Есүстэй нэгдмэл харилцаан дотор хийхгүй бүх л хичээл зүтгэл нь эцэстээ Бурханы хүссэн үр жимсийг гаргаж чадахгүй юм. Тиймээс Ариун сүнсний сайхан үр жимс ба үйлчлэлийн үр жимстэй болох гэвэл хамгийн түрүүнд Есүсийн дотор нэгдмэл байж, Түүний харилцаан дотор бүх зүйлээ хийхийг сурах хэрэгтэй. Өөрийн хичээл зүтгэл, хүч чадал, сайрхал, төлөвлөгөөг орхин Есүстэй нэгдэн Түүний хүслийг асууж дуулгавартай дагах хэрэгтэй.
Ялангуяа Есүсийн дотор байх нь бодитоор Түүний үгэн дотор амьдрахыг хэлж байна. 7а-г үзээрэй “Та нар миний дотор, Миний үгс та нарын дотор байваас” гэв. Есүсийн дотор байгч нь Түүний үгэн дотор байнга байдаг хэмээн хэлжээ. Мөчир нь үргэлжлэн модтой нэгдэн байснаар шим тэжээл аван жимс ургуулж чадна. Сэтгэлийн хөөрлөөр заримдаа нэгдэн, заримдаа салангид байвал жимс гаргаж чадахгүй бөгөөд мөчир болсон бидний дотор Есүсийн үгс амийн тэжээл болж байнга хамт байх хэрэгтэй юм. Хаана ч, юу ч хийсэн Түүний үгэн дотор үгийг даган амьдрах хэрэгтэй. Оюутан байхад төдийгүй, төгссөний дараа ч , мөн насан турш Есүсийн үгэн дотор амьдрах хэрэгтэй. Ингэснээр үгс нь биднийг шинэчлэн өөрчилж, Христийг дуурайсан дотоод чанарын үр жимс болон амийн үр жимсийг ургуулж чадна.
6-г үзээрэй “Хэн нэгэн миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана.” Есүс Өөрийн дотор эс байгч хүнийг хатуу шийтгэнэ гэдгийг сануулж байна.
Заримдаа мөчир нь модтой нэгдэн байх нь хүлээстэй уйтгартай хоосон мэт санагдан модноос ангид болбол чөлөөтэй болно гэж боддог. Харин усан үзмийн мод Есүс ба Түүний үгнээс салан явсан хүн нь удалгүй амийн хүчийг алдан, хувхайран хатна. Доторх амар тайван эрх чөлөө ба баяр хөөрийг алдаж, сэтгэл сүнс нь гунигтай хоосон болдог. Эцэст нь ямар ч хэрэгцээгүй мөчир болж, мөнхийн тамын галд хаягдана. Тиймд мөчир болсон бид усан үзмийн мод болсон Есүсээс ангид юу ч хийж чадахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэгээд Есүсийн дотор нэгдмэл байж, үгийн шим тэжээлийг үргэлж авч, амьдрахын төлөө хичээх хэрэгтэй.
3-рт Түүний үгэнд үндэслэн гуйх хэрэгтэй.
“Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно”(7). Үгэнд үндэслэн гуйхгүй бол Бурханы хүсэл тааллыг мэдэхгүй учир өөрийн хүсэл шуналд үндэслэн гуйх болдог. Энэ үед Бурханаас өөрийн хүссэн зүйлийг авахын тулд өөрийнхөөрөө зүтгэхэд амархан. Ийм гуйлт нь Бурханы хариултыг авч чадахгүй. (Иаков 4:3). Тиймээс гуйлтын хариуг авахын төлөө үгэн дотор байх хэрэгтэй. Ингэснээр Бурханы тааллыг ухааран Түүний хүсэлд нийцэн гуйж чадна. Үгэн дотор байж, үгэнд үндэслэн залбирахад юу хүссэнээ гуйхад Бурхан бидэнд биелүүлж өгнө. Энэхүү гуйлтаар дамжин гадна болон дотор бүх талаар Бурханыг баярлуулах их жимсийг төрүүлж чадна.
Үгэн дотор байж сүнсний үр жимсээр дүүрэн таниар, чуулганаар, монгол улсаар маань Эзэн алдаршиж чадахыг хүсэн гуйж байна. Таны амьдрал, үйлчлэлээр дамжуулан Бурхан алдарших болтугай.
Есүс үргэлжлүүлэн сүнсний үр жимс дотроос хамгийн чухал нь болох хайрыг дэлгэрүүлэн сургаж байна.
2. Бие биенээ хайрлагтун (9-17)
9-г үзээрэй “Эцэг Намайг хайрласан адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун”. Есүс Бурхан эцгийн агапе хайраар шавь нарыг хайрласан. Тиймээс тэд үргэлжлүүлэн Есүсийн хайрын дотор байх хэрэгтэй юм. Есүсийн хайр нь бидний гэмийн төлөө загалмайд золиослосон хайр юм. Есүсийн хайрын дотор байна гэдэг нь энэ хайрыг хүлээн авч, ямар ч үед энэ хайранд итгэн, эргэлзэхгүй дагаж амьдрахыг хэлж байна. Бид эрүүл саруул, асуудлууд шийдэгдэх, амар тайван үедээ Эзний хайранд итгэдэг. Харин асуудал, зовлонтой тулгарах үед Бурханы хайранд эргэлзэн, гонгинох нь амархан. Харин бидний амьдралд тулгардаг бүх зовлон ба бэрхшээл нь Бурхан намайг хайрлан амьдралд маань зөвшөөрсөн хэмээн хүлээн авч янз бүрийн тайралтаар дамжуулан Эзний хайрыг улам сайн мэдэрч, ерөөгдөхийн төлөө байдаг гэдгийг суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Тиймээс сайн мэдээний төлөө амьдрахад олон хэцүү зовлон амссан элч Паул энэ дэлхийн юугаар ч Бурханы хайраас биднийг салгаж үл чадна гэж баттай гэрчилсэн байдаг (Ром 8:35-37).
Бид Есүстэй хайрын харилцаан дунд байхад хайрын үр жимсийг төрүүлж чадна. Тэгэхэд дотроо байгаа бүх хорсол бухимдал гомдол нь цас мэт хайлж, Бурханы агапе хайраар дүүрэх болно.
Тэгвэл Есүсийн хайран дотор байх бодит арга зам нь юу вэ? 10-г үзээрэй “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж хайранд нь байдаг лугаа адил та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно” Есүс Эцгийнхээ тушаалыг сахиснаар Түүний хайранд нь байдаг шиг бид ч Есүсийн тушаалыг сахивал Түүний хайранд байх болно гэв. 12-г үзвэл Түүний тушаал нь бие биенээ хайрлах юм. Есүс өмнө 13:34,35-д Есүс намайг хайрласан хайраар бусдыг хайрла хэмээн тушаасан. Энэ нь хэн ч Есүсийн дотор байж, Түүнтэй нэгдэн амийн харилцаатай хүн нь Түүний хайрыг дуурайн хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. Есүсийн энэхүү тушаалыг даган хэрэгжүүлэхэд Есүсийн баяр баясгалан бидний дотор дүүрэн болно(11).
Есүсийн хайрыг хэрэгжүүлэхээс нааш жинхэнэ баяр хөөр ба ханамжийг амсаж чадахгүй юм. 1 Иохан 4:12т хэрэв Есүсийн хайрыг бодитоор хэрэгжүүлэхгүй бол тэр нь Есүсийн дотор байгч биш гэдгийг харуулж буй хэрэг гэв. Есүсийн хайрыг авч, Түүнтэй нэгдмэл хүн нь бусдыг хайрласнаар Есүсийн хайранд байж, жинхэнэ ханамж ба баяр хөөрийг амсан амьдардаг юм.
Тэгвэл бие биенээ хайрладаг хүмүүсийн эдлэх ерөөл нь юу вэ? 13-г үзвэл Ертөнцөд хамгийн агуу хайр нь найз нөхдийнхөө төлөө амиа золиослох юм. Есүс шавь нарыг нөхөд болгон тэдний төлөө амиа золиослосон. Үүнчлэн нөхдийнхөө төлөө золиосны хайраар хайрладаг хүнийг Есүс Миний нөхөр болгоно гэв(14). Боолууд нь эзнийхээ гүн бодол, төлөвлөгөөг ойлголгүй тушаасныг нь айдастайгаар биелүүлдэг. Гэвч найз нь эзэнтэй хамт зөвлөлдөн сэтгэлийг нь ойлголцон баяртайгаар хамтардаг. Есүс шавь нар болон биднийг боол бус анд нөхөд болгосон. Бид Есүсийн тушаасныг Түүний сэтгэлтэй нийцэн үйлдвээс Түүний найз болж чадна. Энэ үед Есүс Бурханы төлөвлөгөө ба сүнсний нууцуудыг бидэнд мэдүүлэн Бурханы ажлын хамтран зүтгэгчээр хэрэглэх болно(15). Уг чанартаа Бурханы уур хилэнгийн хөвгүүд байсан биднийг Өөрийн хүүхэд төдийгүй, хамтран зүтгэгч найз болгосон нь үнэхээр Бурханы агуу нигүүлсэл юм.
16-г үзээрэй “Та нар Намайг сонгоогүй. Харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж үр жимс нь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар эцгээс юу ч гуйсан Тэр та нар өгөх юм.” Есүс биднийг сонгосон нь тариалангийн талбай уруу явж, үүрдийн үр жимс ургуулахын тулд юм. Үүний төлөө бид Бурханаас гуйх хэрэгтэй гэдгийг Есүс зааж байна.
3. Ертөнц та нарын үзэн ядна (18-27)
Есүс одоо шавь нарт ертөнцийн тухай ямар хандлагатай болохыг сургаж байна. Бид Есүсийн дотор байвал их жимс ургуулан баяр хөөрөөр дүүрэн амьдрах болно. Гэвч үүний зэрэгцээ ертөнцийн хавчлага ирэх болно. Ертөнцийнх нь өөрсөдтэй нь адил гэмт амьдралыг дагадаггүй хүмүүсийг үзэн ядаж, хавчих болно. Энэ үед юуг санах хэрэгтэй вэ? 18-г үзээрэй “Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал Та нараас өмнө намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн” гэж байна.
Ертөнц биднийг үзэн ядах нь Есүсийг үзэн яддаг учраас юм. Энэ ертөнц Бурханаас урваж, дайсагнадаг учраас итгэгчдийн ертөнцийн эсрэг тэмцэл зайлшгүй шаардана. Бид ертөнцөөс аврагдан тусгаарлагдсан ариун хүмүүс буюу Есүсийнх тул хавчигдах нь мэдээжийн хэрэг. Энэ ертөнцтэй хөл нийлүүлэн хоёрын дунд зогсон амьдарвал хавчигдахгүй ч Ариун итгэлээр зөвийг үйлдэн амьдрахад заавал хавчигдана (2Тимот 3:12). Энэхүү ертөнцийн хүмүүсээс үзэн ядагдан хавчигдах нь биднийг жинхэнэ Есүсийнх гэдгийг баталдаг. Есүс энэ зүйлсийг урьдчилан сануулах нь учир шалтгаангүй хавчлагыг хүмүүсээс авахад айж сандрах хэрэггүй ба шантрах хэрэггүй гэдгийг мэдүүлэхийн тулд байлаа. Тийм ч учраас хүмүүсээс үзэн ядагдан хавчигдах үед харин ч Бурханых гэсэн баталгаа авсанд нь баярлаж, Бурханд алдрыг өргөх хэрэгтэйг сурч болно.(Матай 5:10-12).
21-г үзвэл хүмүүс Есүсийнхнийг хавчих нь Бурханыг мэдэхгүй сүнсний мэдлэггүй учраас юм. Харин Есүс энэ ертөнцөд ирээд бүх үнэнийг тод хэлсэн учраас тэд нүгэлдээ шалтаггүй(22). Есүсийг үзэн ядагч нь Бурханыг үзэн ядсантай адил юм. Тэд Бурхан ба Есүсийг үзэн ядах нь ямар ч шалтгаангүй (23,25).Шавь нар хавчигдах үед үнэний Ариун Сүнс болох Туслагч хамт байгаа тул огтхон ч айх хэрэггүй(26). Ариун Сүнс үнэн болох Есүсийг гэрчлэх тул шавь нар ч Есүсийг гэрчлэх хэрэгтэй. Бид ч хүмүүст үзэн ядагдаж хавчигдах үед айж ухрах бус харин ч Ариун Сүнсний хүчийг авч, Есүсийг идэвхитэй гэрчлэн сайн мэдээг оюутан залууст дамжуулах хэрэгтэй. Тэгснээр энэ ертөнцийг ялж амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Магадгүй та энэ мөчид “тайрах” үеийг туулж байгаа байх. Бурхан хамгийн дүүрэн, хамгийн сайн үр жимстэй байх таныг бүтээхийн тулд саад болж буй зүйлсийг таслахын тулд хурц зүйлсийг ашиглаж магад. Энэ нь өвдөлттэй хэцүү ч байж болох юм. Гэхдээ тайралт нь биднийг хайрлах Бурханы хайр гэдгийг ойлгон ухаарч чадахыг хүсэн гуйж байна.
Есүсийн бидэнд өгөхийг хүсдэг үр жимс нь насан туршийн үйл явц, насан туршийн тэмцэл юм. Жинхэнэ усан үзмийн мод болсон Есүсийг олж авцгаая. Есүс бүгдийг хийсэн. Өөрсдийнхөө хүчин чармайлтаар бөөн үр жимс ургуулах гэсэн хатуу зүрх сэтгэлээ орхицгооё. Үүний оронд усан үзмийн мод мөчрүүдийг тэтгэдэг шиг биднийг тэтгэдэг Есүсээр дамжуулан Бурханы нигүүлсэл, мөнх амийн жимс, сайн мэдээний эрх чөлөөг тунхаглацгаая. Бид урьд нь Бурханы эсрэг байж гэмийн үр жимсийг л ургуулснаар галд хаягдан шатаагдахаас өөр аргагүй байсан. Харин Есүсийн амиа золиослосон агуу хайраар дамжуулан жинхэнэ усан үзмийн мод болсон Есүсийн дотор нэгдэн амьдрах болсон билээ. Бидэнд арвин, сайн үр жимс гаргах бүхий л боломж өгөгдсөн. Тиймээс үргэлжлүүлэн Есүсийн дотор Түүнтэй нэгдэн хайрын харилцаатай байснаар их жимс ургуулцгаая. Товчхоноор эцэст нь хэлэхэд жимс ургуулах нь энэ хэсэгт заасан тушаал биш бөгөөд Есүс дотор байсны үр дүн нь жимс гэдгийг олж харах хэрэгтэй юм. Түүний тушаалыг сахья, түүний дотор байцгаая. Ялангуяа Есүсийн тушаалыг даган бие биенээ хайрлах үр жимсийг гаргаснаа, Есүсийн шавь болж Бурханыг алдаршуулдаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.