2022 оны Иохан 22-р номлол (04.03) Эбэ Матай хн

Зам, Үнэн, Амь Есүс

Иохан 14:1-31
Гол эшлэл 14:6

“Есүс зам үнэн амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”

Хайр ивээл мөнх амийн их Эзэн минь ээ. Бидэнд таныг хүндэтгэн магтах өдрийг зөвшөөрсөнд баярлалаа. Өнөөдрийн үгээр дамжуулан Зам, Үнэн, Амь болсон Есүсийн дуу хоолойг сонсож тэр замаар, тэр үнэнийг даган, амийн баяр хөөрөөр алхдаг итгэлийг суралцаж чадахыг хүсэн гуйж байна. Ариун сүнсээр удирдаж өгөөч. Эзэн Есүсийн нэр дээр залбирлаа. Амен.
Энэ дэлхийд амьдрах хугацаанд санаа зовиургүй амьдрах хором тун цөөхөн. Хүн болж л төрсөн бол их бага хэмжээгээр ямарваа нэгэн юманд шаналж, санаа зовж, түгшиж амьдардаг. Аав ээжийн эрүүл мэнд, ар гэрийн санхүү, ах дүүсийн гачигдал зовлон, үр хүүхдийн ирээдүй, сайн ажилд орох, сайн хүнтэй суух, байртай болох, машин авах, өвчнөөсөө ангижрах гээд л эцэс төгсгөлгүй олон зовлон бэрхшээл биднийг тойрон хүрээлсээр байдаг. Зарим нэг нь хэрэгцээ шаардлага боловч зарим хүмүүс үүнийгээ зовлон болгож амьдрах нь их байдаг. Хүн ер нь атаархуу амьтан. Хэн нэг нь надаас илүү мөнгөтэй болох, надаас илүү амьдрах, надаас илүү байгааг харахдаа сэтгэл нь зовлонтой болдог. Өнөөдрөөр асуудал минь шийдэгдэхгүй бол тэр асуудлынхаа төлөө шаналж эхлэдэг. Зарим хүмүүс сүүлийн үед зохиомлоор шаналах, зовох өвчин тусч байгааг эмч нар хэлж байна. Асуудал өнөөдөр шийдэгдсэн ч дараагийн асуудал дахин гарч ирдэг. Асуудал хэзээ ч дуусдаггүй. Энэ мэт хүмүүний асуудал нь өнөөдрийн номлол дээр гарч байна. Есүсийн төлөө амьдрана гээд бүхнийгээ орхисон шавь нарт санаа зовнил, саар асуудлууд их байсан. 14 бүлэг болох өнөөдрийн номлолоор ийм санаа зовнилоор дүүрэн шаналж буй шавь нараа тайтгаруулж тэдэнд Бурханд найдах талаар заан өгч байна. Заах заахдаа жинхэнэ найдлагын найдварын түлхүүр гол цөм болох Есүс нь хэн бэ гэдгийн талаар тайлбарлан өгч байна. Бүгдээрээ өнөөдрийн номлолоор дамжуулан бидний явах зам, бидний дагах үнэн, бидний дотор орших мөнхийн баяр хөөр болох амь болох Есүсийг сайн сурч санаа зовнилыг орхин түүнд бүхий л амьдралаа даатган амьдарч чадахыг гуйж байна.
1. Юунд ч бүү санаа зов.
14:1-р зүйлийг хамтдаа уншицгаая. “Зүрхээ бүү шаналга. Бурханд итгэ, мөн Надад итгэ” Эндээс зүрхээ бүү шаналга гэсэн нь зүрхэндээ санаа зовиур, айдас түгшүүр төрөхийг бүү зөвшөөрөөрэй гэсэн утгатай үг юм. Өмнө нь хэлсэнчлэн санаа зовох асуудал гараад байхад яаж санаа зовохгүй байж чадах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Харин зарлигаас харвал Есүс Бурханд итгэ, мөн Надад итгэ гэж хариулт өгч байна. Санаа зовиур, айдас түгшүүрийг ялах, даван туулах цорын ганц арга нь Бурхан болон Есүст итгэх явдал юм. Бичээс дээр байгаа итгэ гэдэг үг нь Бурханд итгэн найдаж, даатгаарай гэсэн утгатай юм. Тэгвэл бодитоор Бурханд итгэж, найдаж, даатгана гэдэг нь яахыг хэлж байна вэ? Бурханы төгс бүрэн хүч чадал болон Түүний надад тавьсан сайн таалал ба удирдлагад бүрэн итгэнэ гэсэн утгатай. Бидний итгэдэг Бурхан бол Өөрийн цорын ганц Хүү болох Есүсийг бидний төлөө загалмайд тушаасан агуу хайрын Аав юм. Бидэнд хамгийн нандин Өөрийн Хүүгээ өгч биднийг хүүхдүүдээ болгосон Бурхан амьдралын минь замыг нэгд нэгэнгүй сахин хамгаалж, хайрлан халамжилж, хамгийн сайн тааллаар удирдан гэдэгт бид итгэх хэрэгтэй юм. Яагаад гэвэл хүүгээ бидний төлөө өргөсөн тэр хайр болон нигүүслийг бодоход л хангалттайгаар бид түүнд даатгагдан амьдарч чадах юм. Тийм биш гэж үү? Амен.
Бидэнд байгаа санаа зовиурын уг үндэс нь юу вэ? Яагаад бид байнга санаа зовж байна вэ? Миний ирээдүй баталгаагүй байгааг хараад айдаг учраас бид санаа зовдог. Өнөөдрийн бодит байдал, нөхцөл байдлыг харан бид санаа зовдог. Бид амьдралаа бас ирээдүйгээ Бурханд бүрэн даатгаж чадахгүй байгаа учраас, Түүнд итгэж чадахгүй байгаа учраас бид айж санаа зовдог. Өөрийнхөө асуудлыг өөрийн хүчээр шийдэх гэж оролдох үед бид айдаст ордог. Хүний хүч чадал хязгаартай бөгөөд бүхнийг хийхэд амжуулахад боломжгүй. Хүн өөрийн санаандаа бодож, ойлгож, ухаарч, шийдэх гэж хичээх тусам мухардалд орж айдас болон түгшүүр санаа зовнилын хүлээсэнд ордог. Тиймээс библи дээр ийнхүү хэлсэн байдаг. Филиппой 4:7 дээр “Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.” Бид Бурханд бүх санаа зовнилоо даатгавал амар тайвнаар дүүрэх бөгөөд давхар муу ёрын сүнснээс хамгаалагдана хэмээн хэлж байна. Энэ цагт энд сууж буй хүмүүс өөрсдийн санаа зовиур айдас түгшүүрийг Бурханд аваачиж түүнд даатгаснаараа Бурханаас ирдэг амар тайван баяр хөөрөөр дүүрэн болж чадахыг хүсэн гуйж байна.
Дэлхийд хамгийн том гэгдэх Ниагара хүрхрээг та нар дуулсан байх. Нэгэн цэрэг хүрхрээний нэг захаас нөгөө зах хүртэл ганц уяа татаад түүн дээгүүр гатлан явж хүмүүст өөрийгөө харуулжээ. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ амьсгаагаа түгжин, түүний алхам бүрийг ажиглан харж байсан. Тэрээр ямар нэгэн асуудалгүйгээр нөгөө захад нь хүрсэн. Түгшин түгшин харж байсан хүмүүс халуун алга ташилтаар хашхиран уухайлав. Гэтэл өнөөх цэрэг хүмүүст хандан нэг хүнийг үүрэн хүрхрээг гатлах учир сайн дураараа хэн нэгэн нь гарч ирэхийг санал болгов. Баярлалдан шуугиж байсан үзэгчид гэнэт чив чимээгүй болж хэн ч гарч ирж зүрхэлсэнгүй. Гэнэт хамгийн ардаас би би гэж дуугаран нэгэн хөвгүүн гарч ирэв. Нөгөө хүн тэр хүүхдийг мөрөндөө үүрэн алхам алхмаар уяан дээгүүр алхаж эхлэв. Харж байсан хүмүүс түгшүүртэйгээр энэ байдлыг ажиглан харав. Эцэст нь хүүхдийг үүрсэн тэр хүн нөгөө захад хүрэхэд хүмүүс урьд урьдынхаас улам чангаар алга ташин уухайлж тэр залуугийн зоригтой үйлсийг магтан сайшаав. Энэ байдлыг харж байсан сурвалжлагч нөгөө хөвгүүнээс ийнхүү асуусан. Чи айгаагүй юу? Яаж ингэж зоригтой явж чадсан юм бэ? гэхэд нөгөө хүү хээв нэг хариулсан. Би Аавдаа итгэдэг. Энэ хөвгүүн аавдаа бүрэн итгэж байсан учраас аавдаа өөрийгөө бүрэн даатгаж, түүний мөрөн дээр суун, хамтдаа голыг гаталж чадсан юм гэж бахархалтайгаар хариулсан. Бидний амьдрал ч гэсэн аймшигтай хүрхрээн дээгүүр явах ганц уяан дээр алхаж байгаа цэрэгтэй адилхан. Хүн хэзээ үхэх, хэзээ өвчин тусах, хэзээ энэ дэлхийгээс явахаа мэдэхгүй. Тийм учраас байнга айж, айдсаар дүүрэн байж бас санаа зовдог. Харин 1Петр 5:7 үзвэл “Тэр та нарт санаа тавьдаг тул бүх зовнилоо Түүнд хая” хэмээн тунхаглан хэлж байна. Хамгийн аюулгүй нь бидний Эцэг Аав болсон Эзэний нуруун дээр үүрүүлэн гатлах явдал юм. 1Перт 5:7-оос үзвэл “Тэр та нарт санаа тавьдаг тул бүх зовнилоо Түүнд хая”. Бидний төлөө санаа тавьж анхаарал хандуулдаг түүнд бүх санаа бодлоо даатгаж чадахыг гуйж байна. Мөн хамгийн аюулгүй мөр болох Бурхан Аавын мөрөн дээр суун Ниагара хүрхрээ мэт амьдралын хүнд шатуудыг итгэлээр даван туулцгаая хэмээн уриалж байна. Аавдаа л итгэснээр хүү шаналаагүйтэй адил бид ч бас Бурхан Аавдаа өдөр бүр итгэн даатган шаналгаатай энэ дэлхийд шаналгаагүй амьдрахыг хүсч байна. 1-р зүйл дээр итгээгүй учраас шаналсан гэж гарч байгаа тул бид итгэж, найдаж, даатгаснаараа шаналалгүй амьдарч чадна. Эзний үг биелэлээ олсон итгэгчийн амьдралаар өдөр бүр амьдарч чадахыг гуйж байна.
Монголд авч байгаа цалингаараа амьдрах боломж байхгүй тул Солонгос, Япон, Америк зорьж буй залуучууд олон байна. Тэд хүссэндээ яваад байгаа юм биш. Сайхан амьдрал, эрүүл саруул байдал, соёлч боловсон үйлчилгээ, үлдсэн ар гэрээ тэжээх гээд олон асуудлаас болж явж байна. Мэдээж сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх гээд олон зүйл байгаа. Гэхдээ энэ бүхнээс илүүгээр тэд хэнд найдаж, юунд ирээдүйгээ даатгах вэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас явж байгаа. Нэг үгээр тэдэнд Бурханы үг, Бурханы хайр, амлалт, найдвар, амар амгалан байхгүй учраас тэд явж байна. Харин Бурханыг мэддэг, түүнд ирээдүйгээ даатгасан хүмүүс нэг хүнийг авардаг мишионер, авралын зарыг дамжуулагчаар явах юм. Тийм учраас маш том ялгаатай. Эхний ажил нь мишионер бөгөөд оюутан болох, ажил хийх зэрэг нь Бурханы ажлыг хийхэд шаардагдах нөөц гэж ойлгож болно. Энэ цагт манай цуглаанаас олон олон итгэлийн мишионерууд Бурханд бүхий л зүйлсийг даатган итгэлээр дэлхийн баярын мэдээний ажилд хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна. Ганболд Паул, Галаа Петр, Нямаа Абрахам, Нямдорж Калеб, Баясгалан Самуел, Батбаатар Давид, Баагий Чэйн гээд л олон мишионерийн зүрх сэтгэлтэй итгэлийн баатрууд төрөн гарч бүх дэлхийн сайн мэдээний ажилд хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж бас ерөөж байна. Өдөр бүр Бурханд итгэ бас надад итгэ гэсэн Есүсийн дуу хоолойг сонсон хүч аван бүхий л зүйлээ даатган амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Одоо бүгдээрээ 2, 3-р ишлэлийг хамт уншицгаая. “Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж та нарт орон байр бэлдчихвэл дахин ирж та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно”. Эндээс орон байр гэдэг нь Есүс ба Бурхантай мөнх амьдрах Бурханы хаанчлалыг зааж байна. Шавь нар энэ дэлхийд толгой хоргодох газаргүй амьдарч байсан. Есүсийг дагах шийдвэр гарган бүх зүйлээ орхисон шавь нар байнга хаана байрлах, хаана хонох асуудлаар санаа зовдог байсан. Орон байрны асуудалтай байсан тэднийг ямар ч хариуцлагагүйгээр орхиж байгаа биш бөгөөд тэдэнд Бурханы хаанчлал дахь мөнхийн гэрийн тухай амлаж хүсэл найдварыг суулгахаар зарлиг өгч байна. Тэгээд Есүс одоо тэдний төлөө орон байр бэлдэхээр яваад, бэлдчихвэл дахин ирнэ гэж амласан. Тэднийг угтан авч тэдэнтэй үүрд мөнх хамт байх болно хэмээн амлаж байна. Тиймээс огтхон ч санаа зовох хэрэггүй гэж тайвшруулж байна. Энд Есүсийн хэлж буй орон байр нь Хүннү 2222, Будда виста, Роял Будда, Гандирс, Дипломат апартментыг хэлээгүй бөгөөд Бурханы хаанчлал дахь орон байрыг хэлж байна. Хичнээн тансаг гоё орон байр байлаа ч гэсэн заавал нуран унах учраас Есүс мөнхийн улсын орон байрыг тэдний зүрх сэтгэлд нутагшуулахыг хүссэн. Есүс шавь нарынхаа зүрхэнд муудахгүй, бохирдохгүй, ялзран нуран унахгүй, мөнхийн хүсэл найдвар буюу жинхэнэ ирээдүйн баталгаат гэр болох мөнхийн улсын хүсэл найдварыг суулгаж өгөхийг хүссэн. Бидний зүрхэнд жинхэнэ ийм л хүсэл найдвар байхад энэ ертөнцөөс ирдэг санаа зовиурыг бид ялан дийлж, даван туулж чадах юм. Энэ цагт бидний зүрхэнд хожим муудаж нуран унахгүй бат бөх мөнхийн гэр болох Бурханы улсын хүсэл найдвар өдөр бүр оргилон гарч бид энэ дэлхийд Бурханы хүүхдийн баавартай амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Зам, Үнэн, Амь болсон Есүс
Одоо бүгдээрээ 6,7-р ишлэлийг хамт уншицгаая. “Есүс Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Та нар Намайг мэдсэн бол Эцгийг минь ч мөн мэдэх болно.” гэв.
1-рт Есүс бол зам юм.
Есүс өөрийгөө зам гэж байна. Есүс өөрийнхөө очих ёстой газар Эцэг гэж хэлсэн. Эцгийн гэр бидний амьдралын зорилго болох үед бид нар энэ дэлхийд аянчин мэт амьдарч чадах юм. Хот, хөдөө гэлтгүй аавын гэр лүү явах үед хүмүүс баяр хөөртэй аз жаргалтай байдаг. Явах зам бартаа ихтэй, цас бороо орж шуурга шууран, замдаа ядрахаас өөр аргагүй байдаг. Гэсэн ч тэвчин тэвчин явсаар баяр хөөртэйгээр аавындаа очдог. Яагаад гэвэл аавын гэрт амарч болох бүх зүйл байдаг учирт юм. Сайхан чанасан мах, бууз хуушуур, айраг мөн амарч хэвтэх ор дэр гээд л бүхий л амралтыг тэндээс авах боломжтой байдаг. Яг үүнтэй адил Эцгийн гэр болох мөнхийн улсын гэр Бурханы хаанчлалын гэрт очих зорилго маань тодорхой байхад бид энэ дэлхийн цаг зуурын зовлон бэрхшээлийг даван туулж тэвчиж чадах юм. Бид Есүст итгэн Түүнд амьдралаа даатгаж чадах үндэс нь Есүс Бурхан руу хүрэх цорын ганц зам учирт байгаа юм. Бидэнд эцгийн гэр мэт Бурханы хаанчлалыг холбох цорын ганц зам бол Есүс Христ юм.
Энэ дэлхий дээр олон зам байдаг. Хаа хүрэх нь тодорхойгүй замууд дүүрэн байдаг. Харахад бартаагүй, шулуун, дардан зам их байдаг. Хүмүүс ихэнх нь өргөн саруулхан гоё замыг сонгодог. Тэгээд яваад л байдаг. Тэгээд явж байгаад гэнэт миний явж байгаа зам үнэхээр аюулгүй баттай зам мөн үү? Энэ замаар явбал жинхэнэ аз жаргал ялалтанд хүрч Бурхан руу хүрч чадах болов уу? гэсэн асуултуудыг тавьж эхлэдэг. Харин өнөөдрийн зарлигаар дамжуулан тодорхой хэлж байна. Есүс Өөрийгөө Эцэгт хүрэх цорын ганц зам хэмээн тодотгон тунхаглаж байна.
Мөн хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй хэмээн хэлж байна. Яагаад гэвэл Есүс загалмайд цусаа асгаруулан нас барснаараа Бурхан руу хүрж чадахгүй болсон байсан хүн төрөлхтний гэмийн үндсэн асуудлыг бүрэн шийдэж өгсөн учраас юм. Есүсийн загалмайн цус ба үхлээр дамжуулан Бурхан ба хүмүүсийн хоорондох ёроолгүй гүн хавцал дээр Есүс шинэ зам баригдсан түүхтэй юм. Энэ зам нээгдсэнээр хүмүүс Эцгийн гэр лүү очиж тэнд хайр, амар амгалан, тайвшрал, баяр хөөрийг эдлэх болсон юм. Зөвхөн Есүс гэсэн энэ зам биднийг уучлал, хайр, нигүүсэл, гэмшил, тэвчээр, ивээл, ерөөл рүү хөтлөдөг зам юм.
2-рт Есүс бол Үнэн юм.
Үнэн гэж юу вэ? Өнгөрсөнд байсан, одоо байгаа, ирээдүйд ч байх зүйлийг үнэн гэдэг. Хувирч өөрчлөгдөхгүй зүйлийг үнэн гэж тодорхойлдог. Энэ дэлхийн зүйлс өдөр хоног гэлтгүй, хором секунд бүрээр хувирч өөрчлөгддөг. Насаараа чамайг жаргаана гэж авч суучихаад хэдэн жилийн дараа чам шиг шулмас хараагүй гэдэг. Найз найз гэчихээд нам дагаад бие биенээ хороодог нөхдүүд олон болжээ. Хувиршгүй хайр гэж хэлчихээд хэд хэд хувирч өөрчлөгддөг хайрыг бид нийгмээс харж болно. Би танай гэрийн гишүүн гэчихээд 76 сонгогдсоныхоо дараа ЖДҮ чинь болоод чамайг танихаа больж хаан заяатай гээд дуулж яваа нэгнийг та харж болно. Тиймээ яг юу үнэн юм бэ?
Есүс бол жинхэнэ үнэн юм. Түүний зарлиг хуучин гэрээн дээр ч байсан, шинэ гэрээн дээр ч байгаа хожим мөнхийн улсад ч байх библи бол туйлын үнэн юм. Библи дээр бидний төлөө загалмай дээр нас барж бидэнд хайраа харуулсан тэр хайр бол туйлын үнэн юм. Намайг таныг сонгон дуудаж, загалмай дээр миний гэм нүглийг үүрч намайг аварсан тэр хайр бол үнэн юм. Есүсийн хайр өнгөрсөн, одоо, ирээдүйд ч өөрчлөгдөхгүй хамгийн агуу хайр юм. Энэ цагт бид нар энэ хайрыг их дээд сургуулийн оюутнуудад тунхаглаж, аав ээж ах дүү нартаа дамжуулж, үр хүүхэд хань ижлээ энэ мэт хувиршгүй үнэний хайраар хайрлаж чадахыг хүсэн гуйж байна. Энэ Есүс өөрөө үнэн учраас тэр намайг удирдах бөгөөд түүнд бүхий л удирдлага болон ирээдүйгээ даатган амьдарцгаая.
3-рт Есүс бол Амь юм.
Есүс зам болсноороо бидэнд мөнхийн амийг өгсөн билээ. Амь гэж юу вэ? Амь гэдэг нь хөдөлж, хүч гаргаж, ярьж хэлүүлж, алхуулж, гүйлгүүлж чаддаг. Нэг үгээр хэлбэл амь байна гэдэг нь хүнийг амьдруулж, ажиллуулж, мөрөөдлийг бий болгож зүрх сэтгэлийг удирдаж, хүсэл найдвартай байлгаж байгаа хүч юм. Хүн амьтай байж амьдарна гэвэл цусаар тэтгэгдэх хэрэгтэй. Тэр цус нь зүрхийг тэтгэж амьсгалыг дэмжсэнээр хүн амьдарч чаддаг. Есүс миний төлөө бидний төлөө загалмайд цусаа урсгаснаар тэр цусны гавьяагаар бид нар амьтай цаашлаад мөнх амьтай болсон юм. Есүсийн загалмайн цусны хүчээр би амьдарч миний амьдралд баяр хөөр, найдвар, хүсэл мөрөөдөл байгаа нь миний дотор Есүсийн амь байгаа бөгөөд хожим очиж мөнхийн улсад орох амь байгаа учирт юм. Энэ цагт амь болсон Есүсийг та бүхэн өөртөө байлгаж тэр амийн хүчээр ялалт байгуулж чадахыг хүсэн гуйж байна. Амь болсон Есүс та бүхэнд хүсэл мөрөөдөл, баяр хөөр, амар амгалан дүүрэн өгөх болно. Есүстэй уулзсан хүн амьтай, бялхсан амьтай байдаг. Тэр нь Есүс өөрөө амь учраас Есүст итгэсэн хүний дотроос булгилан цохилж байдагтай холбоотой. Ариунаас ариун Бурхан оршин байгаа газрын хөшиг Есүсийн цусаар урагдаж энэ Есүст итгэсэн хэн ч Бурханы өмнө очих амийн зам нээгдсэн. Бидэнд юу юунаас илүү мөнхийн амийг өгсөн Есүст алдар ба магтаал нь дүүрэн байх болтугай. Амен.
Бид нар зам, үнэн, амь болсон Есүсийг сурлаа. Энэ Есүст бат итгэн амьдралаа даатгаж Түүний араас дагах хэрэгтэй. Ирээдүйдээ бэлдэн мөнгө цуглуулж, түүнд итгэн найдаж дагаж байвал гэнэт нэг өдөр алга болох эрсдэлтэй. Дэлхийн хүмүүсийн хэлдэг янз бүрийн үзэл бодлыг зам, үнэн, амь болгож байгаад буруу зам руу орж сүйрэлд хүрэх аюултай. Зөвхөн зам, үнэн, амь болсон Есүст итгэн Түүнээс суралцан даган амьдрах нь хамгийн баталгаатай амьдрал юм. Энэ зам л хамгийн ухаалаг, олон үр жимстэй ялалт ба мөнхийн амь руу хүргэх дөт зам бөгөөд хувирч өөрчлөгдөхгүй үнэний зам юм.
Есүсийг дагах зам заримдаа өөрийгөө үгүйсгэн загалмайг үүрэх зам учраас хэцүү санагддаг. Итгэгчид энэ дэлхийд амьдрахад ирээдүй байхгүй, амьдралын баталгаа харагдахгүй, харанхуй зам дээр явж байгаа юм шиг санагдана. Тийм боловч энэ зам л үнэний зам, амийн хүчтэй зам юм. Түүхийг харвал Есүсийн замыг дагасан хувь хүн ба улс орон Бурханы ерөөлийг дүүрэн авч хөгжиж байсныг бид харж болно. Яагаад гэвэл тэнд үнэн байсан, амь байсан, хайр байсан, шударга ёс байсан учирт юм. Бид нар өдөр бүр зам, үнэн, амь болсон Есүстэй хамт амьдарч энэ цаг үеийн сүнсний удирдагч дайчид болж Монгол болоод дэлхийд таныг тунхагладаг Бурхан дотор даруу, итгэлтэй хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна.
16-31-р зүйлийг үзвэл Есүс бидэнд Ариун Сүнсийг илгээх учраас айх хэрэггүй гэдгийг заан хэлж байна. 16-р зүйлийг үзээрэй. “Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна”. Есүс загалмайд нас бараад тэнгэр өөд яваад дуусахгүй бөгөөд Туслагч Ариун Сүнсийг илгээнэ гэж библи дээр тунхаглан хэлсэн. Тэр ч амлалтаараа бидэнд ариун сүнсийг илгээсэн бөгөөд бид нар ариун сүнсэнд түшиглэн, ариун сүнсээр удирдуулан амьдарч байна. Ариун Сүнс бидний нүдэнд харагдахгүй боловч Бурхан ба Есүстэй адил хүч чадалтайгаар бидний дотор оршин бидэнтэй үргэлж хаана ч хамт байн тусалдаг. Туслагч нэгэн гэж тодорхой хэлсэн учраас бүгдээрээ өдөр бүр ариун сүнсний тусламжийг гуйж удирдуулан амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Цаашлаад 17-р ишлэлийг үзвэл Тэр бол Үнэний Сүнс бөгөөд бидэнд үргэлж үнэний үгийг зааж ухааруулж үнэний замаар хөтлөн дагуулна. Тиймээс бид цаг ямагт бидэнтэй хамт буй Ариун Сүнсийг түшиглэн амьдарснаар энэ дэлхийн янз бүрийн сорилтыг даван ялалтын амьдралаар амьдарч чадна.
Дүгнэлт :
Бид өнөөдрийн зарлигаар Бурханд даатган амьдрах болон жинхэнэ зам, үнэн, амь болсон Есүсийн талаар суралцлаа. Бүх юм хурдан өөрчлөгдөн хувирч жинхэнэ үнэн алдагдсан энэ цаг үед нүдэнд харагдаж гарт баригдах энэ дэлхийн зүйлс биш харин хожим өгөгдөх мөнхийн хаанчлалын төлөө, гэмийн өршөөлийн хайр ивээлийг өгдөг жинхэнэ хайрын төлөө үнэний замаар баруун тийш ч, зүүн тийш ч хазайлгүй амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Жинхэнэ амь руу, мөнх амь руу удирдах үнэний зам болсон Есүстэй хамт амьдарч чадахыг гуйж байна. Хамгийн бат, хамгийн нарийн, хамгийн хамгийн байх Есүс болох зам дээр хөлөө тавин амьдарцгаая хэмээн уриалж байна. Есүс бидний цорын ганц түшиг тулгуур, жинхэнэ найдвар, ирээдүйн баталгаа болж чадна. Айдас түгшүүр, санаа зовиураар дүүрэн энэ дэлхийд бид зам болсон Есүсийн замаар явснаар жинхэнэ баталгаатай ирээдүйг бэлддэг ухаалаг хүмүүс болж чадахыг хүсэн гуйж байна. Амен.

өмнөх нийтлэл2022 оны Иохан 23-р хичээл (04.10)
Дараагийн нийтлэл2022 оны Иохан 23-р номлол (04.10) Ц.Эрдэнэбулган