БУРУУТГАДАГГҮЙ ЕСҮС
Иохан 8:1-20
Гол эшлэл 8:11
“Тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ”
Өнөөдрийн номлолд Есүс хорон муу санаатай шашны удирдагч нартай тулгарч байгаа тухай гарч байна. Тэд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авч ирэн, Мосегийн хуулиар буруутган Есүсийг унагахыг хүссэн. Гэвч Есүс Бурханы өгдөг мэргэн ухаанаар урхийг даван туулж, эмэгтэйг тэдний гараас аварсан. Энэхүү үйл явдлаас бид Есүс гэмтэй биднийг буруутгахын тулд биш, харин биднийг гэм ба буруутгалаас аврахаар ирсэн гэдгийг сурч болно. Өнөөдөр хүн сул дорой байдлаасаа болж янз бүрийн гэмийг үйлдэн буруутгалыг зүрх сэтгэлдээ гүн мэдэрч тээж амьдардаг. Энэ л буруутгалын мэдрэмж биднийг хэнд ч хэрэгцээгүй, амьгүй, хүчгүй үхмэл хүн мэт амьдруулдаг. Энэ цагт Есүсийн “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж буй үгийг итгэлээр хүлээн зөвшөөрснөөр, Бурханаас ирдэг сэтгэл сүнсний чөлөөлөлтийг амсаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Завхайрсан эмэгтэй(1-8)
7-р бүлгийн 53-р эшлэлийг үзвэл “Бүгд гэр уруугаа явлаа” гэж байна. Иудейчүүд Майхан баярыг долоо хоногийн турш тэмдэглэсэн. Эдгээр өдрүүдэд иудейчүүд энгийн өдрөөс хэд дахин илүү Бурханд онцгой үнэнч, цэвэр ариун байдлыг сахидаг үе байсан. Нэгэнт майхан баяр дууссан учир, хүн бүр өөр өөрийн гэр уруугаа явсан. Гэвч Есүс хаашаа явсан бэ? 8:1-р эшлэлийг үзвэл “Харин Есүс Чидун уул өөд явав” гэж байна.
Чидун уул бол Есүсийн хувьд залбирлын газар байв. Есүс үл итгэлээр дүүрэн Иерусалимын хүмүүст Бурханы үгийг дамжуулсныхаа дараа маш их ядарсан байж магадгүй. Тиймээс Есүст амралт хэрэгтэй байв. Есүс Бурханд залбирснаар бие мах бодь болоод сэтгэл сүнсээр амрахаар Чидун уул өөд явсан. Есүс Бурханд хандан хичээнгүй залбирлаар дамжуулан улам сүнсний хүчтэй болсон. Есүс залбирлаар дамжуулан Бурханд үйлчлэх шинэ чиглэл ба алсын харааг авсан. Есүс залбирлаар дамжуулан Бурханы алдрын төлөөх шинэ хүсэл тэмүүлэлээр дахин өөрийгөө цэнэглэсэн. Заримдаа бидний хувьд Бурханы алдрын төлөө амьдрах үед бидний сүнс, бие мах бодитоор ядрах үе байдаг. Энэ л үе бол бид Бурханы дотор өөрийн хүчийг дахин цэнэглэж залбиралд өөрийгөө зориулах цаг болсны дохио билээ.
Одоо цаг үед нэг оюутныг фишиндэж, 1:1-ны библийн хичээл хийн, Христийн дагалдагч болгох нь амар биш. Энэ л алсын хараа заримдаа биднийг ядраан цөхрөлд оруулах үе байдаг. Гэвч бид Есүс шиг Бурханы өмнө очин хичээнгүй залбиралд өөрийгөө зориулах үед, Бурханы дотор шинэ хүчийг, шинэ хүсэл найдвараар дүүрэн цэнэглэгдэх болно.
2-р эшлэлийг үзээрэй “Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр суугаад, тэдэнд зааж эхлэв” гэж байна. Есүсийн залбирал Түүнийг маш их хичээнгүй, зоригтой болгосон. Есүс өглөө эрт сүмд дахин ирсэн нь Тэрээр шинэ өдрийг Бурханд үйлчлэхээр, Бурханы алдрын төлөө эхлүүлэхэд бэлэн байсныг харуулж байна.
3-6а-р эшлэлийг үзээрэй “Завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг Хуулийн багш нар ба фарисайчууд авчраад, голдоо зогсоолоо. 4 Тэд Есүст—Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. 5 “Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн” гэж Мосегийн хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв. 6 Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ” Есүс Бурханы үгийг хичээнгүй зааж байхад хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг чирч ирээд, голдоо зогсоон буруутгасан. Тэд ийнхүү асуусан нь Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд байсан.
7-р бүлгийн сүүлийн хэсгийг харвал шашны удирдагчид өмнөх өдөр Есүсийг барихыг хүссэн боловч чадаагүй. Гэсэн ч тэд бууж өгөөгүй. Есүс шөнөжин залбирч байхад тэд Есүсийг буруутгах шалтаг олохын тулд гэм үйлдэж байгаа хүнийг эрэн хайсан байх. Тэгээд завхайрч байгаа 2 хүнийг олж эрэгтэйг явуулж хүчгүй хөөрхий эмэгтэйг баривчилж авчирсан.
Энэ л эмэгтэйн хэрэг шашны удирлагчдын хувьд Есүсийг унагах төгс боломж байсан. Мосегийн хуулиар бол ийм эмэгтэй нь шууд чулуугаар шидүүлж үхэх ялтай(Дх 22:22). Шашны удирдагчид ийм эмэгтэйг голдоо зогсоон “Та юу гэж хэлэх вэ?” “Та юу гэж хэлэх вэ?” хэмээн зогсоо зайгүй асууцгаасан.
Хэрэв Есүс чулууд гэж хариулбал тухайн үед цаазын ял оноох эрхгүй иудейчүүдийн хувьд Ромын хуулийг зөрчсөн хэргээр буруутгах байсан. Мөн өнгөрсөн хугацаанд хайрыг чухалчлан зааж байсан Есүсийн номлол нь хуурамч болох байв. Харин чулуудаж болохгүй гэвэл Мосегийн хуулийг зөрчсөн хэргээр иудейн шашны буруутгал авах байсан.
Магадгүй шашны удирдагчид Есүсийг унагаалаа даа хэмээн бодсон байх. Уг нь шашны удирдагчид ард түмний сайн хоньчин байх ёстой хүмүүс байв. Гэвч тэд энэ л үйлдлээрээ өөрдсийн бузар муу гэдгээ илчилсэн. Тэд хуулийг маш сайн мэддэг, хуулиар мэргэшсэн хүмүүс байсан боловч хуулийн мэдлэгээ зөв хандлагаар хэрэгжүүлээгүй. Тэд өөрсдийн гэмээ гэмшиж, Бурханы хайр дотор өсөн, бусдад үйлчилдэг сүнсний удирдагчдаар амьдрах ёстой байв. Гэвч тэд Бурханаас эмээдэггүй, хоньчны сэтгэлгүй хүмүүс гэдгээ тод харуулсан.
Одоо бүгдээрээ завхайрч байгаад баригдсан эмэгтэйн тухай бодож үзье. Завхайралын гэм нь Бурханы эсрэг маш том нүгэл билээ. Энгийнээр хэлэхэд завхайрал гэдэг гэр бүлээс гадуурх харилцаа, садар самуун явдал, ижил хүйстний харилцаа, порнограф үзэх гэх мэт зүйлс орно. Есүс уулан дээрх сургаалдаа хүн бие мах бодиор үйлдэхгүй ч оюун бодолдоо эмэгтэй хүнийг тачаадан харах нь завхайрсан гэм болно гэж хэлсэн (Матай 5:28). Тэгэхээр ямар ч хүн оюун санаагаараа ургуулан зөгнөж төсөөлөн бодох нь хүртэл завхайрлын гэм нүгэл юм.
Тухайн үеийн иудей нийгэмд завхайрлын гэмийг маш хатуу шийтгэдэг хуультай байсан. Завхайрлын гэм үйлдсэн бол хоёуланг нь чулуудаж алах заалттай байв(Дх 22:22). Магадгүй энэ эмэгтэй завхайрлын гэм хичнээн хүнд вэ? гэдгийг мэддэг байсан байх. Гэвч яагаад энэ гэмийг үйлдсэн бол оо? Бид шалтгааныг тодорхой мэдэх боломжгүй. Гэвч олон хүмүүс гэм үйлдэх үедээ гурван зүйлийг боддог гэнэ. 1-рт “Зөвхөн ганцхан удаа” юм чинь, 2-рт “бусад хүмүүс ялгаагүй үйлддэг юм чинь”, 3-рт “бусдад мэдэгдэхгүйгээр нууж чадна” гэж боддог. Гэвч эдгээр бодлууд нь бүгд сатаны маш том тактик ба урхи байдаг. Сатан энэ тэр гэсэн шалтаг шалтгааныг бодогдуулан биднийг гэм рүү уруу татдаг. Ямар ч хүн сатаны энэ л бодол, шивнээг өөрийн хүч ба ухаанаар дийлж чадахгүй. Ихэнх хүн ганц нэг удаа үйлдсэнийхээ дараа болино гэж боддог. Гэвч сатан энэ л завшааныг ашиглан хүмүүсийг насан туршдаа арилгаж болохооргүй алдаа хийлгэж, түүгээрээ гэмийн хүлээсэнд оруулдаг. Махан биеийн хүсэл тачаалын боолчлолд орвол хүн болохгүй гэдгийг мэддэг хэрнээ өөрийгөө захирч чадалгүй гэмийн хүсэлд хөтлөгдөн давтан гэмд унадаг. Махан биеийн хүсэл тачаалын асуудал нь сатаны хүчтэй маш том зэвсэг юм. Бид энэ л сатаны хүчийг өөрийн хичээл ба шийдвэрээр хэзээ ч шийдэж чадахгүй бөгөөд гинж мэт биднийг улам л хүлдэг. Ялангуяа залуучуудад хүсэл тачаалын уруу татлага дэндүү нялуун сэтгэл булаам зүйл учраас хамгийн амархан унагаах гэмийн урхи болдог. Тиймээс залуучууд бид энэ тал дээр онцгойлон сонор сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Тэгвэл Есүс тэдэнд юу гэж хариулсан бэ? 6б-г үзээрэй “Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив” гэж байна. Бид Есүсийг газар юу гэж бичсэнийг мэдэхгүй. Гэв Кинг Жемс библийн хувилбарын орчуулгыг харвал “Гэтэл Есүс бөхийж, тэднийг сонсоогүй мэт, хуруугаараа газарт бичив” хэмээн хэлсэн. Эндээс харвал Есүс тэдэнд ямар нэгэн хариулт хэлэхээс илүүгээр Тэдний ширүүн буруутгалын дайралтыг зогсоож, өөрсдийгөө юу ярьж байгааг бодоход хүргэсэн зүйл хийсэн гэдгийг мэдэж болно. Есүсийн хачин үйлдэл нь тэдний зүрх сэтгэлийг өөрийнх нь үгийг анхааралтай сонсож, өөрсдийхөө юу ярьж байгааг бодоход хүргэсэн.
Нэгэн удаа ЮБФ чуулганыг үүсгэн байгуулагч Доктор Самуел Ли хн дээр нэг хоньчин хамтран зүтгэгч хоньчиндоо нилээн уурлаж ихэд дургүйцсэн хандлагатай орж ирсэн гэнэ. Тэгээд тэрээр нөгөө хамтран зүтгэгч хоньчинд яаралтай сахилгын арга хэмжээ авахыг хүссэн байна. Энэ үед Др Самуел Ли хн юу ч хэлээгүй бөгөөд харин өрөөнийх нь хивсэн дээр нэгэн нүх байгааг анзааран харж сөхөрч суугаад нямбай гэгч нь янзалсан байна. Үүнийг хийхэд 30 гаруй минутыг зарцуулсан гэнэ. Харин энэ үед нөгөө хоньчин нилээн тайвширч, хамтран зүтгэгч хоньчныгоо хэрхэн хайрлах зөвлөгөө аваад гарсан гэнэ. Одоо үед ихэнх хүн сэтгэл хөдлөлийн мэдрэмжиндээ үндэслэн аливаад ханддаг болсон. Энэ төрлийн хүмүүс нь сатаны амархан олз болдог. Гэвч бид өнөөдрийн зарлиг дээр гарч буй Есүсийн үйлдлийг үргэлж санах хэрэгтэй. Бид уурлаж, аливаад сэтгэл хөдлөл ба мэдрэмжээрээ хандахаас илүүгээр Есүс шиг суугаад зураг зурах хэрэгтэй. Тэгвэл бид аливаад хамгийн зөв, ухаалаг шийдвэр гарган амьдарч чадна.
7-8-р эшлэлийг үзээрэй. Есүс юу гэж хэлсэн бэ? “Харин тэд зогсоо зайгүй ауусанд Есүс цэх зогсоод, тэдэнд-Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд, Тэр дахин бөхийж, газарт бичив” Энэ нь Мосегийн хуулиар бол энэ эмэгтэй рүү чулуу шидэн алах ёстой боловч харин гэмгүй хүн л чулуу шидэж болно гэсэн утгатай. Бусдыг шүүмжилж буруутгадаг хүмүүс эхлээд өөрсдийгөө харахыг Есүс уриалсан. Өөрийгөө ямар их гэмтэй вэ? гэдгийг мэддэг хүмүүс бусдад энэрэл ба нигүүлсэнгүй сэтгэлээр ханддаг билээ.
Бид эндээс хэн ч энэ эмэгтэйг буруутгах эрхгүй гэдгийг мэдэж болно. Учир нь гэвэл энэ ертөнцөд зөвт хүн ганц ч байхгүй юм. Бүх хүн Бурханы өмнө гэмтэй учраас бусдыг шүүн буруутгах эрх байхгүй. Гэхдээ Есүсийн ийнхүү хэлсэн нь биднийг бузар муу, завхайрлын гэмийг чимээгүй өнгөрөө гэсэн үг биш. Харин эмэгтэйг шүүх эрх нь зөвхөн Бурханд л байна гэж хэлсэн. Есүс хүмүүст эмэгтэй рүү чулуу шидэхийн өмнө өөсрдийгөө нэг Бурханы өмнө эргэцүүлэн бодож харахад тусалсан. Тэд Есүсийн үгийг сонсоод эмэгтэйг буруутгах боломжгүйгээ олж харсан. Тиймээс бид бусдыг шүүж буруутгахаасаа өмнө эхлээд өөрийгөө Бурханы өмнө шалгах хэрэгтэй байсан юм.
2. Би ч чамайг шийтгэхгүй (10-11)
10,11-р эшлэлийг үзээрэй хамтдаа уншицгаая “Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд-Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу гэсэнд тэр-Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс- Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ”. Эмэгтэйг буруутган, шийтгэх гэж байсан хүмүүс бүгд нэг нэгээрээ гарч явсаар зөвхөн эмэгтэй л ганцаараа үлдсэн. Гэхдээ тэнд ямар ч нүгэлгүй Нэгэн байсан. Мөн тэнд эмэгтэй уруу чулуу шидэх эрхтэй Нэгэн байсан. Тэр бол Есүс Христ. Эцэстээ эмэгтэй Есүсийн өмнө ганцаараа зогссон. Харин Есүс эмэгтэйд юу гэж хэлсэн бэ? “Би ч чамайг шийтгэхгүй” гэж хэлсэн. Есүс тэр эмэгтэйг буруутгаагүй. Эмэгтэйг шүүх, буруутгах эрхтэй цор ганц Бурханы Хүү Есүс “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн тунхагласан. Энэ эмэгтэйд хандаж буй Есүсийн хандлага бол Есүс энэ дэлхийд ирсэн нь гэмтнүүдийг буруутган шүүхийн тулд биш харин аврахаар ирсэн гэдгийг харуулж байна. Иохан 3:17-д “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” хэмээн хэлсэн. Бурхан биднийг шийтгэхээс илүү аврахыг хүсдэг. Энэ л аврал зүгээр нэг олдоогүй бөгөөд маш өндөр төлөөсөөр бий болсон. Есүс гэмээс болж бидний үүрэх ёстой байсан шийтгэлийг загалмай дээр үүрсэн. Тиймээс Есүс “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж чадсан юм. Бид Есүс дээр ирэх үед, Есүс биднийг бүхий л буруутгал, шийтгэл, гэмээс авран чөлөөлөх чадалтай. Энэ цагт бидний гэмийн төлөөх шийтгэлийг Өөртөө үүрсэн Есүсийг магтацгаая.
Энэ цагт бүгдээрээ буруутгалын тухай бодож үзье. Буруутгал нь хүмүүст маш том нөлөө үзүүлдэг бөгөөд хүнийг үхмэл хүн мэт цөхрөлд оруулж, огт хэрэгцээгүй нэгэн болгодог. Жишээ нь: Үргэлж онц дүн авдаг оюутан гэнэт хэд хэдэн удаа В дүн авбал яах вэ? Тэрээр маш их буруутгалыг мэдрэн, сургуулиа орхиход хүрдэг. Залуухан итгэгчийн хувьд гаргасан шийдвэр нь хэд хэдэн удаа бүтэлгүйтэх үед итгэлийн амьдралаас татгалзах хүртэл буруутгалыг амсдаг. Хүүхэд нь буруу замаар явсан эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн төлөө өнгөрсөнд гаргасан алдаагаа санаж өөрсдийгөө буруутгадаг. Ийм эцэг эхчүүдийн хувьд өөрсдийгөө буруутгасаар байгаад үр хүүхэддээ сайнаар тусалж ч чадахгүй болдог. Хоньчдын хувьд оюутан хоньдод үйлчлэхээр шийдвэр гаргадаг. Гэвч өөрийн алдаанаасаа болж хониныхоо сэтгэлийг шархлуулбал буруутгалыг маш их аван хоньдыг тэжээх хүсэлгүй болдог. Энэ мэт буруутгал нь Бурханы хүмүүсийг ямар ч ашиггүй, хэрэгцээгүй болгох сатаны чөтгөрийн багаж билээ. Гэвч Есүс биднийг энэ мэт бүхий л буруутгал ба гэмээс аврахаар ирсэн гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
Энэ цагт бид Есүсийн “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж буй үгийг итгэлээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл бид янз бүрийн буруутгалаас чөлөөлөгдөж, Бурханы нигүүслээр Есүсийн төлөө зоригтой үйлчлэн амьдарч чадна. Бид элч Паулыг сайн мэднэ. Тэрээр Нэгэн цагт хамгийн хүнд ноцтой гэм үйлддэг нэгэн байсан. Тэрээр итгэгчдийг хавчиж элч Стефаныг чулуугаар шидэх зөвшөөрлийг өгч байсан. Тэр атаархал, үзэн ядалт, алуурчны сүнсний боол байсан. Гэвч Тэрээр Есүстэй уулзсан. Есүс түүнийг уучилж, харь үндэстнүүдийн элчээр сонгосон. Паул Есүсийн энэ нигүүслийг итгэлээр хүлээн авсан. Тиймээс тэрээр өмнөх амьдралын бүх буруутгалыг Есүсийн нигүүсэлд итгэх итгэлээр ялан дийлж, бүх зүх, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа Бурханд үйлчилж чадсан учраас сайн мэдээний түүхэнд нандинаар хэрэглэгдсэн.
Эцэст нь Паул Ром 8:1-д ийнхүү хэлсэн “Иймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй” гэж хэлсэн. Хажууд сууж байгаа хүндээ хэлье. Диовал буюу муу ёрын сүнс өдөр бүр бидний чихэнд буруутгалын үгийг минут, секунд тутам шивнэсээр байдаг. Хэрэв бид энэ л сатаны буруутгалын үгэнд автвал буруутгалын хүлээсэнд гинжлэгдэн гэр бүлдээ, үр хүүхэд, чуулган, хоньдод үйлчилж чадахгүй болно. Харин сатан бидний чихэнд шивнэх үед даруй, хурдан Есүс уруу очин “Би ч чамайг шийтгэхгүй” гэж хэлж буй үгийг сонсох хэрэгтэй. Магадгүй өөрөө дахин дахин давтан хэлэх хэрэгтэй. “Есүс намайг шийтгэхгүй” “Есүс намайг шийтгэхгүй” гэж хэлэх хэрэгтэй. Энэ цагт “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж буй Есүсийн үгийг итгэлээр хүлээн авч Бурханы дуудлага ба алсын хараанд эрч хүчтэй, урам зоригтойгоор үйлчилж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 11-р эшлэлийг дахин үзээрэй. Есүс эмэгтэйд “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ” Есүс эмэгтэйд шинэ амьдралын чигийг өгч байна. Энэ үг нь гэмийн өршөөл авсны дараа хэрхэн амьдрахыг заан өгч байна. Урд нь гэмийн боол болж амьдардаг байсан бол харин одоо гэмийн эсрэг тэмцэлдэн ариун амьдралаар амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Одоо тэрээр өршөөл ба авралын хайр ивээл авсан бол Бурханы үгийг хайрлан ертөнцийн базар муу зүйлээс холдон ариунаар амьдрах хэрэгтэй. Энэ бол авралын ивээлийг зөвөөр эдлэх нууц арга юм. Хэрэв бид ивээл авсны дараа хуучин амьдрал уруу буцаж гэмийг давтан амьдарвал нохой бөөлжсөө идсэнтэй адил илүү ичгүүртэй байдалд орох болно. Тиймээс бид ивээл авсны дараа гэмийн боолчлолд дахин орохгүйн тулд гэмтэй тэмцэлдэн идэвхитэй бие эрхтнүүдээ зөвийн зэвсэг болгон Бурханд өргөдөг амьдралаар амьдрах хэрэгтэй(Ром 6:12,13).
3. Ертөнцийн гэрэл Есүс (12-20)
12-р эшлэлийг үзээрэй “Тэгээд Есүс тэдэнд дахин-Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.” Майхан баяраар иудейчүүд дэнлүү асаан Иерусалимын сүмийн өнцөг булан бүрт гэрэл тавин гэрэлтүүлдэг заншилтай байсан. Есүс иудейчүүдийн энэ л заншлыг ашиглан Өөрийгөө гэмийн харанхуйгаар дүүрэн энэ дэлхийг гэрэлтүүлдэг авралын гэрэл буюу Мессиа гэдгийг гэрчилсэн. Энэ л Есүсийг дагадаг хүн нь харанхуй дотор явахгүй ба амийн гэрэлтэй болно гэж Есүс амлаж байна.
Энд хэлж буй “харанхуй дотор явна” гэдэг нь сүнсний мэдлэггүй байдал ба гэмийг үйлдэн амьдрахыг хэлж байна. Нөгөө эмэгтэй завхайрлын гэмийн харанхуйд явж байсан. Фарисайчууд бардам зан атаархал ба нэр төрийн шуналаар дүүрэн гэмийн харанхуй дотор явж байсан. Бид ч заримдаа бусдыг үзэн ядах, шүүх, буруутгах, атаархах гэх мэт янз бүрийн гэмийн хүсэл шуналд хүлэгдэн харанхуйд явах үе байдаг. Харин энэ мэт харанхуйгаас чөлөөлөгдөх гэвэл ертөнцийн гэрэл болсон Есүсийг идэвхитэй даган амьдрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Есүсийн шавийн амьдралаар амьдарна гэсэн үг.
Зарим хүн Есүст итгээд хувийн итгэлээ сахиж амьдарвал болно гэж боддог. Гэвч ийм хүний итгэл нь зогсонго, хүчгүй, үр жимсгүй байдаг. Харин Есүсийг аврагчаар хүлээн авсан нэгэн нь заавал шавийн амьдралаар амьдрах ёстой. Хэдий ажил ихтэй, цаг завгүй, боломжгүй байсан ч зориуд өөртөө Бурханд үйлчлэх цаг боломжийг гарган, нэг сүнсний авралын төлөө бодит үүрэг ба загалмайг үүрдэг. Ийм нэгэн нь Есүсийн амийн гэрэл дотор өөрийн эхгүй амьдардаг. Тэрээр амийн талх, амийн ус болсон Есүсийг өөрийн эрхгүй идэж уудаг учраас тэдний сэтгэл сүнснээс бүхийл харанхуйн зүйлс зайлж, амийн хүчээр дүүрэн, баяр хөөр амар тайван, сэтгэл ханглуун айдас, санаа зовиургүй амьдарч чаддаг.
Тиймээс Есүсийг идэвхитэй дагадаг хүн нь Есүсээс амийн гэрлийг авч, харанхуй ертөнцийг гэрэлтүүлдэг гэрлийн хөвгүүдээр амьдарч чаддаг. Бид ч гэсэн өдөр бүр Есүсийг идэвхитэй дагаснаар амийн гэрлээр дүүрэн амьдарч, энэ цаг үеийн сүнсээр үхэж буй оюутан залууст амийн гэрлийг дамжуулдаг ерөөлтэй хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн ерөөж байна.
Дүгнэлт: Есүс биднийг буруутгахын тулд бус харин гэм ба буруутгалаас аврахын тулд ирсэн. Энэ цагт Есүс бидний хүн нэг бүрд “Би ч чамайг шийтгэхгүй” хэмээн хэлж байна. Энэ л үгийг итгэлээр хүлээн авцгаая хэмээн уриалж байна. Өдөр бүр Есүсийн энэ л дуу хоолойг сонсож сатан чөтгөрийн буруутгалын шивнээг ялж амьдарцгаая. Тэгснээр Бурханы бидэнд өгсөн гэр бүл, үр хүүхэд дуудлага ба алсын харааг зоригтой биелүүлснээр харанхуй дотор явж буй олон хүмүүст амийн гэрлийг гэрэлтүүлдэг хүмүүсээр амьдарцгаая хэмээн уриалж байна. АМЕН