2022 оны Цагаан сарын Еврей тусгай номлол (02.06) Ц. Эрдэнэбулган

Есүс өөд харцгаая

Еврей 12:1-3
Гол ишлэл:12:2

“Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. ”

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Буянт буурлууд, ахмад настнууд маань энх тунх, амар түвшин, идэр залуус нь ухаан хурц, ажил үйлс арвин, хүүхэд багачууд минь эрүүл саруул, эрдэм билигтэй байж сайхан шинэлсэн үү? Монголын Цагаан сар бол монголын ард түмний шинэ жилийн баяр, хүн бүр нас нэмсний баяр, хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж урган төлжихийн эх, урин хавартай золгож буйн бидний баяр билээ. Энэ л өдрүүдэд бид энэ жилдээ хийж бүтээх зүйлээ төлөвлөн, ирэх саад бэрхшээлийг тооцон суугаа байхаа. Улиран одож буй үхэр жил цар тахлаас эхлээд хүн бүрийн хувьд алдаа оноотой, авах гээх зүйлтэй, гэмших талархах сэдэвтэй, уйлж инээх өдрүүд олонтоо өнгөрчээ. Ийм цагт энэ л өдөр бидэнд өнөөдрийн номлолоор дамжуулан гарч буй бар жилдээ “Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая.” хэмээн сануулж бас урамшуулж байна.
Энэ жил та юу ч төлөвлөсөн бай, юуг ч зорилгоо болгосон бай тэр бүгдээс илүү Есүс руу хараагаа чиглүүлж, зорилгоо түүн рүү болгох нь чухал болохыг уриалмаар байна. Учир нь хүн юунд хараагаа чиглүүлэн амьдарч байгаа нь маш чухал юм. Яагаад гэвэл бид хараа, зорилгоо болгож буй зүйлээ даган амьдардаг учраас тэр юм. Хүн үргэлж хүсэл найдвар болгосон зүйлээ дуурайж түүнээсээ зуурдаг.
Та бүхэн юун дээр хараагаа чиглүүлэн амьдарч байна вэ? Бид үр хүүхдүүдийнхээ ирээдүй, аз жаргалтай гэр бүл, сайн ажил, мөнгө, амжилт, дэлхийн зүйлс гэх мэт … Бид эдгээр зүйлд найдан хараагаа чиглүүлэн амьдрах нь амархан. Би ч тэгсэн. Мэдээж эдгээр зүйлс нь хэрэгтэй. Тэгвэл найдвараа болгох зүйл ихтэй энэ дэлхийд бид жинхэнэ найдах ёстой зүйл нь юу вэ?
Өнөөдрийн зарлигийн чухал зүйлийн эхний хэсгийг уншья. “Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая.”

Элч Паул бидний амьдралыг олон удаа уралдаантай зүйрлэсэн байдаг.(1Кор9:24,1Тим 4:7) Яагаад заавал Бидний амьдрал холын зайн марафон гүйлттэй адил юм. Марафон гүйлтийн зорилго юу вэ? Ялалт байгуулж алдрын титмийг өмсөх юм. Өөрөөр хэлбэр А цэгээс гараад Б цэгт очих. Түүнчлэн итгэгч бидний итгэлийн уралдааны зорилго бол “зөвийн титэм, алдрын титэм”-ийг өмсөхийн тулд байдаг. Өнөөдрийн номлолоос бүгдээрээ хэд хэдэн чухал түлхүүр үгнүүдээс суралцацгаая.

Нэгдэх түлхүүр үг бол “гэрч” юм.
Элч Паул хэлэхдээ биднийг үүл мэт үлэмж их гэрч нартай хамт, тэднээр хүрээлэгдсэн байгаа тухай дурдсан. Заримдаа бид гүйж байхдаа ганцаарддаг. Гэхдээ үнэндээ бид ганцаараа биш. Бид уралдаанаа дуусгасан олон тооны итгэлийн баатруудаар хүрээлэгдсэн байдаг. Эдгээр “гэрчүүд” бол зүгээр нэг үзэгчид биш харин уралдааныг эцсээ хүртэл явуулахын тулд амиа өгсөн оролцогчид юм. Есүст итгэх итгэлийн уралдаан нь жинхэнэ ялалтын зам гэдгийг тэд гэрчилдэг. Тэд биднийг зөв замаар явж байна гэсэн баталгааг өгч, үргэлжлүүлэн гүйхэд урамшуулдаг. Тэд бидэнтэй библийн хуудаснууд болон түүхийн туршид ярьдаг. Бид ийм гэрчүүдийн асар их үүлээр урмаар хүрээлэгдсэн гэдгээ ухаарвал бууж өгөх уруу таталтыг даван туулж үргэлжлүүлэн гүйж чадна.
Хоёр дахь түлхүүр үг бол “саад тотгор”.
Гүйгчид уралдаанд бэлтгэхдээ аль болох хөнгөн байхыг хичээдэг. Тэд аэродинамик загвартай хувцас хэрэглэсэн ч гэсэн хамгийн бага хөнгөхөн байх хувцас өмсдөг. Хамгийн гол нь тэд биеийнхээ жинг хатуу сахилга баттайгаар хянах ёстой. Тэднийг удаашруулах аливаа саад тотгорыг арилгахыг хичээдэг. Тэгвэл итгэлийн уралдаанд оролцоход юу саад болж байна вэ? Өөр нэг саад тотгор нь биднийг завгүй байдалд оруулдаг анхаарал сарниулах зүйл байж болно. Пастор Рик Уоррен “Зорилгоор удирдуулсан амьдрал” номондоо “Ихэнх эрчүүд ямар ч зорилгогүй анхаарал сарниулах амьдралаар амьдардаг.” гэж бичсэн байна. Үнэндээ бидэнд ажил, сургууль, гэр бүлийн амьдралд өдөр бүр хийх олон зүйл бий. Жаахан зав гарвал Сошиал орчинд дураараа цэнгэн наадаж стрэссээ тайлдаг. Гэвч дараа нь бид библи уншиж залбирч чадахгүй байгаагаа гайхан дуу алддаг. Бид ядарч туйлдан, итгэлийн уралдаанд орсноо мартдаг. Ийм мөчид бид Бурханы үгийг сонсож залбирах хэрэгтэй билээ.
Дараагийн хамгийн ноцтой саад бол маш амархан урхиддаг гэм нүгэл юм. Энэ нь бардамнал, шунал, атаа жөтөө, завхайрал, хувиа хичээсэн хүсэл эрмэлзэл, өөрийгөө алдаршуулах хүсэл, бусдыг үзэн ядах зүрх сэтгэл, эрх мэдэл гээд тоочоод барамгүй. Хамгийн ноцтой нь урвалт руу хөтөлдөг итгэлгүй байдлын нүгэл юм (3:12-13). Дэлхийн санаа зовиур, эдгээр саад хүнд ачаагаа Бурханд даатгахгүй бол би ганцаараа бүгдийг үүрч итгэлийн уралдаанд орно гэвэл хичнээн хэцүү байх билээ? Саад бэрхшээл, гэм нүглийн талаар бид юу хийж чадах вэ? Элч Паул бидэнд хэлэхдээ тэднийг “хажуу тийш нь тавьж” гэж уриалж байна. “Хажуу тийш нь тавина” гэдэг үг нь “хаях”, “зогсоох”, “болих” гэсэн утгатай юм. Хэрэв бид эдгээр зүйлсийг үргэлжлүүлэн хийсээр байвал ноцтой үр дагавартай тулгарах болно. Тиймээс бид амьдралдаа эдгээр гэм нүгэл болох санаа зовуур, бардамнал, үзэн ядалт, үл итгэлээ зогсоож амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хэдийгээр бид шаргуу хичээх ёстой ч үүнийг зөвхөн өөрсдийн хүчин чармайлтаар хийх боломжгүй. Бидэнд Есүс хэрэгтэй. Бид Есүс дээр ирэхэд тэр бидэнд туслах нь гарцаагүй. Есүс биднийг хүнд ачаа ихтэйг мэддэг болохоор Матай 11:28 “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” гэжээ. Дуулал 68:19 “ Өдөр бүр ачааг минь үүрдэг Эзэн, бидний аврал болох Бурхан магтагдах болтугай” гэсэн байна. Бурханд итгэнэ гэдэг нь өөрийн бүх санаа зовиур, өөрийн бүх амьдралын асуудал, хүнд ачааг өдөр бүр бидний оронд үүрсэн Бурхан Эзэнд даатган, найдах явдал юм.

Гурав дахь түлхүүр үг бол “тэвчээр”.
Итгэлийн уралдаан бол 100 метрийн уралдаан биш. Энэ нь марафонтой илүү төстэй юм. Энэ бол сайн барианд орохын тулд тэвчээр шаарддаг насан туршийн уралдаан юм. Сайн эхлэх нь чухал байдаг шиг сайн дуусгах нь бас чухал. Итгэлийн уралдааныг эцсээ хүртэл явуулах нь амаргүй. Даван туулах боломжгүй мэт санагдах сорилтууд байдаг бөгөөд бид бууж өгмөөр санагддаг. Ийм л учраас тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвчээртэй байх нь идэвхигүй байхыг хэлэхгүй бөгөөд урсгалын эсрэг сэлж буй загас шиг хүч гарган явахтай адил юм. Энэ хүч, тэвчээр, сэтгэлийн хат нэг өдрийн дотор бий болчихгүй. Харин өглөөний гуйлт, залбирал, библи унших, хоньчидтой нөхөрлөх, тэднээс суралцах, оюутан залууст сайн мэдээ ярих, 1:1 библийн хичээл хийх зэрэг сүнслэг сахилга батыг дадлагажуулах замаар хөгжүүлж болно. Жишээлбэл зөнч Даниел залуу насандаа хэцүү нөхцөл байдалтай тулгарсан. Түүнийг өөр хэлтэй, шашингүй соёлтой харь улсад дайны олз болгон авч явсан. Анхнаасаа тэрээр итгэлээ орхихгүйн тулд итгэлээр залбирч Бурханыг болон түүний хүслийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсч, Библийг тогтмол судалдаг байв. Өдөрт гурван удаа, үхэлтэй нүүр учирч байсан ч гэртээ ганцаараа өвдөг сөгдөн залбирдаг байв. Даниел амьдралынхаа туршид боломжгүй хэцүү сорилтуудтай тулгарсан ч сүнслэг сахилга батаар дамжуулан Бурханы нигүүслийг атгаснаар тэрээр итгэлийн уралдааныг эцсээ хүртэл тэвчээртэйгээр даван туулсан. Түүний итгэлийн амьдрал одоог хүртэл тэнгэрийн од шиг гэрэлтсээр байна. Иймд бид сүнслэг цагуудаар дамжуулан тэвчээрт хамтдаа суралцацгаая. Бид ямар ч бэрхшээлийн дунд тэвчээртэй байж бууж өгөхгүй эцэс хүртэл итгэлийн уралдаанд гүйж бидний шагнал болох “үнэний титэм, алдрын титэм”-ийг өмсч чадахыг хичээнгүйлэн гуйж байна.
Анхаарах ёстой эцсийн түлхүүр үг бол “зорилго” буюу Есүс өөд харцгаая.
Эшлэлийг харвал өмнөө тавигдсан уралдаанд гэж хэлдэг. Бидний уралдаан биднийг төрөхөд эхэлж, үхэхэд төгсдөг. Өөрөөр хэлбэл бид энэ уралдааныг сонгоогүй, Бурхан бидний замыг зааж өгсөн гэдгийг харж болно. Бидний ажил бол гүйх. Харин бид гүйж байхдаа зорилгоо мэдэх нь чухал юм. Тэгэхгүй бол бид дэмий гүйж магадгүй. Хэрэв бид олон амьдралтай байсан бол янз бүрийн зорилгыг туршиж үзэх боломжтой байсан нь дамжиггүй. Гэхдээ бид нэг л амьдралтай тул аль болох эрт амьдралынхаа зорилгыг тодорхой болгох нь маш чухал юм. Энэ нь амлалт шаарддаг. Тийм ч учраас олон хүмүүс амьдралын зорилгоо тодорхойлохдоо эргэлздэг. Гэсэн хэдий ч итгэлийн уралдаанаа сайн явуулахын тулд бид зорилгоо тодорхой тусгасан байх ёстой. Бидний зорилго бол үхэл биш. Бидний зорилго бол Есүс болон түүний хаант улс юм. Эшлэлийг ахин нягтлан цааш харвал
“Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. ” гэжээ. “Өөд харцгаая” гэдэг үг нь хүний анхаарлыг сарниулалгүйгээр үргэлжлүүлэн бодох гэсэн утгатай. Бодол бидний толгойд байнга орж ирдэг. Канадын Квинсийн их сургуулийн сэтгэл судлаачдын судалгаагаар хүнд өдөрт дунджаар 6000 гаруй бодол эргэлддэг гэжээ. Бид ямар бодолтой байх нь маш их өөрчлөлтийг авчирдаг. Хэрэв бид муу санаатай байвал сөрөг, харанхуй, муухай болно. Дараа нь хорон муу үйлдлүүд гарах болно. Хэрэв бид итгэлтэй зөв бодолтой байвал итгэл найдвар, баяр баясгалан, хайраар дүүрэн байх болно. Сайн үр жимс ч ургах нь дамжиггүй.
Ийм учраас бид Есүс рүү нүдээ , зорилгоо, оюун бодлоо чиглүүлэх ёстой. Энэ нь аяндаа болчихдог зүйл биш бөгөөд таниас хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Бид Есүс өөд хараагаа чиглүүлэх үед Тэр бидний зүрх сэтгэлийг захирна. Тэгснээр Бид Есүсийг дуурайж Сүнсний үр жимсийг ургуулж чадна. Есүс өөд харцгаая. Үнэндээ Есүс рүү харвал Түүнийг Бурханы сэнтийний баруун гарт заларч буй Дээд эрх мэдэлтэй Захирагч гэдгийг олж мэднэ. Тэрээр бүх муу хүчнүүд болон хорон муу хүмүүсийг шүүж мөнхийн алдар суугаар хаанчлах болно. Түүнд итгэдэг хүмүүс алдар суут ялалтаар шагнагдах болно. Энэ нь бидэнд бүх бэрхшээлийг даван туулах итгэлийг өгдөг. Энэ нь бидэнд сайн мэдээг зоригтойгоор тунхаглаж, Есүсийн шавь нарыг өсгөж, тэднийг бүх дэлхий рүү илгээх боломжийг олгодог. Тиймээс хүнд хэцүү нөхцөл байдалд автахгүй, харин 2022 онд итгэлийн уралдаанд гүйж нүдээ Есүс өөд хандуулцгаая! Амен!

Зөвхөн Есүст л хараагаа чиглүүлэн итгэлийн уралдааныг сайн дуусгасан элч Паул амьдарлынхаа төгсгөлөө ийнхүү тунхагласан байдаг. 2Тим 4:7,8 “Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан итгэлээ сахисан. Урд минь зөвт байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно” гэжээ. Бид бүгд Элч Паул шиг Есүс өөд хараагаа чиглүүлэн итгэлийн уралдаанд эцэс хүртэл оролцож чадахыг хүсэн гуйж байна.

Дүгнэлт: Хараагаа болгох зүйл ихтэй энэ дэлхийд Есүс өөд л харан амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Итгэлийн уралдаан бол хэн нэгэнтэй биш харин өөртэйгөө өрсөлдөж ялах уралдаан учир хэр сайн сахилгажуулагдан төдий чинээ та амжилт гаргаж өөрийгөө ялж барианд орох болно. Бүх хүнд ачаа, амархан урхиддаг гэмээ зоригтой хаяж, тэвчээртэйгээр итгэлийн уралдаанд гүйж чадахын төлөө гуйж байна. Тэгвэл хожим ирэх Эзэн “Сайн байна итгэмжит боол минь” гэж магтана. Эзэний өгөх “ялалтын титэм”-ийн төлөө зөвхөн итгэлээр ялалт байгуулан амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен.

өмнөх нийтлэл2022 оны Иохан 15-р хичээл (02.13)
Дараагийн нийтлэл2022 оны Иохан 15-р номлол (02.13) Э. Ганболд хн