2021 оны East UBF-I НБК-н Иохан 3-р номлол (10.17) Э. Ганболд хн

Усан үзэмийн жинхэнэ мод Есүс

Иохан 15:1-27
Гол эшлэл 15:4

“Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно”.

Есүс Маркын дээврийн өрөөнд шавь нараасаа салж явна гэдэг талаараа олон удаа хэлсэн. Үүнээс болж шавь нарын зүрх айдас санаа зовиураар дүүрэн болсон. Есүс ийм тэдэнд 14-р бүлгээр Бурханд итгэдэг шиг мөн Надад итгэгтүн гэж хэлснээр итгэлийг суулгасан. Мөн Бурханы хаанчлалын амьд горьдлого байгаа гэдгийг хэлж Үнэн амь зам болсон Өөрийг нь үргэлж дагахыг заасан. Харин шавь нар Есүс явбал үргэлж дагаж чадах болов уу гэсэн зөрчил гарсан. Есүс ийм тэдний сэтгэлийг сайн ойлгож Есүс явсны дараа хэрхэн амьдрахыг зааж өгч байна. Мөн Есүс явсны дараа ч гэсэн хайрын үр жимсээр дүүрэн амьдарснаар Бурханыг алдаршуулан амьдрахыг заан өгч байна.

1. Миний дотор байгтун (1-8).
1, 5-р зүйлийг үзээрэй. “Би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзэм тариалагч билээ”. Есүс Бурхан ба шавь нар бас Өөрийнхөө харилцааг усан үзэмтэй зүйрлэн тайлбарлаж байна. Тариалагч, усан үзэм ба мөчир нь хоорондоо салшгүй амин холбоотой байдаг. Ялангуяа усан үзэм ба мөчир нь нэгдмэл харилцаатай байдаг. Бурхан энэ дэлхийг бүтээсэн Бүтээгч учраас бүх дэлхийн Эзэн билээ. Энэ дэлхий нь Бурханы усан үзмийн цэцэрлэг бөгөөд Бурхан энэ цэцэрлэгийг торддог тариачин юм. Есүс бол Бурханы усан үзмийн цэцэрлэгт суулгагдсан усан үзмийн мод бөгөөд шавь нар нь Түүний мөчир юм. Эндээс Есүсийг жинхэнэ усан үзмийн мод гэсэн нь Есүс л Бурханы хүсдэг амийн үр жимсийг ургуулж чадах цорын ганц усан үзмийн мод учраас юм.
2-р зүйлийг үзээрэй. “Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг”. Тариалагч нь усан үзмийн модыг үзэсгэлэнгийн мод маягаар тарьдаггүй. Тариалагч нь зөвхөн усан үзмийн модноос хамгийн дээд зэргийн жимсийг олохын тулд л тарьдаг. Тиймээс гадна талаар усан үзмийн мод хичнээн олон навчтай саглагар үзэсгэлэнтэй байлаа ч тэр нь хэрэггүй юм. Тариалагч нь чанартай их жимс ургуулахын тулд газрын хөрсийг ухаж, чулууг нь зайлуулан бордож шим тэжээл өгдөг. Ялангуяа усан үзмийн модонд мөчир их ургадаг гэнэ. Тиймээс хэрэггүй мөчрүүдийг сайн тайрч авах нь чухал байдаг. Мөчир бүр үр жимс ургуулдаггүй. Мөчрүүдийн дунд жимс ургуулдаг мөн ургуулдаггүй янз бүрийн мөчрүүд байдаг. Жимс гаргаж чадахгүй мөчир нь өвчилсөн эсвэл үхсэн учраас зүгээр орхивол шим тэжээл ба усыг дэмий сорон бусад мөчрүүддээ саад болж сайн жимс ургуулахад нь саад болдог. Мөн үүнээс гадна үхсэн мөчирт байсан вируснууд нь эрүүл мөчир руу шилжин орж модоо хүртэл ялзруулдаг. Тиймээс тариалагч нь ийм хэрэггүй мөчрүүдийг заавал тайрах ёстой. Тэгвэл эндээс жимс ургуулдаггүй мөчир нь ямар хүмүүсийг зааж байна вэ? Искариотын Иудас шиг Есүсийг дагадаг боловч өөрөөр хэлбэл цуглаанд явдаг ч гэсэн уг үндсээрээ Бурханы өмнө гэмээ гэмшин Есүсийг хүлээн зөвшөөрөөгүй гадна талаараа дагадаг итгэгч нарыг зааж байна. Эдгээр хүмүүс нь өөрийн эрх ашгийн төлөө цуглааныг ашиглах маягаар явдаг. Тийм ч гэсэн ийм хүмүүст үр жимс ургуулах боломж олон байдаг. Иудас ч гэсэн гурван жилийн турш Есүсийг даган Түүний амийн үгийг сонсон өөрийн шунаг сэтгэлээ гэмшин Есүсийг өөрийн Аврагчаар хүлээн авч Түүнийг дуулгавартай дагах боломж байсан. Бурхан болон Есүс ийм түүнийг үр жимстэй болгохыг удаан хүлээж тэвчин олон боломжуудыг өгч байсан. Харин тэрээр эцэст нь өөрийн хүсэл шуналын дагуу буруу сонголт хийснээр тайрагдсан. Ингэж Бурханы тэвчээр энэрэнгүй хайрыг үл тоомсорлосон хэн ч эцэст нь тайрагдах болно.
Харин жимс ургуулдаг мөчир бүрийг яадаг вэ? Тариалагч нь жимс ургуулдаг мөчрийг илүү их чанартай жимс ургуулахын тулд тайрч арчилдаг. Усан үзмийн мод нь маш их мөчирлөдөг бөгөөд нэг мөчир нь 4 м хүртэл ургадаг. Тиймээс тайрч арчлахгүй бол навч их урган идэж боломжгүй түүхий жимс их ургуулах болдог. Үүнчлэн тариалагч Бурхан үр жимс ургуулдаг биднийг илүү сайн их үр жимстэй болгохын тулд хэрэггүй мөчрүүдийг тайрч арчилснаар цэвэрлэдэг.
Ер нь хүмүүс өөрийн хүссэнээр чөлөөтэй амьдрахыг хүсдэг. Мөн шунаг сэтгэл ч гэсэн дуусдаггүй. Ялангуяа бид залуу боломжтой чадвартай учраас хиймээр зүйл олон байдаг. Бурханы хийхийг хүсэж байгаа нэг хоёр ажилд бүх анхаарлаа хандуулан хийхээс илүү янз бүрийн зүйлийг хийж туршихыг хүсдэг. Гэвч ийм чанарын дагуу үргэлж амьдарвал мөчир навч их ургах болдог. Энэ нь гаднаас нь харахад маш сүртэй сайхан гоё юм шиг харагдана. Харин сайн ажиглан харвал үр жимсгүй байдаг. Хүн өөрийн хүссэнээр шуналын дагуу амьдраад хэзээ ч үр жимс ургуулж чадахгүй. Тиймээс Бурхан биднийг үр жимс ургуулахад саад болдог мөчрийг тайрч арчилдаг. Тэгвэл Бурхан биднийг хэрхэн тайрч арчилдаг вэ?
1. Бурханы үгээр цэвэрлэдэг. Еврей 4:12-т Бурханы үг бол амьд бөгөөд идэвхтэй хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг үе мөч хийгээд нугас чөмгйиг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай гэж хэлсэн байдаг. Бурханы үг бидний дотор байгаа буруу үзэл бодол хүсэл тачаал муу зуршил гэх мэт муу зуршлуудыг илрүүлэн гэмшүүлснээр цэвэрлэдэг.
2. Амьдралын сахилгажуулалт зовлонгоор дамжуулан цэвэрлэдэг. Бурхан биднийг ариун, сайн арвин үр жимстэй болгохын тулд амьдралын сорилт зовлонг зөвшөөрөн өгдөг. Энэ зовлон сахилгажуулалт нь тухайн үедээ зүгээр гоё сэтгэлээр өнгөрөөн амсах зүйл биш байдаг. Биднийг тайрч цэвэрлэхийн төлөө өгдөг зовлон бол маш ихээр сэтгэл өвтгөж зовоодог. Сэтгэл маш хэцүү учраас шантарч уйлж гомдоллож тэвчихийн аргагүй байдалд хүргэдэг. Энэ асуудал бол хүнтэй харилцах харилцааны асуудал байж болно. Мөн мөнгө өвчин аваар осол гэх мэт янз бүрийн асуудал байж болно. Ялангуяа Бурхан биднийг харилцааны асуудлаар дамжуулан маш их сахилгажуулдаг. Хүмүүсийг хамгийн их стресстэй болгодог асуудлуудын нэг нь хүн юм. Тэр хүн л байхгүй бол миний амьдрал аз жаргалтай байх болно. Тэр хүнээс болж би ийм зовлонтой азгүй амьдарч байна гэж боддог. Эцэст нь тэр харилцааны зөрчлийг даван дийлж чадалгүй өөр газар луу зугтдаг. Гэсэн ч тэнд ч гэсэн нөгөө хүнээс илүү хэцүү хүн байсаар байдаг. Бид асуудлын шалтгааныг үргэлж гаднаас хайж олдог. Хүмүүс болон нөхцөл байдлаас шалтгаанаа хайж олохыг хүсдэг. Гэвч үнэндээ бүх асуудлын үндэс нь гадна байдлаас биш харин МИНИЙ ДОТОР байдаг. Миний дотор байгаа бардам зан, аминч хувиа хичээсэн байдал, хүнд итгэж чадахгүй байдал, дэмий горьдлого, хүсэл тачаал, муу зуршлууд гэх мэт нь хэрэггүй мөчрүүд байгаа учраас бүх асуудал үүсдэг. Үнэндээ миний өөрчлөгдөөгүй чанар нь намайг зөрчилдөөнтэй зовлонтой болгодог. Бурхан ингэж хүний саваа амьдралын ташуураар дамжуулан надад нуугдсан гэмт чанарыг нүцгэн болсон мэт илрүүлэхэд тусалдаг. Тэгээд би өөрийгөө хэн бэ гэдгийг олж харах болдог. Бурхан үүгээр дамжуулан бидний гэмт чанар ба муу зуршлыг тайрч арчилснаар цэвэр ариун үнэн хайрын даруу хүнээр өөрчилдөг. Бурхан бидэнд зовлонг өгдөг нь биднийг хайрлаж их үр жимстэй хүн болгохын тулд билээ. Еврей 12:11-т “Бүх сахилгажуулалт нь тухай үедээ баяр хөөр бус харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргадаг”. Тиймээс ийм Бурханы сахилгажуулалтыг Түүний хайр хэмээн зөвшөөрч Бурханы миний дотор хийх гэж байгаа ажлыг гүнзгий ойлгон хүлээн авч дуулгавартай дагаснаар арвин их жимсийг ургуулахыг хүсэн гуйж байна.
Тэгвэл Есүсийн үгээр цэвэрлэгдсэн бид үр жимс ургуулахын төлөө юу хийх хэрэгтэй вэ? Дахин төрж цэвэрлэгдсэний дараа автоматаар жимс ургуулдаггүй. Харин жимс ургуулахын төлөө бидний зүгээс хичээнгүйлэн хийх зүйл байдаг. Тэр нь чухам юу вэ?
4-р зүйлийг үзээрэй. “Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүй нь адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Усан үзмийн модонд мөчир үргэлж холбоотой байдаг шиг биднийг үргэлж Есүсийн дотор байгтун гэж тушааж байна. Энд байна гэдэг нь хааяадаа нэг удаа байхыг биш харин үргэлж холбоотой байхыг хэлж байна. Энэ нь Христтэй бүрэн нэгдмэл болж Түүнтэй харилцан нөхөрлөхийг зааж байна. Хятадад мишионер байсан Huardson tailor-н бичсэн “Нэгдмэл ба нөхөрлөл” гэдэг номыг уншиж үзвэл хүмүүс Есүстэй бүрэн нэгдмэл амьдарч чадахгүй шалтгаан нь түүнд бүрэн итгэж амьдралаа бүрэн даатгаж чадахгүйгээс болдог гэж бичсэн байна. Есүст бүрэн итгэж чадахгүй учраас амь нас ба амьдралаа даатгаж чадалгүй өөрийн нэр төр, эрх мэдэл, хүсэл шунал төлөвлөгөөг орхиж чадахгүй байдаг. Мөн Есүсгүйгээр ганцаараа сайн хийж чадна гэж боддог учраас Есүстэй холбогдохгүй амьдардаг. Гэвч мөчир хэзээ ч өөрөө оршин байж чаддаггүй. Усан үзмийн модонд холбогдон нэгдэхгүй бол жимс ургуулж чадахгүйгээс гадна хувхайран хатаж хаягдан галд шатаагдах болно. Үүн шиг бид ч гэсэн Есүсээс салан холдвол юу ч хийж чадахгүй болно. Есүсийн дотор байна гэдэг нь би өөрөө юу ч хийж чадахгүй гэдгээ гүнзгий хүлээн зөвшөөрч амьдралаа Есүст бүрэн даатган Түүнийг түшиглэн амьдрахыг хэлж байна. Мөн Есүсийн дотор байна гэдэг нь үргэлж Есүстэй сүнслэг харилцаатай байж мод болсон Есүсээс шим тэжээл авч амьдрахыг хэлж байна. Ялангуяа бид Түүний үг ба залбирлаар дамжуулан Есүстэй үргэлж холбоо харилцаатай байх хэрэгтэй. Усан үзмийн мөчрийн дотор ус болон шим тэжээлийн хоёр сувагтай байж үргэлж модноос ус ба шим тэжээлийг хүлээн авдаг. Үүгээр амьтай байж жимс гаргадаг. Хэрэв энэ суваг бөглөрч тагларвал аажмаар хувхайран хатаж үхдэг. Бидний итгэлийн амьдрал ч үүнтэй адил байдаг. Цуглаанд явдаг гээд Есүсийн дотор байна гэсэн үг биш юм. Гадна байдлаараа Есүсийн дотор байгаа юм шиг боловч дотроо дэлхийн хүсэл тачаал шунал ба гэмээс болж Есүстэй харилцаа нь хол хөндий болсон хүмүүс олон байдаг. Тийм хүний сэтгэл сүнс нь хуурайшин хатаж баяр хөөргүй амьдрах болдог. Тиймээс Есүстэй нөхөрлөн харилцдаг амьдрал байхгүй бол хичнээн удаан итгэлээр амьдарч цуглаанд явсан ч гэсэн, урьд нь хичээл зүтгэлтэй итгэгч байлаа ч гэсэн дөнгөж аврагдан хайр ивээлээр дүүрэн байлаа ч гэсэн унадаг учраас Есүсийн дотор үргэлж байхын төлөө үг ба залбирлаар дамжуулан хичээх хэрэгтэй. Заримдаа бид үг залбирал, сүнслэг тэмцэлгүйгээр ч гэсэн сайхан үр бүтээлтэй амьдарч үр жимс гаргаж чадна гэж андуурдаг. Харин энэ бардам сэтгэлээ гэмшин өдөр бүр Есүстэй харилцан амьдрахгүй бол эцэст нь ямар ч үр жимсгүй хувхайран хатаж галдан шатаагдах болно гэдгийг санан гэмших хэрэгтэй. Нэг наалдаад нэг салаад л амьдарвал үр жимс ургуулахгүй учир тэвчээртэйгээр Есүсээс салалгүй Түүний дотор амьдрахыг хүсэн гуйж байна.
7-р зүйлийг үзээрэй. “Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно”. Энэ нь биднийг үр жимстэй болгохын тулд Бурхан гуйлтын хариуг авч чадах эрх мэдлийг өгсөн гэсэн үг юм. Бид үр жимс ургуулахын тулд Түүний үгийн дотор залбирдаг амьдралаар амьдрах нь чухал байна. Бид залбирлаар дамжуулан их жимс ургуулдаг хүмүүс болохыг гуйж байна. Бид их жимс ургуулвал юу болох вэ?
8-р зүйлээс үзвэл Есүсийн жинхэнэ шавь нар болж бас Бурханыг алдаршуулах болно гэж байна. Бид Есүстэй үргэлж нөхөрлөн нэгдмэл амьдарснаар ариун сүнсний үр жимсийг ялангуяа төлөв даруу ба хайрын үр жимсийг дүүрэ ургуулж мөн сайнмэдээг дэлгэрүүлснээр амийн үр жимс ч ургуулах болно.

2. Бие биенээ хайрлагтун (9-27).
9-р зүйлийг үзээрэй. “Эцэг намайг хайрласан лугаа адил Би бас та нарыг хайрласан. Хайр дор минь байгтун”. Бурханы хайр дотор байсан Есүс тэр хайраар шавь нараа ч гэсэн хайрласан. Тэр хайраар шавь нар өссөн. Ийм тэд үргэлж өсөн үр жимстэй байхын төлөө Есүсийн хайран дор байх хэрэгтэй. Тэгвэл Есүсийн хайран дор байна гэдэг нь бодитоор яахыг хэлж байна вэ?
10-р зүйлээс үзвэл Есүсийн тушаалыг сахих ёстой гэсэн бөгөөд 12-р ишлэлээс үзвэл тэр тушаал нь чухам бие биенээ хайрлах явдал гэсэн байдаг. Тиймээс Есүсийн хайр дор байх зам нь Есүсийн тушаалыг сахин шавь нар хоорондоо Есүс тэднийг хайрласан шиг хайрлахад байдаг. Тэгэхэд улам илүү Есүсийн хайрыг мэдэрч Түүний хайранд бат итгэх болдог.
Тухайн үед шавь нар бие биенээсээ илүү гарах гэсэн өрсөлдөөнөөс болж атаархан маргалдаж зөрчилдөөнтэй байсан. Тэд зөвхөн өөрсдийн ирээдүйг л бодон бие биедээ анхаарч чадахгүй байсан. Гурван жилийн турш хамт унтаж, хамт хоол идэж байсан ч гэсэн бие биенийгээ сайн мэдэхгүй байсан. Тэд атаархал ба хайхрамжгүй байдлаас болж хагарах аюулд байсан. Бие биенээ хайрлан нэгдмэл болж чадахгүй шалтгаан олон байдаг. Нөгөө хүн намайг үнэлэн хүлээн зөвшөөрдөггүй, зан чанар үзэл бодол өөр учраас хайрлаж чадахгүй гэж боддог. Өөрийн загалмай, их завгүй учраас хамтран зүтгэгч хүмүүстээ анхаарал тавьж чадахгүй гэж боддог. Харин гүнзгий бодвол энэ нь хайргүй учраас юм. Хичнээн жижиг цуглаан байсан ч гэсэн бие биенээ хайрлан нэгдэхгүй бол эцэст нь хагаран бутрахад хүрдэг. Тэгвэл бие биенээ хайрлавал юу болох вэ? Хайр бүх алдаа зөрчлийг халхалдаг гэж бичсэн байдаг. Бие биенээ хайрлавал нөгөө хүнийхээ алдаа зөрчлийг халхлан тэр хүний төлөө гуйж урам зоригийн үг хэлж чадна. Хичнээн завгүй олон ажилтай байсан ч гэсэн ахан дүүстээ анхаарал хандуулан хэцүү үед нь янз бүрийн байдлаар тусалж чадна. Ядарч өлссөн үед итгэлийн ахан дүүсийн дэмжлэг нь маш их урам зоригийг өгдөг. Есүс биднийг Христ дотор нэг биеийн эрхтэн гэсэн. Нэг биеийн эрхтнүүд нь хоорондоо маш дотно амийн харилцаатай болох хэрэгтэй. Нүд нь гоё үзэсгэлэнтэй байгаа ертөнцийг харуулж, гар нь нүүрийг цэвэрлэн угааж үсийг ч самнаж өгдөг. Замаар явж байгаа бүдэрч унахад гарынх нь шархыг цэвэрлэн эмчилж өгдөг. Ингэж амьдрахыг бие биенээ хайрлан амьдрах гэдэг. Хэрэв бид Христийн дотор бие биенээ хайрлахгүй бол бид хаана хайрлаж чадах вэ? Гэвч бодитоор хүмүүсийг хайрлана гэдэг нь амар зүйл биш. Хайрлахад хэцүү хүнийг хайрлах бүр хэцүү. Гэсэн ч бид өөрийгөө үгүйсгээд Есүсийн тушаалыг дуулгавартай дагаж сахин хайрлах хэрэгтэй. Ингэж бие биенээ хайрлавал ямар ерөөл амсах вэ?
1. Есүсийн баяр хөөрөөр дүүрэх болно. 11-г үзээрэй. “Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлье”. Есүсийн тушаалыг сахин бие биенээ хайрлан амьдарвал баяр хөөрийг дүүрэн амсаж амьдрах болно.
Заримдаа бие биенээ хайрлан амьдрахад маш их ядарч золиос гардаг. Өөрийгөө үгүйсгэн үхүүлэх мэт хэцүү үе байдаг боловч эцэст нь дүүрэн баярыг амсах болно. Есүс ч гэсэн олон хүнийг хайрлан үйлчилж Өөрийн амь насаа золиослон загалмайд үхэхэд ч гэсэн баяр хөөр дүүрэн байсан. Бид зөвхөн өөрсдийгөө бодон аминчаар ямар ч хохирол амсахгүй амьдарвал чөлөөтэй, баяр хөөртэй амьдарч чадна гэж боддог. Харин тэр амьдрал улам ганцаардмал гунигтай хоосон амьдрал болно. Бид хэцүү ч гэсэн өөрийгөө үгүйсгэн бие биенээ идэвхтэй хайрлан амьдарснаар баяр хөөрөөр дүүрэн амьдардаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
2. Есүсийн найз болно. 14-р зүйлийг үзээрэй. “Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн”. Бие биенээ хайрлан амьдарвал Есүс биднийг найзаа болгоно. Дотно найзтайгаа хэр байдаг вэ? Бүх гуниг зовлонгоо ярьж нууцаа задлан төлөвлөгөө хүсэл мөрөөдлөө хуваалцдаг. Боол нь Эзэний хүсэл тааллыг мэдэлгүй хэлсэн бүхнийг нь даган биелүүлдэг. Харин найз нь Эзэнийхээ зүрхний хүслийг хуваалцсанаар баяртайгаар хамтран ажилладаг. Бурхан Абрахамыг найз болгон хожим Өөрийн хийх ажлуудыг хуваалцсан. Хожим биелүүлэх авралын ажлын талаар, Содом Гоморраг шийтгэх төлөвлөгөөгөө хүртэл хуваалцсан. Абрахам Содом Гоморраг хараад өвдөж байгаа Бурханы сэтгэлийг хараад тэр газрын төлөө хичээнгүйлэн зуучлан гуйсан. Үүнчлэн бид бие биенээ хайрлан амьдарвал Есүс ч гэсэн биднийг найз болгон хожим хийх гэж буй Өөрийн төлөвлөгөөг ярьж өгнө. Бид Есүсийн найзын хувьд бие биетэйгээ сайн ойлголцон Түүний сэтгэлээр Түүний авралын ажилд оролцож чадна.
13-р зүйлээс үзвэл Есүс найз болсон бидний төлөө амиа зориулснаар агуу хайраа харуулсан юм. Тиймээс бид ч гэсэн Есүсийг дуурайж Түүний хайраар бие биенээ хайрлах хэрэгтэй. 17-р зүйлийг үзээрэй. “Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун”. Есүс дахиад бие биенээ хайрлагтун гэж тушааж байна. Есүсийн шавь нар бие биенээ хайрлах нь усан үзмийн мод болсон нэгдмэл мөчрүүдийг ургуулах хамгийн сайн үр жимс юм. Бид өдөр бүр Есүстэй нэгдмэл байснаар бие биенээ халуунаар хайрлан үр жимсээр дүүрэн цуглаан болохыг гуйж байна.

өмнөх нийтлэл2021 оны East UBF-I НБК-н Иохан 2-р номлол (10.16) Д. Эрдэнэбат хн
Дараагийн нийтлэл2021 оны East UBF-II НБК-н Лук номлол(10.16) Ц. Цэрэн хн