ААВЫН АГУУ ХАЙР
Лук 15:11-32
Гол эшлэл 15:20
“Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйн ирээд, тэвэрч үнсэв”
Өнөөдрийн номлол бол Эцгийн хайраас салж, өөрийн дураар амьдарсан бага хөвгүүний тухай юм. Бурхан энэхүү сургаалт зүйрлэлээр дамжуулан замаасаа төөрсөн итгэгч болоод замаа хараахан олоогүй байгаа үл итгэгч хүмүүсийн аль алинд нь хандан хэлсэн юм. Хүний гэм нүгэл болоод хувиа хичээсэн амьдрал нь эцэстээ Бурханы хайр ивээлээс салгаж, үхэл руу хөтөлдөг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Мөн эцгийн хайр халамжаас салсан бага хөвгүүн мэт хүмүүсийг Бурхан өөр дээр нь буцан эргэж ирэхийг хүлээдэг, Бурхан Эцэгийн хувиршгүй хайрын мөн чанарын тухай зааж байна. Энэ л үгээр дамжуулан хүн бүрийн зүрх сэтгэлд ухаарал, гэмшил ирж, амьдралдаа эргэлт хийх шийдвэр гаргаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Төөрсөн хүү (11-16)
11-12-р эшэлэлийг үзээрэй “Тэр –Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв” Хоёр хүүтэй нэгэн эцэг амьдардаг байжээ. Гэвч нэгэн өдөр бага хүү нь эцгээсээ өөрт оногдох өмч хөрөнгийг өгөхийг гуйсан. Ер нь эцгийн өмч хөрөнгийг, эцэг нь үхсэний дараа хүүхүүдэд нь хуваан өгдөг байв. Гэвч бага хүү өөрийн оногдох хувийг эцгээ амьд байхад нь өөрт нь өгөхийг шаардсан. Бага хөвгүүний хүсэлтийг сонссон эцгийн зүрх сэтгэл ямар байсан болоо. Уг нь эцэг хүн хэзээ ч өөрийн хүүхэддээ мууг санадаггүй бөгөөд ямар ч зүйлийн сайныг өгөхийг хүсдэг. Энэхүү эцэг хоёр хөвгүүнээ өсгөхийн тулд бүхий л зүйлээр хангаж байсан байх. Сайхан хоол, дулааан хувцас, сайн боловсрол зэргээр харамгүйгээр хангаж байсан. Мөн хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөхийн тулд сахилга баттай байлгаж, сургамжийн үгийг ч бас харамгүйгээр хэлдэг байсан. Ингэж Өөрийн бүхий л зүйлээрэй хайрладаг байсан хүүхдүүдийн нэг нь өөрийг нь үл тоомсорлон, эд хөрөнгийг нэхэж байгаа энэ үйлдэл нь сэтгэл рүү нь ус цацах шиг л болсон байх. Тэгвэл хүү яагаад өөрт оногдох хувийг аваад гэрээсээ явахаар шийдсэн бэ? Магадгүй хүү 18 нас хүрсэн байж болох юм. Хүү өөрийн хийхийг хүссэн зүйлийг хийх гэхээр, эцэг нь хориглож, өөрийнх нь эрх чөлөөг боож, өөрийг нь захираад байгаа мэт санагдсан байж магадгүй. Мөн хүү хүмүүсээр дамжуулан алс холын оронд өөрийг нь хөгжөөх олон зүйлсийг сонсож, тэдгээр зүйлээр дутагдаад байгаа мэт сэтгэгдэл төрсөн байж магадгүй. Тэгээд тэр гэрээсээ явахаар шийдсэн байх. Бага хүүгийн хувьд эцгийн халамжийг ерөөлтэй байна гэж харахын оронд тэр дарамт байна хэмээн харсан. Бага хөвгүүн өөрт байгаа зүйлийнхээ төлөө талархахын оронд үнэ цэнэгүйд тооцсон.
Ихэyх хүмүүс ямар их ивээл, хайр авснаа мэддэггүй амьдардаг. Өнөөдрийн би гэдэг хүн болох хүртэл эцэг эхийн хичээл зүтгэл, золиос, зориулалт, халамж хайрыг мэддэггүй. Намайг хооллохын тулд ямар их хүнд хүчир ажил хийж зүдэрсэнийг мэддэггүй. Намайг өсгөхийн тулд эцэг эхүүд хэр их хүйтэнд хөрж, халуунд халсныг мэддэггүй. Намайг сайн хүн болгож өсгөхийн тулд миний төлөө хийсэн сэтгэлийн үйлдэл нэг бүрийг нь мэддэггүй. Та хамгийн сүүлд хэзээ эцэг эхийн хайр, халамжинд талархалаа илэрхийлсэн бэ? Таны төлөө эцэг эхийнхээ зориулсан золиослолд хэзээ хариу барьсан бэ? энэ тухай нэг бодож үзээрэй.
Нөгөө талаас эцэг нь хүүгээ өөрийнх нь мөнгийг үрэн таран хийнэ, түүний амьдрал нь сүйрнэ гэдгийг мэдэж байсан. Өөрийх нь хайр болон хамгаалалт байхгүй бол хүү зовох болно гэдгийг мэдэж байсан. Гэвч эцэг нь эд хөрөнгөнөөсөө таслан өгсөн. Яагаад мэдсээр байж эцэг хүүдээ эд хөрөнгөө өгч явуулсан бэ? Учир нь Эцэг хүүгийнхээ сонголт хийх эрх чөлөөг хүндэтгэсэн ба нэг өдөр буцан ирэх болно гэсэн итгэл дотор өөрийн өмчийг хуваан өгсөн.
Бурхан хүн бүрт сонголт өгсөн. Бурхан бидний сонголтыг хүндэтгэдэг учраас хэзээ ч биднийг хүчээр өөр дээрээ ирүүлдэггүй юм. Харин Бурхан биднийг өөрийн гэмийг ойлгож, хэзээ нэгэн цагт өөр дээр нь ирээсэй гэсэн хүсэл найдвар өвөртлөн байдаг юм.
Тэгвэл бага хүү юу хийсэн бэ? 13-г үзээрэй “Хэдэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв” гэж байна. Бага хүүд хяналт тавих нэгэн байхгүй учир тэр өөрийн хийхийг хүсэж байсан бүхий л зүйлээ хийсэн.
Тэр “эд хөрөнгөө үрэн таран хийв” гэж байна. Энэ нь ухаангүй амьдралаар амьдарсан гэсэн утгатай. Тэр өөрийн мөнгийг мөрийтэй тоглоом, архи, мансууруулах бодис завхайрал гэм мэт зүйлсэд зарцуулсан. Тэр юу хийхийг хүсэж байсан тэр бүх зүйлээ хийсэн гэсэн утгатай. Эндээс бид Бурхангүй хүний амьдралын мөн чанарыг сурч болно. Бурханд итгэдэггүй хүн нь айж, эмээн хүндэтгэх сэтгэл байхгүй учраас өөрийн дураар юу хүссэнээ үйлдэн амьдардаг. Мөн өөрт өгөгдсөн бие махбод, оюун санаа, сүнсний чадваруудыг хий, дэмий зүйлсэд үрэн таран хийдэг.
14-г үзвэл “Түүнийг бүх юмаа барж дуусахад, тэр юм юмаар гачигдаж эхлэв” гэж байна. Бага хүүгийн дур зоргоороо амьдарсан амьдрал нь түүний бүх зүйлийг дуусгахад хүргэсэн бөгөөд эцэстээ юм юмаар гачигдахад хүргэсэн. эндээс Бурхангүй хүний амьдрал нь өөрт байгаа зүйлсийг дуусгадаг бөгөөд сэтгэл сүнсээрээ гачигдаж эхэлдэг. Энэ нь айдас, санаа зовиур, харуусал, гашуудлаар дүүрэн амьдрал бөгөөд өөрийн амьдралыг алдахад хүргэдэг. Тэгээд бага хүү явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болсон бөгөөд гахай хариулуулан явдаг болсон. Иудейчүүдийн хувьд гахайн мах иддэггүй байсан бөгөөд гахайг үзэн яддаг байсан. Тиймээс гахай хариулдаг хүнийг хүн гэж үздэггүй байв. Өөр үгээр хэлбэл бага хүү хэн ч биш болсон гэсэн утгатай. Гахай хариулах нь түүнийг хийхийг хүсэж байсан ажил биш байсан. Тэрээр өдөр бүр муухай чанга орилдог, шавхай иддэг, шавхайндаа унтдаг гахайнуудыг малладаг байсан. Бага хүү гахайг хооллодог байсан бөгөөд гахайн хоолоор хооллохыг хүсэх хүртлээ өлссөн. Хүү анх гэрээсээ гарч явахдаа гахай хариулна гэж бодож байсан болов уу? Хэзээ ч үгүй, Тэр гахайн буурцаг идэхийг хүсэмжлэх хүртэл өлсөнө гэж бодож байсан боловуу? Хэзээ ч үгүй? Хүүгийн энэхүү байдлаас бид юу сурах вэ? Сургаалт үгс 14:12-т “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” /АБ 2011 Х/ гэж библи бидэнд хэлдэг. Хүн өөрийн оюун бодол, ухаанаар үнэн-худал, зөв-бурууг ялгаж чаддаггүй. Тиймээс хүн сүйрлийн замаар алхаж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хүн өөрийн төлөвлөгөө, хүслийн дагуу амьдарвал хурдан амжилтанд хүрч, их мөнгө олж, ирээдүй баталгаатай сайхан болох юм шиг санадаг. Гэвч хүний зөв мэт харагдсан замын төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдгийг мэддэггүй.
Дэлхийн алдарт дуучин Попын хаан гэж нэрлэгддэг Майкл Жексоныг хүн бүр мэддэг. Түүнд нэр алар, эд хөрөнгө, дуулах, бүжиглэх, авъяас чадвар гээд бүх юм байсан. Гэвч тэрээр сэтгэл зүрхэндээ баяр хөөрийг мэдрэхийн тулд, нэг удаад шоудахдаа 1 сая доллор зарцуулдаг байсан гэнэ. Тэрээр 2009 онд нас барсан бөгөөд үхлийн шалгаан нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн нь шинжилгээгээр нотлогдосон. Түүний хувьд хэдий тэр алдартай, авъяас чадвартай, эд хөрөнгөтэй байсан ч түүний амьдрал нь хөөрхийлөлтэйгөөр төгссөн. Хүн хэдий авъяас чадвартай, эрдэм мэдлэгтэй, нэр алдартай байлаа гээд амьдралаа зөв залж явнаа гэсэн үг биш юм.
Харин Иохан 14:6а-д Есүс “Би бол зам, үнэн, амь мөн” гэж хэлсэн. Мөн Иохан 8:12-д “Тэгээд Есүс тэдэнд дахин -Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав”
Есүс өөрийгөө зам гэж хэлсэн. Хэрэв хүн өөрийн замыг орхиж, Есүсийг даган Түүний замаар алхвал амар тайван, баяр хөөрөөр дүүрэн амьдралаар амьдрах болно. Есүсийг дагадаг хүн харанхуй дотор явахгүй бөгөөд энэ замын төгсгөлд амьтай болох болно. Манай чуулганы хоньчид энэ үнэний гэрч нар бөгөөд өмнө нь харанхуйн, гэмийн замаар алхаж байсан бөгөөд тэр л муу замаасаа эргэж, Есүсийг даган, гэрлийн дор алхаж яваа, амийн гэрлийн өвлөгч нар билээ. Биднийг өөрсдөө ч мэдэхгүй төөрч, явахад минь сонгон дуудаж, өөрийн ажилдаа нандинаар хэрэглэж байгаа Бурхан Эзэнийг магтаж байна.
2. Аавын агуу хайр (17-32)
17-р эшэлийг үзээрэй “Тийнхүү тэр ухааран “Эцэгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь” гэж байна. Энэ хүртэл бага хүү юуг ч бодолгүйгээр ухаангүй амьдарсан. Харин тэр гахайн буурцгаар ходоодоо дүүргэхийг хүсэж байх үедээ түүний бодолд ухаарал ирсэн. Түүний оюун бодол бодит байдалд сэргэсэн. Тэр өмнө нь эцгийн хайр халамжийг ямар их хүртэж байснаа ухаараагүй байсан. Бага хүү өөрийнх нь эцэг зарц нараа ямар их хоол хүнсээр элбэг хангадаг байсныг мөн зарц нар нь эцгийн хайр халамж, хамгаалал дор хэрхэн жаргалтай байдаг байсныг санасан. Хүү өмнө нь харж чадаагүй эцгийнхээ талаарх олон сайн зүйлсийг санасан. Тэр өөрийнх нь аав ямар их халамж хайраар дүүрэн мэргэн, сайн зөвт хүн байсныг ухаарсан. Мөн тэрээр өөрийгөө ач тусгүй, талархах сэтгэлгүй, тэрслэгч, дуулгаваргүй нэгэн байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр эцгийнхээ гэрийг орхисондоо, мөн ийнхүү мунхаг амьдарч байгаадаа гэмшсэн.
Хүн өөрийгөө хэн бэ? гэдгийг ухаарах нь маш чухал. Ром номын 3:10-д “Зөвт хүн алга, ганц ч алга” гэж хэлсэн. Анхны хүн адам гэмд унснаар бүх хүн гэмийн мөн чанартай болсон. Тиймээс хүн өөрийн хүч чадал хичээл зүтгэлээр өөрийн амьдралыг зөвөөр удирдан авч явах боломжгүй болсон юм. Тиймээс биднийг зөвөөр удирдан дагуулах нэгэн заавалчгүй хэрэгтэй юм.
Тэгээд бага хүү ямар шийдвэр гаргасан бэ? 18-г үзээрэй “Би босоод эцэгтээ очьё. Тэгээд түүнд <Аав аа, би тэнэгрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй> гэв.” Хүү эцгийнхээ өмнө үйлдсэн алдаагаа ухаарч эцэг руугаа очих шийдвэр гаргасан. Хэрэв хүү өөрийн бурууг ухаарсан ч эцэгтээ очихгүй бол гахайгаа хариулах амьдарлаар амьдарсаар л байх болно. Тиймээс тэр эцэгтээ очсоноор өөрийн буруу замыг орхиж байгаа юм. Өнөөдөр бид Бурханы өмнө очих шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдийн гэм буруугийн замаасаа салах болно. Харин эцэг бага хүүг хэрхэн хүлээн авсан бэ?
20-р эшлэлийг үзээрэй “Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ирхэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв” гэж байна. Эндээс эцгийн хүүгээ гэсэн сэтгэлийг мэдэж болно. Энд “Эцэг нь түүнийг холоос харж” гэж байна. Энэ нь Эцэг нь бага хүүгээ өдөр бүр буцан ирэхийг хүлээн, тэнгэрийн хаяа ширтэн зогсдог байсан гэсэн утгатай.
Ийнхүү хүүгээ өдөр бүр буцан ирэхийг хүлээн, зогсож байгаа эцгийн зүрх сэтгэл бол өнөөдөр бидэнд хандсан Бурхан Эцэгийн зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Гэмээс болж төөрч яваа олон мянган залуусыг Бурхан өдөр бүр Өөр уруу нь эргэн ирээсээ хэмээн хүсдэг. Бурхан биднийг гэм нүглээсээ эргэж, өөр дээр нь ирснээр дүүрэн ерөөлийг амсаж амьдраасай гэж хүсдэг. Тиймээс энд анх удаа уригдан шинэ хүмүүс хаврын библийн конференцоор дамжуулан Бурхантай хувиар уулзаж, Бурханы дүүрэн хайр ивээлийг амсаж чадахыг хүсэн гуйж байна.
Тэгвэл эцэг нь буцан ирсэн хүүдээ хэрхэн хандсан бэ? 21-23-р эшлэлийг үзээрэй “Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв. Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрэй найрлан цэнгэе” Эцэг нь хүүгээ буцаг ирэх үед өөрийн угсаа залгамжлах хүүгийн байр суурь дээр дахин хүлээн авсан. Эцэг нь яаж ингэж хүлээн авч чадсан бэ? Учир нь Эцэгт хүүгээ хайрлах хайр болон өрөвдөх сэтгэл дүүрэн юм.
Эндээс Бид Бурхан уруу гэмшин ирсэн хүнд ханддаг Бурханы хайр болоод өршөөлийн зүрх сэтгэлийг сурж болно. Тэр биднийг ямар ч адгийн гэм үйлдэж, өөрөөс нь алс хол одон явсан байсан ч буруушаан зэмлэхгүй бөгөөд харин биднийг огт нүгэлгүй мэт дахин хүлээн авдаг. Ийм л агуу Бурханы бидэнд хандсан хувиршгүй хайрыг магтаж байна.
25-30-р эшллийг үзээрэй. Дүүг нь буцаж ирсэнд зорилж баярлаж байгаа тухай сонссон ах нь уурлаж, гэрлүү орохыг хүсээгүй. Үүнийг мэдсэн эцэг нь хүүгээ аргадаж гэртээ орохийг урьсан. Яагаад ууган хүү дүүгээ ирсэнд баярлан хүлээн авч чадахгүй байна вэ? Учир нь ууган хүүд эцгийн хайр болон өрөвдөх сэтгэл байхгүй байсан учраас юм. Нэг үгээр хэлбэл Ууган хүү эцгийн хажууд байсан хэрнээ эцгийн зүрх сэтгэлийг ойлгоогүй байсан.
Бурханы хонин сүргийн хоньчид болсон бидэнд ийм Бурханы зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Гэмийн дунд алдагдсан нэг сүнсийг өрөвдөх, хайрлах, эрэн хайдаг, тэвчээртэй хүлээдэг эцгийн зүрх сэтгэл хэрэгтэй юм. Тэгвэл бид энэ цаг үеийн алдагдсан олон сүнснүүдийг аварч, сайн хоньчдоор амьдарч чадна. Манай чуулганы хоньчид Бурханы энэ л зүрх сэтгэлээр дүүрэн амьдарч чадахыг гуйж байна.
Дүгнэлт: Өнөөдрийн номлолоор бид Бурханы зүрх сэтгэлийг сурлаа. Бурхан хүн нэг бүрийг үнэ цэнэтэйд тооцдог. Бурхан хэнийг ч алдахыг хүсдэггүй. Бурхан одоо хүртэл алдагдсан хүүхдүүдээ Өөр дээр нь эргэн ирэхийг хүлээн, харж байна. Бурхан Өөр дээр ирсэн хүн нэг бүрийн төлөө баярладаг. Энд шинээр ирсэн хүн бүр Бурхан уруу эргэээсэй гэж хүсэж байна. Харин манай чуулганы хоньчин бүр Бурханы алдагдсан хүмүүсийг Бурхан эцэг уруу авч ирдэг библийн сайн багш болоод сайн хоньчид болохыг гуйж байна. Бурхан Эцэгийн агуу хайрыг магтаж байна. Амен