2021 оны East UBF-II НБК-н Лук номлол(10.16) Ц. Цэрэн хн

БУРХАНД ИТГЭ

Лук 12:22-34

Гол эшлэл: Лук 12:31

“Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно”.

Та бүхэнд хайр ивээлтэй намрын библийн комференцын эхний цуглааны мэнд хүргэе! Өнөөдрийн үгээр бид Библийн Шинэ гэрээний Лук номын 12 бүлгээс авч үзэх болно.
Өнөө цагт та юуны төлөө хамгийн их санаа зовж байна вэ? Байрны лизинг, санхүү мөнгө, үр хүүхдийн ирээдүй, сургалтын төлбөр, гэрлэлт үү. Аль эсвэл Ковид 19-ийн нөхцөл байдал уу? Хүн болгонд санаа зовж байгаа зүйлүүд зөндөө байдаг.

1. Юунд ч бүү санаа зов

Өнөөдрийн үг болох Лук номын 12: 22-23-г харах юм бол: Тэр шавь нартаа—Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм гэж хэлсэн байна.
Есүсийн шавь нарыг харвал бүгд бүхнээ орхиод Түүнийг дагасан. Тэдний хувьд орлогогүй ажилгүй болсон учраас амьдралынхаа төлөө санаа зовж байсан байж болох юм.
Бидний хувьд шавь нар лугаа адил ажил амьдралын төлөө санаа зовсоор байдаг.
Хэдийгээр бид энэ дэлхийн аврагч болсон Есүсийг дагасан ч бүх зүйлээ Түүнд найдаад санаа тайван байж чаддаггүй ямар нэгэн зүйлийн төлөө санаа зовсоор байсан ч шийдэж чаддаггүй.
Гадаадын нэгэн судалгааны баг амьдралынхаа эцсийн мөчийг хүлээж буй хүмүүсээс авсан судалгаа байдаг. Судалгааны дүнд тэдгээр хүмүүс хэзээ ч мөнгө, байр савны тухай ярьдаггүй. Зөвхөн хайртай дотны хүсүүсээ л хамт байгаасай гэж хүсдэг ажээ. Өдөр шөнөгүй ажиллаж зүтгэж байсан эдгээр зүйлүүд таны хувьд хэр чухал байх вэ? Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм юм.
Харин бидний аврагч болсон Бурхан танд хандаж юу гэж хэлснийг харна уу.

24-р эшлэлийг харвал: Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ.
Хон хэрээг хүртэл Бурхан өөрөө хангадаг учраас хэзээ ч хоол, хувцасны төлөө санаа зовох шаардлагагүй байдаг.
Бурханы цорын ганц сор бүтээл болсон та Түүний өмнө ямар нандин, үнэ цэнэтэй вэ? Тэр биднийг маш үнэ цэнэтэйд тооцож өөрийн цорын ганц хүүг илгээсэн билээ.
Түүний хүү Есүст итгэх итгэлийг Бурхан бидэнд өгсөн. Хэрэв та Түүнд хараахан итгэж амжаагүй бол та яг одоо Есүст итгээрэй. Бурханы үй олон бүтээлийн нэг болсон хон хэрээг тэр тэжээдэг шиг тэр биднийг дүүрэн хангахгүй байж чадах уу. Бид тэр шувуудаас илүү үнэ цэнэтэй биш гэж үү? Гагцхүү та өөрийнхөө бүх санаа зовуураа Бурханд өгч Түүнд итгээрэй.
2. Бурханд итгэ
Үргэлжлүүлэн харах юм бол 25-р эшлэл Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? 26 Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол бусад юманд санаа зовох хэрэг юу байна? 27 Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл хийдэг ч үгүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. 28 Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ, өчүүхэн итгэлтнүүд ээ! гэж шавь нараа зэмлэсэн байна.

Бурхан өөрийн гайхамшигт ивээлээрээ биднийг хангасаар байдаг. Соломон хааныг харах юм бол тэрээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн мэргэн ухаантай агуу хаан байсан билээ. Харин тэрээр сүр жавхлантай байхдаа ч Бурханы бүтээсэн сараана цэцэг шиг байж чадаагүй гэж хэлсэн байна.
Соломон хаан өөрийн бичсэн Номлогчийн үгс номдоо “Бүх юм хоосон” гэсэн байдаг. Хүмүүс бидний санаа тавьж байгаа материаллаг бүх зүйлүүд маань хоосон байсан гэвэл та юу гэж бодож байна.
БҮХ ЮМ ХООСОН.
Бид тэдгээр хоосон юмнуудийн төлөө бүх зүрх сэтгэл, цаг заваа арай их зориулаад байгаа юм биш биз?
Бидний амьдрал Бурхангүйгээр бол утгагүй хоосон яг хээрийн өвс шиг, харин бид Бурхантай учирснаар Бидний амьдрал сараана цэцэг шиг гоёмсог болж эхэлдэг билээ.
Хүмүүс бид материаллаг зүйлүүдэд найдахад амархан байдаг билээ.
Энэ цагт та Бурханд бүрэн итгээрэй гэж ятгаж байна. Та Бурханыг өөрийнхөө амьдралдаа урьж оруулснаар тэр таны амьдралд өөрийнхөө гайхамшгийг харуулах болно.
Харин бид бүрэн итгэж чадаагүйгээсээ болоод санаа зовсоор байдаг.
Өнөө цагт бид хоол, хувцаснаас илүү маш олон зүйлүүдэд санаа зовдог. Байр, машин, хичээл сургууль, бизнес гэх мэтчилэн. Мэдээж хэрэг эдгээр зүйлүүдийг хүсэх нь буруу биш ч гэлээ, хэт санаа зовсноороо бид юуг ч өөрчилж чаддаггүй. Харин түүнийгээ дагаад амьдралын жинхэнэ баяр хөөр, үнэ цэнэ юу болохыг мартаж эхэлдэг.
Санаа зовсноороо бид өөрийнхөө биеийн өндрийг төөгөөр ч нэмж чадахгүйн адил бид санаа зовсноороо юуг ч өөрчилж чадахгүй юм. Бид санаа зовсноороо асуудал шийдэгдэх биш харин Бурханы хийх ажилд саад болдог юм.
Бидний санаа зоволт Бурханы өмнө өчүүхэн юм. Бурхан бидэнд хэрэгтэй зүйлүүдээр ямагт хангасаар ирсэн. Бидэнд хоол хувцас хэдий хэрэгтэй ч гэлээ бидний амь, эрүүл мэндээс үнэ цэнэтэй байж чадахгүй. Бурхан бидэнд амь амьдрал өгсөн юм чинь тэдгээр жижиг зүйлүүдийг ч өгөхгүй байж чадна гэж үү.
Харин Есүс тэдэнд юу гэж хэлсэн тухай хараарай.
Филлипой 4:6 Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл гэж бичсэн байна.
Бид Бурханд бүрэн итгэж найдах үед Бурхан өөрийнхөө гайхамшгийг үйлддэг.
Есүс бидэнд юунд ч бүү санаа зов гэж хэлсээр байтал бид нэг мэдэхэд л санаа зовсон хэвээр явж байдаг. Бурхан бидэнд өөрийн цорын ганц хүү болох Есүсийг өгсөн бөгөөд биднийг мөнхийн хүсэл найдвартай болгосон юм.
Өнөөдрийн үгээр Бурхан бидний сэтгэлийн төвд юу байгааг дахин нэг харж үзэхийг хүссэн.
Тэр бидэнд өгсөн энэ амь амьдрал харагдах мөнгө төгрөг байр саванд биш, харин тэнгэрт орших түүний хаанчлалд зориулахыг хүссэн.
Бидний амьдралын хэрэгцээ болгоныг тэр нэг бүрчлэн мэддэг бас хангадаг.
Харин бид тэдгээр зүйлүүдийн төлөө хичээнгүйлэн залбирах биш харин санаа зовж өөрийн хүчээр авахыг хүсдэг. Санаа зовох нь итгэл багатайн шинж юм. Есүст итгэж хэдийгээр аврагдсан хэрнээ бүрэн итгэж чаддаггүй. Жаахан сорилт тулгарахад унадаг.
Итгэлийг хүлээн авсан бидний хувьд ямар ч нөхцөл байдал тулгарсан ч Түүнд найддаг, итгэлээр очдог байх хэрэгтэй. Бурхан бидний зам алхам бүрүүдийг харж бас удирдаж байдаг билээ.
Ром 8:28 Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.
Гагцхүү бид Бурханд итгэвэл тэр бидэнд үүнээс ч агуу хайр ивээлийг өгнө. Мөн Түүнд итгэх итгэл дотор тасралтгүй өсөх хэрэгтэй билээ.
Итгэлээр өсөх гэдэг нь сэтгэлийн хөөрлөөр буй болдог зүйл бол биш харин Түүний үгийг уншиж, хэрэгжүүлдэг тасралтгүй үргэлжлэх явц юм.
Дэлхийн хүмүүс буюу итгэл хүлээж аваагүй хүмүүс ямагт мөнгө санхүү, эрх мэдлийн төлөө зүтгэж амьдардаг юм. Тэд Бурханыг таньдаггүй учраас зөвхөн өөрийнхөө материаллаг хэрэгцээнийхээ төлөө санаа тавьсаар байдаг. Мөн тэдгээр зүйлүүдийг өөрийнхөө амьдралын жинхэнэ утга учир хэмээн андуурдаг.
Бид юуны түрүүнд Би хэн бэ гэдгээ санах хэрэгтэй.
1. Бид хэн бэ? Би бол зүгээр нэгэн оршигч биш Бурханы хайртай хүүхдүүд юм.
2-рт Бурхан хэн бэ гэдгийг санах хэрэгтэй. Бурхан бол бидний эцэг бөгөөд Түүний хайр, хүч чадал, Түүний мэргэн ухаан бол хязгааргүй юм. Тэнгэрт нисч байгаа нэг ч шувуу газарт унадаггүйн адил бид Түүний зөвшөөрөлгүйгээр хэзээ ч бидний өвдөг газар хүрэхгүй. Харим иймд бид яах ёстойг үргэлжлүүлэн харъя.
29-р эшлэлийг хараарай. Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов. 30 Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. 31 Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.
Энд хэлж байгаа түүний хаанчлал гэдэг нь Түүний захиргаа ба хүчийг илэрхийлж байгаа юм. Бурханы хаанчлал гэмтнүүдийг аврахаар, өвчтнүүднийг эдгээхээр ирдэг билээ. Бид зөвхөн Бурханы хаанчлалыг хайгаад зогсохгүй мөн Түүний зөвт байдлыг хайх ёстой. Түүний зөвт байдал гэдэг нь Ариун Сүнсээр дамжуулан Христийн тушаалуудыг дагахыг, бүх хүнд Христийн хайрыг харуулахыг хэлж байгаа юм. Иаков 4:8-ыг харах юм бол 8 Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга гэсэн байна. Хэрэв бид Бурханд итгэж, Бурхантай ойрхон байх юм бол Бурхан бидэнд хэрэгтэй бүхнийг маань бялхам дүүрэн өгөх болно.
Мөн 32 эшлэл дээр: Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.
Иймд хайрт ах дүү нар минь, Тэр бидний материаллаг хэрэгцээг хангаад зогсохгүй мөн өөрийнхөө хаанчлалыг өгсөн юм. Матай 25:34 “Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай гэж хэлсэн байна.
Хайрт ах дүүс ээ. Энэхүү агуу хайр ивээлийг хүлээн аваарай.
Мөн 33 Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг гэхээр зарим хүмүүсийн сэтгэл гонсойдог мөн зарим хүн итгэлийг хүлээж авахаас хүртэл татгалздаг. Харин биднийг бүх хөрөнгөө хоосол гэсэн үг огт биш бөгөөд Зээний хаанчлалын төлөө, мөн Түүний хүссэн цагт бусдыг, ахан дүүсдээ туслахад бэлэн бай гэсэн санаа юм.
34 Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Таны зүрх сэтгэл яг одоо хаана байгаа юм бэ? Эд хөрөнгө дээр байгаа юм биш биз?
Хайрт ахан дүүс минь, Бид өөрийнхөө хадгаламжинд биш, тэнгэрт шавхагдашгүй баялгыг хураая. Бид газрын зүйлийг биш тэнгэрийн хаанчлалыг илүүд үзэх үед бидний зүрх сэтгэл Бурхантай улам бүр ойртдог билээ.
Намайг Баясгал овогтой Түндэвцэрэн гэдэг. Би 1992 оны 4 сарын 19-ий өдөр БНХАУ-ын Хөхнуур Мужийн Дэлхий хотод айлын ганц хүү болж төрсөн билээ. Хар багаасаа аав ээжийн хайр халамжинд бүүвэйлэгдэн өссөн. Хүү минь онц сураарай гэж аав ээж маань дандаа захидаг байж билээ. Ийнхүү би 2009 онд 10 жилээ амжилттай төгсч оюутан болсон.
2010 онд би ЮБФ цуглааны Петр хоньчинтой уулзаж сайн мэдээ анх сонсож, 2011 оны 3 сард оюутан хоньчноор боссон билээ. 2014 оны Мэргэнцэцэг хоньчинтой Христийн дотор нэгэн гэр бүл болсон билээ.
Есүстэй уулзсанаар миний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдсөн. Хувиа хичээсэн, гэмтэй би өөрчлөгдөж шинэ хүн болсон. Өнөөдрийн үгээр дамжуулан би Түүнд бүрэн итгэхийг хүсэн гуйж байна. Хэдийгээр аврал хүлээж авсан ч шавь нар шиг өөрийнхөө төлөө санаа зовдог итгэлээр сул дорой байсандаа гэмшиж байна.
Бурхан өөрийнхөө нандин ивээлээр намайг гайхамшигтайгаар ивээсэн билээ. Бурхан надад МУИС-ын Түүхийн ухааны докторт 50%-ын тэтгэлгээр суралцах дүүрэн ивээл өгсөн билээ. Мөн манай гэр бүлд 2 хүүхэд зөвшөөрөн өгч, эрүүл мэндээр хамгаалсаар байгаад баярлалаа.
Дүгнэлт:
Өнөөдрийн зарлигаар дамжуулан бид Бурханд итгэх нь хэр чухал болохыг суралцлаа. Бурхан биднийг ямагт Өөртэй нь ойр байгаасай гэж хүсдэг. Бид Түүний дүүрэн нигүүлслээр сонгогдсон. Бурхан бидэнд юу хэрэгтэйг биднээс илүү мэддэг. Гэвч бид өөрийнхөө хүсэлд хөтлөгдөн, түүний хүслийг мартсан билээ. Тэр биднийг хээрийн цэцэг, хон хэрээнээс илүү үнэ цэнэтэй гэж үзсэн тул түүний агуу нигүүсэл, дүүрэн хангамж бидэнд дэндүү хангалттай юм. Та өөрийнхөө өмнө байгаа бүх санаа зовуураа Бурханд авчраарай. Гагцхүү та Бурханд 100% итгээрэй. Та Бурханд 100% итгэх үед та амьдралдаа гайхамшгийг харах болно. Хайрт ахан дүүс минь, Бурханы өгөх ивээлийг дүүрэн авахыг ерөөн залбирч байна. Амен.

өмнөх нийтлэл2021 оны East UBF-I НБК-н Иохан 3-р номлол (10.17) Э. Ганболд хн
Дараагийн нийтлэл2021 оны East UBF-III НБК-н Эхлэл номлол(10.16) Г. Насантогтох хн