Сүнсний дайнд ялалт байгуулах нууц арга
Иошуа 6:1-21
Гол эшлэл 6:5
“Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.”
Өнөөдрийн үг нь бат бэх хамгаалалттай Иерихо хотыг Израильчуудад нураан өгч байгаа Бурханы шийтгэлийг харуулсан хэсэг байна. Бид энэхүү номлолоор дамжуулан Бурханы тактик тушаалыг дуулгавартай даган Иерихо цайз шиг асуудлуудыг нурааж ялалт байгуулдаг хүмүүс болохыг хүсэн ерөөж байна.
1. Бурханы тактикт тушаал /1-5/
1-р зүйлийг үзээрэй! “Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв” Иерихо нь Иордан голоос баруун тийш 8 км зайтай оршдог байсан ба Канаан газрын зам сүлжээний төв учир стратегийн хувьд маш чухал хот байв. Канаан нутгийн улсууд хоорондоо цэргийн эвсэл байгуулах, хамтарсан тактик боловсруулахаас урьдчилан сэргийлж Канаан газрыг байлдан дагуулах үндсэн түшиц газартай болохын тулд Израильчууд энэ хотыг заавал эзлэх ёстой байлаа.
Харин энэ Иерихо нь гаднаас нь довтолж нураашгүй, байгалиас заяасан бат бэх цайз байв. 4-н талаасаа өгсүүр уулын оройд байрлах ба цайзын хана нь 2 м зузаантай гадагшаа 35 градус налуу учир хаанаас ч авирах боломжгүй байв. Түүнээс гадна Израильчууд Египетээс гарахдаа Улаан тэнгисийг хуурай газар мэт гаталсан, аморичуудын хоёр хаант улсыг устгасан, Иордан голыг хуурай газар мэт гаталсан зэргийг сонссон Иерихочуудын зүрх нь мохож, сүнс сүлд нь арилаад хотын бүх хаалгыг бат бөх түгжжээ.
Иймээс Израильчууд яах ч аргагүй болов. Байлдаж байж л Иерихо хотыг байлдан дагуулах боломжтой юм. Харин дайснууд нь байлдах ямар ч сонирхол байхгүй, цайз нь эвдэршгүй бат бэх, дайрах боломжгүй учир Иерихо руу орох цорын ганц зам нь хаалгаар нь орох явдал байв.
Гэвч хотынхон бат цоожилсон учир яах ч аргагүй байлаа. Тэр хотыг удаан хугацаагаар бүслэн дайнуудаа өлсгөлөнгөөр хавчих арга байгаа ч түрүүлж Израильчууд өөрсдөө өлсөх нь зайлшгүй байв. Газар нь хад чулуутай учир ухаж орох боломж ч байхгүй байлаа. Харин Иерихочууд яарах юм байхгүй учир тэд хаалгуудаа бат хаагаад хүлээж байлаа. Израильчууд үнэхээр мухардмал байдалд хүрчээ
3-5 дугаар зүйлийг уншицгаая. 3-5-р эшлэлийг үзвэл: Та нар хотыг тойр. Тэгэхдээ бүх дайчин эрс хотыг нэг удаа тойрогтун. Үүнийг зургаан хоног хий. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.
Та нар ийм хүүхдийн тоглоом шиг тактик сонссон уу? Ийм цэргийн тактик гэж байх уу? Зүгээр л бүрээ үлээгээд өдөрт нэг удаа цайзыг тойрвол болно гэж байна. Нэг хоёр өдөр ч биш бүр 7 өдөр цайзыг тойрч хашгирвал тэр бат бэх цайз нурна гэнэ үү? Энд жаахан андуурал гарсан уу? Эсвэл биднийг хуурч дайсны олз болгох гэж байна уу? гэж Изриальчууд бодсон байхаа. Ямар ч байсан Бурханы энэ тактикт тушаал нь бидний оюун ухаанаар ойлгоход хэцүү тушаал байв. Харин энэ тушаалыг авсан Иошуа болон ард түмэн яасан бэ?
2. Иерихог эзэлсэн Израильчууд (6-21)
Одоо 6-9-р эшлэлийг үзээрэй. Иошуа тахилчдыг дуудаж Бурханы тактик тушаалыг тэр ёсоор нь дамжуулсан төдийгүй ард олонд ч тэр хэвээр нь дамжуулжээ. Иошуа Бурханы тушаалыг ард олны сэтгэлд тааруулан өөрчлөөгүй.
Долоон өдөр тойр гэснийг зургаан өдөр ч юм уу, таван өдөр ч юмуу, эсвэл гурван өдөрт багтаагаад нэг мөсөн тойр гээгүй.
11-20-р эшлэлд Бурханы тушаасан ёсоор Иошуа болон Израильчууд 100% дуулгавартай дагасан. Тэд өдөр болгон Иерихо цайзыг нэг бүтэн тойрсон бөгөөд 7 өдөр тойрч, бүрээн дуунаар маш чангаар нэгэн зэрэг уухайлан хашхирсан. Тэгэхэд бат бэх Иерихо цайз өөрөө нуран унасан юм.
Тэгвэл хүний нүдээр харахад яагаад ч эзэлж авч чадахгүй, нурааж чадахгүй байгалиас заяасан бат бэх Иерихо цайз яагаад ийм амархан нуран унасан бэ? Израильчууд долоон өдрийн турш тойрч алхсанаас болсон уу? Эсвэл зэрэг хүчтэй хашхирснаас болсон уу?
Энэ нь бидний оюун ухаанаар тайлбарлагдахгүй ер бусын үйл явдал юм. Археологичид Иерихо цайзыг нурж унасан нууцыг судалсан байна. Харин тэд нурсан шалтгааныг судлахдаа олон хүний хөлийн доргилт болон дуунаас болж уулын чулуу нурж, хотын бат бэх цайз нуран унасан гэж таамаглаж байна. Харин бид уг үйл явдлаар дамжуулан ялалтын нууц хаана байгааг сурч болно.
Иерихо цайзыг эзлэн авахад Израильчуудын гүйцэтгэсэн цэргийн тактик ажиллагаа нэг ч байхгүй. Израилийн цэргүүд Иерихо цайзыг нураахад сэлэм барьж тулалдаагүй. Тэсрэх бөмбөг хэрэглэж, галт сум ч харваагүй.
Товчхондоо бол чигчий хуруугаа ч хөдөлгөөгүй. Тиймээс Иерихо цайзыг нураагч нь тэд биш, Бурхан байсан юм. Израильчууд Бурханы тушаалыг дуулгавартай дагасан учир Бурхан Израильчуудад Иерихо цайзыг өгнө гэж амласан ёсоороо түүнийг нураасан юм.
Иерихо хотыг эзлэх дайн бол Канаан газрыг байлдан дагуулах анхны дайн байсан юм. Энэ дайнаар дамжуулан Бурхан Канаан газарт байгаа бүх дайснуудыг нь Израильд зөвшөөрөн өгсөн ба Бурхан Өөрөө байлдан гэдгээ харуулсан билээ. Үнэндээ бол Канаан газрыг байлдан дагуулах дайн нь Бурханы дайн бөгөөд Бурхан Израильчуудын гараар дамжуулан гэмээр дүүрсэн канаанчуудыг шийтгэх гэсэн юм.
Тэгвэл Иерихо хотыг байлдан дагуулахад Израильчуудын хийсэн бодит зүйл нь юу вэ? Мөн ялалтын нууц юу вэ?
1-рт, Бурханы үгийг дуулгавартай дагасан.
Иошуа болон ард түмэн Бурханы тушаалыг тэр ёсоор нь дагасан. Цайзыг тойр гэсэн ёсоор нь тойрч, хашхир гэсэн ёсоор нь хашхирсан. Тэд Бурханы тактикыг огт эсэргүүцээгүй бөгөөд өөрсдөө тактик зохиох гээгүй. Мөн нэг хоёр удаа дуулгавартай дагаж байгаад үр дүн гарахгүй байна гэж орхиогүй. Тэд зөвхөн Бурханы зарлигийг бүрэн дуустал дуулгавартай дагасан. Тэгснээр Иерихо цайзыг нурааж ялалт өгсөн Бурханы агуу хүч чадал, гайхамшгийг биеэр үзсэн билээ.
Бид энэ үйл явдлаар дамжуулан Бурханы хаанчлалын ажилд ялалт байгуулах нууц арга нь зөвхөн Бурханы зарлиг, тушаалыг 80% биш, 99% ч биш, 100% бүрэн дуулгавартай дагах явдал гэдгийг сурч болно. Харин Бурханы үгийг дуулгавартай дагахдаа нэг хоёр удаа дагаж үзээд байдал сайжраагүй, өөрчлөгдсөн юм алга гээд больж болохгүй. Бүрэн дуустал дагах хэрэгтэй. Тэгснээр агуу зүйлсийг хийж чадах Бурхантай хувьчлан уулзаж таньж мэдэж чадна.
Бурханы үг тушаалыг дуулгавартай дагахын тулд юун түрүүнд биднээс итгэл шаардагдана. Дуулгавартай байдал ба итгэл нь зоосны хоёр талтай адил юм. Тиймээс энэ хоёрыг салгаж ойлгохын аргагүй юм. Бурханд итгэж байгаа л бол дуулгавартай дагахад хэзээд бэлэн байдаг. Израильчууд Бурханы хийх ажил ба хүч чадалд итгэж байсан учир бүрэн дуулгавартай дагаж чадсан юм.
Бид хоньдыг тэжээх, их дээд сургуулийг сайнмэдээгээр байлдан дагуулахдаа ч өөрсдийн туршлага, мэдлэг чадварт түшиглэн тактик зохиох бус, Бурханы хүслийг асуун залбирч Бурханы үгийг тунгаан бясалгаж Бурханы өгөх үг тушаалыг сонсох ёстой юм.
Үүний тулд мэдээж Бурханы үгийг сонсдог цагтай байх хэрэгтэй. Тэгснээр өөрийн гэсэн үзэл бодол, төлөвлөгөөг үгүйсгэж бардам зангаа өдөр бүр гэмшихэд Бурханы үгийг дуулгавартай дагаж чадна. Бурханы үгийг хүний ухаанаар бодон хүлээж авахад хэцүү боловч Бурханд итгэж дуулгавартай дагахад Бурхан биднийг ялалт байгуулдаг, амжилттай амьдралаар удирдаж өгнө гэдэгт итгэж байна.
2-рт, Бурханы үгийг тэргүүнд тавьсан.
Израильчууд Иерихо хотыг зургаан өдрийн турш өдөрт нэг удаа тойрч долоо дахь өдөр долоон удаа тойрсон. Гэхдээ тэд өөрсдийн дураар замбараагүй тойроогүй. Тэдний жагсаалыг үзвэл тэргүүнд нь хамгаалагч цэргүүд, дараа нь хуцын эврээр хийсэн долоон бүрээ барьсан 7 тахилч, дараа нь Бурханы гэрээний авдар, хамгийн сүүлд нь их цэрэг дагав.
Өөрөөр хэлбэл Бурханы гэрээний авдрын өмнө хойноос нь цэргүүд хамгаалж, 7 тахилч бүрээ татаж удирдаж байгаа жагсаал байсан. Тиймээс жагсаалын төв нь Бурханы зарлигийг агуулсан гэрээний авдар байв. 11-р зүйлийг үзвэл “Эзэний авдар хотыг 1 удаа тойров” гэж бичигджээ.
Тиймээс Иерихо цайзыг тойрогч нь Израильчууд бус, ЭЗЭНий авдар байсныг гэрчилж байна. Израильчууд бол зөвхөн гэрээний авдрыг хамгаалагч төдий л байсан. Өнөөдөр бидний хувьд бол “Гэрээний авдар” гэдэг нь Ариун Библи юм.
Бид Бурханы үг тушаалыг дуулгавартай дагах гэвэл юуны өмнө Бурханы үг буюу Бурханы өгдөг тактикийг сахин хүндэтгэх хэрэгтэй. Бурханы үг бол амьд бөгөөд идэвхитэй. Хүний зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. (Еврей 4:12)
Израильчууд гэрээний авдрыг хамгаалж Иерихо хотыг тойрохдоо өөрсдийгөө Бурханы ариун ард түмэн, Бурханы үгийг гэрчлэх тахилч ард түмэн гэдгийг дахин дахин санаж тойрсон бизээ.
Учир нь тэдний амьдралын зорилго, үзэл бодол, үйлсийн гол төв нь Бурханы үг буюу Бурханд байжээ. Бурханы үгийг амьдралынхаа төв болгон амьдардаг ард түмэн дэвжин дээшилж хөгжин цэцэглэдэг юм. Иошуа 1:8-д “Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтанд хүрэх болно” гэж хэлсэн байдаг.
Энэ бол зүгээр ч нэг сайхан үг биш. Энэ бол Бурханы бидэнд амласан амлалт бөгөөд бодитой юм. Тиймээс таны амьдралын төвд Бурхан буюу Бурханы үг байгаасай гэж хүсэн ерөөж байна.
3-рт, Сэтгэл нэгдэн чанга хашхирсан.
Израильчууд Иерихо хотыг эзлэхийн тулд нэг сэтгэлтэй байсан. Нэг хүн ч хоцроогүй, мөн түрүүлээгүй. Бүгд нэг хүн шиг хөдөлцгөөж байсан. Бусдаас тодорч харагдахын тулд эсвэл од болохын тулд хачин үйлс гаргасан хүн байгаагүй. 2 сая гаруй ард түмэн долоон өдрийн турш ямар ч чимээ шуугиан, асуудал гаргалгүй нэг хүн шиг хөдөлсөн нь үнэхээр гайхамшигтай зүйл байлаа.
Мөн Иошуа ард түмэнд Бурханы тушаалыг дамжуулахдаа битгий дуу гарга гэж тушаасан. Тиймээс Израильчууд Иерихо хотыг тойроход гарсан дуу нь зөвхөн тахилчдын хүнгэнэсэн бүрээний дуу байв. Энэ тахилчдын бүрээний дуу нь Бурханыг магтаж буй дуу бөгөөд бүрээг татахад ард түмэн дуугүй байж магтаал дуу сонсох ёстой байв. Хотыг тойрохдоо уйдаж байна, чимээгүй явж байхаар хөгжилтэй зүйл ярья, магтан дуулья гэж олон юм ярьж шивнээгүй. Мөн энэ ямар сонин тактик вэ? гэж гомдоллож гоморхоогүй.
Энэ мэт ямар ч хүнийг төвд тавьсан дуу гараагүй, зөвхөн Бурханыг магтсан дуу л сонсож хотыг тойрон алхацгаасан. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийг нь аварч агуу хайраар удирдсан Бурханд талархал магтаал өргөн, цаашид ч өөрсдийнх нь төлөө агуу ажлыг хийх Бурханд талархал магтаалыг өргөж тойрон алхцгаасан юм. Бурхан Израильчуудын энэ агуу итгэлийг ивээж Иерихо цайзыг нурааснаар тэдэнд ялалтыг өгөв.
Тэд ингэж чадсан нь нэгдмэл байсан учир юм. Паул Филиппой чуулганд бичсэн захидалдаа “адил сэтгэж адил хайртай байж сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж намайг гүйцэд баярлуул.” гэж өгүүлсэн.
Энэ нь цаашлаад Бурханыг ч баярлуулах зүйл юм. Бидний санаа зорилго, алсын хараа, хүсэл мөрөөдөл, дуудлага, цаашлаад үг яриа маань ч нэг болох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид Бурханы хаанчлалын төлөө нэгдэж нэг бие шиг хамтран зүтгэж чадахгүй.
Израильчууд сэтгэл нэгдэж чадсан бөгөөд Бурханы заасан цагт нэгэн зэрэг чанга хашхирснаар Бурханы гайхамшигт ажлыг харсан. Энэ цагт бид ч гэсэн сэтгэл нэгдэн залбирч нэг санаатайгаар үйлчилснээр Бурханы бэлтгэсэн гайхалтай ажлыг харж чадахыг гуйж байна.
Дүгнэлт: Өнөөдөр бид амьдралдаа үргэлж Иерихо цайз мэт дийлж чадахааргүй асуудлуудтай тулгардаг. Тэр Иерихо цайзууд нь бидний дотор байж болно, гадна байж болно. Бидний дотор байгаа Иерихо цайз нь бид өөрсдийн хүчээр өөрчилж чадахгүй муу зуршил, сэтгэлийн гүнд суулгагдсан гутранги үзэл бодол, муухай зан байж болно.
Бидний гадна байгаа Иерихо цайз нь мэргэжил, гадаад хэл эзэмших, ажилд орох, гэр бүлийн байдал, дагалдагч өсгөх зэргээр хүн бүрт өөр өөр байдаг. Бид иймэрхүү Иерихо цайзыг заавал байлдан дагуулах ёстой ба гэхдээ зөвхөн өнөөдөр сурсан аргаар байлдан дагуулж чадах юм.
Өнөөдөр их дээд сургуулийн оюутан залуусын сэтгэл янз бүрийн гэмээс, мөн хуурамч багш, сургаал үзлээс болж чанд хаагдсан Иерихо цайз мэт болсон. Ийм тэднийг хараад бид яаж ч чадахгүй аргаа бардаг. Тэгвэл бид хэрхэн оюутан залуусыг байлдан дагуулж тэдний сэтгэлийн хаалгыг нурааж тэднийг эзэмдэж байгаа гэмийн хүсэл, үзэл бодлыг байлдан дагуулж чадах вэ?
Их сургуулийг 7 өдөр тойрч, 7 дахь өдөр нь 7 тойроод чанга хашхирах уу?
Бидний оролцож байгаа дайн нь сүнсний бөгөөд Бурханы дайн учир Бурхан Өөрөө байлдаж бидэнд ялалт байгуулж өгнө. Тиймээс бидний хийх ажил нь сая сурсанчлан зөвхөн Бурханы хайранд бат итгэж Бурханы үгийг 100% дуулгавартай дагах явдал юм. Мөн Бурханы үгийг төвд тавьж сэтгэл зүрхээрээ нэгдэх явдал юм. Тэр үед Иерихо цайз шиг чанд хаагдсан оюутнуудын сэтгэлийн цайз нуран унан гэдэгт итгэж байна. Мөн өөрсдийн дотор байгаа дааж давшгүй цайзуудыг нураан хувийн итгэлийн амьдралдаа ялалт байгуулж чадах юм. Учир нь Бурхан бидний өмнөөс Өөрөө тулалдах болно.
Харин бидний зүгээс хийх зүйл нь итгэж дуулгавартай дагах юм. Мөн залбираад чимээгүйгээр хүлээх нь чухал. Та Бурханд итгэж байна уу? Тэгвэл ялалт байгуулж чадна. Та Бурханы үгийг дуулгавартай дагаж байна уу? Тэгвэл ялна. Энэ цагт Бурхан та бүхнийг өдөр бүр ялалттай амьдралаар удирдахыг хүсэн гуйж байна.
Эзэн бидэнд “ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай!…” гэж хэлж байна. Амен!