2021 оны Марк 38-р номлол (02.21) Абрахам Нямсүрэн

ТАНЫ ХҮСЛЭЭР БОЛОГ

Марк 14:32-42
Гол эшлэл: 14:36

“Есүс Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ.”

Бурханы танд хандсан хүсэл төлөвлөгөө юу гэдгийг та мэдэх үү? Хүн бүр өөрт нь хандсан Бурханы хүслийг тодорхой мэдэж авахыг хүсдэг. Зарим хүн Бурханы хүслийг мэдэж байгаа боловч дуулгавартай дагахыг хүсдэггүй бөгөөд өөрийн хүсэл ба төлөвлөгөөг илүүд үздэг. Тэгвэл өнөөдрийн үгээр дамжуулан Есүс хэрхэн Бурханы хүслийг дуулгавартай дагахын тулд залбирлаар сүнслэг тэмцэл хийж ялалт байгуулсан талаар суралцах болно.

32-р эшлэлийг хараарай. Есүс шавь нарын хамт Гетсемани цэцэрлэгт иржээ. Гетсемани бол Есүсийн байнга залбирдаг газар нь байсан. Есүс ойртож буй загалмайн зовлонгийн өмнө Бурханд очин залбирахыг хүссэн. Ялангуяа залбирлаар бүх асуудлаа Бурхан Эцэгтээ ярьж Түүний хүсэл таалал ба удирдлагыг хичээнгүйлэн хайхыг хүсчээ. Дотоод зөрчил болон шаналалтай энэ мөчид Бурханы өмнө ганцаараа очин зогсож Түүний тусламж ба энэрлийг хайж байна. Ингэхдээ Өөрийн хайртай дотны шавь нар болох Петр, Иаков, Иохан нарыг дагуулан ирсэн. Есүс шавь нартаа Өөрийн сул дорой байдлыг харуулан ийнхүү залбирч байгаа нь тэднийг ч гэсэн Есүсийн зовлонд оролцуулахыг хүссэн учраас юм. Мөн хэцүү үед хэрхэн залбирч сүнслэг тэмцлийг хийх ёстойг шавь нартаа заахыг хүсчээ.
Одоо 33б, 34-р эшлэлийг үзээрэй. “…Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд – Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ.”
Есүс өмнө нь олон удаа Өөрийн зовлон ба үхлийн талаар хэлдэг байсан. Гэвч загалмайн зовлон ба үхэлтэй нүүр тулах үед маш ихээр шаналах болсон. Яг одоо загалмайг үүрнэ гэхэд дэндүү хэцүү, хүнд санагдсан. Гэхдээ Есүс зориггүй учраас айж шаналсан биш юм. Харин Есүсийн үүрэх загалмай нь хэний ч төсөөлж байснаас илүү шаналгаатай байсан. Есүсийн үүрэх загалмай нь энэ дэлхийн бүх хүн төрөлхтний төлөө үүрэх загалмай байсан юм. Мөн хүн төрөлхтний үйлдсэн бүх гэм нүглийг бидний өмнөөс үүрэн хараагдаж загалмай дээр доромжлуулан, Бурханд ч хэсэг хугацаанд хаягдах ёстой байсан. Есүс биднийг хамгийн сайн ойлгож чадахын тулд нүгэлтнүүдийн зовлонг бүх талаар мэдэрч байсан. Үнэндээ бол Есүс махбодын өвдөлт зовлонгоос айсандаа бус хүн төрөлхтний дааж давшгүй асар их гэмийг үүрэх учраас сэтгэлээр зовж шаналсан юм. Есүсийн үхэл нь энгийн нэг үхэл байгаагүй. Түүний энэ дэлхийд ирсэн зорилго, амьдралын утга учир нь хүн төрөлхтний авралын төлөө учраас энэ загалмайг үүрэх ёстойгоо мэдэж байсан. Хүн төрөлхтний авралын төлөө өөр зам байхгүй учир гарцаагүй үүрэх ёстой загалмай байсан. Тиймээс Есүс махбодийн хувьд гунигтай, зөрчилтэй, ганцаардмал байдалд байв. Уг нь Есүс Бурханы Хүү учраас ийнхүү шаналж зовох шаардлагагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ Тэрээр махбодийн хувьд 100% хүн чанартай бөгөөд бидэнтэй адил зовж шаналж өвдөж баярлаж гуниглаж ганцаардах гэх мэт бүх талаар адилхан байсан. Тиймээс махан биеийн мөн чанараараа загалмайг үүрмээргүй, хойшлуулмаар эсвэл өнгөрүүлмээр байжээ. Мөн загалмайг үүрэхгүйгээр шууд өөр газар уруу зугтаж эсвэл зэвсэг барин тэмцэлдэж магадгүй өөр янз бүрийн аргаар загалмайг үүрэхгүйгээр шийдвэрлэж болох байсан байх. Гэвч Өөрийн санаагаар зүтгээгүй. Харин махбодиор тэмцэхийн оронд сүнсний тэмцлийг хийж Бурханы хүслийг биелүүлэхийг хүссэн юм.
Өнөөдөр бидний сэтгэл зүрх юуны төлөө, юунаас болж шаналж зовж байна вэ? Эрүүл мэндийн асуудлаас шаналж байна уу? Санхүү болон гэрлэлтийн асуудал таныг зовоож байна уу? Ажлын асуудал, хоньдын асуудал сэтгэлийг чинь өвтгөж байна уу? Үүнээс гадна харилцааны асуудлаас болж хоньчин маань ч, аав ээж минь, найз нар минь, хамтран зүтгэгч нар минь намайг ойлгохгүй байна гэдэг. Тэр ч бүү хэл эхнэр нөхрүүд хоорондоо ойлголцохгүйгээс болж хэрэлдэж бие биедээ гомдоллож харилцаа хөндийрдөг. Энэ мэт янз бүрийн асуудлаас хүмүүс шаналж сэтгэлээ зовоож байдаг. Ямар ч асуудалгүй хүн байхгүй байхаа. Гэхдээ асуудал шийдэгдэхгүй байвал Бурхан намайг анхаарахгүй байна, туслахгүй, ойлгохгүй, гуйлтыг минь ч сонсохгүй юм гэж сэтгэлээр унаж гомдоллодог.
Тэгвэл биднийг хэн сайн ойлгож тусалж чадах вэ? Мэдээж Есүс биднийг хэнээс ч илүү сайн ойлгож тусалж чадах Нэгэн юм. Тэрээр махбодийн хувьд бидэнтэй адил соригдсон учир бидний бүх зовлон гуниг, сэтгэлийн шарх бүхнийг хамгийн сайн ойлгож тусалж чадах Нэгэн юм. (Евр 4:15) Миний бүх бүтэлгүйтэл, ялагдал, уйтгар гуниг, ганцаардал, сул дорой байдал, санаа зоволтыг хамгийн сайн ойлгож тусалж чадах нэгэн бол Есүс юм.
Одоо 35-р эшлэлийг хараарай. “Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав.”
Эндээс харвал Есүс газар унаж залбирлаа гэж байна. “Газарт унасан” гэдэг нь Бурханд дуулгавартай, төлөв даруу байдал болон өөрийн сул доройг хүлээн зөвшөөрч буй илэрхийлэл юм.
Хэрэв бидний амьдралд ямар нэгэн асуудал байвал юуны түрүүнд Бурханы өмнө өвдөг сөгдөн, газарт унан залбирах хэрэгтэй. Энэ нь өөрийн бодол санаа, махбодын хүсэл шунал, бардам зөрүүд болон дуулгаваргүй байдал зэргийг бүгдийг нь хоослон Бурханы өмнө очихыг хэлж байна. Хэрэв бид өөрийгөө ийнхүү хоослохгүй бол гаднаас харахад итгэлтэй, хичээнгүй залбирч байгаа мэт боловч зөвхөн өөрийн хүслийг Бурханд тулгаж биелүүлж өгөхийг шаардан, заавал авах ёстой, Бурхан заавал биелүүлж өгөх ёстой мэтээр ханддаг. Ийм хүмүүс нь өөрийн хүслийг биелүүлэхийн төлөө “Би энэ ажилд ормоор байна”, “ийм хүнтэй гэрлэмээр байна”, “ийм байранд амьдармаар байна”, “ийм машин авмаар байна”, “би тийшээ явмаар байна” “би энэ ажлыг хиймээр байна” гэх мэт зөвхөн өөрийн хүслээр Бурханд залбирдаг. Ийнхүү хүссэн зүйлээ залбирахад Бурхан залбиралд нь хариулж туслахгүй бол гомдоллож итгэлээр унаж эхэлдэг. Энэ нь сүнсээр балчир хүмүүсийн хандлага юм. Ийнхүү өөрийгөө төвд тавьсан хандлагаар залбирах нь залбирч буй хүний гол асуудал болдог. Тиймээс бидний залбирал Бурханы хүсэл биелэхийн төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөөх залбирал байх хэрэгтэй. 1Иохан 5:14-д “Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.” Бид өдөр бүр даруу сэтгэлээр өөрийн хүслийг үгүйсгэх нь маш чухал юм. Эс бөгөөс өөрийн хүслийг Бурханы хүсэл хэмээн андуурч өөрийн санаагаар үйлдэхэд хүрдэг.
Тэгвэл Есүс хэрхэн залбирч Бурханы хүслийг дуулгавартай дагасан талаар харцгаая. 36-р эшлэлийг хамт уншицгаая. “Есүс – Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ.”
Юуны түрүүнд Есүс “Ааба, Ааваа” хэмээн дуудсан. Энэ нь Есүс ба Бурхан Эцэг хоёрын ойр дотно, хайр ба итгэлцлийн харилцааг илтгэн харуулж байна. Үүнчлэн Бурханы хайранд бат итгэж, эргэлзэлгүйгээр залбирах нь маш чухал гэдгийг сурч болно. Хэрэв Бурханы хайранд эргэлзэж эхэлбэл Бурхантай харилцах харилцаа хөндийрч, үнэнч сэтгэлээр залбирлыг өргөж чадахгүй. Бид хүнд хэцүү нөхцөл байдалд орох үедээ Бурханы хайранд эргэлзэн гомдоллох нь амархан байдаг. Есүс амьдралынхаа хамгийн хэцүү сорилттой үед ч гэсэн Бурхан Аавынхаа хайранд огт эргэлзэж, гомдоллоогүй. Учир нь Бурхан Эцэг нь Хүүгээ хамгийн сайнаар удирдаж хэзээ ч орхихгүй гэдэгт баттай итгэж байсан юм. Энэ л итгэл ба найдвар дотроо “Эцэг минь, боломжтой бол энэ цагийг хажуугаар өнгөрүүлж энэ аягыг алгасуулаач” хэмээн сэтгэл зүрхэндээ байгаа зөрчил болоод сэтгэлийнхээ гүн дэх бүхнээ үнэнээр нь илчилсэн. Энэ цаг ба аяга гэдэг нь загалмайн зовлон ба үхлийг хэлж байна. Есүсийн хувьд дөнгөж 33 настай, эрч хүчтэй, цус шингэн, ид хийж бүтээх насандаа байсан учир олон хүнийг гэмээс аварч сайнмэдээг газар бүрт тунхагламаар байсан байх. Түүнчлэн итгэлээр төдийлөн өсч төлөвшөөгүй дагалдагч нараа дагалдуулан гүн бат итгэлтэй болгон өсгөмөөр байсан бизээ. Нийгмийн талбар бүрт олон үйлчлэлийг хийж Бурханы тусламж хэрэгтэй бүхий л хүмүүст туслахыг хүсч байсан бөгөөд хийх ажил нь дуусаагүй бөгөөд үхэх цаг нь ч болоогүй гэж бодсон бизээ. Ийнхүү олон зүйлийг бодон шаналж байгаа боловч Өөрийн санаагаар зөрүүдлэн зүтгэлгүй “Миний хүслээр биш, Таныхаар болог” гэж залбирав. Эндээс харвал Есүс Өөрийн бүх хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, санаа бодол Өөрийн гэсэн бүхнээ бүрэн үгүйсгэсэн гэдгийг ойлгож болно. Тийнхүү Тэр Бурханы хүсэл, мөрөөдөл, төлөвлөгөө, хийх ажилд л бүрэн итгэл найдвараа тавьсан. Энэ нь Бурхан Аавдаа хандсан итгэл төдийгүй Бурханыг л баярлуулах гэсэн чин хүсэл байсан. Ийнхүү залбирлаар шаргуу тэмцлийг хийснээр сүнсний эргэлт хийж итгэлийн шийдвэр гаргасан. Есүс хамгийн хэцүү зөрчил, шаналалын дунд ч өөрийгөө баярлуулахаас илүү Бурханыг баярлуулахыг хүссэн. Есүс Өөрт нь хандсан Бурханы тааллыг мэдэж байсан бөгөөд загалмайг үүрэх хүч дутагдаж байгааг ухаарсан. Тиймээс тууштай шаргуу залбирлаар загалмайг үүрэх Ариун Сүнсний хүчийг хүлээн авсан.
Бид ч гэсэн өөрт минь хандсан Бурханы хүслийг мэддэг бөгөөд дуулгаватайгаар загалмайн замаар явах ёстойгоо ч сайн мэддэг. Гэвч үүнийг биелүүлэх хүч ба итгэл дутагдаж байдаг. Тэгээд загалмайнаас зугтмаар санагддаг. Тэгээд амар хялбар, тав тухтай, зовлон ба хавчлагагүй, асуудалгүй амьдрахыг хүсдэг. Хэрэв одоо ч гэсэн таны дотор ийм бодол санаа, эргэлзээ байгаа бол “Гэвч миний хүслээр биш, Таны хүсэл биелэх болтугай” гэж залбирч буй Есүсийг санацгаая. Жинхэнэ залбирал бол өөрийн хүсэл ба төлөвлөгөөг бүрэн үгүйсгэж Бурханы хүсэл таалал ба удирдлагад өөрийгөө нийцүүлэн бууж өгөх тэмцэл юм.
Хүмүүс ер нь залбирлын талаар маш сайн мэддэг. Хэрхэн яаж залбирах ёстойгоо ч мэдэж байдаг. Залбирахгүйгээр сүнсний тэмцэлд ялалт байгуулж чадахгүй гэдгээ ч мэддэг. Гэхдээ залбирахын тулд цаг гаргаж тууштай тэмцлийг хийдэггүй, зориулалт гаргадаггүйд л асуудал байдаг. Мэдээж залбирал бол сүнслэг тэмцэл учир амаргүй байдаг. Гэхдээ залбирвал Бурханаас мэргэн ухаан, Ариун Сүнсний хүчийг олж авах болно. Залбирвал Бурхан боломж ба үүд хаалгуудыг нээж өгдөг юм. Залбирвал Бурханы хүслийг биелүүлж дуулгавартай дагах халуун сэтгэлээр дүүрэх болно.
41,42а-р эшлэлийг хараарай. “Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд – та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. Бос, явцгаая…”
Есүс гурван удаа залбирсан бөгөөд энэ нь дахин дахин тууштайгаар зогсолтгүй, Бурханы хүслийг дагах хүртлээ залбирсныг харуулж байна. Тэрээр загалмайн зовлон үүрч чадах хүчийг олох хүртлээ, айдас, сэтгэлийн шаналал, түгшүүр бүхнийг арилж, амар тайван ба итгэл зоригийг олох хүртлээ залбирсан. Тэрээр хичээнгүйлэн хөлсөө цус болтол шаргуу тэмцэл хийн залбирсны эцэст Сатаны уруу татлага, Өөрийн сул дорой байдал, айдсыг ялан дийлж Бурханы хүслийг дуулгавартай дагаж загалмайг үүрэх сэтгэл зүрх, зориг ба шийдвэрээр дүүрэн болсон. Залбирсны дараа Тэрээр Өөрийн хүслээс Бурханы хүсэл руу, махан биеийн хүслээс сүнсний хүсэл руу эргэлтийг хийж байна. Өөрөөр хэлбэл Бурханы хүслийг бүрэн дуулгавартай дагахад сэтгэл сүнс, махбодиор бэлэн болсон юм. Өөрийн дотор байсан махбодийн хүслээ бүрэн хоосолж, сүнслэг хүслээр дүүрчээ. Тиймээс Бурханы хүслийг бүрэн дуулгавартай дагаж Бурханыг баярлуулахаар шийдсэн. Есүсийг баривчлахаар ирж буй дайснуудтай нүүр тулахаас өмнө Бурхантай нүүр тулан уулзаж сүнсээр ялалт байгуулсан юм.
Тэгвэл өнөөдөр бидний залбирал ямар байна вэ? Бурхан монгол улсыг хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн болгон өгөхийн төлөө залбирах хэрэгтэй. Монгол болоод гадаадад салбар чуулганууд байгуулагдан Бурханы хаанчлал тэлэхийн төлөө, олон итгэлийн гэр бүлүүд босч чуулган маань гэр бүлүүдээр дамжуулан хүчирхэгжихийн төлөө залбирах хэрэгтэй. Монголын их дээд сургуулиудад олон сүнсний удирдагчид босгогдохын төлөө залбирах хэрэгтэй. Хэрэв бид эдгээрийн төлөө сэтгэл гарган залбирахгүй бол бидний гар хөл хөдлөхгүй, оюун ухаан ч ажиллаж сэтгэхгүй, ам хүртэл сайнмэдээний төлөө нээгдэхгүй.
Зарим хүмүүсийн залбирал нь ихэвчлэн өөртөө төвлөрсөн, өөрийнхөө төлөө байх хандлагатай байдаг бөгөөд аминч, өчүүхэн, ирээдүйгүй, бодлогогүй, алсын хараагүй байдаг. Харин бидэнд хандсан Бурханы хүсэл нь бүрэн төгс бөгөөд хамгийн сайн юм. Бидний сайн мэдэх Иеремиа 29:11-д “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна.” гэж хэлсэн. Магадгүй Бурханы хүслээр үйлдэж дуулгавартай дагах үед хохирч алдаж байгаа муу шийдвэр мэт санагдаж болох ч эцсийн үр дүн нь хамгийн сайн бөгөөд сүнслэг ерөөлүүдээр дүүрэн байдаг. Түүгээр зогсохгүй Бурханы хүслийг даган үйлдсэнээр Бурханы хаанчлалын нууцуудыг ухаарч Бурханыг улам илүү таньж мэдэн, Бурханд хэрэглэгдэх сүнсээр төлөвшсөн хүнээр өсч чадах юм.
Есүс бидэнд Бурханы хүсэлд дуулгавартай байхын хамгийн сайн бодит жишээ болсон юм. Есүс Өөрийгөө бүрэн үгүйсгэж загалмайн үхэлд ч дуулгавартай байсан бөгөөд Түүний бүхий л амьдрал нь дуулгавартай даруу байдлыг харуулсан. Үүнчлэн Бурханы хүсэлд дуулгавартай байхад биднээс золиос, зориулалтыг шаарддаг. Мөнгө санхүүг золиослох, сайхан албан тушаал ба ажлыг золиослох шаардлага ч гарна. Бурханы хүсэл ба махбодийн хүсэл нь үргэлж сөргөлдөж байдаг учир тодорхой хэмжээгээр сүнсний тэмцэл байнга явагдаж байдаг.
Миний хувьд сургуулиа төгсөөд мэргэжлийн ажил хайж байх үед орон нутагт 2 жил ажиллаад ХАА-н яаманд мэргэжилтнээр ажиллах боломж нээгдэж байсан Бурханд үйлчлэх боломжгүй ажил гээд татгалзаж байсан. Гэхдээ Бурхан мэргэжлийн дагуу коллежид багшлах боломжийг нээж өгч байсан. Монос эмийн үйлдвэрт мэргэжлийн дагуу судалгааны ажил хийх боломж байгаа ч 6 сар хөдөө ажиллах учир Бурханд үйлчлэхийн тулд энэ ажлаас татгалзсан. Гэвч би хохироогүй бөгөөд харин Бурхан Өөрийн хайр ивээлтэй замаар удирдаж ерөөсөөр байгаад талархаж байна. Энэ мэт манай хоньчид маань Бурханы хаанчлалын төлөө, оюутнуудад үйлчлэх, чуулгандаа долоо хоног бүр хүндэтгэл мөргөл өргөхийн тулд итгэлийн шийдвэр гаргах үед Бурхан гайхамшигтайгаар ерөөж өгсөн олон жишээг бид мэднэ.
Одоо миний хамгийн их залбирч бодол санаанаас гардаггүй зүйл бол дахин илгээлтээр явах байдаг. Тэгээд Бурхан манай гэр бүлийг хаана, хэзээ, ямар арга замаар илгээлтэнд хэрэглэхийг хүсч байна вэ? гэсэн бодол үргэлж байдаг. Ийнхүү залбирахад янз бүрийн бодол орж ирж байгаа бөгөөд үргэлж ямар нэгэн зөрчил ба тэмцэлтэй тулгарч байна. Очоод амьдрах орчин ямар вэ?, хүүхдүүдийн сургууль боловсрол, ажлын байр болон амьдрах байрыг яах вэ? Одоо төлж буй зээл төлбөр болон шийдэгдээгүй асуудлуудыг яах вэ гэх мэт зүйлээс болоод шийдвэр гаргаж чадахгүй байсаар л байна. Өнөөдрийн үгээр дамжуулан өөрийн дотор буй махбодын хүслийг бүрэн хоослох хэрэгтэй бөгөөд даван туулж сүнслэг хүчийг бүрэн дүүрэн авах хүртэл тууштайгаар хичээнгүйлэн залбирсаар байх ёстойг суралцлаа. Энэ цагт Есүсийн залбирлаас суралцаж Бурханд хэрэглэгдэх хүн болохын тулд өөрийн хүслийг бүрэн үгүйсгэж Бурханы хүслийг дагах хүртэл тууштайгаар залбирснаар сүнсний хүнээр өсч чадахыг хүсэн гуйж байна.
Есүс залбирлаар тэмцэж байхад харин шавь нар нь юу хийж байсан бэ? Тэдний хандлага ямар байна вэ? Есүсийг залбирч байгаад ирэхэд шавь нар нь унтсаар л байсан. Хүн бүр залбирал чухал гэдгийг мэддэг боловч яагаад залбирдаггүй вэ? Залбирал нь бодит амьдрал дээр хийхэд хэцүү зүйл байдаг. Тийм учраас шавь нар шиг унтаж сэтгэлээ тайвшруулан бодит асуудлаас зугтахыг хүсдэг. Миний хувьд ч гэсэн сэтгэл санааг зовоох зүйл байвал унтаж түр ч болов сэтгэлээ тайвшруулж асуудлыг мартан, зутгахыг хүсдэг. Энэ нь бодит асуудлаас зугтаж буй үйлдэл болохыг ухааран гэмшиж байна.
Ийм шавь нар болон бидэнд Есүс ямар чухал захиасыг хэлсэн бэ? 38-р эшлэлийг үзээрэй. “Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ.” Энэ нь ямар ч нөхцөл байдалд байсан залбирах ёстой үндсэн шалтгааныг хэлж байна. Хүмүүс бид сул дорой гэдгээ юуны түрүүнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бурханы тусламж ба мэргэн ухаангүйгээр юуг ч зөв хийж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэ дэлхийд амьдрахад муу ёрын сүнс биднийг үргэлж унагахыг хүсдэг ба уруу татаж сорьж байдаг учир сэргэг байх ёстой юм.
Хэрэв хүн өөрийн сул доройг хүлээн зөвшөөрч байгаа бол ямар ч зүйлд Бурханы тусламжийг хүсэн залбирахыг бүхний түрүүнд тавина. Харин бардам хүн бол өөрийн аргаар, өөрийн туршлага ба чадвараар, өөрийн ухаанаар шийдвэрлэх гэж хичээснээр залбирлыг орхигдуулдаг. Түүнээсээ болоод асуудалд орж буруу шийдвэр гарган буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээдэг. Хэрэв бид том жижиг ямар ч асуудлын өмнө Бурханд хандан даруугаар залбирдаг бол Бурханы тусламжтайгаар ялалтын амьдралаар амьдарч чадна. Соригдохгүйн тулд сэргэг байж залбирч чадахыг гуйж байна.
Дүгнэлт: Бид сэргэг байж залбирвал Бурханы хүслийг үгүйсгэж буй дуулгаваргүй байдлаа гэмшиж Бурханы хүслийн дагуу захирагдаж чадна. Сэргэг байж залбирвал Ариун Сүнсний хүчийг авч ямар ч загалмайг төвөггүй үүрэх сүнслэг хүчтэй болох болно. Сэргэг байж залбирвал махбодийн бодол санаа ба хүслийг бүрэн хоосолж зайлуулан сүнслэг хүслээр дүүрч Бурханд хэрэглэгдэх хүнээр өсч чадна. Энэ цагт Есүсийн Гетсемани дахь залбирлыг үргэлж санан, “Ааваа, миний хүсэл бус, Таны хүсэл биелэх болтугай” гэж залбирдаг хүмүүс болохыг хүсэн гуйж байна. Амен!

өмнөх нийтлэл2021 оны Марк 39-р хичээл (02.28)
Дараагийн нийтлэл2021 оны Марк 40-р хичээл (03.07)