ЕРӨӨЛТЭЙ ХҮН
Дуулал 1:1-6
Гол эшлэл 1:2
“Эзэний хууулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана!”
Бүгдэд нь Эзэний өдрийн мэнд хүргэж байна. Мөн 17-р жарны цагаагчин төмөр үхэр жилийн тэргүүн сарын шинийн 3-ны мэндийг дэвшүүлж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу?
Буурал жил улирч буянт жил морилон ирж байна. Өвгөн жил харьж өлзийт үхэр жилтэй золгож байна. Та бүгд өнгөрч буй хулгана жилдээ Бурханы ивээл, ерөөлөөр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Ирж буй цагаагчин төмөр үхэр жилд хүн бүр ам сайтай, эрч хүчтэй, олз омог, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөн сүсэглэж байна. Бидний хувьд ч гэсэн хүн бүрийн амьдрал Бурханы ерөөлөөр дүүрэн байгаасай хэмээн залбирч байгаа байх. Тэгвэл өнөөдрийн үгэнд жинхэнэ ерөөлтэй хүний амьдралын нууц нь юу вэ? гэдгийг заан өгч байна. Өнөөдрийн үгээр дамжуулан бид ерөөлтэй хүний амьдралыг сайн сурч ирж буй жилдээ Бурханы ерөөл ивээлээр дүүрэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Ерөөлтэй хүн (1-3)
Дуулал 1-р бүлэг нь хамгийн эхлээд ерөөлтэй хүний тухай дурьдсанаар эхэлж байна. “Ерөөлтэй” гэдэг үгийг сонсох үед бидний дотор шууд л эрүүл энх байх, гэр бүл үр хүүхэд, сайн үйл явдал тохиолдох, өндөр цалинтай ажилд орох, шинэ байр машин, карьер өсөх гэх мэт зүйлс бодогдож магадгүй юм. Гэвч Еврей хэлэнд ерөөл гэдэг үгийг “аз жаргал” гэдэг үгээр орчуулсан байдаг. Өөрөөр хэлбэл “Ерөөлтэй” байна гэдэг нь хүний гадна нөхцөл байдлаас үл хамааран тухайн хүний сэтгэлийн байдал буюу амар амгалан, баяр хөөртэй байдлыг хэлдэг. Тэгвэл юу хүнийг ийм ерөөлтэй болгодог вэ? гэдэг талаар сурцгаая.
1-р эшлэлийг үзээрэй “Буруутын зөвлөгөөгөөр алхдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ!” гэж байна. Бичигч нь ерөөлтэй хүний тухай тайлбарлахдаа эхлээд хүнд юу байгааг нь биш харин юуг үйлддэг, юуг үйлддэггүй вэ? гэдгийг нь тайлбарлан хэлж байна. Энд ерөөлтэй хүний хийдэггүй гурван зүйл дурьдагдаж байна. 1-рт буруутын зөвөлгөөгөөр алхдагүй, 2-рт нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, 3-рт басамжлагчдын дунд суудаггүй гэж байна. Тэгвэл яагаад эхлээд ерөөлтэй хүний хийдэггүй зүйлсийг дурдаж байна вэ? Үүнд нэг шалгаан байгаа байх. Энд гарч буй “алхах”, “зогсох”, “суух” гэсэн үгнүүд нь хүний оролцооны үйл явцын гурван хэлбэрийг зааж байна. Хэн нэгэнтэй хамт “алхана” гэдэг нь хамтран үйлдэх гэсэн утгатай. Хэн нэгэнтэй хамт “зогсоно” гэдэг нь хэн нэгэнтэй ярьж буу хална гэсэн утгатай. Хэн нэгэнтэй хамт “сууна” гэдэг нь тухайн хүнтэй хамт хийж буй зүйлийг нь хамэ хийж цаг өнгөрүүлэх гэсэн утгатай. Тэгвэл алхдаггүй, зогсдоггүй, суудаггүй гэдэг нь буруутын адил үйлддэггүй, нүгэлтнүүдтэй хамт зогсдоггүй бөгөөд тэднээс эрс өөр эсрэгээрээ амьдардаг гэсэн утгыг илэрхийлж байна.
Дуулал 1:1-р эшлэлтэй холбоотой жишээг Элч Петр Есүсийг баривчлагдах үед үйлдсэн байдаг. Иохан 18:18-д “Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв” гэж байна. Петр Есүсийг баривчлагдах үед тэрээр зарц нар ба харуулуудын хажууд зогссоноос болж эцэстээ Есүсийг гурван удаа үгүйсгэхэд хүрсэн байдаг. Эндээс харвал бид хаана алхаж хаана зогсож хаана сууж байгаагаас хамаарч бид ерөөлтэй нэгнээр амьдрах уу үгүй юу гэдэг маань тодорхойлогддог. Яагаад гэвэл бид эргэн тойронд байгаа хүмүүсээс ямар нэгэн байдлаар үргэлж нөлөө авч байдаг учраас тэр юм. Хэрэв бид ямар ч үед талархах сэтгэлээр дүүрэн хүмүүсийн дунд байвал бид үргэлж талархах болно. Харин бид үргэлж гомдоллодог хүмүүсээр хүрээлүүлж байвал бид үргэлж гомдоллох болно. Тиймээс бид ерөөлтэй хүнээр амьдрах нэг нууц арга бол зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх явдал билээ. Үүнтэй холбоотой бас нэгэн жишээ байна.
Хүүгийнхээ төлөө гурван ч удаа нүүсэн нэгэн ээжийн алдартай түүх байдаг. Хүүгийн нэрийг Мэнжа гэдэг бөгөөд тэрээр Хятадын түүхэнд маш алдартай философичдын нэг (Хятадын Чон улсын үеийн гүн ухаантан(МЭӨ 372 – 289). Күнзийн сургаалыг хөгжүүлсэн). Мэнжаг бага байхад аав нь нас барсан бөгөөд ээж нь ганцаараа түүнийг өсгөсөн. Тэдний амьдрал маш ядуу байсан. Тиймээс эхлээд тэд оршуулгын газрын ойролцоох байшинд амьдрах болсон. Гэвч Мэнжагийн ээж хүүгээ оршуулгын цуваанд хөлсний гашуудагч нарыг дууриан, уйлж байгааг олж харсан. Тиймээс ээж нь тухайн газраасаа нүүхээр шийдсэн. Тэгээд тэд хотын нэгэн зах худалдааны төвийн (Нарантуул худалдааны төв) ойролцоо байшин уруу нүүсэн. Гэвч тэнд Мэнжагийн ээж хүүгээ дахин захын наймаачдын наймааны дууг дууриаж байхыг олж мэдсэн. Эрт үед худалдаачдыг хүмүүс үзэн ядаж гадуурхдаг байжээ. Тиймээс Мэнжагийн ээж сургуулийн ойролцоох байшин уруу 3 дахь удаагаа нүүсэн. Харин тэнд Мэнжа эрдэмтэн судлаач, оюутнуудын нөлөөг авч тэднийг даган сурч эхэлсэн байна. Ингээд Мэнжагийн ээж тэндээ үлдэхээр шийдсэн бөгөөд хожим нь Мэнжа алдартай Хятад улсын эрдэмтэн болсон байна.
Дээрх жишээнээс харвал бид ямар хүрээлэлд байх нь чухал гэдгийг харуулж байна. Энэ цагт та ямар хүмүүсээр өөрийгөө илүү их хүрээлүүлж ямар хүмүүсийн зөвлөгөөг илүү их сонсож ямар хүмүүстэй илүү их ойр дотно сууж байна вэ? гэдгээ нэг бодож үзээрэй. Хэрэв та бурханлаг бус энэ дэлхийн бодит зүйлсийг илүү ихээр чухалчилдаг, мах бахбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахархалыг илүүд үздэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсээр байвал тэдний нөлөөг ямар нэгэн байдлаар авах болно. Магадгүй хэсэг хугацааны дараа өөрөө ч мэдэлгүй тэдний үйлддэгийг нь үйлдэх болно. Харин эсрэгээрээ Бурхан болоод сүнслэг үзэл бодлыг илүүд үздэг, итгэлийн замаар удаан амьдарсан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж тэдэнтэй нөхөрлөн, тэдэнтэй хамт алхаж тэдэний хамт зогсож тэдний хамт суусаар байвал тэдний нөлөөг аван итгэлийн хүнээр өсөх болно.
Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр буруутын зөвлөгөөгөөр алхдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүмүүс болцгооё гэж уриалж байна.
Тэгвэл ерөөлтэй хүн нь юуг даган амьдардаг вэ? 2-р эшлэлийг үзээрэй “Эзэний хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана” гэж байна.
Ерөөлтэй хүн бол Бурханы хууль буюу үгийг хайрлаж өдөр шөнөгүй Эзэний хуулийг бясалгадаг гэж байна. Энд гарч буй “бясалгана” гэдэг нь гүн гүнзгий тунгаан бодно гэсэн утгатай. Монгол үгийн тайлбар тольд “бясалгана” гэдэг үгийг гүн бодож боловсруулан тогтоох, олон удаа эргэцүүлж бодон тогтоох гэсэн утгаар тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хүн юу бодож дотоод зүрх сэтгэлдээ юуг тээж хадгалж байгаа маань бидний амьдралд нөлөөлж бидний амьдралаар ил болдог учраас тэр юм. Тиймээс бид Эзэний үг ба хуулийг гүн гүнзгий тунгаан бодож бясалган амьдарвал энэ нь бидний амьдралд нөлөөлж амьдралд минь ил болдог. Яагаад гэвэл Бурханы үг ба хууль нь өөрөө амьтай учраас тэр юм. Еврей 4:12-т ийнхүү хэлсэн “ Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхитэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” хэмээн хэлсэн. Тиймээс бид Бурханы үгийг дотоод зүрх сэтгэлдээ байлгах үед Бурханы үг амьд бөгөөд идэвхитэй, иртэй сэлэм мэт бидний сэтгэл зүрх, бие махбодод маш хүчтэй нөлөөг үзүүлдэг. Эцэстээ биднийг бурханлаг мөн чанар, бодол санаагаар дүүрэн хүнээр өөрчилдөг билээ.
Тэгвэл Бурханы хуулийг өдөр шөнөгүй бясалгадаг хүнд ямар ерөөл ирдэг вэ?
3-р эшлэлийг үзээрэй “Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна” гэж байна.
Урсгал усны дэргэд тарьсан модны тухай төсөөлөн бодож үзээрэй. Та бүхэн сайн мэдэх байх. Мод, бут, сөөг нь гол нуурын эрэг дагуу маш сайн ургаж цэцэглэн хөгждөг. Тиймээс урсгал усны дэргэд таригдсан мод нь ургацын цагт жимсээ ургуулж ган гачигтай цаг үед навчис нь үл хатдаг. Яагаад гэвэл урсгал ус нь модны амьдралын эх үндэс болдог учраас юм. Үүнтэй адил Бурханы үгийг өдөр, шөнөгүй бясалгадаг нэгэн нь цаг нь болоход сайн үр жимсийг ургуулж амьдралын салхи шуургатай үед навчис нь үл хатах мод мэт ерөөлтэй амьдралаар амьдардаг.
Лук 6:43-45 “43 Мод сайн аваас муу жимс үл гаргана. Мод муу бол сайн жимс эс гарна. 44 Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ. 45 Сайн хүн зүрхнийхээ сайн баялгаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялгаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.” гэж хэлсэн.
Энэхүү эшлэлээс харвал сайн мод муу жимс ургуулдаггүй бөгөөд муу мод сайн жимс мөн ургуулдаггүй гэдгийг хэлж байна. Энэ нь тухайн хүний дотор юу байгаа нь цаг нь болоход ил гарч ирэх нь зайлшгүй үнэн бөгөөд тухайн хүн ямар хүн болох нь илчлэгддэг гэсэн утгатай.
Зарим хүмүүс миний юу бодож байгааг хэн ч харж чадахгүй юм чинь юу бодох нь хэнд хамаатай юм? гэж бодож болох юм. Тэгээд юу хүссэнээ бодож юу дуртайгаа дотроо хадгалж болно гэж бодож болох юм. Гэвч дээрх эшлэлээс харвал бидний зүрх сэтгэлдээ юу байлгаж юу хадгалж тээж байгаа маань хэзээ нэг өдөр заавал илж болж амьдралын үр жимсээр танигдан гэдгийг хэлж байна. Тиймээс бид зүрх сэтгэлдээ юуг бодож тээж яваа нь маш чухал билээ.
Чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй байдал үргэлжилсээр байна. Гэвч он гарснаас хойш чуулганы зарим хоньчид библи уншлагын групп нээн библи уншиж зарим гэр бүл хоньчид гэртээ хүүхдүүдтэйгээ өдөр бүр тогтмол цагт библи уншиж онлайн ӨГ-т зарим нэг гэр бүл эмэгтэй хоньчид тогтмол оролцох болсон байна. Эдгээр нь Бурханы үгийг тунгаан бодох, бясалгах аргуудын нэг билээ. Бурхан цаг нь болоход манай хоньчдын амьдралд үр жимсийг хураан авах боломж өгөх болно гэдэгт итгэлтэй байна. Мөн цагаан сарын хатуу хөл хорионы эдгээр өдрүүдэд чуулганы грүпп дээр эхлүүлсэн смолоороо номлогчийн үгс номыг унших чалленж, Ром библийг уншиж цээжлэх уралдаанууд нь Бурханы үгийг тунгаан бодож бясалгах аргуудын бас нэг хэлбэр билээ. Тиймээс бидний Бурханы үгийг тунгаан бодож бясалгаж буй зориулалтыг ерөөж цаг нь болоход чуулганаараа үр жимсийг хураан авах боломж өгнө гэдэгт итгэж байна.
Эцэст нь 3б-д “Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна” хэмээн хэлсэн. Энэхүү эшлэлээс харвал Бурханы үгийг бясалгадаг хүн нь нөхцөл байдлаас үл хамааран амжилтыг олно гэсэн утгатай. Магадгүй бидний амьдрал гантай байсан ч Бурханы үгийг бясалгасаар байвал нөхцөл байдлаас үл хамааран амжилттай байна гэдгийг хэлж байна. Манай чуулганы хүн нэг бүр энэ мэт Бурханы үг ба хуулийг тунгаан бодож бясалгах цагт өдөр бүр өөрсдийгөө зориулснаар урсгал усны дэргэд таригдсан мод адил, ургацын цагт жимсээ ургуулдаг, ган гачгийн үед навчис нь үл хатах мод адил ерөөлтэй хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
2. Гэм буруутан нь (4-6)
4,5-р эшлэлийг үзээрэй. “4 Гэм буруутан нь тийм бус агаад салхиар ялгагдан хаягдах тарианы хальс мэт. 5 Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ. Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно.” гэж байна. Энд гэм буруутан нь салхиар ялаггдан хаягдах тарианы хальс мэт гэж байна. Тарианы хальс үр тариа хураасны дараа салхиар ялгагдан хаягддаг бөгөөд урсгал усны дэргэд таригдсан модноос эрс ялгаатай юм. Гэм буруутанд ямар нэгэн үүрэг ба үндэс гэж байдаггүй учраас ийнхүү тарианы халс мэт байдаг. Гэм буруутан нь амьдралын салхи шуургатай нүүр тулахаас өмнө бидэнтэй нэгэн адил байдаг. Гэвч салхи үлээхэд ор мөргүй салхиар хийсэх тарианы халь мэт алга болдог. Тэд аливаа номлолын салхи, давалгаанд энд тэнд шидэгддэг(Еф 4:14). Энэ бол гэм буруутанд тохиолдох амьдралын зам юм. 2 Тимот 3:13-д ийнхүү хэлсэн. “Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч хуурагдан улам муудна.” Гэж байна.
Гэм буруутан ба хорон муу хүмүүс нь улам бүр өөрсдийгөө дордуулж өөрсдийгөө устгах болно. Хэн ч тэднийг устгах гэж оролдохгүй бөгөөд улам бүр тэд дордсоор өөрсдийгөө устгадаг. Тэд бусдыг хуурдаг бөгөөд эцэстээ тэд бас хууртагддаг билээ.
Бид өнгөрсөн 7 хоногт Марк 14-р бүлэгт Иудасын тухай сурсан. Иудас Есүст дуудагдаж гурван жил түүнийг даган амьдарсан ч зүрх сэтгэлдээ мөнгийг илүү хайрладаг байсан учраас эцэстээ Есүсээс урвасан байдаг. Гэвч эцэст нь тэрээр сатанд мэхлэгдсэнээ ухаарч эмгэнэлтэйгээр нас барсан байдаг. Энэ бол гэм буруутан хүмүүсийн амьдралын төгсгөлийн нэг жишээ юм.
Миний хувьд энэхүү номлолыг бичиж байх үедээ библи унших замаар Бурханы үгийг тунгаан бодож бясалгах цаг авах хэрэгтэй гэдгийг сурлаа. Миний хуьд утсаа шөнийн 1,2 цаг хүртэл оролдох, зурагт телевизээр кино, нэвтрүүлэг үзэх, хөзөр тоглох зэрэгт цагийг харамгүй зарцуулдаг ч суугаад библи унших цаг авахгүй байгаадаа энэ цагт гэмшиж байна. Бурханы үгийг тунгаан бодож бясалгахад бодит шийдвэр ба зориулалт гарган үгээр дамжуулан ирдэг ерөөлийг амсан амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Бид энэ амьдралдаа ерөөлтэй амьдрах уу? эс ерөөлтэй амьдрах уу? гэдэг нь бидний зүрх сэтгэлдээ юуг байлгахаас шууд хамааралтай гэдгийг өнөөдрийн үг бидэнд хэлж байна. Мосе Израиль ард түмэнд ийнхүү хэлсэн байна. Дэд хууль 30:19-20-д “19 Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож 20 ЭЗЭН Бурханаа хайрлан Түүний дуу хоолойд дуулгавартай байж Түүнээс зуурч бай. Тэр нь чиний амь амьдрал, өдөр хоногуудын чинь урт юм. Тэгвэл чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно гэв.” хэмээн хэлсэн. Бурхан Өөрийнх нь үгийг өдөр шөнөгүй бясалгадаг нэгэнд тусалж ерөөлийн замаар дагуулдаг билээ. Тиймээс ирж буй үхэр жилдээ Эзэний үг буюу хуулийг тунгаан бодож гүн гүнзгий бясалгаснаар урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт жимсээ ургуулдаг, навчис нь үл хатах мод адил ерөөлтэй хүмүүсээр амьдарцгаая. АМЕН.