ЭЗЭН БОЛ МИНИЙ ХОНЬЧИН
Дуулал 23:1-6
Гол эшлэл 23:1
“Эзэн бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй”
2020 оны Христмас баярыг хайр ивээл дүүрэн тэмдэглэх боломж өгсөн Бурхан Аавдаа талархаж байна. Хаанд мөргөсөн мэргэд номлол, хоньчдын видео тусгай дуу, гэр бүл хоньчдын деодрам ба өргөлийн дуу, хайр ивээлтэй намтар сэтгэгдэл зэргээр дамжуулан бидний цор ганц мөргөлийг авах зохистой Нэгэн бол Есүс гэдийг дахин зааж өгсөнд талархаж байна. Бидэнд үлэмж баяр хөөрийг өгдөг, жаал хүү Есүсийг энэ дэлхий уруу илгээсэн Бурхан Аавдаа бүхий л алдар ба магтаалыг өргөж байна.
Өнөөдөр бол 2020 оны сүүлчийн ням гараг. Он дуусах үед хүн бүр л амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэдэг. Хүн бүр шинэ он эхлэх үед бүх зүйл сайхан болох юм шиг санан, итгэл найдвараар дүүрэн байдаг. Гэвч бидний амьдралд урьдчилан таамаглахын аргагүй зүйлс тохиолдох үед энэ бүгд нуран алга болдог. Үүнээс харвал хүмүүс бидэнд үргэлж хамгаалагдах, амьдралын хатуу үзэл бодол, зүг чиг зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна. Өнөөдөр бид Давидын дуулсан 23-р бүлгээс суралцах болно. Давидын амьдралыг харвал тэрээр үргэлж л амь насанд нь байнга аюултай нөхцөл байдалд орж янз бүрийн гэнэтийн дайснуудын дайралтанд өртөж маш хүнд хэцүү асуудлуудтай тулгарч байсан. Гэвч тэрээр “Эзэн бол миний хоньчин” юм байна гэдгийг амьдралаараа ухаарсан. Өнөөдрийн үгээр дамжуулан бид Давид шиг “Эзэн бол Миний хоньчин” гэдгийг амьдралаараа гэрчилж чадахыг хүсэн гуйж байна.
1. Надад дутах зүйл байхгүй (1-4)
1-р эшлэлийг үзээрэй “ЭЗЭН бол миний хоньчин Надад дутах зүйл үгүй” гэж байна. Давидын хувьд Бурхантай харилцах түүний харилцаа нь хонь, хоньчны харилцаа байсан гэдгийг хэлж байна. Давид хүүхэд байхдаа эцгийнхээ хонин сүргийг хариулдаг байсан учраас энэхүү харилцааг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг байв. Хоньдод бусад амьтадтай адил өөрийгөө хамгаалах зэвсэг байхгүй. Жишээ нь: үхрэнд эвэр, моринд хурд, мууранд хумс, могойнд хор гэх мэт өөрийгөө бусдаас хамгаалах зүйлс байдаг. Гэвч хонинд хурц хумс, хурдлах чадвар, хортой хэл гэх мэт зүйлс байхгүй. Тиймээс хонь хоньчингүй бол амьдрах боломжгүй гэдгийг Давид маш сайн мэддэг байв. Үүнтэй адил Давид өөрт нь сүнсний хоньчин байхгүй бол хоньтой адил амьдрах боломжгүй гэдгийг олж мэдсэн. Тиймээс Давид “Эзэн бол миний Хоньчин” хэмээн тунхагласан.
Хүн хоньтой адил билээ. Хүмүүс бид бие махбодь болоод сэтгэл санааны хувьд маш сул дорой билээ. Бид өвчин ороохдоо амархан, муу зүйлд уруу татагдахдаа хурдан байдаг. Бид төрөлхийн мөн чанар ба мэдрэмжиндээ тулгуурлан амьдарвал түүгээр дамжин ил гардаг гэмт чанар биднийг амархан төөрөлдүүлдэг. Бидний амьдралд хүнд зовлон бэрхшээл ирэх үед бид юу хийхээ мэддэггүй. Тиймээс хүнд хоньчин зайлшгүй хэрэгтэй билээ.
Энэ цагт хүн бүр өнгөрч буй нэг жилийг харвал заримд маань амжилт бүтээл дүүрэн байхад зарим маань алдаа оноотой нэг жилийг үдэж байж магадгүй. Гэвч танд ямар үр дүн байгаагааас үл шалтгаалан та Эзэнийг өөрийн хоньчноор хүлээн зөвшөөрч дагаж байгаа нь мөн Эзэн таныг хоньчилж байгаа нь юу юунаас илүү хамгийн том шагнал билээ.
Эхлэл 15:1-д “Үүний дараа Эзэний үг Абрахамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү бай! Бамбай чинь Би шагнал чинь агуу их гэжээ” гэж Бурхан Абрахамд хэлсэн байдаг. Энэ үед Абрахам итгэлээр Бурханыг дагасан ч ганц ч үр хүүхэдгүй, нас өндөр болж байсан үе байсан. Ийм үед Бурхан Абрахамд үзэгдэж “шагнал чинь агуу их” буюу “Би өөрөө шагнал чинь байна” хэмээн хэлсэн. Тэгээд Бурхан цаг нь болоход Абрахамын гуйлтын дагуу үр хүүхдийг зөвшөөрч өгсөн байдаг. Үүнээс харвал Эзэн бидний хүн нэг бүрийн бодит байдлыг мэддэг бөгөөд өөрийнхөө цагт хамгийн сайнаар шагнах болно. Тиймээс хамгийн том шагнал болох Эзэн бидний хоньчин байгаад баярлан талархаж алдар ба магтаалыг Түүнд өргөхийг хүсэж байна.
2-3-р эшлэлийг үзээрэй “2 Ургамал ногоот бэлчээрт Тэр намайг хэвтүүлж, Усны дөлгөөн тийш Тэр намайг хөтлөн 3 Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвтийн замаар намайг хөтөлдөг.” Хоньчин хүн өдөр бүр үүрийн 4-н цагт босоод өлсөж буй хоньдыг дагуулан шим тэжээлтэй ногоон бэлчээр рүү гардаг. Хоньд бэлчээрт гараад цадатлаа идэж өдрийн халуун нар гарах үед цангаж эхэлдэг. Хоньчин хоньдуудын халуун наранд халж буйг мэддэг бөгөөд тэр дор нь ус уруу хөтлөн дагуулдаг билээ. Эндээс харвал хоньчин хоньдынхоо хэрэгцээг маш сайн мэддэг бөгөөд шаардлагатай бүхий л зүйлсээр хангадаг билээ. Энэ хоньчинтой адил Бидний хоньчин болсон Эзэн бидний хэрэгцээг маш сайн мэддэг бөгөөд шаардлагатай бүхий л зүйлсээр хангадаг билээ.
Матай 6:8б-д “Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг” хэмээн хэлсэн. Энэ эшлэлээс харвал Эзэн бидэнд юу хэрэгтэйг бүгдийг хамгийн сайн мэддэг гэж байна. “Гуйхаас чинь өмнө” гэдэг нь Эзэн бидний санаа зовж байгаагаас илүүгээр бидний хэрэгцээ шаардлага нэг бүрийг мэддэг бөгөөд бүр цаашлаад бидний ирээдүйн амьдралд ч гэсэн гүн гүнзгий санаа тавьдаг гэсэн утга илэрхийлэгдэж байгаа юм. Бурхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний хүн нэг бүрийг идэх хоол, өмсөх хувцас, орон байр, санхүү мөнгө, эрүүл мэнд, ажил мэргэжил, үйлчлэл, халуун дулаан гэр бүл, үр хүүхэд гээд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг зөвшөөрч шаардлагатай зүйлсээр хангаж өгсөөр ирсэн Бурхан аавдаа талархаж байна.
3-р эшлэлийг үзээрэй “Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө Та Зөвийн замаар намайг хөтөлдөг” гэж байна. Заримдаа хээр хариулж яваа хонь хоньчноосоо холдон, төөрөн явах үе байдаг. Тэр үед хоньд хоньчны халамж ба хамгаалалтаас шууд гардаг. Эцэстээ хоньд ядарч эцэн, тарга тэвээргээ алддаг. Гэвч хоньчин төөрсөн хоньдыг эрж олоод, хонин сүрэгтээ нийлүүлж өмнө нь хэрхэн хандаж байсны адил халамжлан хамгаалдаг. Хоньчин болсон Эзэн Бурхан ч гэсэн өөрөөс нь төөрөн одсон хүмүүсийг гэмшээд эргээд ирэх үед сэтгэлийг нь сэргээж өмнө нь үзүүлж байсан хайр ивээлээ дахин үзүүлдэг билээ.
Давид Эзэнтэй хамт байх үедээ нигүүслээр дүүрэн, хийж бүтээж буй бүхий л зүйлдээ амжилт олж байсан. Гэвч тэрээр Нэгдсэн Израилийн хаан болох үед зүрх сэтгэл нь бардам болж Бурханы үгнээс даруугаар сурч залбиралд өөрийгөө зориулаагүйгээс болоод Эзэнээс төөрсөн. Тэрээр шунал ба махбодийнхоо хүслээс болж нүд нь сохорч завхайрлын гэм үйлдсэн. Тэрээр Бурханаас төөрч явах үедээ ямар ч баяр хөөр байхгүй, аз жаргалгүй болж тарчлан зовох болсон. Гэвч Бурхан Давидыг гэмшилд дуудах үед тэрээр нүд дүүрэн нулимстайгаар гэмшсэн.Тэр үед Бурхан түүнийг уучилж шархыг нь эдгээн, сэтгэлийг нь сэргээсэн.
Магадгүй таны хувьд өнгөрч буй нэг жилийн хугацаанд санаатай болон санамсаргүй байдлаар гэм үйлдэн төөрөн одсон цаг мөчүүд байж болох юм. Гэвч таныг гэмшилд дуудан, тайвшрал ба урам зоригийг өгсөн нь Эзэн билээ. Түүнээс биш бид сайндаа энэ хүртэл яваад ирсэн хэрэг биш юм. Харин үргэлж төөрдөг сул дорой хонь шиг биднийг хайж олоод сэтгэлийг минь сэргээн, зөвийн замаар дагуулдаг нь Эзэн билээ. Сул дорой биднийг үргэлж сануулга ба урмын үгээрээ сэтгэлийг сэргээж өгдөг Эзэндээ талархаж байна.
4-р эшлэлийг “Үхлийн харанхуй хөндийг туулсан ч хор муугаас би үл айна. Та надтай хамт агаад Тайвшруулал минь Таны саваа, Таны таяг билээ” Хүний амьдрал үргэлж зуны сайхан нартай өдрүүд шиг байдаггүй. Харин янз бүрийн өдрүүдээр дүүрэн байдаг. Сайхан нартай тааламжтай өдрүүд байхад аадар бороотой, салхи шуургатай өдрүүд ч байдаг. Заримд маань төгсгөл нь харагдахгүй харанхуй хонгилоор алхаж байгаа мэт хүнд хэцүү өдрүүд ч байсан байх. Гэвч Давид харанхуй хөндийгөөр туулсан ч хор муугаас би үл айна хэмээн хэлсэн. Яагаад? Яагаад аймшигтай хөндийг туулж буй нэгэн хорон муу зүйлээс айлгүй, тайвшрал ба амар тайвнаар дүүрэн байж чадаж байна вэ? Яагаад гэвэл орчлон хорвоо ертөнцийг бүтээсэн Бүтээгч Эзэн Бурхан надтай хамт байгааг мэдэх үед би хаана байхаас үл хамааран Бурханы өгдөг тайвшрал ба амар амгалангаар дүүрэн болдог учраас хор муу ямар ч зүйлээс айдаггүй билээ.
Ром 8:28-д “Бурханыг хайрладаг Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ” хэмээн хэлсэн.
Бурхан бидний амьдралд тохиолддог сайн муу бүх зүйлээс үл хамааран Түүний сайн таалал, бүрэн төгс төлөвлөгөө зайлшгүй биелэгддэг билээ. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст тавьсан хүсэл ямар ч үед биелдэг гэсэн утгатай.
Дэлхий даяар тархаад буй Корона вирус хувь хүн, гэр бүл, улс үндэстэн гээд дэлхий даяар маш том нөлөөг үзүүлж байна. Үүнээс болж нийгэм болоод гэр бүлийн амьдрал хүндэрч эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, хөл хорио гээд гэнэтийн олон зүйлс тохиолдож байна. Зарим хоньчдын маань хувьд ажил бизнес нь зогсож хэзээ дуусах нь мэдэгдэхгүй тодорхойгүй үргэлжлэх нөхцөл байдалтай учирч байна. Чуулганы маань хувьд өнгөрч буй жилд хамтдаа цуглаж хүндэтгэл мөргөл өргөх, ширээний хоёр талд суун 1:1-ны библийн хичээл хийх, цуглаандаа чөлөөтэй очиж сэтгэгдэл бичин ӨБХ идэх боломж нөхцөл маш бага байлаа. Гэвч бидэнд тохиолдож буй эдгээр бүх зүйл эцэстээ бидний сайн сайхны төлөө байгаа гэж хэлж байна. Яагаад гэвэл Бурхан бидний амьдралд тохиолдож буй бүх зүйлээр дамжуулан сайн сайхныг биелүүлдэг учраас юм. Өөрөөр хэлбэл бидэнд тавьсан Бурханы сайн таалал төлөвлөгөө нөхцөл байдлаас хамаарч өөрчлөггддөгүй юм. Тиймээс бид амьдралыг хэсэгчлэн харах бус томоор харах хэрэгтэй. Тэгвэл бид Бурханы төгс бүрэн сайн таалал бидний амьдралд биелэлээ олж байгааг харах болно. Бид ямар ч үед, ямар ч нөхцөл байдал дунд Бурханы сайн төгс бүрэн таалал байгаа гэдэгт итгэж Бурхан хамгийн сайн замаар удирдаж байгаа гэдэгт бат итгэх хэрэгтэй. Мууг сайнаар эргүүлэх чадалтай Эзэн Бурханд бүхий л алдар ба магтаалыг өргөж байна.
2. Өстнүүдийн минь өмнө ширээ засдаг (5-6)
5-р эшлэлд “Өстнүүдийн минь өмнө Та надад ширээ засжээ, Өөрийн минь толгойг Тосоор бас тосолжээ. Аяга минь дүүрч бялхнам” гэж байна. Энд “өстнүүд” хэмээн олон тоон дээр хэлж байгаа нь бидний эсрэг олон дайсан байдаг гэдгийг хэлж байна. Итгэгч биднийг шалтгаангүйгээр хавчдаг, гадуурхаж сорьж уруу татдаг олон дайснууд байдаг. Тэд бол муу ёрын сүнсний гар хөл болсон хүмүүс билээ. Муу нэгэн үргэлж бидний сул талыг байнга ашиглаж үзэн ядах, атаархал, буруутгал, ичгүүрийн сэтгэлийг өдөөж байдаг. Бид энэ мэт муу нэгний ажлыг өөрийн хүчээр хэзээ ч даван дийлж чадахгүй билээ. Гэвч Эзэн бидний бүхий л дайснуудыг ялсан. Тиймээс Бурхан бидний өмнө ялалтыг ширээг засдаг билээ.
6-р эшлэлд “Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань Насан туршид минь намайг лавтай яа дагана”. Энэхүү эшлэлийг сайн харвал Давид сайн сайхан, хайр энэрлийг дагалгүй, харин сайн сайхан байдал, хайр энэрэл Давидыг дагана гэжээ. Сонин юм. Учир нь гэвэл Давид сайн хоньчин болсон Эзэн Бурханыг дагах үед түүнийг хаашаа ч явсан, Бурханы сайн сайхан хийгээд хайр энэрэл Давидын араас дагаж байв. Бурхан Давид шиг өөрийг нь дагадаг хүмүүст хаа ч явсан Өөрийн сайн сайхан хайр энэрлийг амьдралд нь дүүргэж өгдөг билээ.
Энэ жил манай чуулганы хувьд 2-р сараас эхлэн 8-р сар хүртэл бүтэн зургаан сарын турш хамтдаа Бурханд хүндэтгэл мөргөл өргөж нүүр нүүрээ харан библийн хичээл хийх, залбирах, хамтдаа суугаад хооллох боломжгүй болсон билээ. Одоог хүртэл энэхүү хөл хорио үргэлжилж байна. Корона вирусээс болж хүн бүр гэр гэртээ байх болсон. Чуулганы ажил гадна харагдах байдлаараа зогссон боловч миний дотор болоод бидний дунд хийгдэж буй Түүний ажил буюу хайр энэрэл зогсоогүй билээ. Бид хамтдаа цугларах боломжгүй болсон тэр мөчөөс эхлэн гэр гэрээсээ сэтгэл нэгдэн онлайнаар Бурханд хүндэтгэл мөргөлийг өргөж гэр гэртээ өглөө бүр босон Бурхан уруу хандан залбирч гэр гэрээсээ онлайнаар бие биендээ Бурханы үгийг хуваалцаж гэртээ сэтгэгдэл бичин онлайнаар хуваалцах болсон билээ. Бид нөхцөл байдлаас үл хамааран байгаа газар бүрээсээ Эзэн Бурханыг эрэн хайх үед Түүний сайн сайхан хийгээд хайр энэрэл биднээс холдохгүй билээ. Алс холын оронд амьдардаг хоньчидтойгоо дэргэд байгаа мэт ярилцан гуйлтын сэдвээ хуваалцаж, Бурхан дотор хамтдаа өсөх болсон. Гэр бүлүүдийн нэгдмэл, бат бөх байдал улам бүр нэмэгдэж оюутан залуучууд хол ойр байгагаас үл хамааран бие биенийхээ төлөө зуучлан залбирах болсон билээ. Дэлхийн олон улсад хөл хорио тогтоож корона вирустэй дайн хийж байхад Бурхан бидэнд хамтдаа цугларч ухаарал гэмшил дүүрэн “Биеэ амьд ариун тахил болго” нэртэй залуучуудын конференцыг хийх боломж өгсөн. Мөн Бурханы яндашгүй хайр ба уучлал, нигүүлсэл, нулимс дүүрэн НБК-ыг, шинээр 3 хамтран зүтгэгч хоньчид болоод шинэ олон оюутан залуучуудын хамтаар зөвшөөрч өгсөн билээ. Эцэст нь хол ойр гадаад дотоодод байхаас үл хамааран байгаа газар бүрээсээ Бурханд алдар ба магтаалыг өргөсөн нэгдмэл Христмас баярыг тэмдэглэх боломжийг зөвшөөрч өгсөн. Өөрөөр хэлбэл бид Эзэн Бурханыг өөрийн амьдралын хоньчноор хүлээн зөвшөөрч Түүнийг даган амьдрах үед нөхцөл байдлаас үл хамааран Түүний сайн сайхан хийгээд хайр энэрэл биднийг дагасаар байгааг харж болно. Өөрөөр хэлбэл Эзэн нөхцөл байдлаас үл хамааран манай чуулганы Тэргүүн хоньчин байж Өөрийн сайн сайхан хийгээд хайр энэрлийг харамгүйгээр дүүргэж өгсөнд талархаж байна. Бурханы сайн сайхан хийгээд хайр энэрэл манай чуулганы зарим нэг залуучуудаас ер салаагүй. Энэ жил Коронагаас болж олон хүмүүсийн ажил зогсож санхүүгийн хувьд хүндэрч байхад манай асрын гурван хоньчин ажилтай байж ганц нэг нь бүүр нэмэгдэл цалин урамшуулал авч хамтдаа англи онлайн бараанаас брендийн хувцас захиалан авч гадуур хүссэн хоолоо зооглож нэг нь бүр байгууллагынхаа алтан соёмбоор энгэрээ мялаалгасан. Коронагийн үед ямар нь хямраад, ямар нь хямралгүй бүүр шагнал урамшуулал хүртэл авдаг байна. Энэ бол Эзэнийг өөрийн амьдралынхаа хоньчноор хүлээн зөвшөөрч Түүнийг дагах үед Эзэний сайн сайхан хийгээд хайр энэрэл үргэлж бидний араас дагадагийн бодит жишээ юм. Бурхан манай чуулганы гэр бүл хоньчид болоод оюутан залуучуудыг сүнс дотор улам бүр нэгдмэл бат бөх, итгэл дотор өсгөж байгаад талархаж байна. Бурханд бүх алдар ба магтаал нь байх болтугай.
Энэ цагт хүн нэг бүр өнгөрч буй нэг жилийн хугацаанд Бурхан таны дотор юу хийснийг үлдэж буй хугацаанд дахин санаж тунгаан бодсоноор Давид шиг “Эзэн бол миний хоньчин” хэмээн чинь сэтгэлээсээ тунхаглаж чадахыг хүсэн гуйж байна: Бурхан 2020 оны турш бидний хүн нэг бүрийн хоньчин байж хамгийн сайн замаар удирдаж өгсөнд талархаж байна. Бурханд бүх алдар магтаалыг өргөж байна. АМЕН
Өнгөрч буй 2020 оны турш нөхцөл байдлаас үл хамааран Түүний загалмайг хамтран үүрч сэтгэл сүнс, гуйлт залбирлаар хамтран зүтгэсэн бүхий л хоньчиддоо чинь сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бурхан та бүгдийг ивээх болтугай.
Ганц үг: Эзэн бол миний Хоньчин