2020 оны Христмасын 2-р номлол (12.20) Абрахам Нямсүрэн

ХААНД МӨРГӨСӨН МЭРГЭД

Матай 2:1-12
Гол эшлэл/ Матай 2:11

“Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв.”

MERRY CHRISTMAS! Он дуусах цаг мөчид хүмүүс оны онцлох үйл явдлуудыг жагсаан нэрлэдэг. Энэ жилийн онцгой үйл явдал гэвэл Ковид-19 болон үүнтэй холбоотой үйл явдлууд гарцаагүй нэрлэгдэнэ. Мөн Монголчууд маань УИХ-ын болон орон нутгийн сонгуулиа амжилттай зохион байгуулсан. Манай цуглаанд 3 шинэ хоньчин боссон зэргийг нэрлэж болох юм. Гэхдээ Аврагч Эзэн Есүс төрсөн гэдэг нь дэлхийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал юм. Тиймээс бид өнөөдөр энэ Есүст хүндэтгэл мөргөлийг өргөж байна. Есүсийг энэ дэлхийд төрөхөд хамгийн анх дорно зүгийн мэргэд болон хоньчид мөргөл өргөж байсан бол өдгөө 2 тэрбум гаруй хүн болжээ. Өнөөдөр Есүст хүндэтгэл мөргөлийг өргөж буй мэргэдийн талаар суралцах болно.
Иудейчүүдийн хаан гэж хэн бэ? Яагаад Түүнд мөргөхийн тулд дорнын мэргэд хол замыг туулсан болоо? Энэ бүхний учир шалтгааныг сурснаар Есүстэй хувьчлан уулзаж баяр хөөр дүүрэн хүндэтгэл мөргөлийг өргөж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 1-р эшлэлийг үзээрэй. “Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд”
Есүсийг мэндлэх үед Иудейн хаан Их Херод байсан. Тэрээр МЭӨ37-МЭ4 он хүртэл 33 жил хаанчилсан бөгөөд хаан ширээний төлөө 2 эхнэр, 3 хүүгээ хөнөөсөн харгис хэрцгийгээрээ алдартай нэгэн байв. Ийм харгис хааны захиргаанд зовж тарчлан, айн чичирч буй ард түмний баяр хөөр, амар амгалан, авралын төлөө Иудейн Бетлехемд шинэ Хаан мэндэлсэн юм. Энэ бол Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хийсэн гайхамшигтай ажил байсан. Харин үүнийг мэдсэн дорно зүгийн мэргэд Түүнийг хайсаар Иерусалимд иржээ. Гэхдээ Есүсийн мэндэлснийг мэргэд хэрхэн мэдсэн нь сонирхолтой. Мэргэд эртний Вавилон буюу одоогийн Ирак хавийн нутгаас ирсэн бөгөөд шулуун замаар тооцоход ойролцоогоор 1500 орчим километр зам туулсан. Харин тэр үед интернет, телефон утас, сонин сэтгүүл, телевиз радио байгаагүй учир мэдээлэл авах ямар ч боломжгүй байсан. Хэзээ хойно 13-р зуунд Их Монгол улсын үед өртөө гэдэг зүйлээр шуудан холбоо, мэдээ дамжуулалт хийж байсныг бид мэднэ. Саяхныг хүртэл л бид хэн нэгэнд ганц өгүүлбэр хэлэхийн тулд хэдэн арван километр замыг туулдаг байсан. Харин одоо бол техник технологийн дэвшлийн ачаар дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээллийг богино хугацаанд авч харилцаж чаддаг болсон.
Харин мэргэд ямар хүмүүс байсан бэ? Тухайн үеийн мэргэд өндөр мэдлэг боловсролтой, чинээлэг, дээд зиндааны хүмүүс байжээ. Ялангуяа одон орон, анагаах ухаан, гүн ухаан, байгалийн шинжлэх ухаан, түүх, газарзүй гэх мэт шинжлэх ухааны олон талын мэдлэгтэй байв. Бидний сайн мэдэх Сериакусын Архимед нь эртний Грекийн агуу математикч, физикч, инженер, одон орон судлаач, зохион бүтээгч; Галилео Галилей нь физикч, одон орон судлаач, философич, математикч, анатомич; алдарт зураач Леонардо Да Винчи нь уран барималч, инженер, математикч, зохион бүтээгч, анатомич, архитектор, хөгжимчин зэрэг олон мэргэжилтэй бөгөөд энэ хүмүүс өөрсдийн хийж бүтээсэн зүйлс, агуу нээлт, мэдлэгээрээ алдартай хүмүүс байсан.
Харин эдгээр мэргэдийн хувьд харамсалтай нь дорно зүгийнх гэдгээс өөр тэдний нэр алдар, үндэс угсаа, аль улсынх, хожим яасан зэрэг ямар ч мэдээлэл байдаггүй. Гэвч энэ мэргэдийн онцлох нэг зүйл нь жинхэнэ үнэнийг эрэн хайсан юм. Тэд одон орон судалдаг байсан бөгөөд бусдаас ер бусын, онцгой гялалзаж буй одыг цаг алдалгүй мэдэж чаджээ. Тухайн үед шинэ од гарч ирвэл шинэ хаан, удирдагч төрлөө гэж итгэдэг байв. Мэргэдийн хувьд тэдний хүсэн хүлээж байсан хаан бол онцгой ач холбогдолтой байлаа. Эдгээр мэргэд нь израильчуудыг Вавилонд цөлөгдөх үед тэдний итгэл бишрэлийн нөлөөг авч үлдсэн харь үндэстнүүд бөгөөд үе уламжлан Израилийн шинэ Хаан, Мессиаг хүсэн хүлээж байсан байх. Тэд Мосегийн таван ном болох Тораг уншиж судалдаг байсан бөгөөд Тооллого 24:17-д “Иакобоос од гарч ирж, Израилиас очирт таяг босож,…” гэсэн зөгнөлийг олж уншин шинэ од гарснаар Израильд нэгэн хүчирхэг Хаан төрсөн гэдгийг олж ухааран үүндээ ч бүрэн итгэсэн. Энэ нь зүгээр нэг улс төрийн хаан биш, харин Бурханы амласан Мессиа, Аврагч бөгөөд хүндэтгэл мөргөлийг авах зохистой Нэгэн гэдгийг олж мэджээ.
Одоо 2-р эшлэлийг үзээрэй. “Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.”
Энд мэргэд одыг хараад, шинэ хаанд мөргөхөөр ирлээ гэжээ. Тэд харь үндэстэн байсан ч Аврагч Эзэнийг, Хааныг хайх чин хүсэл эрмэлзэл байсан. Тэд одыг л даган явбал Аврагчтай, Хаантай уулзана гэсэн бат итгэлтэй байсан. Тиймээс тэд итгэлтэйгээр одыг дагасан юм. Тэд Үнэн болсон Есүсийг хайж байсан ба энэ дэлхийн зүйлээс илүү Аврагчийг сэтгэлийнхээ тэргүүн байранд тавьсан юм. Тэд энэ дэлхийн эрдэм мэдлэг, албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгийг зорилгоо болгоогүй, тэднийг зөвхөн амьдралд хэрэгтэй зүйл гэж амьдарч чадсан.
Тэгвэл өнөөдөр бидний харж даган явж буй од юу вэ? Урлаг, спортын олон оддыг хүмүүс харан хүндэтгэн биширч даган дуурайдаг. Таны шүтэн биширч буй од Чү Ин Сүн, Том Круис, Брэд Питт, Жулиа Робертс уу? эвсэл Леброн Жеймс, Аллен Айверсон, Шакил Ониел уу? Кристиано Роналдо, Леонел Мэсси юу? Энэ мэт оддыг даган дуурайж шүтэн биширч байна уу? Гэхдээ би эдгээр оддын талаар яриагүй. Эдгээр одод бол салбар бүртээ шилдэг, авъяас чадвартай үлгэр жишээ авах хүмүүс юм. Харин үүнээс илүү чухал бидний амьдрал, хүсэл мөрөөдлийг хөтлөн дагуулах од байдаг. Тэр бол Ариун Библи ба Ариун Сүнс юм. Бид Бурханы үг болсон Библи ба Бурханы өгсөн Ариун Сүнсээр амьдралаа удирдуулах хэрэгтэй. Гэмийн харанхуй дэлхийд Ариун Библи л бидний замыг гэрэлтүүлж зөв зүг чигийг заан өгч чадах юм. Дуулал 119:105-д “Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл.”, 2Тимот 3:16-д “Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай.” гэжээ. Ариун Сүнс нь тэрхүү замаар явах хүч чадлыг өгч хөдөлгөж өгдөг. Филиппой 4:13-д “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” гэсэн. Шөнө төөрвөл алтан гадас одыг харж зүг чигээ баримжаалдаг шиг гэм нүглээр дүүрэн, үнэн худлыг ялгахад хэцүү, завхайрал, ёс бус байдал, худал хуурмаг, хэрүүл маргаан, гүтгэлэг, атаархал, үзэн ядалт зэрэг бүх л бузар муугаар дүүрэн дэлхийд зөвхөн Библиэс л зөв зам ба жинхэнэ үнэнийг олж чадах юм.
Мэргэд одыг даган, үнэнийг хайх аялалд гарахад тийм ч амар байгаагүй. Тэд маш их сорилт, эсэргүүцэл, бэрхшээлтэй нүүр тулахаас аргагүй байсан. Тэд аялал эхлэхэд хэзээ буцаж ирэхээ ч сайн мэдэхгүй байсан. Тэгээд хайртай гэр бүл, үр хүүхдээ орхиж ирээдүйн ажил, хөрөнгө мөнгө зэргийг бүрэн золиосолсон. Магадгүй нэг нь удахгүй хуримаа хийх байсан бол хойшлуулсан байх, нөгөө нэг нь шинэ байшин барьж байсан бол бас л орхиж хойшлуулсан, харин нөгөө нэг нь шинэ судалгааны төсөл эхлүүлэх гэж байсан бол түүнээсээ ч татгалзсан байж болох юм. Энэ мэт ямар ч шалтгаантай байсан тэд өөрсдийн амьдралын тулгамдсан асуудал бүрийг хойш тавихаар шийдсэн юм. Мөн тэдний аялалыг шүүмжилж буруутгах хүмүүс мундахгүй их байсан. Найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүртэл эсэргүүцэж үнэнийг олох замд нь саад болж байсан. Гэсэн ч тэд шантарч няцалгүй, үнэнд эргэлзэж тээнэгэлзэлгүй Хааныг эрэн хайх аялалд гарсан юм. Тэд одыг харж шөнийн цагаар аялж байсан учир олон бэрхшээлтэй тулгарч байлаа. Одыг даган явж байгаа учир замгүй газраар элсэн цөл, уул хад, гол мөрөн, шавар намаг гээд бартаатай газраар явж байсан нь ойлгомжтой. Мөн хулгайч, дээрэмчид, зэрлэг араатан гээд дайсан ч мундахгүй их байсан учир амь нас, эд хөрөнгөө ч дэнчин тавьсан.
Тэгвэл ийнхүү хамаг бүхнээ золиослон, өөрсдийгөө ч эрсдэлд оруулан байж явж буй зорилго юу байсан бэ? Мэргэд Хаан Есүст мөргөснөөр нэр алдар, шан харамж, эд баялаг авах гэсэн бус зөвхөн хүндэтгэн мөргөхийг л зорилго болгосон. Мөн Бурханд мөргөхийн тулд ямар ч золиосыг гаргахад бэлэн байв. Бурханд мөргөнө гэдэг нь тэдний хувьд юугаар ч сольшгүй, харьцуулшгүй эрхэм нандин, чухал зүйл байжээ. Гадна талаасаа тэд нэр хүндтэй, дээд зиндааны, өндөр боловсролтой, хүндэтгэл хүлээсэн хүмүүс байв. Гэвч энэ дэлхийн зүйлс тэднийг ханамжтай болгож чадаагүй. Зөвхөн Аврагч Есүс л тэднийг бүрэн ханамжтай, аз жаргалтай болгож чадах байлаа. Үүнийг ухаараад тэд Бурханыг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээрээ хайжээ. Тэдний золиослолын сэтгэл нь Аврагч Есүстэй уулзаж Түүнд мөргөхөд зориулагдсаныг бодоод үзвэл үнэхээр гайхамшигтай байна. Энэ зорилго нь бусад хүний нүдээр харвал ямар ч ашиггүй, ойлгомжгүй мэт харагдавч жинхэнэ утга учиртай зүйл байсан юм. Итгэгч бидний амьдрал ч гэсэн Есүст хүндэтгэн мөргөдөг амьдрал юм. Тиймээс бид Есүстэй уулзаж хүндэтгэн мөргөхийн тулд Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ эрэн хайж шаардлагатай золиос зориулалтыг ч гаргаж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 6-р эшлэлийг үзээрэй. “Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч чамаас гарах болно гэсэн гэж хариулав.”
Херод хаан Иудейчүүдийн Хаан мэндэлсэн тухай сонсоод баярлаагүй бөгөөд өөрийн байр суурь, эрх мэдлээ алдахаас айж байв. Харин ард түмэн хоёр хааны тэмцэл, өрсөлдөөнөөс болж зовж тарчлахаас айн, сандарцгааж байлаа. Херод хаан сандарч зүгээр суухыг хүсээгүй бөгөөд “барын зулзагыг бага дээр нь” гэдэг шиг хурдан олж хөнөөхийг хүссэн. Бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулан “Христ хаана төрөх вэ?” гэж лавлан асуув. Гэтэл шашны удирдагчид Мика 5:2-д хэлэгдсэн зөгнөлийн дагуу ‹‹Иудейн Бетлехемд Израилийг хариулах Удирдагч гарах болно›› гэж тодорхой хариултыг өгөв. Эндээс харвал тэд Есүс Христ буюу Мессиаг хаана төрөхийг тодорхой мэдэж байжээ. Гэвч тэд Мессиаг олохын тулд чигчий хуруугаа ч хөдөлгөөгүй юм. Христийг эрэн хайж хүлээгээгүй нь тэдний том асуудал байлаа. Тэд нийгэмд эзлэх байр суурь ба шашны нөлөөлөлдөө сэтгэл хангалуун байсан бөгөөд Христэд мөргөх хүсэлгүй байсан. Мөн тэд үнэнийг болон Христийг мэдэхийн тулд Библийг судлаагүй бөгөөд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө, өөртөө тааламжтай үгийг л эрэн хайж судалж байжээ.
Тэгвэл ийнхүү зөгнөгдсөн Христ нь хэн бэ? Дээрх эшлэлд хэлсэн “Израилийг хариулах Удирдагч” гэдэг нь Израилийн Хоньчин болох Хаан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Есүс Христ нь Өөрийн ард түмнийг хоньчин шиг хайрлан хамгаалж тэжээн удирдах Хаан юм. Энэ дэлхийн хаад нь эрх мэдэл, хүч чадал, цэрэг зэвсгээр захирдаг бол Есүс Христ хайраар удирддаг юм. Христийн хаанчлалын тухай Исаиа 40:11-д “Тэр хоньчны ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.” гэж хэлжээ. Тэр зовж шаналж буй ард түмнээ өрөвдөн тайтгаруулж эмчлэн асрах хоньчин Хаанаар ирсэн юм. Тэр өвчтэй нэгнийг нь эдгээж муу ёрын сүнснээс ч чөлөөлөхөөр ирсэн. Тэр Өөрийнхөө ард түмнийг хамгийн сайн ойлгож хэрэгцээг нь хангаж чадах Нэгэн юм. Өөрийнх нь хаанчлал руу ирсэн хэнийг ч хайр ба амар тайвнаар захирах хоньчин Хаан юм.
Мөн Тэр Херодыг буулгаж хаан ширээг нь булаан авахын тулд биш, харин сүнс ба сэтгэлээр гэмд хүлэгдэн зовж байгаа бүх хүн төрөлхтнийг гэм ба шийтгэлээс чөлөөлөн аврахаар ирсэн Хаан юм. Есүс хүн төрөлхтний гэмийн төлөө загалмай дээр амиа өргөж гурав дахь өдрөө үхлээс амилсан. Есүсийн амилалт нь бидэнд Бурханы хаанчлалд мөнх амьдрах замыг нээсэн юм. Энэ Есүст бид бүхэн бүх зүйлээрээ мөргөлийг өргөх ёстой.
Одоо 10-р эшлэлийг үзээрэй. “Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав.” Энд хэлж буй “үлэмж баяр хөөр” гэдэг үг нь зүгээр нэг баярласан бус, баярлахын дээдээр баярлан хөөрсөн гэсэн утгатай. Мэдээж тэднийг баярлуулах зүйл олон байсан. Төрсөн өдөр, хурим найр, шинэ хүүхэд төрөх, төгсөлтийн баяр, хүссэн ажилдаа орох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, сугалаанд хожих гэх мэтээр баярлаж байсан. Гэвч энэ дэлхийн зүйлс нь түр зуурын хязгаарлагдмал баяр хөөр юм. Одоо тэдний амсаж буй баяр хөөр нь хэзээ ч амсаж байгаагүй бөгөөд насан турш эрэн хайсан зүйл юм. Тэдний энэ баяр хөөр бол гуниг зовлон, төгсгөл гэж байхгүй бүрэн төгс баяр хөөр байсан юм.
Хүн ер нь үхлээс амь гарах, сая доллар сугалаагаар хожихын алинд нь илүү баярлах болоо? Мэдээж үхлээс аврагдахад. Баян хүн бол магадгүй үхлээс аврагдсандаа сая доллараар найр хийж магадгүй. Энэ дэлхийн бүх хүн гэм нүглээс болж мөнхийн үхэл болох тамын шийтгэл авах ёстой байхад Есүс Христ бидний гэмийг үндсээр нь шийдэж гуниг зовлонг бүрэн төгс үүрсэн юм. Ийм Есүст бид баярлахгүй байж чадна гэж үү! Харин жинхэнэ баяр хөөр, аз жаргалыг амсах гэвэл Аврагч Эзэн Есүсийг бүх зүрх, бүх хүчээрээ хайж олоод, хувьчлан уулзах хэрэгтэй. Учир нь Есүс бол баяр хөөрийн үндэс юм. Тийнхүү Есүстэй уулзсан хүний дотроос баяр хөөр ундран гарах болно.
Жинхэнэ баяр хөөрийг өгдөг Иудейчүүдийн Хаан Есүс яг одоо бидний зүрх сэтгэлд дахин мэндэлж байна. Тэрээр өнгөрч байгаа 2020 онд төдийгүй, бүхий л амьдралын турш бидний амссан бүх уйтгар гунигийг эдгээж бүх гэм нүглийг уучилж мөнхийн амь, амар тайван ба хайрыг өгөхийн тулд мэндэлж байна. Энэ нь бидэнд мөнхийн баяр хөөрийг өгөхийн төлөө юм. Тиймээс Есүс мэндэлж байна гэдэг нь хамгийн сайхан, баярт мэдээ юм. Энэ цагт амар тайвны Хаан, хайрын Хаан, аврагч Хаан, хоньчин Хаан Есүс бидний төлөө болон хүн бүрийн төлөө мэндэлж байна. Энэ Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авч Түүнээс ирэх үлэмж баяр хөөрийг эдэлж чадахыг хүсэн гуйж байна.
Одоо 11-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв.”
Энэ эшлэлээс мэргэд яагаад Есүст мөргөсний утга учрыг ойлгож чадна. Мөргөл гэдэг үг нь өвдөг сөгдөх, үйлчлэх, хүндэтгэлээ илэрхийлэх гэсэн утгыг агуулдаг. Христитгэлийн хувьд Бурхантай уулзаж таньж мэдэх, Түүнийг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрч хайр ба хүндэтгэлээ илэрхийлэх үйл явц юм. “Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.” (Д.х 6:5), “…Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.”(Ром 12:1), “Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.”(1Кор 10:31) Эдгээр эшлэлд мөргөлийн мөн чанарыг заан өгч байна. Бид Бурханыг бүх зүйлээрээ хайрлаж зөвт, ариун, Түүний таалал ба үгийн дагуу амьдарч бүх цаг мөчид Түүнийг алдаршуулах нь жинхэнэ мөргөл юм.
Хүн анхнаасаа л Бурханыг хүндэтгэн мөргөхөөр, Түүнийг алдаршуулахын тулд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. (Эх 1:27) Гэтэл хүн гэмээс болоод Бурханд биш, Түүний бүтээлүүд болох аав ээж, уул усанд, гэр бүл, урлаг спортын одод, технологи, нэр алдар, эд баялаг, хиймэл шүтээн зэрэгт мөргөсөөр байна. Энэ бол Бурханы эсрэг нүгэл юм. Хэрэв ийм хүмүүс нь үргэлжлүүлэн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй, алдаршуулахгүй, талархал өргөхгүй бол мунхаг гажуудсан нэгэн болно. (Ром 1:18-32) Зөвхөн Бурхан л хүн төрөлхтнөөс хүндэтгэл мөргөлийг авах зохистой Төгс Хүчит Нэгэн юм.
Мэргэдийн хувьд үнэнийг хайж байсан ба энэ дэлхийн зүйлсээс илүү Есүс Христийг зүрх сэтгэлийн тэргүүн байранд тавьсан юм. Тэд цэвэр ариун сэтгэлээр Аврагч, Хаан Есүст мөргөсөн. Эдгээр мэргэдээс мөргөлийн талаар хоёр зүйлийг сурч болно.
Нэгдүгээрт: Жаал хүү Есүст өвдөг сөгдсөн. Дорнын мэргэд хэнд ч анзаарагдахгүй, ядуу айлын хүүхэд болон мэндэлсэн Есүсийг хараад огт эргэлзээгүй бөгөөд Иудейчүүдийн Хаан, Мессиа хэмээн мөргөжээ. Олон хүн Есүсийг хэн болохыг мэдэлгүй хажуугаар нь өнгөрч байхад үнэнийг хайж буй мэргэдийн хувьд Есүс хэн болох нь тодорхой байсан. Мөн тэд Есүст хэрхэн мөргөхөө ч сайн мэдэж байжээ. Тиймээс өөрсдийн ололт амжилт, нэр алдар, нийгмийн байр суурь, одоогийн амьдралд нь байгаа бүх зүйлсийг Бурханаас өгөгдсөн бөгөөд өөрсдийгөө Түүний үнэнч зарц гэдгийг ч бүрэн хүлээн зөвшөөрч даруугаар сөгдөн мөргөсөн. Ялангуяа Ариун Бурханы өмнө өчүүхэн гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрч өвдөг сөгдсөн юм.
Хоёрдугаарт: Үнэт бэлэг өргөв. Тэд зөвхөн амаараа хүндлэн мөргөөгүй, харин Түүнд маш үнэтэй эрдэнэсүүдийг өргөн барьсан. Эдгээр нь санамсаргүй цүнхнээсээ гаргаж ирсэн зүйл биш, сэтгэл хөдлөлөөрөө өргөсөн ч бэлэг биш байсан. Харин урьдаас ярилцаж Есүс хэн бэ гэдгийг сайтар бодож бэлтгэсэн үнэ цэнэтэй бэлэг байв. Ийнхүү нандин бэлгийг Есүст өргөснөөр өөрсдийн зүрх сэтгэл, хайр хүндэтгэлийг бүгдийг нь өргөсөн юм. Мэргэдийн өргөсөн бэлэг нь сүр жавхлант хааныг бэлгэдэж алт, цэвэр ариун тахилчийг бэлгэдэж гүгэл, загалмайн үхлээр нас барж дахин амилах Аврагчийг бэлгэдэж миррийг бэлэг болгон өгсөн. Энэхүү өргөж буй бэлгээрээ Есүсийг өөрсдийн хаанаар, гуйлт өргөх тахилчаар, мөн гэмээс аврах Аврагчаар хүлээн зөвшөөрсөн юм.
Өнөөдөр бид ч гэсэн хайр ба шударга үнэний Хаан Есүсийг эрэн хайж Түүнд мөргөвөл баяр хөөртэй амьдарч чадна. Бид Есүст хүндэтгэл мөргөлийг өргөн амьдрах гэвэл тухайн үеийн шашны удирдагч шиг сүнсний назгайрал буюу энэ дэлхийн тав тухтай байдалд хэт автах зэрэг нь саад болдог. Мөн өөрийгөө төвд тавьсан бардам сэтгэл ба бүх зүйлс Бурханаас ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, Есүсийг амьдралын Эзэн, бүгдийн Хаан хэмээн хүндлэхгүйд л асуудал байдаг. Тиймээс энэ мэт гэмт сэтгэлээ гэмшиж төлөв даруугаар Бурханы бүрэн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч чадахыг хүсэн гуйж байна.
Хэрэв бид Есүсийг өөрийн амьдралын Эзэн, Хаан хэмээн хүлээн зөвшөөрч Түүнд бүх амьдралаа даатган амьдарвал Есүс биднийг зөв шударга, эрх чөлөө, амар тайван, хайраар хаанчлан удирдах болно. Өнөөдөр бид Есүст алт, гүгэл, миррийг өргөж чадахгүй ч бидний өргөх хамгийн эрхэм нандин зүйлс бол залуу нас, цаг зав, бэлэг авъяас, амь амьдрал маань юм. Энэ цагт бидэнд аврал ба баяр хөөрийг өгөхөөр мэндэлсэн Есүст өөрийн зүрх сэтгэл ба амь амьдралаа бүрэн өргөснөөр Хаан Есүст зохистой мөргөлийг өргөцгөөе. Есүсийг миний амьдралын Эзэн, бүх дэлхийн Хаан хэмээн хүлээн зөвшөөрч чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Энэ цагт биднийг гэмээс аварч бузар муугаас чөлөөлөхийн тулд Аврагч Эзэнээр энэ дэлхийд мэндэлсэн Есүст магтаал, талархалыг өргөж байна. Мөргөл бол зөвхөн долоо хоног бүрийн хүндэтгэлийн цуглаан хийж буй нэг удаагийн үйлдэл биш юм. Өдөр бүр Есүсийг эрэн хайж хувьчлан уулзаж зөвхөн Бурханыг баярлуулж Түүнд таалагдах амьдралаар амьдрах нь жинхэнэ мөргөл юм. Тиймээс Аврагч Эзэн Есүсийг хүндэтгэн мөргөх нь насан туршийн зорилго ба утга учир минь болсноор өдөр бүр баяр хөөртэй, аз жаргалтай амьдралаар амьдарч чадахыг хүсэн ерөөж байна. Амен!

өмнөх нийтлэл2020 оны Христмасын 1-р номлол (12.13) Д.Эрдэнэбат
Дараагийн нийтлэл2020 оны Сүүлчийн тусгай номлол (12.27) Э. Ганболд