2020 оны Марк 31-р номлол (11.22) Э. Ганболд

ҮХЭГСДИЙН БУС, АМЬДЫН БУРХАН

Марк 12:13-27
Гол эшлэл 12:27

“Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж хэлэв”

Өнгөрсөн 7 хоногийн номлолоор бид Тариаланчийн сургаалт зүйрлэлийн талаар сурсан. Есүс энэхүү сургаалыг зааснаас болж тухайн үеийн шашны удирдагчид, Есүсийг баривчлах арга зам хайх болсон. Өнөөдрийн хэсэгт тэд Есүсийг үгэн дээр нь урхидахын тулд Фарисай болоод Садукайчуудын заримаас нь явуулж байгаа тухай гарч байна. Гэвч Есүс тэдний асуултанд мэргэн ухаантай хариулснаар тэд мөн дахин бүдэрсэн. Есүс тэдэнтэй маргалдаж мэтгэлцэхээс илүү сүнсний гүн гүнзгий нууцыг зааж өгсөн. Өнөөдрийн үгээр дамжуулан бид энэ дэлхийд харьяалагдах улс орны иргэний хувьд мөн Бурханы улсын иргэний хувьд эдгээр хоёр иргэншилд хэрхэн хандах ёстойг заан өгч байна. Мөн Садукайчуудад зааж буй амилалын үнэнээр дамжуулан бид амьд Бурханд ямар итгэлээр хандах ёстой талаар зааж байна. Өнөөдрийн үгийг Ариун Сүнсээр дүүрэн удирдаж өгөхийг Эзэн Есүсийн нэрээр гуйж байна.
1. Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг (13-17)
13-р эшлэлийг үзээрэй “Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисай болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав” гэж байна. Есүс сүмийг цэвэрлэснээс болж тухайн үеийн шашны удирдагчид Есүсийг барих гэж олон арга замыг боловсруулах болсон. Тэд Есүсийг үгэн дээр нь урхидан барихын тулд Фарисай болон Херодынхны зарим хүмүүсийг явуулсан. Фарисайчууд бол хуулийг сахидаг, Цезарьт албан татвар төлөхийг эсэргүүцдэг, үндсэрхэг үзэлтэй хүмүүс байсан. Харин Херодынхон бол албан татвар төлөхийг дэмждэг, цезарийн гар хөл, шашингүй үзэлтэй хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл тэд бие биенээ үзэн яддаг, хоорондоо таардаггүй бүлэглэлүүд байсан. Гэвч тэд Есүсийг барихын тулд өөрдсийн итгэл үнэмшлийг үгүйсгэн нэгдсэн.
14-р эшлэлийг үзээрй “Тэд ирээд, Түүнд- Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ” хэмээн хэлсэн. Тэд Есүст өмнө нь хэн ч хэлж байгаагүй гоё сайхан уран үгээр магтсан. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн хорон муу санааг нуун, Есүст бялдуучилсан үг хэлсэн. Бялдуучлан, зусардах үг нь хэн бүхэнд маш хортой. Хэрэв хүн энэ мэт бялдуучлал сайшаал магтаалаар өвчлөх юм бол аливаа зүйлсийг ялгаж салгах чадваргүй болж эмзэг болдог. Тиймээс бид энэ мэт үгнээс сэрэмжлэх хэрэгтэй.
Хэдийгээр Фарисайчууд бялдуучилсан үг хэлсэн боловч тэдний хэлсэн үг нь үнэн байсан. Есүс бол үнэн ба хайрын Бурхан билээ. Элч Петр Есүсийг гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн(1 Петр 1:19) гэж хэлсэн байдаг. Есүс гэм зэмгүй, цэвэр ариун байсан учраас үнэнийг заадаг, хэнийг ч үл ялгаварладаг Нэгэн байв. Тэгвэл фарисай болоод херодынхон ямар байсан бэ? Тэд Есүст гоё сайхан үгээр бялдуучилж байгаа боловч бодит байдал дээрээ ард түмнийг шулж худал хуурмаг, шунаг сэтгэлээр дүүрэн байсан. Тэд аман дээрээр гоё сайхан үг хэлж ярьдагч дотоод зүрх сэтгэл нь бузар муугаар дүүрэн байсан.
Бид энэ мэт фарисайчуудтай адил аман дээрээ гоё сайхан үгс хэлчихээд дотоод зүрх сэтгэлдээ хорон мууг тээж байвал тэднээс ялгагдахгүй юм. Бүтэнсайн өдөр Бурханы агуу хайр ба уучлалыг магтан дуулж Бурханд алдар магтаалыг өргөдөг хэрнээ эргэн тойронд байгаа хүмүүсээ үзэн ядаж уучилж хайрлаж чадахгүй, сайныг бодитоор тэдэнд үйлдэж амьдрахгүй бол энэ нь хоёр нүүр гаргаж бялдуучилж байгаатай адил юм. Хэрэв ийм хандлага бидэнд байгаа бол гэмшиж Есүс адил үнэнээр амьдрах гэж хичээх хэрэгтэй.
Тэд Есүст бялдуучилсан үг хэлснийхээ дараа ийнхүү асуусан “Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу?” хэмээн асуусан. Тэд Есүсийг “тийм”, эсвэл “үгүй” гэсэн хариулт өгнө гэж бодсон. Хэрэв Есүс “тийм” гэж хариулбал Цезарьт албан татвар төлөх дургүй ард түмний дургуйцлийг хүргэх байв. Харин Есүс “үгүй” хэмээн хариулбал Цезарьт татвар төлөхийг дэмждэг Херодын бүлэглэл түүнийг баривчлах сайхан шалтаг болох байсан. Өөрөөр хэлбэл Есүст ямар ч гарц байхгүй мэт харагдаж байсан. Магадгүй энэ үед фарисай болод херодын бүлгийхэн дотрооо “Чи ингээд баригдав уу” хэмээн бодсон байх.
16-17-р эшлэлийг үзээрэй Есүс тэдний хоёр нүүр гаргаж байгааг мэдээд ийнхүү хэлсэн. “Надад денар авчирч үзүүүл гэв. Тэд нэг денар авчирсанд Есүс-Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд Тэд Цезарынх гэлээ. Есүс тэдэнд –Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа” Тухайн үеийн нэг денарын нэг талд нь МЭ 14-37 оны хооронд Ромын хаан байсан Тиберус Цезарийн зураг байдаг бөгөөд Латинаар “Гэгээн Августины хүү Тиберус Цезарь” гэсэн бичээс байдаг. Харин нөгөө талд нь Ромын энх тайвны бурхан болох Пах бурханы зураг байдаг бөгөөд Латин үсгээр “Тэргүүн тахилч” гэсэн бичиг байдаг байв. Есүс ийм дүрс бичээстэй зоосыг авчруулаад “Цезарийн юмыг Цезарт, Бурханы юмыг Бурханд өг” гэж хэлсэн.
Тэгвэл “Цезарийн юмыг Цезарт, Бурханы юмыг Бурханд өг” гэсэн нь ямар утгатай вэ?
“Цезарийн юмыг Цезарьт” гэдэг нь Израильчууд хэдий Ромын колончлолд байгаа боловч иргэний үүргээ гүйцэтгэх ёстой гэсэн утгатай. Есүс Цезарьт татвар төлөхийг эсэргүүцээгүй. Яагаад гэвэл Ромын хаан Цезарийн эрх мэдэл нь Бурханаас ирсэн гэдгийг Есүс мэдэж байсан учраас юм(Ром 13:1). Данил 4:17б-д “Хамгийн Дээд Нэгэн нь Хүн төрлөхтний хаанчлалыг захирч, Хүссэн хүндээ түүнийг өгч, Хамгийн дорд нэгнийг ч түүн дээр залдгийг Амьд бүхэнд мэдүүлэхийн тулд юм” хэмээн хэлсэн байдаг. Эндээс харвал Бурхан бүхий л дээд эрх мэдэлтнүүдийг босгодог учраас тэдгээрт захирагдаж байгаа нь Бурханд захирагдаж байгаа хэлбэр билээ. Тиймээс бидний дээр байгаа ямар ч удирдлагуудад захирагдаж иргэний хувьд улс орондоо татвараа төлж санал өгч хүүхдээ өсгөж иргэний үүргээ биелүүлэх нь зөв юм. Монголд корона алдсанаас болж бүх нийтийн хатуу хөл хориог 12/1-н хүртэл сунгаж ЗГ-с янз бүрийн гэнэтийн шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ мэт ЗГ-с гаргаж буй шийдвэрийг зарим хүмүүс шүүмжлэн буруутгаж эсэргүүцэж янз бүрээр ярьж байна. Бүр Франц улсад ЗГ-с коронагийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний эсрэг эсэргүүцлийн жагсаал хүртэл болж байна. Гэвч итгэгч бид энэ цаг үед Бурханы тогтоож өгсөн эрх мэдлүүдэд захирагдсанаар нийгэмдээ зөв нөлөөг үзүүлж Бурханыг гэрчлэх хэрэгтэй.
Тэгвэл “Бурханы юмыг Бурханд өг гэдэг нь ямар утгатай вэ?” Нэг денарыг Цезарийн дүрээр бүтээсэн бол хүмүүс бид Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн юм(Эх 1:26). Бурханы юмыг Бурханд өргө гэсэн нь өөрсдийгөө Бурханы алдрын төлөө өргөж зориулж амьдраарай гэсэн утгатай. Мөн библийг харвал бүхий л зүйл Бурханаас ирсэн бөгөөд Түүнийх юм. Өөрөөр хэлбэл миний амь нас, үр хүүхэд, гэр бүл, материаллаг эд зүйлс, ажил мэргэжил, залуу нас, авъяас чадвар гээд надад байгаа бүхий л зүйл Бурханы надад өгсөн зүйлүүд юм. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид энэ бүгдийг Бурханы алдрын төлөө зориулан амьдрах ёстой. Бурхан бидний хүн нэг бүрээс энэ мэт надад хариуцуулж өгсөн бүх зүйлсэд талархаж чин сэтгэлийн хүндлэл ба хайрын илэрхийллийг бодитоор биднээс хүсдэг. Үүний нэг бол Бурханд өргөж буй санхүү мөнгөний 1/10-г билээ. Бурхан 1/10-с гадна биднийг бүх зүрх, бүх сэтгэл, бүхий л хүч чадлаараа Бурханыг хайрлан амьдраасай хэмээн хүсдэг билээ(Дх 6:5). Бид Бурханы юмыг Бурханд өргөнөө гэдэг нь Бурханыг бүх зүрх сэтгэлээсээ хайрлахаас эхэлнэ. Олон хүмүүс Бурханд би ийм зүйлээ өгнө, ийм авъяасаа зориулна, Түүний төлөө ийм зүйл хийнэ гэж хэлдэг. Энэ бүгд нь зөв юм. Гэхдээ энэ бүгд нь Бурханд өргөж байгаа зүйлсийн хамгийн эхний зүйл нь биш юм. Бид Бурханыг хайрлах хайр байхгүй бол Бурханы төлөө хичээн их зүйл хийж хичнээн их зүйлээ өргөсөн ч энэ бүгд нь хоосон зүйл болох болно. Харин танд Бурханыг хайрлах хайр байвал та Түүний төлөө юу ч, юугаа ч өргөж юуг ч зориулж чадна. Бүр өөрийн хийж чадахгүй байгаа зүйлсийг хийж хүлээн зөвшөөрмөөргүй байгаа зүйлсийг хүртэл хүлээн зөвшөөрч чадна. Энэ цагт Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өргөж амьдаръяа.
2. Үхэгсдийн бус амьдын Бурхан (18-27)
18-р эшлэлийг үзээрэй “Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан” гэж байна. Садукайчууд бол Ромын засаглалыг дэмждэг эд хөрөнгөтэй хүмүүс байв. Тэд иудейчүүдийн ахмадын ёс заншил ба ам дамжин ирсэн уламжлалуудыг сахидаггүй боловч Мосегийн эхний 5 номыг чухалчилдаг байв. Тэд амилалт байхгүй гэж үздэг байсан бөгөөд үүнээс гадна тэнгэр элч, сүнс, ирээдүйн шийтгэл зэргийг үгүйсгэдэг байсан. (Үл 23:8). Тэдний ийм үзэлтэй байсан шалтгаан нь нүдэнд харагдах бодит зүйлс болох материаллаг зүйлсийг илүү их чухалд тооцдог байсан учраас Мессиа Аврагчийг хүсэн хүлээдэггүй байв. Тэд гадна талаараа Бурханд итгэдэг, үйлчилдэг мэт харагддаг боловч бурхангүй үзэлтэй хүмүүс байсан.
Одоо 19-22-р эшлэлийг үзээрэй. Тэд амилалт байхгүй гэдгийг батлахын тулд Дэд хууль 25:5-10 дээр үндэслэн хачин түүх зохион Есүс дээр ирсэн. Ах дүү долоо байсан. Хамгийн том ах нь эхнэртэй болсон. Гэвч тэрээр хүүхэдтэй болж чадалгүй нас барсан. Дараа нь Мосегийн хуулийн дагуу хоёр дахь нь ахынхаа эхнэртэй гэрлэсэн. Тэр бас санамсаргүй байдлаар хүүхэдтэй болж чадалгүй нас барсан. Гурав дахь нь ч мөн адил ийм байдлаар явсаар долуулаа нас барсан. Эцэст нь эмэгтэй ч нас барсан. Энэхүү хачин жигтэй түүхийг ярьсныхаа дараа садукайчууд Есүсээс “Амилалд тэр хэнийх нь эхнэр болох вэ? учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ” хэмээн хэлсэн(23). Энэхүү түүхийг сайн ажиглан харвал садукайчуудын үндсэн үзэл бодлыг мэдэж болно. Тэд хүний оюун ухаан, хүчээр ойлгогдож байгаа зүйлсийг хүлээн авч түүнээс давсан зүйлсийг ойлгож хүлээн авдаггүй байсан. Өөрөөр хэлбэл тэдний бодол энэ дэлхий ертөнцөөр хязгаарлагддаг байв. Тэд үхлээр бүх зүйл дуусдаг гэдэгт итгэдэг байсан учир энэ дэлхийн зүйлсийг илүү их чухалчлан амьдардаг. Ийм хүмүүст ямар ч итгэл найдвар байхгүй, үхлийн хүчний дор боолчлогдон айдас, занаа зовиур дүүрэн амьдардаг. Энэ төрлийн хүмүүс нь маш өрөвдөлтэй юм. Өнөөдөр Бурханд итгэдэггүй хүмүүс яг л садукайчууд шиг сүнсний хувьд өрөвдөлтэй амьдардаг.
Ийм тэдэнд Есүс юу гэж хариулсан бэ? 24-25-р эшлэлийг үзээрэж “Есүс тэдэнд – Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс төөрөөлдөж байгаа хэрэг энэ бус уу? Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, нөхөрт гарах ч үгүй харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм.” хэмээн хэлсэн. Есүс тэдний гол асуудал бол Бичвэр болоод Бурханы хүч чадлыг мэдэхгүй байгаа явдал юм хэмээн хэлсэн.
1-рт Тэд Бичвэрийг ойлгоогүй. Садукайчууд ХГ-ний Мосегийн таван номыг хичээнгүй уншиж цээжилж судалдаг байсан. Гэвч тэд Мосегийн таван номонд амилалтын талаар тодорхой заагаагүй учир амилалт байхгүй хэмээн үздэг байв. Тэд ийм ойлголттой болсон нь Бичвэрийг хүний оюун ухаан, бодол санаагаар ойлгохыг хичээсэн учраас юм. Тэд Бичээсийг мэдлэг төдий хүлээн авч гүнзгий нуугдаж буй амилалтын үнэнийг ухаарч чадаагүй билээ. Эндээс бид Бурханы үг болсон Библид хүний санаа, оюун ухаанаар хандах юм бол түүн дотор нуугдаж буй амийг олж чадахгүй гэдгийг мэдэж болно. Эцэстээ садукайчууд шиг төөрөлдөх болно.Тиймээс бид Бурханы үгэнд хүний бодол санаасаас илүүгээр Ариун Сүнсний туламжийг гуйх хэрэгтэй. Бидний библийг судалж байгаагийн гол зорилго бол амьд Бурхантай уулзаж Түүний хүсэл, дуу хоолойг таньж мэдэн Түүнтэй зөв харилцаа тогтоох явдал юм.
2-рт Тэд Бурханы хүч чадлыг мэдээгүй. Бурхан анх хүн төрлөхтнийг бүтээх үед энэ дэлхий дээр амьдрахад тохирсон махан биеийг өгч өсөн үржихийн тулд гэрлэлтийг зохиосон. Гэвч бид үхээд дахин амилуулагдах үед бүх зүйл өөр байх болно. Бурхан бол оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн бүтээгч бөгөөд мөн амийн Эзэн билээ. Ийм учраас мөн үхлээс биднийг амилуулах бүрэн чадалтай Нэгэн билээ. Садукайчууд Бурханы энэ амилалтын хүчийг мэдээгүй. 1 Коринт 15:42-44-г үзвэл Үхэгсдийн амилал нь тэнгэр элч нартай адил сүнслэг биеэр амилуулагдаж махан биеийн хязгаарлагдмал бүх зүйлсээс бүрэн чөлөөлөгдөнө хэмээн хэлсэн. Тиймээс тэр газар махбодын өвчин зовлон, уйтгар гуниг ганцаардал, цөхрөл гэж байхгүй, үүрд мөнхийн сүр жавхлантай сүнслэг биеэр орших болно(1 Коринт 15:42-44). Тийм газар бид дахин гэрлэх шаардлагагүй юм.
Есүс садукайчуудад амилалтын талаарх үнэнийг батлахын тулд тэдний уншдаг Мосегийн Гэтлэл номоос эш татан ийнхүү хэлсэн. 26-р эшлэлийг үзээрэй “Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакын Бурхан бол БИ байгаа юм” гэж бутан дотороос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу” хэмээн хэлсэн. Бурхан Абрахам, Исаак, Иаков нарыг нас барснаас хойш хэдэн зуун жилийн дараа Мосед үзэгдэн энэхүү үгийг хэлсэн байдаг. Бурхан Мосед үзэгдэхдээ үхсэн Абрахамын Бурхан, үхсэн Исаакын Бурхан, үхсэн Иаковын Бурхан бол Би байна хэмээн хэлээгүй. Харин амьд байгаа Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм хэмээн хэлсэн.
Абрахам, Исаак, Иаков нар бол үл итгэлээр дүүрэн энэ дэлхийд амьдрахдаа Бурханд итгэх итгэлээр амьдарч Израилийн түүхэнд агуу итгэлийн өвөг дээдэс болцгоосон. Тэд энэ дэлхийд амьдрах хугацаандаа бодит харагдах энэ дэлхийн зүйлсээс илүү Бурханы улсыг хайрлаж энэ дэлхийд аянчин мэт, харь хүн мэт, гадны хүн мэт амьдарсан. Тэд Бурханд итгэх итгэлээр амьдарч байгаад нас барсан. Тэд махбодоор үхсэн ч Бурхан тэднийг үхэгсдээс амилуулж сүнсээр мөнх амьдрах ивээлийг өгсөн билээ. Тэд амилуулагдсанаар тэдний итгэл нь зөв байсан гэдгийг баталсан юм.

Бурхан Мосед дээрх үгийг хэлэх үед тэрээр цөлд амьдарч байсан. Мосе энэ үед зүрх сэтгэлдээ хамгийн том шарх болох өөрийн ард түмэндээ гологдсон(rejection) сэтгэл, амьдралын хүсэл найдвар байхгүй, амьдралын зүг чиг байхгүй, үзэн ядалт, сэтгэл гутралтай, сэтгэлийн гүн шархтай байсан. Өөрөөр хэлбэл тэрээр үхсэнээс өөрцгүй байсан. Гэвч Мосе “Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Икаовын Бурхан бол Би байна” хэмээн хэлж буй Бурхантай уулзаж Түүнд итгэсэн тэр мөчөөс эхлэн Мосе жинхэнэ амьтай болсон. Тэрээр энэ л үеэс хойш Бурханд итгэх итгэлээр Египетэд 10 гайхамшгийг үйлдэж израильчуудыг боолчлолоос чөлөөлөн, түүхийн агуу хүн болсон.

Энэ бүгдээс харвал Бурхан өөрийг нь амьд, хүч чадалтай, мөнхийн гэдэгт итгэдэг хүмүүст жинхэнэ амийг өгдөг гэдгийг мэдэж болно. Мөн энэ дэлхийд амьдрах хугацаанд жинхэнэ амьдралын зүг чиг, алсын хараа, итгэл найдвар зэргийг өгч авралын ажилд нандинаар хэрэглэн, ирэх үед мөнхийн амьд хүртэл хөтөлдөг гэдгийг сурч болно. Бидэнд энэ л амьд итгэл байвал энэ дэлхийн юунд ч сэтгэл хорогдон, хүлэгдэхгүй бөгөөд Эзэний төлөө бүхий л зүйлээ зориулан амьдарч чадна. Энэ цагт таны зүрх сэтгэл хаана байна вэ? Таны сэтгэл юунд илүү их хорогдон, юуг илүү их чухалд тооцон амьдарч байна вэ? Магадгүй садукайчууд шиг гадна талаараа Бурханд үйлчилдэгч дотоод зүрх сэтгэл нь Амьд Бурханд итгэх итгэлгүй амьдарч байгаа юм биш биз? Хэрэв тийм байвал Бурханаас хичээнгүй гуйж Абрахам, Исаак, Иаков, Мосе нар шиг Бурханд хандсан амьд итгэлээр амьдардаг хүмүүсээр өсөхийн төлөө гуйцгаая.

27-р эшлэлийг үзээрэй. Есүс өнөөдрийн сургаалаа дүгнэн ийнхүү хэлсэн “Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан” гэж хэлж байна. “Үхэгсэд” гэдэг нь садукайчууд шиг Бурханд итгэдэггүй, сүнслэг зүйлсийг чухалчилдаггүй, махбодоор амьд боловч сүнсээр үхмэл хүмүүсийг хэлж байна. Харин “амьд” гэдэг нь Абрахам, Исаак, Иаков, Мосе нар шиг Бурхан Амьд гэж итгэдэг хүмүүсийг хэлж байна. Үхэгсэд бол алсын хараа, итгэл найдвар байхгүй, өрөвдөлтэй амьдралаар амьдардаг. Тэд үргэлж сөрөг, гутранги, боломжгүй гэсэн бодолтой амьдардаг. Тэд бие мах бодийн хувьд амьд боловч, үхсэн хүн шиг бүх зүйлд ханддаг. Ийм хүмүүс нь Бурханыг харж чадахгүй бөгөөд Бурханы хүч чадал гайхамшгийг ч амсаж чадахгүй. Харин “Амьд” хүмүүс нь Бурханыг амьд гэдэгт итгэдэг бөгөөд тэдний үг болоод үйлдэл, шийдвэр бүхэн нь итгэлээр байдаг. Тэдний амьдрал идэвхитэй, эрч хүчтэй, зүрх сэтгэл нь итгэл найдвараар дүүрэн байдаг. Та үхсэн байна уу? Амьд байна уу? Та өөрсдийн туршлага болоод янз бүрийн нөхцөл байдал, шалтгааны улмаас Бурханы хүч чадлыг хязгаарлаж байгаа юм биш биз.
Миний хувьд энэхүү номлолыг бичиж байх үедээ садукайчууд шиг гаднаа Бурханд үйлчилдэг боловч дотор хүн минь үхсэн хүн шиг байгаагаа олж харлаа. Аливаа асуудлын өмнө Бурханд итгэж найдахаас илүү нөхцөл байдал болоод шалтаг шалтгааныг илүү харж Бурханы хүч чадлыг хязгаарлаж байгааг олж харлаа. Мөн Бурхан Мосе дээр ирээд “Абрахамын Бурхан, Исаакын Бурхан бол БИ байгаа юм” гэж хэлээд Мосегийн итгэлийг шинэчилж өөрчилснөөр авралын ажилдаа нандинаар хэрэглэсэн шиг Бурхан надад ч бас “Абрахамын Бурхан, Исаакын Бурхан бол БИ байгаа юм” хэмээн хэлж буй Бурханы дуу хоолойг сонслоо. Өөрөөр хэлбэл Бурхан миний итгэлийг шинэчилснээр авралын ажилдаа хэрэглэхийг хүсэж буйг ухаарлаа. Хайртай Бурхан Аав минь нөхцөл байдлаас хамаардаг итгэлийг энэ цагт гэмшиж байна. Итгэл нэмж өгөөрэй. Хойшид амьд Бурханд, амьд итгэлээр итгэж амьдарснаар энэ цаг үеийн авралын ажилд нандинаар хэрэглэгдэж чадахыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Энэ цагт бид өөрөөсөө шударгаар асууцгаая. “Би амьд Бурханд итгэж амьдарч байна уу? Үгүй юу?” “Би үхсэгсэд мэт байна уу? Амьд нэгэн мэт байна уу” гэдгээ асууцгаая. Ийнхүү асууснаараа Бурхан бол үхэгсдийн биш, амьдын Бурхан гэдгийг үргэлж санцгаая. Энэ цагт манай чуулганы хүн нэг бүр энэ цаг үеийн Абрахам, Исаак, Иаков, Мосе нараар амьдарч чадахыг хүсэн гуйж байна. АМЕН

өмнөх нийтлэл2020 оны Марк 32-р хичээл (11.29)
Дараагийн нийтлэл2020 оны Марк 33-р хичээл (12.06)