2020 оны Марк 6-р номлол (05.17) Галаа Петр

Нүгэлтнийг дуудахаар ирсэн Есүс

Марк 2:13-17
Гол эшлэл2:17

“Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.”

Өнөөдрийн номлолд эрх мэдэл, мөнгөний хойноос улайран хөөцөлдөж явсан нэгэн хүний тухай гарч байна. Түүний нэр нь Леви. Леви нь гадуурхал, хараал зүхэл, ганцаардал, шаналал цөхрөл дунд энэ амьдралаа дуусгаж болох байсан ч Бурханы агуу нигүүлслээр тийм зүйл болоогүй. Тэрээр Есүстэй уулзсанаар түүний амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж, шинэ хүн болсон. Уг үйл явдал нь Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго нь Нүгэлтнийг дуудах юм гэдгийг тодоос тод харуулж байна.
Левиг өөрчилсөн Есүсийн агуу өршөөл нь энд сууж буй, онлайнаар хамт байгаа та бүгдэд бялхам дүүрэн байхыг хүсэн гуйж байна. Есүсийн бидэнд хандсан хүсэл найдвар, зорилгын дагууамьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен
1. Левиг дуудсан Есүс (13-14)
Одоо Есүсийг хүрээлэгч хүмүүс чамгүй их болсон байна, Түүнийг хаана ч явсан маш олноороо цуглан дагах болж. Учир нь Түүний сургаал, ер бусын хүч чадал, эрх мэдэл, агуу хайрын хүчинд хүмүүс өөрийн эрхгүй татагдах болсон. 13-р эшлэлийг үзвэл уламжлалт ёсоороо тэдэнд сургаалаа заасан. Есүсийн үйлчлэлийг харах юм бол юу юуны түрүүнд үгийг чухалчлан зааж байсан. Өмнөх долоо хоногийн номлол дээр ч гэсэн саа өвчтэй хүний өвчин нь эдгэрэхээс илүүгээр сүнсний эдгэрэл, чөлөөлөлт нь илүү чухал болохыг зааж өгсөн. Тэгэхээр бидний сүнсний өвчинг зөвхөн Бурханы үг л эдгээж, илааршуулж өгдөг. 14-р эшлэлийг үзвэл Есүс явж байгаад татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь өнгөрөхдөө харсан. Есүс түүнд хараагаа чиглүүлэн ойртож очоод “Намайг дага” гэж хэлсэн. Энэ уулзалт бол Бурхан ба гэмтэн хоёрын уулзалт байсан. Энэ уулзалтаар Левигийн амьдрал 180 градус өөрчлөгдсөн юм. Энд Есүс харсан гэдэг нь зүгээр л нэг харсан биш бүр нэвт шувт харсан, бүгдийг нь мэдсэн, тэгээд маш их өрөвдөн хайрлан харсан юм.
Тэгвэл Есүстэй уулзахын өмнө Леви ямар хүн байсан бэ? Татвар хураагчид нь янхан эмэгтэйтэй адилаар албан ёсны гэмтэнд тооцогддог байсан. Албан ёсны гэмтэн гэдэг нь тэд бусадтай харилцах, хамт хүндэтгэлийн цуглаан өргөх, өргөл өргөх гээд бүгд хориотой байсан. Татвар хураагч нь Ромын засгийн газрын татварыг хураах ажлыг хариуцдаг хүмүүс байсан. Тэд авах ёстой татвараас гадна илүүг авч, хувьдаа авдаг байсан. Хүмүүс татвар хураагчдыг эх орноо худалдагч, урвагч, харь үндэстэн гэж үздэг байсан.
Тэгвэл татвар хураагч хэр зэрэг гэмтэй вэ? Ажил мэргэжлийн онцлог гэж байдаг шиг Татвар хураагчийн онцлог юу байсан бэ?
1-рт татвар хураагч нар хувиа хичээсэн, бусдыг огтхон ч боддоггүй, өөрийн ашгийг боддог хүмүүс. Татвар хураагчид өөрсдийн аз жаргалын төлөө бусдын аз жаргалыг сүйтгэдэг байсан. Бусдын төлөө өөрийгөө золиослох нь мунхаг гэж боддог. Харин Бурхан биднийг бусдын төлөө амьдруулахаар дуудсан юм. Библи дээр ямар ч тохиолдолд өөрийн ашгийг бодож хувиа хичээж амьдрахыг гэм гэж үздэг. Хүн төрөлхтөн мөн чанартаа Бурханы алдрын төлөө мөн хөршийнхөө төлөө амьдрахаар бүтээгдсэн юм. Тэгж амьдрах үед жинхэнэ баяр хөөрийг мэдэрч амьдардаг юм. Англиар JOY гэсэн үг нь 1-рт Есүс, 2-рт бусад хүн, 3-рт өөрөө(Jesus first, Others second, Yourself third) гэж задалж болно. Ийм журам дарааллын дагуу байх үед баяр хөөр автоматаар бий болдог. Гэтэл татвар хураагч Левигийн амьдралын үзэл бодол нь 1-рт би, 2-рт би, 3-рт би байсан. Зөвхөн өөрийнхөө төлөө хувиа хичээж амьдрах нь түүний хувьд Бурханы өгсөн, хүссэн амьдралын зорилгоос хазайсан амьдрал байсан юм.
2-рт, татвар хураагч нар шуналын боол байсан. Тэд бусдад өгөхийг мэдэхгүй, бүх зүйлийг өөрөө хамж, цуглуулдаг байсан. Тэгснээрээ өөрсдөө аз жаргалтай болно гэж боддог байсан. Гэтэл бодит байдал эсрэгээрээ байсан. Шунал бол хүн бүрд л төрөлхийн байдаг зүйл. Гэхдээ шунал ихэдвэл шулам болно гэдэгчлэн, шунал нь гэмийг төрүүлдэг гол үндэс болдог. Тиймээс Иаков 1:15-д “Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж” хэмээн хэлсэн байна. Мөн Паул шунахайрал бол шүтээн шүтэх явдал гэж хэлсэн байдаг. (Коллосай 3:5).
3-рт, Татвар хураагч нар маш хэрцгий байсан.
Тэд бусдын зовлонг огтхон ч харахгүй хэрцгийгээр татвараа хураадаг байсан. Тиймээс Иудейн сургаал үгэнд “уулын дунд зэрлэг арслан байдаг бол гудамжинд харгис татвар хураагч байна” гэдэг үг хүртэл бий болсон. Өршөөл гэдэг үг тэдний үгсийн санд байхгүй байсан. Хүнд хэцүү нөхцөл байдалтай хүнийг хараад өрөвдөх сэтгэл төрж, туслахыг хүсдэг. Энэ нь Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүнд байх ёстой чанар юм. Есүсийн уулан дээрх сургаалд “Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно.” гэж хэлсэн. (Матай5:7). Хэрвээ өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй байвал татвар хураагчийн ажилд тэнцэхгүй. Леви бол ийм л татвар хураагчдын нэг байсан юм.
Тэрээр яагаад татвар хураагч болсон бол? Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв ямар ч зовлон, гачигдал байсныг хэлж мэдэхгүй. Магадгүй түүний гэр бүл маш ядуу учраас хүмүүст дээрэлхүүлж байсан юм уу? эсвэл их өртэй байсан учраас энэ өрний асуудлыг шийдэхийн тулд татвар хураагч болсон байж болох юм. Эсвэл баян хөрөнгөтэй хүмүүс үл тоож, доромжлохыг тэсэлгүй, мөнгөтэй хүмүүсээс өшөө авах гэсэн нь түүнийг татвар хураагч болгосон ч байж магадгүй. Ямартай ч тэр татвар хураагч болох сонголтоо хийсэн. Левигийн амьдарч байсан тэр цаг үе Ромын колонид байсан учраас маш их зовлонтой хэцүү цаг үе байсан. Тэр бодит байдлыг харахдаа сайнмэдээний төлөө амьдрах, Бурханы алдрын төлөө хоньчны амьдралаар амьдрана гэдэг нь бодит байдлаас тасарсан мэт санагдсан байх.
Эцэст нь тэр татвар хураагч болох сонголтыг гарган, татвар хураагч болохын тулд бүх шалгуурыг давах гэж маш их хичээсэн байх. Тэгээд эцэст нь зорьсон зорилгодоо хүрч сайхан амьдрахыг хүссэн нь мэдээж. Мөнгө түүний хувьд утга учир, амьдралынх нь зорилго болж хувирсан. Тэрээр мөнгөтэй л бол бүх зүйлийг худалдан авч болно гэж бодсон. Тэр мөнгөтэй болоод өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй бүх зүйлийг нэг нэгээр нь хийж эхэлсэн. Тэрээр тансаг байшин, тансаг машин авсан, амралтын өдөр бүр гольф тоглож, хамгийн үнэтэй ресторанд хооллож байсан байх. Түүнд эхэндээ үнэхээр дутах юм байхгүй сайхан байсан нь мэдээж. Цаашид түүний амьдрал аз жаргалтай байх ёстой байсан. Гэвч бодит амьдрал нь түүний хүссэнчлэн байсангүй.
Тэрээр эцэст нь мөнгөтэй байгаад амьдрал бүх зүйл окэй болдоггүйг ойлгох болсон. Тэр хоосон сэтгэлээ дүүргэх гэж архи ууж, зугаа цэнгэл хөөж, элдэв янзын мансуурлын бодис хэрэглэх болов. Юунаас ч илүү түүнийг тэсэхийн аргагүй зовлонд унагадаг байсан зүйл бол ганцаардал байсан. Түүнд сэтгэлээ нээгээд ярих найз ч байсангүй. Тэрээр цөхрөл, гансрал, депресс гэсэн өвчнийг тээх болсон. Иохан 12:25-д “Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална.” гэжээ. Яг энэ үг түүний толгой руу орох шиг л болон ойлгож ухаарсан ч гэсэн буцааж болохгүй болсон мэт байлаа. Түүний сүнс цөхөрч, ёроолгүй ангалаас аварч өгөх Мессиаг хайж байсан. Харин ийм өрөвдөлтэй Левиг татварын газар сууж байхад нь Есүс харсан. Хүмүүс бол түүнийг зөвхөн шүүлтийн харцаар, буруутгасан нүдээр, хорсож, зэвүүцэж, үзэн ядаж хардаг байсан бол Есүс түүнийг хоньчны нүдээр харсан юм. Есүс түүнийг амьдралын зорилго чиглэлээ алдаад төөрч, будлиж явааг харсан. Есүс түүнийг хармагцаа “намайг дага” гэж тушаасан. Ингэж намайг дага гэж хэлсэн нь Левид ямар утга учиртай вэ?
1-рт нүглийн уучлал, авралын ивээл юм.
“Намайг дага” гэсэн нь чи намайг дагавал өнгөрсөнд үйлдсэн бүх гэмийг чинь уучилж өршөөнө гэсэн авралын дуу хоолой байсан. Энэ дуудлага нь үхлийн ёроолгүй ангалаас гаргаж өгнө гэсэн авралын дуудлага байсан юм. Есүс түүний өнгөрснийг асуугаагүй. Харин тэрээр Намайг дага, чиний час улаан байсан нүглийг уучилж, цас мэт цагаан болж шинэ амьдралаар амьдруулахыг хүсэн дуудсан юм.
2-рт, Түүний амьдралын зорилго, чиглэлийг өөрчилж буй үг юм.
Левигийн асуудал бол Бурханы зорилго ба зөвт амьдралыг бус зөвхөн өөрийнхөө төлөө хувиа хичээж амьдрахыг сонгосонд байгаа юм. Хүний Бурханаас заяасан амьдралын зорилго бол Бурханы алдар мөн хөршөө хайрлаж бусдын төлөө амьдрахаар бүтээгдсэн. Ийнхүү амьдарснаар жинхэнэ баяр хөөр, амар тайван, аз жаргалыг мэдэрч амьдрах юм. Оюутан залуусыг итгэлийн замаар дагуулдаг, өсгөдөг хоньчны амьдралд цаг зав болон эд мөнгө, өөрийн мөрөөдлөө хаях гээд маш олон золиос шаардагддаг. Тэгсэн ч гэсэн маш олон хүмүүс хоньчны амьдралаар амьдардаг. Тэнд утга учиртай, зовлонтой ч гэсэн үнэ цэнтэй, амар тайвныг жинхэнэ утгаар амсаж, мэдэрч байгаа учраас юм. Леви бол энэ аз жаргалын нууцыг мэдээгүй учраас өөрийнхөө төлөө л амьдрахыг сонгосон. Харин Леви Есүсийн төлөө амьдрах үед түүний үхэж буй сүнс дахин амь орсон юм.
3-рт Есүс Левиг өөрийн шавь болгоно гэсэн үг юм.
“Намайг дага” гэсэн энэ үг нь одоо цаг бөгөөд үргэлжилж байгаа цаг учраас үргэлжлүүлэн дагаарай гэсэн үг юм. Энэ нь шавиа болгон урьж буй зарлиг юм. Левид Есүсийн шавийн шинж чанар харагдахгүй байсан. Тэр амиа хичээсэн өвчнөөр гүн өвчилсөн нэгэн юм. Харин Есүс Левиг 12 шавь нарын нэг болгосон нь үнэхээр гайхмаар үйл явдал байсан нь бүгдэд тодорхой харагдаж байсан. Есүсийн шавь нар дунд албан ёсны гэмтэн байх нь Есүсийн эрх мэдлийг унагаах шалтгаан болох байлаа. Энэ нь Есүсийн цөхөрсөн нэгнийг харах хараа хүмүүсийн хардгаас огт өөр байдаг учраас юм. Хүмүүс зөвхөн гадна талыг хардаг бол Бурхан зүрхийг хардаг. Мөн түүнд сайнмэдээний төлөөх хүсэл найдвар тавин дуудсан. Есүс түүнийг хэзээ ч орхиогүй Матай сайнмэдээний номыг бичих энэ дэлхийн гэрэл болон өөрчлөгдөх Бурханы зарц гэж харсан юм.
Дуудлага авсан түүний хандлага ямар байсан бэ? Хэчнээн дуудлагын ивээл агуу их байсан ч гэсэн хүний хувьд гаргах хариу үйлдэл байхгүй бол гайхамшиг хэзээ ч болохгүй. 14б эшлэлийг харвал “Тэр босож, Түүнийг дагалаа.” Тэр дуудлага авмагцаа юу ч ярилгүй шууд л босож Есүсийг дагасан. Хүн бүр өнгөрсөн амьдралаа ардаа орхиод шинээр бүхнийг эхлүүлэхийг хүсдэг ч бас нөгөө талаар одоог хүртэл амьдарч бүтээсэн бүх зүйлээ хаяна гэхээр айж, эргэлздэг. Леви их орлоготой ажлаа орхиод нүдэнд үл харагдах ирээдүйгээ бодохдоо айдаст автаж болох байсан. Мөн өөрийн гэмт амьдралаа хараад “над шиг ийм гэмтэн хэзээ ч Есүсийг дагаж Түүний шавь болох боломжгүй” гэж хэлж болох л байсан. Гэсэн ч тэр зөвхөн Есүсийг хараад Есүсийн хайранд итгэж, босож Есүсийг дагасан. Түүнд итгэлийн зориг байсан юм.
Тэрээр ийнхүү Есүсийг дагасан нь өөрийнх нь өмнөх амьдрал үнэхээр зовлонтой байсан учраас юм. Түүний зүрх сэтгэл нь бэлтгэгдсэн мэт байсан. Тэр юунаас ч илүү Есүсийн дотор л жинхэнэ хайр, хүсэл эрмэлзэл, найдвар, зорилго байгааг олж харсан. Одоо тэрээр өөрийнхөө төлөө амьдрах биш үнэний төлөө, өөрийгөө золиосолж, хоньчны амьдралаар амьдрах шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэр нь татвар хураагч Левигээс ариун Матай болох агуу шийдвэр байсан юм. Тэр энэ шийдвэрийг гаргаснаар энэ дэлхийн хөрөнгө мөнгөө алдсан ч хамгийн нандин агуу Есүстэй уулзаж, Түүнтэй хамтаар үнэ цэнтэй, ялалтын амьдралаар амьдарч чадсан юм. Энэ гайхамшиг биш гэж үү? Леви өмнөх амьдралдаа эрх мэдэл, албан тушаал, мөнгөнөөс болж бүх зүйлээ алдсан. Эх орноо, найз нөхөд, хүний мөс чанараа ч алдсан. Гэвч тэрээр Есүстэй уулзаад энэ бүх зүйлийг эргэн олсон юм. Бид бүгдийг өрөвдөн хайрлаж, сайнмэдээрүү дуудсан Есүст бүх алдар магтаалыг өргөж байна. Хүн бүр Түүний ариун нандин дуудлагыг ухааран оюутнуудын сайн хоньчноор, бусдын төлөө золиос зориулалт гарган үйлчилдэг амьдралаар насан турш амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Бурханы гайхалтай зорилго, үнэ цэн танд бялхам дүүрэн байг. Левиг бусад бүх хүн хараад өчүүхэн төдий ч үнэ цэнэтэй гэж хараагүй, Харин Сайн хоньчин Есүс түүнийг ямар их хайрлаж Намайг дага хэмээн дуудсан шиг та биднийг тийнхүү Өөртөө дуудаагүй гэж үү. Энэ цагт Түүний өршөөл, нигүүлсэл, хайранд талархаж байна. Хэн ч биш, хэнд ч хэрэггүй үхэхээс өөр аргагүй байсан намайг харсан Есүст, Түүний дуудлагад талархаж байна. Тэр хайраар өөрийн биеэ золиос зориулалттайгаар Сайнмэдээний төлөө тууштайгаар, баяр хөөртэйгөөр амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Амен
2. Татвар хураагч ба гэмтнүүдтэй хамт хооллож буй Есүс (15-17)
Леви босоод Есүсийг дагах үед түүний зүрх сэтгэлд гайхалтай өөрчлөлт гарсан. Түүнд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар тайван баяр, хөөрөөр дүүрсэн. “Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв.” (Лук 5:29) Мөн энэ цайллагад өөртэйгөө адил татвар хураагчдыг Есүстэй уулзуулахын тулд урьсан. Татвар хураагч мөн гэмтнүүд Левигийн гайхалтай өөрчлөлтийг хараад Есүс уруу ирсэн. Тэд ч бас авралын найдварыг харсан. Есүс тэднийг хүлээж авч хамт хооллосон.
Тэдэнтэй хамт хооллон буй Есүс бол хайр, өршөөл, нигүүлслээр дүүрэн Нэгэн юм. Тэр хуулинд бичигдсэн албан ёсны гэмтнүүдтэй хоол идсэнээр тэдний найз, нөхөд мэт ойр дотно болсон. Тэр бол гэмийг жигшдэг, харин гэмтнийг хайрладаг Ариун Бурхан юм. Тэрээр бүх төрлийн гэмтэнтэй адил болж тэднийг ойлгож, аварч үйлчилж өгсөн юм.
16-р эшлэлийг үзээрэй. Харин энэ үед урилгагүй зочид болох хэдэн Фарисайчууд, хуулийн багш нар ирсэн. Тэд Есүсийг татвар хураагч гэмтнүүдтэй хоолож буйг хараад буруутгасан. “Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд” Фарисайчууд, хуулийн багш нар бол хуулийг мөрдөж сахидаг хүмүүс юм. Гэвч тэд хуулиндаа баригдаж, өөрсдийгөө зөвт гэж үзэж, бусдыг үргэлж шүүж байсан. Тэд хуульчлагдсан сэтгэлтэй байсан учраас татвар хураагч, нүгэлтнүүд бол ямар ч найдвар байхгүй гэж үзсэн. Тэдэнд хүнийг ойлгох сэтгэл, хайр байгаагүй юм. Ийм тэдэнд Есүс яагаад татвар хураагч болон гэмтнүүдтэй хооллож байгаагаа тайлбарлаж өгсөн. 17-р эшлэлийг харвал “Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.” Энэ зарлигаар дамжуулан бид Есүсийн энэ дэлхийд ирсэн үнэнийг сурч болох юм. Иохан 3:17-д “Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” гэжээ.
Өвчилсөн нэгэнд эмч хэрэгтэй байдаг шиг гэмтэй нэгэнд аврагч хэрэгтэй юм. Есүс өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүнд аврагч нь биш, харин өөрийгөө өвчилсөн гэдгийг ухаарч гэмтэй чигээрээ өөр дээр нь ирж буй гэмтнүүдийн аврагч нь болдог. Есүс бол өвчилсөн гэмтнүүдийг эмчилдэг сүнсний эмч юм.
Дүгнэлт: Леви адил гэмтэн байхад Есүс л биднийг сонгон дуудаж, уучилж өршөөн, аварч өгсөн билээ. Түүний дуудлагыг авсан хүн нь өөрийн эрхгүй бусдад үйлчлэн амьдардаг. Бурханд талархаж, гэмшиж, Түүнд залбирч, Түүнд түшиглэн амьдардаг. Харин Леви шиг амин хувиа хичээж амьдрах үед зовлонтой болдог. Нэг л зүйл болохгүй болж эхэлдэг. Бурхантай харилцах харилцаа хөндийрч, сүнсээр хүчгүй болж, би өөрийн үнэ цэнээ алдаж эхэлдэг. Ямар ч баяр хөөр үгүй болж, өөрөө өөрийгөө хуурч, дүр эсгэн, ямар нэг зүйлээр өөрийгөө хуурч амьдрах болдог. Харин Есүс бидний хүн нэгбүрийг нэвт шувт хардаг, Тэр хэзээ ч биднийг орхихгүй. Есүс бол бяцарсан зэгсийг хугалахгүй, бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. “Намайг дага” намайг дагадаг амьдрал нь цор ганц зөв зам гэдгийг дахин дахин ухааруулж өгдөг. Амьдрал баялаг, бас заримдаа хэтэрхий богинохон. Есүсийг дагахад саад болж байгаа зүйлсээ орхиод Түүнийг дагах хэрэгтэй. Загалмай үгүй бол Титэм үгүй, Орхилгүйгээр дагах боломжгүй юм. Есүсийн Авралын баяр хөөрийг бялхам дүүрэн эдэлж амьдрахад тусалж удирдаж өгөөч. Түүний хайр энэрлийг дэмий хоосон бүү болго. Хөршөө хайрла, ахан дүүсээ хайрла, оюутан залуусын авралын төлөө үйлчил, Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална. Нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн Есүсийн хайрыг магтан алдаршуулъя. Амен.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2020.05.19/
Дараагийн нийтлэл2020 оны Марк 8-р хичээл (05.31)