Итгэгчийн гэр бүл
Ефес 6:1-9
Гол эшлэл 6: 1
“Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм.”
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд Ефес номоор дамжуулан биднийг ухааруулж, гэмшүүлж, дасгалжуулж байсан Бурхандаа талархаж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн номлолоор гэр бүлийн, эхнэр нөхрийн харилцаа болоод Есүсийн оролцооны талаар суралцсан билээ. Эхнэр хүн нөхөртөө Христэд дуулгавартай байдаг шиг дуулгавартай байх бол нөхөр Есүсийг хайрладаг шигээ эхнэрээ хайрлах хэрэгтэй гэдгийг суралцсан. Харин өнөөдрийн номлолоор бид хүүхдүүд ба эцэг эх, боол ба эздийн харилцааны талаар суралцах болно. Бурхан миний болоод бидний зүрхэнд ярих болтугай. Ингэснээр бидний амьдрал Христийн хайр урсан орж бүх зүйлийг түүний хайраар хийдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
I. Эцэг эх ба хүүхдийн харилцаа
Хүүхэд та Бурханаас өгдөг хамгийн нандин бэлэг юм. Тиймээс Бурханы хамгийн нандин бүтээл таны аав ээжтэйгээ хэрхэн харилцах талаар библи дээр өгүүлсэн байдаг. Одоо бүгдээрээ 1-р эшлэлийг үзээрэй. “Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм.” Энд гарч байгаа хүүхдүүд гэдэг ойлголтод 18 нас болон түүнээс доош насны хүүхдүүдийг оруулж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Бурханы өхөөрдөм хүүхэд таныг эцэг эхдээ 100% дуулгавартай байгаарай гэж хэлж байна. Бурхан хэлж байгаа учраас аав ээждээ дуулгаваргүй хандаж болохгүй юм. Энд ямар ч сонголт байхгүй бөгөөд ямар нэгэн болзол тавиагүй. Чиний хүссэн зүйлийг авч өгч байвал дуулгавартай байгаарай гэж хэлээгүй юм. Хичээлээ хийхгүйгээр найзуудтай тоглож эсвэл гар утас болон компьютер тоглоом тоглуулбал үгэнд орж дуулгавартай байж болно гэж хэлээгүй юм. Сэтгэл чинь гунигтай байсан ч эцэг эхдээ дуулгавартай байхыг хичээгээрэй. Чиний зөв мэт санагдаж аав, ээжийн тань буруу мэт санагдсан ч дуулгавартай байхыг Бурхан хүсэж байна. Аягаа угаамааргүй байсан ч ээж, аав тань угаагаарай гэсэн бол дуулгавартай угаах нь зөв хандлага гэж байна. Хогоо шүүрдээрэй гэсэн бол хогоо шүүрдээрэй. Хэзээ ч, ямар ч нөхцөл байдал дунд байсан Бурханыг хайрлах хайраар эцэг эхдээ дуулгавартай байх хэрэгтэй юм.
Харин Эзэний хүслээс өөр буюу Христэд итгэх итгэлээс холдуулах зүйлийг зааж байгаа бол дуулгавартай дагах шаардлагагүй. Илүү тодруулбал цуглаанд явахыг хориглох, Христ итгэлийн эсрэг зүйл ярьж, ийм зүйлд оролцохыг уриалж байгаа бол аав ээжийнхээ үгийг дагахгүй байж болно. Учир нь 1-р эшлэлд “Эзэн дотор” гэж онцолсон нь Бурханы хэлсэн үгийн дагуу тэднийг хүндлэх юм. Энэ нь Есүсийг дагахыг бүхнээс илүүтэйгээр хичээхийг хэлж байна. Өдөр бүр библи уншиж, Бурханы үгийг уншсанаар Бурханд хайртайгаа харуулж чадах юм. Эцэг эх болсон бид ч Бурханы хүүхдүүд. Тиймээс Бурханы тогтоосон эмх цэгцийн дагуу махбодын эцэг эхийг хүндэтгэн хайрлах хэрэгтэй. Христ дотор тэдэнд дуулгавартай байгаагаа тэдний төлөөх залбирал болон үйлчлэлээрээ харуулж чадахыг хүсэн гуйж байна.
Иймээс эцэг эхийнхээ үгийг дуулгавартай дагаж байгаа хүүхдүүдэд юу тохиолдох вэ? Одоо бүгдээрээ 2 болоод 3-р эшлэлийг хамтдаа уншицгаая “Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад 3 “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. Эндээс эцэг, эхдээ дуулгавартай байж, тэдний үгийг сахин биелүүлснээр ямар гайхамшигтай зүйл болохыг хэлж байна.
Нэгдүгээрт: Энэ нь чамд сайн. Сургаалт үгс 15:5 “Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох. Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих”. Дээрх эшлэлээс харвал эцэг эхийнхээ сургаал, зөвлөгөөг мунхаг хүүхэд тоодоггүй гэж байна. Цаашлаад хэлсэн сургаал, зөвлөгөөнд анхаарлаа хандуулдаггүй гэсэн үг юм. Харин хэрсүү ухаалаг хүүхэд бол үргэлж эцэг эхийнхээ үгэнд маш сайн ордог гэж хэлж байна. Тиймээс цаг ямагт аав ээжийнхээ үгэнд дуулгавартай хандахыг хичээгээрэй. Аав ээждээ гэр орныхоо ажлыг хийснээр тусалж болно. Энэ нь чамд сайн. Ингэснээр чи эрүүл чийрэг, ажилсаг нэгэн болж өснө. Аав ээжийнхээ хэлснээр хичээлээ шаргуу сайн судалж, гадаад хэлийг сайн сурах хэрэгтэй. Энэ нь чамд сайн бөгөөд хэзээ нэгэн өдөр ашиг тусаа өгөх юм. Чи ирээдүйн улс орондоо нэрээ дуурсгасан эрдэмтэн, улс төрч болно. Аав ээжийнхээ хэлснээр ном сайн уншаарай. Энэ чамд сайн. Ингэснээр чиний ой тогтоолт сайжирч сэтгэн бодох чадвар тань сайжрах болно. Энэ нь бас чамд сайн. Өөр олон сайн зүйл байгаа. Өөр юу сайныг библээс олж харах боломжтой. Библи дээр бидэнд болон та бүхэнд тохиолдож байгаа бүхэн бидний сайн сайхны төлөө гэсэн билээ. Бүгдээрээ Бурханыг хайрлах сэтгэлээр ээж аавдаа дуулгавартай хандацгаая.
2-рт Дэлхий дээр урт наслах шагнал. Бид бүгдээрээ урт наслахыг хүсдэг шүү дээ. Урт насалснаар энэ дэлхийд болж байгаа сайхан бүхнийг олж харахыг хүсдэг. Харин дэлхий ертөнцийг оргүй хоосноос бүтээсэн Бурхан урт наслах нэгэн нууцыг энд хэлж өгч байна. Энэ нь аав, ээждээ дуулгавартай байснаар чи урт насална хэмээн амласан. Тэднийг чин сэтгэлээсээ хайрласнаар чи урт наслах болно. Хэн, хэдий хугацаанд энэ дэлхий дээр амьдрахыг хэн ч мэдэхгүй. Шинжлэх ухаан ч яг одоогоор чи тэдэн жил наслах юм гэж хэлж чадахгүй. Гэвч Бурханы анхны амлалт бүхий тушаалаа өгсөн энэ юм. Энэ бол эцэг эхдээ дуулгавартай байгаарай. Тэднийг асран хайрласнаар чи энэ дэлхий дээр урт насална гэдгийг хэлж байна. Энэ үнэхээр гайхалтай амлалт юм. Гэр бүл болоод өрх тусгаарлан явсан үедээ эцэг эхээ сайтар хайрлан эргэж тойрох хэрэгтэй. Ингэх юм бол чи энэ дэлхий дээр урт насалж сайн сайхан амьдрах болно. Бурханыг мэдэхгүй найз тань энэ нууцыг мэдэхгүй. Тиймээс тэд эцэг эхийнхээ үгийг сахилгүй зөрүүдэлж байгаагаа сайрхан ярьж болох юм. Гэвч тэдний нөлөөлөлд автаж болохгүй. Харин ч эсрэгээрээ эцэг эхдээ хэрхэн дуулгавартай хандаж байгаагаа найздаа харуулах хэрэгтэй. Ингэснээр Есүсийг гэрчилж чадна. Тиймээс Бурханаас чамд өгөх шагнал бол газар нутаг дээрээ урт насалж сайхан амьдрах юм. Аав ээжийнхээ үгэнд дуулгавартай хандахыг хүсэн гуйж байна.
II. Бурханы тогтоосон хүүхдийн хүмүүжил. Одоо бидний дараагийн сурах зүйл бол эцэг эхчүүдэд хандсан хүүхдийн дасгалжуулалтын талаар Бурханы хүсэл тааллын талаар суралцах болно. Одоо бүгдээрээ 4-р эшлэлийг уншицгаая. “Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.” Хүүхдүүдийн үүргийн талаар ярьсны дараа Паул одоо эцэг эхийн үүргийн талаар ярьж байна. Эндээс гол онцлох зүйл бол Эзэний дэг журам болон сургамж дор хүмүүжүүлэх хэрэгтэй гэж байна. Эцэг эхийн хүүхдүүдээ хандсан сэтгэл, сургамж нь хүүхдүүдээ дуулгавартай байхад сургах юм. Ингэснээр хүүхэд томорч өсөх үедээ Христэд дуулгавартай байж чадна. Харин эцэг эх болсон бидний хандлага зүрхний чин хүсэл юу байхыг сайтар бодож үзэх хэрэгтэй. Өөрийгөө л хайрлуулах эсвэл би аав ээж нь учраас энэ хүүхэд намайг дуулгавартай дагах ёстой гэсэн уурын болоод муйхар сэтгэлээр хандаж болохгүй. Харин үүний оронд зөөлөн сэтгэлээр ханддаг байх ёстой. Хүүхэд бол эцэг эхийн өмч биш. Бид тэднийг мөнхөд даган амьдарч чадахгүй. Тиймээс хүүхдийг Бурханд 100 % даатгаж сурах хэрэгтэй. Би энэхүү номлолын бэлдэх явцдаа дараах 7 зүйлийг сурч авснаа та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Энэ зүйлийн өөрийн зүрхэндээ бичиж Бурханы надад өгсөн хүүхдүүдийг зөв хүмүүжүүлж чадахыг хүсэн гуйж байна.
1-рт: Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн Бурханд зориулах хэрэгтэй гэдгийг библи бидэнд зааж өгч байна. 1-р Самуел 1:28 “Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНийх болов гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв”. Бид Бурханы хүүхдийг Түүнд бүрэн зориулсан сэтгэлтэй болгох талаар энд сурч байна. Хүүхдэд бага наснаас нь эхэлж Бурхан, Ариун Сүнс, Есүсийн талаар заахыг библи уриалж байна. Ингэснээр хүүхэд Бурханаас эмээхийг сурах юм. Цаашлаад гэм нүглийн талаар ойлгож ухаарна. Гэмийг үзэн ядаж өснө. Ингэснээр тэд Бурхан гэм нүглийг шийтгэдгийг ойлгон Түүнээс эмээхийг сурна. Хүүхдүүддээ аль болох эртхэн хувьчилсан итгэлийг зааж сургахыг хүсэн гуйж байна.
2-рт Эцэг эхийн үг, үйлдэл хайраар тэд өсөн торнидог. Эцэг, эхчүүд болсон бид өдөр тутмын яриа болон чимээгүй цагаараа дамжуулан Бурханы үгийг заах хэрэгтэй аж. Өөрсдөө үлгэр дууриал болсноор ятган урамшуулснаар хүүхдүүдээ залбирлын амьдралаар амьдрахыг урамшуулаарай. Ром 12:12 “Найдвар дор баярла, зовлон дор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул”. Тиймээс бид хэр их өөрсдийгөө Бурхантай уулзах цагт зориулснаар дамжуулан хүүхдийн минь амьдралын үр жимс үүгээр харагдана гэдгийг сурсандаа талархаж байна. Хүүхдүүдийнхээ төлөө одооноос эхлэн тасралтгүй залбирдаг хүмүүс болцгооё. Залбирлаараа дамжуулан хүүхдүүдээ Бурханд өргөдөг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
3-рт Бурханы ажлыг гэрчлэхэд урамшуулах хэрэгтэй. Бурхантай хувийн харилцаа тогтоосон хүүхэд бүхэн Түүний ажлыг гэрчлэх хүсэлтэй болдог. Тиймээс энэ ертөнц дээр бид харийн хүмүүс буюу түр зуур оршин суугаа гэдгийг байнга хэлж ухааруулцгаая. Хүүхэд бүхэн энэ дэлхийд Бурханы онцгой төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр ирсэн юм.
4-рт Дэлхийн чамин тансаг байдал болоод муу нөхөрлөлөөс хамгаалах хэрэгтэй. 1 Иохан 2:15 “Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга.” Муу нөхөрлөл болон хэт тансаг хэрэгцээ нь хүүхдийн ирээдүйг харлуулж Бурханаас салгах аюултай ажээ. Тиймээс дэлхийн эд зүйлс, алдар нэр хүнд, тансаг амьдрал түр зуурынх гэдгийг хүүхдүүддээ сайтар ухааруулах хэрэгтэй юм. Мөн хүүхдүүдээ хэнтэй нөхөрлөхийг нь заан Бурханаас эмээдэг хүүхэд чиний жинхэнэ анд нөхөрт бүрэн дүүрэн итгүүлж өөрсдөө ч бас Бурханлаг хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй ажээ.
5-рт Бурхан хэлэх үг болоод үйлдлийг харж байгааг байнга сануулах. Дуулал 139:1-3 “Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог. Та миний зам мөр хийгээд Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Замнал бүрийг минь сайн мэддэг.” Бидний хүүхдүүд хэлэх зүйл бол тэдний бүх үг хэл, үйлдэл Бурханы өмнө гэдгийг ухааруулах аж. Ингэснээр тэд Бурханаас эмээдэг зөвт нэгэн болж өсөх ба зөвт байдлын төлөө тэсвэрлэдэг хүмүүс болон өсөх юм.
6-рт Эцэг эх нэгэн зүрх сэтгэлээр сахилгажуулалтыг гүйцэтгэх хэрэгтэй –Эхлэл 2:24 “Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Иймээс бие сэтгэл, мах бодоор нэгдсэн эхнэр, нөхөр хүүхэд хүмүүжлийн тал дээр ч нэгдмэл байх хэрэгтэй. Тэд хайр дотор хүүхдүүдээ нэгэн сэтгэлээр хүмүүжүүлэх хэрэгтэй. Бурхан нөхрийн эрх мэдлийг эхнэрийн тусын тулд байхаар өгсөн. Үүний адилаар эцэг эхийн эрх мэдэл нь хүүхдүүдийн тусын тулд байхаар өгөгдсөн байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ зэмлэхдээ болоод сахилгажуулахдаа хүний санаагаар хандаж болохгүй. Бас хуваагдаж болохгүй. Харин хайр дотор сахилгажуулахын тулд хичээх хэрэгтэй.
7-рт Хүүхдүүдээ уурлуулан цочоож болохгүй. Элч Паул дээрх эшлэлээр дамжуулан цочоон уурлуулж болохгүй гэдгийг сануулж байна. Аав ээжүүд сэтгэл хөдөл, тухайн үеийн уураас болж хүүхдүүд загнаж, чанга чанга дуугаар орилж загнадаг. Дэмий зүйл дээр хүүхдүүдээ буруутгаж, шийтгэж болохгүй. Шаардлагагүй зүйлсийг тэднээс нэхэж зовоож болохгүй. Бид тэднийг хайр болон сахилгажуулалт дотор энэ тэнцүү хүмүүжүүлэх хэрэгтэй. Цочоон уурлуулснаар тухайн хүүхдийн сэтгэл санаа, зан авир тогтворгүй болж амархан уурладаг болдог. Энэ зан авирын өөрчлөлт насан туршид түүнд нутагших аюултай. Тиймээс элч Паул хүүхдээ гэнэт битгий цочоон уурлуулаарай гэж байна.
Хүүхэд хүмүүжлийн гол суурь зүйл бол хүүхэд бүрийг Бурхантай ариун нандин харилцаа тогтооход туслах юм. Сургаалт үгс 22:6 Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр эцэг эх бид залбирлын амьдралаар амьдарч Бурхан, Есүс, Ариун Сүнсний талаар ч тэдэнд сайтар заах юм. Ингэхдээ өөрсдөө үлгэрлэн харуулахгүй л бол ямар ч үр дүн гарахгүй. Хэлэхээс илүүтэйгээр үлгэрлэн харуулахыг чухалчлах хэрэгтэй. Эс бөгөөс хүүхдүүд маань биднийг элэглэн шоолж эцэст тэд Эзэний замаас холдон одохыг таашгүй. Иймээс өдөр бүр Бурханыг хайрласнаар түүнд өөрийгөө зориулснаар үр хүүхэд маань Бурханы ард түмэн болж өсөхийг харцгаая.
III. Удирдагч хүний хандлага
Шинэ гэрээний үед боолчлол Ромын эзэнт гүрэн даяар өргөн тархсан байлаа. Боолуудад маш муугаар ханддаг байжээ. Тэдэнд ямар ч эрх чөлөө байгаагүй бөгөөд тэдэнтэй яг адгуустай харилцаж байгаа мэт харилцаж байв. Харин Христийн үнэний сайнмэдээг хүлээн авахдаа олон боол итгэгч болсон байна.
Өнөө үед хүнийг боолчлох явдал бараг үгүй болсон. Гэхдээ Паулын үеийн эзэд ба боолуудад хэрэглэж байсан зарчмыг өнөөгийн удирдагчид хүмүүст хэрэглэж болно. 6,7-р эшлэлийг хараарай. “Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эзэддээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай.” Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил. Эндээс харвал Христэд итгэдэг ажилтан, менежер, багш, инженер хүн дараах 3-н зан чанарыг харуулдаг байснаар Бурханд алдрыг өргөх чадах ажээ.
1-рт Христээс эмээх
2-рт Чин сэтгэлээсээ дуулгавартай байх
3-рт Хамгийн сайнаараа үйлчлэх.
Дээрх 3 хандлагыг бид ажилчин хүний хувьд захирлууддаа, засаг захиргааны удирдагчид цаашлаад чуулганы удирдлагад харуулах хэрэгтэй юм. Авах цалин хөлс, тэтгэлэг, хангамж, машин, байр орон сууцны тухай бодох биш бусдад буюу ажил олгогчдоо юу өгч болох талаараа бодох нь чухал хандлага. Ажилчин хүн ажил олгогчийнхоо төлөө хэрхэн сайн ажиллаж болох тухайгаа бодох хэрэгтэйг зааж байна. Бурханы танд өгсөн ажлыг чин сэтгэлээсээ хийж чадахгүй байгаа бол гэмшицгээе. Ёс төдий буюу цалин авахын төлөө ажиллаж байгаадаа ч гэмших хэрэгтэй. Хүний нүдийг хуурч өдөр хоногийг арайхийн өнгөрөөн ажиллаж байгаа бол гэмшицгээе. Ийм хандлагатай байгаа бол Бурханы шагнал ч байхгүй. Хүний шагнал ч өгөгдөхгүй. Харин хэзээ нэгэн өдөр энэ хандлагаас болж Христийн нэр хүнд унана. Тиймээс хэрвээ ийм хандлага байгаа бол Бурханаас чин сэтгэлээсээ гуйгаарай. Бурхан танд чин сэтгэлийг өгөхөөс гадна хаана байх газрыг тань харуулах болно.
Харин одоо бүгдээрээ удирдагч хүний хандлага ямар байх талаар суралцах болно. 9-р эшлэлийг харцгаая. “Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.” Паул удирдагч хүнийг Христээс эмээхээс сэтгэлээр ажилчиддаа хандах ёстойг энд хэлж байна. Ингэхдээ тэднийг ч гэсэн хүндэтгэх хэрэгтэй. Удирдагч хүнд байх онцлог чанарууд
1-рт Бурханаас эмээх
2-рт Ямар ч ажилчдыг ялгаварлаж болохгүй.
3-рт айлган сүрдүүлж болохгүй гэдгийг энд онцлон хэлж байна.
Дээрх зан чанарууд Христэд итгэгдэг удирдагч нарт байх хэрэгтэй. Гэлээ ч Христэд итгэдэг удирдагч нийгэмд нөлөөлөхгүй байгаа учраа удирдагчдын нөлөө Монголын улс төр болоод бусад засаглалын бүх ангилалд Христээс эмээдэг удирдагч байхгүйгээс нийгэм үнэхээр хэцүү байдалд байна. Ихэнх удирдагч яаж татварын мөнгийг хулгайн замаар идэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Тэд ард түмнийг огтхон хайрладаггүй. Цаашлаад энэ улс орны ирээдүйд санаа тавьдаггүй. Тэд өнөө маргаашийн унаа тэрэг, байр машин, нэр хүнд, алдар гавъяанд л санаа тавьж байна. Тэд Бурханыг мэдэхгүй учраас ингэж үйлдэж байгаа юм. Тиймээс бид Христийг гэрчлэн харуулах хэрэгтэй ба өөрсдийн дуудлагын дагуу хичээнгүйлэн гэрэлтэн амьдарцгаая. Бид энэ дэлхийд Христийг ямар арга замаар хэрхэн гэрчлэн амьдарснаараа шагнал авах болно. Тиймээс Есүс шиг бусдад үйлчилдэг хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
Дүгнэлт: Хүүхэд бол Бурханы бүтээл. Тиймээс тэр Бурханыг алдаршуулахаар ирсэн. Түүнд Христийн талаар таниулах нь эцэг эх бидний чин хүслэн байх хэрэгтэй байна. Түүнийг бүх талаар нь Бурханд хайртай үйлчилдэг хүн болгохын тулд бид өөрсдөө Түүний заасан замаар амьдарцгаая. Бид Есүсийг харуулах анхдагч загвар юм. Эс бөгөөс дэлхий, муу сүнс тэдэнд хэрхэн амьдрахыг заах болно. Залбирлаар, хайраар, Бурханы үгийн дагуу өсгөж чадахыг гуйж байна. Бурхан манай хоёр дахь үеийн хүүхдүүдийг маань ерөөж энэ цаг үеийн сүнсний удирдагчид хоньчдоор ерөөн өсгөхийг гуйж байна. Эзэний үрс маш олон болтугай