2020 оны Ефес 13-р номлол (03.28) Х. Бүүвэйбаатар

Итгэгчийн сүнсний дайн

Ефес 6:10-24
Гол эшлэл 6:11

“Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс”.

Сайн байцгаана уу? Бурханы үгнээс хуваалцах нандин боломж өгсөн Эзэндээ талархаж байна. Өнгөрсөн долоо хоногт эцэг эх, хүүхдүүдийн харилцааны талаар бид нар суралцсан билээ. Харин өнөөдрийн үзэх зарлиг бол Ефес номны сүүлийн бүлэг бөгөөд хамтран зүтгэгч, итгэгч нарыг сүнсний дайнд хэрхэн оролцож ялалт байгуулах талаар бичсэн. Яагаад итгэгчид сүнсний дайныг хийх, мөн Ариун Сүнсний тусламжтайгаар өөрийгөө хэрхэн зэвсэглэх тухай зааж байна. Өнөөдрийн номлолоор дамжуулан итгэлийн амьдрал нь үргэлжид сүнсний дайн гэдгийг ойлгож Бурханы өвч зэвсгийг авч чадахыг хүсэн гуйж байна.
1. Бурханы дотор хүчтэй бай.(10-12)
Одоо 10-12-р эшлэлийг үзээрэй. “Эцэст нь Эзэн ба Түүний чадлын агуу хүч дор хүчтэй байгтун. 11 “Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. 12 Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг, оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.” гэж байна. Паул хамгийн түрүүнд итгэгч бидний тэмцэлдэх ёстой тулалдааны мөн чанарын тухай өгүүлж байна. Үүний зэрэгцээ Бурханы хүч дор байхыг бидэнд уриалан зааварчилж байна. Яагаад гэвэл итгэгч бидний дайсан бол хүн биш, харин сатан, муу ёрын сүнс учраас юм. Бид сатан, муу ёрын сүнсний эсрэг тэмцэлдэх учир Бурханы хүчийг авахгүйгээр хэзээ ч ялалт байгуулж чадахгүй юм. Энд Бурханы хүч дор байхгүй л бол диаволын эсрэг зогсож чадахгүй гэдгийг сануулж байна. Сатан, муу ёрын сүнс ямар хүчтэй, заль мэхтэй вэ? Илчлэл 12:3-г үзвэл Сатан бол долоон толгойтой, 10 эвэртэй гэж байна. Мөн 2Кор 11:14-д ингэж өгүүлжээ. “Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг”. Эдгээр эшлэлээс харвал Сатан маш их хүчтэй бөгөөд заль мэхтэй учраас итгэгч бид түүний довтолгооноос өөрсдийн хүчээр хамгаалж чадахгүй. Тэрээр бидний сул талыг сайн мэддэг бөгөөд түүний зорилго бол итгэгч нарыг гэм нүгэлд унаган, хүчгүй, сул болж гэмийн боол болгохыг хүсдэг. Сатан бол зорилгынхоо төлөө юу ч хийхээс ч буцахгүй, өрөвдөх сэтгэлгүй, хайр найргүй, харгис, буруутгагч, худалч, худал хуурмагийн эцэг, хууран мэхлэгч, сүйтгэгч, соригч нэгэн юм. Сайхан сэтгэлтэй мэт өөрийн мөн чанараа нуун хүмүүсийг урхинд унагадаг.
Сатан итгэгч нарыг сүнсний назгай байдал, хуурамч амар тайванд оруулснаар итгэгч нарыг Бурханаас холдуулдаг. Хуурамч энэ байдалд орсон итгэгч нар Бурханы үгийг сайн сонсож чадахгүй болсон учраас автоматаар сатаныг даган явдаг. Сатан танд нэг удаа цуглаанд суугаад хэрэггүй дандаа л суудаг ш дээ эсвэл нэг өглөө сайн унтаад ав тэглээ гээд алдах юм байхгүй ш дээ гэх зэргээр шивнэж байна уу? Чамд мөнгө хэрэгтэй болохоор 1/10-ээ энэ удаад өнжих юм уу? гэх зэргээр сорино. Диавол чуулганы итгэгч нарыг уруу татан гэмд унагаснаар чуулганд гомдоллох, бие биенээ үл хүндэтгэх хагарлыг хүртэл бий болгодог. Тиймээс бид Бурхан дотор хүчтэй байх ёстой юм. Сатан хүчтэй боловч Бурхан илүү хүчтэй билээ. Итгэгчид бид сүнсний тэмцэлд оролцож буй цэргийн хувьд тулалдаанд ялалт байгуулахын тулд заавал Бурханы дотор хүчтэй байх ёстой юм. Тэгвэл итгэгч бид хэрхэн сүнсний дотор хүчтэй болох вэ? Бурхан, хүн хоорондын харилцааны талаар ярих нь зүйтэй гэж бодож байна. Бурхан хүн хоёрын хоорондын харилцааны хамгийн чухал хэрэгсэл бол залбирал юм. Бурхантай зөв харилцаа тогтоох хэрэгтэй. Ингэснээр Бурханы дотор хүчтэй болж эхэлнэ. Зөв харилцаа гэдэг нь Бурханыг хүндэтгэж Түүнийг дуу хоолойг сонсож, Түүний үгийн дагуу амьдрахыг хэлдэг.
2. Бурханы өвч зэвсгийг агс (13-20)
Одоо зарлигийн 13-р эшлэлийг үзээрэй. “Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав.” Дээр хэлсэнчлэн диаволын дайралтуудыг зогсоохын тулд Бурханы өвч зэвсгийг агсах ёстой. Итгэгчид Бурханы зэвсгийг өөртөө авснаар сатаны дайралтаас өөрийгөө, хөршөө болон сүм чуулганаа хамгаалан зогсож чадах болно. Диаволын дайралтаас хамгаалах 7 зэвсэг байна.
• (1) Үнэний бүс.
Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэл. Итгэгч нарын хамгийн эхэнд хийх зүйл бол үнэн бүсийг бүслэх хэрэгтэй. Цэрэг хүний бүс хамгийн чухал зүйл бөгөөд бүх хувцас, хэрэглэлийг тогтоон барьж өгдөг зүйл юм. Паул захидалдаа үнэнийг бүстэй зүйрлэсэн нь сатаны худал хуурмаг, заль мэхийг ялган ялалт байгуулах нь үнэний хүчээр болох учраас тэр юм. Диавол итгэгчдийн сэтгэл хөдлөл ба мэдрэмжийг ашиглан хуурамч тэмдгүүдийг амтлуулан харуулдаг. Итгэгч нар диаволын энэ мэхэнд унаснаар Бурхантай харилцах харилцаа тасалдаж, аажимдаа итгэгчийн мөн чанараа алдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл үнэний талд зогсож чадахгүй болдог гэсэн үг. Иймээс бид үнэн буюу Бурханы амийн үгээр диаволын худал хуурмагийг ялан дийлэх хэрэгтэй. Есүс Өөрийгөө зам, үнэн, амь гэж тунхагласан байдаг. Тиймээс бид үнэн болсон Есүсээр, үнэн болсон Библийн үгээр бүрэн хамгаалалтаа хийсэн байхад диавол бидэн уруу довтолж чадахгүй болно.
• (2) Зөвт байдлын хуяг.
14-р эшлэлийн 2-р хэсэгт зөвт байдлын хуягийг өмсөж зогс. Хуяг нь цэрэг хүний бас чухал хамгаалалтын хэрэгсэл бөгөөд хуяггүйгээр дайн тулаанд орж болохгүй амархан амиа алдах болно. Хуяг нь хүний цээж хэсгийг хамгаалах ба цээжин тус газар хүний амин чухал зүрх сэтгэл байрладаг. Диавол итгэгч нарын зүрх сэтгэлрүү буруутгал, шүүмжлэлээр үргэлж довтолдог. Иймд зөвт байдлын хуяг нь диаволын буруутгалын сумнаас зүрх сэтгэлийг хамгаалж чадах юм. Тэгвэл зөвт байдлын хуяг гэж юу вэ? Тэр нь Есүс Христэд итгэсэн итгэлээр Бурхантай зөв харилцаа тогтоосон байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл Сатан, диавол янз бүрийн үгээр биднийг буруутгаж шүүмжилж биднийг унагах гэж оролдох үед бид түүний өмнө ингэж Бурханы зөвийг тунхаглах ёстой. Жишээлбэл “Тийм ээ, би гэм нүгэлтэн мөн. Гэвч Есүс Христ миний төлөө загалмайд цовдлогдон үхсэн. Тиймээс миний гэм нүгэл бүгд уучлагдсан. Бурхан миний гэм нүглийг бүгдийг уучилж, Өөрийн хүүхэд болгосон. Бурхан намайг буруутгалаас чөлөөлж зөвтгөсөн байхад сатан чи хэрхэн намайг хэрхэн буруутгаж чадах вэ?”
Итгэгч бид Есүс Христийн цусаар аврагдан, зөвтгөгдсөн учир сатан буруутгаж шүүмжилж чадахгүй. Ром 8:33, 34-д Паул ингэж гэрчилжээ. “Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн. Ялладаг нь хэн бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун гар талд буй, биднийг төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. ”
• (3) Амар тайвны сайнмэдээний гутал.
“Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс ”15-р эшлэлд сайнмэдээний гутлыг хөлдөө өмс гэсэн байна. Амар тайвны сайнмэдээ бол Бурхан хүн хоорондын эвлэрлээс гадна хүн ба хүн хооронд эвлэрлийг бий болгодог. Энэ нь Христийн загалмайн сайнмэдээг зааж байна. Христийн сайнмэдээ бол итгэгч нарт амар тайван байдлыг дүүрэн өгдөг. Ингэснээр энэ амар тайвны дотор бат зогсохыг Паулд бидэнд уриалж байна. Өөрөөр хэлбэл сайнмэдээний үр жимс нь сүнсний амар тайван байдал юм. Амар тайвны сайнмэдээнд итгэн үргэлж өөрийн гэм нүглээ гэмшиж ариунаар амьдарснаар Бурхан ба хөршүүддээ амар тайван амьдралыг бий болгон өгдөг. Намайг оюутан байхад ээж минь ганданд очиж миний араас янз бүрийн ном уншуулдаг байлаа. Хэл амнаас хол байлгах цагаан шүхэрт, хийморийн сан, мөнгөний даллага өөр юу, юу ч билээ дээ жилд 2-4 удаа уншуулдаг байсан. Одоогоос яг 10 жилийн өмнө аавын бие муудаж аавынхаа ажлыг түр хугацаагаар хийх болов. Тэгээд нэгэн орой ажлаасаа ирээд ээжтэйгээ ойр зуур юм ярьж суунгаа “ээж та яагаад миний төлөө ном уншуулахаа больчих воо” гэж асуулаа. Ээж инээмсэглэн ээж нь хүүхдээ санаа зовох оо больсон миний хүү чинь өөртөө хэрэгтэй зүйлээ олсон болохоор гэж хариулсан. Христийн амар тайвны мэдээ бол ганц минийх биш гэдгийг эндээс ойлгож авсан. Амар тайвны сайнмэдээнд бэлэн байвал диаволыг зоригтойгоор ялах болно. Магадгүй та одоо гарч байгаа корона вирусээс айж амар тайван сууж чадахгүй байна уу? Бурхан биднийг хамгаалж байгаа гэдэгт итгэн амар тайван байх хэрэгтэй.
• (4) Итгэлийн бамбай.
16-р эшлэлийг хамт уншъя. “Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийг бамбай”. Цэрэг хүний бас нэг чухал хэрэгсэл бамбай юм. Тухайн үеийн ромын цэргүүд хагас суусан хүний өндөртэй адил, төмөр бамбай хэрэглэдэг байж. Диавол бидэнрүү цаг үргэлж галт сумаар харвадаг. Энэ цаг үеийг дэлгэцийн үе гэж нэрлэж байна. Гар утас, компьютер, кино театр гэх маш олон зүйл байна. Хүмүүс Бурханы үгэнд анхаарал хандуулахаас илүүтэйгээр дэлгэцэнд их анхаарал хандуулж тэндээс уруу татлагад их өртөж байна. Жишээ нь садар самуунтай кино, контент, UFC тулаан, Хөл бөмбөг, NBA, зугаалга гээд олон зүйлсэд сатаарч Бурханы үгэнд анхаарал хандуулж чадахгүй байна. Садар самууны галт сум, цөхрөлийн галт сум, наргиан цэнгээний галт сумд оногдвол бид хүчгүй болж Бурханаас холдох болдог. Зарим нь үл итгэл, эргэлзээ, санаа зовуур зэрэг диаволын харвасан галт суманд өртөж итгэлийн замаа орхидог.
Тэгвэл бид диаволын янз бүрийн галт сумаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж чадах вэ? Паулын хэлсэнчлэн итгэлийн бамбайгаар хамгаалах ёстой юм. Энд итгэл гэдэг нь ямар итгэлийг хэлж байна вэ? Сургаалт үгс 30:5-д ингэж бичжээ. “Бурханы үг бүр тунгаагдсан байдаг. Өөрийнх нь дотор хоргодогсдод Тэрээр бамбай” Эхлэл 15:1-г үзвэл “Үүний дараа Эзэний үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай. Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэж ээ” Дээрх эшлэлээс харвал итгэлийн бамбай нь Төгс бүрэн чадалтай Эзэн Бурханд итгэх итгэлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл ямар ч хэцүү байдалд орсон Эзэн Бурхан намайг хамгийн сайн замаар удирдаж, хамгийн сайнаар хамгаална гэдэгт бүрэн итгэх итгэл юм. Ийм итгэлийн бамбайтай байхад диавол янз бүрийн галт сум харвасан ч бид итгэлээр хамгаалж, ялалт байгуулж чадах юм.
• (5) Авралын дуулга.
Авралын дуулга нь дайн тулааны үед хэрэглэдэг бөгөөд хамгаалах хэрэгслийн анхны хэлбэр юм. Дугуй эсвэл мотоцикл унах үедээ хамгаалах малгай өмсдөг. Энэ нь бас л бэлэн байдлыг хангаж байгаа хэрэг юм. Авралын дуулга нь авралын бат итгэлийг заан өгч байна. Хэрэв авралын итгэл байхгүй бол танд санаа зовуур айдас бий болсоор сайнмэдээний ажлыг хийж чадахгүй болно. Харин авралын итгэлтэй байвал хожим ирэх мөнхийн амийг бодон ялалт байгуулж чадах юм.
• (6) Сүнсний сэлэм.
17б хэсэгт “Бурханы үг болох сэлмийг ав”. Өмнө гарсан 5 зүйлс нь хамгаалах хэрэгсэл байсан бол сэлэм нь хамгаалах болон тулаанд урагш дайрах зэвсэг юм. Паул сэлмийг Бурханы үгтэй адилтгасан байна. Еврей 4:12 “Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, 2 талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.” Паул итгэгч нарт Бурханы үгтэй байхыг уриалж байна. Бурханы үг бол диаволын сорилт хорон муу санаа, заль мэхийг ялгаж чадах цорын ганц зэвсэг юм. Тэгвэл бид Бурханы үг болсон сэлмийг хурцалж, бусдад сайнмэдээг заан тунхаглаж сүнсний хүч чадалтайгаар амьдрахыг хүсэн гуйж байна. Иймд өдөр бүр Бурханы үгийг зүрхэндээ ойр байлгаж, уншиж, бодон бясалгаж явахыг хүсэн гуйж байна. Ингэснээр сатаны хорон мууг ялган таниж өөрийгөө болон хөршөө аврах болно.
• (7) Бусад чухал зэвсэг – Забирал .
18-р эшлэлийг үзвэл Паул сүнсний тулаанд авах ёстой 6-н өвч зэвсгийг өгүүлсний дараа залбирал хэр чухал вэ гэдгийг дахин хэлж байна. Бид дээр өгүүлсэн 6-н өвч зэвсгээр бүх хамгаалалтаа хийсэн ч залбиралгүйгээр тулалдан оролцож болохгүй. Залбирна гэдэг нь өөрийн хүчгүй сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч зөвхөн Эзэн Бурханд л түшиглэх явдал юм. Энэ бүхнээс харвал сүнсний дайнд оролцсон итгэгч бид ялалт байгуулахын тулд Бурханы үгийг бат барьж залбирлаар оролцох ёстой гэдгийг сурах болно. Бид өдөр бүр Бурханы үг ба залбирлаар сатаны эсрэг тулаалдан ялалт байгуулж чадахыг гуйж байна.
3. Хувийн болон төгсгөлийн гуйлт.( 20-24)
20-р эшлэлийг харвал Паул өөрийгөө гинж дор элчин сайд болсон талаар бичсэн байна. Шоронд байгаа боловч Бурханы сайнмэдээг дэлгэрүүлж чадахын төлөө гуйгаарай хэмээн хамтран зүтгэгч нараас хүсэж байна. Сайнмэдээг зоригтой ярихын төлөө гуйгаарай гэж байна. Паул ийнхүү шоронд байхдаа Ефес чуулганы итгэгч нарт захидал бичиж тэднийг хоньчилж байсан нь үнэхээрийн гайхалтай бас ивээлтэй юм. Бид бүхэн Паул адил сайнмэдээний төлөө ажиллах нэгэн болохыг хүсэн гуйж байна. Тэрээр өөрийнхөө захидлыг төгсгөхдөө Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн амар амгалан ба хайр нь итгэлийн хамт байхын төлөө ерөөн залбирч байна.
Дүгнэлт: Паул Ефес чуулганыг босгон байгуулахын тулд энэхүү захидлыг бичсэн бөгөөд сүүлийн хэсгийг итгэгч нарыг хүчтэй бүр илүү хүчтэй болоосой хэмээн бодож чуулганы итгэгч нарт хандан бичсэн. Диавол олон толгой, олон эвэртэй, харин хүн нэг л толгойтой. Диавол хүнээс хэд дахин илүү хүч чадалтай учраас бид Бурханы өвч зэвсгийг агсаж, цаг үргэлж залбирснаар сатаны сорилтын эсрэг зогсож чадах болно. Эргэлзээ, буруутгал, санаа зовуур гээд юу ч ирсэн сайнмэдээний амартайван, авралын итгэл, үгийн хүч, итгэлийн залбирал, зөвт байдал зэргээр сөрөн зогсож чадахыг хүсэн ерөөн гуйж байна.

өмнөх нийтлэл2020 оны Ефес 12-р номлол (03.22) Г. Насантогтох
Дараагийн нийтлэл2020 оны Марк 1-р хичээл(04.05)